| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2018/00156/И |
| Дугаар | 142/ШШ2018/00931 |
| Огноо | 2018-10-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 142/ШШ2018/00931
| 2018 оны 10 сарын 02 өдөр | Дугаар 142/ШШ2018/00931 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: М.Б
Хариуцагч: Ц.А
Орон сууц худалдах худалдан авах гэрээний үүрэг 65 000 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, орон сууц худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Б , нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Г, О.Э, хариуцагч Ц.А , хариуцагчийн өмгөөлөгч О.С, гэрч Д.Б , Ө.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Са нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр иргэн Ц.А т үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээний дагуу Орхон аймаг, Баян-Өндөр сум, № баг, *** тоотод байрлах өөрийн өмчлөлийн 3 өрөө 38 м.кв талбай бүхий орон сууцыг 65 000 000 төгрөгөөр худалдсан ба тухайн үед мөнгийг н.Дунгармаа гэгч ломбард ажилуулдаг хүнээс авч өгнө гэж хэлсэн боловч одоог хүртэл төлөөгүй. Миний бие гэрээний дагуу үүргээ гүйцэтгэхийг шаардсан боловч эмнэлэгт хэвтэж байна, гадаад явна гэх мэтээр ярьсан. Сүүлдээ утсаа авахгүй болсон. Иймээс иргэн Ц.А ээс үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээний дагуу 65 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон хариуцагч Ц.А шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч М.Б хариуцагч Ц.А ээс Орхон аймаг, Баян-Өндөр сум, № баг *** тоот 3 өрөө 38 м2 талбай бүхий 3 өрөө орон сууцны үнэ 65 000 000 төгрөг гаргуулан авах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлгүй. Үүнд:
1. Хоёр талын худалдах-худалдан авах гэрээ Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасан журмын дагуу хийгдэж, мөн хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д заасанчлан хариуцагч Ц.А өмчлөх эрхээ Улсын бүртгэлд бүртгүүлж хууль ёсны өмчлөгч болсон.
2. Орон сууцны үнэ огт төлөгдөөгүй буюу нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ бичээд байгаа шиг өмчлөх эрх шилжсэний дараа орон сууцны үнэ төлөгдөхөөр тохиролцсон юм бол гэрээндээ энэ талаар тусгах учиртай байтал тийм нэмэлт заалт байхгүй байна.
З. Нэхэмжлэгч М.Б тухайн орон сууцанд хэзээ ч амьдарч байгаагүй байж ямар журмаар тухайн орон сууцны өмчлөх эрхийг олж аваад хариуцагч Ц.А т худалдсан болохоо нотлох учиртай гэж үзэж байна.
Иймд М.Б ийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн тайлбарыг шүүхэд ирүүлсэн боловч хариуцагч Ц.А шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Энэ байр чиний ч, миний ч өмчлөлийн байр биш. Надад байр авах ямар ч хэрэгцээ байхгүй байсан. Ө.Б ээс чи ч, би ч мөнгө авах авлагатай. Байрыг өөртөө шилжүүлчих гэсэн н.Дунгармаа мөнгө өгөх байснаа больсон түүний дагуу л шилжүүлж авсан байр. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: Маргааны зүйл болох орон сууцыг иргэн Д.О гэр бүлийнхээ гишүүдийн хамт 2006 оны 10 дугаар сарын 05-нд иргэн А.Л , Д.Ц нараас 16 000 000 төгрөгөөр худалдан авч өмчлөх эрхийн № дугаартай гэрчилгээ аван өнөөдрийг хүртэл уг орон сууцандаа амьдарцгааж байна. Өмчлөгч нар 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч болох Орхон аймаг, Баян-Өндөр сум, № баг *** тоот 38 м2 талбай бүхий 3 өрөө орон сууцаа иргэн Ө.Б ийн хүсэлтээр банкны барьцаанд тавиулах гэж орон сууцыг худалдах-худалдан авах гэрээгээр 8 хувийн зээлд хамруулж Ө.Б ийн нэр дээрээ 63 000 000 төгрөг авахаар түр хугацаагаар шилжүүлнэ гэсэн тохиролцооны дагуу зөвхөн Орхон аймаг дахь ХАС банкны барьцаанд тавиулахаар тохиролцсоноор 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Ө.Б ийг орон сууцныхаа хамтран өмчлөгчөөр хүргэнээ өмчтэй болгох зорилгоор нэмэв гэсэн утгатайгаар мөн ногдох үнэ нь 20 000 000 төгрөг гэж нэрийг нь хамтран өмчлөгчөөр оруулан өмчлөх эрхийн № дугаартай гэрчилгээг гаргуулсан байна. Эндээс харахад Ө.Б банкнаас зээл авах зорилгоор өөрийн нэрээ дээрх орон сууцанд оруулсан байдаг. Ө.Б орон сууцыг барьцаанд тавьж зээл авч чадаагүй бөгөөд нэг орон сууцанд олон хүний нэр байгаа учраас зээл бүтэхгүй байна гэснээр 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр тэд өмчлөх эрхээсээ татгалзсанаар Ө.Б өмчлөх эрхийн № дугаартай гэрчилгээ авч тухайн орон сууцны хууль ёсны өмчлөгч болсон. Энэ өдрөөс хойш Ө.Б банкнаас зээл авахын оронд цааш нь бусдад дамжуулан шилжүүлсээр эцэст нь орон сууцны үнэ гэж нэг ч төгрөг төлөөгүй хууль ёсны өмчлөгчдийн огт таньж мэдэхгүй М.Б гэгч орон сууцны үнэ гэж 65 000 000 төгрөг гаргуулан авахаар шүүхэд шаардлага гаргаж байгаа явдал нь шудрага ёсонд нийцэхгүй болохыг нэхэмжлэгч өөрөө маш сайн мэдэж байгаа бөгөөд хууль бусаар орон сууцны өмчлөгч болсныхоо шан харамжид Ө.Б ээс 30 000 000 төгрөг нэхээд сууж байна. Дараах үндэслэлүүдээр хоёр талын орон сууц худалдах-худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус болох нь нотлогдох юм. Үүнд:
1. Ө.Б 2016 оны 08 дугаар сарын 04-нд банкнаас зээл авах зорилгоор дээр дурдсан хаягт байрлах 90 000 000 төгрөгийн үнэ бүхий 3 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр О У нэмж бүргүүлээд № дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан Ө.Б , О.У нар өмчлөгч болсон.
2. 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрөө тухайн орон сууцны хамтран өмчлөгчөөсөө Ө.Б татгалзаж, О.У ганцаараа өмчлөгч болж өмчлөх эрхийн № дугаартай гэрчилгээ авчээ. Эндээс харахад нэг өдрийн дотор нэг үл хөдлөх хөрөнгө шилжүүлэхтэй холбоотой хоёр өөр бүртгэл хийгдэнэ гэж байх уу. Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15-р зүйлийн 15.1-д: ...мэдүүлгийг хүлээн авч 14 хоногийн дотор үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ" гэжээ.
3. 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр О.У дээрх орон сууцыг авахад 40 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн тул гээд М.Б ийг хамтран өмчлөгчөөр нэмж оруулаад өмчлөх эрхийн - дугаартай гэрчилгээ авсан явдал нь Ө.Б ээс маргаан бүхий *** тоот 3 өрөө орон сууцыг 70 000 000 төгрөгөөр худалдан авсан мэтээр харагдаж байна. Гэтэл 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Ө.Б Банкнаас зээл авах зорилгоор Уранчимэгийг уг байрны хамтран өмчлөгч болгосон болохоо мартсан бололтой. Хүний орон байрыг хууль бусаар бусдад шилжүүлэхдээ юу гэж бичсэн болохоо ч мартддаг бололтой.
4. 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр буюу 10 хоногийн дараа О.У өөрийн өмчлөх эрхээсээ татгалзаж хамтран өмчлөгчөөс хасуулж дан ганц М.Б өмчлөгч болж № дугаартай гэрчилгээ авчээ.
5. 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр орон сууц худалдах-худалдан авах гэрээгээр 65 000 000 төгрөгөөр худалдагдсан байх ба 2 талын гэрээний 3.1-д: Шилжүүлж байгаа үл хөдлөх эд хөрөнгө нь худалдагчийн өмч болох нь нотлогдсон ба эрхийн зөрчилгүй, биет байдлын доголдолгүй, гэрээнд заасан зориулалтаар ашиглах бүрэн боломжтой бөгөөд гэрээ байгуулах үед бусдад худалдагдаагүй, битүүмжлэгдээгүй, хөлслөгдөөгүй, түрээслэгдээгүй, өмчлөлийн ямар нэгэн маргаангүй байна гэсэн байна. 2006 оноос хойш өнөөдрийг хүртэл Д.Оюунгэрэл гэр бүлийн гишүүдийнхээ хамт тухайн сууцандаа амьдарсаар байхад гэрээний дээрх заалтыг биелэгдсэн гэж үзэх үндэслэл байхгүй. Үнийг нь төлөөд орон байр авч байгаа хүн тухайн байраа шалгаж үзэхийн зэрэгцээ өмчлөх эрхийн гэрчилгээгээ өөрийн гар дээрээ байлгаж байх учиртай биз дээ. Хэдийгээр О.Уранчимэгээс нэхэмжлэгч Б т орон сууц шилжиж Б өмчлөх эрхийн гэрчилгээ авсан байсан ч гэсэн өмчлөх эрхийн гэрчилгээ хариуцагч Ц.А т байсан учир нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд орон сууц худалдах-худалдан авах гэрээ хийгдсэн болохоос М.Б тухайн орон сууцыг худалдах тухай ямар нэгэн зар өгөөгүй бөгөөд хариуцагч Ц.А Ө.Б ээс авах учиртай 30 000 000 төгрөгийнхөө барьцаанд өмчлөх эрхийн гэрчилгээ нь байсан учраас Ө.Б ийн хүсэлтээр энэ худалдах-худалдан авах гэрээ хийгдсэн. Энэ гэрээний хүчин төгөлдөр бус болох нь А/ Иргэний хуулийн 128-р зүйлийн 128.2-т заасанчлан хариуцагч Ө.Б орон байрыг цааш нь бусдад шилжүүлэхдээ гэр бүлийн гишүүд болох хүмүүсийн бичгээр гаргасан зөвшөөрлийг авах учиртай байсан бөгөөд Ө.Б ийн О.Ууганчимэгийг хамтран өмчлөгч босгосон явдал нь Иргэний хуулийн 128-р зүйлийн 128.3-т: Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 128.2-т заасны дагуу зөвшөөрөл аваагүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэжээ. Б/ *** тоот 3 өрөө сууцны өмчлөгчид 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр орон сууцны өмчлөгчөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэлийн ШАЛТГААНЫГ ТОДОРХОЙ БИЧИХ хэсэгт Д.Оюунгэрэлийн гэр бүлийн гишүүдийн өмчлөх эрх хэдийнээс дуусгавар болох талаар байхгүй байгаагаас харахад тэд нарын өмчлөх эрх хэвээр байна гэсэн үг юм. Иймд: Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.3-т заасан өөр хэлцэлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл-д тооцох, мөн хуулийн 57-р зүйлийн 57.2-т: Шүүхээс хүчин төгөлдөр бус гэж тооцсон хэлцэл нь хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байна гэж заасанчлан 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн *** тоот 3 өрөө орон сууцыг худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү гэжээ. Хариуцагч Ц.А шүүх хуралдаанд тайлбарлахдаа сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаяр сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбарт: Сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Учир нь 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Орон сууц худалдах худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйл болон 57 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарахгүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. Нэхэмжлэгч М.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Зохигчдын тайлбар мэдүүлэг болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Б нь хариуцагч Ц.А т холбогдуулан орон сууц худалдах-худалдан авах гэрээний үүрэг 65 000 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч Ц.А нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байх ба нэхэмжлэгч М.Б т холбогдуулан 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын № багийн *** тоот 3 өрөө орон сууцыг худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч М.Б үндсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч мэтгэлцэж байх тул шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэг: үндсэн нэхэмжлэлийн талаар.
2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр М.Б , Ц.А нарын хооронд Орхон аймгийн Баян-Өндөр сумын 2-р баг № 2 хороолол 5 дугаар байр 14 тоотод байрлах 3 өрөө орон сууцыг 65 000 000 төгрөгөөр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн гэрээний хувиар нотлогдож байна./хх-4/
Дээрхи гэрээний дагуу өмчлөх эрх Ц.А т шилжсэн болох нь Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлэг, Y-2101008354 дугаар улсын бүртгэлийн гэрчилгээ хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар батлагдана. /хх-28/
Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах- худалдан авах гэрээний харилцаа үүссэн ба гэрээний дагуу худалдагч нь худалдан авагчаас эд хөрөнгийн үнийг шаардах эрхтэй.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
Гэвч нэхэмжлэгч М.Б ийн худалдаж буй үл хөдлөх хөрөнгө нь эрхийн зөрчилтэй болох нь гэрч Д.Оюунгэрэлийн ...уг байрандаа 2006 оноос хойш одоог хүртэл амьдарч байгаа, Ө.Б банкны барьцаанд тавиад зээл авъя гэхээр нь өмчлөгч болгосон гэсэн мэдүүлэг, гэрч Ө.Б ийн ...тэр байр угаасаа Оюунгэрэлийн байр, тэр байр хаана, хэдэн давхарт байдгийг М.Б мэдэхгүй, Б зээл чөлөөлөөд түүний оронд шилжүүлсэн байсан. М.Б бидний хоорондын тооцоо 33 700 000 төгрөг үлдсэн байгаа, Ц.А т шилжүүлдэг нь мөнгө авах зорилготой байсан, Оюунгэрэл надад холбогдуулан байр шилжүүлсэн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна гэсэн мэдүүлэг, гэрч Д.Б ын ...М.Б гэдэг хүнд мөнгө гаргаж өгөх зорилгоор худалдах-худалдан авах гэрээг хийсэн гэсэн мэдүүлэг, улсын бүргэлтийн газраас ирүүлсэн маргаан бүхий орон сууцны дэлгэрэнгүй лавлагаа зэргээр нотлогдож байна.
Хэдийгээр орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан болон улсын бүртгэлд бүртгүүлж өмчлөгч өөрчлөгдсөн зэрэг нөхцөл байдал нь хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангаж байгаа боловч агуулга, хүсэл зоригийн хувьд хуульд нийцээгүй байх тул үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Сөрөг нэхэмжлэлийн талаар:
2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр М.Б , Ц.А нарын хооронд байгуулагдсан Орхон аймгийн Баян-Өндөр сумын 2-р баг № 2 хороолол 5 дугаар байр 14 тоотод байрлах 3 өрөө орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Маргаан бүхий орон сууцны өмчлөгч болсон Ө.Б нь анх уг байрыг банкны барьцаанд бариулж зээл авах зорилгоор хамтран өмчлөгчөөр Д.Оюунгэрэл нарын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр нэмэгдэж орсон бөгөөд нэг орон сууцанд олон хүний нэр байгаа /олон өмчлөгчтэй/ учраас банкны зээл бүтэхгүй байна гэснээр 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Д.Оюунгэрэл нарыг хамтран өмчлөгч хасагдах хэлцлээр хасч, өөрийн өмчлөлд үлдээсэн байна. Уг хэлцлийг хийхэд харилцан тохиролцсон гэрээ байгуулсан болох нь хэрэгт эх хувиар ирүүлсэн харилцан тохиролцсон гэрээ-гээр нотлогдож байна. /хх 56-60, 84/
Ийнхүү хууль ёсны өмчлөгч болсон Ө.Б банкнаас зээл авалгүй орон сууцыг бусдад дамжуулан шилжүүлсээр нэхэмжлэгч М.Б т шилжиж ирсэн бөгөөд энэ үед 74 000 000 төгрөгийн төлбөр тооцоо Ө.Б , М.Б , н.Саранцэцэг нарын хооронд үүссэн байна. Хожим эвлэрүүлэн зуучлалын дэмжлэгтэйгээр талууд эвлэрлийн гэрээ байгуулсан бөгөөд М.Б т төлөх төлбөрийн үлдэгдэл 33 700 000 төгрөг болсон байна.
Ө.Б нь Ц.А ээс 30 000 000 төгрөг авахдаа уг мөнгийг М.Б т өгнө, мөнгөний барьцаанд орон сууцны өмчлөл таньд шилжих учраас санаа зоволтгүй гэрээ байгуулчих гэсэн тул худалдах худалдан авах гэрээ байгуулсан гэж хариуцагч тайлбарладаг.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул зохигчдын хооронд байгуулагдсан 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын 2-р баг № 2 хороолол 5 дугаар байр 14 тоот, 3 өрөө орон сууцыг худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Зохигчдын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн тус бүр 482 950 төгрөгийг /965 900/ төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч М.Б ээс 482 950 төгрөг гаргуулан хариуцагч Ц.А т олгохоор заалаа.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.А ээс 65 000 000 /жаран таван сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч М.Б ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасныг баримтлан 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн М.Б , Ц.А нарын хооронд байгуулагдсан Орхон аймгийн Баян-Өндөр сумын 2-р баг № 2 хороолол 5 дугаар байр 14 тоот 3 өрөө сууцыг худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 482 950 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 482 950 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч М.Б ээс 482 950 төгрөг гаргуулан хариуцагч Ц.А т олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ