| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Гэршихбөртэ |
| Хэргийн индекс | 307/2025/0127/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/157 |
| Огноо | 2025-03-26 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Б.Энхтулга |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 2025/ШЦТ/157
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 307/2025/0127/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэршихбөртэ даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн,
Улсын яллагч Б.Энхтулга,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Золзаяа,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Энхтайвангийн Зэмбэд холбогдох эрүүгийн 2518000000127 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,******* оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн,******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,******* мэргэжилтэй, “**********” ХХК-д *** ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сум,*******баг,******* хороолол, 14 дүгээр гудамж 08 тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Дархан-уул аймгийн Дархан сум,******* дугаар баг, *** дүгээр хороолол, ***-р байр, 00 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд
- Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1.1-т заасан гэмт хэрэгт 7 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,
- Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т заасан гэмт хэрэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2,700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан.
**** (РД:****)
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 06 дугаар тал/, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 7-8 дугаар тал/, гэрч Х.Золбаярын мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр тал/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-н 23 дугаар тал/, яллагдагч **** мэдүүлэг /хх-ийн 17 дугаар тал/ гэх нотлох баримтуудыг шинжлэн судалсан бөгөөд эдгээр нотлох баримтуудыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талуудаас гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:
1. Үйл баримт:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлэг, гэм буруугийн талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргээс дүгнэн үзэхэд:
“шүүгдэгч ******* нь оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2 жилийн хугацаагаар хасуулж, 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлэн, уг ялыг эдэлж байх үедээ буюу, 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 03 цагийн орчимд, Дархан сум,******* дугаар багийн нутаг дэвсгэрт *** улсын дугаартай T/Allion загварын тээврийн хэрэгслийг 2,13 хувийн согтолттой жолоодож, замын хөдөлгөөнд оролцсон” гэх үйл баримт тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь мөрдөн байцаалтын шатанд хэрэгт цугларсан:
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 06 дугаар тал/,
- Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-н 7-8 дугаар тал),
-Гэрч ***: “...Миний бие 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 15-ны өдрийг хүртэлх хугацаанд хяналт шалгалтын үүрэг гүйцэтгээд байж байхад Дархан-Уул аймгийн Дархан сумын******* дугаар багт байрлах 19-р байрны ард талын зам дээр 02 цагийн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байж болзошгүй жолоочтой *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоосон. Машин дотор жолооч нь эрэгтэй хүн байсан ба түүнээс архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан тул архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгах багажаар төв цагдаа дээр шалгахад авч ирэн шалгахад 2,13%-тай гарсан. Уг хүний биеийн байцаалтыг асуухад Энхтайвангийн *** гээд *** регистрийн дугаартай хүн байсан ба тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ оны 10 дугаар сарын 02-ны өдөр 2 жилийн хугацаагаар хасуулсан байсан тул жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн. Тухайн хүн нь ямар нэгэн байдлаар драйгер үлээхээс татгалзсан зүйл байгаагүй. Жолооч нь машиндаа ганцаараа явж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр тал/,
-Жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 23 дугаар тал/,
- Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 28-31 дүгээр тал/ болон зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.
2. Эрх зүйн дүгнэлт:
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгчүйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдлийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт тооцохоор хуульчилжээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэн хавтаст хэрэгт тусгасан бичгийн нотлох баримт, эд мөрийн баримтуудыг шинжлэн судалж, түүнд үндэслэн дүгнэлт хийх аргаар хэргийн үйл баримтыг тогтоодог.
Шүүхээс тогтоосон үйл баримт болох шүүгдэгч *** тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2,13 хувийн согтолттойгоор тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч: “Шүүгдэгч *** нь согтуугаар удаа дараа үйлдсэн болох нь тогтоогдож байна. Энэ хүн ял эрүүгийн хариуцлагыг зорилгыг ойлгоогүй байна. Шүүгдэгчийг цээрлүүлэх үүднээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх, мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ял шийтгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй.” гэх саналыг,
Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Шүүгдэгчхувийн байдлыг харгалзах нь зүйтэй. Миний үйлчлүүлэгчийн эхнэр нь эмнэлэгт байгаа, 2 хүүхэдтэй, ажилдаа мэргэшсэн байдал болон өөртөө дүгнэлт хийж байгаа байдлыг харгалзаж шийтгэл оногдуулах нь үндэслэлтэй. Миний үйлчлүүлэгчид зорчих эрх хязгаарлах ял болон торгох ялаас сонгож шийтгэж өгнө үү гэж хүсэж байна.” гэх саналыг тус тус гаргасан.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэл эдэлж байсан болох нь шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 21 дүгээр тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 26 дугаар тал/ зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүгдэгч *******д тус шүүхийн оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн/ШЦТ/398 дугаартай шийтгэх тогтоолоор тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил хасаж, 2700 нэгж буюу 2,700,000 төгрөгийн торгуулийн ял оногдуулж шийдвэрлэж байсан байх бөгөөд шүүгдэгч ******* нь ялтай байх хугацаандаа дахин тухайн төрлийн гэмт хэргийг үйлдсэнийг түүний хувийн байдалд авч үзэх нь зүйтэй.
Иймд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж, шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, хязгаарлалтын бүсийг өөрийн оршин суух хаяг буюу Дархан-Уул аймгийн Дархан сум,******* дугаар баг, 1-р хороолол, 19-р байр, 00 тоот болон “Дарханы*******” ХХК-ийн хооронд зорчихоор тогтоож шийдвэрлэх нь шүүгдэгчийн гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж,
2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж тус тус заасан.
Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай этгээдэд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих ялаас сонгож оногдуулах бөгөөд эрх хасах нэмэгдэл ялыг заавал оногдуулдаг.
Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулж байгаа тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангид заавал оногдуулахаар заасан эрх хасах нэмэгдэл ял болон үндсэн ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэж нийт эдлэх ялын хэмжээг тогтоох нь зөв байна.
Дархан-Уул аймаг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хорих 445 дугаар нээлттэй хорих ангийн ялын тооцооны лавлагаагаар оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 64/3097 дугаар албан бичиг /хх-ийн 80/-т “...торгуулийг бүрэн хэрэгжүүлсэн, эрх хасах нэмэгдэл ялын хяналтад байдаг. Үлдсэн 01 жил 06 сар 19 хоног” гэсэн бөгөөд шүүх хуралдаан болох өдөр шүүгдэгчийн эдлээгүй үлдсэн эрх хасах ялын хугацаа 01 жил 06 сар 10 хоног байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгчөмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 10 хоног дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялыг нэмж нэгтгэн, нийт 4 жил 6 сар 10 хоногийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялаар тогтоох нь зүйтэй гэж шийдвэрлэв.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас бусдад хохирол учраагүй тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ****Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *** өмнөх Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн ****дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаатай тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 10 хоногийн ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг нэмж, нийт 4 жил 6 сар 10 хоногийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч**** оногдуулсан 1 жил, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтын бүсийг Дархан-Уул аймгийн Дархан сум,******* дугаар баг, 1 дүгээр хороолол, 19-р байр, 00 тоотоос “Дарханы*******” ХХК-ийн хооронд зорчихоор тогтоож, ялтанд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **** нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар *******д оногдуулсан 4 жил 6 сар 10 хоногийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
7. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *** урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГЭРШИХБӨРТЭ