Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 238

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа,

Улсын яллагч Л.Мажигсүрэн,

Шүүгдэгч У.Амаржаргал, түүний өмгөөлөгч С.Чулуунцэцэг /ҮД: 0464/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тажив овгийн Улаанхүүгийн Амаржаргалд холбогдох эрүүгийн 201525021487 дугаар хэргийг 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр яллагдагчийг шүүхэд шилжүүлж, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын харьяат, 1987 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, эх баригч эмч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг эхийн хамт Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 27-565-е тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, Тажив овогтой Улаанхүүгийн Амаржаргал. /РД:ЛЙ87012372/

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

   Шүүгдэгч У.Амаржаргал нь 2015 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 07 дугаар хороо, 9-3 тоотод оршин суух З.Гансоёмбыг гэртээ байхад нь орж, урьдны танилын сайн харилцаагаа ашиглан "...гар утсаа өгч байгаач эмнэлэг рүү орох гэсэн чинь түлхүүр байдаггүй..." гэж худал хэлж гар утсыг нь авч улмаар бусдад зарж борлуулан 250.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

- 2015 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 07 хорооны 7-268 тоотод оршин суух урьдны танил Д.Тунгалагийн гэрт тариа хийх нэрийдлээр орж ирэхдээ "...эгчийн бие муу байна эм, тарианы мөнгө хэрэгтэй байна мөнгө зээлээч..." гэж худал хэлж 380.000 төгрөгийн үнэ бүхий монетон хос ээмгийг нь залилан авч улмаар 200.000 төгрөгийн барьцаанд тавьж, урьдны танилын сайн харилцаагаа ашиглан, итгэлийг эвдэх, хуурч мэхлэх аргаар залилан мэхлэж, давтан үйлдэлээр бусдад нийт 630.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан

- 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүртэлх хугацаанд мөрдөн байцаалтын шатанд авсан "Батлан даалтанд өгөх" таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж прокурорын хяналтын шатнаас зориуд санаатайгаар зайлсхийж оргон зайлсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

          Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч У.Амаржаргал нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Хэрэг бүртгэлийн шатанд гэм буруугаа хүлээн үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй…” гэв.

Шүүгдэгч У.Амаржаргал нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2015 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 9 дүгээр байрны орчимд танил Түмээ, Түмээгийн найз бид 3 хүн рүү ярьж мөнгө асуух гэтэл бид гуравт гар утас байхгүй байсан болохоор, өмнө нь хариуцаж ажиллаж байсан 9 дүгээр байрны 3 тоотын Гансоёмбын гар утсаар гуйж яръя гэж бодон гэр рүү нь орсон. Тэгээд тэдний гэрийн хаалгыг цохиход эхнэр нь хүүхдээ тэврээд хаалга тайлж өгөхөөр нь “гар утсаараа яриулаач” гэтэл хар саарал өнгийн “Айфоне” гар утас өгсөн. Тэгээд би утсыг аваад орцны гадаа гарч 88869979 дугаартай Батаа гэх танил руугаа залгахад холбогдох боломжгүй байсан тэгээд буцаагаад гар утсыг нь оруулж өгөх гэтэл хамт явж байсан Түмээ өөр мөнгө олох боломж байхгүй энэ гар утсыг мөнгө болгоё гээд байхаар нь буцааж оруулж өгөлгүй Монтел төв дээр очиж хүнд 50.000 төгрөгөөр зарсан... Гансоёмбын гар утсыг зарж мөнгөтэй болъё гэж бодон буцаан өгөөгүй.. мөн 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдөр манай үйлчлүүлэгч Д.Тунгалаг эгчийн гэрт очоод “мөнгө зээлээч” гэхэд надад ээмэгээ өгөхөөр нь ломбарданд тавиад мөнгийг нь үрсэн..." гэсэн мэдүүлгээр /1 хх-ийн 121-122, 176-177, 2 хх-ийн 51-52 дугаар хуудас/

 

Хохирогч З.Гансоёмбо мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2015 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 11 цаг өнгөрч байх үед намайг гэртээ байхад гэрийн хаалга хүн тогшихоор нь тайлтал өрхийн Амаржаргал гэдэг эмч “эмнэлэг рүүгээ орох гэсэн юм түлхүүр байдаггүй утсаа өгч байгаач” гэхээр нь би нөхрийнхөө “Айфоне-4” маркийн хар өнгийн гар утсыг өгсөн юм. Тэгээд тэр эмч манай гэрийн гадаа үүдэн дээр эхлээд ярьж байсан юм. Тэгэхээр нь би гэрийнхээ хаалгыг онгойлгоод цаашаагаа явчихсан юм. Тэгтэл тэр залуу “би гадаа орцны үүдэн дээр 5 минут орчим ярьж байгаад оруулаад өгье” гэж хэлэхээр нь би зүс таньдаг юм болохоор итгээд явуулчихсан юм. Тэгээд гадаа удаад байхаар нь залгатал манай нөхрийн гар утас холбогдох боломжгүй байхаар нь гараад үзтэл байхгүй байсан. Тэгэхээр нь ажил дээр нь очтол хүн байхгүй хаалга нь түгжээтэй байсан. Тэгээд манай ах өрхийн эмнэлгийн эрхлэгчтэй нь ярьсан чинь сүүлийн хоёр хоног ажил дээрээ ирээгүй бас нэг хүний утсыг нь аваад явчихсан сурагтай байсан гэж хэлж байсан. Тэр утсыг манай нөхөр ахаасаа 2015 оны 4 сард 400.000 төгрөгөөр шинээр нь худалдаж авсан юм. Амаржаргал утас авч гараад 20 орчим минут болохоор нь манай нөхөр Цолмон өөрийн 88004879 гэсэн дугаар руугаа залгахад утсаа аваад “удахгүй орлоо 7-р байрны энд явж байна” гэхэд нь манай нөхөр өөдөөс гартал байгаагүй ба тэгээд дахиад залгахад холбогдох боломжгүй байсан. Амаржаргал нь манай 7-р хорооны өрхийн эмнэлэгт ажилладаг, манайд 2-3 удаа ирж хүүхэд үзэж байсан…” гэсэн мэдүүлгээр  /1 хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

 

Хохирогч Д.Тунгалаг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "... 2015 оны 6 дугаар сарын 04-ний орчим тариагаа хийлгэх гээд гарч чадахгүй байтал Энх-Сүндэр эмнэлэгийн сувилагч Амаржаргал “манай гэрт өнөөдөр тариагаа хийлгэх ёстой, ирэхгүй болохоор чинь хүрээд ирлээ” гээд манай гэрт ирсэн. Тэгээд би ашгүй гэж бодоод тариагаа залгуулчихаад сууж байтал Амаржаргал би тань дээр гол нь мөнгө асуух гэж орж ирж байгаа юм, манай эгч хорт хавдар туссан одоо өнөө маргаашгүй болчихоод байна, бид нар өмнө нь хагалгаанд оруулаад 10 гаруй сая төгрөгний өртэй болчихсон байгаа, эгчийн маань бие нь их өвдөөд байна. Өдөрт 500.000- 600.000 төгрөгний эм тариа хэрэглэдэг юм. Одоо яаралтай мөнгө хэрэг болоод байна та надад яаралтай 200.000 төгрөг зээлчих гэхээр нь би Амаржаргалд хандаж “эгчид нь одоо бэлэн мөнгө байхгүй байна хоёулаа адилхан төсвийн байгууллагын хүн цалингаас цалингийн хооронд амьдардаг хүмүүс эгч нь амарчихсан мөнгө байхгүй байна” гэж хэлээд өөрөө дотроо за хүн чинь сайн санасан хүнээсээ л тусламж эрдэг юм чинь гэж бодоод Амаржаргалд хандаж “за эгчид нь зүүж байгаа энэ ээмэг л байна энийг ломбарданд тавиад мөнгө ав, харин чи эгчдээ 08 дугаар сарын 20-ны өдөр ажил орно тэрнээс өмнө мөнгө цуглуулж байгаад аваад өгчихөөрэй” гэж хэлтэл “за тэгье тэгье” гэж хэлээд миний монетон ээмэгийг аваад гарсан. Удалгүй 10 орчим минутын дараа орж ирэхээр нь “за чи ломбардан тавьчихсан уу, хэдэн төгрөгөөр тавив” гэж хэлтэл ломбарданд 200.000 төгрөгөөр тавьчихлаа гэж хэлээд явсан. Тэрнээс хойш байнга над руу 96629687 дугаарын утаснаас эгчээ нөгөө мөнгөө зээлчих, эгчээ гуйж байна, та яаралтай надад мөнгө зээлээч гэж мессэж бичээд яриад байхаар нь би нэг өдөр залгаад уурласан юм. Тэгээд түүнээс хойш Амаржаргал надтай холбоогүй байсан. би өөрийнхөө бөгжийг ломбарданд барьцаанд байгааг мэдээд өөрөө 281.150 төгрөг ломбарданд нь төлөөд ээмгээ авчихсан, одоо Амаржаргалаас нийт төлөх мөнгө болох 281.150 төгрөгийг нэхэмжилнэ..." гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 30-32 дугаар хуудас/

 

Гэрч П.Отгонзул мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "... Улаанхүү овогтой Амаржаргал нь 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдер 6,6 грамм монетон хос ээмгийг 232.000 төгрөгт барьцаалж 1 сарын хугацаатай зээл авсан. Гэвч Д.Тунгалаг гэдэг хүн 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ирээд “энэ бол миний ээмэг байгаа юм надаас гуйж Амаржаргал гэдэг өрхийн эмнэлгийн эмч танайд тавьчихаад өөрөө алга болчихсон юм. Би авчихъя” гээд ээмэгнийхээ төлбөрт 281.150 төгрөг төлөөд ээмгээ өөрөө ирээд аваад явсан..." гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 42 дугаар талд /

 

Гэрч Д.Ганбаатар мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Би Амаржаргалыг хаана байгааг мэдэхгүй байна. Ээж Оюунбилэг нь манай хүү Амаржаргал цагдагийн байгууллагад асуудалтай болчихлоо батлан даалтанд аваад өгөөч гээд гуйгаад байхаар нь би батлаг даалт гаргаж өгсөн. Би хүлээх хариуцлагын талаар уншиж танилцсан. Торгуулга гэхээр манай эхнэр ажилгүй, би 4 хүүхдээ тэжээдэг, банкны зээлтэй өдөр хоногоо залгуулж байна. Би одоо Амаржаргалыг хайя, ирвэл шууд цагдаагийн байгууллагад хүргэж ирье...” гэсэн мэдүүлэг /2 хх-ийн 15-16 дугаар хуудас/

 

Гэрч А.Оюунбилэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Би тухайн үед өөрийн сайн дураараа хүү У.Амаржаргалыг батлан даалтанд авсан. Би хүлээх хариуцлагын талаар уншиж танилцсан. Гэхдээ надад одоо торгууль төлөх төлбөрийн чадвар байхгүй байна. Би тэтгэвэрт байдаг, 2017 оны 9 сар хүртэл зээлээд авчихсан учраас надад ямар ч мөнгө байхгүй. Би Амаржаргалыг холбоо барьвал яаралтай ирж мэдэгдэж дагуулан ирэх болно...” гэсэн мэдүүлэг /2 хх-ийн 17 дугаар хуудас/

 

Эд зүйлийн үнэлгээ

  • Хар өнгийн айфоне 4 маркийн гар утас – 1 ширхэг- 250.000 төгрөг…” гэжээ. / 1 хх-ийн 17 дугаар хуудас/

 

Эд зүйлийн үнэлгээ

  • Монетон ээмэг – 380.000 төгрөг
  • Бугуйн цаг – 40.000 төгрөг…” гэжээ. /1 хх-ийн 16 дугаар хуудас/,

 

Батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай тогтоол /1 хх-ийн 46 дугаар хуудас/

 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газар Прокурорын тогтоол “...”Мөрдөн байцаалтыг түдгэлзүүлэх тухай” ...яллагдагч У.Амаржаргал нь прокурорын хяналтаас оргон зайлсан...мөрдөн байцаалтын ажиллагааг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр түдгэлзүүлсүгэй...” гэжээ /2 хх-ийн 1-2 дугаар хуудас/

 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газар Прокурорын тогтоол ... “Яллагдагчийг эрэн сурвалжлах ажлыг гүйцэтгүүлэх тухай”... яллагдагч Улаанхүү овогтой Амаржаргалыг эрэн сурвалжлах ажлыг хийж гүйцэтгэхийг Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай...” гэжээ /2 хх-ийн 3 дугаар хуудас/

 

Гэрч Ш.Дуламсүрэнгийн мэдүүлэг /1 хх-ийн 41/, гэрч А.Оюунбилэгийн мэдүүлэг /1 хх-ийн 44, 245/, гэрч Д.Отгонбатын мэдүүлэг /1 хх-ийн 214/, иргэний үнэмлэхний лавлагаа /1 хх-ийн 61/, ял шалгасан хуудас /1 хх 188/, Мөнгөн Ундарга "барьцаат зээлийн үйлчилгээний гэрээ /1 хх-ийн 43/, оршин суугаа газрын тодорхойлолт /1 хх-ийн 62/, хувийн байдал тогтоосон баримтууд /1 хх-ийн 63-67, 108-109/, эрүүгийн төлөөлөгчийн тэмдэглэл /1 хх-ийн 168-169/, мөрдөн байцаагчийн тэмдэглэл /1 хх-ийн 195-199, 2 хх-ийн 6-9/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч У.Амаржаргал нь давтан үйлдлээр, албан тушаалын байдлаа ашиглаж

- 2015 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 07 дугаар хороо, 9-3 тоотод оршин суух иргэн З.Гансоёмбын гэрт харъяа үйлчлүүлдэг өрхийн эмнэлэгт сувилагчаар ажилладаг танилын сайн харилцаагаа ашиглан "...гар утсаа  өгч байгаач эмнэлэг рүү орох гэсэн чинь түлхүүр байдаггүй..." гэж худал хэлж хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар гар утсыг нь залилан мэхлэн авч улмаар бусдад зарж борлуулан 250.000 төгрөгийн,

 

- 2015 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 07 хороо, 7-268 тоотод оршин суух иргэн Д.Тунгалагийн гэрт харъяа үйлчлүүлдэг өрхийн эмнэлэгт сувилагчаар ажилладаг танилын сайн харилцаагаа ашиглан тариа хийх нэрийдлээр орж ирэхдээ "...эгчийн бие муу байна эм, тарианы мөнгө хэрэгтэй байна мөнгө зээлээч..." гэж худал хэлж үнэ бүхий монетон хос ээмгийг нь хуурч мэхлэх, итгэлийг эвдэх аргаар залилан мэхлэж авч улмаар барьцаанд тавьж 380.000 төгрөгийн, бусдад нийт 630.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь шүүгдэгч У.Амаржаргалын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч З.Гансоёмбо, Д.Тунгалаг, гэрч П.Отгонзул нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар

 

- 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүртэлх хугацаанд 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд авсан "Батлан даалтанд өгөх" таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж прокурорын хяналтаас оргож зориуд зайлсхийсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч У.Амаржаргалын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд гэрч Д.Ганбаатар, А.Оюунбилэг нарын мэдүүлэг, “Мөрдөн байцаалтыг түдгэлзүүлэх тухай”, “Яллагдагчийг эрэн сурвалжлах ажлыг гүйцэтгүүлэх тухай” прокурорын тогтоол, мөрдөн байцаагчын тэмдэглэлүүд зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхээс шүүгдэгч У.Амаржаргалыг давтан үйлдлээр, албан тушаалын байдлаа ашиглаж бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авсаны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэг, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа прокурорын хяналтаас оргож зориуд зайлсхийсэн гэмт хэргийг үйлдсэн гэм  буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт тус тус зааснаар ял оногдуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуульзүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

 Шүүх шүүгдэгч У.Амаржаргалд ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, харин анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлж гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, хувийн байдал зэргийг харгалзан хөнгөрүүлэн үзэж шүүхээс оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч У.Амаржаргал нь гэмт хэргийн улмаас хохирогч З.Гансоёмбо, Д.Тунгалаг нарт учирсан хохирлыг нөхөн төлсөн байх ба харин шүүгдэгчээс 240.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Д.Доржхоролд 60.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Хишигтогтоход 180.000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэх нь зүйтэй байна.    

 

Шүүгдэгч У.Амаржаргал гэр бүлийн эн тэргүүний хэрэгцээг хангахаас бусад түүний хувьд ногдох тодорхой хөрөнгөгүй тул шүүх шүүгдэгчид эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх боломжгүй байна. 

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч У.Амаржаргал 77 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч У.Амаржаргалыг давтан үйлдлээр, албан тушаалын байдлаа ашиглаж бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхлэж ‎авсаны улмаас бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

 

Мөн таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа прокурорын хяналтаас оргож зориуд зайлсхийсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Амаржаргалыг эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурав/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 06 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар тус бүр шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар У.Амаржаргалд оногдуулсан 3 /гурав/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан 1 /нэг/ жил 06 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг багтаан нийт биечлэн эдлэх ялыг 3 /гурав/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар У.Амаржаргалын эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Амаржаргалын цагдан хоригдсон 77 /далан долоо/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

6. Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Шүүгдэгч У.Амаржаргал нь гэмт хэргийн улмаас хохирогч нарт төлөх төлбөргүй боловч шүүгдэгчээс 240.000 төгрөгийг гаргуулж Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 11-р хороолол 6-р байр 120 тоотод оршин суудаг иргэний нэхэмжлэгч Тайж овогт Дэмчигжавын Доржхоролд /ЦБ60032360/ 60.000 төгрөгийг, Баянзүрх дүүргийн 12-р хороо Чулуут АОС 2 дугаар байрны 4 тоотод оршин суудаг иргэний нэхэмжлэгч Боржигон Биндэръяагийн Хишигтогтоход 180.000 төгрөгийг тус тус олгосугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Амаржаргалд оногдуулсан 3 /гурав/ 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэнсэгдсэн ялтан У.Амаржаргалын засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст хариуцуулсугай.

 

9. Шүүгдэгч У.Амаржаргалд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж бусдын батлан даалтанд өгсүгэй.

 

10. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт тус тус зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

11. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол У.Амаржаргалд урд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.ДУЛАМСҮРЭН