Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 233

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Д.Чинзориг,

Улсын яллагч М.Гантулга,

Шүүгдэгч Б.Өлзийбаяр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтэнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Боржигон овогт Баярын Өлзийбаярт холбогдох эрүүгийн 201725020765 дугаартай хэргийг 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, яллагдагчийг 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд шилжүүлсэн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1992 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 24 настай, халх, тусгай дунд боловсролтой, сантехникийн техникч мэргэжилтэй, ам бүл-5, эх, ах, дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Дэнжийн 11-р гудамжны 125 тоотод оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, Боржигон овогт Баярын Өлзийбаяр /РД:УУ92090917/,

 

 Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /сэжигтэнийг яллагдагчаар татах тогтоолд бичсэнээр/

 

Шүүгдэгч Б.Өлзийбаяр нь 2017 оны 3 дугаар сарын 15-ны шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Холливууд баарны гадаа иргэн Т.Ганзоригтой хувийн таарамжгүй харьцаанаас болж маргалдан улмаар Т.Ганзоригийн биед нь санаатай хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Өлзийбаяр нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй. Хэрэг бүртгэлийн шатанд гэм буруугаа хүлээн үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй…” гэв.

Шүүгдэгч Б.Өлзийбаяр нь хэрэг бүртгэлтэнд мэдүүлэхдээ: “...Би 2017 оны 3 дугаар сарын 15-ны шөнө 03 цагийн үед найз Төрөөгийн төрсөн өдрийг тэмдэглэхээр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Холливууд” бааранд үйлчлүүлж байгаад гарсан. Уг баарны гадаа манай найз охин Энхзул надруу ирсэн. Би "чи хаачив аа" гэсэн чинь Энхзул “би ТҮЦ орчихоод ирлээ” гэсэн. Гэтэл Энхзулын ирсэн талаас нэг машин гэрлээ асаасан. Тэгээд би Энхзулыг хардаад тэр машин дээр нь очсон Цагаан өнгийн приус 20 маркийн автомашин байсан. Би уг машины цонхыг тогшсон чинь онгойлгохгүй байхаар нь хаалгыг нь онгойлгоод жолоочыг нь "чи сая Энхзултай уулзсан юм уу" гэсэн чинь тэр жолооч "чамд ямар хамаатай юм" гэж уурласан. Би "чи сая манай хүнтэй уулзсан юм уу үгүй юм уу" гэж дахиж асуусан чинь "чамд ямар хамаатай юм бэ бацаан минь" гээд суудлаасаа өндийгөөд нүүрлүү тулаад ирсэн. Тэгэнгүүт нь миний уур хүрээд нүүрлүү нь гурван удаа гараараа цохисон. Тэр залуу зөрж намайг цохиод миний уруулаас цус гаргасан. Би "чи гараад ир хоёулаа эр хүн шиг үзчихье" гээд машинаас нь буусан. Тэр жолооч бууж ирээгүй. Манай найз Ариунбаатар ирээд намайг тэврээд тэндээс холдуулсан. Тэгээд Энхзул ирээд "боль" гэж хэлсэн. Би тэр жолооч Ганзориг дээр очсон чинь намайг цээжээр тэвэрч духаараа миний нүүрлүү мөргөсөн. Энэ үед Энхзул , Ариунбаатар хоёр салгасан. Тэгээд хоёр тийшээ болсон. Тухайн үед миний уруул сэтэрсэн байсан. Баруун нүдэнд цус хурсан байсан. Цээжинд маажсан байсан. Одоо эдгэж зүгээр болсон. Шарх сорви байхгүй болсон. Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Бид нар есүүлээ хоёр шил 500 граммын архи уусан. Халамцуу байсан. Өмнө нь нэг удаа харж байсан. Энхзулыг Сансар хорооллын “Энис” гэдэг бааранд байж байх үед Ганзориг нэг найзын хамт ирж байсан. Тэр үед Энхзултай Ганзориг нь уулзаж "чи найз охиноо авчих би найзыгаа дагуулаад нэг газар очье бэлхийн тийшээ явъя" гэж ярьж байхыг нь би сонссон юм. Би очоод Энхзулд "за явах уу" гэсэн чинь Ганзориг нь "Хөөе Энхзулаа тэгээд явах уу " гэж орилсон. Энэ үед би Ганзориг дээр очоод "чи юу яриад байгаа юм бэ" гэсэн чинь "би чамтай яриагүй байна муу банди минь" гэж маргалдаж байсан. 2016 оны 12 дугаар сараас хойш Энхзултай үерхэж байгаа. Харин Ганзориг эхнэр хүүхэдтэй байж Энхзулыг оролдоод байдаг юм. Шөнийн цагаар хүртэл залгаад байдаг юм…гэсэн мэдүүлэг /хх-ийн 11, 27 дугаар хуудас/,

 

Хохирогч Т.Ганзориг нь хэрэг бүртгэлтэнд мэдүүлэхдээ: “...Би 2017 оны 3 дугаар сарын 15-ны шөнө 3 цагийн үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Холливууд” баарны үүдэнд найз Энхзултай таарсан. Намайг машин дотроо сууж байхад нэг залуу эсрэг талын хаалгаар орж ирээд учир зүггүй нүүр рүү 3-4 удаа гараараа цохисон. Би “яасын бэ” гэсэн чинь тэр залуу энэ чинь миний найз охин гэж хэлсэн. Тэгэхээр нь би зүгээр мэнд мэдсэн ш дээ гэж хэлсэн. Тэгээд тэр залуугийн найзууд нь гэх залуучууд ирээд бас над руу дайраад байсан. Би Өлзийбаярыг цохиогүй. Өлзийбаяр гэх залуу миний биед учирсан гэмтлийг учруулсан. Нилээн халамцуу байсан…” гэсэн мэдүүлэг /хх 8-10 дугаар хуудас/,

 

Гэрч З.Энхзул хэрэг бүртгэлтэнд мэдүүлэхдээ: “…Би Ганзоригтой 2007 онд анх танилцсан. Тэрнээс хойш бид хоёр үерхдэг байж байгаад Ганзориг нь Солонгос явсан. Тэрнээс хойш холбоогүй байж байгаад саяхнаас таарч эхнэр хүүхэдтэй болсныг нь мэдсэн. Өлзийбаяртай 2016 оны 6 сард танилцсан. Танилцсан цагаасаа хойш одоог хүртэл үерхэж байгаа. Би Өлзийбаяр болон түүний найз нартай Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Холливууд” бааранд үйлчлүүлж байх үед Ганзориг надруу залгасан. Ганзориг нь “Холливууд” баарны гадаа ирээд намайг утсаар гараад ир гэж дуудсан. Би тухайн үед Өлзийбаярт хэлээд гардаг юм билүү гэж бодож байгаад хэлэлгүй гарч Ганзоригтой уулзсан. Ганзориг баарны гадаа машинтайгаа ирсэн байсан. Би машинд суусан чинь намайг дэмий суулгаад, машиныхаа хөгжимөөр клип үзүүлээд "энэ хоёр чи бид хоёртой адилхан байгаа биздээ" гээд шал дэмий зүйл яриад цаг уяад байсан. Би Өлзийбаярт хэлээгүй гараад ирсэн болохоор санаа зовоод гармаар байсан боловч Ганзориг гаргахгүй байсан. Машинд нь бараг 30-40 минут болсон. Гарах гэхээр "чи байж л байгаа ч дээ" гээд байлгаад байсан. Тэгээд би машинаас нь буугаад баар руу алхсан чинь Өлзийбаяр өөдөөс хүрээд ирсэн. Өлзийбаяр "чи хаачаад ирж байгаа юм бэ" гэхээр нь би "дэлгүүр орчихоод ирлээ" гэсэн чинь "би чамайг тэр машинаас бууж байхыг чинь харлаа шдээ яагаад үнэнээ хэлж болдоггүй юм бэ" гээд Ганзоригийн машин руу очиж машинд нь сууж байсан. Би 20 орчим метрийн зайнаас хараад зогсож байсан. Машинд юу болж байгаа нь надад харагдахгүй байсан. Тэгээд Ганзориг Өлзийбаяр хоёр машинаас бууж ирээд заамдалцаад цохилцоод эхэлсэн. Энэ үед Өлзийбаярын найз Баатараа гарч ирээд бид хоёр тэр хоёрыг салгасан. Тэгээд хоёр тийшээ болсон. Өлзийбаярын ам хамараас нь цус гарсан байсан. Баянбүрдийн тойргийн тэнд очоод цэвэр ус авч Өлзийбаярын цусыг нь угааж өгсөн. Уруул нь дотор талдаа язарсан байсан. Өлзийбаярын савхин куртикний ханцуй нь урагдаж, зах нь ар талаараа урагдсан байсан. Өлзийбаяр нь Ганзоригийг цохиж байхыг би хараагүй. Машин дотор байсан нь харагдахгүй байсан. Машинаас бууж ирээд цохиогүй. Харилцан заамдалцсан байсан. Машинд уулзаж байхад Ганзоригийн нүд зүгээр байсан. Өмнө нь Сансар хороололд /хэзээ гэдгээ санахгүй байна/ Ганзориг Өлзийбаяр хоёр маргалдаж байсан. Ганзориг намайг Өлзийбаяртай байхад салгаж авч явах гээд байсан...” гэсэн мэдүүлэг /хх 9-10 дугаар хуудас/  

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт ¹3916: “...Дүгнэлт

  1. Т.Ганзоригийн биед тархи доргилт, хамрын ясны хугарал, зүүн нүдний дээд доод зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, нүдний алимны салстад цус харвалт гэмтэл тогтоогдлоо
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчилэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй…” гэжээ /хх-ийн 20 дугаар хуудас/,

 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинээр нотлох баримт болгон өгсөн хохирлын баримт болон Эвлэрлийн гэрээ. Үүнд “хохирогч Ганзориг би хохирол төлбөр 330.000 төгрөг авсан болно. Хохирогч Ганзориг миний бие Б.Өлзийбаяраас цаашид нэхэмжлэх зүйлгүй ямар нэг санал гомдолгүй, бид нар харилцан тохиролцож эвлэрч байгаа тул  хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Иргэний үнэмлэхний лавлагаа /хх 30 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 28 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.Өлзийбаяр нь 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 03-04 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Холливууд” барны гадаа хохирогч Т.Ганзоригийг өөрийн найз охин З.Энхзултай хардаж маргалдан улмаар Т.Ганзоригийн бие махбодид нь тархи доргилт, хамрын ясны хугарал, зүүн нүдний дээд доод зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, нүдний алимны салстад цус харвалт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон хэрэг бүртгэлтэнд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Т.Ганзориг, гэрч З.Энхзул нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №3916 тоот акт шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 Шүүгдэгч Б.Өлзийбаярт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул шүүгдэгчийг “бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шүүх дүгнэлээ.

 

 Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогч Т.Ганзориг, шүүгдэгч Б.Өлзийбаярт нараас “сайн дураараа эвлэрч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан байх тул шүүгдэгчид холбогдох хэргийг эвлэрснээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй байна.

 

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Өлзийбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 297, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:           

 

            1. Боржигон овогт Баярын Өлзийбаярыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Өлзийбаяр холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар Б.Өлзийбаярыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

            3. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч Б.Өлзийбаяр нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

            4. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Өлзийбаярт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

5. Шийтгэх тогтоолыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт тус тус зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

6. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Өлзийбаярт бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ДУЛАМСҮРЭН