Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 156/ШШ2018/00297

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 04 сарын 16 өдөр

      Дугаар 156/ШШ2018/00297

         Хэнтий аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

156/2018/00189

 

            Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 4 дүгээр хороо Монгол түлхүүр ХХК-ийн байр 305 тоотод байрлах, Малчин монгол ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хэнтий аймаг Мөрөн сумын 4 дүгээр баг Цагаан толгой Ноёнгийн 12-04 тоотод оршин суух, Зөөлөн булаг ХХК-ийн захирал Шарнууд овогт Рэнцэндоржийн Төрбадрах /РД:СО60061217/-д холбогдох

“худалдах, худалдан авах гэрээний 3 288 000 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болортунгалаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Уламбаяр нар оролцов.

            Хариуцагч Р.Төрбадрахад шүүх хуралдааны товыг 2018 оны 04 сарын 04-ний өдөр, 2018 оны 04 сарын 12-ны өдрүүдэд мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалгаангүйгээр ирээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх ба нэхэмжлэгч талаас түүнийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийлгэх тухай хүсэлтийг гаргаж байх тул уг хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулав.

                                                                                                                                                                                                                                                                      

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Малчин монгол ХХК нь нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Хариуцагч “Зөөлөн булаг” ХХК-ийн захирал Р.Төрбадрах нь 2016 оны 04 сарын 12-ны өдөр худалдах, худалдан авах ХЭ-1644 тоот зээлийн гэрээ байгуулан 1 262 000 төгрөг, 2016.10.28-ны өдөр 600 000 төгрөг, 2016.12.19-ний өдөр 330 000 төгрөг нийт  2 192 000 төгрөгийн малын эм бэлдмэл, тарилга, туулгалтыг ямар нэгэн урьдчилгаа, барьцаагүйгээр 100 хувь зээлээр авсан. Энэхүү зээлээр авсан эм бэлдмэлийн үнэ болох 2 192 000 төгрөгийг тус компани нь одоог болтол өгөөгүй байна. Зээлийн гэрээнд заасан худалдах, худалдан авах гэрээний 9.2.7-д заасны дагуу төлөгдөөгүй үндсэн төлбөр 2 192 000 төгрөг, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувиар бодож 1 096 000 төгрөгийг нэмж нийт 3 288 000 төгрөгийг “Зөөлөн булаг” ХХК-иас гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан байгаа.

Хариуцагч Р.Төрбадрах нь шүүхэд гаргасан тайлбартаа 2018 оны 04 сарын 15-ны дотор 2 500 000 төгрөгийг төлж барагдуулна гэж бичсэн байсан. Өнөөдөр 2018 оны 04 сарын 16-ны өдөр Зөөлөн булаг ХХК-ийн зүгээс одоогоор өгсөн нэг ч төгрөг байхгүй байна. Манай компанийн зүгээс “Зөөлөн булаг” ХХК-ийн захирал Р.Төрбадрах, болох М.Нарангэрэл нар руу утсаар ярихад маргааш өгнө, нөгөөдөр өгнө гээд яваад байдаг. Санаатайгаар худла ярьж байна гэж үзэж байна. Иймд манай байгууллагыг хохиролгүй болгож нэхэмжлэлийн шаардлагагыг бүрэн хангаж өгнө үү гэжээ. /хх-ийн 1х/

 

Хариуцагч “Зөөлөн булаг” ХХК-ийн захирал Р.Төрбадрах нь шүүхэд гаргасан тайлбартаа: Р.Төрбадрах миний бие Малчин монголт ХХК-тай гэрээ байгуулаагүй юм. Манай эхнэр М.Нарангэрэл нь “Зөөлөн булаг” ХХК-ийн нягтлан бодогч хийдэг бөгөөд “Малчин монгол” ХХК-тай гэрээ байгуулж 2016.04.12-ны өдөр 1 262 000 төгрөг, 2016.10.28-ны өдөр 600 000 төгрөг, 2016.12.19-ний өдөр 330 000 төгрөг нийт  2 192 000 төгрөгийн малын эм бэлдмэл, тарилга авсан нь үнэн. Манай байгууллага Малчин монгол ХХК-ийн нэхэмжилсэн үндсэн мөнгө болох 2 192 000 төгрөг, зээлийн гэрээний хүү 308 000 төгрөг, нийт 2 500 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Манай байгууллага нь Малчин монгол ХХК-тай 1 жилийн гэрээ байгуулсан учраас хүүнд нь 308 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2018 оны 04 сарын 15-ны дотор төлж барагдуулна гэжээ. /хх-ийн 20-21х/

Шүүх хариуцагчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                                                                                                                                                                               

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            Нэхэмжлэгч “Малчин монгол” ХХК нь хариуцагч “Зөөлөн булаг” ХХК-иас “худалдах, худалдан авах гэрээний 3 288 000 төгрөгийг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

                

           Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

            Малчин монгол ХХК нь “Зөөлөн булаг” ХХК-тай 2016 оны 04 сарын 04-ний өдөр ХЭ-1644 тоот зээлийн гэрээ байгуулж, /хх-ийн 4-7х/ 2016.04.12-ны өдөр 1 262 000 төгрөг, 2016.10.28-ны өдөр 600 000 төгрөг, 2016.12.19-ний өдөр 330 000 төгрөг нийт 2 192 000 төгрөгийн малын эм бэлдмэл, тарилга авч үйл ажиллагаандаа хэрэглэсэн болох нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

              Түүнчлэн шүүх хуралдааны мэдэгдлийг 2018 оны 04 сарын 12-ны өдөр хүлээн авсан ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.

 

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,  116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:  

     

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч “Зөөлөн булаг” ХХК /захирал Р.Төрбадрах/-аас 3 228 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Малчин монгол” ХХК-д олгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч “Малчин монгол” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 67 558 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч “Зөөлөн булаг” ХХК /захирал Р.Төрбадрах/-аас 67 558 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч компанид олгосугай.

 

  3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор ёсчлогдсоноос хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба  шийдвэрийг гардан аваагүй нь 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг хэргийн оролцогчдод мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Ж.БОЛДБААТАР