Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 142/ШШ2018/00643

 

 

 

 

 

 

     

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д.Б-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ОО З ХХК /регистрийн дугаар /-нд холбогдох

Ажиллаж байсан хугацааны цалин 4 421 600 төгрөг, сул зогсолтын олговор 6 190 065 төгрөг, нийт 10 611 665 төгрөг гаргуулах, О Т З ХХК-ийн захирлын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 406 дугаар цалингаас суутгах тухай тушаалыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.э , нэхэмжлэгчийн өмгөөлөгч М. г , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.н , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.а нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие О Т ХХК-нд 2006 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүртэл авто ачигчийн жолоочоор ажилласан. Манай компани О Т ХХК-тай байгуулсан гэрээний дагуу авто зам барих ажил гүйцэтгэж байсан ба би уг ажилд 2016 оны 12 дугаар сар хүртэл ажилласан. Компаниас миний 2016 оны 10, 11 дүгээр сарын цалин өгөөгүй бөгөөд цалин олгох талаар удаа дараа хүсэлт гаргасан боловч одоог хүртэл шийдвэрлэж өгөхгүй байна. Мөн 2016 оны 12 дугаар сараас 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх сул зогсолтын олговрыг олгохгүй байна. Иймд О Т З ХХК-иас миний 2016 оны 10 дугаар сар, 2016 оны 11 дүгээр сарын цалин, 2016 оны 12 дугаар сараас 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүртлэх сул зогсолтын цалинг гаргуулж өгнө үү. Уг асуудлаар Орхон аймгийн Хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах салбар хороонд гомдол гаргасан боловч шүүхэд хандаж асуудлаа шийдвэрлүүлэх талаар хариу өгсөн тул шүүхэд хандаж байна. Би компанитай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан бөгөөд хөдөлмөрийн гэрээний нэг хувийг компани надад өгөөгүй. Одоо хөдөлмөрийн гэрээний нэг хувийг авах хүсэлт гаргахад өгөхгүй байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.э нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага болон нэхэмжлэлээ тодруулахдаа: Д.Б нь шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө хууль бусаар цалинг олгохгүй байгаа асуудал болон суутгал хийсэн асуудлаар /тус компанид хөдөлмөрийн маргаан таслах комисс байхгүй/ Орхон аймгийн Хөдөлмөрийн маргаан шуурхай зохицуулах салбар хороонд хандахад санхүүгийн баримт байхгүй учраас шүүхэд хандаж асуудлаа шийдвэрлүүлэх талаар албан тоот ирүүлсэн тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Уг албан тоотыг хэрэгт эх хуваарь нь хавсаргасан байгаа. Хариуцагч тал шүүхэд цалингаас суутгал хийх тухай О Т З ХХК-ийн захирлын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 406 дугаар тушаалыг нотлох баримтаар гаргаж өгсөн тул уг тушаалыг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Тушаалын хавсралтад Д.Баярмагнайгаас 2 397 824 төгрөгийг суутгахаар заажээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад өөрийн буруугаас хохирол учруулсан ажилтан энэ хуулийн 135 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлага хүлээх бөгөөд тэр нь уг ажилтны нэг сарын дундаж цалин хөлснөөс хэтэрч болохгүй гэж заажээ. Мөн хуулийн 63.1.1-д ажилтны нэг сарын дундаж цалин хөлснөөс хэтрэхгүй хэмжээний хохирлыг нөхөн төлүүлэх тухай ажил олгогчийн шийдвэр гарсан; 63.2-д ажилтны нэг сарын цалин хөлснөөс хийх нийт суутгалыг /орлогын албан татварыг оролцуулахгүйгээр/ цалин хөлсний 20 хувиас, харин хүүхдийн тэтгэлэг гаргуулах болон хэд хэдэн суутгал нэгэн зэрэг хийх бол цалин хөлсний 50 хувиас хэтрүүлж болохгүй гэж заажээ. Мөн Д.Баярмагнайгийн жолоодож байсан техник нь 1 цагт хэдэн литр түлш зарцуулдаг байсан гэдгийг тогтоогоогүй, шатахууны норм тогтоосон зураг авалт хийгээгүй, байгууллагад ямар хохирол учруулсан, хохирлын хэмжээг хэрхэн тооцож гаргасан эсэх талаарх баримт байхгүй, энэ талаар ажилтанд мэдээгүй байна. Гэтэл ажил олгогч О Т З ХХК-нд хуулийн дээрх заалтуудыг зөрчиж, хохирол учруулсан гэдгийг бодитой тогтоохгүйгээр үндэслэлгүйгээр тушаал гаргаж, ажилтны сарын үндсэн цалингаас их суутгал хийж байгаа нь үндэслэлгүй юм. Иймд О Т З ХХК-ийн захирлын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 406 дугаар цалингаас суутгах тухай тушаалыг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

Мөн нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар нэмэгдүүлж, тодруулж байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгч нь ажиллаж байсан хугацааны цалин, сул зогсолтын олговорт яг хэдэн төгрөг нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна, үүнийг тодруулах шаардлагатай гэж тайлбарлаж байх тул нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, тодруулж байна. Хэрэгт авагдсан баримтаар тооцож Д.Баярмагнайгийн ажилгүй байсан хугацаа 2017 оны 09 дүгээр сарын цалин 1 560 000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын цалин 1 588 000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын цалин 1 273 600 төгрөг, нийт 4 421 600 төгрөгийг О Т З ХХК-иас нэхэмжилж байна. Мөн сул зогсолтын олговор 6 190 065 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна. Сул зогсолтын олговрыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7-д зааснаар Д.Баярмагнайгийн 2017 оны 9, 10, 11 дүгээр сарын цалингийн дунджаар тооцож, Хөдөлмөрийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар түүний 1 сарын дундаж цалин хөлсний 60 хувиар тооцсон болно. Д.Баярмагнайгийн сүүлийн 3 сарын цалин 4 421 600 : 3 = 1 473 866 төгрөг, үүний 60% нь 884 295 х 7 = 6 190 065 төгрөг. Иймд хариуцагч О Т З ХХК-иас ажиллаж байсан хугацааны цалин 4 421 600 төгрөг, сул зогсолтын олговор 6 190 065 төгрөг, нийт 10 611 665 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч О Т З ХХК-ийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Дарамсэнгэ овогтой Б нь 2015 оны 8 сарын 17-ын өдрийн 101 тоот тушаалаар О Т З ХХК-д авто ачигчийн оператороор ажилд орж, 2017 оны 6 сарын 27-ын өдрийн 103 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн билээ. О Т З ХХК нь түүний ажилласан хугацааны цалин хөлсийг тухай бүр олгож байсан бөгөөд харин 2016 оны 09, 10, 11 дүгээр сарын цалин нь тухайн үед ажиллаж байсан гэрээт ажлын захиалагч талтай ажлын гүйцэтгэл болон санхүүжилтийн маргаантай байдлаас шалтгаалан цаг тухай бүрт олгогдоогүй байна. Уг санхүүжилт саатсан хугацааны буюу 2016 оны 09, 10, 11 дүгээр сарын гарт олгох цалин нь 3 871 153 төгрөг бөгөөд үүнээс 1 750 000 төгрөгийг 2016 оны 11 сараас 2017 оны 02 дугаар сарын хооронд Д.Б-д бэлнээр олгосон байна. Дээрх тооцоогоор 2 121 153 төгрөгийн цалинг нөхөж олгох ёстой мэт харагдавч тэрээр 2016 онд гүйцэтгэсэн ажил, түүнд зарцуулах шатахууны нормоос 2 397 824 төгрөгийн шатахуун илүү зарцуулсан буюу өөрөөр хэлбэл дутагдуулсан тул Хөдөлмөрийн гэрээний 7.2.10, 11 дэх заалтын дагуу бодогдсон цалингаас нь хохирлыг суутган тооцсон ба Д.Б нь одоогийн байдлаар О Т З ХХК-д 276 671 төгрөгийн үлдэгдэл өртэй байна. О Т З ХХК нь 2017 оны 01 дүгээр сарын 05-нд бүх ажилчдын хурал зохион байгуулж, уг хурлаар 2017 оны 5 дугаар сарыг дуустал цалингийн олговоргүй сул зогсолт хийх болсон талаар зөвшилцөлд хүрсэн билээ. Манай компанийн гүйцэтгэж байсан гэрээт ажил захиалагч талаас шалтгаалан цаашид үргэлжлэхгүй болсон учир олговоргүй сул зогсолтын хугацаа дууссаны дараа буюу 2017 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөр тасалбар болгон нийт ажилчдыг ажлаас чөлөөлсөн билээ. Харин Д.Баярмагнайн хувьд манай компани тодорхой хэмжээний ажлаар хангаж байгаад 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр ажлаас чөлөөлсөн болно. Д.Б нь нэхэмжлэлдээ цалингаа яаж тооцож хэдэн төгрөг нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байх бөгөөд тэрээр хийснээр 5 дугаар зэргээр цалинжиж байсан. Дээр дурдсан цалингийн тооцоо нь энэ дагуу бодогдсон бөгөөд сард 1 200 000 төгрөгийн цалин олгоно гэсэн гэрээ байхгүй. Иймд үндэслэлгүй тул Баярмагнайгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу. "О Т З " ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 12 дугаар сарын 20-ны 406 тушаал нь хууль тогтоомжид харшилсан зүйл байхгүй болохыг дараах үндэслэлээр тайлбарлаж байна.Дээр дурдсан тушаалаар Д.Б-д эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлага хүлээлгээгүй харин бүрэн хариуцлага хүлээлгэсэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 63, 133 дугаар зүйл хамаарахгүй. Гүйцэтгэх захирал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасан харилцааны хүрээнд тушаал шийдвэр гаргах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 5.1-д заасан эрхийн хүрээнд баталсан компанийн Хөдөлмөрийн дотоод журам, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8 дахь заалт, 84 дүгээр зүйлийн 84.4.2, 84.4.3 дахь заалтаар олгогдсон эрх хэмжээний хүрээний хүрээнд тушаал гаргасан. Захирлын 406 тоот тушаалаар нийтдээ шатахууныг нормоос илүү зарцуулсан 37 жолооч, механизмын оператораас тийнхүү илүү зарцуулсан хэмжээ, үнэнд тохирох суутгал хийсэн ба Д.Б эрх, ашиг сонирхлынхоо төлөө маргах эрхтэй ч Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар бусад ажиллагсдаас илүү давуу эрх эдлэх боломжгүй. Д.Баярмагнайгийн илүү зарцуулсан шатахууныг нөхөн төлүүлсэн нь түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.1 дэх заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1, 132.2 дахь заалт, 135 дугаар зүйлийн 135.4 дэх заалтанд бүрнээ нийцэж байгаа болно.

Сул зогсолтын хувьд ажилчдад олговоргүйгээр сул зогсолт зарлаж НДШ-ийг компани хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр төлсөн болно. Энэ тухай мөн өмнө нь тайлбарласан. Харин хөдөлмөрийн дотоод журамдаа компани ажилтнаас үл шалтгаалсан сул зогсолтын олговрыг Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар тооцон олгоно гэж зохицуулсан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2-т зааснаар 2016 оны 12-р сар, 2017 оны 1-5 дугаар сарын Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцоход 1 392 000 төгрөг гарах ба үүнээс шатахууны тооцооны үлдэгдэл 276 671 төгрөгийг хасч 1 115 329 төгрөгийг Д.Б-д олгох үндэслэл бий. "О Т З ХХК-ийн захиргаанд ажиллагсдын төлөөлөгчтэй хийсэн, бүртгэгдсэн хамтын гэрээ байхгүй. Энэ талаар ҮЭ байгуулах, эвлэлдэн нэгдэх эрхийг зөрчсөн зүйлгүй.

БХБ-ын сайдын 263 дугаар тушаалаар баталсан цалингийн жишиг манай улсын зам, барилгын салбарт нэг мөр мөрдөгддөг. Энэ жишгээр мөрдөхөөр Хөдөлмөрийн гэрээнд заасан ба хүнд механизмчдын цалин энэ жишгээр харьцангуйгаар ажлын бүтээлтэй уялдахгүй байсан учир 2016.06.01-нээс механизмчдын үндсэн цалинг 1 200 000 төгрөгөөр, нэмэгдэл цалинг 400 000 төгрөгөөр тооцохоор дотроо зохицуулж ажилчдад Хөдөлмөрийн гэрээнд зааснаас илүү ашигтай нөхцөл бүрдүүлснээр Д.Баярмагнайгийн цалин бодогджээ. "О Т З " ХХК-д өөр Д.Б-д хамаарах цалингийн норм, норматив, жишиг байхгүй болно гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Б нь О Т З ХХК-нд холбогдуулан 2016 оны 10, 11 11 дүгээр сарын ажилласан хугацааны цалин, 2016 оны 12 дугаар сараас 2017 оны 06 дугаар сарын 27-ныг хүртэлх сул зогсолтын олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж нэмэгдүүлэн О Т З ХХК-ийн захиралын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 406 дугаартай тушаалыг хүчингүй болгох, ажилласан гурван сарын хугацааны цалин 4 421 600 төгрөг, сул зогсолтын олговор 6 190 065 төгрөг, нийт 10 611 665 төгрөг гаргуулахаар шаардсан. Мөн шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ 2016 оны 9, 10, 11 дүгээр сарын ажилласан хугацааны цалин гаргуулахаар нэхэмжилсэн, 2017 онд угаасаа ажиллаагүй, бичихдээ алдаа гаргасан гэж шаардлагаа тодруулсан.

Хариуцагч нэхэмжлэлээс сул зогсолтын олговор 1 115 329 төгрөгийг хүлээн зөвшөөрч бусад хэсгээс нь татгалзсан.

Нэхэмжлэгч Д.Б нь О Т З ХХК-ийн захиралын 2015-08-17-ны өдрийн 101 дугаартай тушаал, 2015-08-12-ны өдрийн Д.Баярмагнайтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу тус компанид ковшийн оператороор ажиллаж байгаад, 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 17/103 дугаартай О Т З ХХК-ийн захиралын тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн болох нь талуудын тайлбар хэрэгт ирүүлсэн хөдөлмөрийн гэрээ, дээр дурьдсан тушаалуудаар нотлогдож байна. /хх25-30/

Хариуцагч, нэхэмжлэлээс татгалзсан үндэслэлээ: ... О Т З ХХК нь 2016 оны 09, 10, 11 дүгээр сарын цалинг тухайн үед нь олгоогүй нь үнэн. Дээрх хугацаанд Д.Б-д гарт олгох цалин нь 3 871 153 төгрөг бөгөөд үүнээс 1 750 000 төгрөгийг 2016 оны 11 сараас 2017 оны 02 дугаар сарын хооронд бэлнээр олгосон. 2016 онд гүйцэтгэсэн ажил, түүнд зарцуулах шатахууны нормоос 2 397 824 төгрөгийн шатахуун илүү зарцуулсан буюу дутагдуулсан тул Хөдөлмөрийн гэрээний 7.2.10, 11 дэх заалтын дагуу бодогдсон цалингаас нь хохирлыг суутган тооцсон. Д.Б нь одоогийн байдлаар тус компанид 276 671 төгрөгийн үлдэгдэл өртэй байгаа. 2017 оны 01 дүгээр сарын 05-нд бүх ажилчдын хурал зохион байгуулж, 2017 оны 5 дугаар сарыг дуустал цалингийн олговоргүй сул зогсолт хийхээр зөвшилцөлд хүрсэн. Д.Баярмагнайн хувьд манай компани тодорхой хэмжээний ажлаар хангаж байгаад 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр ажлаас чөлөөлсөн. Д.Б-д сул зогсолтын олговорыг Хөдөлмөрийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2-т зааснаар 2016 оны 12-р сар, 2017 оны 1-5 дугаар сарын Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцоход 1 392 000 төгрөг гарах ба үүнээс шатахууны тооцооны үлдэгдэл 276 671 төгрөгийг хасч 1 115 329 төгрөгийг цалингийн доод хэмжээгээр бодож олгоно. Гүйцэтгэх захиралын 406 тоот тушаалын хувьд эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал гаргадаг, хууль тогтоомжинд харшилсан зүйлгүй байна. Д.Б-д эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэсэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 63, 133 дугаар зүйл хамаарахгүй. Илүү зарцуулсан шатахууныг нөхөн төлүүлсэн нь Хөдөлмөрийн гэрээний 8.1 дэх заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1, 132.2 дахь заалт, 135 дугаар зүйлийн 135.4 дэх заалттай нийцэж байгаа...гэж тайлбарласан.

Нэхэмжлэгч Д.Б-д 2016 оны 9, 10, 11 дүгээр сард нийт 3 871 153 төгрөгийн цалин бодогдсон байх ба, хариуцагч байгууллага цалинг шатахуун дутагдуулсан гэсэн үндэслэлээр олгоогүй байна. Д.Баярмагнайтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 7.2.10-д байгууллагын эд хогшил, хариуцсан багаж, техник, бусад зүйлсийг ариг гамтай, зохистой эдлэх, ажлын байрныхаа ариун цэвэр, цэгцтэй байдлыг сахих, ажилтанд хариуцуулсан эд зүйлсийн бүрэн бүтэн байдлыг хариуцах учруулсан хохирлыг барагдуулах, 8.1-д ажилтан ажил үүргээ биелүүлэх үедээ өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас компанид хохирол учруулбал Хөдөлмөрийн тухай хуулийн 133-135 дугаар зүйлийн дагуу эд хөрөнгийн хязгаарлагдмал буюу бүрэн хариуцлага хүлээнэ гэжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад өөрийн буруугаас хохирол учруулсан ажилтан энэ хуулийн 135 зүйлд зааснаас бусад тохиолдолд эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлага хүлээх бөгөөд тэр нь уг ажилтны нэг сарын дундаж цалин хөлснөөс хэтэрч болохгүй, мөн хуулийн 135 дугаар зүйлд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх талаар хуульчилсан бөгөөд хуулийн 135.3-д ажил олгогч нь эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болох ажил, албан тушаалын жагсаалтын дагуу ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулахаар заажээ. Энд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болох ажил, албан тушаалын жагсаалтыг хариуцагч компани ирүүлээгүй байна.

Хариуцагч О Т З ХХК нь Д.Баярмагнайгийн цалингаас суутгал хийхдээ дутагдуулсан гэх шатахууны үнийг зуун хувь суутгаж авсан байх ба, энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1-д заасан ажилтны нэг сарын дундаж цалин хөлснөөс хэтрэхгүй хэмжээний хохиролыг нөхөн төлүүлэх тухай ажил олгогчийн шийдвэр гарсан, 63.2-т ажилтны нэг сарын цалин хөлснөөс хийх нийт суутгалыг /орлогын албан татварыг оролцуулахгүйгээр/ цалин хөлсний 20 хувиас, харин хүүхдийн тэтгэлэг гаргуулах болон хэд хэдэн суутгал нэгэн зэрэг хийх бол цалин хөлсний 50 хувиас хэтрүүлж болохгүй, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.4-д ажилтны нэг сарын дундаж цалин хөлснөөс хэтэрсэн хохиролыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргана гэснийг тус тус зөрчсөн байна.

О Т З ХХК нь Д.Баярмагнайг 2 397 824 төгрөгийн шатахуун дутагдуулсан гэж байгаа боловч үүнийгээ нотлоогүй гэж шүүх үзсэн. Учир нь хэрэгт ирүүлсэн механизмын замын хуудас /хх34-52/ гэх баримтуудаар тухайн механизм нь нэг цагт хэдэн литр түлш зарцуулдаг нь тодорхойгүй, энэ талаар баримт хэрэгт ирээгүй, хохирлын хэмжээг хэрхэн тооцож гаргасан нь тодорхойгүй байна. Иймд ажилтны цалингаас шатахууны дутагдал гэж 2 397 824 төгрөг суутгасан нь үндэслэлгүй. Түүнчлэн хариуцагч, Д.Б-д цалин 1 750 000 төгрөгийг бэлнээр олгосон гэсэн тайлбараа нотлоогүй болно.

Хариуцагч, сул зогсолтын олговорыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож олгохыг зөвшөөрсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д ажилтны буруу биш шалтгаанаар гарсан сул зогсолтын хугацаанд ажилтныг өөр ажилд шилжүүлэх боломжгүй бол хамтын гэрээнд заасан хэмжээний олговор олгоно, 56 дугаар зүйлийн 56.2-т хамтын гэрээгээр тодорхойлсон сул зогсолтын олговрын хэмжээ нь уг ажилтны үндсэн цалингийн 60 хувь, түүнээс дээш байх ба цалин хөлсний доод хэмжээнээс доогуур байж болохгүй, Хөдөлмөрийн дотоод журмын 8.5.1в-д ажлын талбайд компаниас шалтгаалан сул зогсолт үүссэн үед ажилтанд Хөдөлмөрийн тухай хуулинд заасны дагуу сул зогсолтын олговрыг тооцож олгоно гэжээ.

Д.Баярмагнайтай байгуулсан хөдөлмөрийн гэрээндээ үндсэн цалингийн хэмжээг заагаагүй байх ба, нэхэмжлэгч үндсэн цалингаа 1 200 000 төгрөг гэж тохиролцсон гэдэг, хариуцагч мөн Д.Баярмагнайгийн үндсэн цалинг 1 200 000 орчим төгрөг байсан үүн дээр 400 000 төгрөгийн нэмэгдэл өгөөд, татвараа суутгаад 1 200 000-гаас 1 300 000 орчим төгрөг авдаг байсан гэдэг.

Талууд хамтын гэрээгээр сул зогсолтын олговорыг тодорхойлоогүй, хуулийн дээрх заалт, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээний дагуу Д.Баярмагнайгийн 2016 оны сүүлийн гурван сар буюу 9, 10, 11 дүгээр сарын цалин 4 421 600 төгрөгнөөс нэг сарын цалинг гарган түүний 60 хувийг сул зогсолтын долоон сарын хугацаагаар тооцоход нийт 6 190 065 төгрөг болж байна. Үүнийг хариуцагч компани олгох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

2016 онд тээврийн хэрэгслийн түлшний нормыг хэтрүүлэн зарцуулсан ажилчдын цалингаас суутгахаар О Т З ХХК-ийн гүйцэтгэх захирал 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 406 дугаартай тушаал гаргасныг нэхэмжлэгч мэдээгүй бөгөөд түүнд танилцуулаагүй, шүүхэд нэхэмжлэл өгснөөс хойш хэргийн материалаас олж мэдсэн, цалин олговорыг олгоно гэсээр байгаад өнөөдрийг хүрсэн гэж нэхэмжлэгч тайлбарласныг хариуцагч үгүйсгээгүй бөгөөд, хариуцагч нь гэрээт ажлын захиалагч талтай санхүүжилтын маргаантай байснаас цалин олговрыг хугацаанд нь олгоогүй гэдэг.

Хариуцагч компанийн цалин олговрыг олгоно гээд байгаа байдал нь хөөн хэлэлцэх хугацааг түр зогссон гэж үзэхээр байх тул хөөн хэлэлцэх хугацааг өнгөрсөн гэж үзээгүй. Түүнчлэн цалингаас суутгал хийх тухай тушаалыг танилцуулснаа хариуцагч нотлоогүй бөгөөд, Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэж заасан байна.

Нэхэмжлэгч нь О Т З ХХК-ийн ерөнхий захиралын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 406 дугаартай ажилчдын цалингаас суутгал хийх тухай тушаалыг хүчингүй болгуулахаар шаардлага гаргасан бөгөөд уг тушаал нь зөвхөн Д.Б-д холбоотой биш, бусад ажилчдад мөн холбоотой байна. Тушаалын үр дүнг шүүх хянаад Д.Б-д холбогдолтой хэсгийг нь өөрөөр хэлбэл Д.Баярмагнайгийн цалинг суутгасан нь үндэслэлгүй гэж дүгнэсэн тул заавал тушаалыг хүчингүй болгох шаардлагагүй юм.

Иймд дээрх үндэслэлээр хариуцагч О Т З ХХК-с ажилласан хугацаа буюу 2016 оны 9, 10, 11 дүгээр сарын цалин 4 421 600 төгрөг, сул зогсолтын олговор 6 190 065 төгрөг, нийт 10 611 665 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Б-д олгож, О Т З ХХК-ийн гүйцэтгэх захиралын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 406 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд, хариуцагч нь О Т З ХХК-с улсын тэмдэгтийн хураамжаар 184 737 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар заав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2-т заасныг баримтлан О Т З ХХК-с 2016 оны 9, 10, 11 дүгээр сарын цалин 4 421 600 төгрөг, сул зогсолтын олговор 6 190 065 төгрөг, нийт 10 611 665 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Б-д олгож, нэхэмжлэлээс О Т З ХХК-ийн гүйцэтгэх захиралын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 406 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж, хариуцагч О Т З ХХК-с улсын тэмдэгтийн хураамжаар 184 737 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА