| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 141/2025/0033/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/29 |
| Огноо | 2025-04-15 |
| Зүйл хэсэг | 24.6.2.2., |
| Улсын яллагч | М.Алтангэрэл |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 2025/ШЦТ/29
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Золбоо,
Улсын яллагч М.Алтангэрэл,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч М.Гомборагчаа
Шүүгдэгч Б.Б, С.Б, М.Р нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Б.Б, С.Б, М.Р нарт холбогдох 2524000240028 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, ..., Х овогт Б.Б, регистрийн дугаар,
2. Монгол Улсын иргэн, , Т овогт М.Р, регистрийн дугаар,
3. Монгол Улсын иргэн, Х овогт С.Б, регистрийн дугаар.
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б, С.Б, М.Р нар нь бүлэглэн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Завхан аймгийн Их-Уул сумын Хонгор багийн нутаг “Ухаа хадны Цагаан нүүр” хэмээх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр, шинэс төрлийн, хуурай 2.887 метр куб модыг бэлтгэж, ..... улсын дугаартай, цэнхэр өнгийн Киа Сэрэс /Kia Ceres/ загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэн ойн санд 316,887 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч нарын холбогдсон дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Хэргийн үйл баримт болон шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Б, С.Б, М.Р нар нь бүлэглэн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Завхан аймгийн Их-Уул сумын Хонгор багийн нутаг “Ухаа хадны Цагаан нүүр” хэмээх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр, шинэс төрлийн, хуурай 2.887 метр куб модыг бэлтгэж, ....... улсын дугаартай, цэнхэр өнгийн Киа Сэрэс /Kia Ceres/ загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэн ойн санд 316,887 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:
- 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 2 дугаар хуудас/,
- Мөрдөгчийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 4-9 дүгээр хуудас,
- Мөрдөгчийн 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн “...ногоон өнгөтэй, бензин, гинжит модны хөрөө 1 ширхэг”-ийг эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хавтаст хэргийн 10 дугаар хуудас/,
- Иргэний нэхэмжлэгч Г.Б “...Тухайн иргэдийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэх хэрэгт сумын ойн санд учруулсан хохирол болох Тосонцэнгэл сум дахь Сум дундын ойн ангийн шинжээчийн гаргасан экологи эдийн засгийн үнэлгээг нөхөн төлбөрийн хамт нэхэмжилнэ.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дугаар хуудас/,
- Гэрч Б.Т “...Би 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр томилгооны дагуу Их-Уул суманд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр үүрэг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэх хугацаанд Их-Уул сумын төвийн доод талд 20:00 цагийн үед мод ачсан ..... гэсэн тэвшний дугаартай Серес маркийн автомашиныг зогсоож шалгахад жолоочид автомашины гэрчилгээ, жолооны үнэмлэх байхгүй автомашины жолооч өөрийгөө Б гэж танилцуулсан. Би тэр үед жолоочоос тээвэрлэж яваа модонд нь мод бэлтгэх эрхийн бичиг байгаа эсэхийг шалгахад эрхийн бичиг байгаагүй жолооч сумын төв дээр эрхийн бичиг авчихсан байгаа гэж хэлсэн. Би жолооч Б.Б гэх залуугаас тухайн моднуудыг хэзээ хаанаас бэлтгэсэн талаар асуухад Их-Уул сумын Хонгор багт аавындаа оччихоод буцахдаа өнөөдөр жаахан галын түлээний мод бэлтгэлээ гэж хэлсэн. Тухайн тээвэрлэж явсан моднууд нь 1,60 орчим метрийн урттай галын түлээнд ашиглах боломжтой моднууд байсан. Б.Бын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн ойгоос бэлтгэж тээвэрлэсэн моднуудад ямар нэгэн зөвшөөрөл эрхийн бичиг байхгүй байсан учир модтой тээврийн хэрэгслийг түр саатуулсан. ...Тухайн үед автомашины кабин дотор жолоочоос гадна танихгүй 2 залуу байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дүгээр хуудас/,
- Гэрч Б.Б “...Сумын иргэдэд 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар иргэн аж ахуйн нэгж байгууллагуудад хэрэглээ, түлээний мод бэлтгэх эрхийн бичиг олгоогүй байгаа. Ирэх долоо хоногоос засаг даргын захирамж гараад эрхийн бичиг олгогдож эхэлнэ. ...Иргэн ойгоос мод бэлтгэхээс өмнө байгаль хамгаалагчаас мод бэлтгэх эрхийн бичиг авах ёстой. Тэгээд эрхийн бичигт заагдсан газраас тухайн модныхоо төрөл, хэмжээг зөрчихгүйгээр эрхийн бичигт заагдсан хугацаанд тухайн модоо бэлтгэж, тээвэрлэх ёстой. Иргэн хүн ойгоос мод бэлтгэхдээ цэвэрлэгээний ажлаар ойгоос хатсан хуурай унанги модыг бэлтгэх ёстой. Хэрэв мод бэлтгэх эрхийн бичиг авахгүйгээр мод бэлтгэсэн тохиолдолд зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн гэж үзнэ. ... Хонгор багийн нутаг дэвсгэрт Ухаа хадны Цагаан нүүр гэх газар байдаг. Тухайн газар нутаг ойн хоёрдугаар мужлалд хамаарна. Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй. ...Иргэн хүн цэвэрлэгээний ажлаар босоо модыг огтолж бэлтгэж болохгүй. Зөвхөн унанги модыг цэвэрлэгээний ажлаар бэлтгэх ёстой. Босоо модыг тусгай зөвшөөрөлтэй Ойн мэргэжлийн байгууллагууд арчилгаа, цэвэрлэгээний огтлолтоор бэлтгэх ёстой. ...Сумын хэмжээнд 2025 онд ямар нэгэн эрхийн бичиг олгоогүй байгаа учир тухайн иргэдэд ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-р хуудас/,
- Гэрч Б.Т “...Их-Уул сумын Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/16 тоот захирамжаар иргэдэд түлээний модны эрхийн бичиг олгож эхэлсэн. Дээрх захирамж гарахаас өмнө Их-Уул сумын хэмжээнд иргэдэд түлээний мод бэлтгэх эрхийн бичиг олгоогүй. ...Иргэн ойгоос мод бэлтгэхээс өмнө байгаль хамгаалагчаас мод бэлтгэх эрхийн бичиг авах ёстой. Тэгээд эрхийн бичигт заагдсан газраас тухайн модныхоо төрөл, хэмжээг зөрчихгүйгээр эрхийн бичигт заагдсан хугацаанд тухайн модоо бэлтгэж, тээвэрлэх ёстой. Иргэн хүн ойгоос мод бэлтгэхдээ цэвэрлэгээний ажлаар ойгоос хатсан хуурай унанги модыг бэлтгэх ёстой. Хэрэв мод бэлтгэх эрхийн бичиг авахгүйгээр мод бэлтгэсэн тохиолдолд зөвшөөрөлгүй мод бэлтгэсэнд тооцно. ...Хонгор багийн нутаг дэвсгэрт улсын тусгай хамгаалалттай газар нутаг байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-р хуудас/,
- Гэрч Г.О “...Манайх ........гэх газарт ганц гэр өвөлжиж байгаа юм. Би 2025 оны 01 дүгээр сарын 20-ны үеэр Их-Уул сумын төвд байсан өөрийн хүргэн Б.Бтай утсаар яриад сумын төвөөс аавдаа жаахан голын мөс, жаахан өвс дөхүүлээд өгөөч аав нь ганцаараа байгаа болохоор малд яваад бүл зав болохгүй байна гэж хэлсэн. Тэгсэн тэр өдөртөө орой харанхуй болох гэж байхад манай хүргэн Б.Б сумын төвөөс өөрийнхөө хөх өнгийн /улсын дугаарыг мэдэхгүй/ Серес маркийн автомашинтай найз Р, Б гэх залуучуудын хамт манай гэрт ирээд надтай хань болж 2 хоночхоод Их-Уул сум руу явахдаа Хонгор багийн нутаг Ухаа хадны Цагаан нүүр гэх газраас жаахан галын түлээний мод бэлтгээд явж байсан. Галын мод бэлтгэхээс өмнө манай хүргэн Б.Б манайд байхдаа суманд 2025 он гарсаар галын модны эрхийн бичиг олгогдоогүй гэнэ галын модоо сумын төв рүү оруулж байгаад эрхийн бичиг гоожингоо авна гээд яриад байсан. Тэгэхээр манай хүргэн Б.Б дээрх галын түлээний моднуудыг бэлтгэхдээ ямар нэгэн эрхийн бичиг гоожин аваагүй. Манай хүргэн Б.Б 2025 оны 01 дүгээр сарын 22, 23-ны үед Ухаа хадны цагаан нүүр гэх газраас Р, Б гэх найзуудынхаа хамтаар жаахан галын түлээний мод бэлтгээд Серес маркийн улсын тээврийн хэрэгсэлдээ ачаад явж байсан юм. Тэгсэн сүүлд сонсох нь Их-Уул сум руу орж яваад замын цагдаатай таараад зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн асуудлаар цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа гэдгийг мэдсэн. Би өөрийн хүргэн Б.Быг галын түлээний мод бэлтгээд машин дээрээ ачиж байхад нь хониноосоо ирж байгаа таараад харж байсан. Тухайн моднууд нь хуурай хар мод байсан урт нь Серес маркийн тээврийн хэрэгслийн тэвшний өргөнөөр тайрсан харагдсан. Машины хажууд манай хүргэн Б.Бын ногоон өнгийн хужаа хөрөө байсан. Ямар ч байсан манай хүргэн Б.Б зөвшөөрөлгүй галын мод бэлтгэсэн нь үнэн. Миний зүгээс мод хийлцсэн зүйл байхгүй. Гэртээ ганцаараа болохоор малдаа явсан. Надад энэ асуудлын талаар өөр мэдэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-р хуудас/,
- Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 23 дугаартай “...Их-Уул сумын Хонгор багийн нутаг Ухаа хадны Цагаан нүүр гэх газар Улсын тусгай хамгаалалтын газар нутагт хамаарахгүй болно” гэсэн албан бичиг /хавтаст хэргийн 40-р хуудас/,
- 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Тоолуурын хүснэгт, гэрэл зургийн үзүүлэлт /Хавтаст хэргийн 43-44-р хуудас/,
- Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын ойн ангийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 03 дугаартай “...Ойгоос бэлтгэж тээвэрлэсэн мод нь шинэс /хар мод/ төрлийн хуурай мод байна. Тухайн моднууд нь 2.887 метр куб мод байна. Тухайн моднуудыг нэг цаг хугацаанд бэлтгэсэн модны тайралт жигд байна. Тухайн моднуудыг 2025 оны 01 дүгээр сард бэлтгэсэн байх магадлалтай, модны тайралтыг харахад шинэвтэр байна....... газар нутаг байдаг. Ойн сангийн хоёрдугаар мужлал сумын ойн санд хамаарна. Тухайн мод бэлтгэсэн мужид 1 метр куб модны экологи эдийн засгийн үнэлгээ 109,760 төгрөг байна. Завхан аймгийн Их-Уул сумын Хонгор багийн нутаг дэвсгэрт Ухаа хадны Цагаан нүүр гэх газраас бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээ: БОАЖ-ын сайдын 2020 оны А 176-р тушаалыг үндэслэн экологи эдийн үнэлгээг тогтооход бүх төрлийн хуурай модны 2-р мужийн 1 метр, куб шинэс модны экологи үнэлгээ нь 109,760 төгрөг түлээний модны итгэлцүүр болох 1,0-аар үржин бодож 1 метр куб модны экологи эдийн засгийн үнэлгээ 109,760 төгрөг болж, бэлтгэсэн мод 2.887 метр кубээр үржин экологи эдийн засгийн үнэлгээ 316,877 төгрөг болж байна. Иргэн хүн ойгоос мод бэлтгэхдээ сумын байгаль хамгаалагчаас мод бэлтгэх эрхийн бичиг авч бэлтгэх ёстой. Ойгоос мод бэлтгэх эрхийн бичиг авахгүйгээр мод бэлтгэж болохгүй. Ойгоос мод бэлтгэсэн иргэд нь Ойн тухай хууль 35.4.2-р заалт зөрчсөн байна” гэсэн экологи эдийн засгийн үнэлгээ тогтоох шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 45-46-р хуудас/ болон бусад шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Б.Б, С.Б, М.Р нарт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгч нарын үйлдлийг хангалттай нотолж чадсан байна.
Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт зааснаар иргэн зохих зөвшөөрөл авсны үндсэн дээр ойд мод бэлтгэх эрхтэй ба Ойн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн 20.1.4-д зааснаар иргэн түлшний мод бэлтгэх хүсэлтээ ойн анги /байхгүй бол тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагч/-д гаргаж, сумын эрх бүхий албан тушаалтан мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээг мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасны дагуу тухайн иргэнд олгохоор хуульчилжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэх” гэмт хэрэгт заасан мод бэлтгэх ажиллагааг Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлд зааснаар ойлгох ба Монгол Улсын Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсгийн 29.1.7-д зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэхийг хориглож, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсгийн 35.4.2-д зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэснийг хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзэхээр байна. Мөн дээрх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн бол Эрүүгийн хуулийн тугсай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан байна.
Шүүгдэгч Б.Б, С.Б, М.Р нар нь Ойн тухай хуулийн дээрх заалтуудыг зөрчиж бүлэглэн зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн, тээвэрлэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон байна. Шүүгдэгч Б.Б, С.Б, М.Р нарын Монгол Улсын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүрээлэн байгаа орчны эсрэг ойн санд халдаж, Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2, 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсгийн 29.1.7-д заасныг болон Ойд мод бэлтгэх журмыг зөрчин эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийн шинжтэй байна.
Иймд шүүгдэгч Б.Б, С.Б, М.Р нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан бүлэглэн ойд зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нарын үйлдлийн улмаас ойн санд 316,887 төгрөгийн бодит хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д ойн санд учирсан хохирлыг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.Б, С.Б, М.Р нар нь 316,887 төгрөгийн хохирлыг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний хохирол, хор уршиг 950,661 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн байна. Иймд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Б, М.Р, С.Б нараас ойн санд учруулсан хохирол, хор уршиг нийт 950,661 /есөн зуун тавин мянга зургаан зуун жаран нэг/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд оруулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нар нь холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн ба тэдэнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бус аргаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хоёр: Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Б.Б, С.Б, М.Р нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Б, С.Б, М.Р нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгаа нөхөн төлөхөө илэрхийлж холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокуророос хүлээн авч шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүгдэгч нарт прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй, шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагдсан байна.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилготой нийцэж байгаа тул шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр прокурорын саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан шүүгдэгч Б.Б, С.Б, М.Р нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан тус бүр 100 ширхэг мод тарьж Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын ойн ангид хүлээлгэн өгөх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Б, С.Б, М.Р нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан БНХАУ-д үйлдвэрлэсэн ногоон өнгөтэй, бензинээр ажилладаг гинжит хөрөө 1 ширхэг, хууль бусаар бэлтгэсэн модоо тээвэрлэсэн “Серес” маркийн ..... улсын дугаартай тээврийн хэрэгсэл, мөн гэмт хэрэг үйлдэж олсон 2.887 метр куб мод зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц тус тус улсын орлого болгож, тэдгээрийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч нарын хууль бусаар бэлтгэсэн модоо тээвэрлэсэн ....... улсын дугаартай “Серес” маркийн тээврийн хэрэгсэл нь мод тээвэрлэх үед бичиг баримтыг нь Улаанбаатар хот руу явуулж худалдах худалдан авах гэрээний дагуу Б.Б өөрийн өмчлөлдөө бүртгүүлж ....... улсын дугаартай болсон гэх нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон ...... дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан БНХАУ-д үйлдвэрлэсэн улаан алаг өнгийн цахилгаан хөрөө 1 ширхэг, хууль бусаар бэлтгэсэн модоо тээвэрлэсэн Серес маркийн ...... улсын дугаартай тээврийн хэрэгсэл, мөн гэмт хэрэг үйлдэж олсон 2.887 метр куб мод зэргийг тус тус улсын орлого болгож, тэдгээрийг битүүмжилсэн прокурорын тогтоолуудыг хүчингүй болгож, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Б.Б, Тангад овогт М.Р, Х овогт С.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан бүлэглэн, ойд зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж, тээвэрлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан шүүгдэгч Б.Б, М.Р, С.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 1 жил 6 сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.Б, М.Р, С.Б нарт тус бүр 100 ширхэг мод тарьж Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын ойн ангид хүлээлгэн өгөх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах журамтайг тайлбарласугай.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар шүүгдэгч нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан 1 жил 6 сарын хугацаанд хяналт тавихыг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.
6. Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан БНХАУ-д үйлдвэрлэсэн ногоон өнгөтэй, бензинээр ажилладаг гинжит хөрөө 1 ширхэг, хууль бусаар бэлтгэсэн модоо тээвэрлэсэн “Серес” маркийн ........ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, мөн гэмт хэрэг үйлдэж олсон 2.887 метр куб мод зэргийг тус тус улсын орлого болгож, тэдгээрийг битүүмжилсэн прокурорын тогтоолуудыг хүчингүй болгосугай
8. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Б, М.Р, С.Б нараас ойн санд учруулсан хохирол, хор уршиг нийт 950,661 /есөн зуун тавин мянга зургаан зуун жаран нэг/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.
9. Шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ