Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 102/шш2017/02653

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхбаярыг суулган, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ... ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч...т холбогдох,

Хөлсөөр ажиллах гэрээний үүрэг зөрчсөнөөс олох байсан орлогод 600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаандНэхэмжлэгч Б...., хариуцагч Ц..., хариуцагчийн өмгөөлөгч Г.... нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.... шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Хариуцагч Ц...ийн хүссэний дагуу би түүнтэй 2017 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 00439 дугаартай шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2016 оны 1771 дугаар магадлалтай НШГА-нд холбогдох хэрэгт хариуцагчийн төлөөлөгчөөр оролцож байсан Ц...ийн өмгөөлөгчөөр оролцохоор болж, гэрээний дагуу урьдчилгаанд 300,000 төгрөгийг түүнээс хүлээн авсан. Гэрээний дагуу шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэг баримт бичиг, шүүхийн шийдвэр, магадлал болон хэргийн материалтай танилцсан. Хяналтын журмаар гомдол гаргах хугацаанд хариуцагч гомдол гаргаагүй, уг хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байсан тул шинээр илэрсэн нөхцөл байдалд хамруулахаар зорьж, хяналтын гомдол гаргах хугацааг сэргээлгэх хүсэлт бэлтгэж Ц...т өгсөн. Мөн хариуцагч Б....т холбогдуулан шүүхэд гаргах нэхэмжлэлийн загвар, төслийг бэлтгэж өгсөн. Гэтэл Ц... нь 2017 оны 2 дугаар сарын 06-ны өдөр Төлбөрийн чадамжгүй болсон гэх үндэслэлээр 2017 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн гэрээ цуцлах бичгээ өгсөн. Ингэхдээ: гэрээг цуцална, Дээд шүүхэд албаны зүгээс шинээр илэрсэн байдлын талаарх гаргасан гомдлыг шүүх хүлээн авсан учраас тантай байгуулсан гэрээг цуцлах боллоо гэж хэлсэн. Хариуцагчийн хувьд гэрээнд заагаагүй үндэслэлээр гэрээг цуцалсан тул Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний 4.2-т заасны дагуу гэрээгээр тохиролцсон ажлын хөлсний дүнгээс 20 хувиар тооцож, олох байсан орлого 600,000 төгрөгийг Ц...ээс гаргуулахаар шаардаж байна гэв.

Хариуцагч Ц..., түүний өмгөөлөгч Г.... нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие НШГА-нд шийдвэр гүйцэтгэгчээр ажилладаг бөгөөд төлбөр төлөгч Б....ын гүйцэтгэх баримт бичиг дээр ахлах шийдвэр гүйцэтгэгчийнхээ санал болгосноор өмгөөлөгч Б....оос хууль зүйн туслалцаа авахаар болж, урьдчилгаа 300,000 төгрөгийг өгсөн. Гэрээний дагуу миний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байсан Б....ын нэхэмжлэлтэй, НШГА-нд холбогдох иргэний хэрэгт давж заалдах шатны шүүхийн магадлалд хяналтын журмаар гомдол гаргах хугацаа сэргээлгэх хүсэлт бичих ажлыг гүйцэтгэхээр тохиролцсон. Өмгөөлөгчийн зүгээс Хан-Уул дүүргийн анхан шатны шүүхэд Б....ыг 2 дахь албадан дуудлага худалдааны мэдэгдэл, тогтоолыг гардаж авсан эсэхийг тогтоолгохоор давхар өгье гэсэн. Б....ийн Сүхбаатар дүүргийн шүүхэд бичсэн хяналтын гомдол гаргах хугацаа сэргээлгэх хүсэлт болон Хан-Уул дүүргийн шүүхэд бичсэн нэхэмжлэл зэргийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 995 дугаартай захирамжаар хугацаа сэргээлгэх хүсэлтийг хангахаас татгалзсан. Харин Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 1785 дугаар захирамжаар нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.

Ингээд ахлах шийдвэр гүйцэтгэгчид хэлтэл өмгөөлөгчөөсөө татгалзъя, өөрсдөө оръё, яасан нуршуу, тодорхой бус бичдэг юм бэ. Б....ид төлбөрийн чадваргүй байна гээд хэлчих. Таньдаг хүмүүс юм чинь ойлгох байлгүй, урьдчилгаа болгон авсан 300,000 төгрөгийг 2 нэхэмжлэл бичиж өгсөнд нь тооцоод дуусгая гэсэн. Тухайн үед манай албаны өөр нэг шийдвэр гүйцэтгэгч мөн адил Б....ийг өмгөөлөгчөөрөө авсан байсан. Бид хоёр өмгөөлөгчийн ажлын байранд очиж хүсэлтээ бичиж өгөхөд тэр их уурлаж, хүсэлтийг чинь авахгүй. Төлбөрийн чадвартай, үгүйгээ чи тогтоодоггүй юм гээд хүлээж авахгүй байсан учир ширээн дээр нь орхиод явсан. Түүний бичиж өгсөн нэхэмжлэл, хүсэлт нь хоёулаа шаардлага хангаагүй тул гэрээнд зааснаар дуусгавар болгох хүсэлтээ бичгээр өгье гээд Гэрээний 4.4 дэх хэсэгт зааснаар дуусгавар болгох хүсэлт албан ёсоор ажлын байранд нь дахин аваачиж өгөхөд уурлаж, хүлээн авахаас татгалзсан. Б.... нь гэрээнд заасны дагуу ажиллаагүй, хууль зүйн туслалцаа үзүүлээгүй, Ц... намайг төлөөлөн нэг ч удаа шүүх дээр очиж, хэргийн материалтай танилцаж байгаагүй, шүүх хуралд нэг ч орж байгаагүй, юу ч хийгээгүй байж ор үндэслэлгүй төлбөр нэхэмжилж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Энэ хүний оюуныг ашиглаад 1 нэхэмжлэл, 1 хүсэлт бичүүлсэн нь үнэн учир төлсөн 300,000 төгрөг дээр маргахгүй. Бидний зүгээс Гэрээний 4.6-д заасны дагуу цуцлах хүсэлтээ өгсөн. Талуудад гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах эрх хуулиар олгогдсон. Нэхэмжлэгч нь гэрээг цуцалснаас өөрт учирсан хохирол шаардах эрхтэй боловч түүнийгээ баримтаар нотлоогүй байна гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.... нь хариуцагч Ц...т холбогдуулан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг үндэслэлгүйгээр цуцалсны улмаас олох байсан орлогод 600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, нэхэмжлэгч Б....ийг гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж, гэрээний ерөнхий нөхцөл болох Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах хугацаа сэргээлгэх хүсэлтийг шүүх хэрэгсэхгүй болгож, үр дүн гараагүй буюу, гэрээний 4.4-т зааснаар хуульчийн ажлын чанар шаардлага хангаагүй учир гэрээнээс татгалзсан гэж тайлбарлан, нэхэмжлэгчийг үйлчлүүлэгч гэрээнээс татгалзсанаас учирсан хохирлоо баримтаар нотлоогүй, гэрээний 4.2 дахь заалт нь хуульд нийцээгүй, үйлчлүүлэгчийг илт хохироосон заалт учир хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй гэж маргасан.

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Б.... нь хариуцагч Ц...тэй харилцан тохиролцсоноор 2017 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, мөн өдрөөс Б.... нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хянан шийдвэрлэсэн, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал гарсан байсан Б....ын нэхэмжлэлтэй, НШГА-нд холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байсан Ц...т хууль зүйн туслалцаа үзүүлэхээр тохиролцсон байна.

Гэрээний дагуу Хуульч буюу нэхэмжлэгч Д.... нь хэргийн талаар хүсэлт, шаардлага, гомдол гаргах, Хяналтын шатны шүүхэд гомдол гаргах хугацаа сэргээх хүсэлт бэлгэн гаргах, хяналтын шатны шүүх хуралдаанд оролцох үүрэг хүлээн, Үйлчлүүлэгч буюу хариуцагч Ц... нь үйлчилгээний хөлс 3,000,000 төгрөг төлөх, үүнээс 300,000 төгрөгийн урьчдилгаа төлбөрийг гэрээ байгуулах үед, үлдсэн 2,700,000 төгрөгийн төлбөрийг хяналтын гомдол гаргах хугацааг сэргээсэн шийдвэр гарсан үед олгохоор харилцан үүрэг хүлээжээ. /хх 5/

Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд заасан хөлсөөр ажиллах гэрээний шинжийг агуулсан, хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд, гэрээний талууд хэн аль нь хүсэл зоригоо илэрхийлж гарын үсэг зуран баталгаажуулсан байна.

Гэрээний дагуу хариуцлага тооцохдоо үйлчлүүлэгч нь төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцон хуульчид төлөх, мөн гэрээний 4.2 дахь хэсэгт зааснаар үйлчлүүлэгч гэрээнээс татгалзсан шалтгаанаа үндэслэлтэйгээр тайлбарлаагүй, хуульчийн гэрээгээр хүлээсэн үүргээс хамаарахгүй шалтгаанаар гэрээг цуцалсан, дангаараа үндэслэлгүйгээр гэрээнээс татгалзсан бол хуульчид төлөх ёстой ажлын хөлсийг бүхэлд нь төлөөд, нэмж гэрээ цуцалсны хохирлыг ажлын хөлсний нийт дүнгийн 20 хувиар тооцож хуульчид төлөхөөр заажээ.

Нэхэмжлэгч нь гэрээний дээрх заалтын дагуу болон Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар олох байсан орлогоо гэрээний нийт дүнгийн 20 хувь буюу 600,000 төгрөгөөр тооцож гаргуулахаар шаардсан.

Хариуцагч Ц... нь 2017 оны 2 дугаар сарын 06-ны өдөр төлбөрийн чадамжгүйн улмаас цаашид үргэлжлүүлэх боломжгүй гэх үндэслэлээр гэрээг цуцлах мэдэгдлийг хуульчид өгсөн байна. /хх 4/

Маргаан бүхий гэрээний 2.4.2 дахь хэсэгт: Гомдол гаргах хугацааг сэргээсэн шийдвэр гарсан үед ажлын хөлсний үлдэгдэл дүнг Хуульчид олгоно. Үлдэгдэл дүнг 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн дотор багтаан Хуульчид олгоно гэж заасны дагуу гэрээний үлдэгдэл төлбөрийг Хяналтын шатны шүүхэд гомдол гаргах хугацаа сэргээсэн шийдвэр гарснаар хуульчид олгохоор талуудын тохирсон тохиролцоо биелэгдээгүй байх тул мөн гэрээний 4.4 дэх хэсэгт заасан ажлын чанар шаардлага хангаагүйн улмаас гэрээг цуцалсан гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна гэж үзлээ.

Зохигчид нэхэмжлэгч Д....ийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хяналтын гомдол гаргах хугацаа сэргээлгэх тухай хүсэлт гаргасан талаар хэн аль нь маргаагүй боловч, түүний бичсэн хүсэлтийг шүүх хангахаас татгалзсан болох нь тус шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 995 дугаар шүүгчийн захирамжаар тогтоогдож байна. /хх 26/

Түүнчлэн, нэхэмжлэгч Д....ийн туслалцаагүйгээр дээрх шүүхэд НШГА-ны зүгээс дахин хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 2889 дүгээр шүүгчийн захирамжаар хяналтын журмаар гомдол гаргах хугацааг сэргээсэн байх бөгөөд, зохигчид энэ талаар маргаагүй болно. /хх 61/

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт: үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж хуульчилсан бөгөөд, нэхэмжлэгч Д.... нь хариуцагч Ц...ийг гэрээнээс татгалзсаны улмаас өөрт учирсан хохирол, энэ хугацаанд олох байсан орлого зэргээ баримтаар нотлоогүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлсөн тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц...ээс 600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д....ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 18,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ А.САРАНТУЯА