2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1071

 




                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                      

 

   2025          04           17                                   2025/ШЦТ/1071

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мядаг хөтлөн,

Улсын яллагч М.Амарзаяа /Баянгол дүүргийн хяналтын прокурор/,

Шүүгдэгч Н.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ** ургийн овогт Н**ийн С**-д холбогдох эрүүгийн 2405005030012 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ний өдөр **аймгийн ** суманд төрсөн, яс үндэс халх, эрэгтэй, ** настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл **, эхнэр, ** хүүхдийн хамт ** аймгийн ** сумын ** 1 дүгээр багийн ** тоотод оршин суух бүртгэлтэй, ** ХХК-д харуул ажилтай, урьд

** аймгийн сум дундын шүүхийн ** оны ** дүгээр сарын **-ны өдрийн ** дугаар Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн ** дүгээр зүйлийн **-д зааснаар ** жил ** сарын хорих ял

** аймгийн сум дундын шүүхийн ** оны ** дугаар сарын **-ны өдрийн ** дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн ** дүгээр зүйлийн** дэх хэсэгт зааснаар ** төгрөгийн торгуулийн ял шийтгэгдсэн,

** ургийн овогт Н-ийн С******** (РД:***************)

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Н.С нь “…** оны ** дугаар сарын **-ны өдөр **дүүргийн **дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “**” нийтийн байранд байхдаа иргэн Ч.Ц**-тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний толгойн тус газарт бахиар нэг удаа цохиж, зүүн зулайд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн...” гэмт хэрэгт холбогджээ. 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Н.С нь “...** оны ** дугаар сарын **-ны өдөр **дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “**” нийтийн байранд байхдаа иргэн Ч.Ц**-тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний толгойн тус газарт бахиар нэг удаа цохиж, зүүн зулайд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэх үйл баримтын бодит байдал буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.С-ийн өгсөн “...маргахгүй...” гэх мэдүүлэг,

Эрүүгийн 2405005030012 дугаартай хэргээс:

Хохирогч Ч.Ц**-ын өгсөн "... манайх ** дүүргийн ** дүгээр хороо ** байрны хойно байрлах нийтийн байранд амьдардаг. Саяхан манай байрны хөрш “доод өрөө дулаахан, тийшээ та хоёр орооч” гэсэн юм. Тэгээд манайх нүүгээд ** давхрын ** тоот өрөөнд орсон. Өмнөх өрөөнөөс эрс хүйтэн байсан тул манай эхнэр ** оны ** дугаар сарын **-ны өдөр буюу өнөөдөр ** цагийн үед нөгөө залуутай коридорт уулзаад өмнөх өрөөндөө орох талаараа ярилцаад байж байтал галч ирэхээр нь "ахаа та бас байраа галлахгүй байна, хөлдөж үхлээ" гэхэд манай эхнэрийг гуйлгачин минь дуугүй бай, амьдарвал амьдар, чадахгүй бол 100,000 төгрөгөө аваад зайл” гээд үсэдсэн гэж эхнэр над руу хэлсэн. Тэгээд би орой ** цагийн үед байрандаа ирээд манай эхнэрийг үсэдсэн гэх залуутай уулзаад "та хэд эмэгтэй хүнтэй яаж харьцаад байгаа юм, олуулаа дундаа хийгээд дээрэлхсэн байна. Мөнгө төгрөгөө аваад үйлчилгээ үзүүлж байгаа бол галаа түлээд асуудалгүй байлгаач" гэхэд "чи муу юу гээд шалчигнаад байгаа юм. Би чамайг ална шүү, шоронгийн хүний аашийг харах уу" гээд гартаа юм барьснаа миний миний толгой руу цохисон. Тухайн байрны оршин суугчид бие биеэ бүгд таньдаг гээд инээгээд хараад байхаар нь би явдаг газраар газраараа явна, цагдаад хандаад явна” гэхэд “чамайг одоо дуусгачихъя л даа” гээд коридорт араас хөөгөөд, би зугтаад гэртээ орсон” гэсэн мэдүүлэг (хх-ийн 18-19 дугаар хуудас),

Гэрч Ц.А**-ын өгсөн "... би тухайн өдөр **дүүргийн* дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ** байрны ертөнцийн зүгээр хойд талд байрлах ** нийтийн байрны ** давхрын ** тоотод гэртээ байж байсан. Тэгтэл манай өрөөнд манай нийтийн байранд амьдардаг нэг үл таних эрэгтэй хүн орж ирээд "танай өрөө чинь хүйтэн байгаа биз дээ, өрөөгөө солиоч" гэх зүйлийг ярьсан бөгөөд 4-5 хоногийн өмнө Ц**т бид хоёр 2 давхрын 4 тоот өрөөнд байдаг ахтай өрөөгөө солих тухай яриад байж байтал, хажуугаас манай нийтийн байрны галчаар ажилладаг үл таних эрэгтэй хүн "чи энэ байрыг 200,000 төгрөгөөр түрээсэлж байж. Хямдхан байранд байж чадахгүй бол 400,0-500,000 төгрөгийн үнэтэй байрандаа очиж амьдар” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “та битгий давраад байгаарай" гэж хэлтэл тэр хүн "юу ч үгүй юм байж, нийтийн байр түрээслээд гэх өгүүлэлтэй зүйлийг хэлсэн. Тэгээд тэр галч байрны эзэнтэй яриад 100,000 төгрөгөө ав гэсэн. Би тэр галчийг яваад өгөхөөр нь араас нь очоод ** нуруу руу нь түлхчихсэн. Тэгтэл тэр эргэж хараад миний үснээс үсдээд байж байтал тэнд байсан хүмүүс ирж салгасан. Би байрны эзэн эгч рүү залгаад болсон үйл явдлын талаар хэлээд дараа нь найз залуу Ц**д болсон зүйлийг талаар хэлсэн. Орой нь тэр үл таних галчаар ажилладаг залууд зодуулсан байсан” гэсэн мэдүүлэг (хх-ийн 42-44 дугаар хуудас)

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 956 дугаартай шинжээчийн дүгнэлт:

Ч.Ц**-ын биед зүүн зулайд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна.

Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна. 

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэсэн дүгнэлт (хх-ийн 28-29 дугаар хуудас),

Яллагдагч Н.С-ийн "... 2023 оны 10 сараас 2024 оны 01 дүгээр сарь - хооронд ** дүүргийн ** дүгээр хорооны ** ногоон байрны ард байдаг ** давхар шар байранд галчаар ажилладаг байсан. ** оны ** дугаар сарын **-нд байрны түрээслэгч эмэгтэйтэй маргалдаж түүнээсээ болоод дээрээс нь тэр орой нь 5,6 цагийн орчимд нийтийн байрны ** давхрын нэг тоотод ус алдаад тэр ус алдалтыг тогтооход төрсөн хүү А**-н хамт тогтоогоод байж байтал нөгөө надтай маргалдсан хүүхний нөхөр нь гэх залуу орж ирээд би түүнийг танихгүй. Тэгсэн чинь нөгөө залуу чинь над руу Сурмаа гэж хэн бэ таны шүдийг чинь бүгдийг түүнэ гээд дайраад байсан. Тэгээд тэрнээс болж маргалдсан. Би баруун гартаа барьж байсан бахиар тэр залуугийн толгой хэсэг рүү нь нэг удаа тоншсон” гэсэн мэдүүлэг (хх-ийн 51-54 дүгээр хуудас) зэрэг шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Н.С нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч Н.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах байр суурьтайгаар оролцсон болно.  

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хуульчилсан ба шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас үүссэн шууд үр дагавар болох хүний эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг санаатайгаар, мэдэж ухамсарлаж учруулсан байхыг шаардана.

Шүүгдэгч Н.С нь хохирогч Ч.Ц-тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний толгойн тус газарт бахиар нэг удаа цохиж, зүүн зулайд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Ч.Ц-ын мэдүүлэг (хх-ийн 18-19 дугаар тал), гэрч Ц.А-ын өгсөн мэдүүлэг (хх-ийн 42-44 дүгээр тал), шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 956 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 28-29 дугаар хуудас), яллагдагч Н.С-ийн мэдүүлэг (хх-ийн 53-54-51 дүгээр тал) болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтаар нотлогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Н.С-ийн ** оны ** дугаар сарын **-ны өдөр ** дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ** нийтийн байранд байхдаа иргэн Ч.Ц-тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний толгойн тус газарт бахиар нэг удаа цохиж, зүүн зулайд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх нь хэргийн бодит байдалтай нийцнэ.

Шүүгдэгч нь бусдын биед халдах нь хууль бус гэдгийг оюун санааны хувьд ухамсарлавал зохих эрх зүйн чадамжтай этгээд байх ба гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримт болох шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 956 дугаартай дүгнэлтэд заасан гэмтэл нь цаг хугацааны хувьд гэмт хэрэг гарсан цаг хугацаатай давхцаж байгаа нь шүүгдэгчийг хохирогчид дээрх гэмтлийг учруулсан гэж үзэх үндэслэлтэй.

2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Эрүүл мэндийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Улсын ерөнхий прокурорын хамтарсан тушаалаар баталсан А/225/А/153/А/85 дугаартай “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-ын 3.1.1-т гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан байх тул шинжээчийн 956 дугаартай дүгнэлт энэ журамд нийцсэн байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь өөрийн гэмт үйлдэлд маргаагүй болно.

 

Хохирол төлбөрийн тухайд

 

Хохирогч Ч.Ц нь баримтаар хохирол төлбөр нэхэмжлэхгүй, сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоолгохгүй талаар хүсэлт гаргасан байх тул шүүгдэгч Н.С-г энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

 

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Н.С нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

Шүүхээс шүүгдэгч Н.С-д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

Шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол зэрэгт дүгнэлт хийж шүүгдэгч Н.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1200 / нэг мянга хоёр зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийн торгуулийн ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Н.С-д оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг тайлбарлаж, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

   Шүүгдэгч нь түүнд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгуулийн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгчид 520 цаг нийтэд тустай ажил хийлгэх санал гаргасан ба шүүхээс шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхэлдэг гэх нөхцөл байдал, Өмнөговь аймагт гэр бүлээрээ амьдардаг гэх тайлбарт дүгнэлт хийж торгуулийн ял биелэгдэх боломжтой гэж дүгнэсэн болохыг тайлбарлаж байна.

Шүүгдэгчид ял оногдуулахад  Эрүүгийн  хуулийн  ерөнхий  ангийн 6.5-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, 6.6-д заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Н.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ** овогт Н-гийн С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С-д 1200 /нэг мянга хоёр зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийн торгуулийн ял оногдуулсугай.

3. Шүүгдэгч Н.С-д  оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу ялтан нь шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгуулийн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд тайлбарласугай.

5. Хохирогч Ч.Ц нь гэмт хэргийн улмаас түүнд учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

6. Шүүгдэгч Н.С нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй  болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Н.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                     

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ц.ЭРДЭНЭЧИМЭГ