Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 101/ШШ2022/02170

 

 

 

 

 

 

 

 

2022 05 10

101/ШШ2022/02170

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  Б-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Н-д холбогдох,

 

Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний төлбөр 78,000,000 төгрөг, газрын татварт төлсөн 2,920,000 төгрөг, газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа хийлгэхэд төлсөн 485,000 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 110,000 төгрөг, газрын гэрчилгээний үнэ 20,000 төгрөг, нийт 81,535,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б,

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ж,

хариуцагч В.Н,

хариуцагчийн өмгөөлөгч М.А,

гэрч О.Б,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Н.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

"Миний бие Улаанбаатар хот болон Орхон аймагт жижиг бизнес эрхэлдэг бөгөөд үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор аж ахуйн зориулалттай газар худалдан авахаар 2019 оноос эхлэн телевиз, сонин, зарын мэдээллийн хэрэгслүүдээр хайж байсан. Гэтэл 2019 оны 12 сарын орчимд Үнэгүй.мн гэх сайтад  Улаанхуаранд зам дагуу байрлалтай 218 м.кв талбай бүхий худалдаа, нийтийн үйлчилгээний зориулалт бүхий газар зарна гэсэн зарын дагуу  дугаарт холбогдоход уг газрын эзэмшигч В.Н гэх хүн байсан. Газрын эзэмшигч В.Нтай 2020 оны 01 сарын 08-ны өдөр тухайн газрыг 78,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцон гэрээ хийж, миний бие худалдан авч буй газрын төлбөрийг бартер болон бэлэн мөнгөөр үнийг төлөхөөр тохиролцсон. 60,000,000 төгрөгт тооцон Ландкрузер-100 маркийн тээврийн хэрэгслийг Авто машин худалдах, худалдан авах гэрээ байгуулан хариуцагч В.Нд шилжүүлэн өгсөн, мөн би өөрийн Капитрон банкны   дугаар данснаас В.Нгийн Хаан банкны   дугаар данс руу 10,000,000 төгрөг шилжүүлсэн. 2020 оны 01 сарын 08-ны өдөр миний эхнэр Л.Бгийн Хаан банкны   дугаар данснаас В.Нарангуяагийн Хаан банкны   дугаар данс руу 7,745,000 төгрөгийг,  дугаар данс руу 255,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Тухайн газрыг өөрийн нэр рүү шилжүүлэхэд газрын төлбөрт газрын татварын үнэ 2,920,000 төгрөгийг газрыг худалдаж буй В.Н төлөх ёстой байтал надаар уг үнийг төлүүлсэн ба миний эхнэр Л.Бгийн Хаан банкны   дугаар данснаас 2020 оны 01 сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн татварын данс руу шилжүүлсэн. Дээрх гэрээнүүдийг нотериатаар баталгаажуулсан үйлчилгээний хөлс 110,000 төгрөг болсон. Газар шилжүүлж авах материалуудаа бүрдүүлээд газрыг шилжүүлэн авахаар Баянзүрх дүүргийн газрын албаны тухайн хороог хариуцсан мэргэжилтэнд хүлээлгэн өгөхөд уг мэргэжилтэн газрыг шилжүүлэхийн тулд тухайн газар дээр газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа гаргах ёстой байдаг талаар хэлж, Глобал Лэнд Ворк ХХК-аар 485,000 төгрөгөөр газрын төлөв байдал, чанарын захиалгат хянан баталгаа гаргуулсан. 2021 оны 01 сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн газрын албаны мэргэжилтэн газрын захирамж гарах гэж байна гэрчилгээний үнэ 20,000 төгрөгийг Төрийн банкны дансанд тушааж баримтаа авчирч өг гэж утсаар хэлсний дагуу тушаагаад баримтуудаа өгсөн. 2021 оны 04 сарын 05-ны өдөр танай газрын гэрчилгээ гарчихсэн аваарай гэсэн, н.Номуун гэдэг газрын албаны туслахын  дугаар руу ярихад таны газрын гэрчилгээ гарсан боловч манай газрын албаны дарга танай гэрчилгээг хураагаад авсан, газрын гэрчилгээ гарах ёсгүй, ногоон байгууламжийн газар байна гэж хэлсэн, манай даргатай уулз гэж хэлсэн. Үүнээс хойш цар тахлын улмаас карентилсан тул очиж уулзаж чадахгүй байсаар 2021 оны 06 сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн газрын албаны дарга н.Бат-Өлзий гэж хүнтэй очиж уулзахад таны энэ худалдан авсан газар анхнаасаа ногоон байгууламжийн олгогдох ёсгүй газар байсан, танд худалдсан хүн дээгүүр яриулаад тооцоо судалгаанд ороогүй газар дээр гэрчилгээ гаргаж авсан байна, энэ газрыг хүчингүй болгоно. Та худалдаж авсан хүнээсээ эртхэн шүүхээр орж мөнгөө олж ав, би энэ гэрчилгээн дээр гарын үсэг зурахгүй, та шүүхэд ханд гэж хэлсэн. Би албан ёсоор тухайн газрын гэрчилгээ нь хүчингүй талаар хариу өгөхийг газрын албанаас хүссэн. Сарын дараа дахин очиж уулзахад танай гэрчилгээ гарах болсон гэж хэлсэн, ямар учраас гэрчилгээ гарах болсныг асуухад шугам сүлжээний байгууллагаас бичиг ирсэн, энэ бичигт үндэслээд гэрчилгээ гаргалаа гэж үзүүлсэн. О.Б гэдэг шугам сүлжээний байцаагчтай очиж уулзахад бид энэ газрыг зөвшөөрөөгүй, Ю.Н удаа дараа ирж байсан, энэ газар дээр барилга барих боломжгүй, 1976 оны гурван том шугам явж байгаа учраас болохгүй, энэ баримт дээр байгаа гарын үсэг миний гарын үсэг биш байна гэж хэлсэн. Бид дараа нь дарга дээр нь ороод ийм асуудал гараад байна гэхэд өндөр хүчдэлийн шугамтай, барилга барихад хэцүү газар гэсэн бичиг хийж өгсөн. Бид жимс зардаг учраас газар дээр жижигхэн барилга барьж ашиглах гэж авсан, ийм газар гэдгийг нь мэдээгүй. Ийм байдлаар В.Н гэрээний дагуу газар шилжүүлэх үүргээ биелүүлээгүй тул гэрээнээс татгалзаж, өгсөн мөнгөө буцааж авахаар нэхэмжлэл гаргаж байна. Иймд миний бие газар худалдан авах худалдан авах гэрээний төлбөр 78,000,000 төгрөг, газрын татварт төлсөн 2,920,000 төгрөг, газрын чанар шалгуулахаар төлсөн 485,000 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 110,000 төгрөг, газрын гэрчилгээний үнэ 20,000 төгрөг, нийт 81,535,000 төгрөгийг В.Нгаас нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч тал шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гарагсан тайлбартаа:

В.Н би иргэн Н.Бийн нэхэмжлэл, түүний шаардлагатай танилдаад хууль зүйн үндэслэлгүй тул бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие хуулийн дагуу эзэмшдэг байсан эрхийн болон биет байдлын доголдолгүй  Улаанхуаранд байршилтай 218 м.кв талбай бүхий худалдаа үйлчилгээний зориулалттай газрыг нэхэмжлэгчийн бартер оролцуулж авах тухай хүсэлтийн дагуух нөхцлөөр тохирч, зохих журмын дагуу Н.Бийн эзэмшилд 2020 оны 01 сард шилжүүлсэн. Мөн тухайн газартай холбоотой бүхий л баримтуудыг түүний эзэмшилд шилжүүлсэн. Нэхэмжлэгч газрын эрхийг худалдан авахдаа Баянзүрх дүүргийн газрын албан дээр очиж, өөрийн нэр дээр эзэмших эрх шилжих боломжтой эсэхийг шалгаж тодорхой судалгаа хийсний үндсэн дээр гэрээ хийж, машин болон мөнгөө шилжүүлсэн. Улмаар Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны 09 сарын 25-ны өдрийн  дугаартай захирамжаар Н.Бийн нэр дээр тус газрын эзэмших эрхийг баталгаажуулсан, 2021 оны 04 сард газрын гэрчилгээ гарсан гэрчилгээний мөнгөө төлөөд ирж ав гэж Баянзүрх дүүргийн газрын албаны мэргэжилтэн надруу залгаж хэлэхэд нь Н.Бэд дамжуулж хэлсэн. Ямар учраас гэрчилгээгээ авахгүй байгааг үнэхээр ойлгохгүй байна. Нэхэмжлэлд дурдсанаар бол Баянзүрх дүүргийн Газрын албаны шинээр томилогдсон дарга н.Бат-Өлзий гэгчийн бусдыг гүтгэсэн, эрх мэдэл албан тушаалаа ашигласан хууль бус үйлдэл гэж үзэж байна. В.Н би эрхийн болон биет байдлын доголдолгүй газар шилжүүлсэн гэдэг нь уг газрыг анх 2014 онд Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албанаас Газрын тухай хууль, түүний дагуух журмын дагуу дуудлага худалдаанд оруулж иргэн Б.Цэдэвдорж гэж хүн худалдаж авч, иргэн Н.О 2016 оны 08 сарын 11-ний өдөр дуудлага худалдааны төлбөрийг төлж газрын эрхийг шилжүүлсэн гэсэн түүхтэй газар. В.Н миний бие 2018 онд Н.Огаас 60 сая төгрөгийн бартерт тооцон авч өөрийн эзэмшилд зохих журмын дагуу шилжүүлэн авсан. Газартай холбоотой эдгээр баримтууд бүгд Баянзүрх дүүргийн Газрын албаны архивт байгаа болно. Энэ бүгдийг нэхэмжлэгч мэдэж байгаа, баримтуудыг нь судалсны үндсэн дээр газрын эрхийг худалдаж авсан. В.Н би газрын эрх төлбөртэйгөөр шилжүүлсэн үйлдлийг хууль журмын дагуу гүйцэтгэсэн бөгөөд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн тул Н.Бийн гэрээнээс татгалзсан үйлдэл хууль зүйн үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч газрын эрхийг төлбөртэйгөөр шилжүүлэх гэрээ байгуулахын тулд тус газартай холбоотой бүхий л зүйлийг өөрийн биеэр Газрын албанаас судалж шалгасан, ямар ч асуудалгүй гэдгийг мэдсэн үндсэн дээр бидний хооронд газрын эрх шилжүүлэх гэрээ хийгдсэн. В.Н би холбогдох баримт гэрээ, гэрчилгээ, төлбөрийн баримтуудыг бүрэн бүтэн хүлээлгэн өгч, нотариатаар гэрчлэгдсэн гэрээг Баянзүрх дүүргийн Газрын албанд газрын эрхийг шилжүүлэхээр материалуудыг өгсөн. Н.Бэд тухайн газрыг эзэмших эрх олгосон захирамж 2020 оны 09 сард гарсан болон гэрчилгээ 2021 оны 04 сард түүний нэр дээр баталгаажсан нь В.Н надтай холбоогүй, миний буруутай үйл ажиллагаа энд байхгүй бөгөөд газрын алба, дүүргийн Засаг даргын хуулиар хүлээсэн үүргээ цаг хугацаанд нь биелүүлээгүйтэй холбоотой гэж үзэж байна. Тиймээс Н.Б нь намайг гэрээнийхээ үүргээ биелүүлээгүй гэж гэрээнээс татгалзаж төлбөрт 78,000,000 төгрөг учирсан хохирол гэж 3,535,000 төгрөг, нийт 81,535,000 төгрөг нэхэх нь хууль зүйн үндэслэлгүй байна. Харин эсэргээрээ Баянзүрх дүүргийн Газрын алба, түүний даргын хууль бус үйлдлийг таслан зогсоох талаар маргах ёстой гэж үзэж байна. Иймээс Н.Бийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хэрэг бүрдүүлсэн нотлох баримтууд:

Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: нэхэмжлэл /хх-1-3/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /4/, иргэний үнэмлэхний хуулбар /хх-5/, 2020.01.08-ны газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэх гэрээ /хх-6, 13/,   дугаартай Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ /хх-7, 14/, 2019.06.05-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ /хх-8-9/,   нэгж талбарын дугаартай газрын кадастрын зураг /хх-11/, өргөдөл авсан тухай тодорхойлолт /хх-12/, 2020.01.08-ны өдрийн автомашин худалдах, худалдан авах гэрээ /хх-15/, 2020.01.08-ны өдрийн нотариатын үйлчилгэээний мөнгөний тасалбар /хх-16/, Шлобал лэнд ворк ХХК-ийн нэийн хуудас /хх-17/, 2020.05.05-ны өдрийн кассын орлогын ордер /хх-18/, Хаан банкны 2020.01.09-ний өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт /хх-19/, Хаан банкны   дугаартай дансны хуулга /хх-20, 22/, Капитрон банкны 2020.01.08-ны өдрийн төлбөрийн баримт /хх-21/, 2020.01.09-ний өдрийн   дугаар Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ /хх-23-24/, 2020.05.18-ны өдрийн Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны дүгнэлт /хх-25-26/, 2021.07.05-ны өдрийн итгэмжлэл /хх-44/, хууль зүйн үйлчилгээний гэрээ /хх-116/, 2022.03.29-ний өдрийн итгэмжлэл /хх-145/,

Хариуцагч талаас ирүүлсэн: хариу тайлбар /хх-41-42/, Авлигатай тэмцэх газрын 2021.09.06-ны өдрийн 04/9025 дугаартай хариу өгөх тухай албан бичиг /хх51/, 2019.08.14-ний өдрийн зарлагын баримт /хх-52/, Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2021.10.14-ний өдрийн 03-04/6497 дугаартай албан бичиг /хх-78/, Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2021.12.17-ны өдрийн13/4094 дугаартай албан бичиг /хх-117/, Хаан банкны 2021.12.16-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт /хх-118/, Хаан банкны   дугаар дансны хуулга /хх-119/, Иргэний газар эзэмших эрхийн  дугаартай гэрчилгээ /хх-144/, Иргэний газар эзэмших эрхийн   дугаартай гэрчилгээ /хх-184, 188/, 2021.03.04-ний өдрийн  дугаартай Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ /хх-185-187, 189-191/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022.04.14-ний өдрийн 159/2 дугаар Хөрөнгийн эрх сэргээх тухай тогтоол /хх-209/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022.04.14-ний өдрийн 159/7890 дугаартай албан бичиг /хх-210/,

Шүүхээс зохигчдын хүсэлтээр бүрдүүлсэн баримт: гэрч Н.Огийн мэдүүлэг /хх-73-74/, Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2021.10.22-ны өдрийн 13/3533, 2021.09.27-ны өдрийн 13/3341 дугаартай албан бичиг /хх-79, 80/, өргөдөл, гомдлын бүртгэл хяналтын картын маягт /хх-81/, 2020.01.09-ний өдөр Н.Бийн гаргасан хүсэлт /хх-82, 83/, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2020.01.09-ний өдрийн 20-03/60 дугаартай албан бичиг /хх-84/, Хаан банкны 2020.01.09-ний өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт /хх-85/, 2020.01.08-ны газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэх гэрээ /хх-86/,   дугаартай Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрын зураг /хх-87, 90/, 2020.05.05-ны өдрийн 88 дугаартай Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны ажил гүйцэтгэх гэрээ /хх-88/, 2020.01.08-ны өдрийн   дугаартай Газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт /хх-91/, 2021.01.18-ны өдрийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг /хх-92/, газар зохион байгуулагчийн тодорхойлолт /хх-93/, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд В.Н, Н.Огийн гаргасан өргөдөл /хх-97, 98/, 2019.08.19-ний газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэх гэрээ /хх-99/, газар зохион байгуулагчийн тодорхойлолт /хх-100/,   дугаартай гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ /хх-102/, Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-103/, Улаанбаатар хотын банкны 2019.08.14-ний өдрийн орлогын мэдүүлэг /хх-104/, Улаанбаатар хотын банкны 2019.08.19-ний өдрийн меморалын баримт /хх-105/, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн тодорхойлолт /хх-106/, УБЦТС ТӨХК-ийн 2019.08.14-ний өдрийн зураг төсөлд тохируулга хийсэн тодорхойлолт /хх-107/,   нэгж талбарын дугаартай газрын кадастрын зураг /хх-109/, Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2021.10.22-ны өдрийн13/3533 дугаартай албан бичиг /хх-110/, УБЦТС ТӨХК-ийн Зүүн түгээх төвийн 2022.01.14-ний өдрийн 32/25 дугаартай албан бичиг /хх-137/, УБЦТС ТӨХК-ийн Зүүн түгээх төвийн 2021.12.15-ны өдрийн 32/672 дугаартай албан бичиг /хх-138/, УБЦТС ТӨХК-ийн Зүүн түгээх төвийн 2022.02.10-ны өдрийн 32/58 дугаартай албан бичиг /хх-139/, УБЦТС ТӨХК-ийн Зүүн түгээх төвд Н.О-ийн 2019.08.12-ны өдөр гаргасан өргөдөл /хх-140/, УБЦТС ТӨХК-ийн Зүүн түгээх төвд Н.Бийн 2021.12.13-ны өдөр гаргасан өргөдөл /хх-141/, 2022.04.04-ний өдрийн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-146-174/, 2022.05.10-ны өдрийн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-212-226/, гэрч О.Б-ийн мэдүүлэг /2020.05.10-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл/ /2хх-1-31/.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Б нь хариуцагч В.Нд холбогдуулан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний төлбөр 78,000,000 төгрөг, газрын татварт төлсөн 2,920,000 төгрөг, газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа хийлгэхэд төлсөн 485,000 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 110,000 төгрөг, газрын гэрчилгээний үнэ 20,000 төгрөг, нийт 81,535,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч нь эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй татгалзлын үндэслэлээ холбогдох эрх бүхий байгууллагаас захирамж шийдвэрээр баталгаажуулан олгогдсон эрхийн болон биет байдлын доголдолгүй газрыг шилжүүлсэн, нэхэмжлэгч Н.Бийн нэр дээр тухайн газрын эзэмших эрхийг баталгаажуулсан захирамж, газрын гэрчилгээ гарсан тул нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзаж, төлбөрийг буцаан шаардсан нь үндэслэлгүй гэх тайлбарыг гарган мэтгэлцсэн.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзвэл хариуцагч В.Н нь Улаанбаатар хот, Улаанхуаран хаягт байрлах, нэгж талбарын   дугаартай, 218 м.кв талбайтай, худалдаа, нийтийн үйлчилгээний газрын зориулалтаар эзэмших эрхтэй газрыг бусдад худалдан борлуулах зорилгоор гэрээний гол зүйл буюу тухайн газрын талаарх мэдээллийг дурьдаж, худалдан авах санал гаргасан этгээдтэй үнийг харилцан тохиролцсон тохиолдолд түүнд худалдахаар нийтэд саналын дуудлага гаргасан болох нь тогтоогдож байна.

 

Тодруулбал, хариуцагч В.Н өөрийн эзэмшлийн газрыг шууд нэхэмжлэгч Н.Бэд худалдах саналыг гаргаагүй ба харин тодорхой бус этгээдүүдэд хандан гагцхүү үнэ болон бусад зүйлийн талаар тохиролцсон тохиолдолд түүнтэй гэрээ байгуулах хүсэл зоригийг илэрхийлсэн бөгөөд үүнийг хүлээн авч, зөвшөөрсөн этгээдийн хариу саналыг сонсохоор нийтэд ханджээ.

 

Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1.-д Нэг этгээд өөрийн хүсэл зоригийг хүлээн зөвшөөрсөн этгээдтэй эрх, үүргийн хувьд холбогдохоор нэг буюу хэд, хэдэн тодорхой этгээдэд хандан хүсэл зоригоо бодитойгоор, хангалттай тодорхой илэрхийлсэн илэрхийллийг гэрээ байгуулах санал гэнэ гэж, мөн 195.4.-т Тодорхой бус этгээдүүдэд хандсан хүсэл зоригийн илэрхийлэлд гэрээ байгуулах санал болохыг шууд заагаагүй бол түүнийг санал гаргах дуудлага гэнэ гэж заасан.

 

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзвэл дээр дурьдснаар хариуцагчийн энэхүү тодорхой бус этгээдэд хандсан саналын дуудлагыг нэхэмжлэгч тал хүлээн авч, улмаар газрыг худалдан авах саналыг гаргаж, талууд үнэ болон бусад нөхцлийг харилцан тохирч гэрээ байгуулжээ.

 

Нэхэмжлэгч Н.Б болон хариуцагч В.Н нар нь 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэх гэрээ-г байгуулж, В.Н нь У Улаанхуаран хаягт байрлах, нэгж талбарын   дугаартай 218 м.кв талбайтай газрыг эзэмших эрхийг Н.Бэд шилжүүлэхээр тохиролцсон болох нь хэрэгт авагдсан гэрээ болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /хх-6/

 

Зохигчид газрын төлбөрийг 78,000,000 төгрөгөөр тохиролцож, 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулан Н.Б нь 60,000,000 төгрөгт тооцон   улсын дугаартай Тоёота Ланд Крузер-100 маркийн автомашиныг В.Нд шилжүүлсэн байна. Мөн Н.Б нь Капитрон банк дахь   дугаар данснаас В.Нгийн Хаан банкны   дугаар данс руу 10,000,000 төгрөгийг, эхнэр Л.Бгийн Хаан банкны   дугаар данснаас В.Нгийн Хаан банкны  дугаар данс руу 7,745,000 төгрөгийг,   дугаар данс руу 255,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /хх-15, 21, 22/

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан. Тодруулбал, худалдагч буюу хариуцагч нь гэрээний зүйлийг аливаа эрхийн болон биет байдлын доголдолгүйгээр худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээх бол худалдан авагч болох нэхэмжлэгч тал үнийг тохирсон хугацаанд бүрэн төлсөн тохиолдолд тэдгээрийг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзнэ.

 

Зохигчид 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр газар худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, газрын төлбөрийн нөхцөлийг тохиролцсон болон төлбөр төлсөн талаар маргаагүй боловч гэрээний зүйл доголдолтой байсан эсэх талаар маргажээ.

 

Нэхэмжлэгч Н.Б нь худалдан авсан газар нь ногоон байгууламжийн газартай давхцалтай, цахилгаан дамжуулах агаарын шугам, газар доогуур хийгдсэн кабелийн шугамтай учраас газар эзэмших гэрээ, гэрчилгээнд заасан зориулалтын дагуу ашиглах боломжгүй эрхийн зөрчилтэй газар худалдсан тул гэрээнээс татгалзаж, өгсөн мөнгөө буцаан гаргуулах үндэслэлтэй гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж байна.

 

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн  дүгээр захирамжаар Улаанбаатар хот,   Улаанхуаран хаягт байрлах, нэгж талбарын   дугаартай 218 м.кв талбайтай газрын эзэмших эрхийг Н.Бэд олгож, 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр   дугаартай Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ гарсан, мөн  дугаартай Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ бичигдсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /хх-184, 185-187/

 

Хариуцагч В.Н нь 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр иргэн Н.Отай Газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэх гэрээг байгуулан Улаанбаатар хот,   Улаанхуаран хаягт байрлах, нэгж талбарын  дугаартай 218 м.кв талбайтай газрыг худалдан авахдаа УБЦТС ТӨХК-аас тус эзэмшлийн газрын кадастрын зурагт тодруулга хийлгэсэн байх бөгөөд уг газарт бааз фидерийн 4, 5 тулгуур ойрхон, тохой фидерийн 5-7 дугаар тулгууруудын хоорондох шугам эзэмшилд орсон, КТПН3354 ХТП3679 хоорондох 2 ширхэг кабель шугам огтлолцож байгаа тул УБЦТС ТӨХК-ийн Техникийн бодлого шинэчлэлтийн хэлтэстэй зөвшилцөн холбогдох зөвшөөрлийг авсаны дараа газар шорооны ажил гүйцэтгэх, Зүүн түгээх төвөөр газар дээр нь дахин тодруулга хийлгэн хяналтанд газар шорооны ажлыг гүйцэтгэх талаар анхааруулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /хх-107/ Баянзүрх дүүргийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн  дугаартай захирамжаар тухайн газрын эзэмших эрхийг В.Нарангуяад олгож, 000058580 дугаартай Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон ба хариуцагч нь өөрийн эзэмшлийн тус газрыг нэхэмжлэгчид худалдсан байна.

 

Хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар нэхэмжлэгч Н.Б нь хариуцагч В.Нгаас маргаан бүхий газрыг худалдан авах үед тус газарт дээр дурдсан цахилгааны агаарын болон кабель шугам байсан болох нь тогтоогдож байна.

 

2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр зохигчдын хооронд байгуулсан газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэх гэрээнд нэгж талбарын  дугаартай 218 м.кв талбайтай газрын төлөв байдлын талаар, гэрээний зүйлийн ашиглалттай холбоотой тухайлан дурдаагүй байна.

 

Нэхэмжлэгчийн тайлбарт дурьдснаар тэрээр хариуцагчийн гаргасан зар мэдээ дэх газрын шинж чанар, одоогийн байгаа байдал, газрын ашиглалтын нөхцөл байдлыг тус тус үндэслэн нийт 78,000,000 төгрөгөөр худалдан авсан ба байгуулсан гэрээ, мөн зар мэдээ дэх газрын талаарх мэдээлэл, талуудын газрыг худалдах, худалдан авах үеийн харилцан ярилцаж байсан яриа зэргээс үзвэл нэхэмжлэгч нь маргааны зүйл болох Улаанбаатар хот,  , Улаанхуаран хаягт байрлах, нэгж талбарын  дугаартай 218 м.кв талбайтай, худалдаа, нийтийн үйлчилгээний газрын зориулалтаар эзэмших эрхтэй газрыг байгаа байдлаар нь худалдан авчээ.

 

Зохигчид газар худалдах, худалдан авах гэрээнд газрын төлөв байдлын талаар, гэрээний зүйлийн ашиглалттай холбоотой асуудлыг дурдаагүй боловч худалдагч буюу хариуцагч В.Н нь Иргэний хуулийн 214 дүгээр зүйлийн 214.1.-д Үүргийн гүйцэтгэлийн чанарын талаар гэрээнд тодорхой заагаагүй бол үүрэг гүйцэтгэгч нь ердийн шаардлагад нийцүүлэн үүргээ гүйцэтгэж, дундаас доошгүй чанарын эд хөрөнгө шилжүүлэх үүрэгтэй гэж заасны дагуу зориулалтын дагуу ашиглах боломжтой газрыг худалдах үүрэгтэй.

 

Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1-д зааснаар худалдан авагч буюу нэхэмжлэгч Н.Б нь худалдан авсан тухайн газрыг доголдолтой гэдгийг илрүүлсэн тохиолдолд худалдах, худалдан авах гэрээг цуцлах талаар нөгөө талдаа гомдлын шаардлага гаргах эрхтэй бөгөөд эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан гэрээг цуцалсан тохиолдолд талууд өгсөн, авсан зүйлээ харилцан буцаах буюу гэрээнээс татгалзах үр дагавар үүсч болно.

 

Нэхэмжлэгч тал газрын шинж чанар, одоогийн байгаа байдал болон бусад нөхцөл байдлыг харгалзан байгаа байдлаар нь худалдан авсан тохиолдолд гэрээний зүйлийг тэрхүү байдлаар тодорхойлж, тохирсон гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Н.Б нь маргаан бүхий нэгж талбарын 1331501745 дугаартай 218 м.кв талбайтай газарт цахилгааны кабель шугам байршиж байгааг газар дээр нь очиж үзсэн, мэдэж байсан, энэ талаар гэрээ байгуулахаас өмнө холбогдох байгууллагаас тодруулах боломжтой байсан байх бөгөөд Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2.-т заасны дагуу гэрээний зүйлийг ийнхүү байгаа байдлаар нь хүлээн авсанд тооцох бөгөөд хожим таамаглаагүй доголдол илэрсэн бол үүнийг нотлох ёстой.

 

Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1.-д эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан, 255.1.2.-т аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг худалдан авагч нь уг үйл ажиллагаатай холбоотой эд хөрөнгийг шилжүүлэн авах үедээ нэн даруй шалган авах үүргээ биелүүлээгүй тохиолдолд худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдана гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Н.Б нь хариуцагч буюу худалдагчийг цахилгааны кабель шугам бүхий зориулалтын дагуу ашиглах боломжгүй газар зарсан, эд хөрөнгийг доголдолгүй байдлаар худалдаагүй гэдгээ нотлох ёстой хэмээн буруутгах боломжгүй юм.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчтай байгуулсан газар худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж газрын татварт төлсөн 2,920,000 төгрөг, газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа хийлгэхэд төлсөн 485,000 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 110,000 төгрөг, газрын гэрчилгээний үнэ 20,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаарджээ.

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1.-д Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй, 227.3.-д Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заасны дагуу нэхэмжлэгч нь хохирол учирсан тохиолдолд шаардах эрхтэй.

 

Иргэний хуулийн 245 дугаар зүйлийн 245.2-т Гэрээнд өөрөөр заагаагүй бол үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ болон шаардагдах баримт бичиг бүрдүүлэх, баримт бичгийг нотариатаар гэрчлүүлэх, улсын бүртгэлийн газар бүртгүүлэхтэй холбогдсон зардлыг худалдан авагч хариуцна гэж заасан. Зохигчдын хооронд 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан газрын эрх шилжүүлэх гэрээнд эдгээр зардлыг хэрхэн төлөх талаар заагаагүй тул газрыг худалдан авсантай холбоотой буюу нэхэмжлэлийн шаардлагад дурдсан газрын татвар, газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа хийлгэх төлбөр, нотариатын үйлчилгээний төлбөр, газрын гэрчилгээний үнийг худалдан авагч болох нэхэмжлэгч хариуцна.

 

Нэхэмжлэгч нь маргаан бүхий газрыг худалдан авсантай холбоотой газрын татварт 2,920,000 төгрөг, газрын төлөв байдал, чанарын хянан баталгаа хийлгэхэд 485,000 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөрт 110,000 төгрөг, газрын гэрчилгээний үнэ 20,000 төгрөгийг тус тус төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх боловч хариуцагчийг гэрээний үүргээ зөрчсөн гэж үзэн эдгээр зардлыг нэхэмжлэгчид учирсан хохиролд тооцон хариуцагчаас гаргуулах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнээд нэхэмжлэгч Н.Бийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 565,625 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг баримтлан хариуцагч В.Нгаас газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний төлбөр 78,000,000 төгрөг, газрын татварт төлсөн 2,920,000 төгрөг, газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа хийлгэхэд төлсөн 485,000 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 110,000 төгрөг, газрын гэрчилгээний үнэ 20,000 төгрөг, нийт 81,535,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 565,625 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШЗ2021/15079 дугаартай захирамжаар авагдсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь тус хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үйлчлэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР