Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 2025/ШЦТ/43

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Ариунжаргал даргалж,

нарийн бичгийн дарга П.Энхбат,

улсын яллагч Т.Нансалмаа,

шүүгдэгч Д.О, түүний өмгөөлөгч Г.Энхжаргал,

хохирогч Б.Ө нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Т.Нансалмаагаас хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Д-ийн Од холбогдох эрүүгийн 2517000220036 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1988 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр, Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 37 настай, эрэгтэй дээд боловсролтой, Төрийн захиргаа удирдлагын менежмент мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 2, эхийн хамт, Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг........ хороо, .......... тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай,

урьд нь Баянзүрх дүүргийн шүүхийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 218 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр/ торгох ялаар, шийтгүүлж байсан, Б овогтой Д-ийн О, регистрийн дугаар /................../

Холбогдсон хэргийн талаар:

 /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

Яллагдагч Д.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Д-ийн О /............./ нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн Б.Өгийн эзэмшлийн 24-08 УКК улсын дугаартай “Лексус НХ 300” загварын тээврийн хэрэгслийн урд талын салхины шилийг хууль бусаар гэмтээсний улмаас бусдад бага хэмжээнээс дээш буюу 1,380,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

1. Шүүгдэгч Д.О үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /х.х-ийн 79 хуудас/

2. Гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /х.х-ийн 3 хуудас/

3. Хохирогч Б.Ө мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Сүмбэр сум 3-р баг Найрамдал хотхон 10-19 тоот гэртээ найз Б /Бүтэн нэрийн мэдэхгүй/-д зориулж хоол хийгээд тухайн хоолоо Сүмбэр сум 1-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Нэгдсэн эмнэлэгт хүргэж өгөх гээд хамтран амьдарч Д.Отэй явж байсан юм. Найз Бгийн хүүхэд нь хатгаа аваад эмнэлэгт 2-3 хоносон байсан. Би эмнэлэгт хэвтсэнийг нь өчигдөр буюу 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр мэдсэн. Тэгээд найз Бад хоолыг нь хүргэж өгөөд юм ярьж байгаад явах гэтэл найз манай гурвыг нэг газраас аваад нэг тийш нь хүргээд өг гэж хэлсэн юм. Тухайн үед манай хүүхэд О.М-ын ангийн багш ирээд уулз гэж залгасан. Эхлээд 1-р сургууль ороод ангийн багштай нь уулзъя дараа нь тухайн гурван хүнийг хүргэж өгье гэж хамтран амьдрагч Д.Од хэлэхэд уурлаад төмрийн сэг авчаад их юм болох нь дээ гэж хэлээд Нэгдсэн эмнэлгээс хөдлөөд уулзвараар зүүн тийш иргээд 200 метр хэрээтэй асфальтан зам дээр явж байхад хамтран амьдарч Д.О би энэ шилийг чинь хагалж чадна шүү гэж хэлээд эхлээд урд талын салоныг 1 удаа хүчтэй цохиод дараа нь баруун гараараа урд талын салхивч шилийг цохиод хагалсан юм. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Хамтран амьдрагч Д.О нь миний Банк бус санхүүгийн байгууллагаас 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 65.000.000 /Жаран таван сая/ төгрөгөөр худалдаж авсан Lexus NX300h маркийн сувдан цагаан өнгийн тээврийн хэрэгслийн урд талын салхивч шилийг хагалсан. Би гомдолтой хохиролоо барагдуулж авмаар байна” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 14-16 хуудас/

4. Гэрч Д.П мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Д.О миний төрсөн дүү байгаа юм. Ө гэх иргэнийг танихгүй уулзаж байгаагүй, манай ээжийн гэрт очиход тэнд нэг удаа байж байсан. 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр манай эгч Б-лүү Ө залгаад танай дүү О миний машины салхины шилийг хагалсан та нар төлж өгөөрэй гэж ярьсан байсан. Тэрнээс өөр мэдэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22 хуудас/

5. Ашид Билгүүн ХХК-н Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /х.х-ийн 40-41 хуудас/

6. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /х.х-ийн 46 хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас яллах дүгнэлтэд тусгаж, шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Шүүхээс нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсангэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул шүүгдэгч Д.Ог дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Од холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн зүйлчлэл шүүгдэгчийн үйлдэлд тохирсон ба шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдэж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна гэж шүүхээс дүгнэлээ.

Прокуророос шүүгдэгч Д.Огийн гаргасан үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг түүний үйлдэлд тохирсон, шүүгдэгч Д.О нь шүүх хуралдаанд өмгөөлөгч Г.Энхжаргалтай оролцож гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокуророос сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрснийг дурдах нь зүйтэй гэж үзлээ.  

Шүүгдэгч Д.О нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

Шүүгдэгч Д.О нь гэмт хэрэг үйлдэж хохирогч Б.Өгийн эд хөрөнгөд учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь түүний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг болон хавтаст хэргийн 84 дүгээр тал байх хас банкын гүйлгээний баримтаар тогтоогдож байх тул Д.Ог бусдад төлөх төлбөргүй гэм хорын төлбөргүй гэж дүгнэв.

ХОЁР. Улсын яллагчаас шүүгдэгч Д.Од эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч Д.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж тээврийн хэрэгслийн салхины шилийг солиулж өгсөн байдал зэргээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хянахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж прокуророос үзсэн. Шүүгдэгч Д.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 850 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 850 000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг танилцуулахад шүүгдэгч Д.О нь зөвшөөрсөн тул хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэхээр тогтсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг удирдлага болгон шүүгдэгч Д.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 850 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 850 000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг шүүх бүрэлдэхүүнд гаргаж байна. Энэ хэргийн улмаас шүүгдэгч Д.О нь цагдан хоригдоогүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болно гэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхжаргал: Миний үйлчлүүлэгчийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаж прокурорт хүсэлт гаргасны дагуу прокуророос түүний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн. Мөн прокурортой эрүүгийн хариуцлагын талаар тохиролцсон учраас түүнийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 850 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 850 000 төгрөгөөр торгох, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож өгнө үү гэсэн улсын яллагчийн гаргасан саналын хүрээнд ял шийтгэлийг оногдуулж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна гэх дүгнэлтийг тус тус гаргасныг шүүгдэгч Д.О нь хүлээн зөвшөөрсөн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасныг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 850 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 850 000 төгрөгийн торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Д.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 850 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 850 000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Д.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдлаа.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2 , 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус  удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Д-ийн Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ог 850 /найман зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 850 000 /найман зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Од оногдуулсан торгох ялыг 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  анхааруулсугай.

4. Шүүгдэгч Д.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүгдэгч, хохирогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогчид давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

                                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.АРИУНЖАРГАЛ