2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1045

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                            

          Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Төгөлдөр

          Улсын яллагч М.Билгүүтэй

          Хохирогч Д.Н**********

          Шүүгдэгч З.С**********, түүний өмгөөлөгч С.Соёлмаа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч **********-д холбогдох 2503001070330 дугаар 1 хавтас хэргийг шүүх 2025 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19** оны 8 дугаар сарын 26-ны өдөр ********** аймагт төрсөн, ** настай, эмэгтэй, дээд боловсролтой, улс төр, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо ********** тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд

Хан-Уул дүүргийн шүүхийн 20** оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 185 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233.1, 89.1-т зааснаар 4.240.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан,

********** /РД:**********/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

           Шүүгдэгч ********** нь 20205 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 00 цаг 06 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ********** хажуу замд Toyota Prius маркийн ********** УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна; мөн дүрмийн 10.1 Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана; гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч ********** мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ********** мэдүүлэхдээ: “2025 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 00 цаг 06 минутын орчим машинаа хучих гэж байгаад хохирогч ********** мөргөж хохирол учруулсандаа уучлал гуйж байна. Хохирогчийг MR зураг авхуулахаар эмнэлэгт маргааш нь цаг автал хохирогч “эгчээ би зураг авхуулмааргүй байна. Мөнгөө авчихъя” гэхээр нь 300.000 төгрөг өгөөд, эмчийн бичиж өгсөн эм тариаг авч өгөөд нутаг усаа мэдэлцээд салсан. Үүнээс хойш 4 хоногийн дараа дахин зураг авхуулж, эмнэлгээр явахад нь хамт байсан бөгөөд хохирогчийг сахих хүн байхгүй байна гэхээр нь хоол хийчхээд очиход охин нь ирчихсэн байсан тул уулзсан. Түүнийг эмнэлгээс гараад нөхөн сэргээх өдрийн эмчилгээнд явахад нь мөн туслалцааг нь үзүүлсэн. Хохирогчийг 14 хоног хэвтэн эмчлүүлэхэд нь эргэж чадаагүй. Яагаад гэвэл би өөрөө эмнэлэгт хэвтэж байсан. 14 хоногийн төлбөр болох 145.000 төгрөг төлсөн. Би өөрөө өвдөж, шархалж үзсэн учир хохирогчид учирсан өвчин, шаналлыг мэдэж байна. Миний буруу. Би өөрөө 2024 оны 6 дугаар сард тархины хагалгаанд орсон бөгөөд үүнийхээ улмаас хөдөлмөрийн чадвараа 70 хувиар алдаж, сар болгон эмчийн хяналтад байж, 3 сар тутамдаа эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг. Группт байдаг, сар бүр 570.000 төгрөг авдаг. Үүнээсээ хохирогчид хохирол төлбөр төлсөн. Хохирлыг өөрийнхөө боломж бололцоогоор төлж байгаа. Гэмтэл учруулсандаа харамсаж, уучлалт хүсэж байна.” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ********** мэдүүлэхдээ: “Хэрхэн мэдүүлэг өгөх талаар сайн мэдэхгүй байна. Шүүхийн шийдвэрээ дагана аа. Ажилгүй байсан хугацааны цалинг мөрдөн шалгах ажиллагаанд нэхэмжилсэн. Саяхан сэргээн засахад хэвтээд гарсан. Удахгүй дахин хэвтэх шаардлагатай байгаа. Сэтгэцэд учирсан хохирол хор уршгийг хүлээн зөвшөөрч байна. Шүүхийн хэлэлцүүлэгт 415.000 төгрөгийн хохирол төлбөртэй холбоотой баримтыг шинээр нотлох баримт болгон гаргаж өгч байна. Хохирол төлбөрт нийт 2.200.000 төгрөг авсан. Шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн баримт дээрх үнийн дүнгээс хасагдахгүй. Одоо биеийн байдал жаахан хүндрэлтэй байгаа. Удаан явахад оройдоо хавдчихсан байдалтай байна. Шатаар явахад хэцүү байна.” гэжээ.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3-4 дүгээр тал/, зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 4-5 дугаар тал/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-9 дүгээр тал/, эд зүйл /баримт бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш мал амьтан/-д үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12-13 дугаар тал/, хохирогч ********** мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр тал/, иргэний нэхэмжлэгч ********** мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр тал/, иргэний нэхэмжлэгч ********** мэдүүлэг /хх-ийн 27 дугаар тал/, иргэний нэхэмжлэгч ********** мэдүүлэг /хх-ийн 30 дугаар тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Т.Чимэд-Очирын 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 2293 дугаар дүгнэлт /хх-ийн 37-38 дугаар тал/, “Med Trauma” эмнэлгийн дүрс оношилгоо шинжилгээний хариу /хх-ийн 39-40 дүгээр тал/, “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-н Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 47-54 дүгээр тал/, “Хас үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 61-65 дугаар тал/, Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Хулангийн магадлагаа /хх-ийн 70 дугаар тал/ зэргийг шинжлэн судлав.   

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

Гэм буруугийн талаар

          Шүүгдэгч ********** нь 20205 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 00 цаг 06 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ********** хажуу замд Toyota Prius маркийн ********** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна; мөн дүрмийн 10.1 Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана; гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч ********** мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт хөтөлбөргүй тогтоогдсон байна. Дээр дурьдсан үйл баримт дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

            Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3-4 дүгээр тал/,

Зам тээврийн осол дээр тогтоосон акт, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-9 дүгээр тал/,

Эд зүйл /баримт бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш мал амьтан/-д үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12-13 дугаар тал/,

Мөрлөн шалгах ажиллагаанд хохирогч ********** өгсөн: “Тухайн шөнө би ажлаа тараад **********” телевизийн хойд талд байрладаг гэр рүүгээ явж байсан ба **********” телевизийн зүүн талын явган хүний замаар хойноос урагшаа чиглэлд явж байтал зогсоол дээр зогсож байсан хучлагатай машин гэнэт хөдөлгөөн эхлүүлээд намайг мөргөөд унагаасан. Би тэр машины урд гуперын зүүн буланд мөргөгдөөд машины зүүн талд газарт унагасан. Гэтэл машин зогсохгүй ********** телевизийн хаалгыг мөргөөд дараа нь ухраад зогссон. Тэгээд нэг мэдэхэд баахан хүмүүс гадаа гараад ирсэн байсан тухайн байгууллагын ажилчид байхаа” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч ********** өгсөн: “Тухайн шөнө би ажил дээрээ байж байтал манай эхнэр над руу залгаад хүн мөргөчихлөө бас хаалга мөргөчихлөө гэж ярьсан. Тэгээд би ослын газарт ирэхэд цагдаа нар ирчихсэн байсан. Уг тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр байдаг гэр бүлийн хэрэгцээнд эхнэр хааяа унаж жолооддог ихэвчлэн би өөрөө унаж жолооддог.” гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч ********** өгсөн: “Тухайн шөнө би гэртээ байж байтал байгууллагын харуул над руу залгаад үйлчилгээний хаалгыг нэг машин мөргөөд хагалчихлаа гэж хэлсэн. Тэгээд би ажил дээрээ ирээд үйлчилгээний хаалгаа хартал нэг машин манай байгууллагын хэрэглэгчид үйлчилгээ үзүүлдэг шилэн вакум хаалгыг мөргөөд хагалчихсан байсан. Ослын улмаас манай байгууллагын хэрэглэгчид үйлчлэх шилэн хаалга хагарч, арам нь гажсан. Хаалга нь дээрээ эвдрэлийн үнэлгээ хийлгэхэд 4.360.000 төгрөг гарсан гэхдээ манай байгууллага Хувьтүшиг гэдэг газраар хаалгаа засуулахад 5.060.000 төгрөг болсон.” гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Т.Чимэд-Очирын 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 2293 дугаар:

1. ********** биед зүүн өвдөгний үений дотор, гадна жийргэвч мөгөөрсний урагдал, гадна коллатерал холбоосын суналт, зүүн өвдөгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд дээрх ослын үед үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 37-38 дугаар тал/,

“Med Trauma” эмнэлгийн дүрс оношилгоо шинжилгээний хариу /хх-ийн 39-40 дүгээр тал/,

“Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-н Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 47-54 дүгээр тал/,

“Хас үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний: “... хохирлын дүн 4.360.000 төгрөг.” гэх тайлан /хх-ийн 61-65 дугаар тал/,

 Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Хулангийн:

1. Явган зорчигч ********** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

2. Жолооч ********** нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” Мөн дүрмийн 10 .1 “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг ханган” гэсэн заалтыг тус тус зөрчсөн нь осол гарах үндсэн шалтгаан болсон байх үндэслэлтэй байна.” гэх магадлагаа /хх-ийн 70 дугаар тал/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдохгүй байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

Эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог. 

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос ********** үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

        Улсын яллагч “Шүүгдэгч ********** нь 20205 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 00 цаг 06 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ********** хажуу замд Toyota Prius маркийн ********** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна; мөн дүрмийн 10.1 Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана; гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч ********** мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай.” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нь хэргийн үйл баримт, гэм буруу, гэмт хэргийн зүйчлэлийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч ********** нь авто тээврийн хэрэгсэл жолоодохдоо хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна; мөн дүрмийн 10.1 Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана; гэсэн заалтыг тус тус зөрчиж, явган зорчигч **********  мөргөсний улмаас түүний эрүүл мэндэд хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан үйл баримт тогтоогдсон байна.

“Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгслийг жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эхсүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг,

"Явган зорчигч" гэж замаар явган яваа /зам дээр ажил үүрэг гүйцэтгэж яваагаас бусад/ хүн, жагсаалаар яваа болон хөгжлийн бэрхшээлтэй хүний тэргэнцэртэй, түүнчлэн тэрэг түрж, чарга чирж, мотоцикл, мопед, унадаг дугуйг хөтөлж замаар яваа хүнийг тус тус ойлгоно.

Хавтаст хэргийн 13 дугаар талд авагдсан Цагдаагийн Ерөнхий газрын жолоодох эрхийн лавлагаагаар ********** “В” ангиллын жолоодох эрхийн үнэмлэхийг 1999 оны 7 дугаар сарын 6-ны өдөр олгожээ.

Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн хувьд санаатай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас болгоомжгүйгээр хохирол, хор уршигт хүргэдэг гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдэгддэг онцлогтой.  

Шүүгдэгч ********** нь Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг биелүүлээгүй эс үйлдэхүйгээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн жолооч захиргааны хэм хэмжээний акт зөрсөн байх, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх гэсэн үндсэн шинжийг хангасан байна.

********** эс үйлдэхүй болон хохирогч ********** эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршиг хоёр хоорондоо шууд шалтгаант холбоотой гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч ********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

Мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө..”  гэж тус тус заасны дагуу шүүгдэгч ********** нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.

Хохирогч ********** нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 145.000 төгрөг, шүүхийн шатанд 415.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч ********** нь 5.060.000 төгрөг тус тус нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч ********** нь хохирогч ********** 2.200.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч ********** 1.700.000 төгрөг өгч үлдэгдэлд хохирол төлбөрт ажил хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцсон байна.

Монгол улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3.2. Сэтгэцийн эмгэгийн зэргийг Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасны дагуу хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтран баталсан журмын дагуу Шинжилгээний байгууллага тогтооно.

3.8 дугаар зүйлд “Шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо дээрх журмаар баталсан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, тухайлсан гэмт хэрэгт хамаарах хүснэгт, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гэмт хэргийн хүнд, хөнгөн, хүндрүүлэх нөхцөл байдал, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, хохирогчийн нас, хохирогчийн гэм буруутай байдал, гэм хор учруулагчийн гэм буруу, гэм буруугаа гэмшиж байгаа байдал, төлбөрийн 9 чадвар, багадаа гэмтэл авсан хүний хохирлын тооцоо нь өндөр настай хүний хохирлын тооцооноос илүү байх, гэр бүлийн гишүүн нь хохирогчтой байнга хамт эсвэл дотно байсан эсэх зэрэг хохирлын хэмжээнд нөлөөлж болох бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, доод болон дээд хэмжээний дотор нөхөн төлбөрийг олгох эсэхийг шийдвэрлэнэ.”,

4 дэх хэсэгт заасан нөхөн төлбөр тооцох аргачлал: гуравдугаар зэрэглэл: хөнгөн гэмтлийн улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэг  9-15 %, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 9-с 15 дахин нэмэгдлүүлсэнтэй тэнцэх хүртэл” гэж заажээ

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ********** сэтгэцэд гэмт хэргийн улмаас гуравдугаар зэрэглэлийн сэтгэцийн эмгэг учирсан болохыг тогтоосон байна.

Монгол улсын дээд шүүхийн 2023 оны 25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 4 дэх хэсэгт заасны дагуу хохирогчид учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, учирсан сөрөг үр дагавар, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гэмт хэрэг үйлдэгдэх үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 660.000 төгрөгийг 15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9.900.000 төгрөгөөр тогтоож шүүгдэгч ********** гаргуулж хохирогч ********** олгох нь зүйтэй.

Хохирогч ********** нь өөрт учирсан гэм хорын болон хохиролтой холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдэхээр шийдвэрлэлээ.

Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх юм.

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдсан байдлаар шүүгдэгч ********** гэм буруутай үйлдэл нь хангалттай нотлогдон тогтоогдсон байх тул  түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчийн зүгээс: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 01 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна.” гэх санал,

Шүүгдэгч ********** өмгөөлөгч С.Соёлмаагийн зүгээс: “Миний үйлчлүүлэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Тэрээр хөдөлмөрийн чадвараа 70 хувиар алдсан бөгөөд түүний гэр бүлийн хүн буюу нөхөр нь мөн адил хөдөлмөрийн чадвараа алдсан байдаг. Иймд хувийн байдлыг нь харгалзан хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэх дүгнэлтийг гаргасан бол шүүгдэгчийн зүгээс эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан санал, дүгнэлт гаргаагүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасан бөгөөд шүүхээс шүүгдэгч ********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 79 дүгээр тал/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 80 дугаар тал/, төрсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 81 дүгээр тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 82 дугаар тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 83 дугаар тал/, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /хх-ийн 84 дүгээр тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 85 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Шүүгдэгч ********** эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн”-ийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба мөн хулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Шүүхээс шүүгдэгч ********** эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан оролцогч нарын тайлбар, мэдүүлэг зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж 01 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

Бусад асуудлын талаар:

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ********** нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг сидиг хавтас хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалахаар шийдвэрлэлээ.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч ********** “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********** тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********** нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 01 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **********нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********** оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ********** 9.900.000 төгрөгийг гаргуулж хохирогч **********д олгосугай.

7. Хохирогч ********** нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

8. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ********** нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг сидиг хавтас хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалсугай.

10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ********** урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

     11. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

     12. Оролцогчид давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч ********** урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС