Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 251

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Д.Чинзориг,

Улсын яллагч Н.Мөнгөнсүх,                                                                                                                                         

Шүүгдэгч А.Цэнддорж, түүний өмгөөлөгч Р.Энхтүвшин /ҮД: 1142/, шүүгдэгч Э.Баяржаргал, түүний өмгөөлөгч З.Ганчимэг /ҮД: 1615/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:         

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шарайд овогт Алтанхуягийн Цэнддорж, Цагаанууд овогт Энхтөрийн Баяржаргал нарт холбогдох эрүүгийн 201725020708 дугаар хэргийг 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1993 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сум Ширээт баг 6 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Шарайд овогт Алтанхуягийн Цэнддорж, /РД: ЛБ93041315/

2. Монгол Улсын иргэн, 1993 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, холбооны инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Гангарын 22-5 тоотод оршин суух, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 102 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлснийг 1 жил 4 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Цагаанууд овогт Энхтөрийн Баяржаргал, /РД: ЛБ93011410 /

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Э.Баяржаргал, А.Цэнддорж нар нь бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Буянт төвийн гадаа бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрах явцдаа хохирогч Д.Энхбаярын эрх чөлөөнд халдсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх талуудын гаргасан хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч А.Цэнддорж нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаа хүлээн үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй…” гэв.

Шүүгдэгч Э.Баяржаргал нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаа хүлээн үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй…” гэв.

Эрүүгийн 201725020708 дугаартай хэргээс:  

Шүүгдэгч А.Цэнддорж нь мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Багшийн дээдийн “Буянт” төвийн караокед ороод 2 шил 0.5 литрийн “Улаанбаатар” архи 3 шил “Боргио” пиво аваад Азжаргал, Баяржаргал, Мягмаржав, Ганхорол нарын хамт суусан. Тамхи татах гэж гадаа гарахад Баяржаргал бид нарын ойролцоо зогсож байсан залуугаас тамхи асуугаад тэр залуутай муудалцаад эхэлсэн. Тэгээд би тэр хоёр руу очиход нөгөө үл таних залуу намайг зуураад бид хоёр газар унасан. Тэгээд Ганхорол ирээд намайг салгаад аваад явсан. Тухайн үед намайг цагдаа багажаар шалгаж үзээд зүгээр байна гэсэн..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 68-70 дугаар хуудас/

Шүүгдэгч Э.Баяржаргал нь мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хичээлээ тараад явж байхад найз Цэнддорж хөдөөнөөс орж ирээд утсаар ярьсан. Тэгээд уулзахаар болоод багшийн дээдийн автобусны буудал дээр уулзсан.Тухайн үед Азжаргал, Мягмаржав, Цэнддорж бид 3 уулзсан.Тэгээд бид 4 “Буянт” төвийн нийтийн караокеруу ороод дуулж сууж байгаад 2 шил 0,5 литрийн “Экс” гэх нэртэй архи болон нэг нэг шил “Боргио” гэх нэртэй пиво захиалаад уугаад бараг дуусч байтал Ганхорол бид нар дээр ирсэн.Тэгээд бид нар жоохон юм ярьж сууж байгаад тамхи татахаар болоод караокенаас гараад би караокений гадаа үүдэнд зогсож байсан үл таних хүнээс /Энхбаяр/ тамхи байна уу? гэж асуутал тэр залуу /Энхбаяр/ тамхи гаргаж өгсөн.Тэгээд тамхи асаах гэтэл гал байхгүй болохоор нь буцаад нөгөө тамхи өгсөн залуугаас гал асуутал тэгтэл тэр залуу “галаа өөрөө олж тамхи тат” гэж хэлсэн. Тэгтэл Цэнддорж хажуунаас тэр залууг яасан хэгжүүн залуу вэ? Гээд куртикных нь хоёр мөрнөөс бариад авсан тэгэхээр нь би хажуунаас нь очоод тэр залуугийн /Энхбаяр/ зүүн шанаа уруу нь нэг удаа цохиод тэгтэл тэр залуу газар унаад араас нь Цэнддорж газар унасан. Тэгээд би тэр залууг газар хэвтэж байхад нь гэдэс хэсэг рүү нь нэг удаа өшиглөөд дахиад өшиглөх гэтэл Азжаргал миний араас татаад би тэр залуугийн дээгүүр нь хий өшиглөөд Азжаргал намайг салгаад бид нар автобусны буудалруу яваад гэр гэртэй харьсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 78-80 дугаар хуудас/,”

Хохирогч М.Энхбаяр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Багшийн дээдийн “Буянт” төвийн гадаа тамхи татаад зогсож байтал миний хажууд 5 залуу зогсож байсан ба тэдний нэг нь болох батлан хамгаалахын их сургуулийн хувцастай залуу надаас тамхи асуусан. Тэгэхээр нь би тэр залууд нэг ширхэг тамхи өгсөн тэгтэл тэр залуу дараа нь надаас “гал өгөөч” гэж захирангүй байдлаар хэлсэн тэгэхээр нь би тэр залууд “галаа өөрөө олж тат” гэж хэлтэл цаад талд нь зогсож байсан саарал цамцтай залуу над руу дайрч намайг барьж аваад байж байтал тэр батлан хамгаалахын их сургуулийн хувцастай залуу миний зүүн талаас толгойруу цохиод намайг газар унатал нөгөө гурван залуу араас нь ирээд тэр 5 залуу миний тал талаас өшиглөж цохиж байсан...Намайг эхлээд саарал цамцтай залуу /Цэнддорж/ барьж аваад зогсож байхад батлан хамгаалахын их сургуулийн хувцастай залуу /Баяржаргал/ миний зүүн талаас толгой руу гараараа цохьсон тэгээд би газар унасан. Иухайн үед зарим хүмүүс нь боль гэж хэлж байгаа нь надад сонсогдож байсан, зодооныг салгах гэж байсан хүмүүс миний дээгүүд гишгэлж цохьсон байж магадгүй. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-34/,

Гэрч Ц.Пүрэвсүрэн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр би гадаа хог шүүрдээд явж байтал гадаа манай “Буянт” төвд өрөө түрээслэж ажиллуулдаг Бундаагийн /бүтэн нэрийг мэлэхгүй/ хүү Энхбаяр гадаа тамхи татаад зогсож байгаад цэргийн хувцастай нэг залуутай маргалдсан. Тухайн үед би нээх сүртэй зүйл болохгүй байх гэж бодоод хог шүүрдээд явж байтал нэг саарал цамцтай өндөр залуу /Цэнддорж/ Энхбаяртай зууралдаад зогсож байтал нөгөө цэргийн хувцастай залуу /Баяржаргал/ Энхбаярын толгой руу нь цохиод тэгтэл Энхбаяр газар унасан тэр үед нөгөө цэргийн хувцастай залуу Энхбаярын дээрээс өшиглөөд байхаар нь би очоод “боль” гэж хэлтэл тэр залуу болихгүй байсан тэгэхээр нь би ороод хүн дуудах гэсэн чинь нэг залуу /Мягмаржав/ миний шүүрнээс бариад тавихгүй байсан. Тэгээд би шүүрээ тавиулаад ороод цагдаа дуудсан. Тэр үед нөгөө саарал цамцтай өндөр залууг /Цэнддорж/ нэг намхан туранхай залуу /Ганхорол/ ирээд цааш нь аваад явсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирээд тэр хүүхдүүдийг аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41 дүгээр хуудас/,

Шүүх Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн үзлэг хийсэн дүгнэлт ¹605: “...Дүгнэлт:

  1. Д. Энхбаяр-н биед баруун бугалганд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой.
  3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулах тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...шинжээч эмч Г.Ханхүү...” гэжээ /хх-ийн 29-30 дугаар хуудас/,

Гэрч Э.Баярцэцэгийн мэдүүлэг /хх 35/, гэрч Э.Мөнхжаргалын мэдүүлэг /хх 36/, гэрч Э.Соёлмаагийн мэдүүлэг /хх 38/, гэрч А.Халиунаагийн мэдүүлэг /хх 40/, шүүгдэгч А.Цэнддоржийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх 75/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 76/, шүүгдэгч Э.Баяржаргалын иргэний үнэмлэхний хуулбар /хх 86/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 88/, шийтгэх тогтоолын хуулбар /хх 92-94/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч А.Цэнддорж, Э.Баяржаргал нар бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, “Буянт” төвийн гадаа нийтийн хэв журмыг зөрчин Э.Баяржаргал нь  хохирогч Д.Энхбаяраас тамхи асууж авсан хэдий ч дахин түүнээс гал асууж хохирогчийг “галаа өөрөө олж тат” гэж хэлсний төлөө А.Цэнддорж нь эгдүүцэж хэл үгээр доромжилж, түүнийг барьж авч зууран, Э.Баяржаргал нь цохих зэргээр хүч хэрэглэн хохирогч Д.Энхбаярын халдашгүй, чөлөөтэй байх эрх чөлөөнд халдаж, ойр орчимд байсан олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан санаатай гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч А.Цэнддоржийн “...Тамхи татах гэж гадаа гарахад Баяржаргал бид нарын ойролцоо зогсож байсан залуугаас тамхи асуугаад тэр залуутай муудалцаад эхэлсэн. Тэгээд би тэр хоёр руу очиход нөгөө үл таних залуу намайг зуураад бид хоёр газар унасан...” гэсэн мэдүүлгээр,

Хохирогч М.Энхбаярын “...батлан хамгаалахын их сургуулийн хувцастай залуу надаас тамхи асуусан. Тэгэхээр нь би тэр залууд нэг ширхэг тамхи өгсөн тэгтэл тэр залуу дараа нь надаас “гал өгөөч” гэж захирангүй байдлаар хэлсэн тэгэхээр нь би тэр залууд “галаа өөрөө олж тат” гэж хэлтэл саарал цамцтай залуу /Цэнддорж/ барьж аваад зогсож байхад батлан хамгаалахын их сургуулийн хувцастай залуу /Баяржаргал/ миний зүүн талаас толгой руу гараараа цохьсон...” гэсэн гэсэн мэдүүлгээр,

Гэрч Ц.Пүрэвсүрэнгийн “...Энхбаяр гадаа тамхи татаад зогсож байгаад цэргийн хувцастай нэг залуутай маргалдсан. Тухайн үед би нээх сүртэй зүйл болохгүй байх гэж бодоод хог шүүрдээд явж байтал нэг саарал цамцтай өндөр залуу /Цэнддорж/ Энхбаяртай зууралдаад зогсож байтал нөгөө цэргийн хувцастай залуу /Баяржаргал/ Энхбаярын толгой руу нь цохиод тэгтэл Энхбаяр газар унасан тэр үед нөгөө цэргийн хувцастай залуу Энхбаярын дээрээс өшиглөөд байхаар нь би очоод “боль” гэж хэлтэл тэр залуу болихгүй байсан...” гэсэн мэдүүлгээр,

“...1. Д. Энхбаяр-н биед баруун бугалганд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой...” гэсэн ШШҮХ-ийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн ¹605 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч нарын мэдүүлгүүд нь хохирогч М.Энхбаяр, Ц.Пүрэвсүрэн нарын мэдүүлэгтэй агуулгын хувьд зөрүүгүй байх тул тэдгээрийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 16.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцох үндэслэл болов.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хэрэг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.

Прокуророос шүүгдэгч Э.Баяржаргал, А.Цэнддорж нар нь бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Буянт төвийн гадаа бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрах явцдаа хохирогч Д.Энхбаярын эрх чөлөөнд халдсан гэж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч Шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “...оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ...” гэсэн тул хэргийн зүйлчлэлийг Шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийцүүлэн зүйлчилэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иймд шүүх шүүгдэгч А.Цэнддорж, Э.Баяржаргал нарыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.   

Шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээр тусгасан нотлох баримтуудыг үндэслэн Шинэчилэн найруулсан /2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн/ 2015 оны Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж гэм буруутайд тооцох нь зүйтэй” гэсэн дүгнэлт хуульзүйн үндэслэлтэй болохыг дурьдлаа.

Тус гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч нар согтуурч сэтгэл хөөрлийн үедээ бусдын эрхэд халдаж буй үйлдлээ харилцан дэмжиж, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын зүй ёсны харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж биеэ зөв боловсон авч яваагүй зэргээс гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан, нөхцөл болжээ.  

Шүүгдэгч А.Цэнддоржийн өмгөөлөгчөөс “...Цэнддоржийн хохирогчийн мөрнөөс барьж авсан үйлдэл нь шинэ Эрүүгийн хуульд зааснаар нийгэмд аюултай үйлдэл биш зөрчлийн шинжтэй үйлдэл тул түүний үйлдлийг цагаатгаж өгнө үү ...”,

Шүүгдэгч Э.Баяржаргалын өмгөөлөгчөөс “...шинэ Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулаагүй, шинэ хуульд танхайрах гэмт хэрэг гэж байхгүй болсон тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн санал, дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.

Учир нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл шүүгдэгч Э.Баяржаргал нь хохирогчоос удаа дараа тамхи, гал авахаар хандахад хохирогч “галаа өөрөө олж тат” гэж хэлсэний төлөө тодорхой шалтгаангүйгээр шүүгдэгч А.Цэнддорж дургүйцэн улмаар үг хэлээр доромжилж, биеийн үйл хөдөлгөөнөөр хохирогчийг барьж зууралдах, шүүгдэгч Э.Баяржаргал цохих зэргээр нийгэмд тогтсон хүмүүсийн хоорондын зүй ёсны харилцааны хэм хэмжээг зөрчин хүч хэрэглэн хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж, олон нийтийн газар ичгүүр сонжуургүй, зүй бус авир гаргаж, эмх замбараагүй байдлыг үүсгэн орчин тойронд байсан олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр тогтоогдсон болно.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч А.Цэнддорж тодорхой шалтгаангүйгээр хохирогчийн биеийг зуурах, барьцалдах санаатай үйлдэлд шүүгдэгч Э.Баяржаргал нь хохирогчийг цохих зэргээр үйлдлийг дэмжин гэмт хэрэг үйлдэхэд санаатайгаар бүлэглэн нэгдсэнээр гэмт үйлдлийн хүрээг тэлж олон нийтийн газар эмх замбараагүй байдлыг бий болгожээ.     

Шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн,...бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэжээ.

Энэхүү хуулийн заалтын дагуу дээрх шүүхийн дүгнэлтэд тусгаснаар шүүгдэгч нарын санаатай үйлдэл нь Шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангасан тул өмгөөлөгч нарын саналыг хүлээн авах үндэслэлгүй байна.        

Шүүх шүүгдэгч нарыг шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон хэдий ч шүүгдэгч нар нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан болон тэдгээрийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч А.Цэнддорж, Э.Баяржаргал нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж дүгнэлээ.  

Ийнхүү шүүхээс шүүгдэгч нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хэдий ч шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан тэдгээрийг оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.    

Шүүгдэгч Э.Баяржаргал нь Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 102 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлснийг 1 жил 4 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан байх ба энэ хугацаанд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдээгүй тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгч А.Цэнддорж, Э.Баяржаргал нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдал харгалзан үзэв.

Хохирогч М.Энхбаяр бичгээр гаргасан хүсэлтдээ “...А.Цэнддорж, Э.Баяржаргал нараас гэм хорын хохиролд 500.000 төгрөг авсан. Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн тул шүүгдэгч нарыг түүнд төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч А.Цэнддорж, Э.Баяржаргал нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Прокуророос шүүгдэгч Шарайд овогт Алтанхуягийн Цэнддорж, шүүгдэгч Цагаанууд овогт Энхтөрийн Баяржаргал нарт холбогдуулан /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.

2. Шарайд овогт Алтанхуягийн Цэнддорж, Цагаанууд овогт Энхтөрийн Баяржаргал нарыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Цэнддорж, Э.Баяржаргал нарт хорих ял оногдуулахгүйгээр тус бүрийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Цэнддорж, Э.Баяржаргал нарт оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

5. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч А.Цэнддорж, Э.Баяржаргал нарт хяналт тавихыг тус бүрийн харъяа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

            6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч А.Цэнддорж, Э.Баяржаргал нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

            7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.Цэнддорж, Э.Баяржаргал нарт урьд авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

9. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.Цэнддорж, Э.Баяржаргал нарт урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ДУЛАМСҮРЭН