| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 141/2025/0034/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/30 |
| Огноо | 2025-04-15 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | М.Алтангэрэл |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 2025/ШЦТ/30
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Золбоо,
Улсын яллагч М.Алтангэрэл,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Гүнчинсүрэн
Шүүгдэгч Ч.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ч.Нид холбогдох 2524000000040 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт Ч.Н, регистрийн дугаар,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ч.Н нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаанд буюу 2025 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс 03-ны өдөр шилжих шөнө Завхан аймаг, Тосонцэнгэл сум, Улаантолгой багийн нутаг дэвсгэрт согтуурсан үедээ ..... улсын дугаартай “Тоёота приус 20” загварын тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгчийн холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар:
Шүүгдэгч Ч.Н нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаанд буюу 2025 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс 03-ны өдөр шилжих шөнө З..... нутаг дэвсгэрт согтуурсан үедээ ..... улсын дугаартай “Тоёота приус 20” загварын тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон болох нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Тухайлбал: Ч.Нийг согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоныг нотолсон гэрч Ш.С “...2025 оны 03 дугаар сарын 02-ны өдөр цагдаагийн хэлтсийн баталсан томилгооны дагуу замын цагдаагийн хяналтаар үүрэг гүйцэтгэж байсан. Тэгтэл 2025 оны 03 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө 01 цаг 20 минутын үед Тосонцэнгэл сумын нутаг дэвсгэрт гудамж замд үүрэг гүйцэтгэж байхад жижүүрээс “Тосонцэнгэл сумын Дархан-Уул баг хөгжлийн хэсэг 8-819 тоот хашааны үүдэнд С.О гэх хүн .... улсын дугаартай приус 20 маркийн тээврийн хэрэгслээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хүний хөл дайраад явсан. Гудамж замд үүрэг гүйцэтгэхдээ ..... .... улсын дугаартай тээврийн хэрэгслийг эрэн сурвалжилж ажиллана уу” гэсэн чиглэл өгсөн. ...Тухайн тээврийн хэрэгслийг эрэн сурвалжилж байхад Тосонцэнгэл сумын Хайрхан багийн нутаг дэвсгэр Завхан ... ХХК-ийн урд талын гэр хорооллын гудамжинд айлын хашаанаас ...... улсын дугаартай мөнгөлөг өнгийн тээврийн хэрэгсэл хөдлөөд гарсан. Тухайн тээврийн хэрэгслийг араас нь дагаж яваад Улаантолгой багийн Цэнгэл хорооллын гудамжинд очиж зогсохоор нь жолоочийг машинаас буугаагүй байхад нь очиж шалгахад Ч.Н гэх иргэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон байсан. Тухайн иргэнийг цагдаагийн хэлтэст авчраад согтолтыг шалгахад 2.19%-ийн согтолттой байсан. Ч.Н гэх иргэнд “Та авто машинаа С.О. гэх хүнд өгсөн үү? хэрэв өгсөн бол тухайн иргэн согтуугаар таны машины жолоодож хүний хөл шүргэсэн байна” гэхэд “Намайг айлд ирэхэд С.О надаас ахыгаа аваад ирье гээд миний машиныг жолоодоод явсан. Оын согтолт нь гайгүй байсан ш дээ” гэхэд түүний хажуу талаас Н гэх хүний эхнэр нь гэх эмэгтэй “Би нөхрийгөө согтуу хүнд яагаад машинаа өгч байгаа юм бэ? гэхэд гялс очоод хүн аваад ирье гэхээр нь өгөөд явуулчихлаа” гэж надад хэлсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13 дугаар хуудас/,
Гэрч Х.О “...Цагаан сарын үеэр буюу 2025 оны 03 дугаар сарын 02-ны орой би найзуудаа цай уугаач гэж гэртээ дуудуулсан. Орой 20 цаг өнгөрч байхад найз С.О түрүүлж манайд орж ирсэн. Удалгүй араас нь Н эхнэр хүүхэдтэйгээ орж ирсэн. Н манайд ирэх үедээ өөрийнхөө ..... улсын дугаартай мөнгөлөг өнгийн приус 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй ирсэн. Би найзууддаа 0.5 литрийн хэмжээтэй экс архи задлаад архийг Н, О бид гурав голдуу хувааж ууцгаасан. Бид нарын эхнэрүүд архи бараг уугаагүй. Би архи дуусахаар нь дахин 0.75 литрийн хэмжээтэй Экс архи задлаад О, Н бид гурав ууж байсан. Би архины талд нь хүргээд согтоод унасан. Цаашаа юу болсныг санахгүй байна. Маргааш өглөө нь Н манайд эхнэртэйгээ ирээд өнгөрсөн шөнө согтуу машинаа жолоодож яваад цагдаад баригдаад машинаа журамлуулсан. Мөн О миний машиныг надаас гуйж аваад явахдаа хүний хөл дайрсан юм шиг байна гэж хэлж байсан. Би Нийг манай гэрээс хэдэн цагт гарсныг бол санахгүй байна. Маргааш нь өөрийнх нь ярианаас согтуу машинаа жолоодож байгаад цагдаад баригдсан юм байна гэдгийг нь ойлгож мэдсэн. Манай найз Н нь өмнө нь өөрөө согтуу машинаа жолоодож байгаад жолоодох эрхээ хасуулж байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас/,
- Завхан аймгийн Цагдаагийн газрын Тосонцэнгэл сумын сум дундын цагдаагийн хэлтсийн ахлах зохицуулагч ахлах дэслэгч Ш.С 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Чимэдготовын Нийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан “...Alcotest багаж ашиглан шалгахад 2,19 хувь тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо.” гэсэн тэмдэглэл /хх-ийн 3-р хуудас/,
- 2424000386 дугаартай холбогдогч Ч.Нид холбогдох зөрчлийн хэргийн хуулбар хувь /хх-ийн 07-09-р хуудас/,
- Ч.Нийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хасуулсан талаарх Цагдаагийн ерөнхий газрын “Жолоочийн лавлагаа, мэдээлэл” /хх-ийн 5-р хуудас/,
- Завхан аймгийн Цагдаагийн газрын Тосонцэнгэл сумын сум дундын цагдаагийн хэлтсийн ахлах мөрдөн байцаагч цагдаагийн хошууч Ц.М 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “....... улсын дугаартай, “Тоёота приус 20” маркийн тээврийн хэрэгслийн жолооч Ч Н нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн “3.7а-д заасан тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэх заалтыг зөрчсөн болох нь тогтоогдож байна.
Иймд Ч.Н нь тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэх заалтыг зөрчсөн нь гэмт гарахад шууд нөлөөлсөн гэх магадлагаа /хх-ийн 23-24-р хуудас/ зэрэг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, дээрх нотлох баримтууд нь хэрэгт ач холбогдолтой, хууль ёсны, уг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.
Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар замын хөдөлгөөнд оролцогч нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг биелүүлэх үүрэгтэй бөгөөд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а-д “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэж заасан.
Дээрх хориглосон заалтыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ дахин тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн” гэмт хэргийн шинж болгон, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн субъектийг тус зүйлийн хуульчилсан тайлбарт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно” гэж тайлбарласан.
Шүүгдэгч Ч.Н нь 2024 оны 03 дугаар сарын 03-ны шөнийн 03 цаг 40 минутын орчим согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон болох нь эрх бүхий албан тушаалтны жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан “...Ч.Нийн согтолтыг “Аlcоtest” багаж ашиглан шалгахад 2,19% тоон үзүүлэлт илэрч, согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо” гэсэн тэмдэглэлээр /хх-ийн 3-р хуудас/ тогтоогдсон байна.
Мөн шүүгдэгч Ч.Н нь 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан болох нь Цагдаагийн ерөнхий газрын “Жолоочийн лавлагаа, мэдээлэл”-ээр нотлогдож байх бөгөөд тэрээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан гэдгээ мэдсээр байж 2025 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс 03-ны өдөр шилжих шөнө ....... нутаг дэвсгэрт согтуурсан үедээ ..... улсын дугаартай “Тоёота приус 20” загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.
Иймд шүүгдэгч Ч.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Энэ хэргийн улмаас бусдад хохирол, хор уршиг учраагүй байх тул шүүгдэгч Ч.Нийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Ч.Н нь өөрийн холбогдсон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Ч.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ч.Н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирол, хор уршиг учраагүй бөгөөд холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокуророос хүлээн авч шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүгдэгчид прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй, шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагдсан байна.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилготой нийцэж байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр прокурорын саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг тайлбарлах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх эрх хасах ялыг хорих ял дээр оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа, эсхүл торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно” гэж заасан байх тул шүүгдэгч Ч.Нид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах 2 /хоёр/ жилийн нэмэгдэл ялын хугацааг түүнд торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж,
түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Ч.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Нийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Нид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг тайлбарласугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Нид оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг түүнд торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
6. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ