| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 307/2025/0159/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/194 |
| Огноо | 2025-04-15 |
| Зүйл хэсэг | 11.7.1.1., |
| Улсын яллагч | Ч.Мядагбадам |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 2025/ШЦТ/194
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 307/2025/0159/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Тэмүүлэн,
Улсын яллагч Ч.Мядагбадам,
Хохирогч*******,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар*******д холбогдох эрүүгийн 2518000000116 дугаартай хэргийг 2025 оны 03 сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,******* /РД:******* /, 1990 оны 11 сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, зүтгүүрийн инженер мэргэжилтэй, Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Дархан татах хэсэгт техникч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, 03 дугаар баг,*******,******* тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ******* нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч*******тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж Дархан-Уул аймаг, Дархан сум, 03 дугаар баг,*******,******* тоот гэртээ 2024 оны 07 сарын 02-ны шөнө 02:00 цагийн орчимд согтуурсан үедээ толгойн тус газар нь цохиж, хацрыг нь алгадаж, гуя тус газар нь өшиглөж зодож, 2024 оны 08 сарын 20-ны 06:00 цагийн орчим согтуурсан үедээ толгойн тус газар нь цохиж, үстэж зодож, 2025 оны 01 сарын 27-ны 18:00 цагийн орчимд өмсөж байсан куртикний захаар нь боож унаган бие махбодод нь халдаж зодож гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч*******йн: Яллах дүгнэлтэд дурдсан 3 үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Сүүлийн маргаанаас хойш ахиж маргалдаагүй. Гэр бүлдээ, үр хүүхдэдээ, гэр бүлийн хүндээ баярлалаа. Хагарсан дугуйгаа нөхөөд авч явдаг жолооч шиг намайг нөхөөд авч явж байгаад маш их баярлалаа гэх мэдүүлэг,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4/,
Хохирогч*******ийн: ...Манай нөхөр намайг 2024 оны 07 сард зодоод 07 хоног, 2024 оны 08 сард зодоод 10 хоног баривчлагдаж байсан. Түүнээс хойш надад гар хүрэлгүй байж байгаад өнөөдөр буюу 2025 оны 01 сарын 27-ны 18:00 цагийн үед би ажлаа тараад гэртээ ирэхэд манай нөхөр, том хүү хоёр гэртээ байж байсан. Би нөхрөөсөө “хүүгээ яагаад хичээлд нь явуулаагүй юм бэ?” гэж асуухад “хүүгийн ангийн багш нь хичээл орохгүй гэсэн, өөр багш ороод ямар юмаа заадаг юм бэ?” гэж хэлээд намайг “гичий, нохой, гөлөг, банзал минь зайл” гэж орилж чарлаад байсан. Тэгэхээр нь урдаас нь дуугарахгүй сууж байтал манай нөхөр гарч яваад удалгүй орж ирээд над руу хуванцар сандал өшиглөөд байхаар нь би хувцсаа өмсөөд гэрээс гараад таксинд суух гэж байтал манай нөхөр араас гүйж ирээд куртикнээс татаж унагаад захаар нь хоолой боож байгаад больсон. Тэгээд би босож ирээд “цагдаад мэдэгдэнэ” гэж хэлэхэд намайг орхиод гэр лүүгээ явсан. ...Бид хоёр одоо эвлэрсэн, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 8-9, 13/,
Насанд хүрээгүй гэрч*******ын: 2025 оны 01 сарын 27-нд манай ээж миний хуулан бичлэгийг хийлгэж байхад аав уурлаад ээж рүү бор сандал өшиглөөд аав, ээж хоорондоо хэрэлдээд ээж түрүүлж гараад араас нь аав гарсан. Тэгээд байж байтал аав эхэлж гэрт орж ирээд ээж дараа нь орж ирсэн, удалгүй цагдаа ирсэн. Аав, ээж хоёр урьд өмнө хоорондоо маргалдаж байсан, аав ээжийг уургын хуувиар цохисон, бас үстсэн, цохисон гэх мэдүүлэг /хх-ийн 18/,
Гэрчгийн: ...түрүү жилийн 08 сард шиг санагдаж байна,******* шөнө над руу залгаад “******* архи ууж ирчхээд агсам тавиад намайг цохиод байна” гэж хэлж байсан. Тэгээд хэд хоногийн дараа*******тэй утсаар ярихад “ ******* намайг зодсоноос болоод 07 хоног баривчилгаанд явсан” гэж ярьж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 20/,
“Хохирогч*******ийн гэр бүлийн хүчирхийллийн аюулын зэргийн үнэлгээ дунд түвшинтэй” гэх тэмдэглэл /хх-ийн 24/,
“... *******д Хүүхэд хамгааллын тухай хууль болон Гэр бүлийн тухай хуулийн талаар мэдлэг мэдээлэл өгч, хууль эрх зүйн зөвлөгөө өгч, нийгмийн ажилтан архины хамааралтай иргэдийн судалгаандаа авч эргэн хяналтдаа бүртгэж авлаа...” гэх Дархан-Ууд аймгийн Дархан сумын 03 дугаар багийн хамтарсан багаас хийсэн шүүгдэгч *******, хохирогч******* нарын гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ, хурлын тэмдэглэл /хх-ийн 27-35/,
Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 01 сарын 31-ний дугаартай:*******ийн биед гэмтэл тогтоогдсонгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 38/,
Шүүгдэгч*******йн 2024 оны 08 сарын 20-ны өглөө 06:00 цагийн үед хохирогч*******, төрсөн ах Б.Оюунбаатар нарыг зодож хүүхдийн дэргэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 4.5 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар 10 цагийн албадан сургалтад хамруулж 10 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсан Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 сарын 28-ны 2024/ЗШ/ дугаартай шийтгэврийн хуулбар /хх-ийн 58-61/,
Шүүгдэгч*******йн 2024 оны 07 сарын 02-ны шөнө 02:00 цагийн үед хохирогч*******ийн бие эрх чөлөөнд халдсан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар 10 цагийн албадан сургалтад хамруулж, 07 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсан Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 сарын 17-ны 2024/ЗШ/ дугаартай шийтгэврийн хуулбар /хх-ийн 62-64/ болон шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч ******* нь хамтран амьдрагч*******ийг 2024 оны 07 сарын 02-нд, 2024 оны 08 сарын 20-нд, 2025 оны 01 сарын 27-нд тус тус зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна гэв.
Шүүгдэгч нь өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон ба гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ Дархан-Уул аймаг, Дархан сум, 03 дугаар баг,*******,******* тоот гэртээ хамтран амьдрагч*******ийг 2024 оны 07 сарын 02-нд “чамаас болж цагдаа нарт баригдах шахлаа” гэж дайран толгой хэсэгт гараараа 3 удаа цохиж, баруун, зүүн шанаа хэсэгт нэг нэг удаа алгадаж зодсон, 2024 оны 08 сарын 20-нд дух руу нь нэг удаа цохиж үстэж зодсон, 2025 оны 01 сарын 27-нд хуванцар сандал түүн рүү өшиглөж, куртикнийх нь захаар хоолойг нь боож зодсон гэх үйл баримт тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д "гэр бүлийн хүчирхийлэл" гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж тодорхойлжээ.
Шүүгдэгч *******, хохирогч******* нар нь гэрлэлтээ батлуулаагүй боловч 2016 оноос хамтран амьдарч байгаа болох нь шүүгдэгч, хохирогч, гэрчийн мэдүүлгээр нотлогдож байх тул тэднийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан “байнга” гэдэг ойлголт нь тоон утгаараа 3 ба түүнээс дээш удаагийн үйлдэл байна.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт болох шүүгдэгч*******йн хамтран амьдрагч*******ийг 3 удаа зодсон үйлдэл нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчийг 3 удаа буюу байнга зодсон зэргээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч*******йг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч*******ийн эрүүл мэндэд хохирол учраагүй бөгөөд хохирогч нь сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар
Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.
Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, хэрэг хариуцах чадвартай, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хувийн байдал нь түүний хувийн байдлыг тогтоосон нотлох баримтаар нотлогдож байх бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгчид 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргасан ба шүүгдэгч нь улсын яллагчийн саналтай холбогдуулан тусгайлан санал гаргаагүй болно.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь шүүгдэгчийн гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдвал зохино.
Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч*******йг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүрэг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.
6. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР