Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 224

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж, шүүгч Ү.Түмэнжаргал, Б.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга А.Болор,

Иргэдийн төлөөлөгч Д.Бадамсүрэн,

Улсын яллагч П.Бямбасүрэн,

Шүүгдэгч И.Бархас, түүний өмгөөлөгч Д.Пүрэвдорж /үнэмлэх 2090/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 245 дугаар зүйлийн 245.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон Цэмээ овогтой Ихбаярын Бархаст холбогдох эрүүгийн 201625020503 дугаартай хэргийг 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр яллагдагчийг шүүхэд шилжүүлж, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1987 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4 эх, эгч нарын хамт Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 5 дугаар хэсэг гудамж, 10 дугаар байр 3-10 тоотод оршин суух хаягын бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, 5 дугаар хэсэг, Улиастайн хуучин эцэс 10-3-2 тоотод оршин суудаг, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй,

 

-Баянзүрх дүүргийн шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 08 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 8 жил 6 сарын хугацаагаар хорих ял, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2006 оны 6 дугаар сарын 23-ний өдрийн Монгол Улсын Өршөөл Үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2-д зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хэлтрүүлж, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-д зааснаар оногдуулсан 8 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас 3 жилийн хугацаагаар хорих ялыг хасаж 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 5 дугаар сарын 29-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

 

-Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 67 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 6 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 34 дугаартай Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 34 дугаартай шүүгчийн захирамжаар "Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгууллагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан "Өршөөл үзүүлэх тухай" хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар түүний 6 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас 2 жилийг өршөөн хасаж 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр суллагдсан Боржигон цэмээ овгийн Ихбаярын Бархас /РД:МЬ87080614/

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч И.Бархас нь ялтай байхдаа давтан үйдлээр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороонд байрлах 45 дугаар сургуулийн гадаа саравчинд 2016 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Т.Тэргэл, О.Хүслэн, Б.Билгүүн, А.Баярхүү нарыг “Мафийн гишүүн байна, та нар миний үгэнд орохгүй бол та нарыг авч явна, гэх зэргээр айлган сүрдүүлж айфоне 5 эс, айфоне 5, самсунг галакси эс 3, самсунг гранд приме зэрэг гар утсыг нь дээрэмдэж 1.140.000 төгрөг, бэлнээр 18.000 төгрөг нийт 1.158.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хороо 57-114 тоотод 9 настай М.Төгөлдөрийг гэртээ байх үед нь “Агаа нь байна “ гэж хэлж ороод “... дуугүй байгаарай, 2 нүдийг чинь сохлоно шүү юмаа зааж өгөхгүй бол ална шүү” гэж заналхийлж, эд зүйлээ өгөхгүй хэмээн зууралдахад нь компьютерийн цэнэглэгчээр гарыг нь хүлэн хүч хэрэглэн хос пүүз, зөөврийн компьютер, бэлэн 40.000 төгрөг эд зүйлсийг дээрэмдэж нийт 810.000 төгрөгийн хохирол учруулсан,

Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 160 дугаар цэцэрлэгийн хашаан дотор 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр насанд хүрээгүй иргэн М.Мөнх-Анандыг дагуулж явсаар 160 дугаар цэцэрлэгийн хашаан дотор оруулан “...утсаа гаргаад ир, би атаман байна, чамд мөнгө байна уу?...” хэмээн айлган сүрдүүлж, түлхэж унаган толгой, бие хэсэгт цохиж хүч хэрэглэн цүнхийг авч дотор нь байсан 2.000 төгрөг, Самсунг галакси эс 3 загварын гар утас, зэргийг дээрэмдэж 142.000 төгрөгийн хохирол учруулсан,

Урьд нь дээрэмдэх гэмт хэрэгт ял шийтгүүлж, ялгүйд тооцох хугацаа болоогүй байх үедээ буюу 2016 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Home Land хотхоны 103 дугаар байрны 54 тоотод бага насны буюу 9 настай Наранзаяа, 5 настай Билгүүн нарын үйл явдлыг мэдрэхгүй, ойлгож мэдэхгүй, илчлэх чадваргүй байдлыг далимдуулан мөн насанд хүрсэн Бадамгаравыг 2 настай Энхтэмүүлэнгийн хамт унтаж байхад нь “аавын чинь найз нь байна, аав чинь саван аваад ирээ гэж байна” гэж гэрт нь орон хохирогч С.Золжаргалын шар өнгийн бөгж, хохирогч Бадамгаравын гар утсан цаг, цүнх, цүнхэнд байсан биет 235.000 төгрөг, жолооны үнэмлэх, иргэний үнэмлэх ажлын түлхүүрүүд, ажлын үнэмлэх, цагаан өнгийн эмэгтэй хүний шинэ дээл, хар өнгийн юбка, сэлфиний гар, бор өнгийн хэтэвч зэрэг эд зүйлсийг хулгайлан хохирогч С.Золжаргалд 200.000 төгрөг, хохирогч Б.Бадамгаравт 235.000 төгрөг, нийт 535.000 төгрөгийн хохирол учруулсан,

Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн шүүхийн В танхимд 2017 оны 1 дүгээр сарын өдөр 18-ны өдөр явагдсан шүүх хуралдааны үеэр шүүгдэгч Ихбаярын Бархас нь хумсаараа өөрийн хоолойн тус хэсгийг зүсэж шүүн таслах ажиллагаанд санаатайгаар саад учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч И.Бархас нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Эрүүгийн хуулийн тусгай ангийн 245 дугаар зүйлийн 245.1 дэх хэсгээр намайг яллаж байна. Тухайн үед би өөрийнхөө хоолойг хумсаараа зүсээгүй. Энэ бол эрүүл хүний ухаанд байж боломгүй, хүнийг гүтгэхэд бэрх асуудал. Би дахиад ял шийтгэгдэх гээд зогсож байгаадаа гутарсан. Үүнээсээ болоод би өөрийнхөө хоолойг бриткээр зүссэн маань үнэн. Костюм өмссөн нэг залуу намайг хоолойгоо юугаар зүссэн бэ гэж асуухаар нь би диваажинд байцаалтаа үргэлжлүүлээрэй гэж хэлсэн нь үнэн. Намайг асуусан асуултанд хариулахгүй болохоор эмчээс асуухад цагдаа хумсаараа зүссэн юм биш үү гэж хариулсан. Эмч өөдөөс нь гайхаж хараад яаж ч бодсон тэгш хэлбэртэй хумсаар өөрийгөө зүснэ гэж байх гэж хэлсэн. Миний баруун гарт өөрийнхөө хоолойг зүссэн хар бритк байсан. Би уг бриткийг ийш тийш нь шидээгүй, 3 цагдаа орж ирээд намайг хүчээр хойш нь дарж, сандал дээр суулгасан. Ямар ч байсан би долоовор дунд хуруу хоёрын хооронд хавчуулчихсан байсан. Надад булзайруулах, бусад руу нялзаах ямар ч шаардлага, шалтгаан байхгүй. Би хийсэн хэргийнхээ төлөө хариуцлага хүлээх нь үнэн. Намайг энэ хүн бага насаа асрамжийн газарт өнгөрүүлсэн, удаа дараа ял шийтгэгдэж, чанга, онцгой дэглэмтэй хорих ангид ял эдэлж байсан гэдэг утгаар нь яллаж байна. Би өөрийнхөө төлөө өөрөө л тэмцэнэ тийм ч болохоор 11 хоног өлсгөлөн зарласан. Би хангалттай гэмшиж, шаналсан. Одоо дахиад бусдад 900.000 төгрөгийн хохирол учруулчихаад 9 жил юм уу 90 жил ч юм уу яллагдах гээд зогсож байна. Хэдийгээр би ингээд ял шийтгэгдэх гээд зогсож байгаа ч хувь хүнийхээ мөн чанараар үнэн зөв, шударгыг эрхэмлэж явдаг. Өнөөдөр хүнийг хуулийн нэр доор ямар нэгэн байдлаар хүний эрх зүйн байдлыг нь дордуулж болохгүй. Намайг “чамайг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцох үндэслэл нь эрүүгийн хуульд байна” гэж 2016.11.29-ний өдөр өлсгөлөсөн зарласан 11 дэх хоног дээр ирж хэлж байсан. Би ямар ч нэр хүндгүйгээр өлсгөлөн зарлах гэж өөрийнхөө биеийг хохироосонгүй. Би хамгийн эхний арга хэмжээгээ авч байна. Өөрөөр яаж би тэмцэх ёстой байсан юм. Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсгийг өөрөөр зүйлчлэх боломж прокурот байсан байх. Баянбилэг гэх мөрдөн байцаагч 2016.6 дугаар сард Бархасаа чиний зүйл анги Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх болох гээд байна яах вэ гэж хэлэхэд нь би уурласан. Батлагдсан зүйлийг чи яаж ч чадахгүй гэж надад хэлсэн. Би хорих ангид байх хугацаандаа хүний өргөдлийг бичиж өгдөг байсан. Би өөрөө өөрийнхөө холбогдсон хэргийн талаар гомдол бичиж байгаагүй. Яагаад гэвэл би хэрэг хийсэн учраас хилс хэрэгт яллагдаж байгаа юм шиг асуудалд хандахыг хүсээгүй. Хүн хэлээрээ мал хөлөөрөө гэдэг зүйр үг шиг прокурорт надтай ирж уулзсангүй гэж өргөдөл, гомдол бичиж байгаагүй. Байцаагчид ямар нэгэн байдлаар асуудлыг нялзааж байгаагүй байхад мөрдөн байцаагч болон прокурор миний эрх зүйн байдлыг дордуулж Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсгээр ял сонсгож байна. Би оргож, зугтаж явж байсан нь үнэн. Эрүүгийн төлөөлөгч нар намайг барьж авсан ба намайг хэргээ 2016.2.7-ны өдөр хүлээчихээд байхад дахиад хэрэг байна уу, чи өмнө нь гяндан, онцгой дэглэмтэй хорих ангид ял эдэлж байсан байна. Чамайг тавьж явуулна гэж байхгүй, чамд хүлээгээгүй хэрэг байна гэж хэлж байсан. Би орон байрны хулгайч биш, би халаасны хулгайч биш, мэргэжлийн дээрэмчин, сэтгэл хөдлөлгүйгээр хүн алдаг, сэтгэл хөдлөлгүйгээр онц хэрцгий гэмт хэрэг үйлддэг хүн би биш. Би зүгээр л амьдрахын эрхэнд сэтгэл санаа, нийгмийн цочиролд өртсөн учраас ийм гэмт хэрэг хийсэн. Надад нийгмээс хандах туслалцаа байгаагүй, өөрийгөө нийгэмд яаж авч явах вэ гэдэг мэдлэг, мэдээлэл тун хомс байсан учраас ийм байдалд хүрсэн минь үнэн,  миний буруу байгаа. Надад хэрэг тулгах гээд зориулалтын бус газар паарнаас гавлаад цагдаа нар намайг доромжлоод байж байхад гавыг нь мулт татаад шөнийн 4 цагт зугтаасан. Өвлийн хүйтэнд би гүүрний доор хонодог байсан. Зугтаж явж байхад орон гэр байхгүй, ээж, эгч, дүү нар дээрээ очвол цагдаа нар хүлээж байгааг мэдэж байсан. Тийм болохоор орцонд орж дулаацахаас өөр сонголт надад байгаагүй. Намайг орцонд дулаацаад зогсож байхад доороос өгссөн. Буцаж буухдаа миний дүү эгчдээ нэг зүйл өргөөд ороод өгөөч гэж хэлэхээр нь хамт бууж, багажнаас нь хайрцагтай бууз, тал шуудай махыг нь оруулж өгөөд гэрээс нь гарах гэхэд дээл нөмөрсөн нэг өвгөн намайг миний хүү цай ууж, идээ амсаад гар баяр ёслол болж байна гэж хэлсэн. Намайг цай амсаад сууж байхад миний утас дуугарсан. Миний найз над дээр хүрээд ир, бага зэрэг нойр авчих гэж дуудсан. Би 2-3 цаг унтаад авъя гэж бодоод яараад тэр айлаас гарсан. Гэрээс гарахдаа өөрийнхөө авч явж байсан жижиг цүнхээ үлдээсэн гэдгээ 300-400 метр зайтай явчихаад санасан. 3 адилхан байрны аль орцноос гарснаа санахгүй байсан. Би 2 билүү 3 давхарын айлын хаалгыг тогшиход жоохон эрэгтэй, эмэгтэй хоёр хүүхэд хаалга онгойлгоход нь би айл андуурсан гэдгээ мэдсэн. Би танайд хэн байгаа вэ гэж асуухад эгч унтаж байгаа гэж хэлсэн. Би буйдан дээр байсан цүнхийг нь аваад гаръя гэж бодсон. Би дахиад танайд хэн байгаа вэ гэхэд эгч унтаж байгаа, очоод сэрээчих үү гэхээр нь би чимээгүй бай, өөрийнхөө юмыг авчихаад гаръя гэхэд та юу авах гэж байгаа юм бэ гэхээр нь би танай аав чинь надад өртэй гэж хэлсэн. Надад хулгайн үйлдэл хийх зорилго байсан. Цүнхийг аваад гарахад хоёр жоохон хүүхэд уйлж, чимээ гаргах байх гэж бодоод ванны өрөө рүү оруулах гэхэд орохгүй байсан. Тэгэхээр нь аав чинь саван аваад ир гэж хэлсэн тийм болохоор саван аваад ир гэж хэлсэн. Охины нүднээс нь нулимс гарах гээд байхаар нь би савангаа аваад ир гэж хэлсэн. Намайг цүнхийг авч байхыг хоёр жоохон хүүхэд харсан. Тэгэхээр нь би чимээгүй байгаарай, хохино шүү гэж хэлээд гараад зугтаасан. 9 настай Төгөлдөр, Наранзаяа нар нь үйл явдлыг мэдрэх чадвартайгаар мэдүүлэг өгсөн байдаг. Би энэ үйлдлийг хулгайн шинжтэй үйлдэл гэж үзэхгүй байна…” гэв.

Шүүгдэгч И.Бархас нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Би 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр суллагдсан түүнээс хойш эгч Оюунтүлхүүрийнхээ гэрт амьдардаг байсан. 2016 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 17 цагийн үед хуучин найз Мөнхбадрах гэх хүнийг хайгаад Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 57 дугаар байрны нэг орц руу ороод 4 давхарт гараад нэг айлын хаалгыг тогшоод Мөнхбадрах гэдэг хүн байдаг уу гэж асуухад нэг жаахан бацаан хаалгаа шууд онгойлгоод энд тийм хүн байдаггүй гэж хэлсэн, тэгэхээр нь би тэгвэл гар утсаараа нэг яриулаач гэхэд тэр өгөхгүй байхаар нь би шууд гэрт нь ороод том өрөө рүү нь ороод нэг пүүз байхаар нь аваад тэр хүүхдийг "Ахдаа чи мөнгө өгчих" гэж хэлсэн ахаа надад байгаа мөнгө нь энэ л байна гээд хэтэвчтэй 50 орчим мянган төгрөг надад өгөөд авдар руугаа хараад байхаар нь би энэ авдран дотор чинь юу байгаа юм гэтэл тэр бацаан аав, ээж хоёрын юм байгаа гэж хэлсэн. Тэгээд том өрөөнд байсан авдарын цоожийг алхаар цохиж байтал компьютерын гараар намайг цохисон, яаж байгаа юм бээ гээд гар утасны цэнэглэгчээр гарыг нь хүлээд авдарыг нь цохиж онгойлгоод ухсан, тэр дотроос мөнгө олдоогүй, тэгж байтал тэр хүүхдийн ах нь гаднаас орж ирээд “чи юу хийж байгаа юм” гэтэл “миний шунал хөдлөөд авчихлаа уучлаарай” гэж хэлээд буцаагаад юмыг нь өгсөн. Тэр залуу намайг гаргаж явуулахгүй гэхээр нь би тэр залуутай барьцалдаж авсан. Гаднаас удаагүй нэг ах орж ирээд намайг заамдаж аваад хөлнөөс бариад авсан. Тэгээд би тэр хүнтэй зууралдангаа орц руу гарсан. Тэр хүн хөөе туслаарай л гээд байсан, тэр үед дээрээс нэг хүн ирээд тэгээд удаагүй цагдаа нар ирсэн, ...би тэр айл руу ороод хүүхдийн гарт нь байсан гар утсыг хараад шунал хөдлөөд утсыг нь авах гэж гэрт нь ороод гэрээс нь пүүз, 50000 төгрөгийг аваад хүүхдийн гарыг нь хүлсэн...2016 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 103 дугаар байрны 54 тоот энэ айлын хаалгыг тогшсон, нэг жаахан хүүхэд хаалга онгойлгохоор нь би шууд хаалгыг нь түлхээд гэрт нь яваад ортол нөгөө 2 хүүхэд манай эгч цаад өрөөнд байгаа гэж хэлсэн, би цүнх байхаар нь аваад гараад гүйчихсэн. Эмэгтэй хүний жижгэвтэр саарал цүнх байсан, цүнхэн дотор эмэгтэй хүний юбка, нимгэн цамц, бичиг баримтууд, түрийвчтэй 36000 төгрөг байсан, би мөнгийг нь аваад бусдыг нь Баянмонгол хорооллын орчим цүнхтэй нь үлдээгээд явсан...2016 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 45 дугаар сургуулийн орчим 4-5 хүүхдийг айлган сүрдүүлж гар утсыг нь авсан. Би энэ хэргийг орой 19-20 цагийн орчимд үйлдсэн санагдаж байна. Тэгээд 45 дугаар сургуулийн орчим 4-5 хүүхэд зогсож байхаар нь хүүхдүүд дээр очоод та нар эндээс холдоод хэрэггүй бид нар олуулаа яваа, та нарыг хүний наймаанд авч явна шүү гэж айлгаад 2 ширхэг айфоне маркийн гар утас, 1 ширхэг хар өнгийн бугуйн цаг зэргийг дээрэмдэн аваад тэгээд би тэр 4 хүүхдийг цэцэрлэгийн хашаанд үлдээгээд явчихаад ирнэ гэж хэлчихээд цаашаагаа явчихсан. Нэг гар утсыг нь халаасандаа хийж яваад алга болгосон, нөгөө цагийг нь яаснаа санахгүй байна. Нөгөө 3 ширхэг гар утас нь байгаа гэсэн мэдүүлэг /1 хх 143-155, 156-157 дугаар хуудас/,

 

    Насан хүрээгүй хохирогч Т.Тэргэл мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "... 2016 оны 02 дугаар сарын 06-ны орой 18 цагийн орчимд ангийн хүүхдүүдийн хамт 45 дугаар сургуулийн ард байрлах тоглоомын талбайн голд саравчинд сууж байтал танихгүй эрэгтэй хүн бид нар дээр ирээд "Юу хийж байгаа юм бээ, явцгаа манай хүмүүс цугларах гээд байна" гэсэн. Тэгэхэд бид нар есүүлээ байсан ба Мөнхсүлд, Гантулга, Анхбаяр, Батцэнгэл нарыг явуулсан, Билгүүн, Хүслэн, Баярхүү, Төрмөнх бид тавыг үлдээгээд "Та нарыг би автобусны буудал дөхүүлээд өгье" гээд дагуулаад сургуулийн хойно байх залгаа гражны хажууд очоод сууж бай гэсэн. Тэгээд тэр танихгүй залуу өөрийгөө Луу Хангай гэж танилцуулаад “та нар утаснуудаа гаргаад ир хэд хоног гэрээсээ гарч болохгүй, та нарын утсанд жи пи эс байдаг юм тэрүүгээр та нарыг хайгаад олчихно, тэгээд бас мөнгөнүүдээ гаргаад ир, гээд мөн та нар 20 минут болоод намайг ирэхгүй бол яваарай” гэж хэлээд бид тавын гар утаснууд болон, цаг бэлнээр 15000 төгрөгийг аваад явсан. Тэр хүн бид нарыг "хүний наймаанд авч явна" гээд бид тавыг сөгдүүлж суулгаад "би бол мафийн гишүүн байна, та нар миний үгэнд орохгүй бол та нарыг авч явна гэх зэргээр айлгаад байсан, гар утаснуудаа гаргаад ир гэсэн тэгээд гар утаснуудаа гаргаад иртэл, одоо унтраа гэсэн ба кодоо хэл гээд тэгээд бид нараас авсан, тэр хүн намайг мөр, нуруу руу гараараа 3-4 удаа цохьсон. Асуултанд хариулахгүй байна гээд л байсан. Тэр хүн халзан толгойтой, зүүн чихэндээ ээмэг зүүсэн, дугуй царайтай, 170 см орчим өндөртэй, 30 орчим насны эрэгтэй байсан..." гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 22-23 дугаар хуудас/,

 

      Насанд хүрээгүй хохирогч А.Баярхүү мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "... 2016 оны 02 дугаар сарын 06-ны орой 18 цагийн орчимд ангийн хүүхдүүдийн хамт 45 дугаар сургуулийн ард байх тоглоомын талбайн голд саравчинд арвуулаа сууж байсан. Тэгээд сууж байтал танихгүй эрэгтэй хүн бид нар дээр ирээд бид нарыг “хаашаа явдаг вэ” гэсэн. Тэгээд бид арваас 5 хүүхэд нь Хайлааст руу явна гэтэл Гантулга, Батцэнгэл, Анхбаяр, Мөнхсүлд нарыг яв гэсэн. Тэгтэл тэр танихгүй хүн бид нарт энэ хавийн газрыг хамгаалалтанд авчихсан байгаа гэж хэлээд Тэргэл, Төрмөнх, Хүслэн, Билгүүн бид тавыг дагуулаад гэр рүү чинь дөхүүлээд өгье гэж хэлсэнээ бид нарыг 45 дугаар сургуулийн хойно байх гражны хажууд авчраад өвдөглөж суулгаад “та нарыг хүний наймаанд авч явна” гэх зэргээр сүрдүүлсэн. Тэгээд бид нарыг "Гар утаснуудаа гаргаад ир" гээд бид нар гар утсаа гаргаад иртэл утсыг аваад “та нар наанаа 20 минут сууж байгаад яваарай” гэж хэлснээ мөн Тэргэлийн бугуйнд байсан цагийг аваад Тэргэлээс 7000 төгрөг, надаас 3000 төгрөг, Билгүүнээс 5000 орчим мянган төгрөг нийт 15000 төгрөгийг аваад явсан. Тэргэлийн нуруу руу 2 удаа цохьсон, намайг нэг удаа эрүү рүү цохисон. Халзан толгойтой, зүүн чихэндээ ээмэгтэй байсан, гомдол саналгүй, хэргийн материалтай танилцахгүй..." гэсэн мэдүүлэг /1 хх 25-26 дугаар хуудас/,

 

    Насанд хүрээгүй хохирогч О.Хүслэн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...2016 оны 02 дугаар сарын 06-ны орой 18 цагийн орчимд ангийн хүүхдүүдийн хамт 45 дугаар сургуулийн ард байх тоглоомын талбайн голд саравчинд арвуулаа сууж байсан. Би Анхбаярын хамт анги руу буцаж ороод гар утасны цэнэглэгчээ аваад буцаад найзууд дээрээ иртэл танихгүй нэг эрэгтэй манай найзуудтай юм яриад зогсож байсан. Тэгээд тэр хүн манай найзуудаас таван хүүхдийг явуулаад Баярхүү, Тэргэл, Төрмөнх, Билгүүн, бид тав үлдсэн. Тэгтэл тэр ах бид тавыг дагуулаад сургуулийн ард байрлах гражнуудын ард аваачаад бид нарт "Би мафид ажилладаг, намайг Луу Хангай гэдэг та тавын 2 хүүхдийг авч явна, эсвэл тавууланг чинь аваад явна" гэх зэргээр биднийг айлгаад тэгсэнээ Тэргэл, Баярхүү хоёрыг нуруу орчим руу цохисон. Дараа нь бид нарыг “гар утсаа гаргаад ир” гэхээр нь бид нар бүгд гар утаснуудаа гаргаад иртэл бид нарын утаснуудыг авсанаа “мөнгө байна уу гаргаад ир” гээд тэгээд бид нарт байсан нийт мөнгийг нийлүүлээд 15000 төгрөгийг тэр ахад өгсөн. Тэгээд бид нарыг өвдөглөж суулгаад “15 минутын дараа би ирнэ намайг ирэхгүй бол та нар яваарай” гээд бид нарын гар утсыг аваад явсан. 30 орчим насны эрэгтэй, халзан толгойтой хүн байсан, гомдол, саналгүй шүүх хуралд суухгүй..." гэсэн мэдүүлэг /1 хх 28 дугаар хуудас/,

 

Насанд хүрээгүй хохирогч Б.Билгүүн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...Би 2016 оны 02 дугаар сарын 05-ны орой ангидаа их цэвэрлэгээ хийгээд 19 цагийн орчим санагдаж байна сургуулиас гараад сургуулийн ард байх тоглоомын талбайн голд саравчинд ороод сууж байтал шардуу царайтай, намхавтар, жижигдүү биетэй, халзан толгойтой 30 орчим насны танихгүй эрэгтэй хүн ирээд "Та нар энд юу хийгээд байгаа юм бээ явцгаа" гэхээр нь "Бид нар явлаа " гээд явах гэтэл тэр ах та нар хаана амьдардаг юм бээ би цагдаа нартай хамтарч ажилладаг, гэхдээ хуулиас гадуур энд нэг чухал хүнийг тосож авах ёстой юм.Тэгээд бид нар явлаа гэхэд байж бай гэснээ “энд ойрхон гэртэй нь хэн бээ” гэж асуусан бид нар бүгд гэрийнхээ хаягыг хэлтэл Мөнхсүлд, Гантулга, Батцэнгэл, Анхбаяр нарыг явуулаад Төрмөнх, Баярхүү, Тэргэл, Хүслэн бид тавыг үлдээгээд "Та нарыг дөхүүлж өгье" гээд хамт явцгаасан. Сургуулиас хойшоо нэлээд яваад байрны хажууд байсан гражнуудын хажууд харанхуй газар аваачаад “та нарын гар утаснуудыг шалгах хэрэгтэй байна, гар утаснуудаа гаргаад ир” гэсэн. Тэгээд “гар утаснуудыг өг” гээд аваад сим картуудыг нь салгуулсан, мөн бид нарын халаасанд байгаа мөнгөнүүдээ өг гэж хэлсэн. “Та нарыг хүний наймаанд авч явна, та нар мафи гэж сонссон уу бид нар бол хүн алчихаад ямарч хэрэг хүлээхгүй гарч ирж чадна” гэх зэргээр биднийг айлгаад байсан. Тэгснээ “наанаа сууж бай, 20 минутын дараа та нарыг ирж авна” гээд бидний гар утас мөнгийг аваад явсан. Бид нарыг гар утаснуудаа гаргаад ир гэж хэлхээр нь гар утаснуудаа гаргаад иртэл бүгдийнх нь утаснуудын сим картын салгуулаад гар утаснуудаа аваад ир гээд биднээс авсан, Тэргэлээс 7000 төгрөг, Баярхүүгээс 2000 төгрөг, надаас 4000 төгрөг аваад явсан. Тэргэлийг чи яасан зэвүүн хардаг хүүхэд вээ чи ёр нь хөдөлгөөнтэй хүүхэд байх гэснээ цохисноо миний цохилт орохгүй байна уу манай ах энэнээс аймар цохьдог юм шүү гэснээ Баярхүүг бас нуруу руу нь цохиод байсан, гомдол санал байхгүй, шүүх хуралд суухгүй ..." гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 30 дугаар хуудас/,

 

     Насанд хүрээгүй хохирогч М.Төгөлдөр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "... 2016 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хаалга хүн тогшсон, тэгэхээр нь би очоод “хэн бэ” гэж асуусан, нэг эрэгтэй хүн "агаа нь байна" гэж хариулахаар нь ах юм болов уу гэж бодоод хаалгаа тайлсан, гэтэл өөр нэг ах байсан, тэр ах “хажуу айлд энэ дугаарыг өгчихөөрэй” гээд шууд манай гэрт ороод ирсэн.Тэгэхээр нь би тэр ахад “үүднээс өгчих” гэж хэлсэн, тэгтэл тэр ах намайг шууд том өрөө рүү оруулаад дуугуй байгаарай 2 нүдийг чинь сохлоно шүү, юмаа зааж өгөхгүй бол ална шүү, уяа байна уу, гэж надаас асуухаар нь би мэдэхгүй гэж хэлсэн, тэр үед тэр ах миний ширээн дээр байсан компьютерын цэнэглэгчийг аваад миний гарыг хүлсэн, тэгээд цаашаа хар, юмаа хаана байгааг хэл гээд тулгаад байсан би хэлэхгүй гээд гүрийгээд байсан. Тэгсэн тэр ах шууд шкаф онгойлгоод дараа нь шүүгээ онгойлгоод байсан бас ээжийн гоёл чимэглэлийн хайрцагийг онгойлгоод дотор нь байсан зүйлүүдийг авсан, тэгээд  манай авдарыг өшиглөөд онгойхгүй байхаар нь “алх чинь хаана байгаа юм хэл хэлэхгүй бол цохино шүү” гэж хэлсэн тэгэхээр нь би алх угаалгын өрөөнд байгаа гэж хэлсэн. Тэгээд тэр ах манай жижиг өрөө рүү ороод “ахын чинь гоё пүүз байна уу, том цүнх байна уу” гээд байсан. Тэгээд жижиг өрөөнд байсан ахын цуглуулж байсан 40.000 төгрөг, зөөврийн компьютерийг аваад "Хурдхан шиг салья мөнгөө хаана байгааг хэл" гээд байсан. Тэгээд том өрөө рүү орж ирж алхаараа авдарны цоожийг цохиж эвдэлж онгойлгоод дотор нь байсан баахан зүйлийг үзээд байсан, мөн ээжийн хар өнгөтэй цүнхийг ухаад байсан, тэр үед манай агаа гаднаас түлхүүрдэж орж ирээд тэр ахыг барьсан, гомдол саналгүй, шүүх эмнэлэгт үзүүлэхгүй..." гэсэн мэдүүлэг /1 хх 50 дугаар хуудас/,

 

Насанд хүрээгүй хохирогч С.Золжаргал мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...Энэ өдөр гэрээсээ гараад 16 цагийн үед ирэхэд том охин Наранзаяа болон миний дүү Бадамгарав нарыг манай гэрт байхад нь үл таних эрэгтэй хүн аавын чинь найз байна гэж хэлээд гэрт орж манай гэрээс Бадамгаравын гар цүнх, миний 2012 онд их дэлгүүрээс 250.000 төгрөгөөр худалдан авч байсан номин цэнхэр өнгийн дөрвөлжин шигтгээтэй монетэн бөгж болон “шанел” нэртэй 125 мл эмэгтэй хүний 200.000 төгрөгийн үнэртэй ус зэргийг аваад явсан байсан. 200.000 төгрөгийн хохирол учирсан нэхэмжилнэ...." гэсэн мэдүүлэг /1 хх 76 дугаар хуудас/,

 

     Хохирогч Б.Бадамгарав мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...2016 оны 02 дугаар сарын 10-ны өдөр би гэртээ 9 настай Наранзаяа, 5 настай Билгүүн, 2 настай Энхтэмүүлэн нарын хамт байж байгаад 2 настай дүүгээ унтуулах гээд хойд талын өрөөнд хэвтэж байхад хаалга дуугарсан гэсэн. Тэгээд манай 9 настай дүү Наранзаяа хаалгыг тайлахад саарал өнгийн куртка, юүдэнтэй цамцтай, гоёлын шилтэй 25-30 орчим насны залуу орж ирээд "Аавын чинь найз нь байна. Аав ээж чинь байна уу" гэхээр нь манай дүү Наранзаяа байхгүй гэтэл “том хүн байна уу” гэж асуухад "Байгаа, манай эгч унтаж байна" гэхэд тэр хүн "Аав чинь саван аваад ирээ гэж байна" гэж хэлэхэд манай хоёр дүү угаалгын өрөө рүү зэрэгцээд яваад орох хойгуур зурагтны суурин дээр байсан миний эгч Золжаргалын монетэн бөгж, Наранзаяагийн гар утсан цаг, том өрөөний буйдан дээр байсан миний цүнх зэргийг аваад явсан байсан. Цүнхэнд биет 235.000 төгрөг, жолооны үнэмлэх, иргэний үнэмлэх, ажлын түлхүүрүүд, ажлын үнэмлэх, цагаан өнгийн эмэгтэй хүний шинэ дээл, хар өнгийн юбка, сэлфиний гар, бор өнгийн хэтэвч зэрэг байсан. Дээр үнэлсэн зүйлсээсээ бусад зүйлийг үнэлэхгүй. Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралд оролцохгүй..." гэсэн мэдүүлэг /1 хх 72-74 дүгээр хуудас/,

 

     Хохирогч М.Мөнх-Ананд мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "... 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 17 цагийн үед хичээлээ тараад сургуулиасаа ангийн хүүхэд Бат-Эрдэнэтэй хамт гараад гэр рүүгээ харихаар Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Орос 3 дугаар сургуулийн урдуур гараад чигээрээ алхаж байгаад баруун өнцөгт байх дэлгүүрт орж 1 ширхэг пирошки худалдаж аваад үүдэнд нь идээд зогсож байтал нэг танихгүй ах ирээд "23 дугаар байр хаана байдаг вэ" гэж асуусан, би мэдэхгүй гээд зайгаа бариад, дахиад над дээр ирээд "23 дугаар байр хаана байдаг юм бээ хэлээд өгөөч" гэхээр нь "би мэдэхгүй, энэ хавьд амьдардаггүй, та өөр хүмүүсээс асуучих" гэсэн чинь "харин хүмүүс хэлж өгөхгүй байна" гэж хэлээд "тэр мөн үү" гэх зэргээр надаас асуугаад дагуулж явсаар 160 дугаар цэцэрлэгийн хашаан дотор оруулсан юм. Тэр үед би “явлаа” гэсэн чинь “далчигнаад байгаарай, утсаа гаргаад ир, би атаман байна чамд мөнгө байна уу” гэхээр нь би айгаад 2000-3000 төгрөг л байгаа гэсэн чинь тэр ах “чамд хэлсэнээс чинь илүү мөнгө байвал ална шүү” гэж хэлээд түлхэж унагаад газар хэвтсэн байхад миний толгой, бие хэсэг рүү хэд хэдэн удаа цохиод цүнхийг минь аваад дотор нь байсан 2000 төгрөг, гар утсыг минь авангуутаа гар утасны гэр, симийг салгаж надад буцааж өгсөн. Тэгээд алгадаад “хэлвэл ална шүү, гэрийг чинь мэднэ, тосож байгаад чамайг барьж авна, би машинтай олуулаа явж байгаа шүү" гэж хэлээд дагуулаад цэцэрлэгийн гадна талд байдаг аваарын шат руу гараад сууж байгаад “30 минутын дараа яваарай, тэгэхгүй бол чамайг олж очоод ална шүү” гэж хэлээд гүйгээд яваад өгсөн. Тэр үед би айгаад тэр аваарын шатан дээр очоод хэсэг сууж байгаад гэрлүүгээ хариад эмээдээ хэлсэн. Миний алдсан гар утас самсунг галакси эс-3 маркийн гар утас байсан ба 2013 оны 01 дүгээр сард 800.000 төгрөгөөр худалдан авч хэрэглэж байгаад 2014 оны 1 сарын үед надад өгсөн, одоо гар утсаа 200.000 төгрөгөөр үнэлж байна, шүүх хуралд оролцохгүй ...гэсэн мэдүүлэг /1 хх 119-120 дугаар хуудас/,

 

Гэрч М.Цэрэннадмид мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...2016 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 14 цагийн үед гэртээ өөрийн дүү Төгөлдөрийг ганцааранг нь орхиод хаалгаа дараад хаагаад эмчилгээндээ явсан, тэгээд удаагүй 16 цагийн үед гэрийнхээ хаалгыг түлхүүрдээд ортол манай гэрт нэг танихгүй намхан халзан хүн орцон, миний дүү Төгөлдөрийн гарыг нь хүлсэн байсан, тэр залуу намайг хаалгаа онгойлгохыг сонсоод л гэрийн үүдэнд хүрээд ирсэн. Тэгэхээр нь би тэр залууг заамдаж аваад том өрөө рүү хамт орсон, манай том өрөө эмх замбараагүй, авдар онгорхой, бүх зүйлийг онгичсон байсан, тэр залуу надаас юм гуйгаад л байсан, ардаа амьдралтай шүү гээд л байсан, би тэр залууд "үгүй" гэж хэлээд орцныхоо жижүүр ах Энхболд руу залгасан, удаагүй Энхболд ах манай гэрт орж ирээд тэр залууг хамт барьсан, тэгсэн тэр залуу зугтаах гэж оролдсон, Энхболд ах бид хоёр араас нь гүйж гараад орцонд барьж авсан, тэр үед би аав руугаа залгахад аавын нэг найз болох 1 дүгээр орцонд байдаг Галаа ах бид 3 тэр залууг барьж аваад цагдаад дуудлага өгсөн. Намайг оронгуут том өрөөнөөс үүдний өрөө рүү сандарсан байдалтай гараад ирсэн, миний дүү Төгөлдөрийн гарыг хүлсэн, Төгөлдөр уйлсан байсан. Тэр залуу “бид нар олуулаа шүү дуугарвал нүдийг чинь сохлоно шүү” гэж айлган сүрдүүлж байсан. Тэр залуу миний цүнхэнд миний 2 ширхэг пүүз, 4-5 ширхэг бугуйн цаг, зөөврийн компьютер, цуглуулж байсан 40-50 орчим мянган төгрөг зэрэг зүйлсийг цүнхлээд авч гарахад бэлдсэн байсан..." гэсэн мэдүүлэг /1 хх 44-46 дугаар хуудас/,

 

       Гэрч Ц.Энхболд мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...2016 оны 02 дугаар сарын 07-ны өдөр би 57 дугаар байрны 4 дүгээр орцны үүдэн дээр машинаа угаагаад зогсож байтал манай байрны 114 тоотод оршин суугч Мөнхням над руу залгаад “Энхболд ахаа манай гэрт хулгай орсон байна та манай гэр рүү ороотохдоо Цэрэннадмид надруу залгаад байна гэж хэлэхээр нь би шууд гүйгээд орц руугаа ороод 2 давхарт 114 тоот үүдэнд очиход хаалга нь онгорхой байсан. Яваад ортол үүдний коридорт нэг танихгүй халзан толгойтой 25 орчим насны хар куртка, хар өмдтэй залуу Мөнхнямын хүү Цэрэннадмидтай ноцолдоод зогсож байсан, би тэгэхээр нь "Юун хүн бээ яагаад ороод ирсэн юм" гэхэд тэр залуу "Ахаа уучлаарай" гээд, би явлаа намайг явуулчих гээд байсан, тэр залуугийн хөлс нь гоожсон Цэрэннадмидтай зууралцсан зогсож байсан, намайг ороход надтай хамт зууралдаад, Төгөлдөр уйлчихсан чичирсэн байсан, гарын хүлээсийг нь тайлсан байсан, шүүх эмнэлэгт үзүүлэхгүй...” гэсэн мэдүүлэг /1 хх 48-49, 51 дүгээр хуудас /,

 

       Насанд хүрээгүй гэрч Д.Наранзаяа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "... 2016 оны 02 дугаар сарын 10-ны өдөр гэртээ эгч Бадамгарав, дүү Билгүүн, Энхтэмүүлэн нарын хамт байж байхад манай хаалгыг тогшсон, би тэгэхээр нь аав ээжийгээ ирж байна гэж бодоод хаалгаа онгойлгоод өгтөл нэг эрэгтэй хүн "Том хүн байна уу" гэж асуусан, би байгаа гэхэд хаана байна гэж асуусан, би тэгэхээр нь "Эгч, дүү 2 унтаж байгаа" гэхэд тэр хүн манай гэрт орж ирээд "Аавын чинь найз байна" гээд том өрөөнд ороод ханын стенкийг онгойлгоод юмнууд авч үзэж байгаад Бадамгарав эгчийн цүнхийг аваад энэ юу юм гэхээр нь би эгчийн цүнх гэтэл ахын дүү яваад савангаа аваад ир гэхээр нь савангаа аваад ирэхэд тэр хүн эгчийн цүнхийг аваад миний өгсөн саванг аваад гараад явсан. Ногоон өнгийн малгайтай цамцтай, хар өнгийн куртиктэй, халзан толгойтой, хар өнгийн даавуун өмд өмссөн байсан. Ханын стенк дээр байсан ээжийн бөгж, эгчийн цүнх зэргийг миний харсанаар авч гарсан.." гэсэн мэдүүлэг /1 хх 77-78 дуггар хуудас/,

 

       Иргэний нэхэмжлэгч Г.Билгүүн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "... өдрийг нь санахгүй байна, ажлын Бадамгараваар дамжуулаад нэг залуугаас самсунг галакси эс-3 загварын гар утсыг 70000 төгрөгөөр худалдан авсан, тэр залуу өөрөө надтай уулзаж мөнгө авсан бөгөөд би гар утсаа хаанаас, хэнээс авсан талаар асуухад Теди төв дээр лангуутай гэж хэлсэн. Тэгээд би саяхан цагдаагийн байгууллагаас тэр хүнийг гэмт хэрэг хийж олсон гар утасаа надад зарсан гэдгийг мэдээд ирж хураалгахаар болсон юм. Тэгээд манай эхнэр тэр утасыг бариад эмнэлэгт хэвтэж байхдаа эргэлтийн хэсэгт сандал дээр тавиад алга болгочихсон. Би эхнэрийн хамт эмнэлэгийн камерыг шүүж үзсэн ч олдоогүй, хохирлын мөнгө төгрөг нэхэмжлэхгүй..." гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 214-215 дугаар хуудас/,

 

       Гэрч Н.Нандин-Эрдэнэ мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "... 2016 оны 1 сард байх яг хэзээ гэдгийг нь санахгүй байна, хамт ажилдаг Бадамгаравт хямдхан гар утас худалдаж авах талаар хэлж байсан бөгөөд Бадамгарав “хямдхан гар утас зарах хүн ирсэн байна, хүрээд ирээч” гэсэн, очиход намхандуу нуруутай залуу ирээд самсунг галакси эс-3 маркийн гар утас үзүүлсэн, гар утсыг би аваагүй Билгүүн авсан. Ихбаяр овогтой Бархас гэдэг хүний иргэний үнэмлэхний лавлагааны зургийг сайн харлаа, энэ хүн Бадамгаравын ажил дээр ирээд самсунг эс-3 загварын гар утас үзүүлсэн хүн мөн байна. Энэ хүн Теди дээр лангуутай гэж хэлсэн..." гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 216 дугаар хуудас/,

 

       Гэрч Б.Бадамгарав мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...2016 оны 01 дүгээр сарын үеэр байх би өөрийн ажил дээрээ байхад гаднаас үл таних шардуу царайтай, залуу ганцаараа орж ирсэн, надаас “хямдхан гар утас авах уу” гэж хэлж байсан, би “одоогоор авахгүй” гэхэд тэр залуу “хэд хоногоос би өөрөө ярья үүнээс өөр хямдхан утаснууд надад олдоно, би өөрөө Теди дээр лангуутай” гэж хэлсэн. Тэр өдрөөс хойш хэд хоног нөгөө залуу над руу залгаад байсан, тэгэхээр нь Билгүүн хямдхан гар утас сонирхоод байсан болхоор нь хэлсэн. Билгүүн, Нандиа хоёр гар утас үзье гэхээр нь тэр залууг дуудсан. Тэр залуу бараг 3 цагийн дараа ирээд надад одоо байгаа нь энэ гар утас байна, бусад гар утаснуудаа зарчихлаа гэж хэлээд цагаан өнгийн самсунг эс-3 маркийн гар утас гаргаж ирж үзүүлсэн бөгөөд тэр гар утсыг Билгүүн үзэж байгаад авсан. Би энэ Ихбаяр овогтой Бархас гэдэг хүний иргэний үнэмлэхний лавлагааны зургийг сайн харлаа, энэ хүн манай ажлын газрын Билгүүнд гар утас зарсан хүн мөн байна..." гэсэн мэдүүлгээр /1 хх-ийн 217 дугаар хуудас/

 

Гэрч Б.Сүхнаран хэрэг бүртгэлтэнд мэдүүлэхдээ: “…шүүгдэгч И.Бархас шүүх хуралдаан эхлээд 37 минут орчимын дараа баруун гарынхаа эрхий хурууны хумсаар хүзүүгээ 2-3 удаа урсан энэ үйлдлийг таслан зогсоож ажилласан. Тэгээд И.Бархасын шүүх хурал хойшилсон. Би шүүх хурал эхлэхээс өмнө 13.40 минутад И.Бархасын биед үзлэг хийж албадан саатуулах байрнаас шүүхийн танхимд оруулсан…” гэсэн мэдүүлэг /2 хх-ийн 194 дүгээр хуудас/,

 

Гэрч Т.Баяртогтох хэрэг бүргэлтэнд мэдүүлэхдээ: “…13.40 минутын үед ахлагч Сүхнаран Бархасын хурал болох гэж байна гээд түр саатуулах байранд орж ирээд биед нь үзлэг хийгээд гарыг нь ард нь гавлаад аваад явсан. Тэгээд хамгаалалтын офицер орж ирээд И.Бархас хоолойгоо зүсчихлээ гэсэн. Тэгээд удалгүй 103-ийн эмч нар ирж оёдол тавьж өгсөн…” гэсэн мэдүүлэг /2 хх-ийн 195 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹02/199 дугаартай шинжээчийн дүгнэлт:

Шинжилгээнд "Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, "Хоум лэйнд хотхоны 103/2-54 тоотод хулгай орсон" гэх бичигтэй гарын мөр бүхий 2 хуудас цаас задгайгаар ирүүлсэн байна.

Шинжилгээнд хэргийн газраас ирүүлж, бэхжүүлж авсан 1,2,7,11,17 дугаартай 5 ширхэг гарын мөр шинжилгээнд тэнцэнэ.

Шинжилгээнд тэнцсэн 1,2,7,17 гэсэн дугаартай мөрүүд нь нэгдсэн санд хадгалагдаж байгаа ММ0000ӨРШ02240 бүртгэлийн дугаартай Ихбаяр овогтрй Бархасын баруун гарын долоовор хуруу, дунд хуруу, ядам хурууны дардастай тус тус тохирч байна гэжээ. /хх-ийн 123-124 дүгээр хуудас/

 

Зураг таньж олуулсан тухай тэмдэглэл, гэрэл зургууд:

Таниулгыг 3 эгнээнд /А.Б.В/ гэж дугаарласан нийт 15 хүний цээж зургийг наасан тэмдэглэлийг эгнээ тус бүрээр нь 1-5 хүртэл дугаарлан бэлтгэв.

Насан хүрээгүй хохирогч М.Мөнх-Ананд бэлтгэсэн зурагнуудыг ажиглаж үзэж байгаад "В" эгнээний 4 дугаартай хүний зургийг зааж "миний гар утсыг авч дээрэмдсэн хүн мөн байна, би энэ хүний зургийг хараад шууд таньж байна..." гэв. М.Мөнх-Анандын заасан "В" эгнээний 4 дугаартай хүний зураг нь Ихбаярын Бархасын зураг байсныг тэмдэглэлд тусгав...” гэжээ /1 хх-ийн 15, 218-219 дүгээр хуудас/

              Шүүх сэтгэц, эмгэг судлалын дүгнэлт: “...Дүгнэлт:

  1. И.Бархас нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байсан байна. Тухайн үед өөрийнхөө хийж буй үйлдлийг зөв ойлгож мэдэж удирдах чадвартай байсан байна.
  2. И.Бархас нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байсан байна.
  3. И.Бархас одоо сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна, хэрэг харицах чадвартай байна.
  4. И.Бархас нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна. И.Бархаст албадан эмчилгээ шаардлагагүй байна.
  5. И.Бархас нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна. Болсон байдлыг зөв тусган авч, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна...” гэжээ /1 хх-ийн 222 дугаар хуудас/

 

            Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийн хяналтын камер К-5-2 үзлэг хийхэд уг камер нь Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 15 дугаар байрны буланг хянаж байх ба үзлэгийг 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 18 цаг 07 минутанд 17 секундэд шүүж үзэхэд 15 дугаар байрны булангаас хохирогч үүргэвч үүрээд гарч ирж байх ба түүний хойноос өндөр, нас тодорхойгүй, бараан өнгийн малгай, хар өнгийн богино куртик өмссөн, баруун хөл нь хазгар эрэгтэй хүн дагаж явж байгаа талаар камерын бичлэгт үлдсэн байна. Цагаан өнгөтэй СД-ийг уншуулахад эхний 8 секундэд дээрхи бичлэгийг давтаж бичсэн үзлэгийн явцад өөр ач холбогдол бүхий зүйл байхгүй байлаа. Бичлэгийг цааш уншуулахад өмнөх бичлэгэн дээр байрны булангаас гарч ирж байсан цайвар өнгийн өмд малгайтай хар өнгийн куртиктэй, хар өнгийн цүнх үүрсэн залуу хохирогч Мөнх-Ананд гэх цайвар өнгийн хувцастай хар өнгийн үүргэвчтэй 14-15 насны хүүхдийг явуулахгүй хориглож байгаа билэг харагдах ба хар өнийн куртик, цайвар өнгийн өмд, малгайтай, хар өнгийн цүнх үүрсэн залуу тонгорч унагаж, дээрээс нь цохиж татаж босгон суулгаж байснаа цүнхийг нь онгойлгож ухаж үзэж байгаа бичлэг бичигдсэн байх бөгөөд хүүхдийг босгож бичлэгийн баруун булан хэсэг рүү дагуулж яваад хашааны хаалгаар оруулах ба тэр залуу нааш цааш алхах бичлэг байна..." гэжээ /1 хх-ийн 92-94 дүгээр хуудас/

 

Эд зүйлийн үнэлгээ /1 дүгээр хх-ийн 11, 69, 105, 212-213 дугаар хуудас/

 

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 5/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1 хх 12-14/,  эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /хх 17,19/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1 хх 34, 59/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 60/, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 62-63/, шүүгдэгч И.Бархасын иргэний үнэмлэхний лавлагаа /1 хх 158/, ял шийтгэл шалгасан хуудас /1 хх 159/, хувийн байдлыг тогтоосон баримтууд /1 хх 185-195/, гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /2 хх 182/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2 хх 183/, хэрэг бүртгэгчийн тэмдэглэл /2 хх 196/, гэрэл зургийн үзүүлэлт /2 хх 200-202/, мдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /2 хх 237-238/ болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Прокуророос шүүгдэгч И.Бархасыг урьд нь дээрэмдэх гэмт хэрэгт ял шийтгүүлж, ялгүйд тооцох хугацаа болоогүй байх үедээ буюу 2016 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, “Home Land”  хотхоны 103 дугаар байрны 54 тоотод бага насны буюу 9 настай Наранзаяа, 5 настай Билгүүн нарын үйл явдлыг мэдрэхгүй, ойлгож мэдэхгүй, илчлэх чадваргүй байдлыг далимдуулан мөн насанд хүрсэн Бадамгаравыг 2 настай Энхтэмүүлэнгийн хамт унтаж байхад нь “аавын чинь найз нь байна, аав чинь саван аваад ирээ гэж байна” гэж гэрт нь орон хохирогч С.Золжаргалын шар өнгийн бөгж, хохирогч Бадамгаравын гар утсан цаг, цүнх, цүнхэнд байсан биет 235.000 төгрөг, жолооны үнэмлэх, иргэний үнэмлэх ажлын түлхүүрнүүд, ажлын үнэмлэх, цагаан өнгийн эмэгтэй хүний шинэ дээл, хар өнгийн юбка, сэлфиний гар, бор өнгийн хэтэвч зэрэг эд зүйлсийг хулгайлан хохирогч С.Золжаргалд 200.000 төгрөг, хохирогч Б.Бадамгаравт 235.000 төгрөг, нийт 535.000 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар өөрчилөн зүйлчилэх үндэслэлтэй гэж үзлээ.

Учир нь шүүгдэгч И.Бархас нь дээрэмдэх гэмт хэрэгт шийтгүүлсэн байхдаа Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, “Home Land”  хотхоны 103 дугаар байрны 54 тоотод хүч түрэмгийлэн орж бага насны Д.Наранзаяа, Билгүүн нарыг айдас түгшүүрт автуулан аливаа үйлдлийг хийлгэж, биет харагдах байдлаараа сэтгэл санааны хүч хэрэглэн тэдгээрийн нүдэн дээр илээр хохирогч С.Золжаргал, хохирогч Б.Бадамгарав нарын эд хөрөнгийг дээрэмдэн авч бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

 

Шүүгдэгч И.Бархас нь дээрэмдэх гэмт хэрэгт шийтгүүлж ялтай байхдаа давтан үйлдлээр

- 2016 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутагт байрлах Ерөнхий боловсролын 45 дугаар сургуулийн гадаа саравчинд насанд хүрээгүй хохирогч Т.Тэргэл, О.Хүслэн, Б.Билгүүн, А.Баярхүү нарыг “Мафийн гишүүн байна, та нар миний үгэнд орохгүй бол та нарыг хүний наймаанд авч явна, гар утаснуудаа гаргаж өг” гэх зэргээр айлган сүрдүүлж, Т.Тэргэл, А.Баярхүү нарыг цохих зэргээр амь биед нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж насанд хүрээгүй хохирогч Т.Тэргэлийн “Айфоне 5” загварын гар утас, “Каран” гэсэн бичиг бүхий бугуйн цаг, бэлнээр 8000 төгрөг, насанд хүрээгүй хохирогч А.Баярхүүгийн “Айфоне 5 эс” загварын гар утас, бэлнээр 3000 төгрөг, насанд хүрээгүй хохирогч О.Хүслэнгийн “Самсунг галакси эс 3” загварын гар утас, бэлнээр 3000 төгрөг, насанд хүрээгүй хохирогч Б.Билгүүний “Самсунг гранд приме” загварын гар утас бэлнээр 4000 төгрөг зэрэг эд хөрөнгийг дээрэмдэж нийт 1.158.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хороо 57-114 тоотод 9 настай М.Төгөлдөрийг гэртээ байх үед нь “Агаа нь байна “ гэж хэлж ороод “... дуугүй байгаарай, 2 нүдийг чинь сохлоно шүү юмаа зааж өгөхгүй бол ална шүү” гэж айлган сүрдүүлж, амь биед нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлэн, эд зүйлээ өгөхгүй хэмээн зууралдахад нь компьютерийн цэнэглэгчээр гарыг нь хүлэн хүч хэрэглэн “Гарнет” загварын хос пүүз, “Айсер” маркын зөөврийн компьютер, “Инвигта” брендийн бугуйн цаг, бэлэн 40.000 төгрөг зэрэг эд хөрөнгийг дээрэмдэж нийт 810.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 160 дугаар цэцэрлэгийн хашаан дотор насанд хүрээгүй иргэн М.Мөнх-Анандыг дагуулж явсаар 160 дугаар цэцэрлэгийн хашаан дотор оруулан “...утсаа гаргаад ир, би атаман байна, чамд мөнгө байна уу?...” хэмээн айлган сүрдүүлж, амь биед нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлэн, түлхэж унаган толгой, бие хэсэгт цохиж хүч хэрэглэн цүнхийг нь авч дотор нь байсан 2000 төгрөг самсунг галакси эс 3 загварын гар утас, зэрэг эд хөрөнгийг дээрэмдэж 142.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, “Home Land”  хотхоны 103 дугаар байрны 54 тоотод хүч түрэмгийлэн орж бага насны Д.Наранзаяа, Билгүүн нарыг айдас түгшүүрт автуулан гэрт нь байсан эд зүйлсийг дураараа үзэж, “аавын чинь найз нь байна, аав чинь саван аваад ирээ гэж байна” гэж Д.Наранзаяа, Билгүүн нараар аливаа үйлдлийг хийлгэж, биет харагдах байдал, үг хэл, үйлдлээрээ сэтгэл санааны хүч хэрэглэн хохирогч С.Золжаргалын шар өнгийн бөгж, хохирогч Б.Бадамгаравын гар утсан цаг, цүнх, цүнхэнд байсан биет 235.000 төгрөг, жолооны үнэмлэх, иргэний үнэмлэх ажлын түлхүүрнүүд, ажлын үнэмлэх, цагаан өнгийн эмэгтэй хүний шинэ дээл, хар өнгийн юбка, сэлфиний гар, бор өнгийн хэтэвч зэрэг эд хөрөнгийг дээрэмдэн авч нийт 545.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус бүрийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлгүүд, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, насанд хүрээгүй хохирогч Т.Тэргэл, А.Баярхүү, О.Хүслэн, Б.Билгүүн, М.Төгөлдөр, М.Мөнх-Ананд, хохирогч Б.Бадамгарав, С.Золжаргал, иргэний нэхэмжлэгч Г.Билгүүн нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд, насанд хүрээгүй гэрч Д.Наранзаяа, гэрч М.Цэрэннадмид, Ц.Энхболд, Н.Нандин-Эрдэнэ, Б.Бадамгарав нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд, ШШҮХ-ийн №02/199 дугаар шинжээчийн дүгнэлт, насанд хүрээгүй хохирогч М.Мөнх-Анандаар зураг таньж олуулсан тухай тэмдэглэл, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ болон хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар,

 

2017 оны 1 дүгээр сарын өдөр 18-ны өдөр 14-15 цагийн хооронд Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн шүүхийн байрны В танхимд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаан явагдаж байх үед шүүгдэгч И.Бархас нь өөрийн хоолойн тус хэсгийг зүсэж, орилж ярьж эмх замбараагүй байдлыг үүсгэн, хуралдаан явагдах боломжгүй нөхцөл байдлыг бий болгож шүүн таслах ажиллагаанд санаатайгаар саад учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлгүүд, гэрч Б.Сүхнаран, Б.Баяртогтох нарын мэдүүлгүүд, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл болон хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл нь тус бүр нотлогдон тогтоогдлоо.

Шүүх шүүгдэгч И.Бархасыг дээрэмдэх гэмт хэрэгт шийтгүүлж ялтай байхдаа давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн заналхийлж довтолж эд хөрөнгийг нь дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар, шүүн таслах ажиллагаанд санаатайгаар саад учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 245 дугаар зүйлийн 245.1 дэх хэсэгт  зааснаар тус тус ял оногдуулж эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Шүүгдэгч И.Бархас нь Баянзүрх дүүргийн шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 08 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар “хүнд” гэмт хэрэгт хорих ял шийтгүүлж, уг ялаа эдэлж 2009 оны 5 дугаар сарын 29-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсаны дараа ялтай байх хугацаандаа дахин Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 67 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар “хүнд” гэмт хэрэгт хорих ял шийтгүүлжээ.

 

Ийнхүү шүүгдэгч И.Бархас нь урд хүнд гэмт хэрэг санаатай үйлдэж хорих ялаар 2 удаа шийтгүүлж, уг ялаа эдэлсний дараа буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.4 дэхь хэсэгт заасан ялтайд тооцогдох хугацаанд дахин “хүнд” гэмт хэрэг санаатай үйлдэж хорих ялаар шийтгүүлж байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгчийг “онц аюултай гэмт хэрэгтэн”-ээр тооцох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүх шүүгдэгч И.Бархаст ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, бага насны хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус харгалзав.

И.Бархас нь эрхэлсэн тодорхой ажилгүй, түүний нэр дээр ямар нэг хөрөнгө байгаа болох нь баримтаар нотлогдон тогтоогдоогүй тул шүүх шүүгдэгчид эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх боломжгүй байна. 

 

Шүүгдэгч И.Бархас нь насанд хүрээгүй хохирогч А.Баярхүү, Б.Билгүүн, О.Хүслэн, М.Төгөлдөр нарын хохирлын эд хөрөнгийг буцаан өгсөныг дурьдаж, харин насанд хүрээгүй хохирогч Т.Тэргэлд 398.000 төгрөг, насанд хүрээгүй хохирогч М.Мөнх-Анандад 142.000 төгрөг, хохирогч С.Золжаргалд 200.000 төгрөг, хохирогч Б.Бадамгаравт 345.000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдөөгүй тул шүүгдэгчээс уг хохирлыг гаргуулж нэр бүхий хохирогч нарт олгохоор шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн цүнх, бор хэтэвч, 20000 төгрөг 2 ширхэг, 100 төгрөг 7 ширхэг, 50 төгрөг 2 ширхэг, 20 төгрөг 13 ширхэг, 10 төгрөг 4 ширхэг, 5 төгрөг 3 ширхэг, түлхүүр 5 ширхэг, шар өнгийн нокиа маркийн гар утас 1 ширхэг, ХААН виза карт 1 ширхэг, хар өнгийн NBA бичигтэй бугуйн цаг, хар өнгийн утасны цэнэглэгч 1 ширхэг зэрэг нь хэрэгт ач холбогдолгүй тул хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгож, бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.

 

Мөн шүүгдэгч И.Бархасын 447 хоног цагдан хоригдсоныг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд  заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Прокуророос шүүгдэгч Ихбаярын Бархаст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2. Боржигон цэмээ овгийн Ихбаярын Бархасыг дээрэмдэх гэмт хэрэгт шийтгүүлж ялтай байхдаа давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж заналхийлэн довтолж бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Мөн Боржигон цэмээ овгийн Ихбаярын Бархасыг шүүн таслах ажиллагаанд санаатайгаар саад учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Шүүгдэгч И.Бархасыг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 7 /долоо/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 245 дугаар зүйлийн 245.1 дэх хэсэгт зааснаар 3 /гурван/ сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар И.Бархаст оногдуулсан 7 /долоо/ жил 06 /зургаа/ сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 245 дугаар зүйлийн 245.1 дэх хэсэгт заасан 3 /гурван/ сарын хугацаагаар баривчлах ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 7 /долоон/ жил 09 /есөн/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Бархасыг “онц аюултай гэмт хэрэгтэн”-ээр тооцсугай.

 6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.7 дахь хэсэгт зааснаар ялтан И.Бархасын эдлэх ялыг онцгой дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.Бархасын цагдан хоригдсон 447 /дөрвөн зуун дөчин долоон/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

8. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 5 ширхэг түлхүүр, хар өнгийн цүнх, бор хэтэвч, хар өнгийн NBA бичигтэй бугуйн цаг, хар өнгийн утасны цэнэглэгч 1 ширхэг, 20000 төгрөг 2 ширхэг, 100 төгрөг 7 ширхэг, 50 төгрөг 2 ширхэг, 20 төгрөг 13 ширхэг, 10 төгрөг 4 ширхэг, 5 төгрөг 3 ширхэг зэргийг И.Бархаст буцаан олгож, 1 ширхэг сидиг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт нь үлдээсүгэй.

            10. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч И.Бархасаас 1.085.000 төгрөгийг гаргуулж хохирогч Т.Тэргэлд 398.000 төгрөг, С.Золжаргалд 200.000 төгрөг, Б.Бадамгаравт 345.000 төгрөг, М.Мөнх-Анандад 142.000 төгрөгийг тус тус олгосугай.

 

11. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч И.Бархаст урд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн эдлэх ялыг тоолсугай.

 

            12. Шийтгэх тогтоолыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт тус тус зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            13.  Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол И.Бархаст авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Б.ДУЛАМСҮРЭН

 

                                         ШҮҮГЧИД                                                Ү.ТҮМЭНЖАРГАЛ

 

    Б.МӨНХ-ЭРДЭНЭ