Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 24

 

А.Б-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ч.Тунгалаг даргалж, шүүгч Г.Банзрагч, Х.Батсүрэн, Б.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар,

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 110/ШШ2017/0059 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 221/МА2017/0734 дүгээр магадлалтай,

Нэхэмжлэгч: А.Б-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдох,

Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “А.Б-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” тогтоолыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож нөхөн төлөхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч Я.С, нарийн бичгийн даргаар Г.Гантогтох нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 110/ШШ2017/0059 дүгээр шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 11 дүгээр зүйлийн 11.6, 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3, 27 дугаар зүйлийн 27.2.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “А.Б-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” тогтоолыг хүчингүй болгож, А.Б-ыг тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 4 сар 21 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 3.842.415 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож нөхөн төлөхийг хариуцагчид даалгажээ.

Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 221/МА2017/0734 дүгээр магадлалаар Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 110/ШШ2017/0059 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Н хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Төрийн албаны тухай хуулийг буруу тайлбарлан хууль зүйн үндэслэл муутай шийдвэр гаргасан гэж үзэж байна.

1. Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаар Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 05 тоот шийдвэрээр А.Б-ыг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргаар эгүүлэн томилсон юм. А.Б-ыг урьд эрхэлж байсан ажилд томилогдсон өдөр ажил хүлээлцүүлэх комисс байгуулсан юм. Гэтэл А.Б нь тэр өдөр ажилд ирээгүй. Маргааш нь буюу 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр ажилдаа бас ирээгүй. А.Б-ыг ажилд томилсон 07 тоот тогтоолыг Дэлүүн сумын хэсгийн цагдаагаар өгч явуулахад тэр өдөр А.Б нь гэртээ байгаагүй ба эхнэр нь ажилд орсон тушаалыг хүлээн аваагүй байна. Ингээд А.Б нь 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр албан ажилдаа ирээгүй зугтаад явсан. Ингээд А.Б нь хүндэтгэн үзэх шалтгаангүй ажил тасалсны улмаас 2016 оны ХАСХОМ-ийг мэдээллийн санд оруулах хугацаа хожимдож, аймгийн хэмжээнд зөвхөн Дэлүүн сумаас тухайн мэдээлэл ирээгүй талаар Авилгатай тэмцэх газар, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас албан шаардлага ирүүлсэн байсан. Ингээд А.Б нь ямар ч шалтгаангүй 7 хоног ажил тасалсан юм.

2. А.Б нь 2017 оны 04 дүгээр сарын 06, 07-ны өдрүүдэд ямар ч шалтгаангүй ажил тасалсан. Тэрээр урьд эрхэлж байсан ажилд томилогдсоны дараа хурлын дарга болон хурлын тэргүүлэгчдээс өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй, төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлийг гаргаж байгаа этгээд юм.

3. 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар А.Б-ын 2016 оны үр дүнгийн гэрээний биелэлтийн талаар ярилцлага дүгнэлт өгсөн. Хуралдаанд А.Б өөрөө оролцсон бөгөөд 2016 оны ажлаа хангалттай хэмжээнд ажил хийгээгүй учраас ажлаа хангалтгүй гэсэн асуудлыг зөвшөөрч өөрөө гарын үсэг зурсан байгаа юм. Гэтэл А.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ тухайн хуралдаанд намайг байлцуулахгүйгээр 2016 оны үр дүнгийн гэрээ дүгнэсэн гэж байгаа нь худлаа зүйл бичсэн байна.

4. А.Б- нь тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар 2017 оны 02 дугаар сарын 01-нээс 2017 оны 04 дүгээр сарын 12-ны хооронд ажиллаж байхад сахилгын зөрчил гарган удаа дараа ажил тасалсан, 2016 оны үр дүнгийн гэрээний биелэлтээр хангалтгүй гэсэн үнэлгээ авсан, 2017 оны үр дүнгийн гэрээ байгуулахаас татгалзсан, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй зэрэг төрийн албан хаагчид байж боломжгүй алдаа дутагдал гаргасан учраас түүнийг ажлаас халахаас өөр аргагүй байдалд хүрсэн юм.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч А.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүйгээс хэргийн үйл баримтыг буруу дүгнэн, холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, давж заалдах шатны шүүх уг алдааг зөвтгөлгүйгээр шийдвэрийг хэвээр үлдээснээс шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч А.Б-ыг Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 110/ШШ2017/0005 дугаар шийдвэрийн дагуу тус аймгийн Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 07 дугаар тогтоолоор Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд томилсон боловч Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаар нэхэмжлэгчийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан, удирдах албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй, ажил олгогчоос тавьсан хуульд нийцсэн шаардлагыг удаа дараа биелүүлдэггүй, албан үүргээ хангалтгүй биелүүлсэн, 2016 оны үр дүнгийн гэрээний биелэлтээр “F” үнэлгээ авсан, 2017 оны үр дүнгийн гэрээ байгуулахаас татгалзсан зэрэг үндэслэлээр Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь заалтыг үндэслэн төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халсан сахилгын шийтгэл ногдуулсан нь хариуцагч хуулиар олгогдсон эрх мэдлийн хүрээндээ гаргасан шийдвэр байна.

Учир нь, хэрэгт цугларсан нотлох баримтаар нэхэмжлэгч А.Б нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4-т заасан харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх үүргээ зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болох нь дараах байдлаар тогтоогдоно.

Тодруулбал, нэхэмжлэгч өөрийг нь ажилд томилсон Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 07 дугаар тогтоолыг 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр гардаж авсан, иймээс үүнээс хойш ажилд орсноор тооцох ёстой гэж маргаж байгаа боловч 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр өөрийг нь ажилд томилохтой холбоотой асуудлыг хэлэлцсэнийг мэдсэн болох нь Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдааны 13 дугаар тэмдэглэл /хавтаст хэргийн 44 дэх талд: А.Б: 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр энд ирсэн нь үнэн. Энд ирээд Тэргүүлэгчдийн Хуралдаанаас Иргэний танхимын зохицуулагчаар ажилла. Төрөл садан, гэр бүл бусад хүмүүстэй зөвлөлдөж ирнэ үү гэж хэлсэн. Тэгээд гэрт очоод зөвлөлдөж үдээс хойш 1 цагт ирээд урьд ажиллаж байсан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргаар ажилламаар байна гэж хэлсэн, өдөржин энд суусан. Бас өөрөө ажилд томилох тогтоолын төсөл боловсруулж ирсэн юм. Ажил тарах цаг дөхөх үед Хурлын дарга бичиг баримтыг авч ир, комисст хүлээлгэж өг гэж хэлсэн. Би ажил хүлээж авах гэж байгаа хүн ямар бичиг баримт хүлээлгэж өгөх юм бэ, та нар миний томилсон тогтоолыг өг, өгөхгүй бол маргааш ажилд ирэхгүй гэж явсан. Тэгээд хувийн ажлаар аймагт очоод хэд хоног болоод хэсгийн төлөөлөгч Н утасдсан.../-ээр тогтоогдож байна.

Шүүхийн шийдвэрийн дагуу эрхэлж байсан албан тушаалдаа эргэн томилогдож байгаа нэхэмжлэгч нь аль болох хурдан хугацаанд ажилдаа томилогдон /тушаалаа гаргуулж, хүлээн авч/, албан үүргээ биелүүлэх үүрэгтэй атал ийнхүү “тогтоол өг, өгөхгүй бол маргааш ирэхгүй” гээд 10 хоног ажилдаа ирээгүйг зөвтгөх үндэслэлгүй, иймээс ажилд томилсон тогтоолыг 10 хоногийн дараа гардан авсан нь хариуцагчийн бус, харин нэхэмжлэгчийн өөрийнх нь буруутай үйлдэл байна. Гэтэл анхан шатны шүүх “нэхэмжлэгч тогтоол гарсан өдөр ажлаа хүлээж аваагүй, тогтоолыг албан ёсоор түүнд гардуулаагүй зэрэг нь ... тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг албан үүргээ гүйцэтгэж байсан үедээ буюу 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 02 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл ажил тасалсан гэж үзэх үндэслэлгүй” гэсэн нь бодит байдлыг буруу дүгнэжээ.

Мөн шүүх “нэхэмжлэгч нь 2017 оны 04 дүгээр сарын 06, 07-ны өдрүүдэд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэгчийн хувиар хүрэлцэн ирсэн нь шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн мэдэгдэх хуудсаар батлагдаж байгаа бөгөөд нэхэмжлэгчийг 2017 оны 04 дүгээр сард 2 хоног хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэсэн нь хууль бус байна” гэсэн нь хэргийн бодит нөхцөл байдалд нийцэхгүй байна. Учир нь, нэхэмжлэгч энэхүү хүндэтгэн үзэх шалтгааныхаа талаар холбогдох эрх бүхий этгээд болох иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Н, цаг бүртгэлийг хариуцсан ажилтан Ж-д албан ёсоор мэдэгдэж, чөлөө аваагүй, харин өөрийн эрхэлж буй албан тушаалын хувьд хамааралгүй этгээд болох Засаг даргын Тамгын газрын дарга С-д мэдэгдсэн гэсэн нь /1 дүгээр хавтаст хэргийн 46 дахь тал, Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдааны 13 дугаар тэмдэглэл/ нэхэмжлэгчийг зөвтгөж, хариуцагчийг буруутгах үндэслэл болохгүй.

Анхан шатны шүүх шийдвэртээ “Хариуцагч талаас тайлбарласан “А.Б нь ... удирдах албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй, ёс зүйгүй харьцдаг, төрийн байгууллагын соёл дэг журмыг сахидаггүй” гэх үндэслэлүүд нь тодорхой нотлох баримтаар тогтоогдоогүй байна” гэж дүгнэсэн байх боловч хэрэгт авагдсан нотлох баримт болох Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдааны 13 дугаар тэмдэглэлд А.Б нь 3 дугаар сарын 14-ний өдөр өгсөн хугацаатай даалгаврыг биелүүлээгүй, тухайлбал судалгааны материалыг тараагаагүй /хавтаст хэргийн 49 дэх тал, А.Н: ...судалгааг тараасан уу? А.Б: надад канон байхгүй судалгааг тарааж амжаагүй. А.Н: Ийм шалтаг хэрэггүй, иргэний танхимд канон байгаа. Хурлын ажлын албанд байгаа ажилтнуудтай хамтарч ажиллаж чадахгүй байна уу? .../, хурлын материалыг авчраагүй /хавтаст хэргийн 48-49 дэх тал, А.Н: ...5, 6 жилийн материалыг гэртээ аваачин нуун дарагдуулах асуудал байж болохгүй, Би танд 02 дугаар сарын 01-ний өдөр ажилд томилогдохдоо материал авч ир гэж хэлж байсан. А.Б: Надад байх ёстой материал байгаа. А.Н: Чамд байх ёстой материал чиний гэрт байх ёсгүй, гэртээ аваачин сурталчилгаанд ашигла гэж өгсөн материал биш.../ болох нь тогтоогдож байна.

Түүнчлэн, анхан болон давж заалдах шатны шүүхүүд Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “үр дүнгийн гэрээний биелэлтийг хангалтгүй биелүүлсэн, үр дүнгийн гэрээ байгуулахаас татгалзсан гэх үндэслэл” хамаарахгүй гэж хуулийг буруу тайлбарласан байна. Үр дүнгийн гэрээ байгуулах нь төрийн албан хаагчийн үүрэг тул гэрээ байгуулахаас үндэслэлгүйгээр татгалзахыг албан үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй. Гэхдээ энэхүү маргааны хувьд нэхэмжлэгчээс гэрээг өгсөн гэх, хариуцагчаас өгөөгүй гэж маргадаг бөгөөд уг үйл баримт нь бүрэн тогтоогдохгүй байна. Гэсэн хэдий ч дээр дурдсан бусад үндэслэл нь маргаан бүхий акт гарах хангалттай үндэслэл болсон гэж үзнэ.

Маргаан бүхий акт он сар, дугааргүй гэх тухайд Хурал, түүний Тэргүүлэгчдээс гарсан аливаа шийдвэрийг албажуулах нь Хурлын нарийн бичгийн дарга буюу тухайн үед ажлаа хийж байсан нэхэмжлэгчийн үүрэг байсан, гэвч тэрээр уг үүргээ биелүүлээгүй гэх хариуцагчийн тайлбарыг буруутгах аргагүй.

Иймээс хариуцагч нэхэмжлэгчийн гаргасан зөрчилд Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан ... дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна:” гэсний дагуу 26.1.3 дахь заалтыг үндэслэн төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсан нь хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд гаргасан хууль ёсны акт байна.

Захиргааны сонгох боломжийн хүрээнд гаргасан шийдвэрт шүүхийн зүгээс тавих хяналт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.7 дахь хэсгээр хязгаарлагдах бөгөөд маргаан бүхий актын хувьд хариуцагч сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлсэн, буруу хэрэглэсэн, эсхүл өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласны улмаас түүний гаргасан захиргааны акт хууль зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй тул шүүхийн хяналт үүгээр хязгаарлагдана.

Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн хариуцагчийн “анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Төрийн албаны тухай хуулийг буруу тайлбарлан хууль зүйн үндэслэл муутай шийдвэр гаргасан” гэх хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзэн шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохоор тогтов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 110/ШШ2017/0059 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 221/МА2017/0734 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4, 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.Б-ын “Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “А.Б-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” тогтоолыг хүчингүй болгуулж, тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ч.ТУНГАЛАГ

ШҮҮГЧ                                                                       Г.БАНЗРАГЧ