Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 101/ШШ2022/02083

 

2022 о 05 с 04 ө

Дугаар 101/ШШ2022/02083

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: .........................-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ........................-д холбогдох,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: ........................

88,350,513 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Утасны үнийг 17.95 хувиар болон 11.57 хувиар бууруулахыг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ариунболд, Т.Анхцэцэг, хариуцагчийн төлөөлөгч .........., хариуцагчийн өмгөөлөгч Л.Бат-Эрдэнэ, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрхэмбаяр, Ш.Мөнхцоож, нарийн бичгийн дарга Б.Үүрийнцолмон нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Анхцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 250 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газраас үндэсний үйлдвэрийг хөгжүүлэх, ЕБС-ийн сурагчдыг эрүүл ахуйн шаардлага хангасан дүрэмт хувцсаар хангах зорилгоор Үйлдвэр, Хүнс Хөдөө Аж Ахуйн Яам болон манай М ХХК-ийн хооронд 2013 оны 07 дугаар сарын 24-ний өдөр ХҮГСДХ-1/9 тоот зээлийн гэрээ байгуулж, манай компанид 183 сая төгрөгийн зээл олгогдсон ба уг санхүүжилтээр 10.5 тн хонины ноосон ээрмэл утас үйлдвэрлэж, ээрсэн утсыг сүлжмэлийн нэр бүхий үйлдвэрүүдэд зээлээр дамжуулан олгохоор шийдвэрлэсэн. Дээрх гэрээний дагуу М ХХК, Хантайхайрхан ХХК-ийн хооронд 2013 оны 07 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан МБ-03 тоот Хонины ноосон ээрмэл утас худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу манай компани Б ХХК -д 66 020 342 төгрөгийн үнэ бүхий хонины ноосон ээрмэл утсыг гэрээний 5.1-т заасны дагуу зээлээр нийлүүлсэн. Хоёр талын санхүүгийн тооцоогоор гэрээний дагуу нийлүүлсэн утасны төлбөрийн нийт *үлдэгдэл өнөөдрийн байдлаар 66,020,342 төгрөг гарсан бөгөөд үүнийг 2019.06.19-ний өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаагаар тооцоо нийлж, баталгаажуулсан. Хариуцагч Б ХХК  нь энэ мөнгөнөөс 7,120,000 төгрөгийн бараа материал манай компанид нийлүүлсэн тул үүнийг хасаж тооцож, өнөөдрийн байдлаар үлдэгдэл 58,900,342 төгрөгийг төлж барагдуулаагүй. Үлдэгдэл төлбөр тооцоог барагдуулах талаар удаа дараа утсаар болон албан бичгээр Б ХХК -д мэдэгдсэн боловч тус компани ямар ч төлбөр төлөхгүй, хугацаа авч, манай компанийг хохироосоор өдийг хүрлээ. Дээрх зээлийн төлбөрийг хугацаандаа төлж барагдуулаагүй удааж байгаагаас болж Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам манай компанийг удаа дараагийн төсөл, хөнгөлөлттэй нөхцөлийн зээл тусламжид хамруулахаас татгалзаж, нийгэм эдийн засгийн өнөөгийн хүндэрсэн нөхцөл байдлын улмаас компанийн үйл ажиллагаа зогсож, шүүхийн шийдвэрээр зээлийн төлбөрийн барьцаанд манай компанийн дансыг битүүмжилж, үүний улмаас үйл ажиллагаа зогсоод байна. М ХХК , Б ХХК -ийн хооронд 2013 оны 07 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан МБ-03 тоот Хонины ноосон ээрмэл утас худалдах, худалдан авах гэрээ-ний 6.3-т Талууд гэрээт ажлаа графикт хугацаанд нь биелүүлээгүй буюу гэрээнд заагдсан үнийг бүрэн болон хэсэгчилж төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хожимдсон хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги хүлээнэ. Торгуулийн дүн нь төлөгдөөгүй үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй. Хохирогч талын банкны зээлийн хүү, торгуулийг бүрэн хариуцаж ажиллана гэж зааснаар алданги төлөхөөр тохиролцсон. Иймд хариуцагч Б ХХК -иас хонины ноосон ээрмэл утас худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу нийлүүлсэн утасны төлбөрийн үлдэгдэл 58,900,342 төгрөг, алданги 29 450 171 төгрөг, нийт 88,350,513 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Анхцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлээ дэмжиж байна. Төслийн зохицуулалт өөрчлөгдөөд Хаан банкны төвлөрсөн дансанд мөнгөө төвлөрүүлэхээ болиод, энэ өөрчлөлтөөс болоод маргаан үүссэн байгаа. Энэ зохицуулалт өөрчлөгдсөн гэдэгт өнөөдрийн хуралдааны танхимд сууж байгаа хүмүүс хэн аль нь маргаагүй. Хэдийгээр энэ нь төсөл боловч кластер системтэй байсан учир төсөлд оролцож байгаа бүх компани хуулийн этгээдүүд гэрээ байгуулж, үүрэг хүлээж оролцсон. Бид зээлийн гэрээний алдангийг яагаад судлуулаад байсан гэхээр манайх яамнаас 183 сая төгрөгийн зээл авсан, энэ зээлийг энэ төслийн ээрмэл утас үйлдвэрлэхэд зарцуулсан. Яам манай хоёрын хооронд үүсэж байгаа гэрээний харилцаанд манайх үүргээ яаманд биелүүлэх ёстой, түүнээс Б ХХК  яаманд төлөхгүй, байгуулсан гэрээ гэрээнийхээ үүргийг биелүүлэх ёстой гэдгийг харуулахыг хүссэн. Хариуцагч тал манай компани хоёр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, энэ гэрээний үүргээ манай тал биелүүлсэн. Чанартай утсаар биелүүлсэн, утасны чанарын талаар хариуцагч тал нэг ч удаа хандаж байгаагүй. Хариуцагч тал худалдах худалдан авах гэрээний үүргээ хуулийн дагуу биелүүлэх ёстой. Гэрээний 5.3-т заасан заалт хэрэгжихээ больчихсон. Энэ заалтыг уншихад оёдлын үйлдвэрт бараагаа нийлүүлэх бүрдээ албан бичиг үйлдээд түүнийгээ яаманд өгөөд, яамнаас борлуулалтын дансанд орсон мөнгөнөөс гарна гэсэн утгатай болохоос манай талыг үүрэгжүүлсэн заалт биш. Манайх Б ХХК -д саад учруулаад борлуулалтыг нь явуулахгүй байсан асуудал биш. Хэрэв тийм асуудал байгаа бол түүнийгээ шүүхээр нэхэмжлэх эрх нь нээлттэй байгаа. Оёдлын борлуулалт хийгдээгүй учраас бид үүргээ биелүүлэхгүй гэж хэлж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй байна. Манайх өгсөн зүйлийнхээ үүрэг шаардаж байгаа, хариуцагч тал цаашаагаа оёдлын компаниудтайгаа борлуулалтаа хийгээч эсхүл борлуулалтын мөнгөө өгөөч гэж явах боломжтой болчихоод байгаа. Тэгэхээр бид худалдах худалдан авах гэрээний дагуу нийлүүлсэн утасны үнийг шаардаж байгаа. Алдангийн хувьд гэрээнд заасан заалт байгаа учраас түүний дагуу шаардаж байгаа. Сөрөг нэхэмжлэлийн хувьд үндэслэлгүй, үндсэн нэхэмжлэл үндэслэлтэй. Манайх утас ээрсэн, бүх утсаа тарааж өгсөн, тэр зээлийг манайх төлөх ёстой. Энэ хүмүүс манай утсыг аваад тэр хэмжээгээр хөрөнгөжиж байгаа боловч хэнд ч төлбөр төлөх үүрэггүй мэт ярьж байгаа нь үндэслэлгүй.... гэв.

Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ариунболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг дэмжиж байна. Ээрмэл утасны 95 хувийг М ХХК үйлдвэрлэсэн гэж хэлж байна, энэ бол худал. Яамнаас сонгон шалгаруулсан ээрмэлийн үйлдвэрүүд утсыг үйлдвэрлэсэн. 2015 оны ажлын хэсгийн тайлан дээр Б ХХК -тай хийсэн тооллого нь Сор ХХК, Саншайн ХХК, М ХХК-иас авсан утасны тооцоо гэж байгаа. Үүн дээр нийтдээ 162,858,000 төгрөгийн утсыг гурван ээрмэл үйлдвэрлэгчээс авч байсан. Чанаргүй 1, 2 балл гарлаа гэж хэлээд байгаа шинжилгээний хариу нь 2013.05.31-ний өдөр өгөөд 2013.06.04-ний өдөр гарч байсан шинжилгээний хариу байгаа. Манайх ээрмэл утас үйлдвэрлэхдээ 2013.07 сараас үйлдвэрлээд, үйлдвэрлэсэн утсаа нэхмэлийн хүрээлэнд чанарыг нь баталгаажуулаад 2013.08.13-ны өдрийн 482 дугаартай шинжилгээний хуудсаар шинжилгээнд өгөөд утсаа үйлдвэрлэж байсан гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1. М ХХК нь чанар, стандартын шаардлага хангахгүй утас нийлүүлсэн. Энэ нь ШУТИС-ийн харьяа Хөнгөн үйлдвэрийн судалгааны хөгжлийн хүрээлэнгийн итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээгээр тогтоогддог. Чанаргүй утасны асуудлыг М ХХК-д тухай бүр мэдэгдсэн ба гэрээнд заахдаа хамтран асуудлыг шийдвэрлэнэ гээд өнөөг хүртэл шийдвэрлээгүй байна.

2. М ХХК нь Төв аймагт оршдог тул хотын төвд байх манай агуулахад зарим утсыг гэрээнээс гадуур гуравдагч этгээдэд тараалгахаар өгөөд одоо тэр мөнгөө манайхаас нэхэж байна. Тооцоог гаргаж өгнө.

3. Утасны төлбөрийг бид төлөх үүрэггүй. Гэрээний 5.3-д зааснаар утасны үнийг -ҮХААЯ-нд төвлөрсөн борлуулалтын данснаас М ХХК үл маргах журмаар шууд авах тохиролцоотой. Талууд бүх тооцоогоо тухайн үед ҮХААЯ-нд өгсөн. Үүргийн гүйцэтгэлийг хүлээж авах үүргийг нэхэмжлэгч хүлээсэн. Алданги шаардах эрхгүй.

4. Дээр дурьдсан асуудлаар Монголын Ноосон бүтээгдэхүүн Үйлдвэрлэгчдийн холбоо, Оёдлын Нэгдсэн холбоо зэрэг нь батлан даалтын гэрээ хийсэн болно.

Манайх утсаа зээлээр авах гэрээний дагуу зээлээр аваад бүтээгдэхүүнээ үйлдвэрлээд оёдлын компани руу нийлүүлэх гэрээтэй, оёдлын компани нь цааш борлуулаад тэндээс зээлээ суутгаж аваад бид нарт ажлын хөлсийг буцаан өгөх зарчмын дагуу энэ үйл ажиллагаа явагдаж байсан. Бид сүлжмэл майк үйлдвэрлэх үүрэгтэйгээр оролцсон, түүнийгээ үйлдвэрлээд хугацаанд нь бэлэн болгосон. Оёдлын компани борлуулж байх үед утасны чанарын асуудал, бөөсрөлт яригдаад борлуулалт зогссон. М ХХК-тай байгуулсан гэрээгээр бид мөнгө төлөх үүрэг хүлээгээгүй. Төлбөр тооцоо гэсэн хэсэг дээр тодорхой бичсэн байдаг, гэрээний 5.3-т утсаар хийсэн бүтээгдэхүүн боловсролын байгууллагад нийлүүлэгдэх бүрд хоёр тал хувцасны үнийг тооцоолон баталгаажуулж Үйлдвэр хөдөө аж ахуйн яаманд өгнө. Энэ баримтыг үндэслэн Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны төвлөрсөн борлуулалтын данснаас утасны үнийг төлнө гэж заасан байгаа учраас бид М ХХК-д ээрмэл утасны үнэ төлөх үүрэг хүлээгээгүй, тиймээс үүнийг төлөх боломжгүй. Утасны чанарын асуудал гарч ирснээс болж ажил зогссон. Тиймээс нэхэмжилж байгаа асуудлуудыг бүгдийг хүлээн зөвшөөрөх боломжгүй... гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрхэмбаяр, Ш.Мөнхцоож нар шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан Оёдол, нэхмэл, сүлжмэлийн |үйлдвэрийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэхэд зээлийн бодлогоор дэмжиж, борлуулалтад нь дэмжлэг үзүүлэх бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2013 онд Монголын Оёдлын нэгдсэн холбоо, Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо"-ноос санаачлан Сурагчийн дүрэмт хувцас кластераар үйлдвэрлэх, "Монгол ноосон даавуу" үйлдвэрлэх төслүүдийг дэмжихийг хүсэж М ХХК-ийн зүгээс өөрийн үйлдвэрийн дэмжиж, хөрөнгө оруулалт хүссэн төслөө яаманд ирүүлж, тухайн үедээ үйлдвэрлэлийн салбартаа ямар ч өрсөлдөгчгүй, аливаа сонгон шалгаруулалтгүйгээр шалгарсан байдаг. 2013 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Сурагчийн дүрэмт хувцасны үйлдвэрлэлийг дэмжих тухай 250 дугаар тогтоолоор Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 17 тэрбум төгрөг, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд байршиж байсан ноос, ноолуурын зээлийн эргэн төлөлтөөр хуримтлагдсан хөрөнгийн эх үүсвэрээс 6 тэрбум төгрөг, нийт 23 тэрбум төгрөгийн сурагчийн дүрэмт хувцасны үйлдвэрлэл эрхлэгчдэд 2013 онд багтаан эргэн төлөгдөх нөхцөлтэй хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргасан бөгөөд сурагчийн дүрэмт хувцасны захиалга, үйлдвэрлэл, бүтээгдэхүүн нийлүүлэлт зэрэг ажлыг зохион байгуулж, хэрэгжүүлж, хяналт тавьж ажиллахыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд, Хөдөлмөрийн сайд, Боловсрол шинжлэх ухааны сайд нарт /хуучнаар/ даалгасан байдаг. Ийнхүү дээрх тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2013 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Хөдөлмөрийн яам /хуучнаар/ хооронд байгуулсан ҮХААЯ-20130716-001, ХЯ-9/2013/2 тоот дамжуулан зээлдүүлэх гэрээг үндэслэн Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Могол ноос ХХК-тай дараах 2 төрлийн Зээлийн гэрээ-г байгуулсан. Үүнд:

1. 2013 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэх ноосон даавуу үйлдвэрлэх санхүүжилтэд зориулж 12 тэрбум төгрөгийн ХҮГСДХ-1/8 тоот Зээлийн гэрээ,

2. 2013 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Сурагчийн дүрэмт хувцасны иж бүрдэл болох хонины ноосон ээрмэл утас үйлдвэрлэх санхүүжилтэд зориулж 183 сая төгрөгийн ХҮГСДХ-1/9 тоот Зээлийн гэрээ-г аливаа хөрөнгийн барьцаагүйгээр 2013 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 2013 оны 11 дүгээр сарын 29- ний өдөр хүртэл хугацаатай, жилийн 7 хувийн хүүтэй, гэрээ хэрэгжих хугацааны хяналтын зардалд нийт зээлийн 1% хувийг нэмж тооцох үндсэн нөхцөлтэйгөөр байгуулсан.

Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны зүгээс Зээлийн гэрээ-нд заасны дагуу М ХХК-ийн Худалдаа Хөгжлийн банкны 405008308 тоот төгрөгийн дансанд даавуу үйлдвэрлэлийн санхүүжилтэд зориулж нийт 12,061,170,000 төгрөг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас шилжүүлсэн байна.

Могол Ноос ХХК-ийн хувьд Сурагчийн дүрэмт хувцасны иж бүрдэл болох хонины ноосон ээрмэл утас үйлдвэрлэх санхүүжилтэд зориулж 183 сая төгрөгийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бөгөөд өнөөдрийг хүртэл буюу 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл нэг ч төгрөгийн төлөлтийг яаманд буцааж төлөөгүй байна. Цаашид гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул ХХААХҮЯамнаас хууль хяналтын байгууллагад хандахаар бэлтгэж байна. Нэхэмжлэгчийн хувьд Зээлийн гэрээний 2.2.3 дахь заалтаар Хонины ноосон ээрмэл утас үйлдвэрлэх ажлын төлөвлөгөө, бүтээгдэхүүн ханган нийлүүлэлтийн хуваарь /хавсралт 3/-ийн дагуу Могол ноос ХХК-иас Хантайхайрхан ХХК-ийн хооронд 2013 оны 07 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан МБ-03 тоот Хонины ноосон ээрмэл утас худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу Б ХХК -д хонины ноосон ээрмэл утсыг зээлээр нийлүүлсэн байна. Нэхэмжлэлийг дэмжиж байна гэв.

 

Б ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Талуудын хооронд байгуулсан Хонины ноосон ээрмэл утас худалдах, худалдан авах гэрээ-ний Ерөнхий зүйл болон 3.1-д зааснаар М ХХК нь гэрээгээр нийлүүлэгдэх ээрмэл утсыг чанар стандартын дагуу үйлдвэрлэх, чанар болон эрүүл ахуйн шаардлага бүрэн хангасан утас нийлүүлэх үүрэг хүлээсэн байна. Гэтэл М ХХК-ийн үйлдвэрлэсэн утас нь чанар стандартын шаардлага хангахгүй болох нь итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээ болон түүгээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний чанарыг олон нийт дүгнэснээр илэрхий болсон ба энэ асуудлыг нэхэмжлэгч тал шийдвэрлэж өгнө гэж удаа дараа тохиролцсон боловч өнөөг хүртэл тохиролцсоноороо шийдвэрлэж өгөөгүй. Иймд М ХХК-иас Б ХХК-д нийлүүлсэн 24/2 номертой хар хөх өнгийн утасны кг бүрийн үнийг 5,470 төгрөгөөр буюу 17,95%-иар, цагаан саарал утасны кг бүрийн үнийг 3,270 төгрөгөөр буюу 11,57%-иар бууруулахыг даалгаж өгнө үү. Ингэсэн тохиолдолд М ХХК-ийн Б ХХК-д нийлүүлсэн 24/2 номертой хар хөх өнгийн 453,7 кг утас нь 2,481,739 төгрөгөөр /453,7 кг х 5,470/, цагаан саарал өнгийн 2104,2 кг утас нь 6,880,734 төгрөгөөр /2104,2 кг х 3,270/, нийт 9,362,473 төгрөгөөр буурах юм... гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Анхцэцэг сөрөг нэхэмжлэлд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа хариуцагч өөрөө нотлох ёстой. Үндэслэл нь утас чанаргүй байсан тул ийм хэмжээгээр бууруулах ёстой гэж хэлж байгаа. Хэрэв тухайн үед манайхаас чанаргүй утас нийлүүлсэн бол чанар дээр хяналт тавих нь худалдан авагчийн эрх үүрэг байгаа. Энэ нь гэрээгээр зохицуулагдсан. Чанарын шаардлага хангахгүй бол худалдагч талд мэдэгдэн хоёр талын харилцан тохиролцсоноор буцаан өгөх эрхтэй. Тухай бүрд утас чинь чанаргүй байна гэж мэдэгдсэн, албан тоот ирүүлсэн зүйл байхгүй. Нэхмэлийн хүрээлэнд хийсэн шинжилгээний дагуу чанарын өндөр шаардлага хангасан утсыг нийлүүлж байсан. Хариуцагч тал гэрээнээс гадна өөр утас манайхаас худалдаж авсан байдаг, тэр талын баримт хэрэгт байгаа. Хэрэв манай утас чанаргүй байсан бол эдгээр хүмүүс манайхаас дахиж утас аваад хэрэглээд явахгүй байсан. Тийм учраас чанартай холбоотой үндэслэл тогтоогдохгүй байна, нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадахгүй байна. Утасны үнийг бууруулах эрх хэмжээ манай компанид байхгүй. Төслийн хэмжээнд анхнаасаа саарал утас нь ийм, хар хөх өнгийн утас ийм үнэтэй байна гэж заасан байгаа. Энэ талаар гэрээний 2.2-т заасан байгаа. Яамтай байгуулсан гэрээний хавсралтууд дээр ийм үнэтэй борлуулагдана гэдэг нь тогтоогдсон байсан учраас бид үүнийг бууруулах боломжгүй. Чанарын шаардлага хангаагүй гэдэг нь тогтоогдохгүй байга учраас сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ариунболд сөрөг нэхэмжлэлд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч тал чанар яриад байгаа нь 2013.05.31-ний өдрийн шинжилгээг яриад байна. Манайх утас үйлдвэрлэх ажлаа 2013.07 сард эхлүүлээд нэхмэлийн хүрээлэнгээр чанарыг баталгаажуулаад Б ХХК -д өгч байсан. Үнийн хувьд 1-9 тоот гэрээнд ээрмэл утасны үнийг тодорхой заасан байдаг. Энэ гэрээнд бүх утсыг 30,470 төгрөгөөр тооцсон байдаг. Ээрмэл үйлдвэрлэгч нар хоорондоо ярилцаад саарал өнгийн утас нь будагддаггүй учир будах зардлыг хэмнэж байгаа гэдэг үүднээс 28,270 төгрөг болгож үнийг бууруулж байсан. Хариуцагч талаас майк аваад борлуулж болохгүй юм уу гэдэг дээр манайх хариуцагч талаас 10,000,000 орчим төгрөгийн майк авч Дорноговь болон Төв аймгийн сургуулиудад борлуулж байсан. Сүүлдээ Б ХХК -иас майк авъя гэхээр размерын сонголтгүй, ахлах ангийн сурагч нарынх байгаа гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М ХХК хариуцагч Б ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 58,900,342 төгрөг, алдангид 29,450,171 төгрөг, нийт 88,350,513 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч тал утас чанарын шаардлага хангаагүй, утсыг буцааж өгнө, утасны үнэ төлнө гэж тохироогүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Зохигчид 2013 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хонины ноосон ээрмэл утас худалдах, худалдан авах гэрээ байгуулж, худалдагч тал болох М ХХК 3 нэр төрлийн 74,257,810 төгрөгийн хонины ноосон ээрмэл утас хүлээлгэн өгөх, худалдан авагч тал болох Б ХХК үнийг төлөхөөр тохиролцсон болох нь зохигчийн тайлбар, 2013 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн хонины ноосон ээрмэл утас худалдах, худалдан авах гэрээ зэргээр тогтоогдож байна. /хх-5-6/

 

Зохигчдын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

 

Худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдагч тал болох М ХХК нь гэрээний үүргээ биелүүлж, 2013.07.23-ны өдрөөс 2014.05.24-ний өдрийн хооронд 94,301,850 төгрөгийн утас нийлүүлсэн болох нь зохигчийн тайлбар, Б ХХК-д хүлээлгэн өгсөн утасны тооцоогоор тогтоогдож байна. /хх-10/

 

Б ХХК хүлээн авсан утасны үнэ 94,301,850 төгрөгөөс 12,515,250 төгрөгийг төлсөн, 13,722,258 төгрөгийн утсыг гэрээний 4.2-т заасны дагуу буцааж хүлээлгэн өгсөн, 8-9 насны сүлжмэл майк 680,000 төгрөг, сүлжмэл кардиган 1,404,000 төгрөг, майк борлуулсны урамшуулалд 40,000 төгрөгт тус тус тооцон, Б ХХК-ийн төлөх өр төлбөрийг 66,020,342 төгрөг болохыг 2 байгууллагын нягтлан бодогч нар тооцоо нийлэн баталгаажуулсан болох нь тооцооны үлдэгдлийн баталгаа, Б ХХК-д хүлээлгэн өгсөн утасны тооцоо гэх баримтуудаар тогтоогдож байна. /хх-16, 17/

 

Дээрх 66,020,342 төгрөгөөс М ХХК Б ХХК-иас 7,120,000 төгрөгийн сүлжмэл майк, кардиган авсан гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбарыг үндэслэн хасвал хариуцагчийг худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 58,900,342 төгрөгийг төлөөгүй гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ,

гэрээний 4.1-д худалдагч талаас нийлүүлж буй хонины ноосон ээрмэл утасны чанарыг хянах, тоо хэмжээг тухай бүрд нь худалдагч талын төлөөллийг байлцуулан шалгаж хүлээж авах гэж заажээ.

 

Талуудын тооцоо нийлсэн баримтаас харвал, Б ХХК хүлээн авсан утаснаас 13,722,258 төгрөгийн утсыг чанарын шаардлага хангаагүй үндэслэлээр буцааж хүлээлгэн өгсөн болох нь тогтоогдож байх ба хүлээн авсан бусад утсыг бүхэлд нь чанарын шаардлага хангаагүй гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна.

 

Хариуцагч тал гэрээний 5.3-т зааснаар ҮХААЯ-ны төвлөрсөн борлуулалтын данснаас утасны үнийг үл маргах журмаар шууд төлнө гэж заасан, манайх утасны үнэ төлөх үүрэггүй гэж тайлбарлаж байгааг хүлээн авах боломжгүй гэж үзэв.

 

Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 250 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Засгийн газраас үндэсний үйлдвэрийг хөгжүүлэх, ерөнхий боловсролын сурагчдыг эрүүл ахуйн шаардлага хангасан дүрэмт хувцсаар хангах зорилгоор Үйлдвэр, хүнс хөдөө аж ахуйн яам, Оёдолын нэгдсэн холбоо, аж ахуйн нэгж байгууллагын төлөөллүүд зээлийн төлбөр, компаниудын хооронд байгуулагдсан гэрээний үүргийн биелэлтийг хангах ажлын хүрээнд Оёдолын нэгдсэн холбооны 5099999690 дансанд борлуулалтыг төвлөрүүлж, уг данснаас компаниудын төлбөр тооцоог шилжүүлэх ажлыг зохион байгуулж, энэ талаар гэрээний 5.3-т тусгасан байх боловч, уг дансанд орж байгаа орлогуудыг ялгах боломжгүй нөхцөл байдал үүссэний улмаас борлуулалтаа өөр өөрсдийн компанийн дансаар авахаар болсон болох нь Үндэсний хөгжлийн газрын 2021 оны 4 сарын 13-ны өдрийн 01/236 дугаартай албан бичиг, түүнд хавсарган ирүүлсэн баримтууд, Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргалын өрөөнд болсон гэх хурлын сиди бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нарын тайлбар, хэргийн үйл баримтаар тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаагүй. /хх-119-154/

 

Хариуцагч талын гэрээний гэрээний 5.3-т заасан ...ҮХААЯ-ны төвлөрсөн борлуулалтын данснаас утасны үнийг үл маргах журмаар шууд төлнө... гэх тайлбарыг үндэслэн Б ХХК-ийг худалдах, худалдан авах гэрээний үүрэг болох үнэ төлөх үүргээс чөлөөлөх үндэслэлгүй байна.

 

Хариуцагч тал ...чанарын шаардлага хангаагүй утас одоо болтол байгаа... гэх тайлбараа баримтаар нотлоогүй ба нэхэмжлэгч тал утсыг буцаан авсан үйл баримтаас дүгнэвэл, өнөөдрийг хүртэл буцаан өгөх боломжтой байсан гэж үзэхээр байна.

 

Хариуцагч тал бусдад худалдсан барааны үнээ нэхэмжилж авах эрхтэй байх бөгөөд сурагчийн майкаа худалдаагүй гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй.

 

Талууд гэрээний 6.3 дахь заалтаар гэрээнд заагдсан үнийг бүрэн болон хэсэгчилж төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хожимдсон хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0.5 хувийн алданги тооцож төлөхөөр тохиролцсон байх тул нэхэмжлэгч алданги шаардах үндэслэлтэй.

 

Алдангийг талууд тооцоо нийлсэн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс нэхэмжлэл гаргасан 2020 оны 08 дугаар сарын 24-нийг хүртэл бодоход 124,279,722 төгрөг /58,900,342*0.5%х422 хоног/ болж байгаа тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т нийцүүлэн гүйцэтгээгүй үүргийн 50 хувиар тооцож 29,450,171 төгрөг гаргуулах үндэслэлтэй.

 

Иймд хариуцагч Б ХХК-иас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 58,900,342 төгрөг, алдангид 29,450,171 төгрөг, нийт 88,350,513 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М ХХК-д олгохоор шийдвэрлэв.

 

Сөрөг нэхэмжлэлийн талаар

 

Б ХХК нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч М ХХК-д холбогдуулан утасны үнийг 17.95 хувиар болон 11.57 хувиар бууруулахыг даалгах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан.

 

Нэхэмжлэгч тал манайх чанарын шаардлага хангаагүй гэх утсыг буцааж авсан, буцаан өгөх боломж байхад өгөөгүй, манайхаас өөр газраас утас авсан гэх үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Б ХХК 2014 оны 12 сарын 23-нд Могол ноос ХХК-иас авсан утаснаас 13,722,258 төгрөгийн утсыг буцаан өгсөн болох нь 2015.03.13-ны өдрийн Б ХХК-д хүлээлгэн өгсөн утасны тооцоогоор тогтоогдож байна. /хх-10/

 

Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.3-т Үүргийн гүйцэтгэлд ноцтой нөлөө үзүүлэхээргүй бол эд хөрөнгийн зарим хэсгийг дутуу буюу гэрээнд зааснаас өөр барааг бага хэмжээгээр шилжүүлсэн, эсхүл эд хөрөнгийн нэг хэсэг нь доголдолтой байсан ч түүнийг бүхэлд нь доголдолтой гэж үзэхгүй.,

253 дугаар зүйлийн 253.1-д Худалдсан эд хөрөнгө нь доголдолтой бол худалдагч уг доголдлыг арилгах, хэрэв эд хөрөнгө нь төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө байвал тухайн төрлийн ижил эд хөрөнгөөр буюу тухайн цаг үед худалдан авагчид шаардлагатай өөр эд хөрөнгөөр сольж өгөх үүрэгтэй гэж заажээ.

 

М ХХК-иас Б ХХК-д хүлээлгэн өгсөн утаснаас чанарын шаардлага хангаагүй 13,722,258 төгрөгийн утсыг буцаан авч, төлөх төлбөрөөс хасаж тооцсон байна.

 

Гэрээ болон Иргэний хуулийн 253 дугаар зүйлийн 253.1-д зааснаар худалдан авагч тал доголдолтой холбоотойгоор хөр хөх утасны үнийг 17,95 хувиар, цагаан саарал утасны үнийг 11,57 хувиар тус тус бууруулахаар шаардах эрхгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч Б ХХК-ийн утасны үнийг 17.95 хувиар болон 11.57 хувиар буюу 9,362,473 төгрөгөөр бууруулахыг даалгах тухай хариуцагч М ХХК-д холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б ХХК-иас 88,350,513 /наян найман сая гурван зуун тавин мянга таван зуун арван гурав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М ХХК-д олгосугай.

2. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б ХХК-ийн утасны үнийг 9,362,473 төгрөгөөр бууруулахыг даалгах тухай хариуцагч М ХХК-д холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 599,702.50 төгрөгийг, хариуцагчаас төлсөн 164,422 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б ХХК-иас 599,702 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ