| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | С.Ёндонсамбуу |
| Хэргийн индекс | 304/2025/00056/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/71 |
| Огноо | 2025-04-28 |
| Зүйл хэсэг | 21.2.1., 27.10.5., |
| Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 2025/ШЦТ/71
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Ёндонсамбуу даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,
улсын яллагч М.Сайнзаяа,
шүүгдэгч Т.Э*******, Г.Г*******, шүүгдэгч нарын өмгөөлөгч Э.Цэнгүүн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн Т.Э*******, Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн Г.Г******* холбогдох эрүүгийн 2515000000042 дугаартай, 304/2025/00056/Э индекстэй хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Х******* овогт Т*******ын Э*******, Булган аймгийн ******* сумын ******* тосгонд 1997 оны 10 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Булган аймгийн ******* сумын 4 дүгээр баг, ******* тосгонд оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, регистрийн дугаар: *******, урьд нь:
-Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/59 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээх албадлагын арга хэмжээ авагдсан,
-Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/236 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хасаж, 3,000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зөрчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлж байсан,
Монгол Улсын иргэн, У******* овогт Г Г*******, Булган аймгийн ******* суманд 1999 оны 06 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, ам бүл 4, ээж, 2 дүү нарын хамт Булган аймгийн ******* сумын 4 дүгээр баг ******* тосгоны тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, регистрийн дугаар: , урьд нь:
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/59 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээх албадлагын арга хэмжээ авагдсан,
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Т.Э******* нь Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 2024/ШЦТ/236 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3,000,000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь сэргээгдээгүй байх хугацаандаа буюу 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 15 цагийн орчим Булган аймгаас ******* сумын 4 дүгээр баг, ******* тосгоны нутагт дэвсгэрт улсын дугаартай Тоёота Приус-ХW/20 загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а заалтыг зөрчиж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ амьсгалд 1.20 хувийн согтолттой согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал,
Шүүгдэгч Г.Г******* нь 2025 оны 02 дугар сарын 09-ний өдөр Булган аймгийн Цагдаагийн газрын ******* сумын Цагдаагийн хэсгийн байранд гэрчээр мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа “******* тосгоны төв лүү орж тамхи авах гээд Э*******ын машиныг би бариад төв лүү орсон. Тэгээд би тухайн тээврийн хэрэгслийн барьж явсаар байгаад Оргил баарны урд очиж зогсоод машины жолооч талаас нь буугаад баар луу орох гээд явж байхад цагдаа нар машинтай араас ирээд зогссон...” гэж,
Мөн 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Булган Цагдаагийн газрын мэдүүлэг авах 107 тоот өрөөнд дахин гэрчээр мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа “Би урд талд жолооны ард сууж буюу жолоо барьж явсан юм. Би жолоон дээр сууж байгаад цагдаа ирэхээр нь айсан даа болоод найз Э*******той солигдоод суучихсан юм. Найз Э******* миний дээгүүр би доогуур нь шууд урд суудал дээрээсээ солигдсон” гэж мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Т.Э******* нь Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/236 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хасаж, 3,000,000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгүүлж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялыг эдэлж дуусаагүй байхдаа буюу 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Булган аймгийн ******* сумын 4 дүгээр баг, ******* тосгоны нутагт дэвсгэрт улсын дугаартай “Toyota.Prius-ХW20” маркийн тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодсон гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал,
Шүүгдэгч Г.Г******* нь 2025 оны 02 дугар сарын 09-ний өдөр Булган аймгийн Цагдаагийн газрын ******* сумын Цагдаагийн хэсгийн байранд мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тус тус тогтоогдов.
Дээрх хэргийн нөхцөл байдал буюу шүүгдэгч Т.Э*******ын үйлдсэн гэмт хэрэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/, Т.Э*******ын согтолтын зэргийг шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 3-4 дэх тал/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 5 дахь тал/, гэрч Б.Нын мэдүүлэг /хавтаст хэргийн 8-9 дэх тал/, гэрч Г.ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дахь тал/, гэрч Б.ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дэх тал/, 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Булган аймгийн ******* сумын 4 дүгээр багт байрлах “Оргил” рестораны гадна талын хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 27-31 дэх тал/, яллагдагч Т.Э*******ын өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 63 дахь тал/ зэрэг нотлох баримтаар,
Шүүгдэгч Т.Э*******ын үйлдсэн гэмт хэрэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан Б.Нын мэдүүлэг /хавтаст хэргийн 8-9 дэх тал/, гэрч Г.ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дахь тал/, гэрч Б.ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дэх тал/, Т.Э*******ын согтолтын зэргийг шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 3-4 дэх тал/, 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Булган аймгийн ******* сумын 4 дүгээр багт байрлах “Оргил” рестораны гадна талын хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 27-31 дэх тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 77-81 дэх тал/, яллагдагч Т.Э*******ын өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 63 дахь тал/, яллагдагч Т.Э*******, гэрч Г.Г******* нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэлд гэрч Г.Г*******ын өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 72-75 дахь тал/, 2025 оны 02 дугаар сарын 09, 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр гэрч Г.Г*******т гэрчийн эрх, үүрэг танилцуулсан, хууль сануулсан баталгаа бүхий баримт, гэрчээр өгсөн мэдүүлгүүд /хавтаст хэргийн 10-13, 66-68 дахь тал/, яллагдагч Г.Г*******ын өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 105 дахь тал/ зэрэг нотлох баримтаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Хавтаст хэрэгт цугларсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 32 дахь тал/, Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 154 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 35-38 дахь тал/, Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 236 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 39-44 дэх тал/, Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 45-48 дахь тал/, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 27 дугаартай магадлал /хавтаст хэргийн 49-53 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 85 дахь тал/, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 86 дахь тал/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хавтаст хэргийн 87 дахь тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 88 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 89 дэх тал/, Булган аймгийн ******* тосгоны захирагчийн ажлын албаны захирагчийн тодорхойлолт /хавтаст хэргийн 117 дахь тал/, үл хөдлөх хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /хавтаст хэргийн 118 дахь тал/, мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2024 оны тооллогын баримт /хавтаст хэргийн 119 дэх тал/ зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Т.Э*******ын хувийн байдлыг,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 90 дэх тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 92 дахь тал/, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 93 дахь тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 94 дэх тал/, Булган аймгийн ******* тосгоны захирагчийн ажлын албаны захирагчийн тодорхойлолт /хавтаст хэргийн 113 дахь тал/, мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2024 оны тооллогын баримт /хавтаст хэргийн 114 дэх тал/ зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Г.Г*******ын хувийн байдлыг тус тус тодорхойлов.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
1.2.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Т.Э*******, Г.Г******* нар нь прокурорын хяналтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хүсэлт гаргасан нь гаднын нөлөөгүй, бусдын дарамт шахалтгүй, эрүү шүүлт, хүнлэг бус харьцаа байгаагүй болохыг өөрөө батлан илэрхийлж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцсэнээр давж заалдах гомдол гаргах эрхээ хязгаарлуулж байгааг ойлгосон байх бөгөөд өөрсдийн сонгон авсан өмгөөлөгч Э.Цэнгүүний хамт шүүх хуралдаанд оролцсон болно.
1.3.Эрх зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Т.Э******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ял шийтгүүлсэн байхдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа ... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн хориглосон заалтыг зөрчин тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон байх тул түүнийг гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.
Т.Э*******ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан бусад гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Шүүгдэгч Г.Г******* нь гэрчээр үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа “...би тухайн үед машин барьж байсан...” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн байх тул түүнийг гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.
Г.Г*******ын тус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэрч мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан бусад гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирсон байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудыг нэгтгэн дүгнээд шүүгдэгч Т.Э*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Г.Г*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэрч мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
1.4. Хохирол, хор уршиг
Энэ хэргийн улмаас бусдын амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учраагүй байх тул Т.Э*******, Г.Г******* нарыг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдлаа.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1 Талуудын санал
Улсын яллагч: “...Шүүгдэгч Т.Э*******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 /таван сая/ төгрөгөөр торгох ял,
шүүгдэгч Г.Г*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах саналтай байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.Э*******од Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 236 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил, 2 сарын хугацаагаар хасах ялаас эдлээгүй үлдсэн 09 сар 17 хоногийн ялыг энэ тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэсэн ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялын хэмжээг 02 жил 09 сар 17 хоногоор тогтоох саналтай байна...” гэв.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч: “...Шүүгдэгч нар нь хийсэн хэрэгтээ дүгнэлт хийж, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа байдал харагдаж байна. Хувийн байдлын хувьд шүүгдэгч Т.Э******* нь ам бүл 3, эхнэрийн хамт, шүүгдэгч Г.Г******* нь ам бүл 4, ээж, 2 дүү нарын хамт тус тус амьдардаг. Мөн Т.Э*******, Г.Г******* нар хоёулаа мал маллан амьдардаг хүмүүс байгаа юм. Одоо хавар цаг болж байгаа бөгөөд мал төллөх, төл мал бойжуулах, асран зэрэг чухал үеийг анхаарч үзнэ үү. Иймд улсын яллагчтай тохиролцсон ялын саналын хүрээнд шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр прокурорын саналыг баталж шийдвэрлэж өгнө үү...” гэв.
2.1. Эрүүгийн хариуцлага
Шүүгдэгч Т.Э*******, Г.Г******* нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Прокурорын санал болгосон бөгөөд шүүгдэгч Т.Э*******, Г.Г******* нарын хүлээн зөвшөөрсөн ялын төрөл, хэмжээ нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд нь тохирсон байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Т.Э*******од Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 5,000 /таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 /таван сая/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Г.Г*******т Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал, гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгыг хангана гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.Э*******од Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 236 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хасах ялаас эдлээгүй үлдсэн 09 сар 11 хоногийн ялыг энэ тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэсэн ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялыг 02 жил 09 сар 11 хоногоор тогтоов.
Шүүгдэгч Т.Э*******од Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 236 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хасах ялын тооцоог шийдвэр гүйцэтгэгч 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс тасалбар болгон тооцож, эдлээгүй үлдсэн ялын хугацааг 09 сар 17 хоног болохыг тогтоосон байх бөгөөд, шүүх хэргийг хянан хэлэлцэх хүртэл хугацаанд эрх хасах ял эдлэхийг түдгэлзүүлсэн шийдвэр гараагүй байх тул түүнийг ял эдэлсэнд тооцож, эдлээгүй үлдсэн ялын хэмжээг 2025 оны 04 дүгээр сарын 28-өдрөөр тооцон 09 сар 11 хоногоор тооцож, нэмж нэгтгэсэн болохыг дурдав.
Шүүгдэгч Т.Э*******од шүүхээс оногдуулсан 5,000,000 /таван сая/ төгрөгөөр торгох ялыг түүний хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоож, шүүгдэгч Г.Г*******т оногдуулсан 650,000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд заасан журмын дагуу биелүүлэхийг даалгаж, шүүхээс тогтоосон хугацаа, журмын дагуу биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт тусгайлан сануулав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг ...торгох ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс хугацааг тоолно” гэж заасныг баримтлан шүүгдэгч Т.Э*******од оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жил 9 /ес/ сар 11 /арван нэг/ хоногийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолох нь зүйтэй.
2.2.Бусад асуудлын талаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Т.Э*******, Г.Г******* нар нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Х******* овогт Т*******ын Э*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч У******* овогт Г Г*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэрч мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Шүүгдэгч Т.Э*******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 5000 /таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 /таван сая/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Г.Г*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 /зургаан зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.Э*******од Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/236 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хасах ялаас эдлээгүй үлдсэн 09 сар 11 хоногийн ялыг энэ тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялын хэмжээг 02 /хоёр/ жил 09 /ес/ сар 11 /арван нэг/ хоногоор тогтоосугай.
4.Шүүгдэгч Т.Э*******од шүүхээс оногдуулсан 5,000,000 /таван сая/ төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоож, шүүгдэгч Г.Г*******т оногдуулсан 650,000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд заасан журмын дагуу биелүүлэхийг даалгаж, шүүхээс тогтоосон хугацаа, журмын дагуу биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Т.Э*******, Г.Г******* нарт сануулсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э*******од оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жил 09 /ес/ сар 11 /арван нэг/ хоног хоногийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
6.Шүүгдэгч Т.Э*******, Г.Г******* нар нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Булган аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8.Оролцогч дээрх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Э*******, Г.Г******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЁНДОНСАМБУУ