Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 01

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

*******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Мон ТББ” ХХК болон *******, ******* нарт холбогдох зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 320,266,506.60 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гантогтох хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нарийн бичгийн дарга С.Цэнд-Аюуш нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гантогтох шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: ...Мон ТББ ХХК болон хамтран зээлдэгч *******, ******* нар нь *******ын Хөтөл Бизнес зээлийн төвөөс 2014 оны 01 сарын 27-ны өдөр ЗГ/ТБЗХ/14/40 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 400.000.000 төгрөгийг 60 сарын хугацаатай сарын 1,8%-ийн хүүтэй сар бүр зээл хүү тогтмол төлөх нөхцөлтэйгөөр хөрөнгө оруулалтын зээлийн зориулалтаар, 2014 оны 01 сарын 27-ны өдөр ЗГ/ТБЗХ/14/40-1 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 200.000.000 төгрөгийг 36 сарын хугацаатайгаар сарын 1,7%-ийн хүүтэй сар бүр зээл хүү тогтмол төлөх нөхцөлтэй эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээл авсан. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний барьцаанд Сэлэнгэ аймгийн Сайхан сум, 2-р баг, Хөтөл хотын төвд байрлалтай үйлчилгээний зориулалттай 863 мкв талбайтай Улсын бүртгэлийн Ү-1310000060, Г-000363431 дугаар бүхий барилгыг газрын хамт, Сэлэнгэ аймгийн Сайхан сум 1-р баг, 7-47 тоот, 37,78 мкв талбайтай Ү-1310000830 дугаартай 3 өрөө орон сууц, Улаанбаатар хот БГД 12-Р хороо, 6-р бичил хороолол, 12-39 тоот 30 мкв талбайтай Ү-2205001379 дугаартай 2 өрөө орон сууц, Сэлэнгэ аймгийн Сайхан сум 3-р баг, Хараа голын эрэг нарсан төгөлд байрлах амралтын газарт 1,8 мкв талбайд татсан Ү-1310001669 дугаартай шугам сүлжээний дэд станц, Сэлэнгэ аймгийн Сайхан сум, 3-р баг Хараа голын эрэг нарсан төгөлд байрлах Амралт сувиллын зориулалттай 2 га газар зэргийг үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалуулсан. Зээлдэгч нар нь 2014 оны 01 сарын 27-ны өдөр ЗГ/ТБЗХ/14/40 тоот зээлийн болон барьцааны гэрээний 400.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу нийт үндсэн зээлд 221.815.301.40 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 114.031.896.41 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 151.789.6 төгрөг, нийт 335.998.987.41 төгрөг төлсөн байна. Мөн 4 удаа зээлийн гэрээний барьцаанд өөрчлөлт оруулахдаа эргэн төлөлтийн хуваарийг 1 удаа өөрчилсөн, барьцаа хөрөнгө чөлөөлж 4 удаа зээл рүү төлүүлсэн. Зээлдэгч нар нь 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр ЗГ/ТБЗХ/14/40-1 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан эргэлтийн хөрөнгө оруулалтын зээл 200.000.000 төгрөгийг эргэн төлөх хуваарийн дагуу нийт үндсэн зээлд 200.000.000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 27.770.808 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 96.927 төгрөг, нийт 227.867.735 төгрөгийг төлж 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр ЗГ/ТБЗХ/14/40-1 тоот зээлийн болон барьцааны гэрээний үүрэг дуусгавар болсон. Зээлдэгч нар нь 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр төгрөг ЗГ/ТБЗХ/14/40 тоот зээлийн болон барьцааны гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн тул 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс хойш удаа дараа зээл төлөх мэдэгдлийг өгч, банк зээлдэгчээс зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлсээр байна. Иймээс банк шүүхэд 2018 оны 09 дүгээр сарын 20-ны байдлаар 2014 оны 01 сарын 27-ны өдрийн ЗГ/ТБЗХ/14/40 үндсэн гэрээ, нэмэлт зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах, 2018 оны 09-р сарын байдлаарх зээлийн төлбөр гаргуулах /үндсэн зээлийн төлбөр 178.759.410.3 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 131.112.503 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 10.969.305 төгрөг, нийт 320.266.506.60 төгрөг/, улсын тэмдэгтийн хураамж 1.829.610.03 төгрөг, нотариатын хөлс 25.500 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэв.

 

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлагаас 178.184.698.60 төгрөгнөөс бусдыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч гурван хариуцагчаас төлбөр нэхээд байна. Нэхэмжлэлийн шаардлага дээр байгаа хариуцагч нар яагаад гурав болоод хувирчихваа. Энэ тал дээр би их гайхаж байна. Үүнийгээ дараагийнхаа тайлбар дээр сайн тодруулах байх гэж бодож байна. Урьд нь гаргаж байсан нэхэмжлэлээ өөрчлөөд Мон ТББ ХХК-н захирал Байгалмаа гэж оруулж ирсэн мөртлөө Мон ТББ ХХК, Тэрбиш, Байгалмаа нараас төлбөр нэхэмжлээд байгааг би хуулинд нийцэхгүй гэж үзэж байна. Зээлийн төлбөрийн тухайд Мон ТББ ХХК Хаан банкнаас хөрөнгө оруулалтын зээлээр 400.000.000 төгрөг, бизнесийн зээлээр 200.000.000 төгрөг авсан. Энэ зээлээсээ нийт 563.866.722 төгрөгийг төлсөн байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгээд байгаа үндэслэл нь тухайн үед Хаан банк Энхболд Пүрэвсүрэн нартай гэрээ хийсэн. Эхлээд Энхболдтой 2014.08.14-нд 140.000.000 төгрөгөөр 244 мкв тайлбайг худалдан борлуулахаар гэрээ хийгдсэн. Хамгийн анх Энхболд 50.000.000 төгрөгийг 2014.12.29-ний өдөр төлбөр хийгдсэн. Энэ төлбөрөөс Хаан банк бүхлээр нь авалгүй. Бага багаар нь хувааж авч байсан. Энэ нь өөрөө Мон ТББ ХХК-нд маш их хохиролтой байсан. Сая би зарим нотлох баримтуудаа гаргаж өгч чадсангүй. Энэ дээр бүх нотариатаар батлуулсан бүх хуулбаруудыг авчирсан юм. Энхболд Хаан банкинд албан тоот гаргаж өгч байсан. Энэ албан тоотуудыг бас гаргаж өгөөгүй байна лээ. Хамгийн сүүлд нь бүртгүүлж өгөөч гэсэн гараар бичсэн юмыг нь өгсөн байна лээ. 2014.09 сард Хаан банкинд мэдэгдсэн. Үүнээс хойш мөнгийг нь төлөөд зээл чөлөөлж өгөөч гэхэд бол маш хойрго хандсан. За тэгье төлөлтөө хий гэсэн ярьдаг. Ингээд байвал Хаан банкинд ашиггүй ба зээл нь хугацаанаасаа өмнө төлөгдөх гээд байсан. Хаан банк бол өөрийгөө л бодсон. Хэрэглэгчээ бодож үзээгүй. Үүний хамгийн гол тод жишээ хавтаст хэрэгт байгаа. 2015.05.29-ний өдөр Мон ТББ ХХК-н хэтэрсэн зээлийг төлүүлэх уулзалт гэж байгаа. Намайг гэрч оруулъя гэхэд нэхэмжлэгч хамааралгүй гээд байсан. Энхболд гэдэг хүн бол энэ зээлэнд ямар ч хамааралгүй. Гэтэл хавтаст хэрэгт байгаа Хаан банкнаас гаргаж өгсөн Мон ТББ ХХК-н хэтэрсэн зээлийг төлүүлэхээр уулзсан уулзалт гэдэг дээр Энхболдтой уулзсан тэмдэглэл байгаа. Тэрбиш бол зөвхөн сонсоод сууж байсан. Яагаад Энхболд гэдэг хүн хамааралгүй гэж яриад байгаа юм бэ? Энхболдоос бага багаар авч байсан. Хас банкнаас хадгаламжнаасаа мөнгө аваад дээрээс нь Хас банк надад 40.000.000 төгрөг өгье гэж байна аваад төлье гэхээр болоогүй бид нар намар мөнгийг чинь гаргаж өгнө гэсээр байгаад хаа байсан 2015.10.29-ний өдөр гаргаж өгсөн. Бүхэл бүтэн 11 сар явуулсан. Үүн дээр юу гэсэн байна вэ гэхээр 2015.10.29-ний өдөр захирал Бат-Очир гэж байгаад Хаан банкны Хөтөл бизнес зээлийн төв нь Мон ТББ ХХК Энхболд нь худалдах худалдан авах гэрээгээр 238мкв талбайг авч байгаа учраас 1209 мкв үл хөдлөхөөс 238мкв талбайг Энхболдолд шилжүүлээд Хаан банкны барьцаанаас чөлөөлж 971 мкв үл хөдлөхийн өмчлөх эрхийн гэрчилгээг шинээр гаргуулж өгөөд манайд шилжүүлж өгнө гэсэн утга бүхий баримт хавтаст хэрэгт байгаа. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар Энхболд энэ хэрэгт хамгийн их хамааралтай байгаа юм. Мон ТББ ХХК-с юм худалдаж авч байж тэр 140.000.000 төгрөг төлөгдөх ёстой байсан. Ингэж бүхэл бүтэн 11 сар мөнгийг нь цувуулж авч явсаар байсан. Үүнийг юугаар батлах вэ гэхээр ТАГ гэдгийг би сайн ойлгохгүй байгаа. Бодвол банкны хэллэг юм шиг байгаа юм. ТАГ Насанбаяр, салбарын ахлах эдийн засагч Туул, захирал Бат-Очир, Амаржаргал гэдэг дөрвөн хүн байсан. Энэ явдал бол манай өрөөнд болсон явдал. Өнөөдөр 15.000.000 төгрөг төлчихье. 06 сарын 15-нд гэрчилгээгээ аваад өгье гэж хэлээд зээлийг төлүүлэхээр тохиролцов гээд бичсэн байгаа. 06 сарын 15-нд гэрчилгээ гарах юм бол би 15.000.000 төгрөгийг төлчихье гэхэд энэ 15.000.000 төгрөгийг төлүүлдэггүй. Яагаад гэвэл тэр төлөлт өөрөө бараг 6 сая төгрөг орчим оччихсон байсан. Яагаад гэвэл Энхболд зээлийн төлөлт хийхээс өмнө ХХБ-с 280.000.000 төгрөгөөр талбай зараад тэр мөнгөөрөө зээлээ хаасан байсан учраас зээлийн төлөлт маш багассан байсан. Энэ 15.000.000 төгрөгийг бага багаар авсан. 2 бил үү 3 хувааж авсан. Ингэж бага багаар авах нь өөрсдөд нь ашигтай байсан. Тиймээс хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Дараагийн асуудал бол Пүрэвсүрэнгийн асуудал. Пүрэвсүрэн хавтаст хэрэгт хүсэлт гаргаж өгсөн байгаа. Иргэн Пүрэвсүрэн миний бие Хаан банкны Сайхан сум дахь салбараас үл хөдлөх хөрөнгийг худалдан авах тухай хүсэлтээ 2015 оны 03, 06 сард тус тус гаргасан. Зээлийн судалгааг харилцааны ажилтан дутуу судалсанаас үүссэн зээлийг гаргаагүй гэсэн байгаа. Энэ нь бүтэн 01 жил 4 сар явсан. Энхболд 2015.11.04-нд өгсөн байдаг. Ингэж Мон ТББ ХХК-г хохироосон юм. Энийг л би батлуулах гэж хүсэлт гаргаад байсан юм. Хавтаст хэрэгт бүх хүсэлт нотлох баримтаа гаргаад өгчихсөн байгаа. Гэтэл энэ хүсэлтийг Хаан банк судалж байна гэж явсаар байгаад сүүлд нь бид нар судалдаггүй юм байна гээд 2016 оны 04 сарын 27-ны өдөр Сэлэнгэ салбар руу явуулсан байдаг. Сэлэнгэ салбарын захирал Дамдинпүрэв гэдэг хүн гарын үсэг зураад Пүрэвсүрэнгийн зээлийг судлахыг зөвшөөрөв гэсэн байдаг. Сэлэнгэ салбарын ахлах эдийн засагч Бадам гэдэг хүн өөрөө ирээд надтай ярилцаад та энэ 144 мкв талбайгаа өгчихөө. Пүрэвсүрэн гэдэг хүн засвараа хийг гэсэн. Пүрэвсүрэн Бадам гэдэг хүнийг тэгж хэлэнгүүт 18.600.000 төгрөгийг Хаан банкны дансанд хийсэн. Пүрэвсүрэн гэдэг хүн хавтаст хэрэгт мөн би мөнгөө байршуулчихаад байхад яагаад миний юмыг өгөхгүй байгаа юм бэ гэдэг талаараа бас бичсэн байгаа. Хаан банк нь Пүрэвсүрэн болон надад маш их итгэл төрүүлж өгчих сарын дараа гаргаад өгчихнө гэж хэлж байсан. 2015 оны 03 сараас хойш 2016.6 сар хүртэл түрээсийн мөнгө байхгүй. Түрээсийн мөнгөө нэхэж болдоггүй. Нэхэхээр Пүрэвсүрэн Хаан банк зээл өгнө гэсэн гээд өгөхгүй байдаг. Пүрэвсүрэнгийн буруу ч бас байхгүй шүү дээ. Пүрэвсүрэн тэр том талбайг бүхэлд нь тасдаж аваад дулааныг нь тусад нь модон цонхнуудыг бүгдийг нь вакумаар сольсон. Үүний цаана Мон ТББ ХХК хохирсон. Тийм учраас би энэ хоёр хүнийг өнөөдөр гэрчээр орж ирээд энэ асуудлыг тайлбарлах байх гэж бодсон юм. Тухайн үед Мон ТББ ХХК-н захирлаар би ажиллаж байсан. Би Хаан банкинд 4-5 удаа хүсэлт гаргасан. Зээлийн гэрээнд 4 удаа өөрчлөлт орсон гэж яриад байна. Барьцаа хөрөнгө дээр 4 өөрчлөлт ороод зээлийн гэрээн дээр 1 удаа өөрчлөлт орсон. Энэ зээлийн гэрээн дээр 1 биш 4 удаа өөрчлөлт оруулах боломж байсан. Хэрвээ өөрчилвөл Хаан банкинд ашиггүй байсан тул ингэж хийгээгүй. Үүнийг хийж өгөөч гэж маш олон удаа хүсэлт өгсөн. Хамгийн сүүлд 280.000.000 төгрөг үлдэхэд тэндээс нь 35.000.000 төгрөгийг хасаад үлдсэн дээр нь гэрээгээ хийе гэхэд Хаан банк зөвшөөрөөгүй. Хаан банк хариу өгдөггүй. Өнөөдөр би зарим нотлох баримтаа гаргаж өгөх гэж байгаад чадаагүй. Тойргын нотариатч Нандинцэцэгийн баталсан гэрээний хавсралтыг би өчигдөр архиваас нь гаргуулж авчирсан. Мон ТББ ХХК-н хөрөнгийг Хаан банк өөрсдөө ирж үнэлэхдээ 2.532.000.000 төгрөгөөр үнэлсэн. Энэ өөрөө Банкны тухай хуулийг зөрчиж байгаа асуудал юм. Банк өөрийнхөө үндсэн хөрөнгийн хамгийн доод талын хэмжээний 40 хувьд нь зээл олгох ёстой. Бид нар эхлээд 1 тэрбум төгрөг хүссэн. Би бусад барьцаа хөрөнгийг суллаж өгөөч. Учир нь энэ худалдааны төв нь өөрөө одоо танайд байгаа зээлийн үлдэгдэлд хангалттай барьцаа байна гэдгийг хэлж байсан. Тэгэхэд чөлөөлж өгөөгүй. Тэгэхэд чөлөөлөөд өгсөн байсан бол зээлээ төлөөд дуусаад асуудалгүй байж байх ёстой байсан юм. Амралтын газраа бидэнд бартераар зарах боломж байсан. Амралтын газрыг авч байгаа хүн бол дэд станцыг заавал худалдаж авна. Хаан банкинд ямар ч тохиолдолд харилцагчаа гэсэн сэтгэл огт байхгүй. 600.000.000 төгрөгийн зээл гаргасан гэдэг утгаараа Хаан банкны Хөтөл салбарынханд жилийн урамшуулал нь маш өндөр гарах гээд байсан. Хаан банкны захирал Бат-Очир хувийнхаа журмаар Хаан банкны харилцагчийн дансыг үзэж байгаад манай данс руу хийж байсан хүн. Одоо он гарах юм бол бид нар балрах гээд байна шүү гэж байсан. Өнөөдөр Батхонгор гэдэг хүн шүүхэд нярав хийгээд явж байгаа. Энэ хүний данснаас авсан. 7.500.000 төгрөг авч хийнгүүтээ 3 хонуулаад өгчихье гээд надаас 600.000 төгрөгийн хүү авч байгаа юм. Энэ нь өөрөө Хаан банк ёс зүй зөрчиж байгаа юм. Тиймээс би энэ асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй. Би үндсэн төлбөрөө л хүлээн зөвшөөрнө. 2.532.000.000 төгрөгөөр үнэлчихээд яагаад бид нарын хөрөнгийн суллаж өгөхгүй байсан юм бэ? Үүнийг би огт ойлгохгүй байна. Хаан банк бүх юмаа нуудаг. Юмаа огт гаргаж өгдөггүй. Жилийн өмнөх шүүх хуралдаан дээр ч юмаа гаргаж өгдөггүй. Би яагаад 178.000.000 төгрөгийн хүлээн зөвшөөрөөд бусдыг нь хүлээн зөвшөөрөхгүй байна вэ гэхээр бид нараас авсан мөнгөөрөө л энэ барилгыг барьсан шүү дээ. Тиймээс бид хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Бид нараас олсон ашиг хүүгээрээ үүнийг босгосон мөртлөө яагаад бид нарын хүсэлтийг хангаж өгдөггүй юм бэ? Бид нар ч гэсэн хөрөнгөтэй баймаар байна шүү дээ. Миний хөрөнгө чөлөөлж өгөөч гэсэн хүсэлт хавтаст хэрэгт байгаа. Хаан банк энэ асуудал дээр ерөөсөө хариу өгдөггүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагын үндсэн үнийн дүнд нь хүлээн зөвшөөрч байна. Үлдсэн мөнгийг бол хүлээн зөвшөөрөхгүй байна гэв. 

 

            Шүүх зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

           

            Нэхэмжлэгч ******* нь Мон ТББ ХХК болон *******, ******* нарт холбогдуулж зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 320,266,506.60 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

            Хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч ******* нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу үндсэн зээлийн төлбөр 178.184.698.60 төгрөгийг зөвшөөрч, зарим хэсгийг буюу зээлийн хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 142.081.808 төгрөгийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

            Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлээ Мон ТББ ХХК-ын захирал ******* болон ******* нарт холбогдуулж гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед Мон ТББ ХХК-ын гүйцэтгэх захирал нь ******* болох нь улсын бүртгэлийн хэлтсийн хуулийн этгээдийн бүртгэлийн албанаас ирүүлсэн нотлох баримтаар тогтоогдож байна.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Мон ТББ ХХК-ын захирал ******* нь *******д итгэмжлэл олгосон бөгөөд олгосон өдрөөс 3 жилийн хугацаанд хүчинтэй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүхий л эрхийг олгосон хуулийн хүчин төгөлдөр итгэмжлэл байна.

            Нэхэмжлэгч Хаан банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч хууль эрх зүйн газрын дарга Э.Хосбаяр 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр  хуулийн зөвлөх С.Гантогтоход итгэмжлэл олгосон бөгөөд олгосон өдрөөс 2 жилийн хугацаанд хүчинтэй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүхий л эрхийг олгосон хуулийн хүчин төгөлдөр итгэмжлэл байна.

            Хариуцагч тал зээлийн гэрээ болон үл хөдлөх эд хөрөнгө барьцаалуулсан талаар маргадаггүй.

            Хариуцагч Мон ТББ ХХК болон *******, ******* нар нь Хаан банкны Хөтөл бизнес зээлийн төвтэй 2014 оны  01 дүгээр сарын 27-ны өдөр ЗГ/ТБЗХ/14/40 тоот зээлийн гэрээ байгуулан 400.000.000 сая төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 21.6 хувийн хүүтэй зээлдэн авсан нь 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан зээлийн гэрээгээр тогтоогдож байх тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаанд хамаарч байна. /хх-9-10 хуудас/,

            Мөн 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр баталгаат ипотектийн гэрээ байгуулж, зээлийн гэрээний үүрэгт Сэлэнгэ аймгийн Сайхан сум Хөтөл хот 2-р баг үйлчилгээний зориулалттай 1776м2  талбай бүхий барилгыг 2630мүйлчилгээний зориулалттай газрын хамт, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл хотын 1-р баг 7 дугаар байрны 47 тоот 37.78м2  талбай бүхий 3 өрөө орон сууц, Улаанбаатар хот Баянгол дүүрэг 12 дугаар хороо 6 дугаар бичил хороолол, 12 дугаар байр 39 тоот 30 м талбай бүхий угсармал 2 өрөө орон сууц, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 3 дугаар баг Хараа голын эрэг нарсан төгөлд байрлах Амралт сувилалын зориулалт бүхий 2 га газар, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 3 дугаар багийн Хараа голын эрэг нарсан төгөл Яндан тохойд байрлах амралт сувилалын газарт татсан 1.6 мталбай бүхий цахилгаан шугам сүлжээний 63 миж бүрэн дэд станц зэргийг барьцаалуулсан нь Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1-т заасан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний харилцаанд хамаарч байна. /хх-18-19 хуудас/

            2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, хуулийн хүчин төгөлдөр гэрээ байна.

            Талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр зээлийн гэрээнд 1 удаа нэмэлт өөрчлөлт оруулж, 4 удаа барьцаа хөрөнгөнд өөрчлөлт оруулж, хөрөнгө чөлөөлсөн асуудал дээр маргаагүй.

            Хариуцагч тал нь зээлийн гэрээний 3.3.1-т зээлийн төлбөрийг Хавсралт 1-ээр тохиролцсон “зээл буцаан төлөх хуваарь”-ийн дагуу төлнө, 5.2.1-т зээлийн төлбөрийг сар бүрийн 17-ны өдрийн 5048214784 тоот харилцах дансандаа төвлөрүүлэх, 5.2.5-д зээлийн төлбөрийг зээл буцаан төлөх хуваарийн дагуу хугацаанд нь бүрэн төлөх, 5.2.16-д зааснаар зээлийн буцаан төлүүлэх мэдэгдэл хүлээн авсан тохиолдолд зээлийн төлбөрийг заасан хугацаанд гүйцэтгэх гэсэн гэрээний үүргээ зөрчсөн байна.

            Нэхэмжлэгч банк Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т банк зээлийн үйл ажиллаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, 453 дугаар зүйлийн 453.1-т зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй... гэж тус тус заасны дагуу Хаан банкнаас шилжүүлсэн мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхийг шаардах эрхтэй байна.

            Талуудын байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр дуусах боловч 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс хойш зээлээ төлөөгүй болох нь 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Хаан банкны Хөтөл бизнес зээлийн төвийн зээлийг эргэн төлөх тухай мэдэгдэл, зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгч банк нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар гэрээг хугацаанаас өмнө цуцлаж, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй байна.   

            Хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч ******* нь 1776м2 үл хөдлөх эд хөрөнгөөс 238м2 талбайг иргэн Л.Энхболдод худалдан борлуулж харилцах дансандаа 50.000.000 төгрөг, иргэн С.Пүрэвсүрэнд 108мталбайг худалдан борлууж 18.600.000 төгрөгийг харилцах дансандаа байршуулан “үндсэн зээлийг төлбөрөөс хасалт хийгээчээ” гэсэн хүсэлтийг удаа дараа тавьсан боловч сар сард нь бага багаар зээлийн төлөлтийг хийж Мон ТББ ХХК-г хохироосон, үндсэн зээлийн төлөлтөөс хассан бол одоо нэхэмжлэлийн үнийг дүн 320.266.506.60 төгрөг байхгүй байсан гэж тайлбарлаж байх боловч энэ байдал нь нотлогдохгүй, нотлох баримтаа гаргаагүй болно.

            Иймд дээрх байдлуудыг дүгнээд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 225 дугаар зүйлийн 225.1-т тус тус заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Хөтөл бизнес зээлийн төв  Мон ТББ ХХК болон *******, ******* нарын хооронд байгуулагдсан 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ЗГ/ТБЗХ/14/40 тоот зээлийг гэрээг  цуцлаж,  Мон ТББ ХХК болон Н. Тэрбиш, ******* нараас үндсэн зээлийн төлбөр 178.184.698.60 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 131.112.503 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 10.969.305 төгрөг, нийт 320.266.506.60 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.829.610.03 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Мон ТББ ХХК болон *******, ******* нараас 1.829.610.03 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т олгох нь зүйтэй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан 0000 оны 00 дүгээр сарын 00 ны өдрийн ЗГ/ТБЗХ/0000 тоот зээлийн гэрээг цуцлаж, хариуцагч Мон ТББ ХХК болон *******, ******* нараас үндсэн зээлийн төлбөр 178.184.698.60, зээлийн хүүгийн төлбөрт 131.112.503 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 10.969.305 төгрөг, нийт 320.266.506.60 төгрөгийг гаргуулан *******т олгосугай.

            2. Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1, 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар хариуцагчид шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй бол барьцаа хөрөнгө болох Сэлэнгэ аймгийн Сайхан сум, 2 дугаар баг, Хөтөл хотын төвд байрлалтай үйлчилгээний зориулалттай 863м2 талбайтай улсын бүртгэлийн Ү-0, Г-00000000 дугаартай барилгыг газрын хамт, Сэлэнгэ аймгийн Сайхан сум, 1 дүгээр баг, 7-47 тоот 37,78м2 талбайтай Ү-000000000 дугаартай 3 өрөө орон сууц, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 12 дугаар хороо 12-39 тоот 30м2 талбайтай Ү-00000000 дугаартай 2 өрөө орон сууц, Сэлэнгэ аймгийн Сайхан сум, 3 дугаар баг, Хараа голын эрэг Нарсан төгөлд байрлах амралтын газарт 1,8мталбайд татсан Ү-1310001669 дугаар бүхий шугам сүлжээний дэд станц, Сэлэнгэ аймгийн Сайхан сум, 3 дугаар баг, Хараа голын эрэг Нарсан төгөлд байрлах амралт, сувилалын зориулалттай 2 га газар зэргийг албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.829.610.03 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Мон ТББ ХХК болон *******, ******* нараас 1.829.610.03 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар  шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд гарснаас хойш 14 хоногийн дотор зохигчид шүүхэд хүрэлцэн ирж шийдэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

            6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Г.ДЭЛГЭРСАЙХАН