Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 252

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга И.Буманбаяр,

Улсын яллагч Н.Мөнгөнсүх,  

Шүүгдэгч Н.Ганзам нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Зэлмэн урианхай овогт Намжилдуламын Ганзамд холбогдох эрүүгийн 201725021006 дугаартай хэргийг 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр яллагдагчийг шүүхэд шилжүүлж, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1979 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын ажил эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо Жаргалантын 4 дүгээр гудамж 35 тоотод оршин суух, урд ял шийтгэлгүй, Зэлмэн урианхай овогт Намжилдуламын Ганзам, /РД: МЮ79011475/,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Н.Ганзам нь согтуугаар 2017 оны 3 дугаар сарын 31-ний орой 18 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 8-147 тоот хашааны гадаа байсан хохирогч Б.Ууганбаярын эзэмшлийн 51-93 УНЧ улсын дугаартай “Тоёота Приус 11” маркийн тээврийн хэрэгслийн баруун хойд болон арын цонхыг чулуугаар цохиж хагалж устгасан,

мөн дээрх цаг хугацаанд дээрх газар байсан иргэн А.Энхзаяагийн эзэмшлийн 34-78 УНС улсын дугаартай “Тоёота Аурис” маркийн тээврийн хэрэгслийн баруун урд талын цонхыг чулуугаар зурж гэмтээсэн гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.Ганзам нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…2017 оны 3 дугаар сарын 31-ний орой Хадбаатарын ахынх нь байшингийн найранд очоод 18 цагийн үед гэрээс нь гарсан. Машиндаа багтахгүй олуулаа явж байсан учир заримыг нь автобусны буудал хүргэж өгчихөөд буцаж ирж намайг авахаар буулгасан. Тэгээд буцаж ирээд намайг хүмүүс авахад нь Ууганзаяа, Энхзаяа нарын машины шилийг нь хагалсан байсан. Маргааш нь хохирогч нартай уулзаж хохирлыг барагдуулсан…” гэв.

Шүүгдэгч Н.Ганзам нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...орой 18 цагийн орчим Хадбаатар ахын гэрээс гараад явсан...тухайн үед яг юу болсон гэдгээ санахгүй байнаа би нилээн согтсон байсан...нэг сэрэхэд цагдаа дээр гавлуулсан байсан...хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...хохирол төлбөрөө төлсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн    50-51 дүгээр хуудас/,

                 Хохирогч А.Энхзаяа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...Би Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, 8-147 тоотод байрлах ажил дээрээ байж байхад манай ажлын Ууганаа орж ирээд "миний машины цонхыг хагалаад зугтаачихлаа" гэж хэлсэн. Тэгээд манай ажлын ах хамт гараад араас нь хөөгөөд нөгөө залууг барьсан...Тэр үед Ууганаа "чиний машиныг бас зурчихсан байна гэсэн...миний машины жолооч талын цонхыг шилэн дээр нь 2-3 ширхэг урт зураас гаргачихсан байсан...тэр залуу надад 200.000 төгрөг өгөөд миний хохирлыг барагдуулж өгсөн гомдол саналгүй..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/,

 

    Хохирогч Б.Ууганбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...би Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, 8-147 тоотод байрлах ажил дээрээ орой 18 цагийн орчим ажлаа хийж байхад нэг хүн гадаа хаалга нүдээд байсан. Тэгэхээр нь би гараад харахад Булганаа гэх манай найз байсан ба надад "чиний машины цонхыг нэг хүн хагалчихаад явчихлаа" гэсэн. Тэгэхээр нь би машинаа харахад арын цонх, жолооч талын арын цонхыг хагалсан байсан. Би араас нь гүйгээд тэр залууг барьж аваад яагаад машины цонх хагалж байгаа юм гэхэд "би хагалсан юм" гэж хэлж байсан. Тэгэхээр нь би цагдаа дуудаад өгсөн. Тэр залуу бас манай ажлын Энхзаяагийн машиныг зураад гэмтээсэн байсан...хохирлын мөнгөө авсан гомдол саналгүй..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр хуудас/,

 

  Гэрч Ө.Зандраа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...Тэр өдөр Ганзам бид нар Хадбаатар ахын байшингийн найранд очсон...тухайн өдөр юу болсоныг мэдэхгүй байна. Маргааш нь Батжаргалаас Ганзам хүний машины цонх хагалсан гэдгийг сонссон..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 36 дугаар хуудас/,

 

   Гэрч Д.Батжаргал мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ "...би Зандрааг Сансарын клонк хүргэж өгчихөөд нэг залуу “танай найз чинь миний машины цонхыг хагалсан очиж үз” гэхээр нь очоод үзэхэд Приус 11 маркийн машин байсан. Машиныг нь тойроод харахад хойд цонх нь хагарсан байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 38 дугаар хуудас/,

 

Эд зүйлийн үнэлгээ

  • “Тоёота Ариус” автомашины баруун талын цонх – 200.000 төгрөг
  • “Приус 11” маркийн автомашины баруун хойд цонх – 350.000 төгрөг
  • “Приус 11” маркийн автомашины хойд талын цонх – 350.000 төгрөг…” гэжээ /хх-ийн 60-61 дүгээр хуудас/, 

 

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 6-9 /, хохирол төлсөн баримт /хх 24-26/, гэрч Ц.Хадбаатарын мэдүүлэг /хх 39-40/, гэрч Г.Идэрсайханы мэдүүлэг /хх 41-42/, гэрч Н.Алтангэрэлийн мэдүүлэг /хх 43-44/, шүүгдэгч Н.Ганзамын иргэний үнэмлэхний лавлагаа /хх 56/, ял шийтгэл шалгасан хуудас /хх 57/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 58/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Н.Ганзам нь согтуурсан үедээ 2017 оны 3 дугаар сарын 31-ний орой 18 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 8-147 тоот хашааны гадаа байсан хохирогч Б.Ууганбаярын эзэмшлийн 51-93 УНЧ улсын дугаартай “Тоёота Приус 11” маркийн автомашины баруун хойд болон арын цонхыг чулуугаар цохиж хагалж устгасны улмаас 700.000 төгрөгийн, мөн иргэн А.Энхзаяагийн эзэмшлийн 34-78 УНС улсын дугаартай “Тоёота Аурис” маркийн автомашины баруун урд талын цонхыг зурж гэмтээсний улмаас 200.000 төгрөгийн нийт 900.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Н.Ганзамын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Ууганбаяр, А.Энхзаяа, гэрч Ө.Зандраа, Д.Батжаргал нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хэрэг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Прокуророос шүүгдэгч Н.Ганзамд холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дүгээр зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв боловч Шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “...оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ...” гэсэн тул хэргийн зүйлчлэлийг Шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийцүүлэн зүйлчилэх нь зүйтэй гэж үзлээ.

Иймд шүүх шүүгдэгч Н.Ганзамыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.  

Шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээр тусгасан нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Н.Ганзамыг Шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж гэм буруутайд тооцох нь зүйтэй” гэсэн дүгнэлт хуульзүйн үндэслэлтэй болохыг дурьдлаа.

Шүүгдэгч нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн тул Шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй байна.

Шүүх шүүгдэгч Н.Ганзамд ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж, харин анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон хувийн байдлыг тус тус харгалзан шүүхээс торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоов.

Хэрэгт авагдсан хохирогч Б.Ууганбаяр, А.Энхзаяа нараас бичгээр гаргасан хүсэлтдээ “хохирлыг нөхөн төлсөн, гомдол саналгүй” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдлаа. 

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Н.Ганзам нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                           

                                                                                                                   ТОГТООХ нь:                                                                                

            1. Прокуророос шүүгдэгч Зэлмэн урианхай овогт Намжилдуламын Ганзамд холбогдуулан /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон нийцүүлэн өөрчилсүгэй.

            2. Зэлмэн урианхай овогт Намжилдуламын Ганзамыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            3. Шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ганзамыг 451 /дөрвөн зуун тавин нэг/ нэгжээр буюу 451.000 / дөрвөн зуун тавин нэг мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ганзамд оногдуулсан 451 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ганзам нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

            6. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Н.Ганзам нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

            7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Ганзамд урьд авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

            9. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Ганзамд урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ДУЛАМСҮРЭН