Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 142/ШШ2018/01262

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ж.Х-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э.Т -т холбогдох,

Тээврийн хэрэгсэлийн гэрчилгээ, эзэмших эрхийн гэрчилгээг нэр дээр шилжүүлж өгөхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.ш , хариуцагч Э.т , гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.С Э , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.а  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.х шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ж.х миний бие 2018 оны 05 сарын 22-нд өөрийн ОРО 02-96 улсын дугаар бүхий Соната-7 маркийн машиныг зарна гэсэн зарыг фэйсбүүк хуудсан дээрээ тавьсан юм. Гэтэл маргааш нь Э.т гэж хүн ирж үзээд худалдан авахаар болж 8 200 000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Ингээд маргааш нь мөнгө дутаад байна машинаа миний нэр дээр шилжүүлээд өгчих, би н ББСБ-с зээл аваад өдөрт нь гаргаад өгье гэж хэлсэн. Тэгэхээр нь нэр дээр шилжүүлж өгсөн. Үүнээс хойш 2, 3 хоногийн дараа утсаар ярихад манай ах нас бараад ажил явдал гарчихлаа тэгж байгаад яръя гээд утсаа салгасан. Ингээд би Нет капитал ББСБ-с очиж асуухад 4 500 000 төгрөгөнд миний машиныг барьцаанд тавьж зээл авсан байсан. Энэ тухай мэдээд түүнтэй уулзахад өөр 63-83 ОРХ Соната-7 маркийн авто машин авчихсан байсан. Ингээд надад миний машины гэрчилгээг чөлөөлж өгөхөөр болсон. Ингэхдээ би зээл аваад 5 000 000 төгрөгийг ББСБ-д төлчихсөн байгаа үлдэгдэл болох хүү 500 000 төгрөг нь дутуу түүнийг удахгүй төлж машиныг чинь чөлөөлж өгнө гэхдээ сарын хүү нэхэгдээд байгаа учраас одоохондоо боломжгүй байна гэж байсан. Би тэр өдөр Нет капитал дээр очиж лавлаж шалгуулахад огт төлөлт хийгдээгүй байсан юм. Ингээд залгахад утсаа ч авахгүй, өгсөн хаяг эзэнгүй хашаа болж таарсан. Аргаа бараад цагдаагийн газарт хандсан боловч эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж иргэний журмаар шүүхэд ханд гэсэн. Цагдаа дээр т ирж уулзаад машины бичиг баримт буцааж миний нэр дээр шилжүүлж өгнө гэж бичгээр мэдэгдээд нотариат ороод тэгээд дахин алга болсон. Э.т бид хоёрын дунд худалдах худалдан авах гэрээний харилцаа үүсч Иргэний хуулийн 243-т заасны дагуу биет байдлын доголдолгүй эрхийн зөрчилгүй эд хөрөнгийг шилжүүлж өгсөн боловч т төлбөрөө төлсөнгүй. Иймээс тус хуулийн 254.1-д заасны дагуу гэрээнээс татгалзаж байна. Э.т аас тээврийн хэрэгслийн гэрчилгээг буцааж миний нэр дээр шилжүүлэн өгч, эзэмших эрхийн гэрчилгээг миний нэр дээр шилжүүлж өгөхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Э.т шүүх хуралдаан дээр тайлбарлахдаа: ...машиныг 8 200 000 төгрөгөөр авах болоод 7 800 000 төгрөгийг бариад очсон. 400 000 төгрөг дутсан тул энэ мөнгийг зээлийн гэрээ хийгээд удахгүй өгье гэхэд нөхөр Мөнхөө нь зөвшөөрөөгүй. Банк бус санхүүгийн байгууллагад тавиад мөнгийг чинь гаргаад өгье гэж хэлээд тавьсан. Машиныг бол надад ер өгөөгүй. Одоо би Нет капитал ББСБ-д зээлийг төлж дуусгаад машины бичиг баримтыг нь Ж.х ын нэр дээр шилжүүлж өгнө. 2019 оны 01 дүгээр сард миний цалингийн зээл авах эрх нээгдэх юм тэгэхээр нь би зээл аваад чөлөөөлж өгнө... гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Нет капитал ББСБ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.С Э шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ...Э.т нь машиныг 4 500 000 төгрөгөнд зээлд тавьсан. Автомашиныг манай ББСБ-ын нэр дээр шилжүүлсэн. Э.т нь зээлээс илүү төлөлт хийгээд явж байгаа. Худалдах худалдах авах гэрээгээр машиныг захиран зарцуулах эрх Э.т т шилжсэн байсан. Зээлээ төлөөгүй байхад тээврийн хэрэгслийн гэрчилгээг шилжүүлэх боломжгүй ... гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.х нь хариуцагч Э.т т холбогдуулан Тээврийн хэрэгслийн гэрчилгээ, эзэмших эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр н ББСБ нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд орж ирсэн.

Ж.х ын 2018 оны 05 сарын 22-ны өдөр ОРО 02-96 улсын дугаар бүхий Соната-7 маркийн авто машиныг зарна гэсэн фэйсбүүк зарын дагуу Э.т нь ирж үзээд худалдан авахаар болж 8 200 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон байх ба, Э.т ын мөнгө хүрэхгүй байсан тул машиныг өөрийнхөө нэр дээр шилжүүлэн авч, н ББСБ-д барьцаанд тавьж зээл аваад мөнгийг нь Ж.х д өгөхөөр тохиролцсон үйл баримтын талаар талууд маргаагүй.

Э.т нь н ББСБ-д машиныг барьцаанд тавьж мөнгө зээлж авсан байх ба, Ж.х тай ярилцаж тохиролцсон машины үнэ 8 200 000 төгрөг хүрээгүй 400 000 төгрөг дутсан тул энэ мөнгийг гэрээ байгуулаад хэсэг хугацааны дараа өгье гэхэд нэхэмжлэгч зөвшөөрөөгүй байна.

Ингээд нэхэмжлэгч гэрээнээс татгалзах санал гаргасныг хариуцагч эсэргүүцэхгүй хүлээн зөвшөөрсөн боловч, нэгэнт машиныг н ББСБ-д зээлийн барьцаанд тавьсан тул гэрээнээс татгалзсаны үр дагавар болох өгсөн авсан зүйлийг шууд буцаах нөхцөл бүрдэхгүй байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худдалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бмчгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх... худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

Ж.х , Э.т нарын хооронд худалдан худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх ба, нэхэмжлэгч нь хариуцагчаас худалдсан машиныхаа үнийг шаардах, мөн гэрээнээс татгалзах эрхтэй байна.

Хэдийгээр Ж.х , Э.т нар нь ОРО 02-96 улсын дугаар бүхий Соната-7 маркийн авто машиныг худалдах худалдан авахаар тохирлцсон хэдий ч, худалдагч болох Ж.х нь машиныг Э.т ын өмчлөлд шилжүүлээгүй, худалдан авагч болох Э.т нь тохирсон үнэ 8 200 000 төгрөгийг төлөөгүй, машиныг хүлээж аваагүй байх тул зохигчид хэн аль гэрээнээс татгалзсан гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч тал, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д заасны дагуу гэрээнээс татгалзаж байгаа тухай тайлбарлаж байх ба, энэ нь эд хөрөнгийн доголдолын талаарх худалдан авагчийн эрх үүрэгтэй холбоотой зохицуулалт тул энэ хэсэгт хамаарахгүй.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225 .1-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй, 225.2-т Үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ гэжээ.

Хариуцагч Э.т ыг Цагдаад өгч Э.т нь машины бичиг баримтыг Ж.х ын нэр дээр шилжүүлнэ гэсэн боловч шилжүүлээгүй гэсэн тайлбарыг хариуцагч эсэргүүцээгүй тул үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан гэж үзэхээр байна.

Тиймээс Э.т т н ББСБ-ийн зээлийн барьцаанд тавьсан ОРО 02-96 улсын дугаар бүхий Соната-7 маркийн авто машины тээврийн хэрэгслийн гэрчилгээг чөлөөлж Ж.х ын нэр дээр шилжүүлэхийг даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзэв.

Харин н ББСБ болон Э.т нарын хооронд ОРО 02-96 улсын дугаар бүхий Соната-7 маркийн авто машиныг барьцаалсан барьцааны гэрээний талаар ямар нэгэн шаардлага гаргаагүй тул шүүх энэ талаар дүгнэлт хийх боломжгүй юм.

н ББСБ нь ямар нэгэн бие даасан шаардлага гаргаагүй тул шүүхийн шийдвэрт энэ талаар тусгах шаардлагүй байна.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан н ББСБ-ийн зээлийн барьцаанд тавьсан ОРО 02-96 улсын дугаар бүхий Соната-7 маркийн авто машины тээврийн хэрэгслийн гэрчилгээг чөлөөлж, Ж.х ын нэр дээр шилжүүлэхийг Э.т т даалгасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА