Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 142/ШШ2018/00391

 

 

 

 

 

 

     

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: М.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ц.А холбогдох

Худалдах худалдан авах гэрээний үүрэг 65 000 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М , М.Г , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н , гэрч Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Миний бие 2017 оны 03 сарын 20-ны өдөр иргэн Ц. А үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээний дагуу Орхон аймаг, Баян-Өндөр сум, Оюут баг, 2-5-14 тоотод байрлах өөрийн өмчлөлийн 3 өрөө 38 м.кв талбай бүхий орон сууцыг 65 000 000 төгрөгөөр худалдсан ба тухайн үед мөнгийг Дунгармаа гэгч ломбард ажилуулдаг хүнээс авч өгнө гэж хэлсэн боловч одоог хүртэл төлөөгүй. Миний бие гэрээний дагуу үүргээ гүйцэтгэхийг шаардсан боловч эмнэлэгт хэвтэж байна, гадаад явна гэх мэтээр ярьсан. Сүүлдээ утсаа авахгүй болсон. Иймээс иргэн Ц.Атарцэцэгээс үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээний дагуу 65 000 000 төгрөгийг гаргуулан олгож өгнө үү.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа ... 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Орон сууц худалдах худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйл, 57 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарахгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж буюу Ц.Атарцэцэгээс 65 000 000 гаргуулж М.Батчимэгт олгохоор шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч М.Б хариуцагч Ц.Атарцэцэгээс Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг 2-5-14 тоот 3 өрөө 38 м2 талбай бүхий 3 өрөө орон сууцны үнэ 65.000.000 төгрөг гаргуулан авах тухай гаргасан шаардлага нь үндэслэлгүй болох талаар дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

1. Хоёр талын худалдах-худалдан авах гэрээ Иргэний хуулийн 109-р зүйлийн 109.2-т заасан журмын дагуу хийгдэж мөн хуулийн 110-р зүйлийн 110.1-д заасанчлан хариуцагч Ц.Атарцэцэг өмчлөх эрхээ Улсын бүртгэлд бүртгүүлж хууль ёсны өмчлөгч болсон.

2. Орон сууцны үнэ огт төлөгдөөгүй буюу нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ бичээд байгаа шиг өмчлөх эрх шилжсэний дараа орон сууцны төлөгдөхөөр тохиролцсон юм бол гэрээндээ энэ талаар тусгах учиртай байтал тийм нэмэлт заалт байхгүй байна.

З. Нэхэмжлэгч М.Б тухайн орон сууцанд хэзээ ч амьдарч байгаагүй байж ямар журмаар тухайн орон сууцны өмчлөх эрхийг олж аваад хариуцагч Ц.А худалдсан болохоо нотлох учиртай гэж үзэж байна.

Иймд М.Батчимэгийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй учир нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Маргааны зүйл болох орон сууцыг иргэн Д.О гэр бүлийнхээ гишүүдийн хамт 2006-10-05-нд иргэн А.Л , Д.Ц нараас 16.0 сая төгрөгөөр худалдан авч өмчлөх эрхийн 000207626 дугаартай гэрчилгээ аван өнөөдрийг хүртэл уг орон сууцандаа амьдарцгааж байна. Өмчлөгч нар 2016-03-01-ний өдөр гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч болох Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг 2-5-14 тоот 38 м2 талбай бүхий 3 өрөө орон сууцаа иргэн Ө.Б-ийн хүсэлтээр банкны барьцаанд тавиулах гэж 2016-03-01-ний өдөр хүртэл шилжүүлж орон сууцыг худалдах-худалдан авах гэрээгээр 8%-ийн зээлд хамруулж Ө.Б-ийн нэр дээрээ 63.0 сая төгрөг авахаар түр хугацаагаар шилжүүлнэ гэсэн тохиролцооныхоо дагуу зөвхөн Орхон аймаг дахь ХАС банкны барьцаанд тавиулахаар тохиролцсоноор 2016-03-01-ний өдөр Ө.Батцэнгэлийг орон сууцныхаа хамтран өмчлөгчөөр хүргэнээ өмчтэй болгох зорилгоор нэмэв гэсэн утгатайгаар мөн ногдох үнэ нь 20.000.000 төгрөг гэж нэрийг нь хамтран өмчлөгчөөр оруулан өмчлөх эрхийн 2016-03-07-ны өдөр шинээр 000430408 дугаартай гэрчилгээг гаргуулсан байна. Эндээс харахад Ө.Б банкнаас зээл авах зорилгоор өөрийн нэрээ дээрх орон сууцанд нэрээ оруулсан байдаг. Ө.Б орон сууцыг барьцаанд тавьж зээл авч чадахгүй байна. Учир нь нэг орон сууцанд олон хүний нэр байгаа учраас зээл бүтэхгүй байна гэснээр 2016-04-18-ны өдөр тэд өмчлөх эрхээсээ татгалзсанаар Ө.Б өмчлөх эрхийн 000430373 дугаартай гэрчилгээ авч тухайн орон сууцны хууль ёсны өмчлөгч болсон. Энэ өдрөөс хойш Ө.Б банкнаас зээл авахын оронд цааш нь бусдад дамжуулан шилжүүлсээр эцэст нь орон сууцны үнэ гэж нэг ч төгрөг төлөөгүй хууль ёсны өмчлөгчдийн огт таньж мэдэхгүй М.Б гэгч орон сууцны үнэ гэж 65.0 сая төгрөг гаргуулан авахаар шүүхэд шаардлага гаргаж байгаа явдал нь шудрага ёсонд нийцэхгүй болохыг нэхэмжлэгч өөрөө маш сайн мэдэж байгаа бөгөөд хууль бусаар орон сууцны өмчлөгч болсныхоо шан харамжид нь Ө.Батцэнгэлээс 30.0 сая төгрөг нэхээд сууж байна. Дараах үндэслэлүүдээр хоёр талын орон сууц худалдах-худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус болох нь нотлогдох юм. Үүнд:

1. Ө.Б 2016-08-04-нд банкнаас зээл авах зорилгоор дээр дурьдсан хаягт байрлах 90.0 сая төгрөгийн үнэ бүхий 3 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр Оюунцэцэгийн Ууганчимэгийг нэмж бүргүүлээд 000497545 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан Ө.Батцэнгэл, О.Уранчимэг нар өмчлөгч болсон.

2. 2016-08-04-ны өдрөө тухайн орон сууцны хамтран өмчлөгчөөсөө Ө.Б татгалзаж О.У ганцаараа өмчлөгч болж өмчлөх эрхийн 000407204 дугаартай гэрчилгээ авчээ. Эндээс харахад нэг өдрийн дотор нэг үл хөдлөх хөрөнгө шилжүүлэхтэй холбоотой хоёр өөр бүртгэл хийгдэнэ гэж байх уу. Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15-р зүйлийн 15.1-д: ...мэдүүлгийг хүлээн авч 14 хоногийн дотор үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ" гэжээ.

3. 2016-10-11-ний өдөр О.У дээрх орон сууцыг авахад 40.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн тул гээд М.Батчимэгийг хамтран өмчлөгчөөр нэмж оруулаад өмчлөх эрхийн 000543042 дугаартай гэрчилгээ авсан явдал нь Ө.Батцэнгэлээс маргаан бүхий 2-р бичил хороолол 5-р байр 14 тоот 3 өрөө орон сууцыг 70.0 сая төгрөгөөр худалдан авсан мэтээр харагдаж байна. Гэтэл 2016-08-04-ны өдөр Ө.Б Банкнаас зээл авах зорилгоор Уранчимэгийг уг байрны хамтран өмчлөгч болгосон болохоо мартсан бололтой. Хүний орон байрыг хууль бусаар бусдад шилжүүлэхдээ юу гэж бичсэн болохоо ч мартддаг бололтой.

4. 2016-10-21-ний өдөр буюу 10 хоногийн дараа О. У өөрийн өмчлөх эрхээсээ татгалзаж хамтран өмчлөгчөөс хасуулж дан ганц М.Б өмчлөгч болж 000515447 дугаартай гэрчилгээ авчээ.

5. 2017-03-20-ны өдөр орон сууц худалдах-худалдан авах гэрээгээр 65.0 сая төгрөгөөр худалдагдсан байх ба 2 талын гэрээний 3.1-д: Шилжүүлж байгаа үл хөдлөх эд хөрөнгө нь худалдагчийн өмч болох нь нотлогдсон ба эрхийн зөрчилгүй, биет байдлын доголдолгүй, гэрээнд заасан зориулалтаар ашиглах бүрэн боломжтой бөгөөд гэрээ байгуулах үед бусдад худалдагдаагүй, битүүмжлэгдээгүй, хөлслөгдөөгүй, түрээслэгдээгүй, өмчлөлийн ямар нэгэн маргаангүй байна гэсэн байх бөгөөд 2006 оноос хойш өнөөдрийг хүртэл Д.О гэр бүлийн гишүүдийнхээ хамт тухайн сууцандаа амьдарсаар байхад гэрээний дээрх заалтыг биелэгдсэн гэж үзэх үндэслэл байхгүй. Үнийг нь төлөөд орон байр авч байгаа хүн тухайн байраа шалгаж үзэхийн зэрэгцээ өмчлөх эрхийн гэрчилгээгээ өөрийн гар дээрээ байлгаж байх учиртай биз дээ. Хэдийгээр О.Уранчимэгээс нэхэмжлэгч Батчимэгт орон сууц шилжиж Б өмчлөх эрхийн гэрчилгээ авсан байсан ч гэсэн өмчлөх эрхийн гэрчилгээ хариуцагч Ц.А байсан учир нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд орон сууц худалдах-худалдан авах гэрээ хийгдсэн болохоос Б тухайн орон сууцыг худалдах тухай ямар нэгэн зар өгөөгүй бөгөөд хариуцагч Ц.Атарцэцэг Ө.Батцэнгэлээс авах учиртай 30.0 сая төгрөгийнхөө барьцаанд өмчлөх эрхийн гэрчилгээ нь байсан учраас Ө.Б-ийн хүсэлтээр энэ худалдах-худалдан авах гэрээ хийгдсэн. Энэ гэрээний хүчин төгөлдөр бус болох нь А/ Иргэний хуулийн 128-р зүйлийн 128.2-т заасанчлан хариуцагч Ө.Б орон байрыг цааш нь бусдад шилжүүлэхдээ гэр бүлийн гишүүд болох хүмүүсийн бичгээр гаргасан зөвшөөрлийг авах учиртай байсан бөгөөд Ө.Б-ийн О.Ууганчимэгийг хамтран өмчлөгч босгосон явдал нь Иргэний хуулийн 128-р зүйлийн 128.3-т: Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 128.2-т заасны дагуу зөвшөөрөл аваагүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэжээ. Б/ 2-5-14 тоот 3 өрөө сууцны өмчлөгчид 2016-04-18-ны өдөр орон сууцны өмчлөгчөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэлийн ШАЛТГААНЫГ ТОДОРХОЙ БИЧИХ хэсэгт Д.Оюунгэрэлийн гэр бүлийн гишүүдийн өмчлөх эрх хэдийнээс дуусгавар болох талаар байхгүй байгаагаас харахад тэд нарын өмчлөх эрх хэвээр байна гэсэн үг юм. Иймд: Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.3-т заасан өөр хэлцэлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл-д тооцох, мөн хуулийн 57-р зүйлийн 57.2-т: Шүүхээс хүчин төгөлдөр бус гэж тооцсон хэлцэл нь хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байна гэж заасанчлан 2017-03-20-ны өдрийн 2-5-14 тоот 3 өрөө орон сууцыг худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Б нь Ц.А холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэг 65 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан 2017 оны 03 сарын 20-ны өдрийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн 2-5-14 тоот 3 өрөө орон сууцыг худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцон, хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай шаардлагыг тус тус гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй, шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр М.Батчимэг, Ц.Атарцэцэг нарын хооронд Орхон аймгийн Баян-Өндөр сумын 2-р баг Оюут 2 хороолол 5 дугаар байр 14 тоот 3 өрөө орон сууцыг 65,0 сая төгрөгөөр худалдсан худалдах худалдан авах гэрээ хэргийн 5 дугаар хуудаст авагдсан байх ба, гэрээ хүчин төгөлдөр байна.

Уг гэрээний дагуу өмчлөх эрх Ц.А шилжсэн болох нь Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлэг, Y-2101008354 дугаар улсын бүртгэлийн гэрчилгээ хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх ба, гэрээний дагуу худалдагч нь худалдан авагчаас худалдсан хөрөнгийнхөө үнийг шаардах эрхтэй.

Хариуцагчийн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлээр, 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр М.Батчимэг, Ц.Атарцэцэг нарын хооронд хийгдсэн Орхон аймгийн Баян-Өндөр сумын 2-р баг Оюут 2 хороолол 5 дугаар байр 14 тоот орон сууцыг худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор шаардсан бөгөөд, анх Ө.Б банкинд барьцаанд тавиулах зорилгоор хамтран өмчлөгчөөр орсон. Ингээд Ө.Б нь орон сууцыг барьцаанд тавьж зээл авч чадахгүй байна, нэг орон сууцанд олон хүний нэр байгаа учраас зээл бүтэхгүй байна гэснээр 2016-04-18-ны өдөр тэд өмчлөх эрхээсээ татгалзсанаар Ө.Б өмчлөх эрхийн 000430373 дугаартай гэрчилгээ авч тухайн орон сууцны хууль ёсны өмчлөгч болсон. Энэ өдрөөс хойш Ө.Б банкнаас зээл авахын оронд цааш нь бусдад дамжуулан шилжүүлсээр эцэст нь орон сууцны үнэ гэж нэг ч төгрөг төлөөгүй. 2006 оноос хойш өнөөдрийг хүртэл Д.О гэр бүлийнхээ хамт амьдарч байгаа. Орон байр авч байгаа хүн авч байгаа байраа үзэж шалгаж, өмчлөх эрхийн гэрчилгээгээ өөрийн гар дээрээ байлгаж байх учиртай биз дээ. Хэдийгээр О.Уранчимэгээс нэхэмжлэгч Батчимэгт орон сууц шилжиж Б өмчлөх эрхийн гэрчилгээ авсан байсан ч гэсэн өмчлөх эрхийн гэрчилгээ хариуцагч Ц.А байсан. Иргэний хуулийн 128-р зүйлийн 128.2-т зааснаар Ө.Б нь орон байрыг цааш нь бусдад шилжүүлэхдээ гэр бүлийн гишүүдээс бичгээр гаргасан зөвшөөрлийг аваагүй. 2016-04-18-ны орон сууцны өмчлөгчөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэлийн шалтгааныг тодорхой бичих хэсэгт Д.Оюунгэрэлийн гэр бүлийн гишүүдийн өмчлөх эрх хэдийнээс дуусгавар болох талаар байхгүй байгаагаас харахад тэд нарын өмчлөх эрх хэвээр байна гэсэн үг. Иймд Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.3-т заасан өөр хэлцэлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл-д тооцох, мөн хуулийн 57-р зүйлийн 57.2-т: Шүүхээс хүчин төгөлдөр бус гэж тооцсон хэлцэл нь хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байна гэж заасанчлан 2017-03-20-ны өдрийн 2-5-14 тоот 3 өрөө орон сууцыг худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү гэсэн тайлбар гаргасан.

Шүүх хуралдаанд гэрч Д.О ...Орхон аймгийн Баян-Өндөр сумын 2-5-14 тоот байрыг Батцэнгэлтэй гэр бүлийн найзууд тул зээл авах гэсэн юм, хамтран өмчлөгчөөр оръё гэхээр нь оруулсан. Дараа нь зээл авах гэсэн чинь ганцхан миний нэр байвал зээл өгнө гэж байна гэхээр нь бид байрнаас нэрээ хасуулсан юм. Тухайн үед хэдэн төгрөг авсан Батцэнгэлээс. Ц.А өмчлөх эрхийн гэрчилгээ шилжсэн гэдгийг саяхан мэдсэн. Ц.Атарцэцэг би мөнгөө олж аваад байрыг чинь нэрлүү чинь шилжүүлж өгнө гэж хэлсэн. Б нь зээл авахын тулд л байранд нэрээ оруулсан юм. Би байраа өөрийнхөө өмч л гэж бодож байгаа... гэж мэдүүлсэн.

Хэдийгээр хариуцагчийн төлөөлөгч, гэрч дээрх байдлаар тайлбарлаж байх боловч тухайн үед Д.Оюунгэрэлээс Ө.Батцэнгэлд өмчлөх эрх хэрхэн шилжсэн, Ө.Батболд өмчлөх эрхээ хэрхэн яаж бусдад шилжүүлсэн талаар шүүх дүгнэлт хийж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан шийдвэрлэх боломжгүй, зөвхөн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэх учиртай. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага бол 2017-03-20-ны өдрийн М.Батчимэг, Ц.Атарцэцэг нарын хооронд хийгдсэн 2-5-14 тоот 3 өрөө орон сууцыг худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах шаардлага юм.

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д Үл хөдлөх эд хөрөнгө хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөө этгээдэд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж заажээ.

Худалдах худалдан авах хэлцлийн үндсэн дээр маргаан бүхий Орхон аймгийн Баян-Өндөр сумын 2-р баг Оюут 2 хороолол 5 дугаар байр 14 тоот орон сууц Ц.Атарцэцэгийн өмчлөлд шилжсэн байна.

Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно гэсэн.

Иймд 2017-03-20-ны өдрийн М.Батчимэг, Ц.Атарцэцэг нарын хооронд байгуулагдсан Орхон аймгийн Баян-Өндөр сумын 2-р баг Оюут 2 хороолол 5 дугаар байр 14 тоот 3 өрөө орон сууцыг худалдах-худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан өөр хэлцэлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл-д тооцуулах, мөн хуулийн 57 дугаар зүйлийн зүйлийн 57.2-т Шүүхээс хүчин төгөлдөр бус гэж тооцсон хэлцэл нь хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байх хэлцлэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 482 950 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн 482 950 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжаар 482 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.Атарцэцэгээс 65 000 000 /жаран таван сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Батчимэгт олгосугай.

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн М.Батчимэг, Ц.Атарцэцэг нарын хооронд байгуулагдсан Орхон аймгийн Баян-Өндөр сумын 2-р баг Оюут 2 хороолол 5 дугаар байр 14 тоот 3 өрөө сууцыг худалдах худалдан авах гэрээг өөр хэлцэлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл-д тооцуулах, хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах Ц.Атарцэцэгийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 482 950 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн 482 950 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжаар 482 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заав.

4. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА