| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2017/02045/И |
| Дугаар | 102/ШШ2018/02727 |
| Огноо | 2018-09-06 |
| Маргааны төрөл | Эдийн бус гэм хорын арилгах /нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 102/ШШ2018/02727
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж, шүүгч Ч.Мөнхцэцэг, А.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Т.Б
Гуравдагч этгээд: Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газар
Гуравдагч этгээд: Хууль зүй дотоод хэргийн яам
Хууль бусаар эрүүгийн хэрэгт шалгагдсаны улмаас учирсан хохирол 112.136.100 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Д, гуравдагч этгээд Б.М, Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийг төлөөлж Монгол Улсын ХЭҮК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Д шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Монгол улсын ХЭҮКт хандаж Баянгол дүүргийн иргэн Т.Б 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүсэлт ирүүлснээр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Т.Быг 2011 оны 12 дугаар сарын 10-ны өдөр н.Г гэх хүнийг санаатай алсан гэх гэмт хэрэгт холбогдуулан Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэс шалгаж, дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Д хяналт тавьж байсан боловч ямар нэгэн нотлох баримтгүйгээр 159 хоног шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа цагдан хорих 0461 дүгээр ангид хоригдож, батлан даалтад 3 жил 29 хоног шалгагдсан. Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсээс 2011 оны 12 дугаар сарын 11-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт сэжигтнээр тооцон шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 354 дугаартай шүүгчийн захирамжаар сэжигтнээр цагдан хоригдсон. Улмаар ял сонсгон яллагдагчаар татаж үргэлжлүүлэн цагдан хорьсон. 2012 оны 03 дугаар сарын 12-ны өдөр түүний таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн боловч 2012 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн шүүгчийн захирамжаар таслан сэргийлэх арга хэмжээг чангатган цагдан хорьсон. Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэс, Прокурорын газар хэргийг нийт 5 удаа түдгэлзүүлж, 8 удаа яллах дүгнэлт үйлдэн шилжүүлсэн байдаг. 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 535 дугаартай Цагаатгах тогтоол, Давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 505 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 243 дугаар тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2-т заасныг үндэслэн Т.Бт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгасан. Нийт 159 хоног хилсээр хоригдож эрүүл мэнд, сэтгэл санаа, амьдрал ахуйгаар хохирсон. Иймд сэтгэл санааны хохирол 80.000.000 төгрөг, эмчилгээний зардал 1.812.500, өмгөөлөгчийн зардал 8.000.000 төгрөг, цагдан хоригдсон 159 хоногийг тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр бодож 22.323.600 төгрөг нийт 112.136.100 төгрөгийг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4-т зааснаар гаргуулж өгнө үү гэв.
Гуравдагч этгээд Хууль зүй дотоод хэргийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа хууль бус явагдсан гэдэг зүйл огт яригдаагүй. Т.Б хохирогчтой хамгийн сүүлд хамт байсан хүн нь. Тэд маргалдаж, зодолдсон, тэрийгээ өөрөөч зөвшөөрдөг. Хэргийг хуулийн дагуу шалгаж шийдвэрлэсэн. Шүүх хүний амийг хохироосон гэх эргэлзээтэй байдал үүссэн учраас өөрт нь ашигтай байдлаар шийдвэрлэсэн болохоос хуулийн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж энэ хүн хохироогүй юм. 80.000.000 төгрөгний сэтгэл санааны хохиролыг зөвшөөрөх боломжгүй. Эрүүл мэндийн хувьд энэ хүн 1998 онд хамрандаа гэмтэл авч хамрын гамрит гэдэг өвчтэй болсон. Хамрандаа эмчилгээ хийлгэж байсан баримт хэрэгт байдаг. 2010 онд хагалгаанд орох гэж байгаад авто осолд орж хагалгаанд орж чадаагүй. Байнгын эмчилгээтэй байж байхдаа хэрэгт холбогдсон байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хугацаа буюу цагдан хорих хугацааны үед шинээр үүссэн өвчин биш. Цагдан хоригдож байх хугацаандаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч байсан тул 1.812.500 төгрөгийг зөвшөөрөхгүй. Хоригдсон 159 хоног буюу цагдан хоригдсон хугацаа тооцох талаар эрүүгийн хуулинд торгох ялаар шийтгэгдсэн буюу эрх хасах ялаар шийтгэгдсэн тохиолдолд цагдан хоригдсон хугацааг тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож хасна гэж байгаа гэв.
Гуравдагч этгээд Баянгол дүүргийн Прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2011 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хороо 105 дугаар байрны урд буланд С.Г нь толгой тус газраа олон тооны гэмтэл шархтай нас барсан гэмт хэрэг гарсан үндэслэлээр Т.Бт эрүүгийн 21133974 дугаартай хэрэг үүсгэгдсэн. Хэрэгт хойшлуулашгүй ажиллагаа явуулж цугларсан баримтуудаар Б.Быг уг хэрэгт шалгах үндэслэл бүхий сэжиг бий болсон тул 2011 оны 12 дугаар сарын 13-ны өдөр сэжигтнээр тооцож, мөрдөн байцаагчийн саналын дагуу Прокурор санал гаргаж Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 13-ны өдөр сэжигтнээр цагдан хорих захирамж гарсан. Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан захирамж нь тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт заасан үндэслэл журамд нийцсэн, хууль ёсны дагуу хийгдсэн ажиллагаа юм. 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар энэ хуулиар тогтоосон үндэслэл журмаас гадуур хэнийг ч сэжигтнээр тооцож, яллагдагчаар татаж, ял шийтгэж болохгүй гэж заасныг баримтлан мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж Б.Бын гэм буруугийн асуудлыг хянан хэлэлцүүлсэн байдаг. Б.Бт холбогдуулан шалгасан эрүүгийн хэргийг Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх хэлэлцээд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасныг үндэслэн эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэнэ гэсний дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан байна. Цагаатгах тогтоолоор шүүх хэргийн талаар нотлогдохгүй байхад эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлд заасан хэргийн хөөн хэлэлцэх хугацааны дотор шинээр илэрвэл хэргийг сэргээх талаар дурдсан ба энэ талаар давж заалдах шатны шүүх болон хяналтын шатны шүүх үндэслэлтэй гэж үзсэн байдаг. Өөрөөр хэлбэл Б.Бт холбогдох хэргийг шийдвэрлэхдээ шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад эргэлзээтэй байдал бий болсон бол шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар харагдаж байна. Түүнчлэн шүүх Б.Бт холбогдох хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтууд нь байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн талаар дүгнээгүй, мөрдөн байцаагч, прокуророос хэргийг шалгахдаа илтэд үндэслэлгүйгээр хилс хэрэгт Б.Быг холбогдуулан шалгасан гэж үзэх үндэслэл няцаагдаж байна. 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хууль хүчингүй болж 2017 оноос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль дагаж мөрдөгдөж эхэлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.23-т зааснаар үндэслэл бүхий сэжиг гэж энэ хуульд заасан тодорхой ажиллагаа явуулах нөхцөл үүссэн эсхүл үйлдэгдэж болзошгүй гэмт хэргийн талаар мэдээлэл хэргийг нөхцөл байдалд холбогдуулан мөрдөгч, прокурор, шүүгчийн тогтоол, шийдвэрийг ойлгоно гэж заасан ба Б.Быг С.Гыг санаатай, гадны нөлөөтэй нас барсан хэрэгт холбогдон шалгах үндэслэл бүхий сэжиг байсан, түүнийг хуульд заасан үндэслэл журмын дагуу сонгосон өмгөөлөгчийг байлцуулж авсан яллагдагчаар өгсөн Б.Бын хамгийн сүүлд С.Гтой хамт байсан, маргалдсаны улмаас таксинаас бууж талийгаачтай зодолдсон гэх мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шинжээчийн мэдүүлэг, Б.Бын эхнэрийн гэрчээр өгсөн мэдүүлэг зэрэг баримтуудыг дурдах нь зүйтэй байна. Мөн хуулийн 45 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хохирлыг нөхөн төлүүлэх үндэслэлийг хуульчилсан байдаг. Үүнд дараахь ажиллагааг хууль бусаар явуулсны улмаас тухайн хүнд учирсан хохирлыг мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүгчийн гэм бурууг үл харгалзан төр хариуцан арилгана гэсэн үндэслэл байдаг. Өөрөөр хэлбэл Б.Бт цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан ажиллагаа хууль бус ажиллагаа гэх баримт хэрэгт авагдаагүй байна. Эрүүгийн 21133974 дугаартай хэрэг дээр Б.Быг холбогдуулан шалгахдаа мөрдөн байцаагч, прокурор, шүүх хууль зөрчин ямар ажиллагаа явуулсан талаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурьдагдаагүй зөвхөн цагаатгах тогтоолд тулгуурлан гэм хорын хохирол нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Б нь хууль бусаар цагдан хоригдсоны хохирол 22.323.600 төгрөг, өмгөөллийн хөлс 8.000.000 төгрөг, эмчилгээний зардал 1.812.500 төгрөг, сэтгэл санааны хохирол 80.000.000 төгрөг нийт 112.136.100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Т.Б нь 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Монгол улсын ХЭҮКт шүүхэд төлөөлж нэхэмжлэл гаргах хүсэлт гаргаж, Монгол улсын ХЭҮКын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1-т зааснаар Монгол Улсын ХЭҮК шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсийн 2011 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хэргийн дугаар 21133974 Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоолоор 2011 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хороо 105 дугаар байрны урд буланд С.Г нь толгойн тус газраа олон тооны гэмтэл шархтай нас барсан гэмт үйлдэлд Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, Т.Быг сэжигтнээр тооцож ШШГЕГ-ын харъяа хорих 461 дүгээр ангид сэжигтнээр цагдан хорьж, 2011 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хэрэг үйлдсэн гэж ял сонсгож, яллагдагчаар татан улмаар хяналтын прокурорын саналыг үндэслэн үргэлжлүүлэн яллагдагчаар цагдан хорьж, 2012 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн шүүхийн захирамжаар таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, 2012 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр түүний таслан сэргийлэх арга хэмжээг чангатган, хорьж мөрдөх хугацааг сунгасан, 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өөр төрлийн таслан сэргийлэх арга хэмжээ авахыг Прокурорт даалгасан, 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс прокурорын тогтоолоор мөрдөн байцаалтыг нийт 5 удаа түдгэлзүүлж, мөрдөн байцаалтыг дуусгаж хэргийг прокурорт 8 удаа шилжүүлсэн, энэ хугацаанд сонсгосон ялыг өөрчилж байсан, мөн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн болон шүүхийн тогтоолоор хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж байсан үйл баримт хэрэгт цугларсан эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол, сэжигтэн, яллагдагчаар тооцох тогтоол, шүүгчийн захирамж, Прокурорын тогтоол, сонсгосон ялыг өөрчлөх тогтоол, яллах дүгнэлт, Шүүхийн тогтоол гэсэн баримтуудаар тогтоогдож байна.
Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 535 дугаартай Цагаатгах тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-т заасан гэмт хэргийг Т.Б үйлдсэн гэдэг нь нотлогдон тогтоогдоогүй тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2-т зааснаар Т.Бт холбогдох 21133974 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. Прокурорын эсэргүүцэл, Ерөнхий прокурорын эсэргүүцлээр хэргийг Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны 10 дугаар шүүх, Улсын дээд шүүхийн Хяналтын шатны шүүх хуралдаанаар хянаж Цагаатгах тогтоолыг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн, магадлал, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон тул нэхэмжлэгч нь Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 388 дугаар зүйлийн 388.1, 389 дүгээр зүйлийн 389.1, 389.2.2, 390 дүгээр зүйлийн 390.1.5-т зааснаар өөрт учирсан хохиролыг шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч Т.Б нь Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-т заасан гэмт хэрэгт шалгагдаж, энэ хугацаанд 159 хоног цагдан хоригдсон тул тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож /159х140,400=22.323.600/ 22.323.600 төгрөг, 2012 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр өмгөөлөгч Х.Даваасүрэн, 2012 оны 10 дугаар сарын 15-ны өдөр өмгөөлөгч Ж.Яринпилтэй тус тус хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж нийт 8.000.000 төгрөг өмгөөлөгчийн зардалд төлсөн болох нь гэрээ, бэлэн мөнгөний орлогын баримт, өмгөөллийн ажлын хөлс хүлээн авсан тухай баримтаар тогтоогдсон тул 8.000.000 төгрөгийг, мөн хэрэгт шалгагдан 159 хоног цагдан хоригдох хугацаанд түүний хамрын гамрит өвчин сэдэрч идээд үрэвслээр өвдөж, хорих ангийн эмнэлэгт хэвтсэн нь өмгөөлөгчийн прокурорт гаргасан хүсэлт, энэ үндэслэлээр цагдан хорих арга хэмжээг өөрчилсөн, хэргийг түдгэлзүүлсэн байдал, эрүүгийн хэргийн ангилал, хэрэгт шалгагдсан болон хоригдсон хугацаа, хүний өвчиндөө шаналж өвдөлт зовиурыг мэдэрч тэсвэрлэсэн хугацааг тооцон хэмжих боломжгүй боловч дээрх үндэслэлүүдийг харгалзан сэтгэл санаа, эрүүл мэндийн хохиролд 1.000.000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэлээ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 391 дүгээр зүйлийн 391.1-д эд хөрөнгийн бус хохирлыг Иргэний хуульд заасан журмын дагуу нөхөн төлөхөөр заасан тул Иргэний хуулийн 511 дүгээр зүйлд заасныг баримталж сэтгэл санааны хохиролд 1.000.000 төгрөг гаргах нь зүйтэй гэж үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтаар Т.Б хэрэгт шалгагдахаас өмнө хамрын гамрит өвчтэй, эмчлүүлж хагалгаанд орох гэж байсан нь тогтоогдсон тул түүний эмчилгээний зардалд 1.812.500 төгрөг, сэтгэл санааны хохиролоос үлдэх 79.000.000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Иймд нэхэмжлэлийн шаардлагаас хохиролд /22.323.600+8.000.000 +1.000.000/ 31.323.600 төгрөгийг хангаж Засгийн Газрын нөөц сангаас гаргуулан нэхэмжлэгч Т.Бт олгож, үлдэх 80.812.500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнг дурьдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4, 511 дүгээр зүйлийн 511.2, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.7-д зааснаар Засгийн газрын нөөц сангаас 31.323.600 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Бт олгож, үлдэх 80.812.500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосүгай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжнаас чөлөөлөгдсөнг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд, нэхэмжлэгч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА
ШҮҮГЧИД Ч.МӨНХЦЭЦЭГ
А.САРАНТУЯА