Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 600

 

 

 

 

 

 

 

 

 

Х.Д-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШШ2019/00215 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Х.Д-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч С.Б-

 

Хашааны үнэ 2 400 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.П

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.З

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон  шүүх  хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Нийслэлийн Засаг даргын захирамжаар 000548994 тоот гэрчилгээтэй гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших зөвшөөрлийг 2015 онд 8 дугаар сарын 18-ны өдрийн А/676/ тоот шийдвэрийн дагуу нэгж талбарын 178013/0052 дугаар бүхий 700 метр кв газрыг 10 жилийн хугацаатай авсан юм. Гэтэл 2018 оны 6-7 дугаар сарын үед С.Б- хэсэг хүмүүсийн хамт уг газар дээр тоглоомын талбай байгуулна гэж очоод миний эзэмшиж буй газраас 50 метр төмөр хашааг буулгаж, ар талын байшингийн урд хурааж орхисноор хашаа хулгайд алдагдсан байна. 50 метрийн урттай 4 метрийн өргөнтэй шургаагаар модоор хүрээлэн хийсэн байсан уг хашааны нийт үнэ 1 900 000 төгрөг, ажлын хөлс 500 000 төгрөг, нийт 2 400 000 төгрөгийн хохирлыг С.Б-” гэжээ.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар  болон  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Д- нь С.Б-т холбогдуулан нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны ажилчдын гудамжны 073 дугаар байр Элит 25 дугаар байр, Эвсэг 16 дугаар байрны дэргэд орших тус хашаа нь 2013 оноос хойш ашиглагдаагүй, хур хог цугласан газар байсан 2013 оноос хойш эзэмшигч Х.П нь огт ашиглаж, газар дээрээ ирж байгаагүй. Мөн оноос хойш хур хог цугласан газрыг цэвэрлэхээр тус хашааны эзнийг тодруулах гэсэн боловч албан ёсны эзэмшигч нь олдохгүй, ирж уулзахгүй байсан тул 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр тус хашааг буулган цэвэрлэгээ хийсэн. Тус газар дахь ногоон байгууламжид хур хог цуглаж, нийтийн эзэмшлийн талбайд тархаж байсан тул зайлшгүй цэвэрлэх шаардлагатай болсон. Үүний улмаас дулааны улиралд эвгүй үнэр гарч, орчныг бохирдуулах, цаашлаад халдварт өвчин гарах магадлал ч үүсээд байсан юм. Иймд цэвэрлэгээг хийхэд тус хорооны иргэдээс маш олон тооны санал хүсэлт удаа дараа ирж, хуваарийн хэсэгчилсэн уулзалт хийж иргэдийн олонхийн саналаар уг хур хогийг цэвэрлэх шийдвэр гаргаж хийсэн юм. Өнгөрсөн хугацаанд уг газрыг эзэмшигч нь газрын тухай хуульд заасны дагуу газраа зориулалтын дагуу 3 жил ашиглаагүй юм. Х.П- гэх хүн Х.Д- тус хашааны эзэмшигч болохыг 2018 оны 10 дугаар сард хэлсэн. Бид тус хашааг газрын тухай хуулийн дагуу чөлөөлөх бус тус газар цугласан хур хогийг цэвэрлэхээр зориулалтын машин оруулах зорилгоор буулгасан бөгөөд тус эзэмшигчийн хашааг эвдэж хохирол учруулаагүй. Тус хашааг одоо тус хорооны иргэн Д.Б хадгалж байгаа бөгөөд эзэмшигчид нь буцаан өгөхөд асуудалгүй юм. Гэтэл нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаарлагад хашааг нь үрэгдүүлсэн мэт төлүүлэх шаардлага гаргасан нь үндэслэлгүй. Мөн нэхэмжлэлийн шаардлагадаа тус хашаагаа 2018 оны 10 дугаар сард хулгайд алдсан гэж дурдсан боловч энэ талаар цагдаагийн байгууллагад мэдээлэл өгсөн юм байдаггүй. Мөн нэхэмжлэлийн шаардлагад хашааны хэмжээг зөрүүтэй дурдсан байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Шүүх:  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч  С.Б-ээс 661 000  төгрөг  гаргуулан нэхэмжлэгч Х.Д-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 739 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дахь хэсэгт зааснаар  нэхэмжлэгч Х.Д-ын  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 53 350 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргаас улсын тэмдэгтийн хураамжид 20 414 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х.Д-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны үндэслэлгүй гэж эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Бид С.Б-ээс иргэн Х.Д-ын хууль ёсны эзэмшлийн газар дахь хашааг буулгаснаас учирсан хохиролд 2 400 000 төгрөг нэхэмжилсэн. Гэтэл Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасан заалтуудыг гэм хорыг арилгах гэсэн заалтыг зөрчиж бидний нэхэмжлэлийн шаардлагын нотлох баримтыг дутуу үнэлж 4 дахин багасгаж 661 000 төгрөгийн хохирлын шийдвэр гаргасан нь хууль зөрчсөн биднийг хохироосон үйлдэл болжээ. Мөн 50 метр урттай хашааны үнэ нэхэмжилсээр байтал 2 тал 26 метр хашаа байсан, барьсан мэтээр эдийн засгийн болоод бидний гаргаж өгсөн нотлох баримтуудыг үгүйсгэн дутуу үнэлж биднийг хохироож байна. Иргэн Дашжаргалын эзэмшлийн газарт 1-2 34 см, 3-4 3 метр 64 см, 4-5 10 метр нийт 50метр хашаатай байсан. Кадастрын зурган дээр тодорхой байгаа болно. Гэтэл 26 метр хашаагаар буруу тооцоо гаргасан байна. Иймд бидэнд учруулсан гэм хорыг барагдуулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Нэхэмжлэгч  Х.Д- нь С.Б-т холбогдуулан түүний хууль ёсны эзэмшлийн газар дахь хашааг буулгаснаас учирсан хохиролд 2 400 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, хашаанд хур хог ихээр цугларснаас тухайн орчмын иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрх зөрчигдөж байсан тул нийтийн эрх ашгийг хамгаалж хог цэвэрлэх зорилгоор 3 ширхэг хашааны төмөрийг буулгасан  тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ./хэргийн 1, 12 дугаар тал/

 

Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар нэхэмжлэгч Х.Д- нь Хан-уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, нэгж талбарын 178013/0052, 18639309503238 дугаарт бүртгэлтэй, амины орон сууцны зориулалттай, 700 м.кв талбай бүхий газрыг 10 жилийн хугацаатай эзэмшдэг болох нь газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, кадастрын зураг зэргээр тогтоогдож байна./хэргийн 4-6 дугаар тал/

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь талуудын мэтгэлцэх зарчмын үндсэн дээр явагддаг.        

Талуудын тайлбар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт зааснаар нотолгооны хэрэгсэлд хамаарна. Улмаар нэхэмжлэгч Х.Д- нь 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанд биечлэн оролцож, 2 тал 26 метр хашаа хашаалсан гэх тайлбарыг гаргасан байна./хэргийн 63 дугаар тал ар/ Шүүх нэхэмжлэгчийн тайлбарт үндэслэн хашааны хэмжээг 26 метр гэж тооцоолон нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.

 

            Түүнчлэн, хэрэгт авагдасан хашааны материал худалдан авсан гэх зарлагын баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан үнэн зөв эргэлзээгүй байх шаардлагыг хангаагүй буюу бараа өгсөн авсан талуудын гарын үсэг, огноогүй байх боловч энэ талаар хариуцагч тал маргаагүй байна. /хэргийн 43-45 дугаар тал/

 

            Энэ талаар хариуцагч талаас гомдол гаргаагүй учраас анхан шатны шүүхээс 26 метрийн урттай 2 тал хашаа барихад тус бүр нь 3 метрийн урт бүхий 9 ширхэг лист  төмөр /1*25 000*9=225 000/ шаардлагатай гэж тооцвол лист төмрийг бэхлэх 10 шон /1*8000*10=80 000/, нэг лист тутам 2 дайвар мод /1*12 000*18=216 000/, дагалдах материал болох 1 м төмөр утас /1*35 000/, 80 мм-н хадаас 0,5 хайрцаг /0.5*45 000/, 200 см-н хадаас 5 кг /5кг*12 000=60 000/ шаардлагатай гэж тооцоод нийт 661 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах, шийдвэрийг өөрчлөх, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй байна.

 

            Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолдоо зааж буй эзэмшил газрын кадастрын зургаар /хэргийн дугаар тал/ тус газарт ямар хэмжээний урттай хашаа байсан болох нь эргэлзээгүй тогтоогдохгүй байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШШ2019/00215 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42 774 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                             ШҮҮГЧИД                             Ш.ОЮУНХАНД

 

                                                                                           С.ЭНХТӨР