Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 2025/ШЦТ/78

 

2025          05           07                                         2025/ШЦТ/78

                

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                    Б.Саранзаяа,  

Улсын яллагч                                                 Б.Халиунгоо,

Шүүгдэгч                                                        ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 2504000950092 дугаартай хэргийг 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1998 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хот, Багануур дүүрэгт төрсөн, 27 настай, эрэгтэй, ам бүл 4, дээд боловсролтой, “Багануур цахилгаан дамжуулах сүлжээ” төрийн өмчид компанид нярав ажилтай, Улаанбаатар хот, Багануур дүүрэг 3 дугаар хороо, *******-р байрны ******* тоотод оршин суух хаягтай, ******* .

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд тогтоосноор/

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2025 оны 02 дугаар сарын 18-ны шөнийн 02 цагийн үед Багануур дүүргийн 1 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “М” нэртэй бааранд хохирогч тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүнийг хавсарч унаган толгой, эрүү хэсэгт цохиж эрүүл мэндэд нь зулай, эрүүний хэсэгт зүсэгдсэн ил шарх гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

           Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, маргах зүйлгүй.” гэв /шүүх хуралдааны тэмдэглэл/,

Улсын яллагчаас шинжлэн судлуулсан баримт:

- Хохирогч ийн мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/,

- Гэрч мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/,

- Гэрч мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/,

- Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Багануур дүүрэг дэх Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 104 дугаартай дүгнэлт /хх-ийн 33-34-р хуудас/,

- Яллагдагч *******н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа /хх-ийн 51-р хуудас/,

- Хохирогчид хохирол төлсөн баримт /шүүх хуралдаанд өгсөн/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

  1. Гэм буруугийн талаар

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл,  эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2025 оны 02 дугаар сарын 18-ны шөнийн 02 цагийн үед Багануур дүүргийн 1 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “М” нэртэй бааранд хохирогч тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг хавсарч унагаж, толгой, эрүү хэсэгт цохиж эрүүл мэндэд нь зулай, эрүүний хэсэгт зүсэгдсэн ил шарх гэмтэл учруулсан гэх хэргийн үйл баримт нь:

            - Хохирогч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө найз Мягмардорж, Сарангэрэл, Номин-Эрдэнэ нарын хамт Багануур дүүргийн 1 дүгээр хороо, “М” бааранд шөнийн 00 цагийн үед ороод хүний хоёр, хоёр шил пиво уугаад байж байсан. Тэгээд бид бүжиглэж байхад надтай цуг явж байсан Мягмардоржийг нэг үл таних залуу хавирч унагаагаад цохиж байсан. Тэгэхээр нь “хөөе юу болж байна” гээд салгах гээд очтол үл таних залуу намайг барьж аваад хавираад, надтай хамт унаад шууд миний дээрээс заамдаж аваад баруун гараараа миний толгойны дээд хэсэг, эрүү хэсэг рүү хүчтэй цохьсон. Тэгээд миний толгойны дээд хэсэг, эрүү хэсгээс цус гараад тэр үл таних залуу намайг зодохоо больсон. Манай Сарангэрэл гэх найз ирээд тэр үл таних залууд хандаж “чи хүний толгой хагалчихлаа шүү дээ” гэхэд “сүртэй юм, би гараараа цохьсон” гээд бид нар “М” баарнаас гарцгаасан. ******* надад 1,000,000 төгрөгийн хохирол төлж барагдуулсан тул надад гомдол санал байхгүй, цаашид нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/,

- Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө найз , Сарангэрэл, Номин-Эрдэнэ нартай Багануур дүүргийн 1 дүгээр хороо, “М” бааранд орсон, ороод нэг нэг лааз пиво уугаад бүжиглэж байтал бүжгийн талбайд хажууд бүжиглэж байсан нүдний шилтэй залуу манай найз Номин-Эрдэнийг өдөж хоргоогоод байхаар нь Номин-Эрдэнийг холдуулах гэтэл нүдний шилтэй залуу миний гарыг бариад тавихгүй дэгээдээд унагасан. Тэгээд босоод ирэхэд шалан дээр уначихсан, Сарангэрэл нь нүдний шилтэй залууд хандаж “манай найз ийг цохьчихлоо” гэж орилоод байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/,

- Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө ажлын найз , Мягмардорж, Номин-Эрдэнэ нарын хамт Багануур дүүргийн 1 дүгээр хороо, “М” баар руу орсон. Тэнд ороод бүжиглэж байхад хажууд нэг нүдний шилтэй залуу хэдэн үл таних хүмүүс байсан. Тухайн үед “найз нь ариун цэврийн өрөө орчихоод ирье” гээд явсан боловч ариун цэврийн өрөөний наана байж байгаад Мягмардоржийг хавирч унагаагаад, ийг толгойноос нь цус гаргачихсан байсан. Тэгээд тухайн нүдний шилтэй залуу ээс уучлалт гуйх байх гэж бодсон чинь тэр залуу “хэдийг авах юм, уучлалт гуйхгүй” гээд байхаар нь цагдаад дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/,

- Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Багануур дүүрэг дэх Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 104 дугаартай: “...1.ийн биед зулай, эрүүний хэсэгт зүсэгдсэн ил шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Тухайн гэмтэл нь шинэ гэмтэл, тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. 3.Дээрх шарх гэмтэл нь ирмэгтэй зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр учирсан байх боломжтой. 4.Дээрх шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 33-34-р хуудас/ зэрэг баримтаар тогтоогдож байна.

            Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч *******г Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай” гэв,

Шүүгдэгч *******  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хийсэн хэрэгтээ үнэхээр их гэмшиж байна. Хохирогчид хохирол төлбөрт 1,000,000 төгрөг төлж барагдуулсан” гэв.

Шүүгдэгчид холбогдох хэргийн үйл баримтыг бодитойгоор тогтоох, гэмт этгээдийн гэм бурууг үндэслэлтэй, эргэлзээгүй нотолж чадахуйц баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх арга хэмжээг шүүхийн өмнөх шатанд мөрдөгч, прокурорын зүгээс гүйцэд авч хэрэгжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулсан, гэм буруугийн асуудлыг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Шүүгдэгч ******* нь өөрийнхөө үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд эрсдэл үүсэх боломжтой болохыг ухамсарлаж ойлгох боломжтой байсан бөгөөд хохирогчийг цохих үйлдэлдээ санаатай хандсан нь тогтоогдож байх тул түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

  1. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.

Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, сэтгэцэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй ба шүүгдэгч *******эс  хохирогч    түүний эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршгийн төлбөрт 1,000,000 /нэг сая/ төгрөгийг төлсөн ба хохирогч нь  гомдол санал байхгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

3.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч *******д  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай” гэв.

Шүүгдэгч *******  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хийсэн хэрэгтээ үнэхээр их гэмшиж байна”  гэв.

Шүүгдэгч ******* үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг төлсөн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл тогтоогдож байна гэж дүгнэж, тус хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас гаргасан саналыг хянаад, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, учирсан хохирол, хор уршиг, хохирол төлөгдсөн байдал, хохирогчийн санал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлэн, шүүхээс шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчид холбогдох иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ******* Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш гурван сарын хугацаанд биелүүлэх үүрэгтэйг *******д мэдэгдсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг *******д тайлбарласугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрт 1,000,000 /нэг сая/ төгрөгийг хохирогч  төлсөн болохыг баталж, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдсугай.
  6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлийг шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргахыг мэдэгдсүгэй.
  9. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               С.ӨЛЗИЙ-ОТГОН