| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэжаргалын Ариунаа |
| Хэргийн индекс | 156/2018/00288/И |
| Дугаар | 156/ШШ2018/00265 |
| Огноо | 2018-04-09 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 156/ШШ2018/00265
| 2018 оны 04 сарын 10 өдөр | Дугаар 156/ШШ2018/00265 | Хэнтий аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2018/00251/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Ариунаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч /хүсэлт гаргагч/: Хэнтий аймаг Норовлин сум, 4 дүгээр баг, Жаргалантын 06-02 тоотод оршин суух, Халзан овогт Балганы /РД:ШЗ49122811/ Ганбатын хүсэлттэй,
“цагаатгалын нөхөн олговорын 1 000 000 төгрөг гаргуулах” тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ганбат, Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сайнболд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч /хүсэлт гаргагч/ Б.Ганбат нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“... Улс төрийн хэлс хэрэгт хэлмэгдэж баривчлагдаж, ялын дээд хэмжээгээр шийтгүүлж амь насаа алдсан Хэнтий аймгийн харьяат Норовын Жамбалг 1937 оны 12 сарын 17 өдрийн 7 дугаартай тогтоолоор улс төрийн хэрэгт хилсээр ял шийтгүүлсэн нь тогтоогдсон 1991 оны 12 сарын 25 өдрийн 203 дугаартай магадлалаар цагаатгасан. Би Н.Жамбалтай садан төрлийн холбоотой бөгөөд 2017 оны 06 сарын 30 өдрийн Зууны мэдээ сонинд гаргаж нийтэд зарласан. Учир шалтгаан иймд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж амь насаа алдсан Н.Жамбалын цагаатгалын хуулиар заагдсан нөхөн олговрын хэмжээг хэмжээг тогтоож ач дүү болох Б.Ганбат надад олгож өгөхийг хүсэж байна” гэв.
Хяналтын прокурор Д.Энхжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Төрийн нэрийн өмнөөс шүүх хуралдаанд оролцож байна. нэхэмжлэлийн шаардлагыг хангахад татгалзах зүйлгүй” гэв.
Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд нэхэмжлэгчийн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Б.Ганбат нь хэлмэгдэгч Н.Жамбалд олгох цагаатгалын нөхөн олговорын 1 000 000 төгрөг гаргуулахаар шүүхэд гаргажээ.
Хэнтий аймгийн харьяат Норовын Жамбал нь 1937 онд улс төрийн хэлс хэрэгт баривчлагдан ял шийтгүүлснийг 1937 оны 12 сарын 17 өдрийн 7 дугаар тогтоолоор улс төрийн хэрэгт хилсээр ял шийтгүүлсэн нь тогтоогдсон тул түүнийг Монгол Улсын Дээд шүүхийн Цэргийн коллегийн 1991 оны 12 сарын 25 өдрийн 203 дугаартай цагаатгалын үнэмлэхийг олгожээ.
Хүсэлт гаргагч Б.Ганбат нь хэлмэгдэгч Н.Жамбалын ач дүү бөгөөд хэлмэгдэгчтэй садан төрлийн холбоотой болох нь Улсын дээд шүүхийн 1991 оны 12 сарын 25 өдрийн 203 дугаартай магадлал /хх 6х/, тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2009 оны 09 сарын 28 өдрийн 02/1817 дугаартай лавлагаа /хх 4х/, Монгол улсын засгийн газрын хэрэгжүүлэх агентлаг Үндэсний архивын газар Үндэсний төв архивын 2000 оны 03 сарын 07 өдрийн 237 тоот лавлагаа /хх 5х/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдов.
Түүнчлэн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссоос нөхөн олговрын нэхэмжлэлээ бүрдүүлсэн иргэдийн нэрсийн жагсаалтад Балганы Ганбатын нэрийг бүртгэсэн тухай “Зууны мэдээ” сонины 2017 оны 06 сарын 30 өдрийн 129, 130 /5576, 5577/ дугаарт нийтэлсэн байх бөгөөд үүнтэй холбоотойгоор ямар нэг маргаан гараагүй, хүсэлт гаргагчаас өөр хэлмэгчийн нөхөн олговорыг авах эрх үүссэн, нэхэмжилсэн этгээд байхгүй байна.
Иймд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д зааснаар хэлмэгдэгч Н.Жамбалын нөхөн олговорт 1 000 000 төгрөгийг гаргуулж түүний ач дүү болох Б.Ганбатад олгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д зааснаар Хэнтий аймгийн Төрийн сангаас 1 000 000 төгрөгийг гаргуулж Б.Ганбатад олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, 58.4-т зааснаар нэхэмжлэгч Б.Намуунгэрэлийг улсын тэмдэгтийн хураамж 65 200 төгрөг төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлсөн болохыг дурдсугай.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгч Иргэний хэрэг хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах, шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг Б.Ганбатад мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.АРИУНАА