| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 196/2025/0075/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/88 |
| Огноо | 2025-04-21 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Н.Мөнхцэцэг |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 2025/ШЦТ/88
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тойргийн шүүгч Д.Чинзориг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Буянзаяа,
Улсын яллагч Н.Мөнхцэцэг,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч А.*******, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар,
Шүүгдэгч Ш.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнхцэцэгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 37 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******т холбогдох эрүүгийн 2507000000035 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, *******-ний өдөр, ******* аймагт төрсөн, тай, эрэгтэй, дээд боловсролтой, мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамтаар *******, *******, тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч , тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй,
******* овогт *******ийн ******* /РД:*******/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Ш.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 17 цагийн орчим Налайх дүүргийн ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” нэртэй хүнсний дэлгүүрийн урд автомашины зогсоол дээр байсан иргэн А.*******ы эзэмшлийн *** улсын дугаартай “Тоёота Ланд-300 зэт экс” маркийн тээврийн хэрэгслээр гэртээ дөхүүлэхээр гуйж, улмаар шаардан хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдаж энэхүү маргаанаас үүдэн газраас чулуу авч санаатайгаар шидэж тус тээврийн хэрэгслийн урд салхины шилийг онож цууралт өгсний улмаас дахин ашиглах боломжгүйгээр хагалж гэмтээн А.*******д 4,511,500 төгрөгийн буюу багаас дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ш.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Юуны өмнө та бүгдээс уучлалт хүсэж байна. Өдий 50 нас гарчхаад ийм хэрэг төвөгт орооцолдсондоо маш их харамсаж байна. Тэр өдөр нд явж байсан найзтайгаа таараад гэрт нь очиж 1 шил архи хувааж уусан. Тэгээд замдаа явж байхдаа худындаа орж дахин архи уусан. Харих замдаа дэлгүүрийн гадаа байсан хохирогчийн машин дээр очиж гэртээ хүргүүлэхийг гуйсан. Хохирогч маань би таксинд явдаггүй та такси дуудаад яв гэж хэлсэн юм байна лээ. Тэгээд үл ойлголцож би чулуу авч шидээд шилийг нь гэмтээсэн байгаа. Тэр өдөртөө цагдаад баригдаж цагдаа дээр очсон. Маргааш нь мэдүүлэг өгсөн.” гэв.
Хохирогч А.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Тухайн үед эхнэрээ хүлээгээд машин дотроо утсаа ухаад сууж байсан. Тэгсэн ах цонх тогшихоор нь онгойлгоод яасан ах гэхэд намайг гэр лүү хүргээд өг гэхээр нь би таксинд явдаг жолооч биш гэж хэлсэн. Та такси бариад явчих гэж хэлсэн. Тэгсэн дахиад хүрээд ирсэн. Та нэлээн согтсон юм шиг байна. Такси бариад явчих гэхэд чи утсаа оролдож байхын оронд намайг хүргээд өгөхөд яадаг юм гэж хэлсэн. Би таксинд явдаг жолооч биш гэж хэлсэн. Цаашаа явж байснаа дахин хүрээд ирсэн. Тэгэхээр нь та такси бариад явчхаа гэхэд нэлээн ууртай миний машиныг мөрлөөд толь гэмтээсэн байсан. Хугалчихлаа гэж бодоод буугаад очиход шороон дээрээс чулуу шидээд байсан. Чулуу шидэж болохгүй шүү дээ. Та яаж байгаа юм бэ? гэж хэлэхэд зам хөндлөн гараад явсан. Тэгсэн ах замын цаана нэг машинд ороод суусан. Цагдаа дуудсан. Иртэл нь хүлээж байя гэж бодсон. Тэгээд машинаас буугаад ирэхээр нь та цонх хагалчихлаа гэж хэлсэн. Тэгсэн чи хэн бэ? Би биш гэсэн. Та цагдаа иртэл хүлээж бай гэж хэлээд цагдаа ирэхээр нь хүлээлгэж өгсөн. Тэгээд машиндаа ороод суусан салхины шил хагарсан байсан.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:
Улсын яллагчийн зүгээс: Хэргийн газрын нөхөн үзлэг, гэрэл зургийн үзүүлэлт /хх-4-5/, хохирогчийн мэдүүлэг /хх-/, хөрөнгийн үнэлгээний дүгнэлт /хх-25-26/, гэрч Б.ийн мэдүүлэг /хх-17/, яллагдагч К.*******ийн мэдүүлэг /хх-46-49/
Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс: Хохирогчийн мэдүүлэг /хх-/, хохирлын баримт /хх-23/, үнэлгээний хуудас /хх-25/, Төрийн банкны албан тоот /хх-28/, Төрийн банканд нэр шилжсэн хуулбар /хх-52/, шинээр гаргаж өгсөн 4 хуудас баримт зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын зүгээс нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ш.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 17 цагийн орчим Налайх дүүргийн ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” нэртэй хүнсний дэлгүүрийн урд талын автомашины зогсоол дээр А.*******тай “гэрт хүргэж өгсөнгүй” гэх шалтгааны улмаас маргалдаж түүний эзэмшлийн “Тоёота Ланд-300 зэт экс” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд талын салхины шил рүү газраас чулуу авч шидэж 4,511,500 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь:
1. Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Ш.*******ийн өгсөн: “…2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн өглөө 10 цагийн үед би гэрээс гараад гэх танилынд очоод тай бид хоёр 0,75 литрийн Хараа гэх нэртэй архи хувааж ууж дуусгаад гэрээс нь би ганцаараа гарч яваад /бүтэн нэрийг нь мэдэхгүй/-ынх болох Налайх дүүргийн 4 дүгээр хороонд байрлах /гэрийн хаяг мэдэхгүй байна/ гэрт нь очоод бас 0,75 литрийн архи хувааж уусан. Тэгээд гэрээс нь би ганцаараа гараад Налайх дүүргийн ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг маркетын урдуур гэр рүүгээ явах санаатай явж байтал дэлгүүрийн урд Тоёота Ланд 300 зогсож байсан ба тухайн машин дотор өд өлгөчихсөн байхаар нь би казах хүн байна гэж мэдээд тухайн хүн дээр очоод гэр рүү хүргээд өгөөч гэж гуйсан чинь би таксинд явдаггүй гээд тэрнээс болоод адилхан казах хүмүүс байж хүргээд өгчихгүй гээд бид хоёр бага зэрэг маргалдсан. Тэгээд би газраас чулуу аваад машины салхины шил рүү шидсэн. Гэхдээ цуурсан боловч хагараагүй. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн дээр нь казах хүн байж хүргэж өгсөнгүй гээд тэрнээс болоод чулуу шидчихсэн юм. Тухайн үед би ганцаараа явж байсан өөр хүн байгаагүй. Би өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна, би одоогоор төлж барагдуулсан зүйл байхгүй, цаашид төлж барагдуулах болно...” гэх мэдүүлэг,
/хх 40-41 дүгээр тал/
2. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор А.*******ы өгсөн: “...Би 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Налайх дүүргийн нд үйл ажиллагаа явуулдаг “” нэртэй хүнсний дэлгүүрийнхээ гадна автомашины зогсоол дээр өөрийн эзэмшлийн **** улсын дугаартай “Тоёота Ланд-300 зэт экс” маркийн тээврийн хэрэгсэл дотор сууж байхад үл таних 50 орчим насны согтуу эрэгтэй хүн цонх тогшихоор нь машиныхаа цонхоо буулгасан чинь “Намайг гэр рүү хүргээд өг” гэхээр нь би такси бишээ та таксинд гар өргөөд явчих гэсэн чинь дахиад цонх тогшоод байхаар нь онгойлгосон чинь намайг “Чи утсаа үзээд сууж байхаар намайг гэрт хүргэж өг” гэхээр нь би хүн хүлээж байна, би такси биш гэсэн чинь миний машины зүүн гар талын толийг цохиод мөрлөөд цаашаа яваад өгсөн. Тэгэхээр нь би толь хугарчихлаа гэж бодоод машинаасаа бууж очоод та толь хугалчихлаа гэж хэлсэн чинь газар руу тонгойгоод чулуу авч шидээд байсан. Тэр хооронд би цагдаа дуудчихаад байж байхад замын эсрэг тал руу гараад онгорхой байсан хашаа руу явж ороод хашаанд байсан машинд суучихсан. Тэгээд 15 минут орчим хүлээж байсан чинь машинаасаа гарч юу ч болоогүй юм шиг явах гэхээр нь би толь хагалчихлаа гэсэн чинь нөгөө хүн “Би тэгээгүй, би харьж байна” гэхээр нь цагдаа иртэл хамт байж байгаад цагдаа нарт тухайн хүнийг өгөөд явуулсан. Тэгээд машин дээрээ очсон чинь харин урд салхины шилний баруун тал хэсэгт 2 см орчим цуурсан байсан. Тэр танихгүй хүн газраас юм авч шидэх үед нь хагарсан...Би тухайн салхины шилийг янзлуулахгүй. Харин тухайн хагалсан хүнээр шинэ салхины шил хийлгэнэ. Таван богд ХХК-аас залгаж асуухад ажлын хөлс ороод 5,500,000 төгрөг болно гэж байсан. Тэгэхээр би тухайн үнэлгээгээр нь үнэлж байна...Би өөрийн тээврийн хэрэгслийн цонхны шилийг төлж барагдуулмаар байна, дээр нь үнэлгээний төлбөр болох 508,000 төгрөгийг нэмж нэхэмжлэх болно...” гэх мэдүүлэг,
/хх , 15 дугаар тал/
3. Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,
/хх 4-7 дүгээр тал/
4. “Вендо үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 49638 дугаартай: “...4,511,500 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх тайлан, гэрэл зургийн үзүүлэлт,
/хх-ийн 25-26 дугаар тал /
5. Төрийн банкны 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 24-05/08 дугаартай: “хохирогч, иргэний нэхэмжлэгчээр А.*******ыг тогтоосон” албан тоот,
6. Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх 45-49 дүгээр тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан.
“Эд хөрөнгө устгасан” гэж эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах, эзэмших боломжгүй болгосныг, “Эд хөрөнгө гэмтээсэн” гэж эд хөрөнгөд гэмтэл учруулж, эд хөрөнгийг сэргээж засварласны дараагаар зориулалтын дагуу ашиглах, эзэмших боломжтой байхыг тус тус ойлгоно.
“Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмч, өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” буюу 300,000 төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгоно гэж заасан байдаг ба Хөрөнгийн үнэлгээний тайлангаар хохирогчид 4,511,500 төгрөгийн хохирол учирсан нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэж үзнэ.
Шүүгдэгч Ш.******* нь хохирогчийн эд хөрөнгөд халдаж бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн идэвхтэй үйлдэл хийсэн бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Шүүх хуралдаанд гэм буруу, эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлт, тайлбар:
Улсын яллагчаас: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.*******ийг 3 сарын хугацаанд Налайх дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш гарахгүй байх эрх хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх саналтай байна.” гэх,
Хохирогчийн өмгөөлөгчөөс: “...Үнэлгээгээр тогтоосон хохирлоос шүүгдэгчийн зүгээс 1,700,000 төгрөг төлсөн. Хохирогчийн зүгээс нийт 5,619,500 төгрөг нэхэмжилсэн. Үлдэгдэл 3,919,500 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж өгнө үү. Шүүгдэгчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагаанаас эхлээд хохирогчтой уулзаж хохирлыг төлөх арга хэмжээ авч байсан. Мөн эрхэлсэн тодорхой ажилтай байгаа тул түүнд торгох шийтгэл оноож өгнө үү.” гэх тайлбар, дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Ш.*******ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч А.*******ы “Тоёота Ланд-300 зэт экс” маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд салхины шил цуурч хохиролд 4,511,500 төгрөг, үнэлгээ хийлгэсэн төлбөр 508,000 төгрөг, урд салхины шил солих төлбөр 600,000 төгрөг, нийт 5,619,500 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч нь 1,700,000 төгрөг төлснийг хасаж үлдэгдэл 3,919,500 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ:
Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,
Учирсан хохиролд: Хохирол, хор уршигт хандаж буй хандлага, хохирол төлбөр төлөгдсөн байдал,
Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал, ажил хөдөлмөр эрхлэлтийн байдал зэргийг харгалзан үзэв.
Харин шүүгдэгч Ш.*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.
Түүнчлэн “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж зааснаар шүүгдэгч Ш.*******т торгуулийн ял оногдуулах боломжтой гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” заасан гэм буруутайд тооцож түүнд торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Бусад асуудлаар
Шүүгдэгч Ш.******* нь эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.*******ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.******* нь оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Ш.******* нь энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ш.*******ээс 3,919,500 төгрөгийг гаргуулж хохирогчид олгосугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ