Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 2021/ДШМ/03    

 

      С.Е-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж, тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 2020/ШЦТ/219 дүгээр шийтгэх тогтоолтой, шүүгдэгч С.Е-д холбогдох эрүүгийн 1913001800075 дугаартай хэргийг шүүгдэгчийн давж заалдах гомдлыг үндэслэж 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Хундыз, тус аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Б.Баярмагнай, шүүгдэгч С.Е-, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Бакен нар оролцов.

 

С.Е нь:

1. Баян-Өлгий аймгийн Сум дундын ойн ангийн даргын албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тус аймгийн Дэлүүн сумын Хөх сэрхийн улсын тусгай хамгаалалттай газарт зориулж Сум дундын ойн ангийн мод үржүүлгийн талбайгаас 1000 ширхэг суулгацыг худалдан борлуулсан үнэ 500.000.00 төгрөгийг байгууллагын орлогод авахгүйгээр 2018 оны 5 дугаар сард Х.С-ээс бэлнээр авч өөртөө давуу байдал бий болгосон,

2. Тус байгууллагын 2018 оны мод арчилгааны огтлолтын зардал 2.200.000.00 төгрөгөөс 540.000.00 төгрөгийг албан тушаалын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор ашиглаж, байгууллагын санхүүд баримт бүрдүүлэн тусгуулж, өөрийн эхнэрийн нэр дээр бүртгэлтэй “А” хоршоонд өглөгтэй гэх нэрийдлээр уг мөнгийг бэлнээр 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдөр эхнэр М.Ж-д өгч давуу байдал бий болгосон,

3. Баяннуур суманд ногоон хэрмийн ойн зурвас байгуулах төслийн 10.000.000.00 төгрөгийн төсөвт өртөгтэй ажлыг байгууллагын нэрээр гүйцэтгэхдээ Сум дундын ойн ангийн мод үржүүлгийн талбайгаас 1600 ширхэг суулгац мод суулгасан боловч албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж түүний үнэ 2.080.000.00 төгрөгийг байгууллагын орлогод авахгүйгээр уг мөнгийг өөрийн эхнэр М.Ж-ы дансаар дамжуулан 1.300.000.00, 487.000.00 төгрөг зэргээр буцаан шилжүүлэн авч өөртөө давуу байвал бий болгосон,

4. Толбо сумын чиглэлийн зам дагуу ойн зурваст услалтын систем байгуулах 15000000.00 төгрөгийн ажлыг байгууллагын нэрээр гүйцэтгэхдээ албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж санхүүжилтийн үлдэгдэл 979.200.00 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр К.М-, М.Д-, Х.А-нарыг ажиллуулсан мэт санхүүгийн тайланд баримт бүрдүүлэн тусгаж, мөнгийг өөрөө авч давуу байдал бий болгосон,  

5. Байгууллагын 2018 оны мод арчилгааны огтлолт хийх үед албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, уг ажилд хэрэглэгдэх ажлын хувцасны зардалд зарцуулах 456.000.00 төгрөгийг өөрийн эхнэрийн нэр дээр бүртгэлтэй “А” хоршооны данс руу 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр шилжүүлэн өгч өөртөө болон хамаарал бүхий этгээддээ давуу байдал бий болгож Баян-Өлгий аймгийн Сум дундын ойн ангийн төсөвт нийт 4.555.200.00 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар 03-ний өдрийн 2020/ШЦТ/219 дүгээр шийтгэх тогтоолоор:   

              “1. Шүүгдэгч С.Е-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

              2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Е-ын нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

              3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Е-ад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

              4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Е-ад оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

              5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч С.Е-аас 3.120.000 /гурван сая нэг зуун хорин мянга/ төгрөгийг гаргуулж Баян-Өлгий аймгийн Сум дундын ойн ангид олгосугай.” гэж шийдвэрлэжээ.

 

                Шүүгдэгч С.Е-ын давж заалдах гомдолд: “Миний бие Баян-Өлгий аймгийн Сум дундын ойн ангийн даргын албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын “Хөх сэрхийн улсын тусгай хамгаалалттай газар”-т өөрийн удирдаж байгаа байгууллагын мод үржүүлгийн талбайгаас 1000 ширхэг суулгацыг худалдан борлуулсны үнэ болох 500.000 төгрөгийг 2018 оны 05 дугаар сарын сүүлчээр Х.С-ээс бэлнээр авч хувьдаа завшиж өөртөө давуу байдал бий болгосон, тус байгууллагын 2018 оны мод арчилгааны зардал болох 2.200.000 төгрөгөөс 540.000 төгрөгийг хуурамч баримт бүрдүүлэн санхүүгийн баримтад хавсаргаж 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр өөрийн эхнэр М.Ж-д өгч өөрийн хамаарал бүхий этгээдэд давуу байдал бий болгосон,Баяннуур суманд ногоон хэрмийн ойн зурвас байгуулах төслийн 10.000.000 төгрөгийн төсөвт өртөгтэй ажлыг гүйцэтгэхдээ өөрийн удирдаж байгаа байгууллагын мод үржүүлгийн талбайгаас 1600 ширхэг мод суулгасан боловч хуурамч баримт бичиг бүрдүүлж 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 2 080.000 төгрөгийг хувьдаа завшиж, уг мөнгөнөөс 1.300.000 төгрөгийг эхнэр Ч.Ж-ы дансаар дамжуулан авч өөрт болон хамаарал бүхий этгээдэд давуу байдал бий болгосон,Толбо чиглэлийн зам дагуу ойн зурваст услалтын систем байгуулах 15.0 сая төгрөгийн ажлын санхүүжилтийн үлдэгдэл 979.200 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хуурамч баримт бүрдүүлэн хувьдаа завшиж өөртөө давуу байдал бий болгосон, Уг байгууллагын 2018 оны арчилгааны огтлолт хийх үед хэрэглэх хувцасны зардалд зарцуулах 456.000 төгрөгийг өөрийн эхнэрийн нэр дээр бүртгэлтэй “А” хоршооны данс руу 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр шилжүүлэн өгч хамаарал бүхий этгээдэд давуу байдал бий болгосон зэрэг үйлдлүүдээр улсын төсөвт нийдээ 4.555.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдон шалгагдсан.Миний үйлдсэн гэмт хэргийг анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир би өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Анхан шатны шүүхээс гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан өмгөөлөгч Х.Зулхашын хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаанд хэргийн нөхцөл байдлыг буруугаар ойлгож хохирлыг нөхөн төлж чадаагүй. Миний үйлдсэн гэмт хэргийн улмаас нийтдээ 4.555.200 төгрөгийн хохирол учирсан ба үүнээс 1.435.200 төгрөгийн хохирлыг байгууллагын банк дахь жижиг мөнгөн санд хэрэг шүүхэд шилжихээс өмнө буцаагаад хийсэн байсан. Үлдэгдэл 3.120.000 төгрөгийн төлбөрийг 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Сум дундын ойн ангийн Төрийн сан дахь 100020013403 тоот дансанд нөхөн төлсөн. Одоо байгууллагад төлөх ямар нэгэн өр төлбөргүй байна. Миний бие 61 настай, зүрх өвддөг, мөн даралт өндөртэй. Ам бүл-7, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Эхнэр өндөр насны тэтгэвэрт байдаг.Их, дээд сургууль төгссөн 3 хүүхэд эрхэлсэн тодорхой ажилгүй. Нэг хүүхэд оюутан, нэг хүүхэд ерөнхий боловсролын сургуулийн сурагч. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарласан арга хэмжээ хэрэглэх, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-т хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэхээр тус тус зохицуулсан байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-д заасны дагуу миний үйлдсэн хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг тодорхой хугацаагаар тэнсэж хөнгөрүүлж өгнө үү.” гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч С.Е-ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр, тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шүүх үнэлж дүгнэх боломжтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчилгүй тогтоогдоогүй болно.

 

Нэг. Хэргийн талаар тогтоогдсон байдал

 

1. Гэрч Ш.Ж-[1], Р.Г-[2], М.Н-[3], Ш.Т-[4], иргэний нэхэмжлэгч Б.С-[5] нарын мэдүүлэг, Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн акт[6], Хөх сэрхийн нурууны тусгай хамгаалалтай газрын хамгаалалтын захиргааны орлогын баримт, тус газрын дарга Х.С-ийн тодорхойлолт[7], мэдүүлэг[8], Сум дундын ойн ангийн бичиг хэргийн ажилтан С.Г-гийн тодорхойлолт[9], шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 106 дугаар дүгнэлтийн 1 дүгээр хавсралт[10] зэрэг  баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар үнэлэхэд, шүүгдэгч С.Е- нь Баян-Өлгий аймгийн Сум дундын ойн ангийн даргын албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тус аймгийн Дэлүүн сумын Хөх сэрхийн улсын тусгай хамгаалалттай газарт зориулж Сум дундын ойн ангийн мод үржүүлгийн талбайгаас 1000 ширхэг суулгацыг худалдан борлуулсан үнэ 500.000.00 төгрөгийг байгууллагын орлогод авахгүйгээр 2018 оны 5 дугаар сард Х.С-ээс бэлнээр авч өөртөө давуу байдал бий болгосон нь хангалттай тогтоогдсон, энэ талаарх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцсэн, хууль ёсны байх зарчмыг хангасан байна.

С.Е- нь Сум дундын ойн ангийн мод үржүүлгийн талбайгаас 1000 ширхэг суулгацыг Дэлүүн сумын Хөх сэрхийн Улсын тусгай хамгаалалттай газарт худалдан борлуулсан боловч уг суулгацын үнэ 500.000.00 төгрөгийг байгууллагын орлогод аваагүй нь эд мөрийн баримтаар хураагдсан Сум дундын ойн ангийн 2018 оны 5 дугаар сарын санхүүгийн харилцахын баримтуудаар тогтоогджээ.

 

2. Сум дундын ойн ангийн 2018 оны мод арчилгааны огтлолтын зардал 2.200.000.00 төгрөгөөс 540.000.00 төгрөгийг Сум дундын ойн ангийн дарга С.Е- нь албан тушаалын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор ашиглаж, байгууллагын харилцахын санхүүд баримт бүрдүүлэн тусгуулж эхнэрийн нэр дээр бүртгэлтэй “А” хоршоонд өглөгтэй гэх нэрийдлээр уг мөнгийг бэлнээр 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдөр эхнэр М.Ж-д өгч давуу байдал бий болгосон нь гэрч Ш.Ж-[11], Р.Г-[12], С.Г-[13] нарын мэдүүлэг, Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн акт[14], иргэний нэхэмжлэгч Б.С-ийн мэдүүлэг[15] зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Тэрээр Цэнгэл сумын нутагт мод арчилгааны тохируулах огтлолт хийхэд ажилласан хүмүүс хэмээн Ж.М-нарын 9 хүний цалинд 1.237.500.00 төгрөг, Булган сумын нутагт мод арчилгааны тохируулах огтлолт хийхэд ажилласан хүмүүс хэмээн А.Х- нарын 7 хүний цалинд 962.500.00 төгрөг[16], нийт 2.200.000.00 төгрөгийг бүрэн зарцуулсан мэтээр баримт бүрдүүлж, санхүүгийн тайланд тусгуулсан нь эд мөрийн баримтаар хураагдсан Сум дундын ойн ангийн 2018 оны харилцах баримтуудаар, ажиллаагүй хүмүүсийн нэрийг бичиж, баримт бүрдүүлсэн нь гэрч С.Н-ы мэдүүлэг[17] зэргээр нотлогджээ.

 

3. Баяннуур суманд ногоон хэрмийн ойн зурвас байгуулах төслийн 10.000.000.00 төгрөгийн төсөвт өртөгтэй ажлыг Сум дундын ойн анги гүйцэтгэхээр тус ангийн инженер М.Н- нь 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдөр захиалагч “Ойн судалгаа, хөгжлийн төв” УТҮГ-ын захирал Д.М-“Ногоон хэрэм” төслийн хүрээнд Баян-Өлгий аймагт шинээр ойн зурвас байгуулах ажлын гэрээг[18] байгуулжээ. Тус ойн зурвас байгуулах ажлыг хүлээж авсан актаар[19] гүйцэтгэгч Сум дундын ойн анги нь Баяннуур сумын Цул улаан гэх газарт 5 га талбайд 3000 ширхэг тарьц суулгаснаас 2435 ширхэг таримал мод ургасан, гүйцэтгэлийн хэмжээ, чанар, үр дүнгийн байдлыг үндсэн 5 га  ойн зурвас байгуулах ажилд зарцуулсан хөрөнгө санхүүжилтийг улсын төсвийн эх үүсвэрээс санхүүжүүлжээ.

Уг 3000 ширхэг суулгацыг Сум дундын ойн анги тарихдаа өөрийн байгууллагын мод үржүүлгийн талбайгаас 1600 ширхэг мод суулгасан, 1400 ширхэг модыг Увс аймгийн “Модлог ургамал тариалагч” НҮТББ-аас худалдан авсан болох нь гэрч Ш.Ж-[20], Р.Г-[21], гэрч М.Н- нарын мэдүүлэг[22], Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн акт[23] зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ. Ингэхдээ 1 ширхэг суулгацыг 1300 төгрөгөөр үнэлж, 3000 ширхэг суулгацыг 3.900.000.00 төгрөгөөр авсан гэж тайлагнасан боловч Сум дундын ойн ангийн үржүүлгийн талбайгаас авсан 1600 ширхэг суулгацын үнэ буюу 2.080.000.00 төгрөгийг орлогод аваагүй болох нь эд мөрийн баримтаар хураагдсан Сум дундын ойн ангийн 2018 оны 5 дугаар сарын санхүүгийн харилцах баримтууд, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 106 дугаар дүгнэлтийн 2 дугаар хавсралтаар[24] тогтоогдож байна.

Байгууллагын санхүүгийн харилцах баримтуудыг судлан үзвэл, Сум дундын ойн ангийн дарга С.Е- нь өөрийн байгууллагын мод үржүүлгийн талбайгаас авсан 1600 ширхэг суулгацыг “Модлог ургамал тариалагч” НҮТББ-аас авсан мэтээр баримт бүрдүүлэхдээ 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Увс аймагт үйл ажиллагаа явуулдаг “Модлог ургамал тариалагч” НҮТББ-ын 5830152974 дугаартай данс руу 1.187.500.00 төгрөгийг, 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 1.512.500.00 төгрөгийг[25] тус тус шилжүүлсэн нь “Модлог ургамал тариалагч” НҮТББ-ын нэхэмжлэх[26], уг төрийн бус байгууллагын Хаан банкны харилцах 5830152974 дугаартай дансны хуулга[27] зэргээр нотлогдож байна. Түүнчлэн С.Е- нь “Модлог ургамал тариалагч” НҮТББ-аас суулгац авсан хэмээн баримт бүрдүүлж, мөнгө гаргасны дараа тухайн байгууллагаас мөнгөө эрүүгийн шилжүүлж авдаг болох нь гэрч Ц.Л-гийн мэдүүлгээр[28] тогтоогджээ. Тухайлбал Сум дундын ойн ангиас 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр “Модлог ургамал тариалагч” НҮТББ-ын 5830152974 дугаар данс руу 1.187.500.00 төгрөг шилжүүлсний дараа 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр шүүгдэгч С.Е-ын эхнэр М.Ж-ы Хаан банкны 5180458569 дугаарын дансанд “Модлог ургамал тариалагч” НҮТББ-ны 5830152974 дугаарын данснаас “суулгацын үнийн зөрүү” гэх 487.000.00 төгрөгийг[29],  мөн тус ойн ангиас “Модлог ургамал тариалагч” НҮТББ-ын 5830152974 дугаартай данс руу 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 1.512.500.00 төгрөгийг шилжүүлсний дараа 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр “Модлог ургамал тариалагч” НҮТББ-ын дарга Ц.Л-гийн 5820007790 дугаарын Хаан банкны данснаас шүүгдэгчийн эхнэр М.Ж-ы 5180458569 дугаарын дансаар дамжуулан 1.300.000.00 төгрөгийг[30] тус тус  буцаан шилжүүлж авсан нь тогтоогдсон.

Иймд Баяннуур суманд ногоон хэрмийн ойн зурвас байгуулах төслийн 10.000.000.00 төгрөгийн төсөвт өртөгтэй ажлыг байгууллагын нэрээр гүйцэтгэхдээ Сум дундын ойн ангийн мод үржүүлгийн талбайгаас 1600 ширхэг суулгац мод суулгасан боловч тус ойн анийн дарга С.Е- албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж түүний үнэ 2.080.000.00 төгрөгийг байгууллагын орлогод авахгүйгээр уг мөнгийг өөрийн эхнэр М.Ж-ы дансаар дамжуулан 1.300.000.00, 487.000.00 төгрөг зэргээр буцаан шилжүүлэн авч өөртөө давуу байдал бий болгосон нь тогтоогдсон, энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

 

4. Баян-Өлгий аймгийн Өлгий сумаас Толбо сумын чиглэлийн зам дагуу ойн зурваст услалтын систем байгуулах 15.000.000.00 төгрөгийн ажлыг байгууллагын нэрээр гүйцэтгэхдээ ойн ангийн дарга С.Е- нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж санхүүжилтийн үлдэгдэл 979.200.00 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр К.М-, М.Д-, Х.А-нарыг ажиллуулсан мэт санхүүгийн харилцахад баримт бүрдүүлэн тусгаж, уг мөнгийг өөртөө авч давуу байдал бий болгосон нь гэрч Ш.Ж-[31], Р.Г-[32], гэрч С.Г-гийн тодорхойлолт, мэдүүлэг[33], гэрч К.М-, Х.А-[34], М.Д-[35] нарын мэдүүлэг, аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн акт[36], иргэний нэхэмжлэгч Б.С-ийн мэдүүлэг[37], эд мөрийн баримтаар хураагдсан тус байгууллагын санхүүгийн харилцахын төлбөрийн хүсэлт, ажилласан гэх хүмүүсийн жагсаалт[38], шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 106 дугаар дүгнэлтийн 104 дүгээр хавсралт[39] зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч С.Е- нь 2018 оны эцэст дээрх санхүүжилтээс үлдсэн 979.200.00 төгрөгийг Толбо сумын чиглэлийн зам дагуу ойн зурваст услалтын систем байгуулах ажилд огт ажиллаагүй К.М-, М.Д-, Х.А-нарыг ажилласан мэтээр баримт бүрдүүлэн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 979.195.00 төгрөгийг байгууллагын данснаас гаргаж, эхнэр М.Ж-ы “А” хоршоонд тус байгууллага өглөгтэй гэх нэрийдлээр өөртөө авсан, уг 979.200.00 төгрөгийг байгууллагад буцаан төлсөн нь иргэний нэхэмжлэгч Б.С-ийн мэдүүлгээр[40] нотлогджээ.

 

5. Байгууллагын 2018 оны мод арчилгааны огтлолт хийх үед хэрэглэх ажлын хувцасны зардалд зарцуулах 456.000.00 төгрөгийг өөрийн эхнэрийн нэр дээр бүртгэлтэй “А” хоршооны данс руу 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр шилжүүлэн[41] өгч давуу байдал бий болгосон нь гэрч Ш.Ж-, Р.Г-, М.Ж- нарын мэдүүлэг, Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн акт[42], нярав, бичиг хэргийн ажилтан С.Г-гийн баримт[43],  шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 106 дугаар дүгнэлтийн 5 дугаар хавсралт[44] зэргээр тогтоогджээ.

Тэрээр 2018 оны мод арчилгааны огтлолт хийх үед ойн ангийн ажилчдад ажлын хувцас өгөөгүй боловч 2018 оны 12 дугаар сард хэмнэлтээр үлдсэн 456.000.00 төгрөгийг ажлын хослол гэж өөрийн эхнэр М.Ж-ы “А” хоршоонд шилжүүлэн авч, хэрэг шалгагдах явцад буюу 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр тус ангийн ажилтнуудад зуны ажлын хувцас олгож[45], байгууллагад учруулсан 456.000.00 төгрөгийн хохирлыг төлсөн болох нь иргэний нэхэмжлэгч Б.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгээр[46] нотлогджээ.

 

Хоёр. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

 

                Баян-Өлгий аймгийн прокурорын газраас шүүгдэгч С.Е-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснээр гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулсан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль ёсны зарчим, 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруугийн зарчимд тус тус нийцсэн байна.

 

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон дээрх үйл баримуудад анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгч С.Е-ыг   Баян-Өлгий аймгийн сум дундын ойн ангийн даргын албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон хамаарал бүхий этгээдэд давуу байдал бий болгож төсвийн байгууллагад нийт 4.555.200.00 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл холбогдлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэжээ.

 

Хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч С.Е-ын дээрх үйлдлүүд нь Баян-Өлгий аймгийн Сум дундын ойн ангийн дарга буюу төсвийн шууд захирагчийн хувьд байгууллагын мөнгөн хөрөнгийг санхүүгийн баримтуудыг хуурамчаар бүрдүүлэн харилцахын тайланд тусгах замаар өөртөө авах, эхнэр М.Ж-ы дансаар дамжуулан буцаан шилжүүлж авах, эсхүл түүний нэр дээр бүртгэлтэй “А” хоршооны дансаар дамжуулан авах, байгууллагын нэрээр борлуулсан суулгацын үнийг орлогод авахгүйгээр өөртөө авах, ойн анги нь “А” хоршоонд өглөгтэй гэх нэрийдлээр хамаарал бүхий этгээдэд шилжүүлэх зэргээр байгууллагын даргын эрх нөлөөг албаны эрх ашгийн эсрэг, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэхийн тулд ашигласан буюу эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинжийг хангасан байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Түүнчлэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгч С.Е-д оногдуулсан нэг жил хоёр сарын хугацаагаар  хорих ял нь Сум дундын ойн ангийн даргын албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон хамаарал бүхий этгээддээ давуу байдал бий болгож, төсвийн байгууллагад 4.555.200.00 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг, тухайн гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон, Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчимд нийцсэн байна. 

 

Анхан шатны шүүх шүүгдэгч С.Е-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, шүүхээс шийтгэх тогтоол гарах үед хохирол төлбөр төлөөгүй байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулсан нь мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг журмыг зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч С.Е- нь “Миний үйлдсэн гэмт хэргийн улмаас нийтдээ 4.555.200 төгрөгийн хохирол учирсан ба үүнээс 1.435.200 төгрөгийн хохирлыг байгууллагын банк дахь жижиг мөнгөн санд хэрэг шүүхэд шилжихээс өмнө буцаагаад хийсэн. Үлдэгдэл 3.120.000 төгрөгийн төлбөрийг 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Баян-Өлгий аймгийн Сум дундын ойн ангийн Төрийн сан дахь 100020013403 тоот дансанд нөхөн төлсөн. Одоо байгууллагад төлөх ямар нэгэн өр төлбөргүй байна. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсгийг баримтлан миний үйлдсэн хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг тодорхой хугацаагаар тэнсэж хөнгөрүүлж өгнө үү.” гэсэн гомдол гаргаж “шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир би өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байна” гэж тэмдэглэн, давж заалдах гомдолдоо үлдэгдэл хохирол төлбөр 3.120.000.00 төгрөгийг бүрэн барагдуулсан баримтыг[47] хавсарган ирүүлжээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтаар гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан, энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэж болно гэж хуульчилсан. Шүүгдэгч С.Е- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, анхан шатны шүүхээс шийтгэх тогтоол гарсны дараа энэ хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй болох нь тогтоогдсон боловч тэрээр мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, гэм буруугийн шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, түүнд холбогдох хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг түр завсарлуулсан хугацаанд шүүхээс тогтоосон хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй, шийтгэх тогтоол гарсны дараа төлсөн, түүнчлэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан, давж заалдах шатны шүүхээс түүнд оногдуулсан нэг жил хоёр сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтаар тэнсэх хууль зүйн үндэслэлгүй тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

           

Харин шүүгдэгч С.Е- нь шийтгэх тогтоол гарсны дараа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо бүрэн нөхөн төлсөн учраас шийтгэх тогтоолд энэ талаар зохих өөрчлөлтийг оруулах ба энэ нь анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилд хамаарахгүй тэмдэглэх нь зүйтэй байна.

 

Хуульд зааснаар шүүгдэгч С.Е-ын цагдан хоригдсон 47 хоногийн хугацааг түүний ял эдлэх хугацаанд оруулж тооцно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 2020/ШЦТ/219 дүгээр шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 5 дахь заалтыг “Шүүгдэгч С.Е- нь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг дурдсугай.” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Е-ын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Е-ын цагдан хоригдсон 47 хоногийн хугацааг түүний ял эдлэх хугацаанд оруулж тооцсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай. 

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн энэ шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон” гэсэн үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

                        

        

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      С.ӨМИРБЕК

 

                                    ШҮҮГЧИД                                                       Д.КӨБЕШ 

                                                                                                           

Н.ТУЯА

 

[1] Хэргийн 1 дүгээр хавтасны 34, 2 дугаар хавтасны 20 дахь тал.

[2] Хэргийн 1 дүгээр хавтасны 36-37, 3 дугаар хавтасны 16-19 дэх тал.

[3] Хэргийн 1 дүгээр хавтасны 56 дахь тал.

[4] Хэргийн 3 дугаар хавтасны 15 дахь тал.

[5] Хэргийн 3 дугаар хавтасны 11 дахь тал.

[6] Хэргийн 1 дүгээр хавтасны 117-118 дахь тал.

[7] Хэргийн 2 дугаар хавтасны 199-200 дахь тал.

[8] Хэргийн 3 дугаар хавтасны 36-37 дахь тал.

[9] Хэргийн 2 дугаар хавтасны 201 дахь тал.

[10] Хэргийн 1дүгээр хавтасны 101 дахь тал.

[11] Хэргийн 1 дүгээр хавтасны 35, 2 дугаар хавтасны 20-21 дэх тал.

[12] Хэргийн 1 дүгээр хавтасны 37, 58, 3 дугаар хавтасны 16-19 дэх тал.

[13] Хэргийн 1 дүгээр хавтасны 48 дахь тал.

[14]Хэргийн 1 дүгээр хавтасны 121-122 дахь тал.

[15] Хэргийн 3 дугаар хавтасны 11 дэх тал.

[16] Эд мөрийн баримтын 441-442 дахь тал.

[17] Хэргийн 1 дүгээр хавтасны 56-57 дахь тал

[18] Хэргийн 1 дүгээр хавтасны 72-73 дахь тал

[19] Хэргийн 1 дүгээр хавтасны 74-75 дахь тал

[20] Хэргийн 1 дүгээр хавтасны 34, 2 дугаар хавтасны 20 дахь тал.

[21] Хэргийн 1 дүгээр хавтасны 36-37 дахь тал.

[22] Хэргийн 2 дугаар хавтасны 9-10 дахь тал.

[23] Хэргийн 1 дүгээр хавтасны 119-120 дахь тал.

[24] Хэргийн 1 дүгээр хавтасны 102 дахь тал.

[25] Эд мөрийн баримтын 761 дэх тал.

[26] Эд мөрийн баримтын 459-460 дэх тал.

[27] Хэргийн 3 дугаар хавтасны 52 дахь тал.

[28] Хэргийн 3 дугаар хавтасны 41-42 дахь тал.

[29] Хэргийн 3 дугаар хавтасны 67 дахь тал.

[30] Хэргийн 3 дугаар хавтасны 57 дахь тал.

[31] Хэргийн 1 дүгээр хавтасны 35 дахь тал.

[32] Хэргийн 1 дүгээр хавтасны 36-37, 59, 3 дугаар хавтасны 16-19 дэх тал.

[33] Хэргийн 1 дүгээр хавтасны 47-48, 2 дугаар хавтасны 14, 214-216  дахь тал.

[34] Хэргийн 1 дүгээр хавтасны 51, 54 дэх тал.

[35] Хэргийн 3 дугаар хавтасны 25 дахь тал.

[36] Хэргийн 1 дүгээр хавтасны 123-124 дэх тал.

[37] Хэргийн 3 дугаар хавтасны 11 дэх тал.

[38] Эд мөрийн баримтын 759-760 дахь тал.

[39] Хэргийн 1 дүгээр хавтасны 104 дэх тал.

[40] Хэргийн 3 дугаар хавтасны 11 дэх тал.

[41] Эд мөрийн баримтын 789 дэх тал.

[42] Хэргийн 1 дүгээр хавтасны 125-126 дахь тал.

[43] Хэргийн 2 дугаар хавтасны 220 дахь тал.

[44] Хэргийн 1 дүгээр хавтасны 105 дахь тал.

[45] Хэргийн 3 дугаар хавтасны 142 дахь тал.

[46] Хэргийн 3 дугаар хавтасны 11 дэх тал.

[47] Хэргийн 2 дугаар хавтасны 61 дэх тал.