Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 2021/ДШМ/05     

 

   А.С- нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж, тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2021/ШЗ/05 дугаар шүүгчийн захирамжтай, А.С-нарт холбогдох эрүүгийн 2013001470116 дугаартай хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Даулетжан, тус аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Т.Батсүх, яллагдагчийн өмгөөлөгч С.Т-нар оролцов.

 

1. А.С нь иргэн Е.Е-ээс 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн нялх хүүхдийг 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр эхээс төрөөд 5 хоносны дараа өөрийн хүүхэд гэж хүлээн зөвшөөрч өөрийн асрамжид авсан боловч асран хамгаалах үүргээ зориуд биелүүлээгүй буюу хөхүүл хүүхдэд хоол тэжээл өгөх, эсхүл түүнийг асран хамгаалахгүй бол амь насанд нь аюултай нөхцөл байдал үүсэж болзошгүй байгаа талаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдээгүйгээс хүүхдийн амь насанд өлбөрч үхэх аюултай нөхцөл байдал бий болж нас барсан, мөн хүүхдийн эх Е.Е-д хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орж хүчиндсэн гэх;

 

2. Ш.М нь иргэн Е.Е-ээс 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн нялх хүүхдийг 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр эхээс төрөөд 5 хоносны дараа өөрийн нөхрийн хүүхэд гэж хүлээн зөвшөөрч гэр бүлийнхээ асрамжид авсан боловч асран хамгаалах үүргээ зориуд биелүүлээгүй буюу хөхүүл хүүхдэд хоол тэжээл өгөх, эсхүл түүнийг асран хамгаалахгүй бол амь насанд нь аюултай нөхцөл байдал үүсэж болзошгүй байгаа талаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдээгүйгээс хүүхдийн амь насанд нь хоол тэжээлийн дутагдалд орж өлбөрч үхэх аюултай нөхцөл байдал бий болж нас барсан гэх;

 

3. Е.Е нь 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр өөрөөсөө төрсөн нялх хүүхдийг 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр бусдад хүчээр өгч асран хамгаалах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс хүүхдийн амь нас хохирсон гэх;

 

4., Х.С нь 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр өөрийн охин Е.Е- нь өөрөөсөө төрсөн нялх хүүхдийг 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр бусдад хүчээр хүлээлгэн өгч асран хамгаалах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс хүүхэд нас барсан хэрэгт хамтран оролцсон гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2021/ШЗ/05 дугаар шүүгчийн захирамжаар Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.С-, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.11 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Е.Е-, Х.С-, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.М- нарт холбогдох эрүүгийн 2013001470116 дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан байна.

 

Прокурорын эсэргүүцэлд: “1. Шүүх иргэн Х.Т-нь хохирогч яллагдагч Е.Е-тэй 2019 оны 6 дугаар сарын эхээр нэг удаа бэлгийн харьцаанд орсон асуудлыг Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлд заасан хүчиндэх гэмт хэргийн шинж байгаа эсэхийг тогтоолгохоор хэргийг прокурорт буцаасан байна. Хэрэгт авагдсан яллагдагч Х.Т-ын 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр өгсөн "...Тэгээд бид хоёр цай ууж дууссаны дараа миний сэрэл хөдөлж, Е-тэй бэлгийн харьцаанд ормоор С-даж би “чамтай бэлгийн харьцаанд ормоор байна” гэхэд Е- юу ч дуугарахгүй байхаар нь сууж байсан байрнаасаа босож очоод гараас нь хөтөлж сууж байсан газраасаа жоохон дээшлүүлж гэрийнх нь хойморт аваачиж эхлээд өөрийнхөө өмдийг өвдөг хүртэл тайлж дараа нь Е-ийн өмдийг өвдөгнөөс доош шувталж дараа нь өөрийнхөө дотоож, Е-ийн дотоожийг шувталж бэлгийн харьцаанд орсон юм. ... би түүний нэг гарыг өөрийнхөө нэг гараар барьж бэлэг эрхтнээ түүний бэлэг эрхтэн рүү оруулж бэлгийн харьцаанд орж удалгүй дур тавьсан. Тэгээд би босож өмдөө өмсөж гараад явсан. Е- бас хувцсаа өмсөөд боссон би ямар нэгэн зүйл ярихгүй гараад явсан.” гэх мэдүүлгээс үзэхэд хохирогч нь Т-ын эсрэг ямар нэгэн эсэргүүцэл үзүүлсэн нөхцөл байдал байхгүй байна. Т- нь хоёр хүний өмдийг зэрэг тайлах боломжгүй бөгөөд эхлээд өөрийн өмдийг тайлж дараа нь түүний өмдийг тайлж байх хугацаанд эсэргүүцэх, гарч зугтах, хоёр гараараа хариу хөдөлгөөн хийж цохиж чичих, түлхэх, өмдөө тайлуулахгүй зууралдах, өшиглөх, хөлөө хавчих, тийрэх зэрэг эмэгтэй хүнээс эсэргүүцэл үзүүлж болох бүхий л арга хэмжээг огт аваагүй байна. Цай уусны дараа түүнтэй бэлгийн харьцаанд орох тухай санал хэлэхэд “болохгүй, чадахгүй, үгүй” гэх зэргээр үл зөвшөөрсөн зүйл хэлээгүй буюу огт дуугараагүй учраас тэрээр зөвшөөрсөн гэж ойлгосон байна. Хохирогч Е.Е-ийн гараар бичсэн 2 баримтад “өөрсдөө харилцан тохиролцож бэлгийн харьцаанд орсон. Уучилж байна” гэсэн нь түүнийг Х.Т-хүчиндээгүй болохыг давхар нотолжээ. Е.Е-ийн 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдөр бичсэн “Т- ирсэн нь үнэн. Өөрсдөө харилцан тохиролцож бэлгийн харьцаанд орсон. Одоо бие биедээ өш хонзонгүй. Бие биедээ уучлалт өгсөн” гэсэн бичгийг Х.Т-тухайн үед нь мөрдөгчид гаргаж өгсөн боловч мөрдөгч уг бичгийг хэрэгт тусгаагүй, хэрэгт ач холбогдолтой байдлыг шалгаагүй орхигдуулж, нотлох баримтаар үнэлүүлээгүйгээс болж түүнийг 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр яллагдагчаар татсан байна. Яллагдагч Х.Т-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинж байхгүй байх тул эрүүгийн 2013001470116 дугаартай хэргээс яллагдагч Х.Т-д холбогдох дээрх үйлдлийг 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 5/26 тоот тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтаар мөрдөн байцаалт явуулсан хэргийн талаар прокуророос гаргах шийдвэрийн нэг буюу прокурорт олгосон эрх хэмжээ юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 2.6-д эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох, 32.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “яллагдагчид холбогдох зарим үйлдлийг хэрэгсэхгүй болгох" эрхийг прокурорт олгосон байна. Тэгэхээр прокурор яллагдагч Х.Т-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлд заасан “хүчиндэх” гэмт хэргийн шинжгүй /хэдийгээр Е.Е- нь Т-ын талаар анх мэдүүлэг өгөхдөө хүчиндсэн гэж хэлсэн боловч дараа нь хоёр удаагийн бичгээр сайн дураараа бэлгийн харьцаанд орсон гэдгээ илэрхийлсэн тул аль үгийг нь нотлох баримтаар үнэлэх вэ гэдэг нь эргэлзээтэй болж байгаа, нөгөө талаар хувцсаа тайлаад яг бэлгийн харьцаанд орох үед Е- нь болиоч” гэж хэлсэн гэх боловч энэ нь хүсэл зоригоо илэрхийлж хэлсэн үг үү эсхүл дүр эсгэж хэлсэн үг үү гэдэг нь бас эргэлзээтэй/ гэж процессын хэм хэмжээгээр олгосон эрх хэмжээний хүрээнд шийдсэн, нэгэнт хэрэгсэхгүй болгож шийдсэн учраас яллах дүгнэлтэд энэ үйлдлийн талаар тусгаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд" асуудлыг хянан хэлэлцэхээр зохицуулсан. Гэтэл шүүх яллах дүгнэлтэд заагаагүй хэрэгт бусдад ял халдаахаар прокурорт үүрэг, чиглэл өгч байгаа мэт харагдаж байна. Ингэснээр хүний эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гаргасан гэж үзэхээр байна. Олон Улсын болон дотоодын эрүүгийн /процессын/ эрх зүйн онол, шүүхийн тогтсон жишгээр хүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэх, хэрэв эргэлзээтэй нөхцөл байдал үүсвэл “ашигтайгаар” шийдэх ratione personаe зарчмыг мөрддөг билээ.

2. Шүүгчийн захирамжид иргэн Е.Т-ы үйлдэлд Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлд заасан хүчиндэх гэмт хэргийн шинж байгаа эсэхийг тогтоох гэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь Е.Т- нь иргэн Е. Е-ийн төрсөн дүү бөгөөд насанд хүрсэн хүмүүс юм. Тэд өөрсдөө харилцан тохиролцож өөр өөрийн хүсэл зоригоороо бэлгийн харьцаанд орсон нь хэрэгт авагдсан мэдүүлгийн нотлох баримтаар /1 дүгээр ХХ-ийн 111, 169-170/ тогтоогдсон. Насанд хүрсэн хүмүүс сайн дураар бэлгийн харьцаанд орсон үйлдлийг эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг болгож шийдэх хууль зүйн үндэслэлгүй тул Е.Е-, Е.Т- нарыг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаагүй. Энэ талаар Е.Е- гомдол гаргаагүй, дүүгийнхээ үйлдлийн эсрэг мэдүүлэг өгөөгүй. Илт гэмт хэргийн шинжгүй үйл баримтад прокурор хэрэг нээх, эсхүл эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай заалт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар олгогдоогүй байна.

3. Яллагдагч Е.Е- нь А.С-т хүчиндүүлснээс болж учирсан хор уршиг, хохирол байгаа эсэхийг тогтоох гэсэн нь үндэслэл муутай болжээ. Учир нь Е. Е- нь А.С-т 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдөр анх удаа хүчиндүүлсэн гэх боловч түүний энэ үйлдлийн улмаас учирсан эдийн буюу материаллаг хохирол байхгүй талаар мэдүүлэгтээ “нэмж хэлэх зүйлгүй” гэж удаа дараа дурдсан байдаг. Хэрэв сэтгэл санааны хохирол учирсан гэвэл энэ талаар шүүхийн хэлэлцүүлгийн явцад тодруулан нөхөн гүйцэтгэх боломжтой юм.

4. Гэрч Е.Ж-, Х.Е-, Е.Т-нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн 16.11 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэгдэн гарахад урьдчилан амлаж үгсэн тохиролцсон үйлдэл байгаа эсэхийг тогтоох гэснийг зөвшөөрөхгүй байна. Хэрэгт авагдсан гэрч Е.Ж-н мэдүүлэгт “...манай хүргэн ах С- чи ямар ичгүүртэй хүн бэ, чамд бид нараас авч чадахгүй байгаа өс хонзон байгаа юм уу, тэгвэл шууд цагдаа дуудаж байгаад шийдүүлье гэхэд нь С- шалан дээр өвдгөөрөө сууж, бид нарт “би буруу юм хийсэн, бүх зүйл надаас болсон, цагдаагийн байгууллагад хандаж хэрэггүй, хүүхэд миний хүүхэд” гэж хэлээд “би эхнэртэйгээ гадаа гараад ярилцаад, нэг шийдэлд хүрээд ирье” гэж хэлээд эхнэртэйгээ цуг гадагшаа гарч ирээд бид нарт “хүүхдийг би өөрөө авъя, өөрөө тэжээнэ” гэхээр нь бид түүнд чи хүүхдийг зүгээр авч явна” гэж байхгүй, баримт бичээд өг, маргааш хүүхэд алга болчихвол хэн хариуцах юм гэж хэлсэн. Тэгээд С- нэг дэвтрийн цаасанд казах хэлээр хүүхдийг авсан маань үнэн, хэрэв хүүхэд өвдвөл эмчид үзүүлэх болно гэх утгатай гарын баримтаа бичиж өгөхөд түүний эхнэр нь ч гэсэн түүнд гарын үсгээ зурж түүний эхнэр М- бид нарт “бид хоёр мотоциклоор явна, хүүхэд даарна, та хэд машинаараа хүргээд өг” гэхээр нь манай дүү Т- бид хоёр Т-ы Уаз-469 машинаар цуг яваад нярайг Санахын гэрт нь хүргэж өгсөн.” гэснээс үзэхэд тэрээр С-, түүний эхнэрийн гуйлтаар машинаар нярай хүүхдийг С-ийн гэрт хүргэхэд хамт явсан байдаг. Гэрч Х.Е- нь тухайн үед С-ы гэрт айлчилж ирсэн байсан ба С- нартай давхацсан байдаг. Энэ талаар гэрч С.Х-ы “...С- нь шууд С-т хүрч ирээд түүний өмсөж явсан дээлийн цээж хэсгээс нь барьж аваад чи муу хар нүүрт миний жоохон охиныг яагаад ингэсэн бэ, энэ чинь юу вэ гэж хэлээд охин Е- болон орон дээр унтаж байсан нярай хүүхэд хоёрыг үзүүлээд хүүхдүүд рүүгээ хандаж цагдаа дуудаарай, та нар цагдаа дуудаарай гэхэд С- цагдаа битгий дууд хүүхдийг би өөрөө асран хамгаалах болно, эхнэр бид хоёр гадаа гарч ярилцаад ирье гэж хэлээд тэр хоёр гадаа гарч хэсэг хугацааны дараа орж ирээд “за би хүүхдийг өөрөө авч асран хамгаалах болно, цагдаа битгий дуудаарай, гараасаа бичиг хийж өгье” гэж хэлсэн С- энэ үеэр хүүхдийг би хар толгойгоор хариуцах болно, эмчид нь тогтмол үзүүлж байх болно, бичиг баримтыг нь бүрдүүлнэ гэж хэлээд авч явахаар болох үед миний дүү М- бэргэн эгч А- гээд манай эхнэр Е-д хандаж манай хүүхдүүд байгаа, бэрүүд маань байгаа би гэртээ яаж авч орох юм бэ, та хүргээд өгөөч гэхээр нь манай эхнэр түүний сэтгэлийг ойлгож уг нярайг С-ийн гэрт хүргэж өгөхөөр яваад удалгүй хүргэж өгөөд С-ы гэрт хүрээд ирсэн.” гэх мэдүүлэг, гэрч X. Е-ы “М- надад хандаж надад А- эгчээ гэрт манай хүүхдүүд байгаа, бэргэнүүд маань байгаа, би гэртээ яаж авч орох юм бэ? Та хүргээд өгөөч гэхээр нь за тэгье гээд Т-ы уаз-469 маркийн машинаар хүргэж өгөхөөр болоод Т- машинаа жолоодож, машины урд суудалд Б- суусан. Гэрээс С-ийн эхнэр Ш.М- хүүхдийг тэврээд гарч ирсэн. Би түрүүлээд машины арын суудалд суухад хүүхдийг надад өгөөд өөрөө миний баруун талд суусан, тэгээд бид чимээгүй явсан. Тэр үед А.С-мотоциклтойгоо бидний урд явж түрүүлээд гэрийнхээ хаалгыг онгойлгож зогссон машиныг гэрийн хаалганы хажууд ойрхон шахаж зогсоход Ш.М- түрүүлж машинаас буугаад надаас уг нярай хүүхдийг авч тэврээд гэр лүүгээ орсон. Түүний араас би машинаас буугаад А.С-ийн гэрт орсон миний араас хаалга хаагаад А.С-орж ирсэн. Тэр үед машин дотор Б-, Т- хоёр үлдсэн юм. Тэгээд би А.С-ийн гэрт ороход Ш.М- уг нярайг надад өгөөд жижигхэн хэмжээтэй ширдэг, эсгийг зуухны хажууд тавиад хүүхдийг дахин надаас аваад уг ширдэг, эсгий дээр тавьсан юм. Тэд ямар нэгэн зүйл яриагүй би ч юу ч дуугараагүй би гараад машинд суугаад яваад өгсөн. Тэд гэртээ үлдсэн юм. Намайг С-ы гэрт байхад нярай хүүхэд орон дээр байхад уйлахаар нь түүний ээж Е- хүүхдийг хөхүүлээд хуурай өлгийгөөр өлгийдөж Ш.М-д өгсөн юм. Тэгээд Ш.М- гэрээс хүүхдийг тэвэрч гараад машинд суусан надад өгөхөд хүүхдийн нүүрэн хэсэг нь харагдаж байсан болохоор намайг харахад хүүхэд унтаж байсан, толгойгоо хөдөлгөж унтаж байсан.” гэх мэдүүлгээс үзэхэд Х.Е-ыг энэ гэмт хэрэгт урьдчилан амлаж хамжигчаар хамтран оролцсон гэж үзэх үндэслэлгүй байна. Гэрч С.Х-ы мэдүүлэгт "...дүү С-ы гэрт ороод гарья мэнд мэдье гэсэн бодлоор яваад очсон. Бид тэдний гадаа очиж зогсоход гадаа дахин нэг машин, нэг мотоцикл ирж зэрэгцээд зогссон. Тэгээд бид дөхөж очиход мотоциклоос С- буугаад, машинаас М- буугаад ирсэн ба бүгдээрээ мэнд мэдэлцээд юу ч бодож санахгүй дүү С-ы гэрт орсон.” гэсэн /1-р ХХ-ийн 140/ байх ба тэдний уг айлд очсон санаа зорилго бол ах дүүгийн уламжлалт заншлаар айлчилж очих л байсныг харуулж байна. Гэрчүүд болох Ж-, А-, С-, С- нарын удаа дараагийн мэдүүлгээр М- нь Х.Е-ыг “А- эгчээ та хүүхдийг гэрт оруулахад туслаад өгөөч ээ” хэмээн гуйсан учраас хүүхдийг гэрт нь хүргэж өгөхөд тусалсан нь тогтоогджээ. Харин гэрч Е.Т-ы хувьд тэд тухайн гэрт Е-ийг С- хүчиндсэн тухай нярайн эцэг С- болох эсэх тухай яриа болж байхад гэртээ байгаагүй нь “... С-, М- хоёр гэрээс гарч байсан ба ах над руу энэ хүмүүсийг гэрт нь хүргэж өгье гэж хэлэхээр нь С-ийн эхнэрийг миний машинд суулгаж ... С-ийн гэрт хүргэж өгсөн. ... Тэд манай гэрт юу ярьсан талаар би мэдэхгүй.” /1-р ХХ-ийн 166/ гэснээр тогтоогдсон ба тэрээр зөвхөн машиныг жолоодож явсан жолоочийн үүрэгтэй оролцсон байна. Ийм учраас тэднийг энэ хэрэгт урьдчилан амласан хамжигч гэж эрүүгийн хариуцлагад татах үндэслэлгүй гэж үзсэн болно. Энэ талаар урьд нь А.С-ийн хүсэлт гаргаж байсныг прокурор 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 5/19 тоот тогтоолоор хүлээж аваагүй билээ.

Тухайн үед С-ы гэрт С- нь Е-ийг хүчиндэж жирэмсэн болгосон тухай асуудлыг ярилцахаар цугласан байсан нь тодорхой байдаг. Харин хүүхдийг С-т өгөх асуудлыг Е-ийн ээж С- санаачилж зохион байгуулсан нь түүний “.. уг хүүхдийг С-т өгөх нь зүйтэй гэх шийдвэрийг би гаргасан.” /1-р ХХ-ийн 85/ гэх мэдүүлгээр тогтоогдож байгаа тул С-ы бусад хүүхдүүд болох Е.Ж- түүний эхнэр Маржан, Е.А- түүний нөхөр О.С-, Е.С-, Е.Т- нарыг бүгдийг нь энэ хэрэгт ял халдаан татах нь эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй гэсэн шударга ёсны зарчимд нийцэхгүй.

5. X.С-, Ш.М- нарыг гэрчээр анх удаа мэдүүлэг авсан тэмдэглэлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг танилцуулсан нь мэдүүлгийн тэмдэглэлд авагдсан ба тэд гарын үсгээ зурсан байна. Тухайн мэдүүлэгт X.С-аас С-т нярайг өгсөн тухай үйл явдлын талаар л асуусан болохоос Е.Е-ийг хэрэгт яллагдагчаар татсантай холбоотой түүний эсрэг мэдүүлэг аваагүй байдаг. Өөрөөр хэлбэл нярай нас барсан хэрэгт А.С-ийг буруутгаж С-ийн үйлдэлтэй холбоотой үйл баримтын талаар мэдэх зүйлийг л гэрчийн хувьд асууж мэдүүлэг авчээ. Тухайн үед Е.Е-ч ялгаагүй гэрч, хохирогчоор мэдүүлэг өгч байсан юм. Тэгэхээр X.С-аас 2020 оны 3 дугаар сарын 31-нд авсан мэдүүлэг нь Е.Е-ийн эсрэг мэдүүлэг биш харин А.С-ийн үйлдлийн эсрэг мэдүүлэг байсан. Зөвхөн X.С-ы биш бусад гэрч болох Е.Ж-, Е.А-, Е.Т-, Х.Е-, С.Х- зэрэг хүмүүсээс 2020 оны 3 дугаар сарын 31, 4 дүгээр сарын 10,11-ний өдрүүдэд авсан мэдүүлэг нь А.С-гэдэг хүн нярай хүүхдийг эс үйлдэхүйгээр алсан гэх хэрэгт мэдэх зүйлийг нь хэлүүлэх гэж авсан гэрчийн мэдүүлэг билээ. Ш.М-аас 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр авсан гэрчийн мэдүүлэг /1-р ХХ-ийн 71/ мөн адил Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг бичиж танилцуулсан байгаа. Уг мэдүүлэгт тэрээр нөхрийнхөө эсрэг мэдүүлэг өгөөгүй байдаг юм. Дээрх хоёр гэрчийн мэдүүлэг тэднийг яллагдагчаар татсанаар хэрэгт ач холбогдолгүй болсон байна.

6. Яллах дүгнэлтэд яллагдагч нарын нэрийг бичээгүй орхисон техникийн шинжтэй алдаа гаргасан байсан. Яагаад техникийн шинжтэй гэхээр тухайн яллагдагч нарын бусад мэдээллийг бүрэн оруулаад зөвхөн эцгийн нэр өөрийн нэрийг санамсаргүйгээр үлдээсэн байсан. Ийм учраас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт би яллагдагч тус бүрийн нэрийг оруулахыг хүсэлт болгож тэмдэглүүлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.4-д зааснаар залруулга хийлгэх хүсэлтээ тэмдэглүүлсэн юм. Гэтэл шүүгчийн захирамжид миний уг хүсэлтийг хэрхэн шийдсэн талаар тусгаагүй байна. Мөн улсын яллагчийн хувьд уг хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хаалттай явуулах хүсэлт гаргасан, өмгөөлөгч С.Т-нь гэрчээр Х.Е-, Е.А-, С.Х-нарыг оролцуулах, өмгөөлөгч Т.Б-нь гэрчээр Е.С-, Х.Т-нарыг оролцуулах хүсэлт тус тус гаргасныг шүүгч шийдвэрлэлгүй орхижээ. Хэргийн оролцогч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.4, 6.10, 6.11-д заасны дагуу гаргасан хүсэлтүүдийг хэрхэн шийдсэн талаар захирамжид тусгаагүй байна. Ингэснээр шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан “... дараах асуудлыг хянан хэлэлцэж шийдвэр гаргана.” гэснийг зөрчсөн байх тул хүчингүй болгох үндэслэлтэй байна. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 05 дугаартай “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамж нь хууль ёсны үндэслэлгүй, хэргийн бодит байдалд нийцээгүй, процессын зөрчилтэй байх тул хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагааг бүхэлд нь хяналаа.

 

1. Баян-Өлгий аймгийн прокурорын газрын прокурорын 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 2012001470116 дугаар тогтоолоор Х.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт яллагдагчаар татаж мөрдөн шалгах ажиллагаа явуулах явцад Е.Е-ийн 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-1-70/ болон Х.Т-ын 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр яллагдагчаар өгсөн  мэдүүлгүүдэд /хх-2-114/ “Х.Т- нь 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын 9 дүгээр багийн нутаг, “Хуучин төв” гэх газар байрлах иргэн Х.С-ы гэрт хохирогч Е.Е-ийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орсон” гэх баримтат мэдээлэл тусгагдсан, Х.Т- нь хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон байхад яллагдагчаас гаргаж өгсөн, хохирогчийн үйлдсэн гэх баримтыг /хх3-12/ прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан журмаар шалгаж үнэлэхгүйгээр 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 5/26 дугаар прокурорын тогтоолоор яллагдагч Х.Т-д холбогдох дээрх үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байх, хэргийн бодит байдлыг тогтоох зарчмуудад нийцээгүй.

Энэ үндэслэлээр нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй, харин прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй байна.

 

2. Прокуророос иргэн Е.Т-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй, шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 4284 дүгээр дүгнэлтээр Е.Т- нь нярайн эцэг мөн болох нь тогтоогдсон /хх1-242/ боловч түүний 2020 оны 10 сарын 20-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлэг /хх1-169/, Е.Е-ийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэгт тэдгээрийн хэн аль нь “хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орсон” гэх баримтат мэдээлэл тусгагдаагүй буюу Е.Т- нь гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй байхад түүнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулах хууль зүйн үндэслэлгүй болно.

Иймээс энэ үндэслэлээр нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийн Е.Т-д холбогдох тодорхойлох хэсгийн 2 дахь үндэслэлийг хүчингүй болгож, энэ талаар гаргасан прокурорын эсэргүүцэл хууль зүйн үндэслэлтэй тул хангаж шийдвэрлэв.

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчийн 2020 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн тогтоолоор Е.Е-ийг хохирогчоор тогтоож /хх1-65/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлд заасан хохирогчийн эрх, үүргийг танилцуулан гарын үсэг зуруулж, мөн өдөр /хх1-67/ болон 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр тус тус хохирогчоор нийт 2 удаа мэдүүлэг авахдаа /хх1-69-70/ түүнээс хүчиндэх гэмт хэргийн хохирогчийн хувьд мөрдөгчөөс Е.Е-д учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тогтооход ач холбогдол бүхий байдлын талаар асууж тодруулаагүй, энэ талаар мэдүүлэг аваагүй нь хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх тухай эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцээгүй бөгөөд уг мөрдөн шалгах нэмэлт ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид дурдсан үндэслэл хуульд нийцсэн тул энэ талаарх прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

4. Хэрэгт авагдсан яллагдагч, гэрч нарын мэдүүлгүүд, 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр эд мөрийн баримтаар хураан авсан “Souny, DVD-R, Дэлүүн А.С-, 1X-16X/4.7GB, 120MIN” гэсэн бичигтэй 1 ширхэг DVD хуурцагт бичигдсэн дуу-дүрс бичлэг /хх1-62/, түүнд 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хийсэн орчуулгын тэмдэглэл /хх1-60/ зэргийг үндэслэвэл, тэдгээрт агуулагдсан баримтат мэдээллээр Е.Ж- нь урьдчилан амлаж, эх Е.Е- асран хамгаалах үүргээ биелүүлээгүйн улмаас хүүхэд нас барсан гэх гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байх тул түүний уг үйлдлийг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.11 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт хамтран оролцсон эсэхийг шалгах шаардлагатай. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй боловч хэрэгт цугларсан баримтаар Х.Е-, Е.Т- нар тухайн гэмт хэрэгт хамтран оролцсон гэх үндэслэл бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй тул тэдгээрийг хамааруулж шалгах хууль зүйн үндэслэлгүй. Энэ талаар гаргасан прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээж авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хэрэгт хавсаргасан Е.Ж-н гэрчийн мэдүүлгийг үндэслэвэл, шүүгчийн захирамжид Е-ы Ж-н нэрийг “Е.Б-” гэж ташаа бичсэн бөгөөд түүний хувийн байдлыг зохих баримт бичгүүдийг үндэслэн тогтоох шаардлагатайгаас гадна DVD хуурцагт бичигдсэн дуу-дүрс бичлэг болон түүнд хийсэн орчуулгын тэмдэглэл дэх А.С-, Ш.М-, Е.Е- нараар баримт /хх1-136/ үйлдүүлж, гарын үсэг зуруулсан хүнийг  /тэмдэглэлд “Залуу” гэх, хх1-60/ нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.7 дугаар зүйлд зааснаар гэрч, хохирогч, яллагдагч нараар таньж олуулж тогтоох нь мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нийцнэ.

 

5. Хэргийн 1 дүгээр хавтасны 74, 77 дугаар талаас үзвэл, мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчөөс Ш.М- болон Х.С- нараас гэрчээр мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэрч өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэйг сануулж, энэ талаар асууж тодруулсан байх тул энэ талаарх шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсгийн 5 дахь заалт хууль зүйн үндэслэлгүй бөгөөд уг заалтын дагуу нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй байна. Энэ талаар гаргасан прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй тул хангаж шийдвэрлэв.

 

6. Хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсгийн 1, 3 дахь заалтыг бүхэлд нь, 4 дэх заалтын Е.Ж-д холбогдох хэсгийг тус тус хэвээр нь үлдээж, харин прокурорын эсэргүүцлийн дагуу 2, 5 дахь заалтыг бүхэлд нь, 4 дэх заалтын Х.Е-, Е.Т- нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн тул прокурорын яллах дүгнэлтэд гарсан үг, үсэг зэрэг техникийн шинжтэй алдааг прокурорын шатанд залруулах нь зүйтэй.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг /тодорхойлох хэсэгт заасан зарим үндэслэлийг хасаж өөрчлөн/ хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлээс зарим үндэслэлийг нь хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2021/ШЗ/05 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлээс зарим үндэслэлийг нь  хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай. 

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн энэ шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон” гэсэн үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

                                

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      С.ӨМИРБЕК

 

                                    ШҮҮГЧИД                                                       Д.КӨБЕШ 

                                                                                                           

М.НЯМБАЯР