Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 25

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Рэнцэндоржийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Б.Дамба, М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж, 

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 153/ШШ2019/00128 дугаар шийдвэртэй, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны баруун Алтан өлгий 21-322 тоотод оршин суух, АР84080617 тоот регистрийн дугаартай, Тайж нар овогт Болдбаатарын Рэнцэндоржийн нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 4-р хороо хүнсчдийн гудамж НПГ байр “Алтайн зам”  ХК-д холбогдох  иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнгөнцацрал, нарийн бичгийн даргаар Ц.Энхтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Ажил гүйцэтгэсний хөлс 6,000,000 төгрөг гаргуулах тухай.

 Нэхэмжлэлий агуулга: “Миний бие 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр “Алтайн зам” ХК-ний гүйцэтгэх захирал Б.Энхбаттай барилгын зураг төсөв зохиох, боловсруулах тухай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж 250 хүний багтаамжтай сэндвичин кемп, гал тогоо, хоолны заал /оффисс агуулах орсон/ нам даралтын уурын зуух, цэвэршүүлэх байгууламж зэрэг багтсан цогц барилгын зураг төсөл зохиохоор харилцан тохиролцсон. Талуудын хооронд байгуулсан гэрээний 4.1-д гэрээний хугацааг талууд гэрээнд гарын үсэг зурснаас хойш 21 хоногийн хугацаатай байхаар тохиролцож, 4.3-д ажлын нийт хөлс 15,000,000 төгрөг, 4.5-д захиалагч гэрээ хүчин төгөлдөр болсон өдөр 7,000,000 төгрөг, зураг төслийн ажлын гүйцэтгэлээс шалтгаалан үлдэгдэл 8,000,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон.

Захиалагч нь гэрээ байгуулагдмагц 7,000,000 төгрөгийг төлсөн бөгөөд нэхэмжлэгч миний бие ажил гүйцэтгэх гэрээгээр тохирсон ажлыг гэрээнд заасан хугацаанд нь хийж гүйцэтгэж миний зурсан зургийн дагуу барилгын ажлыг эхлүүлэхээр болсон. Гэрээний үлдэгдэл 8,000,000 төгрөгөөс 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 1,500,000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 500,000 төгрөгийг төлсөн бөгөөд одоо 6,000,000 төгрөгийг төлөөгүй тул гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Харин манай нэг ажилтан хөдөө явсан тул түүнээс болж ажлын гүйцэтгэлийг 18 хоногоор хожимдуулсан учир ажил гүйцэтгэх гэрээнд заасны дагуу гэрээний нийт дүн 15,000,000 төгрөгөөс гэрээнд заасны дагуу өдрийн 0,03%-ийн алданги тооцож, одоо 5,550,000 төгрөг нэхэмжилж байна” гэжээ.

 

Хариуцагчийн хариу тайлбар: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дүгээр зүйлд зааснаар ажил гүйцэтгэх гэрээг ажил гүйцэтгэгч хүлээн авч хэлэлцэн тохиролцсон ажлыг хийж гүйцэтгэнэ гэжээ. Гэрээнд зааснаар нэхэмжлэгч ажлыг хийж гүйцэтгээд ажлын үр дүнг хүлээлгэн өгөх ёстой байсан. Хүлээлгэж өгсний дараа бид үр дүнд тохирох хөлсийг төлөх үүргийг хүлээсэн. Гэтэл нэхэмжлэгч тухайн гэрээний үр дүнг хүлээлгэн өгөөгүй учраас нэхэмжлэгчид хариуцагчаас хөлс мөнгө шаардах эрх байхгүй. Мөн Иргэний хуулийн 343.2 дугаар зүйлд ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэдгийг заасан байгаа. Бидний байгуулсан 042018 гэрээнд нэхэмжлэгчийг юу гүйцэтгэх ёстой талаар ямар ажлын үр дүн хүлээж авах талаар тодорхой тусгасан. Гэтэл нэхэмжлэгч ажлын үр дүнг хариуцагч талд хүлээлгэж өгөөгүй учраас ажлын хөлс өгөх боломжгүй юм. Иргэний хуулийн 343.5 дугаар зүйлд зааснаар ажил олгогч гэрээний тусгай зүйлийг онцгой зохицуулалтаар зохицуулж болохыг зааж өгсөн байдаг. Тухайн гэрээ нь Барилгын тухай хуулиар зохицуулагдаж байгаа гэрээ юм. Өөрөөр хэлбэл тухайн гэрээ нь барилгын зураг төсөл гаргах гэрээ байсан тул Барилгын тухай хуульд заасан нөхцөл шаардлагыг хангах ёстой. Барилгын тухай хуулийн 3.4 дүгээр зүйлд энэ талаар маш тодорхой зааж өгсөн. Нэхэмжлэгч 250 хүний суудалтай барилгын зураг төслийг зохиох гэрээ байгуулсан гээд тодорхой хэлж байна. Иймд барилгын зураг төслийг зохиохын тулд Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1.30-д “зураг төсөл гэдэг нь техникийн иж бүрэн бүрдэл байна” гээд заагаад өгчихсөн. Тус зургийг ямар этгээд зохиох ёстой вэ гэдгийг мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 1.31-д заасан байдаг. Үүнд зураг төсөл зохиогч гэдэг нь барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах эрх бүхий хуулийн этгээдийг хэлнэ гэж заасан. Иймд Барилгын тухай хуульд зааснаар зураг төсөл боловсруулагч нь иргэн байх боломжгүй юм. Мөн Аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлд зааснаар барилга байгуулалтын зураг төсөл боловсруулах ажлыг тусгай зөвшөөрлийн хүрээнд барилгын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй этгээд байх ёстой байтал нэхэмжлэгч нь барилгын зураг төсөл гаргах тусгай зөвшөөрөлгүй этгээд гэдэг нь тодорхой болсон байдаг. Иймд хариуцагч талаас төлбөр төлөх боломжгүй. Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Эрх зүйн чадамжгүй этгээд гэрээ байгуулсан. Хуульд заасан эрх бүхий этгээд байгуулаагүй. Гэрээний 4 дүгээр зүйлд төлбөр төлөх нөхцөл болон хугацааг маш тодорхой заасан. Үүнд урьдчилгаа төлбөр хийгдсэнээс хойш ажлын 21 хоногийн дотор зураг төслийг хүлээлгэж өгсний дараа захиалагч тал үр дүнг хүлээж аваад үр дүнг дүгнэснээр тухайн гүйцэтгэлд оногдох төлбөрийг төлөхөөр тохирсон. Тухайн төлбөрт оногдох тал хувийг өгсөн боловч талууд гэрээнд гарын үсгээ зурж тохирсон байдаг. Гэтэл нэхэмжлэгчтэй гэрээ байгуулснаас 2 хоногийн дараа буюу 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр урьдчилгаа төлбөр болох 7,000,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь нэхэмжлэгчийн хэрэгт авагдсан банкны мэдээллээр харагддаг. Гэтэл 4 дүгээр сарын 04-ний өдөр шилжүүлснээс хойш 21 хоногоо тоолохоор 4 дүгээр сарын 25-ны өдөр ажлын үр дүнгээ хүлээж авах ёстой байсан. Нэхэмжлэгч 2018 оны 07 дугаар сард ажлын гүйцэтгэлээ хүлээлгэж өгсөн гэж ажлын хөлсөө нэхэмжилдэг. Гэтэл энэ хооронд бидний зүгээс тусгай зөвшөөрөлтэй компани олоод зургаа гүйцэтгүүлсэн. Б.Рэнцэндорж барилгын зураг төсөл зохиох эрхгүй этгээд байсан. Мөн ажлын үр дүнг зохих ёсоор хүлээлгэж өгөөгүй. Тэрээр манай компаний нягтлан юм уу санхүүгийн ажилтанг таньдаг юм шиг байсан. Тэгээд 8 дугаар сард өөрийнхөө данс руу 2,000,000 төгрөгийг шилжүүлж авсан байдаг. Иймд ажлын үр дүнг дүгнэх боломжгүй байхад үлдэгдэл төлбөр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч ажлын гүйцэтгэлээ зохих хугацаанд нь өгөхгүй яасан юм бэ? Тэгвэл бидний зүгээс үр дүнгээ дүгнээд хөлс мөнгийг нь өгнө. Барилын зураг төсөл зохиодог хүн атлаа хуулийн хүрээнд тусгай зөвшөөрөл шаардагддаг гэдгийг мэдэж байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 153/ШШ2019/00128 дугаар шийдвэрээр: “1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1-д заасныг баримтлан хариуцагч “Алтайн зам” ХК-иас ажил гүйцэтгэсний хөлсний үлдэгдэл 5,550,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Рэнцэндоржид олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 111,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Алтайн зам” ХК-иас улсын тэмдэгтийн хураамж 103,750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Рэнцэндоржид олгосугай гэж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагын агуулгыг нэхэмжлэгч нь гэрээний үүргийг 18 хоног хэтрүүлж 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээлгэн өгсөн тул өдрийн 0.03 хувийн алдангийг хасаж байна гэж тодорхойлсон ба уг өөрчлөгдсөн нэхэмжлэлийн шаардлагад хариуцагчийн зүгээс тайлбар татгалзлалаа илэрхийлэх боломжийг шүүхээс олгоогүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хүрээнд нэхэмжлэлийн агуулга, шаардлага өөрчлөгдөж байгаа тохиолдолд хариуцагчид гардуулж энэ талаар тайлбар өгөх эрхийг хангасан бол тухайн 18 хоног хоцроосон гэх нэхэмжлэгчийн шаардлага нь үндэслэлгүй болохыг баримтаар бүрэн тогтоох боломжтой байсан. Мөн алдангийг хэрхэн тооцсон нь ч ойлгомжгүйгээр шийдвэрлэсэн.Нэхэмжлэгч нь маргаан бүхий гэрээний үүргийг гүйцэтгэсэн болохоо огт нотлоогүй ба хариуцагчийн зүгээс гэрээнд заасан нөхцөлийн дагуу гэрээний үр дүнг акт үйлдэн хүлээн аваагүй байгаа үйл баримтыг дүгнэсэнгүй. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар нэхэмжлэгч нь ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үүрэг хүлээж байна. Гэтэл нэхэмжлэгч нь ажлын үр дүн болох барилгын зураг төслийг захиалагч талд хүлээлгэн өгөөгүй учраас гэрээний төлбөрийг шаардах эрх үүсээгүй. Захиалагчийн хүссэн ажлыг нэхэмжлэгч тал анхнаасаа гүйцэтгэх боломжгүй буюу зураг төсөл зохиох боловсруулах эрхгүй этгээд байсан нь хожим илэрхий болсон. Гэтэл шүүхээс дээрх нөхцөл байдлыг талуудын тохиролцоо гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

            Мөн Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1-д зааснаар нэхэмжлэгч нь гэрээгээр тохирсон хугацаанд ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй нь гэрээгээр тохирсон ажлын гүйцэтгэл буюу  ажлын үр дүнг дүгнэж түүнд тохирсон хөлсийг төлөх боломжгүй нөхцөл бүрдүүлсэн байдлыг огт дүгнээгүй. Хавтаст хэрэгт нэхэмжлэгчийн гэрээний үр дүнг хариуцагчид хүлээлгэн өгсөн тухай нэг ч баримт байхгүй мөн гэрээний үр дүн болох барилгын зураг төсөл ч байхгүй байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлага хангасан байна.

Нэхэмжлэгч Б.Рэнцэндорж нь хариуцагч “Алтайн зам” ХК-д холбогдуулан ажил гүйцэтгэсний хөлс 6,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч Б.Рэнцэндорж нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 5,550,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

Хариуцагч Алтайн зам ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнгөнцацрал нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ “нэхэмжлэгч Б.Рэнцэндорж нь гэрээгээр гүйцэтгэх ажлын үр дүнг актаар хүлээлгэн өгөөгүй” гэж тайлбарлажээ.

Нэхэмжлэгчээс 2018 оны 4 дүгээр сарын 02-ны ажил гүйцэтгэх гэрээ, өөрийн эзэмшлийн Хаан банк дахь 5020980396 дугаартай депозит дансны 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн, 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн, 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн дэлгэрэнгүй хуулгыг тус тус шүүхэд гаргаж өгсөн байна.

Эдгээр баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан хуулийн шаардлагад нийцсэн, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар шүүх уг нотлох баримтуудыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх боломжтой байна.

 Талуудын хооронд байгуулсан 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ажил гүйцэтгэх гэрээний хугацаа нь гэрээ хүчин төгөлдөр болж урьдчилгаа төлбөр хийгдсэн өдрөөс хойш 21 хоног байна. Хэрвээ гэрээнд заасан хугацаанд зургийн ажлыг дуусгаагүй бол гэрээний нийт дүнгээс өдрийн 0,03%-ийн алданги тооцож суутгаж авна” гэжээ.

Нэхэмжлэгч Б.Рэнцэндоржийн эзэмшлийн Хаан банк дахь 5020980396 дугаартай депозит дансны 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн дэлгэрэнгүй хуулгаас харахад захиалагч нь уг өдөр урьдчилгаа 7,000,000 төгрөгийн төлбөр хийсэн байна.

Харин нэхэмжлэгч Б.Рэнцэндорж нь анхан шатны шүүх хуралдаанд “ажлын үр дүн буюу зураг төслийг 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Алтайн зам ХК-ийн 202 тоотод Баянмөнх гэдэг хүнд хүлээлгэн өгсөн гэж тайлбарлан, хугацаа хэтэрсэн алдангид 450,000 хасаж нэхэмжлэлийн шаардлагаа багасган 5,550,000 төгрөг нэхэмжилж байна” гэжээ.

Хавтаст хэрэгт ажлын үр дүн буюу зураг төслийг хүлээлгэн өгсөн, хүлээн авсан талаарх баримтыг зохигчид гаргаж өгөөгүй тул нэхэмжлэгч өөрөө хугацаа хэтрүүлсэн алданги тооцон нэхэмжлэлийн шаардлагаа 450,000 төгрөгөөр багасгаж 5,550,000 төгрөг нэхэмжилснийг шүүхээс буруутгах боломжгүй байна.

Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгах эрхтэй бөгөөд үүнийг хариуцагчийн давж заалдах гомдол дурдсанаар нэхэмжлэлийн агуулга, шаардлага өөрчлөгдөж байна гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх эрх зүйн харилцаанд оролцогч нэг тал болох нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэл шаардлагаа өөрөө тодорхойлох эрхтэй юм.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч тал нь алданги тооцсон сөрөг нэхэмжлэл гаргаагүй, алдангийн талаар маргаагүй байна.

Хариуцагч Алтайн зам ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “нэхэмжлэгч Б.Рэнцэндорж нь ажлын үр дүн буюу зураг төслийг актаар хүлээлгэн өгөөгүй” гэж маргаж байна. Гэтэл нэхэмжлэгч Б.Рэнцэндоржийн эзэмшлийн Хаан банк дахь 5020980396 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулгаас үзэхэд хариуцагч нь 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр “зургийн үнэ” гэж 1,500,000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдөр “зургийн үнэ” гэж 500,000 төгрөг тус тус шилжүүлсэн байна.

Иймд ажлын үр дүн буюу зураг төслийг 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Алтайн зам ХК-ийн 202 тоотод н.Баянмөнх гэдэг хүнд хүлээлгэн өгсөн гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэстэй байна.

Анхан шатны шүүх Иргэний хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлж дүгнэсэн, шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 103,750 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 153/ШШ2019/00128 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 103,750 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

     ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Н.ТУЯА

             ШҮҮГЧИД                                          Б.ДАМБА 

М.НЯМБАЯР