| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 156/2018/00246/И |
| Дугаар | 156/ШШ2018/00214 |
| Огноо | 2018-03-27 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 156/ШШ2018/00214
| 2018 оны 03 сарын 27 өдөр | Дугаар 156/ШШ2018/00214 | Хэнтий аймаг |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2018/00246/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хэнтий аймаг, Биндэр сумын 2 дугаар багт оршин суух, иргэн Тайж овогт Гомбын Хишигбуян /РД:СЖ50112666/-гийн нэхэмжлэлтэй
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Самдангийн Лувсанцэдэнгийн нөхөн олговрын 1 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сайнболд оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Г.Хишигбуян нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Миний ах Самдангийн Лувсанцэдэн нь Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 17 дугаар хурлын тогтоолоор шүүх цаазын бичгийн 43,47 дугаар зүйлийн 10 жил хорих ялаар шийтгэгдсэн.
Уг хэргийг хянаад Дээд шүүхийн цэргийн коллегийн 1992 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 106 дугаар магадлалаар цагаатгаж Зууны мэдээ сонины 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 109 дугаарт нөхөн олговрын нэхэмжлэгчээр зарлагдагдсан. Миний бие 2016 оны 10 сарын 11-ний өдөр ах Самдангийн Лувсанцэдэнгийн нөхөн олговорын гэж 500 000 төгрөгийг нэхэмжилж шүүхэд нэхэмжлэл гаргахад шүүх хангаж шийдвэрлэсэн юм. Гэвч Монгол улсын дээд шүүхийн 199 оны 12 сарын 09-ний өдрийн 394 тоот тогтоолоор улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2-д зааснаар энэ хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д хорих ялаар шийтгүүлэгсдэд 1 сая төгрөг бусад хэлмэгдүүлэгчдэд 500 000 төгрөгийн нөхөн олговор олгоно гэснийг буруу олгож 500 000 төгрөг нэхэмжилсэн байна. Иймд 2016 оны 10 сарын 11-ний өдрийн 547 дугаартай шүүхийн шийдвэрээр олгогдсон 500 000 төгрөг дээр нэмж 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү /хх-ийн 1х/
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баярсайхан нь шүүхэд гаргасан тайлбартаа: Хэнтий аймгийн Биндэр сумын 2 дугаар багийн харьяат Гомбо овогтой Хишигбуянгийн нэхэмжлэлд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна.
Гомбын Хишигбуян нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4 дэх заалтаар хэлмэгдэгчийн ач дүү мөн тул нөхөн олговор авах эрхтэй юм.
Иймд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасныг үндэслэн нөхөн олговор болох 1 000 000 төгрөгийг Гомбын Хишигбуянд олгох шийдвэрийг гаргаж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Баян-Адарга сумын харъяат 1906 онд төрсөн, эрэгтэй, буриад Самдангийн Лувсанцэдэн нь улс төрийн хэлмэгдүүлэлтэнд өртөн “Ёнзонхамбын хувьсгалын эсэргүү хэрэгт оролцон, гишүүн элсүүлж, бослогод бэлтгэн, цуурхсан гэмт хэрэгт сэжиглэгдэн, 1938 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр баривчлагдаж, ДЯЯ-ны дэргэдэх Онц бүрэн эрхт комиссын 1938 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 17 дугаар хурлын тогтоолоор, шүүх цаазын бичгийн 43,47 дугаар зүйлээр 10 жилийн хорих ял шийтгүүлсэн байх ба БНМАУ-ын Дээд шүүхийн цэргийн коллегийн 1992 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 106 дугаартай магадлалаар улс төрийн хэрэгт хилсээр ял шийтгүүлж, хэлмэгдсэнийг нь тогтоон Самдангийн Лувсанцэдэнг цагаатгасан болох нь Тагнуулын ерөнхий газрын архивын тасгийн лавлагаа /хх –ийн 3х/, Бүгд найрамдах Монгол улсын Дээд Шүүхийн магадлалын хуулбар /хх – ийн 4, 5, 6х/, Монгол Улсын Дээд шүүхийн тогтоолын хуулбар №145 /хх – ийн 7х/, Хэнтий аймгийн Биндэр сумын 2-р багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 8х/, Хэнтий аймгийн сум дундын 1-р шүүхийн шийдвэрийн хуулбар /хх-ийн 10х/, Үндэсний төв архивын лавлагаа /хх –ийн 11, 12х/, Нэхэмжлэгч Г.Хишигбуянгийн иргэний үнэмлэхний хуулбар /хх –ийн 13х/, Нөхөн олговрын нэхэмжлэлээ бүрдүүлсэн иргэдийн жагсаалтын хуулбар / хх –ийн 15х/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Самдангийн Лувсанцэдэнгийн ач дүү нэхэмжлэгч Гомбын Хишигбуянд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т зааснаар 1 000 000 /нэг сая/ төгрөгийн нөхөх олговрыг олгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ Нь:
1.Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т зааснаар Хэнтий аймгийн Биндэр сумын Засаг даргын тамгын газрын Санхүү тасгаас 1 000 000 / нэг сая / төгрөгийг гаргуулж, улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Самдангийн Лувсанцэдэнгийн ач дүү Гомбын Хишигбуян /РД:СЖ50112666/-д олгосугай.
2. Нэхэмжлэгч Г.Хишигбуян нь урьд Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн №547 тоот шийдвэрээр улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Самдангийн Лувсанцэдэнгийн нөхөн олговорын дээрх 1,000,000 / нэг сая / төгрөгнөөс 500,000 төгрөгийг авсан болохыг дурдаж.
3.Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдав.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР