Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 156/ШШ2018/00172

 

 

 

 

 

      2018 оны 03 сарын 15 өдөр

     Дугаар 156/ШШ2018/00172

    Хэнтий аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                      156/2018/00057

 Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Цэрэндулам  би,

 Хариуцагч: “Эргэх наран бүрд” ХХК-д холбогдох, (РД: СЭ-57051001),

Нэхэмжлэгч: Хүнс, хөдөө аж ахуйн яамны харъяа, тариалан эрхлэлтийг дэмжих сангийн нэхэмжлэлтэй, улсын бүртгэлийн дугаар (9070001009) регистрийн дугаар (5013976),       

зээл, алдангийн 6 630 000 төгрөгийг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшин нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тариалан эрхлэлтийг дэмжих сан” нь худалдан авагч “Эргэх наран бүрд” ХХК-тай түлш зээлээр олгох тухай 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн ТШ-2015/31 зээлийн гэрээ байгуулсан юм.

Тус гэрээгээр 7000 литр түлшийг нэгжийн үнэ 1920 төгрөгөөр тооцон нийт 13 440 000 төгрөгийн үнэ бүхий түлшний урьдчилгаа 6 720 000 төгрөг төлж, үлдсэн төлбөр 6 720 000 төгрөгийг гэрээний 1 дүгээр 1.3-т зааснаар 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор төлөх нөхцөлтэйгээр гэрээ байгуулсан.

“Эргэх наран бүрд” ХХК нь 2016 онд 2 300 000 төгрөг төлсөн ба үлдэгдэл 4 420 000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. 

Иймд дээрх гэрээний үүргийн гүйцэтгэл биелэгдэхгүй байгаа тул 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар хугацаа хэтэрсэн 4 420 000 төгрөгийн төлбөр, гэрээний 02 дугаар зүйлийн 2.6-д зааснаар хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.3 хувийн алданги тооцоход гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар хэтэрч байгаа тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар алданги 2 210 000 төгрөг, нийт 6 630 000 төгрөгийг “Эргэх наран бүрд” ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшин нь шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн нэхэмжлэлтэй, “Эргэх наран бүрд” ХХК-д холбогдох шүүх хуралдааныг 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 1200 цагт зарлаж талуудад тов мэдэгдсэн байна.  Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлт нь нотлох баримтын шаардлага хангахгүй, цаг хугацааны хувьд дууссан, акт засварласан байгаа нь хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэхгүй байна.

Мөн хариуцагч өөрөө шүүх хуралд ирэх боломжтой байсан боловч хүрэлцэн ирэх эрх, үүргээ биелүүлэхгүй байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч “Эргэх наран бүрд” ХХК-ийн захирал С.Гансүх нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:... Миний бие 2015 онд Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас  хөнгөлөлттэй шатахуун, үр тариа олгох журмын дагуу хүсэлт гаргахад шатахуун авах эрх олгогдоод үр тариа олголт нь тариалалтын хугацаанаас хойш олгох болж тухайн жилд тариалалт хийх боломжгүй болсон. Тэр үед Дорнод аймагт газар тариалангийн үйл ажиллагаа  явуулдаг Г.Батжаргал, Т.Болор-Эрдэнэ нар: -Та тариалалт хийхгүй бол эрхээ өгөөч бид нар эргэн төлөлтөө 2016 онд хийнэ гэж гуйхаар нь өгсөн.

 Гэрээний дагуу урьдчилгаа болох 6 720 000 төгрөг болон 2016 оны 03 дугаар сарын 11-нд 2 000 000 төгрөг, 5 дугаар сарын 28-нд 300 000 төгрөгийг Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн 100900019032 дугаартай дансанд Т.Болор-Эрдэнэ нь өөрийн 99081511 дугаарын утаснаас тушаасан. Тухайн үед адилхан тариаланчид болохоор цаашид авсан шатахууныхаа зээлийг ургац хураалтаас хүнсний буудайгаар төлнө гэж итгээд дараа жил 2016 онд дахин шатахууны зээлд хамрагдан үйл ажиллагаа явуулсан боловч байгалийн гамшгаас шалтгаалан тариалалтын гарц муу болж ихэнх тариагаа хөлдөөж ургац авч чадаагүйн улмаас мөн зээлийн үлдэгдэл, алдангид орсон ба төлж амжаагүй болно. Миний бие хууль эрх зүйн мэдлэггүйн улмаас Г.Батжаргал, Т.Болор-Эрдэнэ нарт тусалж байна гэж бодсон. Мөн энэхүү нэхэмжлэлд дурьдагдсан зээлийн шатахуунаас нэг ч литр шатахуун хэрэглээгүй болно гэжээ. (хх-ийн 32 тал)

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхтуяа нь шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуйн яамны харъяа, тариалан эрхлэлтийг дэмжих сангийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшинтэй утсаар харилцан ярилцаж нэхэмжлэлийн шаардлага болох 4 420 000 төгрөгийг 2 хоногийн хугацааны дотор төлөхөөр харилцан тохиролцов. Нэхэмжлэгч тал алданги болох 2 210 000 төгрөгөөс татгалзсан болно. Маргаантай зүйлгүй тул энэ хэрэгт өмгөөлөгч авахгүй. Нэмж гаргах нотлох баримт байхгүй. Хариуцагч С.Гансүх нь зээлээр авсан шатахууныг иргэн Г.Батжаргал, Т.Болор-Эрдэнэ нарт өгөөд одоо болтол авч чадаагүй байна гэжээ. (хх-ийн 33 тал)

 

Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч  Хүнс, хөдөө аж ахуйн яамны харъяа, Тариалан эрхлэлтийг дэмжих сан нь хариуцагч “Эргэх наран бүрд” ХХК-иас зээл 4 420 000 төгрөг, алданги 2 210 000 төгрөг, нийт 6 630 000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч “Эргэх наран бүрд” ХХК-ийн захирал С.Гансүх нь байгалийн гамшигаас шалтгаалж зээлээ төлж амжаагүй, иргэн Г.Батжаргал, Т.Болор-Эрдэнэ нарт зээлсэн шатахуунаа өгөөд мөнгөө авч чадаагүй, хариуцагч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхтуяа нь үндсэн зээл 4 420 000 төгрөгийг төлж барагдуулна. Харин зээлийн алданги 2 210 000 төгрөгийг төлөхөөс татгалзаж байна гэж тус тус маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах нь үндэслэлтэй гэж үзлээ.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д:... зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлж авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуйн яамны харъяа, Тариалан эрхлэлтийг дэмжих сан нь Хэнтий аймгийн “Эргэх наран бүрд” ХХК-тай (захирал С.Гансүх) 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр дизелийн түлш олгох гэрээг бичгээр байгуулж талууд гарын үсгээ зурж, тамгаа дарж баталгаажуулан 7000 литр түлшийг (1 литр шатахууныг 1920 төгрөгөөр) тооцож зээлээр олгожээ. (хх-ийн 4-5 тал)

Зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

Зээлийн гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байх ба зохигчид зээлийн гэрээ байгуулсан тухайд болон гэрээний хүчин төгөлдөр байдлын тухайд маргаагүй байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар: талууд гэрээг бичгээр үйлдсэн байна. (хх-ийн 4-5 тал)

Мөн талуудын хооронд байгуулсан гэрээг судлахад гэрээний 01 дүгээр  зүлийн 1.3-т:... зээлдэгч нь үндсэн төлбөр 6 720 000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор төлөхөөр заасан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

1.    Талуудын хооронд байгуулсан түлш олгох зээлийн гэрээний хуулбар, (хх-ийн

4-5 тал)

2.    Тооцоо нийлсэн акт, (хх-ийн 10 тал)

3.    Харилцагчийн дэлгэрэнгүй тайлан, (хх-ийн 13-14 тал)

4.    Авлагын дэлгэрэнгүй бүртгэл, (хх-ийн 15 тал)

5.    Улсын бүртгэлийн 9070001009 дугаартай гэрчилгээний хуулбар, (хх-ийн 16 тал)

6.    Хариуцагч “Эргэх наран бүрд” ХХК-ийн захирал С.Гансүхийн шүүхэд гаргасан

тайлбар, (хх-ийн 32 тал)

7.    Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхтуяагийн шүүхэд гаргасан

тайлбар, (хх-ийн 33 тал)

8.    Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх

хуралдаанд гаргасан тайлбар, (хх-ийн 1 тал).... зэрэг болно.

 

Нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуйн яамны харъяа, Тариалан эрхлэлтийг дэмжих сан, хариуцагч “Эргэх наран бүрд” ХХК-ийн хооронд байгуулсан зээлээр түлш олгох зээлийн гэрээний 02 дугаар зүйлийн 2.6-д:... хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.3 хувийн алданги тооцохоор заасан тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар алданги 2 210 000 төгрөгийг хариуцагч компаниас гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгох үндэслэлтэй байна.

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч тал зээл, алдангийг шаардах, хариуцагч компани нь зээл, гэрээгээр тогтоосон алдангийг төлөх үүрэгтэй байна.

Хариуцагч тал Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасан:... хоног тутамд 0.3 хувийн алдангийн 2 210 000 төгрөгийг нэхэмжлэгч байгууллагад төлөхгүй гэж тайлбар өгсөн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар:.. нэхэмжлэлийн шаардлага түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, шүүхэд гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж хэргийг шийдэв.

Хариуцагч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхтуяад хурлын товыг мэдэгдэхэд эмнэлэгийн магадлалыг шүүхэд өгч шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан боловч эмнэлгийн магадлагаа нь хуурамч, нэг актанд дахин сунгалт хийсэн, нотлох баримтын шаардлага хангахгүй, хугацаа нь дууссан байна. (хх-ийн 56 тал)

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр  шүүх хуралдаанд ирээгүй байна гэж дүгнэв.

Мөн нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшин нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр  шүүх хуралдаанд ирээгүй тул түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ. (хх-ийн 57 тал)

Шүүх хүсэлтийг хүлээн авч зохигчдын шүүхэд гаргасан тайлбар, хүсэлт, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэн хэргийг шийдвэрлэв. 

Хариуцагч “Эргэх наран бүрд” ХХК нь түлш зээлээр олгосон гэх иргэн Г.Батжаргал, Т.Болор-Эрдэнэ нарын оршин суугаа газрын шүүхэд хандаж, жич нэхэмжлэл гаргах эрхтэй болно.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу нэхэмжлэгч байгууллагын шүүхэд гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч “Эргэх наран бүрд” ХХК-иас 121 030 төгрөгийг гаргуулж төсвийн орлогод оруулах нь зүйтэй байна.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд  заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан хариуцагч “Эргэх наран бүрд” ХХК-иас 6 630 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуйн яамны харъяа, тариалан эрхлэлтийг дэмжих санд олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3,  Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдаж, хариуцагч “Эргэх наран бүрд” ХХК-иас 121 030 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдаж.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг тайлбарлаад.

 

 

  

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Л.ЦЭРЭНДУЛАМ