2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 2025/ШЦТ/82

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тойргийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ариунаа,

Улсын яллагч Н.Мөнхцэцэг,

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч К.,

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Алтанцэцэг,

Шүүгдэгч Н.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнхцэцэгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 44 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* *******д холбогдох эрүүгийн 2507000000052 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, *******-ны өдөр, Улаанбаатар хотод төрсөн, тай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “*******” -д ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт , тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй,

******* овогт ******* ******* /РД:*******/

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Н.******* нь 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 08 цагийн үед ******* улсын дугаартай тээврийн хэрэгслээр такси үйлчилгээ авч ******* дугаар гудамд хүргүүлэн буухдаа Э.*******ийн эзэмшлийн “Oukitel С51” маркийн 1 ширхэг гар утсыг гээж мартсаныг мэдсээр байж авч завшсаны улмаас Э.*******ьд 350,275 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Н.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Таксинд суугаад төлбөрөө төлөх гэж байхдаа шал нь дээр нь нэг утас уначихсан байхыг хараад аваад буучихсан.” гэв.

 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч К. нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Гар утсыг нь буцааж авсан тул гомдол санал байхгүй. Намайг ажил дээрээ байх үед манай охин 09 цаг 02 минутад би утсаа алга болгочихлоо гэж холбогдохоор нь ямар таксинд суусан юм гэсэн чинь гэдэг хүн гэсэн.Тухайн жолоочийг таньдаг болохоор машин дотор нь унасан байж магадгүй гээд залгасан чинь байхгүй байна, би хоёр, гурван хүн буулгасан, ямар ч байсан нэг эмэгтэй хүн буусан тэр авсан байж магадгүй гэж хэлсэн. Тэгээд охин руугаа холбогдоод утас нь олдохгүй юм шиг байна гэж хэлсэн чинь би байршлыг нь тогтоочихсон цагдаад мэдэгдэж байгаад олж авна гэж хэлсэн. Тэгээд цагдаад мэдэгдээд олж авсан.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

 

Улсын яллагчийн зүгээс: Насанд хүрээгүй хохирогч Э.*******ийн мэдүүлэг /хх 13-14, 17-18/, “Дамно үнэлгээ” ХХК-ийн НД 25-19 дугаартай дүгнэлт /хх 32-35/, гэрч Т.гийн мэдүүлэг /хх 21-22/, “Юнител” ХХК-ийн 12-01/1024 дугаартай албан бичиг /хх 61/, гэрч С.ын мэдүүлэг /хх 29-30/,  яллагдагч Н.*******ын мэдүүлэг /хх 45-47/,

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх 52/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 53/, хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх 62/, Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гомдол саналгүй гэх хүсэлт /хх 66/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын зүгээс нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Н.******* нь 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 08 цагийн үед ******* улсын дугаартай тээврийн хэрэгслээр такси үйлчилгээ авч ******* дугаар гудамд хүргүүлэн буухдаа тухайн такси нь дотор Э.*******ь нь өөрийн эзэмшлийн “Oukitel С51” маркийн 1 ширхэг гар утсыг гээж мартсаныг авч бусдын өмчлөл, эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас 350,275 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь:

1.Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй яллагдагчаар Н.*******ын өгсөн: “…2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр шиг санаж байна би өглөө босоод хүүхдээ 208 дугаар цэцэрлэгт хүргэж өгчхөөд МТ шатахуун түгээх станцын хажуугаас такси барихад нэг такси зогссон ба суухад урд сандалд нэг охин арын сандал дээр нэг охин сууж явсан. Тэр хоёр охин Налайхын коллежийн хажууд буусан. Би арын суудал дээр сууж явсан машины шалавч дээр нэрийг нь мэдэхгүй цэнхэр өнгийн гадартай андройд гар утас байхаар нь аваад утсыг нь унтраагаад таксинаас буухдаа таксины жолоочид дансаар 2500 төгрөг шилжүүлээд буусан. Би таксинаас авч буусан утсанд нөхрийнхөө сим картыг хийгээд өөрөө барьсан. Гэтэл 2025 орны 02 дугаар сарын 19-ний өдөр намайг гэртээ байхад Налайх дүүргийн цагдаагаас хүн ирээд хүний утас авсан байна гээд надаас мэдүүлэг авсан. Би буруугаа хүлээгээд гар утсыг нь хүнд нь бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн... Би нөхөртөө гар утас таксинаас олсон талаар огт хэлээгүй, манай нөхөр надаас янз бүрийн юм асуугаагүй...” гэх мэдүүлэг,

/хх 45-47 дугаар тал/

 

2.  Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогчоор Э.*******ийн өгсөн: “...Би 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өглөө 08 цагийн орчимд хичээлдээ явахаар гэрээсээ гарахад хамт хичээлд явдаг ангийн охин таксинд суугаад ирсэн. Тэгээд би тэр таксины хойно суугаад явсан. Гэтэл жолооч замаараа бас өөр нэг хүн суулгасан бөгөөд найз бид хоёрыг манай сургууль буюу коллеж дээр буулгасан. Хичээл орох гээд яараад явж байсан болохоор би мөнгөө өгчхөөд шууд буугаад явсан. Гэтэл гар утсаа өвөр дээрээ тавьсан байснаа мартаад буугаад явсан байсан. Тэгээд анги руугаа орж ирээд гар утсаа таксинд мартсанаа мэдсэн. Манай найз урд талын сандал дээр сууж явсан болохоор намайг мартсан талаар мэдээгүй... IMEI1:, кодтой, Oukitel брэндийн “С51” загварын, үзмэн ягаан өнгөтэй сэв зураас байхгүй, Налайх дүүрэгт байх утасны дэлгүүрээс 2025 оны 01 дүгээр сард шинээр нь 500,000 төгрөгөөр авч байсан... Цагдаагийн ажилтан нар шуурхай эрэн сурвалжилж миний утсыг авсан буюу сүүлд таксинд суусан эгчийг олж тогтоон гар утсыг бүрэн бүтэн олж өгсөн. Надад одоо болон цаашид гаргах гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,

/хх 13-14, 17-18 дугаар тал/

 

3.  Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Т.гийн өгсөн: “...Би 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өглөө хүүхдээ сургуульд нь хүргэж өгчхөөд гэртээ ирж байтал манай гэрийн хажуугаас нэг охин гараа өргөсөн. Тэгэхээр нь хаа хүрэх юм гэтэл орно гэсэн. Тэгээд замаасаа тэр охин найзыгаа авна гээд суулгасан. Тэгээд нөгөө найз нь орж ирээд явж байтал Тайжийн МТ шатахуун түгээх станц орчмоос нэг эмэгтэй гар өргөсөн. Тэгэхээр нь би нөгөө хоёр охиноос суулгачих уу гэж асуухад зөвшөөрсөн. Тэгээд би суулгаад цааш нөгөө хоёр охиноо дээр буулгаад сүүлд суусан эмэгтэйг ******* дугаар гудамд бууна гэж байгаад 23 дугаар гудмынхаа харалдаа дэлгүүр орно гээд Баянзүрх хороолол талдаа буусан. Тэгээд би буцаад эргээд явж байтал Баянзүрхийн 19 дүгээр гудамж орчим нэг залуу суулгахад орно гэсэн. Тэгээд ордны урд автобусны буудлын харалдаа буугаад бэлэн 2000 төгрөг өгөөд буусан. Тэгээд зөрөөд нэг эмээ буудал дээрээс зөрөөд суугаад 10 шарын анд буусан. Тэгээд би гэртээ орж иртэл гар утас руу эхэнд суусан охины ээж нь 27-ны өглөө 09 цаг 01 минутад залгаад манай охин гар утсаа орхичхож гэж хэлсэн. Тэгээд би гарч үзэхэд гар утас нь байхгүй байсан. Тэр хоёр охины дараа суусан эмэгтэйг урд нь харж байгаагүй, төлбөрөө дансаар шилжүүлсэн санагдаж байна, 3055142665 дансаар шилжүүлсэн байх...” гэх мэдүүлэг,

/хх 21-22 дугаар тал/

4.  Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр С.ын өгсөн: “...Миний санаж байгаагаар 1 сарын сүүлээр шиг санаж байна манай эхнэр ******* гэртээ нэг цэнхэр өнгийн андройд гар утас авчирсан. Би ямар учиртай хэний гар утас эхнэр хаанаас, хэнээс авсныг нь мэдээгүй. Тухайн үед би өөртөө гар утасгүй байсан учир тэр утсыг нь авч цэнэглээд өөрийнхөө гэсэн дугаартай юнителийн сим картыг тухайн утсанд хийгээд барьсан юм. Тэгсэн чинь манай эхнэр таксинд явж байгаад энэ утсыг олж авсан юм билээ. Гэтэл цагдаа нар илрүүлсэн. Тэрийг нь би огт мэдээгүй, ингээд тэр гар утсыг манай эхнэр эзэнд нь буцааж өгсөн. Би огт мэдээгүй манай эхнэр хүний утас олсон барьсан гэж огт хэлээгүй. Эхнэр бид хоёр хоёулаа шатахуун түгээх станцад ажилладаг бөгөөд зарим үед хүмүүсийн бензин аваад мөнгө нь хүрэхгүй үед утас эд зүйлээ орхидог юм, би тийм л замаар ирсэн утас байна гэж бодсон. Хэрэв хүний утас гэдгийг нь мэдсэн бол би өгөх байсан...” гэх мэдүүлэг,

/хх 29-30 дугаар тал/

 

5. “Юнител” ХХК-ийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 12-01/1024 дугаартай: “... имей кодтой утсанд дугаарыг 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр, дугаарыг 02 дугаар сарын 10-ны өдрөөс тус тус хийж ашигласан байна... - Сарантуяа /, , баг үдлэг/...” гэх албан тоот,

/хх 61 дүгээр тал/

 

6.  “Дамно үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн НД-25-19 дугаартай: “...шинжилгээний объектын зах зээлийн үнэлгээ ...нийт 350,275 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх шинжээчийн дүгнэлт

/хх-ийн 32-35 дугаар тал /

 

7. Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх 49-53 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд гэм буруу, эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлт, тайлбар:

Улсын яллагчаас: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон болон хураагдсан зүйлгүй. Таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна.” гэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “...Энэ гэмт хэрэг нь хэлбэрийн төдий гэмт хэрэг байна би өмгөөлөгч авахгүй гэм буруу дээрээ маргахгүй хэргээ шийдүүлье гэдэг асуудлыг ярьсан. Өмгөөлөгчийн зүгээс гэмт хэргийн нөхцөл байдлыг харахад насанд хүрээгүй хоёр хүүхэд машинд явж байсан. Манай үйлчлүүлэгч газар байсан утсыг аваад буусан үйлдэл дээрээ маргахгүй. Тухайн хүүхэд утас нь дээрээ байршил тогтоогч тавьчихсан байсан байна лээ. Манай үйлчлүүлэгч тухайн байршил тогтоогчийг устгалгүйгээр утсыг нь яг л өөртөө байлгаад байсан. Тиймээс өмгөөлөгчийн хувьд хэлбэрийн төдий гэмт хэрэг байна гэсэн асуудлыг ярьсан...450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж өгнө үү гэх саналтай байна.” гэх тайлбар, дүгнэлтийг тус тус гаргав.

 

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, шунахайн сэдэлтээр бусдын өмчлөх эрхэд нь хор уршиг зориуд хүргэж үйлдсэн  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд “Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “Төлбөр тооцооны алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, эд хөрөнгө, гээгдэл эд хөрөнгө, алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан.

 

“Гээгдэл эд хөрөнгө” гэж өмчлөгч, эзэмшигчийн эзэмшлээс хүсэл зоригоос гадуур алдагдсан ба хэн нэгэн илрүүлж олсон аливаа этгээдийн эзэмшилд байгаа эд юмсыг /эд хөрөнгө/ хэлдэг.

 

“Завших” гэж алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшил байгаа, өөрийн эд хөрөнгө биш гэдгийг мэдсээр байж өөрийн өмчлөл эзэмшилд хариу төлбөргүйгээр хууль бусаар авах, захиран зарцуулах үйлдлийг ойлгоно.

 

Тиймээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Н.*******ын үйлдсэн гэмт хургийн улмаас насанд хүрээгүй хохирогч Э.*******ьд 350,275 төгрөгийн хохирол учирсан ба мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг биет байдлаар төлсөн тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ:

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: Хохирол, хор уршигт хандаж буй хандлага, хохирол төлбөр төлөгдсөн байдал,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал, ажил хөдөлмөр эрхлэлтийн байдал зэргийг харгалзан үзэв.

Харин шүүгдэгч Н.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд  заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэм буруутайд тооцож түүнийг торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Бусад асуудлаар

Шүүгдэгч Н.******* нь энэ хэрэгт эд  мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******ыг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.******* нь оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Н.******* нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ЧИНЗОРИГ