| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбо-Очирын Намуунтуяа |
| Хэргийн индекс | 309/2025/0123/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/134 |
| Огноо | 2025-04-25 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | М.Мэндбаяр |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 2025/ШЦТ/134
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн
Улсын яллагч М.Мэндбаяр /томилолтоор/
Шүүгдэгч ******* өмгөөлөгч Б.Солонго
Шүүгдэгч ******* өмгөөлөгч Ц.Эрдэнэбат
Шүүгдэгч *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* *******, ******* овогт ******* нарт холбогдох эрүүгийн 2521000460136 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, автын инженер мэргэжилтэй, таван ХХК-д ажилтай, ам бүл 2, охины хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2010 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар 400 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, ******* овогт ******* *******. /РД: /
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1998 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 270 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, ******* овогт ******* . /РД: /
Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Дорнод гурил ХХК-ны хашаан дотор байрлах зоогийн газарт 2024 оны 12 дугаар сарын 30-ны орой 21 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч *******тай үл ялих шалтгааны улмаас маргалдаж түүний бие, эрх чөлөөнд халдаж хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Дорнод гурил ХХК-ны хашаан дотор байрлах зоогийн газарт 2024 оны 12 дугаар сарын 30-ны орой 21 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч *******тай үл ялих шалтгааны улмаас маргалдаж түүний бие, эрх чөлөөнд халдаж хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүгдэгч *******, ******* нар нь 2024 оны 12 дугаар сарын 30-ны орой 21 цагийн орчимд согтуугаар Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Дорнод гурил ХХК-ны хашаан дотор байрлах зоогийн газарт хоорондоо маргалдан зодолдож улмаар бие биенийхээ эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь
шүүгдэгч ******* “...Миний зүгээс ын биед хүндэвтэр хохирол учруулсан гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Уг гэмтлийг би учруулсан. бид хоёрын хувьд хэн хэнээсээ ямар нэгэн хохирол нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг,
шүүгдэгч ******* “...Миний зүгээс *******ын биед хүндэвтэр хохирол учруулсан гэдгийг хүлээн зөвшөөрч байна. ******* бид хоёрын хувьд хэн хэнээсээ ямар нэгэн хохирол нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг,
хохирогч ******* “...архи уугаад байж байх явцад 22 цагийн орчимд хамт байсан хүмүүс хоорондоо хэл амаар маргалдаж муудах гээд эхэлсэн. Маргаан болох гээд байхаар нь хүмүүсийг болиулах маягтай байж байгаад хэсэг намдаж суусан. Ингээд би архи уугаад сууж байсан өрөөнөөс хойд талын усанд ордог өрөө рүү ороод буцаж гарч ирээд ширээн дээр сууж байхад гэх залуу миний баруун чихний дээд хэсгээс нь хазсан учир би түүнийг түлхэхэд миний баруун гарын дунд хурууг мөн адил хазсан. Миний хувьд энэ үйлдлийнх нь хариуд түүнтэй зууралцаж хэд хэд удаа цохисон. Бид хоёрыг зууралцаж байх явцад хамт байсан хүмүүс бид хоёрыг салгасан. Ингээд би түүнээс салаад тухайн байшингаас гарч явахад нь араас дагаж гарч ирээд байшингийн зүүн талд хэсэг зууралцаж байх явцад миний нүүр рүү цохисон. Энэ үед хажууд байсан гэх дүү маань машинаа жолоодож тухайн газраас хөдөлсөн. Улмаар би эмнэлэгт ирж биеэ үзүүлж чихэндээ оёдол тавиулаад тухайн газарт дахин очоогүй. ...Би түүний нүүр хэсэгт ямар эд зүйлээр цохисон гэдгээ сайн мэдэхгүй байна. Тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учраас энэ тухай тодорхой мэдүүлж чадахгүй байна. ...ын биед надаас өөр хэн нэгэн халдсан үйлдэл би хараагүй. Миний биед аас өөр хэн нэгэн халдсан зүйл байхгүй. нь миний зүүн нүд орчимд гараараа цохих, баруун чих, баруун гарын дунд хуруу зэргийг хазах, толгойн ар хэсэгт 2-3 удаа өшиглөх гэх мэтээр миний биед халдаж гэмтэл учруулсан. ...2024 оны 12 дугаар сарын 30-ны орой 21 цагийн орчимд Дорнод гурил ХХК-ийн хашаан дотор байрлах улаан өнгийн тоосгон байшингийн гадаа нь зодолдож зууралдсан бөгөөд миний хувьд газарт унасан. Энэ үед нь намайг өшиглөөд байсан учир би нүүрээ хаах зорилгоор баруун гараараа өшиглөлтийг нь хаасан. Энэ үйлдлийн улмаас миний баруун гар хөндүүр болсон байсан. Уг өвдөлтийг би хэсэг өвдөж байгаад болих байх гэж бодож байсан учраас 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр шинжээч эмчид үзүүлж байхдаа хэлээгүй юм. Гэтэл уг зовуурь 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл зүгээр болохгүй юм хийхэд хөндүүрлээд гараа атгаж чадахгүй байсан учир Маршал мед эмнэлэгт гарын зургаа авхуулахад хугаралтай хэмээн оношилсон...” гэх мэдүүлэг,
хохирогч ******* “...2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 10 цагийн орчимд би Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чойбалсан” ресторанд аймгийн уяачдын холбооноос зохион байгуулсан уяачдын шинэ жилийн арга хэмжээнд оролцсон. 17 цагийн орчимд уг газраас гарч Хэрлэн сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг "Дорнод Гурил" ХХК-ийн төв байрны гал тогооны өрөөнд хамт явж байсан гэх залуугийн хамт очсон. Тухайн газарт очиход хэсэг уяачид цугларан архи ууж байсан. ...Тухайн газарт ойролцоогоор 6-7 хүн байсан бөгөөд миний танихаас гэх хочтой гэх залуу, , , , , гэх залуучууд байж байсан. Ингээд сууцгааж байхад удалгүй араас ******* гэх залуу ганцаараа орж ирсэн бөгөөд бидэнтэй цуг архи уух болсон. Цуг сууж байх явцад ******* гэх залуугийн хувьд намайг хэл амаар өдөж “шилдгээ” гэх зэргээр доромжлох маягтай харьцаад байсан. Надад түүний байгаа байдал таалагдахгүй бид 2 хэл амаар маргалдаж эхэлсэн бөгөөд оройн 21 цагийн орчимд ******* гэх залуу нь гартаа нэг юм барьж байгаад нүүр рүү зоогоод авсан бөгөөд эхний зоолт нь миний баруун хацрын эгц дээрээс зоогдож хоёр дахь нь эрүүн доороос зоосон. Тухайн үед миний хувьд биеэ хамгаалж ******* гэх залууг зуурч аваад шилийг нь хаях үйл явдал болсон. Мөн зууралцаж байх явцад ******* гартаа шил барьсан болох нь харагдсан. Тухайн шилээрээ дахин миний зүүн гарын тохой орчимд нэг удаа хатгасан. Ѳөрөөр би тэр ******* гэх залуугийн биед сүртэй халдсан зүйл болоогүй салсан. Ингээд ******* нь надаас салаад тухайн байрнаас гараад явсан учир би түүнийг явуулахгүй гэж хорьж зууралдсан боловч ******* гэх залуу нь гадаа гараад Ланд-200 маркийн цагаан өнгийн гэх улсын дугаартай тээврийн хэрэгсэлд жолоочийн эсрэг талын суудалд суусан. Харин түүний суусан машиныг түүний туслах дүү гэгч залуу жолоодож явсан бөгөөд машин нь хөдлөхдөө намайг чирч хөдөлсөн. Миний хувьд ******* гэх залууг явуулахгүй гээд зуураад байж байхад зүүн гарын эрхий хуруунаас хүчтэй хазаж, зуусан чангаасан чигээрээ хөдөлсөн. ...би гэх ахын хамтаар эмнэлэг рүү очиж нүүрэндээ 13 оёдол тавиулж зүүн гарын тохойндоо нэг оёдол тавиулсан. ... Миний биед өөр хэн нэгэн халдсан зүйл байхгүй. Харин хамт байгаа хүмүүсийн ярьж байгаагаар гэх хочтой залуу нь пивоны шил хагалж улмаар тэр ******* гэх залуугийн гарт бариулсан, намайг цохь гэж хэлсэн гэж тухайн үед хамт байсан гэх залуу хэлсэн. гэх залуугийн хувьд бол бидэн дээр сүүлд нэмэгдэж ирсэн залуу байгаа юм. ...Миний баруун хацар орчимд шилээр зоогдож зүсүүлсэн гэмтэлтэй, эрүүний зүүн доор шилээр зоогдож зүсүүлсэн гэмтэлтэй, зүүн тохой орчимд шилээр зоолгож зүсүүлсэн гэмтэлтэй, зүүн гарын эрхий хуруу хазуулж шархалсан гэмтэлтэй байна. Би энэ гэмтлээ шүүх эмнэлэгт үзүүлж шалгуулах болно. Миний биед учирсан гэмтлийг ******* гэх залуу ганцаараа учруулсан...” гэх мэдүүлэг,
гэрч Ч.ын “...Удалгүй байшин дотор хүмүүс бахирах чимээ гарахаар нь шууд байшин руу ороход миний зүс таних ******* ах, ах нар хоорондоо бие бие рүүгээ дайрсан байдалтай байж байсан. ******* ахын баруун чихнээс нь цус гоожсон байдалтай байж байсан. Мөн хажууд нь ах нэг үл таних хүнтэй хэрэлдээд бие бие рүүгээ дайрах гээд байхаар нь би түүнийг хорьж салгасан. Байшинд байсан хүмүүс хоорондоо маргалдах гээд чанга дуугаар хашхиралдаад байсан бөгөөд энэ үед гэх ах тэдгээр хүмүүсийг болиулж чадахгүй, үгэнд нь орохгүй байхаар нь маргааныг нь болиулах зорилготой вискиний шил авч ширээн дээр цохиж хагалсан. Миний хувьд ахыг салгаад байж байсан учраас тэр өрөөнд хэн хэн хоорондоо хэрхэн маргалдаж байгаа үйлдлийг сайтар хараагүй. Нэг харахад ******* ах гэх дүүгээ дагуулан гарч байсан. Харин араас нь ах гарч байсан. Удалгүй нь буцаж орж ирэхдээ нүүр хэсэг нь ямар нэгэн зүйлээр зүсүүлж цус гоожсон байдалтай орж ирсэн...” гэх мэдүүлэг,
гэрч Ч.ын “...аймгийн уяачдын шинэ жилийн баярын арга хэмжээ Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Чойбалсан ресторанд 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 10 цагаас эхэлсэн. Ингээд орой 16 цаг өнгөрч байхад , , , , , , нарын хамтаар Дорнод гурил ХХК-ийн байрлал руу очсон. ...бид нарыг сууж байхад ******* гэх залуу ганцаараа ирсэн юм. Тэнд байсан хүмүүс бүгдээрээ сонирхол нэгтэй морь уядаг хүмүүс байсан учир яриа нийлж хэсэг суусан. Мөн тухайн өрөө нь хойноо болон баруун зүүн хэсэгтээ амралтын өрөө, усан бассейн, нойлын өрөө гэх зэрэг олон өрөөтэй байсан. Миний санаж байгаагаар ...очоод 4-5 цагийн дараагаар миний хувьд арын бассейны өрөөнд хүмүүстэй юм яриад байж байхад хамт ирсэн гэх залуу нүүр нь битүү цус болсон байдалтай ороод ирсэн. Тэр надад хэлэхдээ ******* гэх залуутай муудалцаад зодолдчихлоо гэж хэлсэн. Ингээд нүүрнээс нь битүү цус гоожиж байсан учир би түүнийг машинд нь суулгаж эмнэлэг хүү авч очсон. ... цусаа цэвэрлүүлэх үед нь харахад баруун хацар болон эрүүнийхээ зүүн доор ямар нэгэн зүйлээр зүсүүлсэн байдалтай байсан...” гэх мэдүүлэг,
гэрч А.ын “...Миний хувьд 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 20 цагийн орчимд ... ******* над руу залгаж архи уусан байна ирээд машин бариад өгөөч гэхээр нь би зөвшөөрч очихоор болсон. ...Намайг ороход тэр хэд нэг өрөөнд ширээ тойрон сууж архи уугаад хоорондоо юм яриад байж байсан. Миний хувьд тэр өрөөнд нь орж ******* ахыг хүлээгээд хэсэг суусан. ...Ингээд *******т хандаж "бүгдээрээ л , гээд гээ дэвэргэчих юм" гэж хэлсэн. Энэ үед ******* ах хариуд нь чи ингэж ярьж болохгүй гэж хэлэхэд нь түрүүлж ******* ах руу дайрч нь шүдээрээ *******ын баруун чихийг нь хазаж тэр 2 зууралцаж эхэлсэн. Би тэр хоёрын голоор орж салгах гэж байхад нь *******ын баруун гарын хуруунаас хазсан. ...Удалгүй нь дахин ******* руу дайрсан бөгөөд энэ үед ******* ах миний хажууд өрөөний баруун урд хэсэгт сандал дээр суугаад байж байсан. ******* руу дайрч нь түүнийг түлхэж болиулж байсан. Яг энэ үед нь ******* руу дайрч давшлаад зогсохгүй байсан учир маргааныг болиулах зорилготой ширээн дээр вискиний шил хагалж боль гэж хэлсэн. Гэсэн ч тэр хоёрын маргаан зогсохгүй харилцан хэл амаар маргалдаж байгаад ******* нар хоорондоо дахин зууралцаж эхэлсэн. Энэ үед би голоор нь орж салгасан бөгөөд зууралдаан дунд нь хэн хэн нь хэрхэн яаж бие биедээ халдаж байгааг нь тодорхой харж чадаагүй. Ямартай ч тэр хоёрыг салгах үед ахын нүүр нь зүсэгдэж цус гоожиж эхэлсэн. Ингээд би ******* ахыг тэр өрөөнөөс дагуулан гарсан бөгөөд араас нь дагаж гарч ирээд байшингийн гадаа зууралдаж дээр доороо орж эхэлсэн бөгөөд нь ******* ахын хоолойноос нь боогоод байхаар нь би тэр хоёрыг дахин салгаж ******* ахыг машинд нь суулгасан...” гэх мэдүүлэг,
гэрч “...Ингээд сууж байхад , нарын хувьд жоохон өөр сэдэвтэй, бусад хүмүүсийн уурыг хүргэх гэх юм уу нэг тиймэрхүү шинжтэй юм ярьж эхэлсэн. Энэ нь юу гэхээр нь мөнгөтэй хүн л морь уях ёстой мэтээр яриад байсан юм. Мөн бидэн дээр нэмэгдэж ******* гаднаас орж ирсэн. Хэсэг сууж юм ярьж байгаад бидэнд арын өрөөндөө байдаг сауны өрөөг үзүүлж, усанд орох нь орж амарцгааж эхэлсэн. Миний хувьд тухайн сауны өрөө рүү нь орж үзээд буцаж гарч ирээд байж байхад ******* миний хажууд ирж суусан бөгөөд энэ үед гэгч нь д хандаж ", гээд л гэдэг нь чи юм уу" гэх зэргээр ярьж байгаад нь *******ын баруун чих орчимд нь нэг удаа шүдээрээ хазсан. ******* нь өөрийгөө хамгаалж ыг түлхэх шиг болсон бөгөөд энэ үед *******ын баруун гарын дунд хуруунаас цус гарч байгаа харагдсан. Тухайн үед тэр шууд салаагүй бөгөөд дахин зууралцаж бие биеэ унагааж газарт унаж өнхөрч эхэлсэн. Миний хувьд тэр 2-г ямар нэгэн байдлаар цохиж зодсон зүйл байхгүй, салгах гээд байж байхад манай найз намайг тэдэнтэй зодолдож байна гэж ойлгоод тэвэрч арын өрөөнд оруулаад хөдөлгөхгүй байсан. Би ч т зодолдоогүй гэдгээ тайлбарлаж ойлголцоод хэсэг хүлээж байгаад буцаж сууж байсан өрөө рүү ороход ын нүүр нь нэлээн цус болсон байдалтай улаан эрээн харагдаж байсан. Тэрээр хэлэхдээ "*******ыг алаад хаячихлаа" гэх зүйл яриад байж байсан. Би тухайн байшингаас гараад харахад ******* нь машинтайгаа яваад өгсөн байсан. Үүнээс хойш ямар нэгэн маргаан болоогүй бөгөөд би найз ын хамтаар явсан...” гэх мэдүүлэг,
гэрч “...Ингээд хэсэг ярилцаад сууж байхад гаднаас ******* гэх ах ганцаараа орж ирсэн бөгөөд түүнийг дуудсан гэж байсан. ******* ах гаднаас орж ирээд ын хажууд буюу ширээний хоймор хэсэгт суусан. Энэ үед би ******* ахыг таньдаг учраас түүнтэй мэнд мэдэж түүнийг хүндэлж явдаг талаараа тэнд байсан хүмүүст ярьсан. Ер нь тэнд байсан хүн болгон л ******* ахад ам сайтай мэндэлж яриад байсан. Гэтэл нь “та нар бүгдээрээ л гээд байх юм, энэ писда чинь яадаг хүн юм бэ, өнөөдөр би шилдэг нь юм байгаа биз дээ” гэж хэлсэн. шинэ жилийн арга хэмжээн дээр шилдэг уяачаар тодорсон юм. ...Ингээд би тухайн ширээнээс босож арын өрөө рүү ороход сауны өрөө байгаа харагдсан учир энд ийм гоё өрөө байдаг юм уу гэхэд хүмүүс тэр өрөө рүү орж ирцгээсэн. Харин нь тухайн өрөөнд усанд орж болно гэж хэлэхэд , , бид хэд усанд орсон. Ингээд арын өрөөнд усанд ороод байж байхад сууж байсан өрөөнд түс тас хийх чимээ гарсан. Би шууд л сауны өрөөнөөс усанд орж байсан чигээрээ шалдан гарч очиход өрөөний баруун урд буланд ыг хорьсон байдалтай өрөөний зүүн хойд буланд ******* ахыг хүмүүс хорьсон байдалтай байж байсан. *******, нарын хувьд зайнаас хоорондоо хэрэлдсэн байдалтай байж байсан учир би тэднийг болиулах зорилготой ширээн дээр байсан вискиний шилийг ширээн дээр цохиж хагалаад та нар хоорондоо маргалдахаа боль гэж чанга дуугаар хэлээд сауны өрөө рүү буцаад орсон. Ингээд сауны өрөөнд буцаж ороод хэсэг суугаад өрөөнөөс гарахад нь үүднээс нүүр нь улаан эрээн цус болсон байдалтай орж ирэхээр нь юу болсон талаар асуухад "г чинь алчихсан шүү" гэж хэлээд орж ирсэн. Ингээд би байшингаас гүйгээд гарахад ******* ах явсан байсан. ...Би хагарсан шил хэн нэгэнд дамжуулсан үйл явдал огт болоогүй...” гэх мэдүүлэг,
гэрч Д.ын “...Ингээд манай амралтын өрөөнд , , , , , бат, , гэх хүмүүс ирсэн бөгөөд эдгээр хүмүүстэй хамт ирсэн зарим хүмүүсийг нь би танихгүй. Ингээд ширээ тойрон сууж хоол унд идэж, виски тойруулан ууж байсан юм. Бид нарыг сууж байхад ******* нь орой 18 цаг өнгөрч байхад ирсэн шиг санаж байна. Миний хувьд ******* руу утсаар ярьж дуудсан юм. Түүнийг ирэхэд хэсэг сууж байгаад амралтын өрөөний арын сауны өрөө рүү , , , бид хэд ороод хэсэг байж байхад амралтын том өрөөнд хүмүүс муудаж байгаа чимээ гараад байсан. Миний хувьд уснаас гарч сауны өрөөнөөс гарахад амралтын өрөөнд зодоон болсон шинжтэй байсан. Амралтын өрөөнд гарч ирээд байж байхад гаднаас нь зодолдсон гэмээр нүүр, гар нь цус болсон байдалтай орж ирсэн. Удалгүй цагдаа нар ирсэн бөгөөд нь манай ажлаас явсан. Тэрээр хаашаа явсан гэдгээ хэлээгүй ямартай ч ганцаараа л гараад явсан шиг санаж байна. Цагдаа нар ирсэн байсан учраас тэнд байсан хүмүүс тарсан. Манай байгууллагын хувьд бол өдрийн 17 цагт ажил тардаг бөгөөд манай байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдсан зүйл байхгүй. Хүмүүс маргалдах болсон үйл явдал нь оройн 20 цаг өнгөрч байхад болсон. Гэхдээ тухайн амралтын өрөө нь манай ажилчид байнгын орох зориулалттай өрөө биш, зочид хүлээн авдаг өрөө байгаа юм. Маргаантай холбоотой манай байгууллагын эд хогшил эвдэрсэн зүйл байхгүй. Амралтын өрөөнд цус гоожсон байсныг цэвэрлээд болсон...” гэх мэдүүлэг,
Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 05 тоот нэмэлт “....*******ын биед баруун сарвууны 5-р хурууны алга ясны уг хэсэгт хөндлөн зөрүүгүй сэлтэрсэн хугарал, баруун чамархай, зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, баруун чихний дэлбээнд язарч хууларсан шарх, баруун сарвууны 3-р хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Тогтоогдсон баруун чамархай, зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, баруун чихний дэлбээнд язарч хууларсан шарх, баруун сарвууны 3-р хуруунд зулгаралт гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Баруун сарвууны 5-р хурууны алга ясны уг хэсгийн хөндлөн зөрүүгүй сэлтэрсэн хугарал гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Хэзээ үүссэнийг нарийн тогтоох боломжгүй. Баруун сарвууны 5-р хурууны алга ясны уг хэсгийн хөндлөн зөрүүгүй сэлтэрсэн хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Хоёр нүдний доод зовхины цус хуралт, хамрын ясны хугарал, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Баруун сарвууны 3-р хурууны зулгаралт гэмтэлд хохирлын зэрэг тогтоогдохгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт,
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн ЕГ0525/420 тоот “...******* биед баруун хацар, хамрын баруун угалз, дээд уруул, оочны баруун талын шарх гэмтэл нь сорви тогтож эдгэсэн ба уг сорвины улмаас амны баруун булангийн татагдалт, гуравласан мэдрэлийн баруун талын, дээд эрүүний мэдрэлийн жижиг салааны гэмтэл дээд уруулын мэдрэхүйн бууралт бүхий өөрчлөлт тогтоогдлоо. Уг гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид уг гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтыг тогтоох хүснэгтийн 5.1.8.2-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 15%-иар тогтонги алдагдуулна. Цаашид нүүрний баруун талын сорви нь ердийн явцаар эдгэрэхгүй ба гоо сайхны мэс заслаар сорви нь бүдгэрэх боловч бүрэн арилахгүй болно...” гэх дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 54 тоот дүгнэлт, 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 59 тоот дүгнэлт, эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна. Хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон шүүгдэгч нарын харилцан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Шүүгдэгч, хохирогч *******, ******* нар нь хоорондоо эвлэрч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн байх ба тэдэнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд *******, ******* нар нь харилцан бие биедээ гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлж байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Шүүгдэгч ******* нь Эрүүл мэндийн даатгалын санд эмнэлгийн тусламж үйлчилгээний зардалд 106,190 төгрөг, шүүгдэгч ******* нь 233,366 төгрөгийг тус тус төлсөн байна.
Прокуророос шүүгдэгч нарт санал болгож, шүүгдэгч нарын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нар нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Иймд прокурорын саналын хүрээнд шүүгдэгч ******* овогт ******* *******, ******* овогт ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* *******, ******* овогт ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт ******* *******, ******* овогт ******* нарыг тус бүр 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА