Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2017/02871

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

            Нэхэмжлэгч: О. Г   

 

            Хариуцагч: Б.Б

 

            Гэрээний үүрэгт 60.375.000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Г, хариуцагчийн төлөөлөгч А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

 

Нэхэмжлэгч Г.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Б.Бтай зээл болон барьцааны гэрээ байгуулж 35.000.000 төгрөгийг  5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдүүлсэн. Б.Б нь хүүхдээ сургуульд явуулна, удаахгүй өгнө гэсэн боловч хугацаандаа мөнгийг өгөөгүй. Гэрээний хугацаа дуусахад 3 сарын хүү 5.250.000 төгрөг төлсөн ч үлдэх 3 сарын хүүг төлөөгүй.  Гэрээний хугацаа дуусахад түүнд дуусах хугацааг сануулж гэрээ алдангитай гэж хэлж байсан. Иймд Б.Баас үндсэн зээл 35.000.000 төгрөг, 3 сарын хүү 5.250.000 төгрөг алданги 20.125.000 төгрөг нийт 60.375.000 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг Ү-.. улсын бүртгэлийн дугаартай .. тоот хаягт байршилтай 4 өрөө орон сууцаар хангуулж өгнө үү гэв.

 

 Хариуцагч Б.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч А шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Зээл авагч Б.Б Х сувилалын захирал бөгөөд сүүлийн хэдэн саруудад хүн бага үйлчлүүлж байгаатай холбоотой зээлийг тухай бүрт нь төлж чадаагүй. Г.Ггээс 35.000.000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Иймд 35.000.000 төгрөгийг төлнө. Мөн 10 сарын хүү 17.500.000 төгрөг нийт 52.500.000 төгрөгийг 2 хувааж төлөх хүсэлтэй байна. Төлбөрийг 2018 оны 02 дугаар сард гэхэд зээлийг бүхэлд нь төлнө гэв.

 

 

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад              

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

 

            Нэхэмжлэгч Г.Г нь хариуцагч Б.Бд холбогдуудан зээлийн гэрээний үүрэгт 60.375.000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ. 

 

            Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д  зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээхээр заажээ.

 

            Хариуцагч Б.Б нь нэхэмжлэгч Г.Ггээс 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 35.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлдэж, зээлийн барьцаанд иргэн А.Мөнхбилэгийн өмчлөлийн .. тоот 106.37 мкв талбайтай 4 өрөө орон сууцыг барьцаалсан болох нь зохигчийн тайлбар, зээл болон барьцааны гэрээ, А.Мөнхбилэгээс Б.Бд олгосон итгэмжлэл гэсэн баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

Зээл болон барьцааны гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан хуулийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

Шүүх хуралдаанд хариуцагч нь үндсэн зээл 35.000.000 төгрөгийг 10 сарын хүү 17.500.000 төгрөгний хамт бүгд 52.500.000 төгрөгийг төлнө гэж тайлбарласан боловч зохигч зээлийн гэрээг 6 сарын хугацаатай, гэрээний 2.7-д зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлүүлэхээр тус тус тохиролцсон тул түүний тайлбар үндэслэлгүй бөгөөд Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 232 дугаар зүйлийн 232.1-т зааснаар үүргийг тогтоосон хугацаанд шударгаар гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй тул гэрээгээр тохирсон үүрэг, хугацаа хэтрүүлснээс учирсан хохирол буюу алдангийг төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй.

 

Иймд хариуцагч Б.Баас үндсэн зээл 35.000.000 төгрөг, 3 сарын хүү  5.250.000 төгрөг, алданги 20.125.000 төгрөг бүгд 60.375.000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг тус тус хангаж шийдвэрлэлээ.

 

Хэргийг шийдвэрлэхтэй холбогдуулж нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас хангаж буй үнийн дүнд ногдох төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

 

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

 

 

ТОГТООХ нь:

 

 

 

            1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Б.Баас 60.375.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Гд олгосугай.

 

 

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд төлбөрийг барьцаа хөрөнгө болох .. тоот 106.37 мкв талбайтай 4 өрөө орон сууцаар хангуулахыг Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.

 

 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 460.000 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Б.Баас улсын тэмдэгтийн хураамжид 460.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Гд олгосугай.

 

 

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нь  шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.                     

 

             

 

        

 

 

 

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ж.КУЛЬДАНА