Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2022/0547

 

2022 07 04 128/ШШ2022/0547

  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч C.Ганбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд цахимаар хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Е

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөөгч: Э.Д

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөөгчийн өмгөөлөгч: Д.Э

Хариуцагч: Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.У

 

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн А/327 дугаар захирамжаар нэхэмжлэгчид олгогдсон Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 13 дугаар хороо, Хайлааст хаягт байрлах 4130 м.кв талбай бүхий газрын ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, газар ашиглах эрхийн гэрчилгээг сунгасан захиргааны акт гаргахыг хариуцагчид даалгах шаардлага бүхий газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д өмгөөлөгч Д.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Онар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нь Нийслэлийн Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн А/327 дугаар захирамжаар нэхэмжлэгчид олгогдсон Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 13 дугаар хороо, Хайлааст хаягт байрлах 4130 м.кв талбай бүхий газрын ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, газар ашиглах эрхийн гэрчилгээг сунгасан захиргааны акт гаргахыг хариуцагчид даалгах шаардлагаар маргаж байна.

2. Маргаан бүхий үйл баримтын талаар дурдвал:

2.1. Маргаан бүхий газрыг анх Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2004 он 11 дүгээр сарын 01-ний өдрийн 150 дугаар тогтоол болон Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр нэхэмжлэгчид Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Хайлааст хаягт байрлах нэгж талбарын 59/0037 дугаартай 4339 м.кв талбай бүхий газрыг (Ашиглалтын эрх бүхий газар гэх) шашны үйл ажиллагаа эрх зориулалтаар ашиглуулахаар шийдвэрлэж, газар ашиглах эрхийн гэрчилгээг 2004 оны 12 дугаар сарын 27-ны өдөр олгосон.

2.2. Нийслэлийн Засаг даргын 2010 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай 101 дүгээр захирамжаар Е..... байгууллагад ашиглуулахаар олгосон Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 13 дугаар хороо, Хайлааст хаягт байрлах 4339 м.кв талбай бүхий газрын хэмжээг 4133 м.кв болгож өөрчлөн, улмаар Нийслэлийн Газрын алба 2010 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Гадаадын иргэн, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах гэрээ-г байгуулж, 0001042 дугаартай газар ашиглах эрхийн гэрчилгээг 2010 оны 02 дугаар сарын 24-ний өдөр олгосон.

2.3. Есүс христийн хожмын үеийн гэгээнтнүүдийн сүм шашны байгууллага гэрээний дагуу нэгж талбарын 59/0037 дугаартай газрын 2011-2016 оны газрын төлбөрт нийт 6,546,672 төгрөг төлсөн.

2.4. Нийслэлийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай А/327 дугаар захирамжаар Есүс христийн хожмын үеийн гэгээнтнүүдийн сүм шашны байгууллагын 1559/0037 (18) нэгж талбарын дугаар бүхий 4133 м.кв газар ашиглах эрхийг 5 жилийн хугацаагаар сунгажээ.

2.5.Улмаар 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 00....дугаар газар ашиглах эрхийн гэрчилгээ олгож, Нийслэлийн газар зохион байгуулалтын алба Есүс христийн хожмын үеийн гэгээнтнүүдийн сүм шашны байгууллагатай Гадаадын иргэн, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах гэрээ-г 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан.

2.6. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас Нийслэлийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн А/327 дугаар захирамжийг үндэслэн, Есүс христийн хожмын үеийн гэгээнтнүүдийн сүм шашны байгууллагын ашиглах эрх бүхий Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 13 дугаар хороо, Хайлааст хаягт байрлах 4133 м.кв талбай бүхий газрын хэмжээг 4130 м.кв болгож өөрчлөн, нэгж талбарын 15.... дугаар, Аж ахуй нэгж, байгууллагын газар ашиглах эрхийн 00 дугаар гэрчилгээг 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр олгож, мөн өдөр Гадаадын иргэн, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах 01125-2016/70721 дугаартай гэрээ байгуулсан.

2.7. Нэхэмжлэгч Есүс христийн хожмын үеийн гэгээнтнүүдийн сүм шашны байгууллага нь 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 24 дугаар албан бичгээр Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд газар ашиглах эрхийн хугацаа сунгуулахаар хүсэлт гаргасан.

2.8. Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Хариу хүргүүлэх тухай 03-06/5....дүгээр албан бичгээр Эрчим хүчний тухай хуулийн 33.1, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 97 дугаар тогтоолын дугаар хавсралтын 3, Хот байгуулалтын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх заалтыг тус тус зөрчиж инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурваст газар ашиглуулсан байх тул танай байгууллагын газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах боломжгүй байна гэсэн хариу өгчээ.

2.9.Нэхэмжлэгчээс 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 104 дүгээр албан бичгээр Нийслэлийн Засаг даргад хандаж маргаж буй асуудлаар гомдол гаргасан боловч хариу өгөөгүй.

2.10.Нэхэмжлэгчээс Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн А/327 дугаар захирамжаар нэхэмжлэгчид олгогдсон Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 13 дугаар хороо, Хайлааст хаягт байрлах 4130 м.кв талбай бүхий газрын ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн А/327 дугаар захирамжаар нэхэмжлэгчид олгогдсон Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 13 дугаар хороо, Хайлааст хаягт байрлах нэгж талбарын 15...... дугаартай 4130 м.кв талбай бүхий газрын ашиглах эрхийн гэрчилгээг сунгасан захиргааны акт гаргахыг хариуцагчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр,

Нийслэлийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн А/327 дугаар захирамжаар нэхэмжлэгчид олгогдсон Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 13 дугаар хороо, Хайлааст хаягт байрлах 4130 м.кв талбай бүхий газрын ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, газар ашиглах эрхийн гэрчилгээг сунгасан захиргааны акт гаргахыг хариуцагчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр тус тус гаргасныг тус шүүхээс нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар хугацаа тогтоож шийдвэрлэсэн.

2.11. Тус шүүх Е.... байгууллагын гаргасан Нийслэлийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн А/327 дугаар захирамжаар нэхэмжлэгчид олгогдсон Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 13 дугаар хороо, Хайлааст хаягт байрлах 4130 м.кв талбай бүхий газрын ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, газрын ашиглах эрхийн гэрчилгээг сунгах захиргааны акт гаргахыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

3.1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь ашиглалтын эрх бүхий газрыг газар ашиглуулах гэрээнд заасан нөхцөл болзлыг бүрэн биелүүлж, газрын төлбөр төлөх зэрэг үүргээ биелүүлж, зориулалтын дагуу 17 жил ашиглаж байсан. Ашиглалтын эрх бүхий газрыг хамгийн сүүлд хариуцагчийн 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн А/327 тоот шийдвэр, түүний үндсэн дээр олгогдсон 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 00..... дугаартай аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах эрхийн гэрчилгээ болон газар ашиглуулах гэрээний дагуу ашигладаг бөгөөд Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.8, 35 дугаар зүйлийн 35.1.5-д заасны дагуу Газар ашиглах эрхээ сунгуулах эрхтэй. Түүнчлэн Газар ашиглуулах гэрээний 3 дугаар зүйлийн 3.3 дах хэсэгт "Гэрээнд үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн бол эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлэн ашиглахаар эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах эрхтэй" гэж заасан.

Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасны дагуу Газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлтийг тухайн шатны Засаг даргад гаргадаг бөгөөд мөн зүйлийн 37.2 дахь хэсэгт заасны дагуу тухайн шатны Засаг дарга хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор шийдвэр гаргах зохицуулалттай. Тухайн шийдвэрийг үндэслэн харьяалах газрын алба нь холбогдох бусад ажиллагааг гүйцэтгэхээр зохицуулсан.

Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хариуцагч нь хянаж, түүнийг хангасан тохиолдолд эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргахаар зохицуулсан. Дээр дурдсанчлан нэхэмжлэгч нь Газрын тухай хууль болон газар ашиглуулах гэрээнд заасан бүхий л шаардлага, нөхцөлүүдийг хангаж ажилласан болно.

Хариуцагч болон түүний харьяа хэрэгжүүлэгч агентлаг болох Нийслэлийн газар зохион байгуулалтын алба нь Ашиглалтын эрх бүхий газрын эрхийг сунгахгүй байх тодорхой ямар үндэслэл байгаа, ямар арга хэмжээ авбал зохих талаар Нэхэмжлэгчид тодорхой хариу өгөлгүйгээр Газар ашиглах эрхээ сунгуулах хууль ёсны эрхийг нь хангахаас татгалзаж буй нь хууль бус юм.

Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3 дахь хэсэгт Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэхээр заасан бөгөөд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн дугаар 02/12 тогтоолоор баталсан Нийслэлийн 2021 оны газар зохион байгуулалтын чөлөөлөх газрын төлөвлөгөөнд Ашиглалтын эрх бүхий газар ороогүй.

Нэхэмжлэгч нь Ашиглалтын эрх бүхий газрыг хуулийн дагуу олон жил туршид ашигласаар ирсэн байхад газар ашиглах эрхийг бодит байдалд нийцэхгүй хууль бус үндэслэлээр сунгахгүй байгаа нь нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг, сонирхлыг зөрчиж, Ашиглалтын эрх бүхий газар дээр барьсан барилга, байгууламж, бүтээн байгуулалт болон эд хөрөнгийн хувьд их хэмжээний хохир учруулахаар байна. Мөн дээрх хууль бус актаас үүдэн нэхэмжлэгч нь цаашид үйл ажиллагаа үргэлжлэн явуулах, газрыг ашиглах боломжгүй нөхцөл байдал үүсэх юм.гэв.

Татгалзсан хариуг өгөхдөө тухайн эрх зүйн харилцааг зохицуулсан хууль биш харин Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, Засгийн газрын тухай хуулийн хавсралт, мөн Хот байгуулалтын тухай хуулийн 21 дүгээр зүйлийг үндэслэсэн байдаг. Уг эрх зүйн харилцааны тухайд жишээ нь Эрчим хүчний тухай хууль нь Эрчим хүчний нөөцийг ашиглах, түгээх, дамжуулах, эрчим хүчний хэрэглээг дүгнэх харилцааг зохицуулдаг. Тухайн эрх зүйн хэмжээг судалж үзэхэд маргаан бүхий харилцааг зохицуулах эрх зүйн хэм хэмжээний акт биш байдаг. Харин газар ашиглах эрхийг хүчингүй болгох, дуусгавар болгох харилцааг Газрын тухай хуулиар зохицуулдаг байхад хариуцагч байгууллагын татгалзалдаа Эрчим хүчний тухай хуулийн заалтыг үндэслэл болгож байгаа нь эрх зүйн зөрчилтэй гэж үзэж байна.

Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-д тухайн жилд эрчим хүчний зориулалтаар газар чөлөөлөх асуудлыг Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор шийдвэрлэдэг. Маргаан бүхий тохиолдолд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 02/12 дугаар тогтоолоор Нийслэл болон 2021 оны газар чөлөөлөлтийн төлөвлөгөөг баталсан. Батлагдсан төлөвлөгөөнд маргаан бүхий газар багтаагүй байдаг. Түүнчлэн нэхэмжлэгч байгууллага Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн төлбөрийн нэхэмжлэхийн дагуу 2021 оны эхний улирлын төлбөрийг төлсөн бөгөөд үүгээрээ манай газар ашиглах эрх өнөөдрийг хүртэл хүчинтэй байгаа гэж үзэж байна. Газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгахгүй байгаа эс үйлдэхүй нь бодит байдалд нийцэхгүй байгаа мөн буруу тэмдэглэсэн системд үндэслэн сүмийн эрх ашгийг зөрчиж байна. гэв.

3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Маргаан бүхий газар нь 2004 онд олгогдсон мөн Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээнээс мөн 2004 онд техникийн нөхцөл олгогдсон. 2004 оноос барилгын үйл ажиллагаа эхлээд 2007 онд барилгын ажил дууссан. 2007 онд Улсын Мэргэжлийн хяналтын газар, Цахилгаан түгээх сүлжээнээс холбогдох албад ажиллан Улсын комисс тухайн барилгыг хүлээж аваад 2007 онд бүрэн үйл ажиллагаа эхэлсэн гэсэн үг. Тухайн газарт сагсны талбай, цахилгааны дэд станц, тухайн барилгын гэрэлтүүлэг зэрэг их хэмжээний хөрөнгө оруулалт хийгдэж их хэмжээний хөрөнгийг газар ашиглагч нь зарцуулсан. 2007 оноос хойших хугацаа буюу өнгөрсөн 15 жилийн хугацаанд газар дээр ямар нэгэн цахилгааны шугам сүлжээ ороогүй байхад Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, Хот байгуулалтын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх заалтыг тус тус зөрчиж инженерийн шугам сүлжээний газар дээр газар олгосон байх тул танай байгууллагын газар ашиглах эрхийг сунгах боломжгүй байна гэдэг хариу ирсэн. Үндэслэл болгож газар ашиглах эрхийг сунгахаас татгалзсан хуулийн заалтуудаас харахад Эрчим хүчний тухай хуулийн 33.1 дэх заалтад шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно. Энэ талаар хариуцагчаас тодруулах гэхээр тодорхой хариу ирүүлдэггүй мөн хариу тайлбарт хавсаргаж ирүүлсэн зураг нь өндөр хүчдэлийн шон байгаа бөгөөд тухайн шон нь маргаан бүхий газрын хашаанаас 3-4 метрийн зайтай хашааны гадуур өнгөрсөн байгаа нь шүүхээс хийсэн үзлэгээр тодорхой болсон. Эдгээр нөхцөл байдлаас харахад татгалзсан үйлдэл нь хууль бус байна мөн асуулт хариултын шатанд нөхцөл байдал илүү тодорхой болно гэж үзэж байна. гэв.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Есүс христийн хожмын үеийн гэгээнтнүүдийн сүмээс гаргасан газар ашиглах эрхийн хугацаа сунгах тухай хүсэлтийг хүлээн авч Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Мэргэжлийн зөвлөл-ийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 7 дугаар хурлаар хэлэлцүүлж тус газар нь эрчим хүчний шугам сүлжээтэй давхцаж байх тул эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, Хот байгуулалтын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Мэргэжлийн зөвлөл газар ашиглалтын зориулалт, талбайн хэмжээ, байршил өөрчлөлт оруулах, эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, хугацаа сунгах, газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болгох шийдвэрийн хууль ёсны байх эрх зүй үндсийг хангах үүрэг бүхий зөвлөл бөгөөд газар ашиглах гэрчилгээний хугацаа сунгах хүсэлтэд "эс зөвшөөрч" шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1 дэх заалт, 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэг, 37.2 дэх хэсгийн баримталсан болно.

Иймд Нийслэлийн Засаг даргын зүгээс Есүс христийн хожмын үеийн гэгээнтнүүдийн сүмд эс үйлдэхгүй үзүүлээгүй, хуульд заасан эрх, үүргийнхээ дагуу татгалзаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан Е......байгууллагаас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн А/327 дугаар захирамжаар нэхэмжлэгчид олгогдсон Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 13 дугаар хороо, Хайлааст хаягт байрлах 4130 м.кв талбай бүхий газрын ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, газар ашиглах эрхийн гэрчилгээг сунгасан захиргааны акт гаргахыг хариуцагчид даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 70,200 төгрөгийг хариуцагч Нийслэлийн Засаг дарга /Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар/-аас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ГАНБАТ