Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2017/01417

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймааг суулцуулан, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: ... ХХК-ийн,

Хариуцагч: ...т холбогдох,

Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 330,000 /гурван зуун гучин мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.... оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “...” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Манай компани хариуцагч Э....тэй 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээгээр МП10 маркийн, 240,000 төгрөгийн үнэ бүхий төхөөрөмжийг 20,000 төгрөгийн урьдчилгаа төлөн үлдэгдэл 220,000 төгрөгийг 12 сарын хугацаанд сар болгон 20,000 төгрөг төлөх нөхцөлтэйгээр авсан. Хариуцагч гэрээний дагуу 220,000 төгрөгийн төлбөрөө төлөхгүй байсан тул гэрээний 5 дугаар зүйлийн 5.3.3 дахь хэсэгт заасны дагуу 930 хоногийн алдангийг гүйцэтгээгүй үнийн дүнгийн хоног тутамд 0,3 хувиар алданги тооцон үндсэн 220,000 төгрөгийн 50 хувиар нийт 330,000 төгрөгийн нэхэмжлэлийг гаргуулахаар шүүхэд хандсан. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Гэрээний 2.3 дахь хэсэгт заасны дагуу баталгаат засварын хугацаанд үйлдвэрийн гэмтэлтэйзасах боломжгүй тохиолдолд ижил төрлийн төхөөрөмжөөр солихоор заасан байдаг. Төхөөрөмж нь 6 сарын баталгаат хугацаатай байдаг ба хэрэв хэрэглэгч хандсан тохиолдолд хүсэлтийг хүлээж аван төхөөрөмжийг засварын төв гэмтлийг оношлоод засах боломжгүй төхөөрөмжийг буцаах эсэхийг 30 хоногийн доторшийдвэрлэдэг. Гэтэл хэрэглэгч манай салбарт хандсан өргөдөл болон засварын төвд хандсан акт байдаггүй тул төхөөрөмжийг буцааж аваагүй. Мөн гэрээний 4.3 дахь хэсэгт зааснаар гэрээнд заасан хугацаанд төлбөр төлөөгүй тохиолдолд интернетийн эрхийг түр хаана гэсний дагуу 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдөр төхөөрөмж аван 1 сарын дотор төлбөр төлөөгүй бол дараагийн сараас интернетийг нь хязгаарласан.Хэрэглэгч энэ заалттай сайн танилцаж гэрээ байгуулсан бол интернетийг ашиглах боломжтой байсан. Манайх даатгалын компанитай гэрээ байгуулах гэж байсан. Гэрээний 7 дугаар зүйлийн 7.2, 7.3 дахь хэсэгт зааснаар гэрээ дуусгавар болгох үндэслэлийн дагуу гэрээг дуусгавар болгосон. Манайх олон хэрэглэгчтэй тул өндөр төлбөртэй хэрэглэгч болон хугацааны дарааллаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Бид гэрээний 7.3 дахь хэсэгт зааснаар хэрэглэгчээс торгууль шаардаагүй гэв.

Хариуцагч Э.... шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Э.... миний бие нь “...” ХХК-ийн NP10 төхөөрөмжийг 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 20,000 төгрөгийг урьдчилгаа төлж авсан. Энэ төхөөрөмжийг хэрэглэх 10 хоногийн хугацаанд хэрэглэгчийн хэрэгцээ шаардлага хангахгүй, сүлжээ муу, гацсан учир хүүхдүүд дахин хэрэглээгүй. Үүний дагуу 3, 4 дүгээр хорооллын салбарт очиж уулзаж учир явдлыг хэлэхэд энэ төхөөрөмжний үнийг төлөөд дахин шинэ төхөөрөмж авах боломжтой. Тэрнээс биш одоо буцаахгүй гэсэн. Тэгэхэд нь би “... та нар шинийг сольж өгвөл бид мөнгийг нь төлье, одоо энэ төхөөрөмжийг хэрэглэвэл шаардлага хангахгүй байна, танай байгууллага яагаад ийм муу төхөөрөмж гэр хорооллын айлуудад тараасан юм бэ...” гэж хэлсэн. Энэ үгийг би удаа дараа операторуудад хэлсэн. Гэвч эхлээд төлбөрөө төлж дуусга гээд байсан. Хэрэв “...” ХХК шинэ төхөөрөмжөөр сольж өгвөл төлбөрийг төлж барагдуулна. Сольж өгөхгүй бол энэ NP10 төхөөрөмжийг буцааж өгөх хүсэлтэй байна. Энэ учир байдлыг харгалзан үзэж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “...” ХХК нь хариуцагч Э....т холбогдуулан, Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 330,000 /гурван зуун гучин мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч Э.... шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийн эзгүйд хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн хэргийг шийдвэрлэсэн болно.

Зохигчдын хооронд 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 1132138 тоот “Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулагдаж, гэрээний дагуу оператор “...” ХХК нь хэрэглэгч С....т 240,000 төгрөгийн үнэ бүхий NP-10 төхөөрөмжийг 12 хүртэл сарын хугацаатай олгох, хэрэглэгч нь сар бүр тэнцүү хэмжээгээр буюу 20,000 төгрөгийг хуваарийн дагуу операторт төлөх үүрэг хүлээн, уг үүргээ биелүүлээгүй тохиолдолд үйлчилгээг хааж, хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,3 хувиар тооцож алданги төлөхөөр тохиролцсон байна. /хх 6-7/

Талуудын хооронд байгуулагдсан “Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ” нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт нийцсэн зээлээр худалдах худалдан авах гэрээний харилцаа байна. Гэрээний дагуу 240,000 төгрөгийн үнэ бүхий NP10 төхөөрөмжийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлсэн бол худалдан авагч нь төхөөрөмжийн урьдчилгаа 20,000 төгрөгийг төлсөн байна.

“Төхөөрөмж зээлээр худалдах худалдан авах” гэрээ нь 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс 2015 оны 7 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацаатайгаар байгууллагдсан бөгөөд талууд гэрээний хугацааг сунгаагүй, гэрээнд тодорхой нэмэлт өөрчлөлт оруулаагүй байна.

Гэрээний хугацаа дууссанаас хойш 1 жил 8 сарын дараа буюу 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд хандаж, гэрээний үүргийг шаардсан байна.

“Төхөөрөмж зээлээр худалдах худалдан авах гэрээ”-ний 3.5 дахь хэсэгт зааснаар хэрэглэгч буюу худалдан авагч нь төлбөрийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх үүрэг хүлээсэн боловч энэ үүргээ биелүүлээгүй, гэрээ байгуулснаас хойш огт төлбөр төлөөгүй байна.

Үүнтэй холбоотойгоор гэрээний 4.3-т “...төлбөрөө төлөөгүй бол дата эрхтэй дугаарыг хаах эрхтэй...” гэж заасны дагуу дугаарыг хаасан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар нотлогдсон.

Харин гэрээний 7.2, 7.2.1-т “хэрэглэгч гэрээнд заасан хуваарийг дагуу төлбөрөө төлөөгүй 1 болон түүнээс дээш сарын хугацаа өнгөрсөн буюу үүргээ зохих ёсоор биелүүлээгүй бол” компани гэрээг дангаар цуцалж төлбөр тооцоог хэрэглэгчээс нэхэмжилнэ гэж тусгасан боловч гэрээ байгуулснаас хойш үүргээ огт биелүүлээгүй хэрэглэгчид гэрээнд заасны дагуу мэдэгдэж, гэрээг цуцлаагүй, гэрээний хугацаа дууссанаас хойш нэхэмжлэл гаргасан нь худалдагч гэрээгээр олгосон эрхээ хэрэгжүүлээгүйгээс хугацаа алдах, үүний улмаас худалдан авагчид буюу хэрэглэгчээс их хэмжээний алданги тооцогдсон гэж үзэхээр байна.

Хариуцагчийн зүгээс худалдан авсан төхөөрөмж чанарын доголдолтой байсан учир хэрэглээгүй гэж тайлбарлах боловч эд хөрөнгөийн доголдлын талаар гомдлын шаардлага гаргах хуульд заасан эрхээ мөн хэрэгжүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн, өөрийн тайлбарыг баримтаар нотлоогүй байна.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн зүгээс үүргийг гүйцэтгээгүйн улмаас “Төхөөрөмж зээлээр худалдах худалдан авах гэрээ”-ний хугацаа дууссан, үүрэг гүйцэтгүүлэгч гэрээгээр олгогдсон эрхэ хэрэгжүүлээгүйн улмаас (хэдийгээр үүрэг гүйцэтгэх талаар утсаар мэдэгдсэн гэх боловч баримтаар бүрэн нотлогдохгүй) их хэмжээний анзыг хариуцагч төлөхөөр байх тул гэрээний үүргээ зөрчсөн талын гэм буруу ба ноцтой байдал, үүрэг гүйцэтгүүлэгчийн хайнга байдал зэргийг харгалзан Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дах хэсэгт зааснаар анзын хэмжээг 50 хувь бууруулж, хариуцагчаас 55,000 төрөгийн алданги гаргуулахаар шийдвэрлэлээ.

Иймд дээрх үндэслэлээр Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.8 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч С....ээс 220,000 төгрөг, алданги 55,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК-д олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.8 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ....ээс 275,000 /хоёр зуун далан таван мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “...” ХХК-д олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 10,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 8,900 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.    

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                         А.САРАНТУЯА