Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 686

 

 

 

 

 

 

 

 

 

Д.З-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2019/00335 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.З-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч ХНХЯ-д холбогдох

 

Ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэмцэх олговорт 19 179 641 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Д.З- нь Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдад холбогдуулан 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн А/10 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1023 дугаар шийдвэрээр Д.З-ыг Нийгмийн даатгалын газрын тэргүүн дэд даргын албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгохоор болсон. Гэтэл ХНХЯ- одоог хүртэл шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй байгаа бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1023 дугаар шийдвэрийг албадан биелүүлэхээр шүүхийн шийдвэр гүйцэтгэлд хүсэлт гаргасан боловч одоог хүртэл биелэгдээгүй байгаа. Нэхэмжлэгч нь ХНХЯ-анд холбогдуулан 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 17,528,160 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан бөгөөд тус шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2018/00308 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Хариуцагч дээрх шийдвэрт давж заалдах болон хяналтын гомдол гаргасан бөгөөд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 983 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 001/ХТ2018/01368 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хэвээр үлдээсэн. Өнөөдрийг хүртэл хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй байгаа учраас нэхэмжлэгчид 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 19,179,641 төгрөгийг ХНХЯ-наас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлүүдээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үүнд, нэхэмжлэгч Д.З- нь 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс хойш өдийг хүртэл Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн ажлын албаны даргын албан тушаал буюу улс төрийн албан тушаал эрхэлж байгаа. Өөрөөр хэлбэл, Төрийн албаны тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилсан сэргийлэх хууль тогтоомжийн хүрээнд төрийн захиргааны албан хаагч нь давхар ажил эрхлэх боломжгүй бөгөөд уг агуулгаар давхар орлого олох боломжгүй юм. Шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн. Нэхэмжлэгч нь 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хугацааны цалин, хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 17 528 160 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж тус шүүх 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр шийдвэрлэсэн. Үүнээс хойш нэхэмжлэл гаргахгүй байж байгаа шүүхэд 2019 онд хандаж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байна. Мөн нэхэмжлэгчтэй миний бие уулзаж ярилцахад ажилдаа орохоос татгалзаад цалингаа аваад эвлэрэх боломжтой гэж ярьж байгаад одоо хариуцагчийг шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй гэж цалин нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Ийм учраас Д.З-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ХНХЯ-наас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 18 716 438 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.З-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 463 203 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч нь ХНХЯ-наас 251 532 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 253 850 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй, талуудын хооронд үүссэн нөхцөл байдалд зөв дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэр “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий” байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байгаа тул дор дурдсан үндэслэл, шалтгааны улмаас шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Нэхэмжлэгч нь ХНХЯ-анд холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинд 19 179 641 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Энэхүү нэхэмжлэлийн хүрээнд хариуцагч талаас шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй гэж маргаагүй бөгөөд харин нэхэмжлэгч нь төрийн албаны өөр байгууллагад ажиллаж байгаа учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар цалингийн зөрүү гарсан тохиолдолд түүнтэй тэнцэх олговрыг олгох ёстой гэж маргасан. Гэтэл анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно.” гэж заасныг буруу тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, шүүх шийдвэр гаргахдаа Д.З-ыг 2016 оны 10 дугаар сараас Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн ажлын албаны даргын албан тушаал буюу улс төрийн албан тушаал эрхэлж байгааг анхаарч үзэлгүй шийдвэр гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг шүүх өргөжүүлэн тайлбарлан хэрэглэсэн нь энэ тохиолдолд буруу юм. Учир нь төрийн албан хаагчийн хувьд Төрийн албаны тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар давхар ажил эрхлэх боломжгүй байдаг. Мөн хуулийн 69 дүгээр зүйлд шүүх тайлбарлаж байгаа ч бага цалинтай ажил эрхэлж байгаа бол зөрүүг олгох зохицуулалт нэхэмжлэгч зөвхөн тухайн байгууллага дотор ажилж буй тохиолдолд хамаарна гэж хуулийн утга санаа, зохицуулалтыг явцууруулж тайлбарлаж байгаа нь хууль дээдлэх зарчимд нийцэхгүй болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

            Нэхэмжлэгч Д.З- нь хариуцагч ХНХЯ-анд холбогдуулан 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл ажилгүй байгаа хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 19 179 641 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хэргийн 1-2, 19 дүгээр тал/

 

            Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч Д.З-ыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1023 дугаар шийдвэрээр Нийгмийн даатгалын ерөнхий газрын тэргүүн дэд даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 4 988 800 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэжээ./хэргийн 5-10 дугаар тал/

 

            Дээрх шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тул нэхэмжлэгч нь 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 17 528 160 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2018/00308 дугаар шийдвэрээр хангаж шийдвэрлэснийг 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Улсын Дээд шүүхийн 001/ХТ/2018/01368 дугаар тогтоолоор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 983 дугаар магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. /хэргийн 11-12 дугаар тал/

 

            Хариуцагч нь нэхэмжлэгчийг одоог хүртэл ажилд нь эгүүлэн томилоогүй буюу шүүхийн шийдвэр биелэгдээгүй байгаа нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул хариуцагчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг заавал биелүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

            Иймээс ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг ажил олгогчоос биелүүлэх хүртэлх хугацаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан ажилгүй байсан бүх хугацаанд хамаарах тул нэхэмжлэгч нь 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл хугацааны олговрыг хариуцагч ХНХЯ-наас шаардах эрхтэй.

 

            Улмаар ажил олгогч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй учраас нэхэмжлэгч Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн ажлын албаны даргын албан тушаалд ажиллаж, тухайн байгууллагаас цалин хөлс авч байгаа нь хариуцагчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан олговор олгох үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

 

            Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно.” гэж заажээ. Энэ зохицуулалт нь ажил олгогч буюу хариуцагч ХНХЯ-наас нэхэмжлэгчийг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалаас нь өөр ажил, албан тушаалд ажиллуулж байгааг ойлгоно. Харин нэхэмжлэгч өөр байгууллагад ажиллаж байгаа тохиолдолд хариуцагч зөрүүтэй тэнцэх олговор олгох үндэслэл болохгүй.

           

            Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлж, нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн томилоогүй тул нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөөр байна. Иймээс нэхэмжлэгч хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

 

Мөн шүүхээс Д.З-ын нэг сарын дундаж цалинг 1 439 726 төгрөг гэж, 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл ажилгүй байсан бүх хугацааны буюу 13 сарын цалин болох 18 716 438 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлохгүй тул нэхэмжлэгч Д.З-ын ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдөхөөс өмнө авч байсан цалин хөлсний хэмжээгээр тооцож ажилгүй байсан хугацааны олговрын хэмжээг тогтоосон нь хуульд нийцжээ.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2019/00335 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                          ШҮҮГЧИД                                      Г.ДАВААДОРЖ

                   

                                                                                                С.ЭНХТӨР