Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 45

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Д.Сугар даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн  дарга Б.Цолмон,

Улсын яллагч Н.Эрдэмбилэг

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Зулаа

Шүүгдэгч Л.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Улаансахиус овгийн Лутсайханы Ганбатад холбогдох 201717000100 дугаартай хэргийг 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.

 

Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Наран сумын 1 дүгээр багийн харьяат, 1990 оны 05 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, ам бүл 8, эцэг эх, дүү, хүү нарын хамт Сүхбаатар аймгийн Наран сумын 1 дүгээр баг, “Гүн булаг” гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, ЛЕ90050711 регистрийн дугаартай, эрхэлсэн тодорхой ажилгүй,  Улаансахиус овогт Лутсайханы Ганбат

Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтээр /:

 

Шүүгдэгч Л.Ганбат нь 2016 оны 09 сарын 28-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын  1 дүгээр баг, Жавхлант жишиг хорооллын 14-01 тоотод оршин суух иргэн Д.Ганбаатарын гэрт нэвтрэн ДДэШ станц, 42 инчийн Монел маркийн зурагтыг хулгайлж бусдад 630.000 төгрөгний бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

     

           Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

 

- Шүүгдэгч Л.Ганбат шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2016 оны 09 сарын 28-ны өдөр би Улаанбаатар хотоос ирсэн. Тэгээд Ганбаатар гэдэг айл руу орж телевизор, ДДИШ-ний станц хоёрыг хулгайлсан. Би тэр дороо баригдаад цагдаагийн газар очсон. Авсан зүйлүүдээ тэр дор нь буцааж өгсөн. Одоо төлөх төлбөр байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

- Хохирогч Д.Ганбаатар мөрдөн байцаалтанд өгсөн: ...22 цагийн үед гэртээ орж ирэхэд  42 инчийн монел зурагт, ддэш станц алга болсон байсан. Тэгээд цагдаа руу залгаад алдагдсан зүйлээ хэлсэн. Баригдсан залуугаас асуусан чинь манай хашааны зүүн урд буланд байгаа гэж заасан. Тэгээд би эд зүйлээ авсан...гэх мэдүүлэг,  / хх-н 09 х /

 

-  Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг / хх-н 6-7 х /

 

- Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, гэрэл зураг, эд зүйлийн үнэлгээ  /хх-н 3-5 х /

 

- Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургууд  / хх-н 10-11 х /

 

- Эд зүйлийн үнэлгээ / хх-н 30 х /

 

- Сүхбаатар аймгийн Наран сумын 1 дүгээр багийн засаг даргын 2017 оны 06 сарын 05-ны 08/28 дугаартай тодорхойлолт

 

- Л.Ганбатын иргэний үнэмлэхийн лавлагаа  /хх-н 20 х  / 

 

- Л.Ганбатын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-н 28 х / зэрэг болно.

 

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар 

 

Шүүгдэгч Л.Ганбат нь 2016 оны 09 сарын 28-ны өдөр шунахайн сэдэлтээр шууд санаатайгаар Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын  1 дүгээр баг, Жавхлант жишиг хорооллын 14-01 тоотод оршин суух иргэн Д.Ганбаатарын гэрт нэвтрэн ДДэШ станц, 42 инчийн Монел маркийн зурагтыг хулгайлж бусдад 630.000 төгрөгний бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Л.Ганбатын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...би 2016 оны 09 сарын 28-ны өдөр би Улаанбаатар хотоос ирсэн. Тэгээд Ганбаатар гэдэг айл руу орж телевизор, ДДИШ-ний станц хоёрыг хулгайлсан. Би тэр дороо баригдаад цагдаагийн газар очсон. Авсан зүйлүүдээ тэр дор нь буцааж өгсөн. Одоо төлөх төлбөр байхгүй....гэх, хохирогч Д.Ганбаатарын “...22 цагийн үед гэртээ орж ирэхэд  42 инчийн монел зурагт, ддэш станц алга болсон байсан. Тэгээд цагдаа руу залгаад алдагдсан зүйлээ хэлсэн. Баригдсан залуугаас асуусан чинь манай хашааны зүүн урд буланд байгаа гэж заасан. Тэгээд би эд зүйлээ авсан...” гэх мэдүүлгүүд болон  эд зүйл хураан авсан тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ, эд зүйл хүлээлгэн өгсөн мэдүүлэг зэргээр хангалттай тогтоогдоно. 

 

       Шүүгдэгч Л.Ганбатад холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн тул шүүгдэгч Л.Ганбатыг орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов. 

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

 Шүүгдэгч Л.Ганбатын шүүх хуралдаанд болон мөрдөн байцаалтанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч, гэрч нарын мэдүүлэг / хх-н 8-9 х /, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол / хх-н 3-7/, эд зүйл хүлээн авсан тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ / хх-н 29 х / болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.   

 

Харин шүүгдэгч Л.Ганбатад ял шийтгэл оногдуулахдаа  2002 оны Эрүүгийн хуулийн  тохирох зүйл заалтыг хэрэглэх нь зүйтэй байна. Учир нь  2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан 2017 оны 07 сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн  Эрүүгийн хуульд хулгайн гэмт хэрэгт оногдуулах ял хүндэрсэн байх тул 2016 оны 06 сарын 13-ны өдрийн Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн  3 дугаар зүйлд шинээр мөрдөгдсөн хуулийг дагаж мөрдөхөөс өмнө үйлдэгдсэн гэмт хэрэгт шинэ болон урьд үйлчилж байсан хуулиудын аль хөнгөн ялтайг хэрэглэх зарчмийг зааж өгсөн байна. Иймд  шүүгдэгч Л.Ганбатад 2002 оны эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж шийдвэрлэлээ.

 

  Шүүхээс ял шийтгэл оногдуулахад шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн нь Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.9-д, бусдад учруулсан хохирол нөхөн төлөгдсөн нь мөн хуулийн 55.1.3-т заасан ял оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдлууд болох ба харин Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал  хэрэгт тогтоогдоогүй байна.

 

           Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, эд хөрөнгийн байдлыг  харгалзан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх  шаардлагагүй гэж шүүх дүгнэлээ.

            Л.Ганбат нь хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлж байгаа, гэмт хэргийн улмаас бусдад бага бус хэмжээний хохирол учирч нөхөн төлөгдсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж буй зэрэг шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнийг нийгмээс тусгаарлах шаардлагагүй тул оногдуулсан хорих ялыг тодорхой хугацаагаар тэнсэж хянан харгалзахаар шийдвэрлэв. 

 

            Л.Ганбат нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу түүний хулгайлсан эд зүйл буцаан олгогдсон, хохирогч Д.Ганбаатар нэхэмжлэх зүйлгүй гэжээ. 

 

Хохирогч Д.Ганбаатарт учирсан хохирол бүрэн арилсан, шүүгдэгчид эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж үзсэн тул Л.Ганбатын өмчлөлийн Нокиа-2131 маркийн гар утсыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017.06.02-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Улаансахиус овгийн Лутсайханы Ганбатыг  орон байранд нэвтэрч бусдад бага хэмжээний хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Л.Ганбатыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ялтан Л.Ганбатад оногдуулсан 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-т заасныг журамлан ялтан Л.Ганбатад оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

 

 5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол ялтан Л.Ганбатад авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар тэнсэгдсэн ялтан Л.Ганбатад хяналт тавихыг Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

 

7. Ялтан Л.Ганбат нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар болон иргэний бичиг баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, Д.Ганбаатар нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг тус тус дурдсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар ялтан Л.Ганбатын өмчлөлийн Нокиа-2131 маркийн гар утсыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017.06.02-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг  хүчингүй болгосугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.8 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болно.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Д.СУГАР