Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 55

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Нарантуяа даргалж,

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1-р баг, 00-р байрны 00 тоотод оршин суух нэхэмжлэгч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Чонохон ******* *******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1-р баг, 0-р байрны 00 тоотод оршин суух Монгол ******* *******-д холбогдох 8 000 000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийн 2015 оны 11-р сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч Д.Даваахүү, гэрч Д.Энх-Амгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Алтантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь манай нөхөр *******ын 22.000.000 төгрөгөөр худалдан авсан Япон улсад үйлдвэрлэгдсэн Toyoto kluger маркийн авто машиныг олон удаа гуйж ОХУ руу наймаанд явдаг байсан. Бид төрөл садны холбоотой тул би түүнд итгээд машинаа өгч түүний амьдралд тусалж байсан.

Хэрэгцээ шаардлага гарсан үедээ чи машиныг минь унаад явах юм ямар нэг байдлаар замын хажуу руу ороод эвдэж гэмтээчихвэл чи бид хоёр муудалцаад өнгөрөх байхдаа гэж би түүнд хэлсэн юм. Энэ үед Болортуяа би танай машиныг худалдан авъя гэсэн саналыг тавьж бид харилцан тохиролцоод түүнд машинаа 20.000.000 төгрөгөөр зарсан. Уг нь бид машинаа аваад удаагүй байсан Эрдэнэцогт өөрөө Цемент шохой ХК-д шуурхай албаны суудлын автомашин барьж байсан болохоор өөрийн машинаа нэг их унаж хэрэглэдэггүй байсан хэдий ч бид төрөл садан гэдэг утгаараа үнэ хямдруулж зарсан. Тухайн үед ийм төрлийн автомашин өндөр үнэтэй байсан.

10 000 000 сая төгрөгийг бэлнээр нь өгч үлдэх 10 000 000 төгрөгийг нь боломжоороо цувуулж өгье гэсэн саналыг зөвшөөрч тохиролцон хуваарь хийж талууд гарын үсгээ зурж баталгаажуулсан ба үлдэх 10 000 000 төгрөг дээр нь гэрээ хийсэн юм. Болортуяа нь надад 4 000 000 төгрөг л өгсөн. Машины мөнгөнөөс 6.000.000 төлөөгүй байгаа ба нэмж наймаанд явах гэсэн мөнгө зээлүүлээч гэхээр нь би ямар ч хүүгүйгээр түүнд 2 000 000 төгрөг зээлүүлсэн.

Би Болортуяагийн амьдралд ингэж тусалж байхад намайг хохироож ихээхэн чирэгдэл учруулж байгаад гомдолтой байна. Энэ хугацаанд миний амьдралд олон гачигдал зовлон учирч мөнгө төгрөг маш их шаардлагатай байсныг Болортуяа сайн мэдэж байж миний тусыг усаар хариулж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж ихээхэн хугацаа алдаж чирэгдүүлж байгааг гайхаж байна.

Болортуяад биднээс өөр хэн ч итгэж машинаа зээлээр өгч мөнгөө төлж барагдуулаагүй байхад нь нэмж 2 000 000 төгрөгийг ямар ч хүүгүйгээр өгөхгүй байсан.

Иймд Болортуяагаас машины үнийн төлөгдөөгүй үлдэгдэл 6 000 000 төгрөг зээлдүүлсэн 2 000 000 төгрөг нийт 8 000 000 төгрөгөө гаргуулахаар нэхэмжлэл гаргаж буйг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ

*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд нэхэмжлэлээ дэмжиж гаргасан тайлбартаа: Би Болортуяаг таньдаг, манайхаар орж гардаг байсан. Манай нөхөр машинаа 22 000 000 төгрөгөөр худалдаж аваад удаагүй байсан. Болортуяа Орос руу худалдаа хийдэг байсан болохоор манай машиныг байнга гуйж унадаг байсан. Машиныг маань хэд хэдэн удаа унаж явж байсан. Нөхөр нь ч гэсэн гуйгаад л унадаг байсан. 1 удаа орж ирээд Цогоо ахаа, Гэрэлээ эгчээ машинаа өгөөч гэхээр нь би чи одоо ямар хэцүү юм бэ? чи дандаа л машинаа өгөөч, машинаа өгөөч гэх юм. Энэ одоо танай машин юм уу? манай машин юм уу? гэж хэлээд өгөөд явуулсан. Хэд хэдэн удаа Орос руу унаад явахаар нь би Болортуяад чи дандаа машин гуйгаад унаад яваад байх юм. 1 өдөр ийш тийш унагаагаад янз бүр болчихвол хэдүүлээ муудалцаад өнгөрөнө шүү дээ гэж хэлсэн. Гэтэл Болортуяа машиныг чинь би худалдаж авъя гэсэн юм. Ингээд Болортуяад 20 000 000 төгрөгөөр машинаа зарахаар болж бид нар хоорондоо тохироод гэрээ маягийн гар бичмэл хийгээд эхлээд 10 000 000 төгрөгийг нь бэлнээр аваад үлдснийг нь 1 000 000 төгрөгөөр нь хувааж өгөхөөр тохиролцсон. Машинаа 2013 онд Болортуяад зарсан. Мөнгөө яаж өгөх талаараа Болортуяа өөрөө график бичээд нөхөр бид 2 хүлээн зөвшөөрч машинаа зарсан. Нөхөр гараад машинаа гражаас нь гаргаад, 4 шинэ дугуй дагуулж өгөөд, хамаатан садан хүмүүс юм чинь машинаа манай гражинд 1 жил үнэгүй тавиарай гээд гражиндаа 1 жил машиныг нь үнэгүй тавиулсан. Эхлээд 10 000 000 төгрөгөө өгчихөөд үлдснийг нь цувуулж 1 000 000 төгрөгөөр нь өгсөөр байгаад 4 000 000 төгрөгийг нь өгсөн. Ингээд 6 000 000 төгрөг үлдсэн байсан. Болортуяа нэг өдөр манайд орж ирээд Гэрэлээ эгчээ мөнгө байна уу? 2 000 000 төгрөг өгөөч наймаандаа яваад ирье гэхээр нь би тэр үедээ хамаатан садан хүмүүс юм чинь гээд ямар ч хүүгүй 2 000 000 төгрөг өгсөн юм. Тухайн үедээ амьдралд нь нэмэр болох л байх гэж бодож өгсөн. Ингээд нийт Болортуяагаас 8 000 000 төгрөг нэхэмжилж байгаа юм. Шүүхээс хуулийн дагуу өгнө үү гэж хүсэж байна... Болортуяа манай нөхрийг ажил дээрээ байж байхад нь та ирээд машиныхаа бичиг баримтыг шилжүүлээд өгөөч гэж дуудсан байсан. Тэгээд яваад очтол Болортуяа, Цогоо ахаа хоёулаа гэрээгээ 10 000 000 төгрөгөөр худалдсан гээд хийчихье гэж хэлэхэд манай нөхөр би чамд машинаа 20 000 000 төгрөгөөр зарсан шүү дээ яагаад ингэж байгаа юм бэ? гэхэд Болортуяа та бид нар гарын үсэг зураад тохиролцсон, би тохирсон хуваарийнхаа дагуу мөнгөө төлнө. Би нотариатад мөнгө төлдөг, татварт мөнгө төлдөг юм. Дүү нь жаахан мөнгө муутай байна, гэрээгээ 10 000 000 төгрөгөөр хийчихье гээд байхаар нь манай хүн гарын үсэг зурчихаад л явсан гэж надад тайлбарладаг... Хуваарийн дагуу 07 дугаар сарын 10-ны өдөр эхний 10 000 000 төгрөгөө өгсөн... 08 дугаар сарын 10-нд 1 000 000 төгрөг бэлнээр, 09 дүгээр сарын 10-нд 1 000 000 төгрөг дансаар, 10 дугаар сарын 10-нд 1 000 000 төгрөг бэлнээр, 11 дүгээр сарын 10-нд 1 000 000 төгрөг дансаар тус тус өгсөн... үлдэх 6 000 000 төгрөг, болон 2013 оны 06 сарын 24-нд зээлж авсан 2 000 000 төгрөгийг гаргуулж авмаар байна. Хүүтэй өгсөн гэж байна. Энэ мөнгийг өгөөгүй... гэв.

 

Хариуцагч 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: *******гийн нэхэмжлэлтэй *******д холбогдох 8 сая төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцаж тайлбар гаргаж байна. Би *******той TOYOTO KLUGER маркийн авто машиныг 2013.06.28-ны өдөр 10 сая төгрөгөөр тохиролцон худалдах худалдан авах гэрээ байгуулан худалдаж авсан. 10 сая төгрөгийг банкнаас зээлж авч өгсөн. Одоо машины төлбөр байхгүй. Харин 2 сая төгрөг зээлж авч ОХУ-руу наймаа хийж явсан бөгөөд 2 сая төгрөгийг хүүгийн хамт төлсөн. Одоо Гэрэлээ, Эрдэнэцогт нарт төлөх төлбөр байхгүй болно гэжээ.

 

Шүүх хуралдаанд гэрч Д.Энх-Амгалан өгсөн мэдүүлэгтээ: Хотод байдаг манай ахын хүүхэд хөдөө явахад уначихаар машин авах гэсэн юм гэж над руу ярьсан юм. Тэгээд би Эрдэнэцогтыг машинаа зарах гэж байна гэж хүнээс сонссон байсан болохоор Клюгер буюу дунд гарын жип машин манай 1 жолооч зарах сураг байсан гээд дүүдээ хэлсэн. Тэгсэн чинь дүү маань та үнэ ханшийг нь асуугаад өгөөч гэсэн. Би Эрдэнэцогтоос машиных нь талаар асуусан чинь 20 000 000 төгрөгөөс зарна гэхээр нь дүүдээ хэлсэн чинь та 20 000 000 төгрөгөөсөө үнийг нь буулгах уу? гэж асуугаарай гэсэн. Хэд хоноод байж байтал манай дүү та очоод уулзаад яг бэлэн мөнгөтэй очвол хэдээр өгөх юм гээд ярьж хөөрөөд өгөөч гэсэн. Тэгээд Эрдэнэцогтынд очоод уулзсан чинь би машинаа хамаатандаа 20 000 000 төгрөгөөр зарчихсан гэж хэлсэн. Надад өөр мэдэх зүйл байхгүй.... Эрдэнэцогт гэдэг хүн машинаа 20 000 000 төгрөгөөр зарсан гэдгээ надад хэлсэн, ...манай дүү 2013 оны 06 дугаар сарын үед над руу хөдөө гадаа уначихаар машин авмаар байна гэж ярьж байсан юм... гэв

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* хариуцагч *******д холбогдуулан зээлээр худалдсан машины үлдэгдэл 6 000 000 төгрөг, зээл 2 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүхэд болон шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* өөрийн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж авто машин худалдах, худалдан авах гэрээ /хх-5/, 2013 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн хийсэн иргэд хоорондын тохиролцоо /хх-7/, Тоёото клюгер маркын машины үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

Хариуцагч ******* нь ******* гэгчийн эзэмшлийн Тоёото клюгер маркын авто машиныг зээлээр худалдан авахаар 2013 оны 06 сарын 15-ны өдөр тохиролцож төлбөрийг төлөх талаар график хийсэн болох нь хавтаст хэргийн 7 дугаар хуудсанд байгаа Иргэд хоорондын тохиролцоо буюу гэрээгээр тогтоогдож байна. Үүнээс 5 хоногийн дараа 2013 оны 06 сарын 28-ны өдөр авто машин худалдах, худалдан авах гэрээ байгуулж нотариатаар гэрчлүүлсэн байна. Уг гэрээнд авто машины үнийг 10 000 000 төгрөгөөр тохиролцож худалдсан гэжээ.

Нэхэмжлэгч тал Тоёото клюгер маркын авто машиныг 20 000 000 төгрөгөөр, зээлээр хариуцагч *******д худалдсан болох нь :

2013 оны 06 сарын 15-ны өдөр тохиролцсон Эрдэнэжаргал овогтой Болортуяа миний бие Самбуу овогтой Эрдэнэцогтоос 2002 оны хар хөх өнгөтэй TOYOTO KLUGER маркын авто машныг 20 сая төгрөгөөр худалдан авч байгаа бөгөөд төлбөрийг дараах нөхцлөөр тохиролцож байна. Үүнд: 7-р сарын 10 гэхэд эхний 10 000 000 төгрөгийг дансаар, 8-р сарын 10-нд 1 000 000 төгрөг, 9-р сарын 10-нд 1 000 000 төгрөг, 10-р сарын 10-нд 1 000 000 төгрөг, 11-р сарын 10-нд 1 000 000 төгрөг, 12-р сарын 10-нд 1 000 000 төгрөг, 1-р сарын 10-нд 1 000 000 төгрөг, 2-р сарын 10-нд 1 000 000 төгрөг, 3-р сарын 10-нд 1 000 000 төгрөг, 4-р сарын 10-нд 1 000 000 төгрөг, 5-р сарын 10-нд 1 000 000 төгрөг өгнө. Үүгээр зээлийн төлбөр дуусна, Машины мөнгөн дээр өөр ямар нэгэн хувилбаргүй болно. Тохирсон С.Эрдэнэнцогт, Н.Гэрлээ, Б.Эрдэнэ-Бат, *******. гэх гэрээ /хх-7/,

Хариуцагч ******* дээрх гэрээнд зааснаар 2013 оны 07-р сарын 10-нд дансаар 10 000 000 төгрөг, 8-р сарын 10-нд 1 000 000 төгрөг бэлнээр, 9-р сарын 25-нд 1 000 000 төгрөг дансаар, 10-р сарын 20-нд 1 000 000 төгрөг бэлнээр, 12-р сарын 2-нд 1 000 000 төгрөг дансаар, нийт 14 000 000 төгрөг өгсөн нь нэхэмжлэгчийн гаргаж өгсөн гэрээн /хх-7/ дээр бэчигдсэн мөнгө өгсөн талаарх тэмдэглэл, дансаар 2 000 000 Болортуяагаас шилжүүлснийг нотолсон *******гийн ХААН банкны 5067097577 дугаарын харилцагчийн дансны дэлгэрэнгүй хуулга /хх-н 35-36/,

Нэхэмжлэгч ******* машинаа 20 000 000 төгрөгөөр зарахаар ярьж байсныг гэрчилсэн шүүх хуралдаанд оролцсон гэрч Д.Энх-Амгалангийн ...*******ын машинаа зарна гэж ярьж байсныг би өөрийн дүүдээ хэлэхэд, та үнийг нь асуучих гэсэн юм. Тэгээд би *******оос асуухад 20 000 000 төгрөгт өгнө гэж байсан. Дүүдээ үнийг нь хэлээд удаагүй байж байтал хамаатандаа 20 000 000 төгрөгөөр зарсан гэж байсан... гэх мэдүүлэг,

Мөн тухайн үед зах зээл дээр Тоёото клюгер маркын машины үнэ 20 000 000 -21 000 000 төгрөгөөр зарагдаж байсныг хөрөнгийн үнэлгээчин Г.Баттулгын гаргасан жишиг үнэлгээний тайлангийн дүгнэлт хэсгийн 4 дэх заалтын ..Уг тээврийн хэрэгслийн үнэ цэнийг 2013 оны байдлаар зах зээлийн жишиг үнийн хандлагаар үнэлэв. Энэ нь ижил ашиглалттай, нэг үйлдвэр загварын ижил онд үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгслийн зах зээлд худалдагдсан үнэд тохируулга хийгддэг аргачлал юм. Тээврийн хэрэгсэл нь цаг хугацааны хувьд /наадмын өмнөх сар, цагаан сарын өмнө/ үнэ нэмэгддэг болно. 2013 оны 6 дугаар сард худалдагдсан бөгөөд тухайн сард зах зээлийн үнэ нэмэгдсэн....гэх хэсэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Авто машиныг 10 000 000 төгрөгөөр зарах тухай автомашин худалдах, худалдан авах гэрээний талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* тайлбарлахдаа Манайх 2011 онд энэ машиныг 22 000 000 төгрөгөөр авсан. ******* манай дүүтэй сууж байсан. Бид 20 000 000 төгрөгөөр тохиролцсон гэрээ нь хэрэгт байгаа. Нотариат дээр манай нөхөрт ******* 10 000 000 төгрөг гээд бичүүлмээр байна. Нотариатын хураамж арай бага гарна. Дүүд нь мөнгө хүрэлцэхгүй байна гэж хэлж 10 000 000 төгрөгөөр худалдан авсан гэж бичүүлсэн гэж тайлбарлаж байгааг үндэслэлтэй гэж үзлээ. Учир нь энэ тайбар хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байгаа болно.

Машиныг 20 000 000 төгрөгөөр зарагдсан нь тогтоогдож байх тул 2013 оны 06 сарын 28-ны өдрийн автомашин худалдах, худалдан авах тухай гэрээг нотлох баримтаар үнэлээгүй болно.

Тоёото клюгер машины үнэ төлөгдөхөөс өмнө машиныг *******д шилжүүлсэн, үнийг тодорхой хугацааны дотор хэсэгчлэн төлөх мөнгөний хэмжээний талаар талууд тохиролцож бичгээр гэрээ байгуулсан тул Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1 дэх хэсэгт зааснаар зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгууллагдсан байна гэж үзлээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2 дахь шаардлага нь *******г 2013 оны 03-р сарын 24-ний өдөр 2 000 000 төгрөг авсан гэж нэхэмжилж байгаа бөгөөд хариуцагч ******* 2013 оны 06 сарын 24-ний өдөр 2 000 000 төгрөг гарын үсэг зурж мөнгө авснаа хүлээн зөвшөөрсөн болохыг нотолсон баримтыг / хх-7/ ирүүлсэн байна.

Хариуцагч ******* мөнгийг хүүтэй нь буцааж өгсөн гэж тайлбар ирүүлсэн боловч холбогдох нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, энэ талаар нотолж чадахгүй байна. Иймд *******г 2 000 000 төгрөгөө нэхэмжлэгч талд хүүтэй нь хамт буцааж төлсөн гэх байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Дээрх байдлуудыг дүгнээд Иргэний хуулийн 263 дугаар зүйийн 263.1, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******гаас машины дутуу төлсөн үнэ 6 000 000 төгрөг, зээл 2 000 000 төгрөг нийт 8 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******од олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 142 950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, энэ хуулийн 56.1, 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч *******гаас 142 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******од олгож шийдвэрлэв.

 

Хариуцагч *******д 2015 оны 12 сарын 09-ний өдөр нэхэмжлэлийн хувь гардуулж, эрх, үүрэг танилцуулсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гэнэндуламыг оролцуулна гэж итгэмжлэл /хх-31/ өгсөн. Шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид эрх, үүрэг танилцуулж хэргийн материалтай танилцуулсан. 2016 оны 01 сарын 29-ний өдөр ******* нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй талаар тайлбар ирүүлсэн өөр нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй бөгөөд шүүх хуралдаанд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Улсын дээд шүүх дээр хуралтай, наад хурлаа надгүйгээр шийдвэрлэ гэжээ.

Хариуцагч *******гаас итгэмжлэгдсэн төлөөлөгчөөсөө татгалзсан талаар хүсэлт ирээгүй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тайлбар хэрэгт цугларсан баримт нотолгоог үндэслэн хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.1, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******гаас машины дутуу төлсөн үнэ 6 000 000 /зургаан сая/ төгрөг, зээл 2 000 000 /хоёр сая/ төгрөг нийт 8 000 000 /найман сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******од олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 142 950 /нэг зуун дөчин хоёр мянга есөн зуун тавин/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, энэ хуулийн 56.1, 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч *******гаас 142 950 /нэг зуун дөчин хоёр мянга есөн зуун тавин/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******од олгосугай.

3.Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4 дэх хэсгүүдэд зааснаар шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдснээс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ А.НАРАНТУЯА