| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 307/2025/0064/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/199 |
| Огноо | 2025-04-17 |
| Зүйл хэсэг | 15.1.3., |
| Улсын яллагч | Б.Энхтулга |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 2025/ШЦТ/199
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 307/2025/0064/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Энхбат,
Улсын яллагч Б.Энхтулга,
Шинжээч Ч.Эрдэмболор,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч*******,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Э.Чулуунцэцэг,
Иргэний хариуцагч*******,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баатарсайхан, Э.Ганбат,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар*******д холбогдох эрүүгийн 2203002080453 дугаартай хэргийг 2025 оны 01 сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,******* /РД:******* /, 1993 оны 09 сарын 12-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн,******* настай, эмэгтэй, дээд боловсролтой, мэдээгүйжүүлэгч эмч мэргэжилтэй,******* Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасагт мэдээгүйжүүлэгч их эмч ажилтай, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, 12 дугаар баг,*******,******* тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******г******* Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний тасгийн их эмчээр ажиллаж байхдаа 2022 оны 04 сарын 07-ны өдөр******* Мэс заслын тасагт цөсний чулуу авхуулах дурангийн хагалгаа хийлгэсэн*******т нойрсуулга хийж, цагаан мөгөөрсөн хоолойд интубацийн гуурс тавихдаа эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс цагаан мөгөөрсөн хоолойд цоорол гэмтлийг үүсгэж, уг гэмтлийн хүндрэлийн улмаас******* нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад 2022 оны 04 сарын 16-ны өдөр Улсын нэгдүгээр төв эмнэлэгт эмчлүүлэхээр JU-9993 онгоцоор Улаанбаатар хот руу хүргүүлэх замдаа онгоцонд нас барсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч *******н: Би 04 сарын 07-ны өдөр хуваарийн дагуу жижүүрээ хүлээн авсан. Үүний дараагаар 17:00 цагийн орчимд хагалгааны сувилагч гэдэг хүн “яаралтай хагалгаа орно” гэж намайг дуудсан. Би хагалгааны өрөө ороод тухайн өвчтөн болох******* гуайг анх удаа харсан. Тэгээд яаралтайгаар дурангийн хагалгаа орно гэсэн учраас яаралтай хагалгааны журмаар тухайн хүнд үзлэг хийгээд шинжилгээнүүдийг шалгасны дараа өвчтөндөө наркозыг өгч эхэлсэн. Наркоз стандартын дагуу явагдсан гэж бодож байна. Тухайн үед өвчтөнийг хүчилтөрөгчөөр амьсгалуулаад, дараагаар нь судсаар нойрсуулах, тайвшруулах, булчин сулруулах өвдөлт намдаах эм, тарианууд хийж, өвчтөний булчин бүрэн сулармагц цагаан мөгөөрсөн хоолойг ларингоскопийн тусламжтайгаар сөхөж 6.5 номерын интубацийн гуурсыг байрлуулсан. Тухайн гуурсыг амьсгалын аппараттай холбож, амьсгалуулах стандартын дагуу ууршуулагч бодис болон хүчилтөрөгчийн хийг тухайн хүний биеийн жин, онцлогт нь тохируулан тооцож амьсгалуулснаар хагалгааны явц хэвийн байсан. Тэрний дараагаар мэс заслын эмч нар болох, эмч нар орж ирсэн. эмч дурангийн мэс заслын мэргэшил дээшлүүлэх курс эзэмшсэн хүн. эмчийн хувьд дурангийн мэс заслын дээшлүүлэх курс эзэмшээгүй, дурангийн хагалгаанд төдийлөн оролцож үзээгүй шахуу эмч байсан. Хагалгааны явцад тусалж байгаа хүн нь курс хийгээгүй, тийм хагалгаанд төдийлөн оролцож байгаагүй учраас хагалгаа төвөгтэй явагдсан. Миний амьсгалын аппаратад сигнал өгч дохио илэрсэн. Харахад уушги, зүрх шахагдсаны улмаас даралт нь ихсээд дохио өгч эхэлсэн. Би тэр үед мэс заслын хяналтын самбар руу харахад тухайн хяналтын самбар дээрх хэмжээснүүд нь 12-14 хүртэл байх ёстой атал 17-19 хүртэл заачихсан байсан. Тэгээд өвчтөн амьсгалахад төвөгтэй байдал үүсэж, даралт нь ихэссэн учраас би гуурсыг наашаа нэг сантиметр орчим татсан. Тэрний дараагаар амьсгалын процесс асуудалгүй болсон. Ар гэрийнхний зүгээс манай дүүг үзэхгүй байж байгаад хагалгааны өмнө үзсэн гэж яриад байдаг. Энэ бол яаралтай хагалгаа байсан учраас тэр хүнийг үзээд шууд хагалгаанд орсон. Тэрнээс биш төлөвлөгөөт хагалгааны журмаар байсан бол би тэр хүнийг урьдчилан 07 хоногийн өмнө үзээд дээрээс нь хагалгааны өмнөх өдөр үзэж, хагалгааны өмнө гээд нийтдээ гурван удаа үздэг. Сэрээх процессын хувьд сэрээх стандартын дагуу өвчтөнөө шалгасны үндсэн дээр сэрээх процесс асуудалгүй явагдсан. Энэ процессын хувьд өвчтөн надтай харьцаа үүсгэж байгаа эсэх, миний асуултад зөв хариулах эсэх, мэдээгүйжүүлэлтийн үед явагддаг булчин сулруулагч эмийн үйлчлэл бүрэн гарсан эсэхийг шалгасан. Тэр хагалгааны дараагаар хэд хэдэн хагалгаанд орсон. Сэхээнд байгаа хүний бие хүндэрсэн гээд дээшээ сэхээ рүү явж байхад тухайн үед жижүүрт гарч байсан мэс заслын тасгийн сувилагч “ ******* эмчээ түрүүний дурангийн хагалгаанд орсон хүн хэд хэдэн удаа хүчтэй огиулж бөөлжөөд байсан, тэрний дараагаас эхлээд эгмийнх нь тэнд хий хурсан. Дарахад цасан дээр явж байгаа юм шиг дуугарч байна” гэж хэлсэн. Сэхээнд хүний бие муудсан учраас би тухайн сувилагчид эмчдээ хэлээрэй дурангийн мэс заслын үед өвчтөнд тодорхой хэмжээгээр хий хурах тохиолдлууд байдаг, мэс заслын эмчдээ ямар ч байсан хэл гэсэн. Маргааш өглөө нь тасгийн эрхлэгчийн хамт******* гуай дээр орсон. Бид хоёр бүтэн бие үзлэг хийгээд дурангаас болсон хий гэж бодсон. Тэгээд залгихад жоохон төвөгтэй байна гэсэн учраас чих, хамар хоолойн эмчид үзүүлсэн. Мөн юмыг яаж мэдэх вэ? гэж бодоод тухайн өвчтөнийхөө цээжний рентген зургийг авхуулсан. Цээжний рентген зураг нь хагалгааны өмнөх зурагтай яг адилхан гарсан. Чих, хамар, хоолойн эмчийн үзлэгээр ам, залгиур болон төвөнх хэсэгт ямар нэгэн өөрчлөлт байхгүй байна гэсэн. Өөрчлөлт байхгүй байгаа учраас тухайн өвчтөнөө ажиглая гэсэн. 04 сарын 09 болон 10-ны өдөр нь амралтын өдрүүд байсан. Бүтэнсайн өдөр буюу 04 сарын 10-ны өдөр эмч над руу залгаад “нөгөө өвчтөний хүзүү, эгэм, цээжний хий байгаад байна яах вэ” гэж асуухад нь “танай мэс заслын талын асуудал байгаа эсэх, болохгүй бол маргааш очиж байгаад цагаан мөгөөрсөн хоолой дурандах шинжилгээг хийе, дээрээс нь дахиад цээжний зургийг давтан авъя” гэсэн. Нэг дэх өдөр очоод би төлөвлөгөөт хагалгаандаа орж байгаад завсраар нь цагаан мөгөөрсөн хоолойг дурандъя, дээрээс нь дахиад цээжний зураг авхуулъя гээд мэс заслын тасгийн эрхлэгч болон эмчлэгч эмч нартай ярилцсан. Өвчтөн цагаан мөгөөрсөн хоолой дурандуулахаас татгалзсан. Тэгээд дүрс оношилгооны эмчтэй ярилцаад бид нар компьютер томограф хийсэн. Цагаан мөгөөрсөн хоолойн ар хананд дефекттэй байна аа гэдэг зүйлийг хэлж байсан. Дефект нь яг юу юм гэж асуухад юу ч байж болно гэж байсан. Тэгээд эмч тухайн компьютер томографын шинжилгээг харангуутаа Нэгдүгээр эмнэлгийн зөвлөх эмчээс зөвлөгөө авсан. Тэрний үндсэн дээр трахестомын гуурсыг байрлуулснаараа амьсгалын замд хурсан хий нь алга болно гэсэн. Тэгээд тухайн 04 сарын хагалгаа орсон. Би тэр процесс дээр байсан.,, эмч нарын хийсэн хагалгаа амжилттай болсны дараагаар мэс заслын тасагт энэ өвчтөнийг байлгах нь тохиромжгүй, амин үзүүлэлтүүд тогтвортой ч гэсэн тухайн өвчтөнөө онцгой тохиолдол учраас эрчимт эмчилгээний тасаг руу шилжүүлсэн. эмчээс эмч рүү шилжсэн гэсэн үг юм. Тэрнээс хойших процесст би оролцоогүй. Тухайн өвчтөнийхөө биеийн байдал, эмчийн тэмдэглэлийг би бүрэн уншиж байсан. Ингэж явсаар байгаад 04 сарын 16-ны өдрийн тээвэрлэлт болсон. Уг тээвэрлэлтийн ажлыг би мэдэхгүй. Би тэр тээвэрлэлтийг явуулах шийдвэр гаргах хүн нь биш юм. Онгоцон дотор юу болсныг би мэдэхгүй. Би 2017 оноос хойш энэ гуурсыг тавьсан. Өдөрт багадаа 3, дунджаар 5 удаа гуурс тавьдаг. Ковид-19 цар тахлын үед өдөрт 10-аас дээш удаа тавьж байсан. Тухайн үеийн хагалгаанд би ганцхан удаагийн оролдлогоор ямар ч асуудалгүй тавьсан байдаг. Ямар нэгэн асуудал гарсан эсэх нь одоог хүртэл тодорхойгүй байна. Гэхдээ үнэхээр миний буруутай үйлдлээс болсон бол ар гэрийнхнээс нь уучлалт хүсье. Яг буруутай үйлдэл нь шинжээч эмч Ч.Эрдэмболороос асуух асуултаар тодорхой болох байх гэж бодож байна. Тухайн өвчтөнийг үнэлээд цагаан мөгөөрсөн хоолойг багажаараа сөхөөд харахад гуурс тавихад ямар ч асуудалгүй байсан учраас 6.5 номерын гуурсыг тавьсан. Тухайн өвчтөн нь биеэр жижгэвтэр байсан учраас энэ гуурсыг тавьсан. Анагаах ухааны ном судар болон Монгол Улсын стандартад хүртэл 7.5 номерын гуурсыг эмэгтэй хүнд тавихаар заасан байдаг. Гэтэл тухайн хүнийг би жижигхэн биетэй гэж үзсэн учраас 6.5 номерын гуурсыг тавьсан. Энэ нь хагалгааны үед явагдсан тэмдэглэл дээр бичээстэй байдаг. Би ганцхан удаагийн оролдлогоор тавьсан. Тэр үед үнэхээр хэцүү зүйл байгаагүй учраас ийм байр суурьтай байгаа. Шинжээч эмч Ч.Эрдэмболорын дүгнэлт дээр 2х1 сантиметр хэмжээтэй зөөлөн цайвар өнгийн тогтоцтой зүйлийн талаар дурдсан. Энэ зүйл нь үнэхээр цоорлын улмаас болсон эсэх асуудал өмнөх хурал дээр ч яригдсан. Үүнийг шинжээч Ч.Эрдэмболороос асууж, шинжилгээ дээр нь үндэслэж эцэслэн шийдэгдэх байх гэх мэдүүлэг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч*******гийн: ...Миний охин******* 2022 оны 04 сарын эхээр бүх шинжилгээнүүдээ Улаанбаатар хотод хийлгэж ирээд 04 сарын 07-ны өдөр Дархан-Уул аймагт мэс заслын эмчид нь үзүүлээд хагалгаанд орох өдрөө товлоод очсон өдрөө бараг хэвтсэн. Ингээд үзсэн эмч нь яаралтай хагалгаанд ороорой, цөсний чулуу нь бараг бөглөх гэж байна гэж хэлсэн юм шиг байсан. Тэгээд 2022 оны 04 сарын 07-ны өдөр хагалгаанд орсон. Надтай гадаа юм ярьж сууж байгаад одоо орлоо гээд эмнэлэг рүүгээ гүйгээд орсон. Тэгээд цаг гаруй хугацааны дараа гарч ирсэн. Хагалгаа нь амжилттай боллоо гэж эмч нь надад хэлсэн. Би охинтойгоо утсаар яриад гайгүй юу гэж асуухад гайгүй ээжээ, жоохон бөөлжис хүрээд байна гэсэн. Тэгээд нэлээд байж байгаад асуухад хоолой өвдөөд байна гэж хэлсэн. Тэр үед нь би хүний мах руу багаж хийж байгаа болохоор өвдөнө, гайгүй болох байлгүй дээ гэсэн. Орой болсон чинь охин маань ээжээ миний хоолой бүр өвдөөд байна, шүлс залгихаар л өвдөөд байна гэсэн. Өглөө нь эрт 06:00 цагийн үед охин маань над руу залгаад ээжээ миний нүүр ийм аймар, гахайн толгой шиг болчихсон гээд надад фэйсбүүкээр харуулсан. Би юу болсон талаар асуухад урьд шөнө унтаж чадсангүй, миний нүүр хагарах гэж байгаа юм шиг өвдсөн гэсэн. Би Хөтөлөөс эхний унаагаар яваад ирсэн чинь миний охин өөдөөс гараад ирсэн. Нүүр, ам нь хүн харахын эцэсгүй аймаар болчихсон байсан. Тэгээд эмч нь ирээд үзэж харсан. Хагалгаа бол амжилттай болсон, наркоз хийсэн эмчтэйгээ уулзаарай гэсэн. Би тэр даруй ******* гэх эмчийг хайгаад олоогүй. Дээш, доошоо гүйж байтал таараад охины минь нүүр ийм болчихжээ, эмчтэй нь уулзсан чинь чамтай уулз гэсэн гэхэд зарим хүнийг гэдсийг цүндийлгэж байгаад цөсийг нь авдаг учраас зарим нь нүүр рүүгээ хөөдөг, айгаад байх зүйлгүй гэсэн. Гэхдээ намайг үнэхээр ёозгүй хүлээж авсан. Асуултад минь хагас дутуу хариулчхаад яваад өгсөн. Би охиндоо 100,000 төгрөг үлдээчихсэн байсан. Хагалгаанд орсныхоо дараа эмчдээ баярлаж, талархсанаа илэрхийлээд өгөөрэй гэсэн. Би тэгээд энэ эмчид хандан за охин маань гайгүй бол болоо доо гээд хоолонд ороорой гээд мөнгө өгөхөд аваагүй. Үл тоогоод яваад өгсөн. Тэгээд охин дээрээ очиход эмч нар одоо зүү тавиад гайгүй болчихно гэхээр нь итгээд гадаа суугаад хүлээж байсан. Тэгээд зүү тавьсны дараа охин маань одоо өвчин гайгүй болж байна, миний охин дээр очихгүй бол хэцүүдэж байгаа гэсэн учраас би буцсан. Орой нь надтай ярихдаа ээжээ миний амьсгал боогдоод байна гээд утсаа шидээд өрөөндөө ухаан алдаад унасан байгаа юм. Би хадам ээж рүү нь залгаад охин маань ингээд байна, надад очих арга байдаггүй, чи намайг бодвол залуу хүн учраас очоод эмчтэй нь уулзаад өгөөч гэсэн. Тэгээд манай худ очоод эмч нартай нь уулзаад нэлээдгүй зүйл болсон байна лээ. Миний охинд эмнэлгээс ямар ч анхаарал тавихгүйгээр 3, 4 хоног өнгөрсөн. Нүүр, ам нь аймаар хавдчихсан байхад ядаж зөвлөмж, зөвлөгөө өгчихсөн бол би хүүхдүүдийнхээ унаагаар зохицуулж болох байсан. Эмнэлэг маш их хугацаа алдсан. Эмч нар нь хариуцлагагүй, тэр хоолойнд нь юу байсныг мэдээгүй. Бид нар тийм муу хүмүүс биш, хүмүүсийн наад, цаадах асуудлыг ойлгоно. Охин маань унтаж чадахгүй байна ээжээ, унтчихвал тэр чигээрээ унтах юм шиг байна гэж хэлж байсан. 04 сарын 14-ний өдөр эмнэлгийн машин яаралтай аваад явлаа гэчхээд яваагүй. 03:00 цагийн үед нэг эмч юм уу, жолооч юм уу хүн орж ирээд “өө, яаж ийм хүнийг авч явах юм бэ, манай машинд хүчилтөрөгч байхгүй, дугуй муутай” гээд гараад явчихсан. Тэгээд бүгдээрээ ажил нь тараад явчихсан. Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэдэг шиг хүнд байсан. Өөрсдийнхөө унаагаар авч явах боломж огт байхгүй. Галт тэргээр авч явах гэтэл тог гаргагч байхгүй гэсэн. Тэгээд яахаа мэдэхгүй байж байх үед жижүүр эмч нь та нар онгоцоор л авч явахаас өөр аргагүй гэсэн. Онгоцоор авч явахын бол амийг нь аварна гэж хэлсэн. Онгоц олоод өглөө 06:00 цагт онгоц Дарханд бууна гэж байснаа Сэлэнгэд буухаар болсон. Сэлэнгэ рүү түргэний тэрэг, нэг сувилагчтай авч явсан. Авч явах үедээ хүчилтөрөгчийнхөө хошууг мартчихсан. Үнэхээр хариуцлагагүй. Сэлэнгэд очоод хүчилтөрөгчийн хошуу авсан гэсэн. Тэгээд миний охин тэндээс онгоцоор хот руу амиа авруулах гэж явсан. Миний охин эрүүл, онцгой хүний дээд хүн байсан. Гуравхан настай хүүхэд нь надтай үлдсэн. Одоо 6 нас хүрсэн ч сургуульд оруулж чадахгүй байна. Энэ хугацаанд би галзуугийн эмнэлэгт хүртэл очсон. Толгойтой үс маань цайрч, бүх шүднүүд яйраад унасан. Надаас энэ хүн нэг ч уучлалт гуйгаагүй. Гурван жилийн дараа надаас уучлалт гуйгаад хэрэггүй. Үнэхээр хариуцлагагүй хандсан. Миний охин ганцхан цөсний чулуутай болохоос эрүүл, саруул хүн байсан. Би тухайн үед охиныхоо амийг л хурдан аваръя гэж бодсон болохоос хүний мууг үзэж, заргалдъя гэсэн бодол байгаагүй. Энэ гурван жилийн хугацаанд чамайг би нэг ч дарамтлаагүй. Ажил дээр нь нэг ч удаа очоогүй. Хүний амь хохирчихсон байхад хоолой дээр нь ургацаг ургасан байна гээд цагаатгуулах гээд эх хүний сэтгэл зүйгээр тоглож болохгүй. Би маш их гомдолтой байна. Миний охиныг онцгой хүн байсан гэдгийг Хөтөл даяараа мэднэ. Ямарваа зүйлийн үнэн л ялдаг. Худал зүйл болгон ардаа нэг юм дагуулдаг гэдгийг хэлье. Би одоо охиныхоо хүүхдийг халамжийн хэдэн төгрөгөөрөө сургалтад сургаж байна. Ярих чадваргүй, юмыг мэдэрч чаддаггүй, 24 цагийн асаргаатай хүүхэд байдаг. Эцэг нь Солонгос Улсаас ирэх эсэх нь мэдэгдэхгүй байдалтай байна. Өнөөдөр эх нь амьд байсан бол хүүхдээ хөгжүүлээд сургаад явна. Би 50-аад оны хүн учраас тэр хүүхдэд сургаж чадах зүйл байхгүй. Сэтгэл санааны тухайд маш хэцүү байгаа юм. Иргэний нэхэмжлэлийн талаар өмгөөлөгч тайлбарлах болно гэх мэдүүлэг,
Иргэний хариуцагч*******ын: эмнэлэг бол жилдээ 2500 орчим хүнд мэс засал хийхдээ энд яригдаж байгаа интубаци буюу амьсгалын замыг удирдахад гуурс хийх ажилбарыг хийдэг. Энэ ажилбартай холбоотой ийм цагаан мөгөөрсөн хоолой цоорсон гэдэг юм уу хүндрэл гарч байгаагүй. Мэдээж үүнтэй холбоотой тавьж чадахгүй байх эсвэл хүндрэлтэй байж байгаад бусад асуудал үүсэх тохиолдол байдаг. Тэгэхээр энэ процесстой танилцахад хагалгааны процесс явагддагаараа яваад дууссан байна. Мэдээж хүндрэл гардаг учраас өвчтөнд танилцуулаад зөвшөөрлийг нь аваад эмнэлгийн үйл ажиллагаа стандартын дагуу явагддаг. Энэ асуудалд удирдлагын хувьд хариуцахад эргэлзэж байна. Үзүүлэх тусламж үйлчилгээгээ стандартын дагуу үзүүлсэн байна. Хүндрэл гарсны дараа нарийн мэргэжлийн эмч нар шийдвэрээ гаргаад явдаг. Учирсан хохиролд нь эмнэлгийн байгууллагыг буруутай гэж үзвэл хохирол төлөхийг зөвшөөрч байна гэх мэдүүлэг,
Шинжээч Ч.Эрдэмболорын: 2022 оны 04 сарын 17-ны өдөр амь хохирогч******* гэж эмэгтэйн цогцост шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн. Задлан шинжилгээ хийхдээ Дархан-Уул аймгийн эмнэлгийн өвчний түүхийн хуулбартай танилцсан. Шинжилгээгээр цогцос дээрх гадна үзлэгээр нүүр, хүзүү, цээжний хэсгээр арьсан доор хий хурсан. Тэгээд эрхтнүүдийг шинжилж үзэхэд мөгөөрсөн хоолойнд яг түнхийн доод хэсэгт урд талдаа баруун хэсэгтээ дотогшоо овойсон 2х1 сантиметр хэмжээтэй үүсгүүр байсан. Энэ үүсгүүрийн голд нь цэгэн хэлбэртэй юмаар хатгачихсан юм шиг хонхор зүйл байсан. Тэгээд үзлэгийн түүхтэй танилцахад мөгөөрсөн хоолойн цоорол гэж оношилсон байсан. Тэр 2х1 сантиметр үүсгүүрийн голд нь зүүгээр хатгачихсан юм шиг хонхор байсан. Энэ хонхрыг сэтгүүрдэж үзэхэд ямар нэгэн сэтгүүр орох боломжгүй. Тэгэхээр би юу гэж ойлгосон бэ гэхээр тэнд нэг цэгэн хэлбэртэй цоорол байж байгаад үрэвсэл үүсээд мөгөөрсөн хоолойн салст хавагнасан байна гэж дүгнэж, уг хэсгээсээ гистологи авсан. Эд эсийн шинжилгээний хариу дээр мөгөөрсөн хоолой гээд бичигдээд байгаа хэсэг маань тэр 2х1 нэг сантиметр гэж яригдаад байгаа үүсгүүрийнхээ хэсгээс авсан хонхойчихсон, цэглэсэн цоорхой байж магадгүй гэсэн хэсгийг хамруулаад авчихсан эдийн хариу байгаа юм. Тэгэхээр энэ хариу дээр салстад лимфоцит эсийн нэвчдэстэй, судаснууд цус дүүрэлттэй, мөгөөрсний бүтэц хадгалагдсан. Гадна өөхлөг холбогч эдэд нейтрофил эс фибрин бүхий үрэвслийн нэвчдэстэй, гадна хөндлөн судалт булчин, өөх, холбогч эд орчимд нейтрофил эсийн нэвчилттэй, завсрын холбогч эдэд нэвчмэл цус харвалттай гээд эд эсийн шинжээч маань дүгнэж бичсэн. Тэгэхээр энэ нь ямар нэгэн байдлаар архаг өөрчлөлт ургацаг биш юм. Ямар нэгэн байдлаар түнхийн доод хэсэгт мөгөөрсөн хоолой гаднын нөлөөтэйгөөр гэмтсэний улмаас тэнд үрэвсэл үүсээд цагаан мөгөөрсөн хоолойн хана хавагнаж зузаарсан байна гэсэн үг юм. Энэ хүн хагалгаанаас хойш орой нь хий хурах шинж тэмдэг илэрсэн гэсэн учраас цэгчилсэн хэлбэртэй жижигхэн цооролт үүсээд аажмаар хий хурсан гэж үзсэн. Ямар нэгэн байдлаар тэр мөгөөрсөн хоолойн дотроос гаднын биет хүрч байж мөгөөрсөн хоолой гэмтэнэ. Гэмтэх боломжтой ганц нөхцөл нь цагаан мөгөөрсөн хоолойд гуурс тавих үед гэмтсэн байх боломжтой гэж үзсэн. Хэрвээ тэр ажилбараа зөв техникээр хийсэн бол гэмтэл үүсэхгүй байх боломжтой. Тэгээд ямар нэгэн байдлаар хийж байгаа техникийнхээ үед буруу үйл ажиллагаа явуулснаас болоод гэмтсэн байна гэж дүгнэсэн. Тийм учраас дүгнэлтийнхээ хэсэгтээ мэдээгүйжүүлэгч эмчийн буруутай үйл ажиллагаанаас цоорсон байна гэж дүгнэсэн гэх мэдүүлэг,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 11/,
Хэрэг учрал болсон гэх Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны “Буянт Ухаа” нисэх онгоцны Ангарын зогсоол гэх газарт “ ” ХХК-ийн JU-9993 аяллын дугаартай Сэлэнгэ-Улаанбаатар чиглэлийн онгоц байх ба баруун талд нь 20-70 УАЕ улсын дугаартай түргэн тусламжийн эмнэлгийн машин зогсож байв. Түргэн тусламжийн эмнэлгийн машины хойд хэсэгт байх дамнуурга дээр 30-35 орчим насны дээшээ харсан байдалтай, 2 хөлийг шулаан жийж, 2 гарыг их биеийн дагуу байрлуулсан эмэгтэй хүний цогцсыг цагаан өнгийн хөнжлөөр хучиж, толгойг нь ил гарган байрлуулсан байв...” гэх хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 13-17/,
“Уг цогцос нь 160 сантиметр урттай, толгойдоо 45 сантиметр урт хар өнгийн үстэй, 65 килограмм жинтэй, эмэгтэй хүний цогцос байна. Цогцсын хүзүүний урд доод хэсэгт 3х0.6 оёдол тавигдсан, дээд хэсэгтээ гуурс тавьсан шархтай, гуурсны амсар хэсэгт улаан хүрэн өнгийн цусаар бохирлогдсон, уг шархны эргэн тойронд арьсан доор хий хуралдсан, дарахад шаржигнана...” гэх цогцсын гадна талд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 18-21/,
Талийгаач*******ийг эмнэлгээс Улсын нэгдсэн төв эмнэлэгт шилжүүлэх тухай эмнэлэгт өвчтөн илгээх хуудас /1-р хх-ийн 24/,
Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасгийн эрхлэгч, мэс заслын их эмч, Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний тасгийн мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний их эмч, Поликлиник-1-ийн мэс заслын их эмч, чих хамар хоолойн их эмч зэрэг албан тушаалын тодорхойлолтууд /1-р хх-ийн 32-54, 3-р хх-ийн 43-45/,
Талийгаач*******ийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан өвчний түүх, хагалгааны төлөвлөгөөний хуулбарууд /1-р хх-ийн 64-186/,
Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, ерөнхий эмч, Мэс заслын тасгийн мэс заслын их эмч, тасгийн эрхлэгч зэрэг албан тушаалын тодорхойлолтууд /1-р хх-ийн 190-200/,
Дархан-Уул аймгийн эрүүл мэндийн газраас гаргуулсан******* машины судалгаа /1-р хх-ийн 206/,
“Цагаан мөгөөрсөн хоолойн гуурстай ерөнхий мэдээгүйжүүлэг” Монгол Улсын стандарт MNS 6206:2010 /1-р хх-ийн 208-217/,
Эрүүл мэндийн сайдын 2019 оны 06 сарын 21-ний өдрийн А/294 дугаартай тушаалаар батлагдсан “Түргэн тусламжийн үйлчилгээг зохион байгуулах үлгэрчилсэн журам”, Түргэн тусламжийн үйлчилгээнд хэрэглэгдэх эм, багаж, хэрэгсэл, тоног төхөөрөмжийн жагсаалт /1-р хх-ийн 218-231/,
“Нэгдсэн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагаа” Монгол Улсын стандарт MNS 5095:2017, “Түргэн тусламжийн төвийн бүтэц, үйл ажиллагаа” Монгол Улсын стандарт MNS 6717:2018 /1-р хх-ийн 232-241/,
Эрүүл мэндийн сайдын 2021 оны 12 сарын 30-ны өдрийн А/813 дугаартай тушаалаар батлагдсан “Эрүүл мэндийн байгууллага болон шатлал хооронд үйлчлүүлэгчийг шилжүүлэх журам” /1-р хх-ийн 242-246/,
“Эрүүл мэндийн технологи” Монгол Улсын стандарт MNS 4621:2008 /1-р хх-ийн 247-гоос 2-р хх-ийн 7/,
Талийгаач*******т 2022 оны 04 сарын 07-ны өдөр хийсэн цөсний хүүдий дурангаар авах мэс засал, 2022 оны 04 сарын 11-ний өдөр хийсэн цагаан мөгөөрсөн хоолойд гуурс тавих хагалгааны үеийн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сиди-г эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /2-р хх-ийн 10/,
Талийгаач*******ийн нас барсны бүртгэлийн лавлагаа /2-р хх-ийн 13/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчын 2022 оны 05 сарын 26-ны өдөр өгсөн: ...миний төрсөн дүү******* 2022 оны 04 сарын 07-ны өдөр эмнэлэгт цөсний чулуу авхуулах дурангийн хагалгаа хийлгэсэн. Ингээд 4 хоногийн дараа 2022 оны 04 сарын 11-ний өдөр хоолойд гуурс тавих хагалгаа хийлгэсэн байсан. Ямар учраас хоолойд гуурс тавих хагалгаа хийлгэснийг ар гэрийн зүгээс бид нар мэдээгүй. Тэгээд манай дүү Дарханы эмнэлэгт эмчлэгдэж байхад нь буюу 2022 оны 04 сарын 14-ний өдөр би дүүгээ эргэж эмнэлэгт нь очиход эмчлэгч эмч нь болох болон тасгийн эрхлэгч нь гэх нэг эрэгтэй эмч надтай уулзаад “та нар дүүгээ Улаанбаатар хот луу нэгдүгээр төв эмнэлэг рүү авч яв, цагаан мөгөөрсөн хоолой нь цоорсон байна, 30-40 жилийн түүхэнд цөсний хагалгаа хийх үед цагаан мөгөөрсөн хоолой цоорсон явдал болж байгаагүй” гэж ярьсан ба бид нар дүүгээ Улаанбаатар хот руу авч явахаар болоод маргааш нь буюу 2022 оны 04 сарын 16-ны өглөө 06:00 цагт Дарханы эмнэлгийн машинаар Сэлэнгэ аймаг руу хүргүүлсэн. Тэндээсээ хадам ээж, нагац эгч, нөхөр, Дарханы эмнэлгийн хоёр эмчийн хамт Улсын нэгдүгээр төв эмнэлэгт эмчлүүлэхээр Сэлэнгэ-Улаанбаатар хот руу ниссэн. Тухайн үед би онгоцонд суулгаж өгөөд араас нь Улаанбаатар хот руу машинаар ирж байхад манай хүргэн дүү утсаар “талийгаачийг онгоцонд явж байхдаа нас барчихлаа” гэж хэлсэн... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 42-43/,
2023 оны 07 сарын 17-ны өдөр өгсөн: Би 2022 оны 04 сарын 15-ны өглөө 10:00 цагийн орчимд ирээд******* ажилтнууд болох талийгаачийн эмчлэгч эмч, мөн тасгийн эрхлэгч нартай уулзсан. Уулзахад тэр хоёр эмч “бид нар хоолой нь яг хаанаа цоорсон болохыг мэдэхгүй байгаад байна, мэддэг бүх хүмүүсээс асуухад 03 дугаар шатны эмнэлэг буюу Улаанбаатар хотын 01 дүгээр эмнэлэг рүү шилжүүлэх гээд зөвшөөрөл аваад бүх юм бэлэн болж байна, 13а маягтыг нь хот руу явуулчихсан, одоо төвөөс зөвшөөрөл ирнэ” гэж хэлсэн. Тасгийн эрхлэгч нь “энгийн машинаар авч явахад хүндрэлтэй, манайхаас амьсгалын аппарат бүхий тоноглолтой тээврийн хэрэгсэл гаргаж өгнө, та нар хүлээгээд байж бай” гэж хэлсэн. Ингээд 04 сарын 15-ны 17:00 цаг хүртэл хүлээсэн бөгөөд талийгаачийг сахиж байсан нөхөр гарч ирээд “машин нь болохгүй болсон, та нар өөрсдөө унаа олох боломж арга байна уу гэж асуулгаж байна” гэж хэлсэн. 18:30 цагийн үед дахин гарч ирээд “тусгай захиалгат галт тэрэг захиалж чадах уу? цахилгаантай байх шаардлагатай” гэж хэлүүлсэн байсан. Ингээд би өөрөө төмөр замын өртөө дээр өөрөө очоод холбогдох хүмүүстэй нь уулзахад “12 вольтын тог гаргадаг нэг галт тэрэг байдаг, гэхдээ замдаа тог нь тасраад байдаг, тэгэхээр та нарын тавьж байгаа шаардлагад нийцэхгүй, эрсдэлтэй байх” гэж хэлэхээр нь би буцаж эмнэлэг дээр очоод талийгаачийн нөхөрт галт тэрэг бүтэхгүй болсныг утсаар хэлсэн. Сэхээний тасгийн гадна сууж байтал дахин гарч ирээд “эмч нь онгоц юм уу, нисдэг тэрэг захиалах боломж байгаа юу гэж асуулгаж байна” гэж хэлэхээр нь би Улаанбаатар хот руу хүргэн дүү руу холбогдож хэлсэн. Тэгээд “ ” ХХК-ийн аяллын онгоц байдаг юм байна, энэ онгоц болох уу?” гэж асуулгахаар нь тухайн онгоцны жолоочийг эмч нартай холбогдуулж хооронд нь яриулсан. Тухайн онгоц нь тог гаргадаг, бусад шаардлагыг нь хангасан юм шиг байна лээ, онгоцны жолооч нь Дархан-Уул аймагт онгоц буух зурвас байхгүй тул маргааш өглөө буюу 2022 оны 04 сарын 16-ны өглөө 06:00 цагт Сэлэнгэ аймгийн төв дээр байх зурвас дээр өвчтөнөө аваад бэлэн ирсэн байгаарай гэж ярьж тохирсон. Өглөө 06:00 цагт машинаар Сэлэнгэ аймаг руу хүргүүлэхэд онгоц ирчихсэн хүлээгээд байж байсан. Тэгээд шууд нисэх гэтэл шаардлагатай эм тариагаа мартсан байна гээд манай хүргэн, нар өөрсдөө Сэлэнгийн төвийн эмийн сангуудын хаалгыг тогшиж байгаад хэдэн эм тариа олоод онгоцондоо тээвэрлээд явсан. Ингээд 10:10 цагийн үед над руу залгаад “дүү онгоцонд нас барчихлаа” гээд уйлж ярьсан... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 45-46/,
Гэрчийн 2022 оны 04 сарын 16-ны өдөр өгсөн: ...манай бэр******* 2022 оны 04 сарын 07-нд Дархан хотын Нэгдсэн эмнэлэгт нь цөсний чулуу авах дурангийн хагалгаанд орсон баг хагалгаанаас гарч ирээд хүзүүнээс дээш хаван үүсээд эмнэлэгтээ үргэлжлүүлэн хэвтэн эмчлүүлсэн. Ингээд тухайн хаван буухгүй байсан тул 2022 оны 04 сарын 11-нд дахин хагалгаанд ороод хоолойд нь гуурс тавьсан ба түүнээс хойш 2 өдөр хүзүүнээс дээш үүссэн хаван буугаад аятайхан болсон боловч 2022 оны 04 сарын 13-ны өдрөөс дахин хүзүүнээс дээш хаван үүссэн. Тэгээд Дарханы эмнэлэг хотод очиж Улсын нэгдсэн төв эмнэлэгт эмчлүүлэх шаардлагатай гээд 13а маягт бичиж өгсөн. Талийгаачийг зөөвөрлөхөд байнга цэрийг нь соруулж байх шаардлагатай, машинаар зөөвөрлөх боломжгүй тул онгоцоор тээвэрлэх болоод өнөөдөр өглөө 06:00 цагт Дархан хотоос эмнэлгийн машинаар Сэлэнгэ аймагт хүргүүлээд Сэлэнгээс онгоцонд сууж хотод ирээд 10:00 цаг өнгөрөөгөөд Улаанбаатар хотод газардсан. Онгоцонд тээвэрлэж байхад талийгаачийн бие нь муудаад ухаан алдсан, хамт явсан эмч н.Максим талийгаачийн зүрхэнд массаж хийгээд тариа тарьж байсан. Гэвч талийгаач эмчилгээ авалгүй нас барсан. Нисэх онгоцны буудал дээр буухад 103-ын машин ирчихсэн байсан бөгөөд талийгаачийг онгоцноос буулгаад 103-ын машины дамнуурга дээр хэвтүүлээд цахилгаан гүйдэлд цохиулсан боловч нас барсан байсан... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 54-55/,
2022 оны 11 сарын 11-ний өдөр өгсөн:******* 2022 оны 04 сарын 07-нд эмнэлэгт цөсний чулуу авхуулах дурангийн хагалгаанд орсон, 2022 оны 04 сарын 08-ны өглөө босоход*******ийн нүүр тэр чигтээ хавагначихсан байсан,******* хагалгаа хийсэн эмчээсээ “яагаад ингэчихсэн юм бэ” гэж асуухад “ганц нэг хоноод алга болчихно, хий ороод ийм болох тохиолдол байдаг юм” гэж хэлсэн байсан.******* “ээж ээ нүүрний хаван буухгүй байна” гэхээр нь би 2025 оны 04 сарын 11-нд очиж цөсний хагалгаа хийсэн эрэгтэй эмч, бас тасгийн эрхлэгч гээд эрэгтэй эмч нартай уулзахад “уг нь одоо буучихсан байх ёстой, харин энэ одоо сонин юм аа, хаван нь буухгүй юм” гэж хэлээд байсан.*******ийн уушгины рентген зургийг аваад уушги нь зүгээр байна гэсэн. Тэгээд бас нэг аппаратад оруулж зургийг нь авсан. Тэрнийх нь хариу нь маргааш гарна гэж байсан. Би буцаад гэр лүүгээ Хөтөл рүү явж байхад замд манай худ******* залгаад “цаадах чинь хоолой ам нь боогоод болохоо байлаа” гэхээр нь би замаасаа буцаад Дархан ороод эмнэлэгт ирэхэд*******ийн хоолой ам руу баахан гуурс хийчихсэн, хоолой шанаа орчмоор битүү зүү хатгачихсан хийг нь гаргаж байна гээд баахан эмч нар цуглачихсан байсан. Нөгөө маргааш хариу нь гарна гээд байсан зургийн хариу гараад мөгөөрсөн хоолой нь ар ханандаа цоорсон байна гэж хэлээд орой 16:00 цагийн үед надаар гарын үсэг зуруулаад хоолойд нь гуурс тавих хагалгаа хийсэн. Эмч нар хэлэхдээ “цоорсон хэсэг нь их доор байрлалтай учраас яг зориулалтын гуурс таарахгүй байна, өөр гуурс тайрч тааруулж хийсэн байгаа шүү биед нь гаднын биет байрлуулсан тул маш их цэр ялгардаг” гэж хэлсэн. 2025 оны 04 сарын 12, 13-ны өдрүүдэд би сахиж хоноход хаван нь гоё буусан боловч нөгөө гуурсаар нь цэр ялгараад ярьж болохгүй, байсхийгээд цэрэндээ бөглөрөөд цэрийг нь соруулж байна гээд амь тэмцсэн юм болж байсан. 2025 оны 04 сарын 15-нд*******ийн нүүр нь дахин хавагнаад байхаар нь эмч нартай уулзахад “бид авдаг арга хэмжээгээ авчихсан, Улаанбаатар хот руу ярьж мэдэгдсэн байгаа, тэндээс хариу ирэх юм бол шууд Улаанбаатар хотын 01 дүгээр эмнэлэг рүү авч яв” гэж хэлсэн.*******ийг эмнэлгийн машинаар авч явахаар болсон тул би машинд нь цэр соруулдаг багаж, төхөөрөмж нь хангалттай байгаа юу” гэж асуухад “байгаа, санаа зоволтгүй, машин бэлэн болохоор шууд хөдөлнө, та нар хүнээ авч явахад бэлдээд байж бай” гэж хэлсэн. Тэгтэл нэлээн хөгшин байрын эмч*******ийн өвчний бичгийг хараад “энэ хүнийг манай машинаар авч явах боломжгүй юм байна, машинд цахилгааны эх үүсгэвэр байхгүй” гэж хэлсэн. Тэгээд арайхийж онгоц олоод дуудахад 12,000,000 төгрөг гэсэн ба Дархан-Уул аймагт онгоц буух газар байхгүй, Сэлэнгэ аймагт аваад ир, Сэлэнгэ аймгийн онгоц буух газар нь гэрэлгүй тул орой буух боломжгүй гээд өглөө нь гэгээ орохоор Сэлэнгэ аймаг руу авч явсан. Замдаа*******ийн хоолой цэрэндээ бөглөрөөд цэрийг нь соруулж авах гэхэд гуурс нь таарахгүй байсан, арай гэж лентээр ороож байгаад цэрийг нь соруулж аваад тариа хийж биеийн байдлыг тогтворжуулсан. Тэгээд онгоцон суугаад нисэх үед дахиад биеийн байдал нь муудаад хамт явж байсан эмч сувилагч хоёр баахан тариа хийсэн боловч ухаан алдаад уначихсан, хиймэл амьсгаа хийсэн, онгоцноос буутал иймэрхүү байдалтай байсан. Онгоцон дотор ухаан алдсанаас хойш дахин ухаан ороогүй, онгоцноос буугаад түргэний машины эмч үзээд нас барчихсан байна гэж хэлсэн. Талийгаачийн ар гэр бид нар үзэхдээ эмчилгээ хийж байсан эмч нар болон наркозын тариа хийж байсан эмч хариуцлага алдсаны улмаас охин маань нас барсан гэж үзэж байна... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 59-60/,
2023 оны 08 сарын 16-нд өгсөн: ...Талийгаач*******ийг Сэлэнгэ аймаг руу Дарханы эмнэлгийн түргэний машинаар тээвэрлэсэн. Сэлэнгэ орох замд огт бөглөрөөгүй, цэр соруулах ажиллагаа хийгдээгүй. Тэгээд онгоцны буудал дээр дөнгөж ирж байхад цэр нь бөглөрөөд дахиж сандаргаад цэрийг нь сорох гэхэд машинд нь тог гаргагч байхгүй байсан болохоор нөхөр нь шууд амаараа цэрийг сорсон. Тэгээд эмч тариа хийгээд онгоцны буудал дээр түргэний машинд байж байгаад арай гайгүй болоод онгоцонд суулгасан. Улаанбаатар хот руу тээвэрлэсэн онгоц нь тог гаргагчгүй байсан юм байна лээ. Уг нь анх ярихдаа тог гаргагчтай онгоц гэж хэлсэн. Бид нар Сэлэнгийн онгоцны буудал дээр яг бөглөрөөд эхлэхээр нь онгоцондоо суулгаад тог гаргагчид нь цэр соруулах аппаратаа залгая гэсэн чинь тэр онгоцонд тог гаргагч байгаагүй. Эмч нар тог гаргагчтай эсэхийг асууж шалгасан эсэхийг мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 62-63/,
Талийгаач******* гэрчтэй харилцсан гэх фэйсбүүк чат бүхий гэрэл зураг /2-р хх-ийн 64/,
Гэрчы: Манай мэс заслын тасагт 2022 оны 04 сарын 06-нд цөсний хүүдий дэх чулуутай өвдөлт өгсөн гэх оноштойгоор******* гэх эмэгтэй өвчтөн хэвтсэн. Тухайн өвчтөн нь өөрөө бүх шинжилгээгээ өгч, материалаа бүрдүүлсэн байсан. Ингээд 2022 оны 04 сарын 07-ны 17:00 цагийн үед манай тасгийн эмч, наркозын эмч *******, хоёр сувилагчийн хамтаар бид нар цөсний чулууг дурангаар авах хагалгааг 01 цаг орчим хийж гүйцэтгэсэн ба хагалгаа амжилттай болсон.*******т хагалгаа хийсний дараагаар хүзүү болон нүүрээр баг зэрэг хавантсан, дотор муухайрч огиулах, ханиалгах гэсэн зовуурьтай байсан. Бид нар эмийн эмчилгээ хийж ажигласан, амралтын өдрөөр жижүүр эмчийн хяналтад ажиглаж байгаад 2022 оны 04 сарын 11-нд*******т томографын зураг авахад голчит хийтэй, мөгөөрсөн хоолойд цооролт байж магадгүй гэсэн онош гарахад эмч нарын зөвлөгөөн хийж, цагаан мөгөөрсөн хоолойд гуурс байршуулсан... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 66/,
Гэрчийн: Талийгаач******* нь 2022 оны 04 сарын 11-ний 18:00 цагийн орчимд манай эрчимт эмчилгээний тасагт трахестом тавьсны дараах байдалтай орж ирсэн. Талийгаач манай тасагт орж ирэх үедээ амин үзүүлэлт нь тогтвортой, биеийн байдал хүндэвтэр байдалтай орж ирсэн. Өрөвслийн эсрэг хавсарсан эмийн эмчилгээ, Громон эмчилгээ зэрэг эмийн эмчилгээ хийж эхэлсэн. Эрчимт эмчилгээний тасагт амин үзүүлэлтүүд тогтвортой өвчтөнд ямар нэгэн зовуурь байхгүй, эмчилгээ хэвийн явагдсан. Тасагт байх явцад өвчтөний трахестомын гуурс үе үе бөглөрч байсан тул тухайн үед амьсгалын замыг чөлөөлөх тусламж үйлчилгээг тухай бүрд нь үзүүлж байсан. Эмчилгээний 5 дахь өдөр өвчтөн нэг удаа хүчтэй ханиалгасан, дараа нь*******ийн нүүр болон хүзүү хэсгийн арьсан доор их хэмжээний хийн бөмбөлөг үүсэж өвчтөн зовуурилж эхэлсэн. Тухайн үед би тасгийн эрхлэгч, эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, чих хамар хоолойн эмч, ерөнхий мэс заслын эмч нар өвчтөнийг үзэж дараа шатлалын эмнэлгийн эмч нартай холбогдож дараагийн шатлалын эмнэлэг рүү хүргүүлэх шийдвэр гаргасан. Тэгээд 2022 оны 04 сарын 16-ны өдрийн өглөө өвчтөн*******ийг Улаанбаатар хот руу дараагийн шатны эмнэлэг рүү манай тасгийн эмч авч явсан боловч замдаа нас барсан талаар мэдсэн. Тухайн үед амь хохирогч*******ийн хагалгааны өмнө авсан цусны ерөнхий шинжилгээгээр биед нь өрөвслийн процесс байгаагүй, харин хагалгаанаас 3-4 хоногийн дараа хийсэн компьютерын шинжилгээгээр амь хохирогчийн голтод хий хурах хам шинж байна гэж үзээд давхар цагаан мөгөөрсөн хоолойн цоорол байна гэж оношилсон юм. Голтын идээт, ширхэглүүрт үрэвслийн шинж тэмдэг өвчтөнд илрээгүй байсан тул цусны ерөнхий шинжилгээ аваагүй. Тухайн шинжилгээг миний зөвшөөрлөөр сувилагч авч шинжилгээнд хүргүүлдэг. Тухайн өвчтөнд өрөвслийн эсрэг эмчилгээг хийж байсан өвчний түүх дээр байгаа гэх мэдүүлэг /2-р хх-ийн 68/,
Гэрчийн: 2022 оны 04 сарын 11-ний өдөр*******ийг мэс заслын эмч нар болон мэдээгүйжүүлэгч эмч нар болон чих хамар хоолойн эмч нар хамтарч үзлэг хийгээд цагаан мөгөөрсөн хоолойд дефект үүссэн байна, үүнд ямар арга хэмжээ авах вэ гэсэн асуудал гарч хоорондоо ярилцаад гуравдугаар шатлалын зөвлөх эмч нараас зөвлөгөө авахад цагаан мөгөөрсөн хоолойд гуурс тавих ажилбар хийх зөвлөмж өгсөн. Мэс заслын хагалгаанд ороход ерөнхий унтуулга хийхдээ амаар гуурс тавих болон судсаар унтуулга хийх гэсэн ерөнхий хоёр арга байдаг. Бусад арга нь нугасны мэдээ алдуулалт хэсгийн мэдээ алдуулалт гэсэн төрлүүд байдаг. Цөсний хүүдийн чулууг хэвлийн дурангийн аргаар авахдаа ерөнхий унтуулга хийж ордог... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 70-71/,
Гэрчгийн: ...2022 оны 04 сарын 07-нд цөсний хүүдийг дурангаар авхуулах мэс заслын өвчтөн*******т амьсгалын дутагдал, хүзүү, хацар, нүүрэнд хий хурах хам шинж илэрсэн учир Улсын нэгдүгээр төв эмнэлгийн зөвлөх эмч нараас авсан зөвлөмжийн дагуу 2022 оны 04 сарын 11-нд чих хамар хоолойн их эмч, мэс заслын их эмч нарын хамт*******ийн цагаан мөгөөрсөн хоолойнд гуурс тавих хагалгаа хийсэн... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 73/,
Гэрчн: ...цөсний хүүдийн мэс заслын маргааш нь унтуулга мэдээгүйжүүлэгч эмч ******* “хагалгаанд орсон хүн үзээд өгөөч, хүзүүнд нь хий үүссэн байна” гэж хэлэхээр нь би*******ийг амбулаториор үзэхэд өвчтөний биед чих хамар хоолойн талаас хүзүүнд хий үүсэх шалтгаан байгаагүй. Өвчтөнөөс энэ хий хэзээ үүссэнийг асуухад цөсний хүүдийн хагалгаанд орсноос 02 цаг орчмын дараа би ханиалгасан чинь хүзүү хавиар сонин болчихсон гэж хэлсэн. 2022 оны 04 сарын 11-нд Улсын нэгдүгээр төв эмнэлгийн зөвлөх эмч нараас буюу эмч эмчээс, би өөрийн багш зөвлөх эмчгээс зөвлөгөө аваад цагаан мөгөөрсөн хоолойн дефект үүссэн хэсгээс доогуур гуурс тавьж амьсгалуулах шийдвэр гаргаж хагалгаанд оруулсан... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 78-79, 81-82/,
Гэрчийн 2023 оны 05 сарын 17-нд өгсөн: Өвчтөн******* 2022 оны 04 сарын 15-нд манай эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байсан.*******ийг манай эмнэлгийн машинаар Улаанбаатар хот руу явуулах талаар ярилцаж байхад мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний тасгийн эмч энэ хүнийг машинаар тээвэрлэх боломжгүй талаар хэлсэн. 2022 оны 04 сарын 16-ны өглөө 06:00 цагийн үед*******ийг Сэлэнгэ аймаг хүртэл манай эмнэлгийн түргэний машинаар тээвэрлээд тэндээс Улаанбаатар хот руу талийгаачийн ар гэрийнхнээс олсон JU-9993 дугаартай онгоцоор тээвэрлэсэн талаар би тухайн өдрийн өглөө мэдсэн. Тэгээд өвчтөн******* онгоцонд дотор нас барсан байсан. Талийгаачийг Сэлэнгэ аймаг руу тээвэрлэсэн машин нь тог гаргах төхөөрөмжгүй, харин бусад шаардлагатай эмнэлгийн төхөөрөмж бүрэн байсан. Тухайн үед амь хохирогч*******ийн хагалгааны өмнө авсан цусны ерөнхий шинжилгээгээр түүний биед ямар нэгэн өрөвслийн процесс байгаагүй, харин хагалгаанаас 3-4 хоногийн дараа хийсэн компьютерын шинжилгээгээр амь хохирогчийн голтод хий хурах хам шинж байна гэж үзээд давхар цагаан мөгөөрсөн хоолойн цоорол байна гэж оношилсон юм. Харин хагалгааны дараа шинжилгээ хийгдээгүй улмаас голтын идээт, ширхэглүүрт үрэвслийг оношлох боломжгүй байсан... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 84-85/,
2023 оны 07 сарын 20-нд өгсөн: ...өвчтөн******* нь 2022 оны 04 сарын 07-ны өдөр манай эмнэлэгт цөсний чулуу авхуулах хагалгаанд орсон. Уг хагалгаанд 1-ээс 2 хоног хяналтад орж эмнэлэгт хэвтдэг юм. Тэгээд******* нь 04 сарын 07-ны өдөр хагалгаанд ороод хэвтсэн. Ингээд хагас, бүтэнсайн өдөр таараад 11-ний өдөр Мэс заслын тасгийн эрхлэгч эмч надад “цөсний чулуу авхуулах хагалгаанд орсон нэг өвчтөний компьютер оношилгооны хариу нь амьсгалын замаас мөгөөрсөн хоолой дагасан голтод хий үүссэн байна” гэсэн зүйл хэлсэн. Тэгээд дүрс оношилгооны эмч,, мэс заслын эмч,,, чих хамар хоолойн эмч бид нар хамтарсан зөвлөгөөн хийсэн. Энэ зөвлөгөөний үеэр, эмч хоёр Улсын Нэгдүгээр эмнэлгийн эмчээс утсаар зөвлөгөө авч байсан. Энэ голтод хий хурах гэдэг онош нь их ховор тохиолдол учраас бид яаралтай зөвлөлдөж, утсаар зөвлөгөө авсан. Ингээд утсаар өгсөн дээд шатны эмч нарын зөвлөгөө болон хамтарсан зөвлөгөөний шийдвэрээр уг өвчтөний амьсгалын замыг чөлөөлөх, хий хуралтыг багасгах зорилгоор цагаан мөгөөрсөн хоолойд гуурс тавих хагалгааг 16:00-аас 17:00 цагийн үед хийсэн. Уг амьсгалын замаас мөгөөрсөн хоолой дагасан голтод хий үүссэн гэдэг оношийг компьютер оношилгооны эмч уншсан... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 87-88/,
Гэрчын: ...2025 оны 04 сарын 15-нд эмчилгээ эрхэлсэн орлогч дарга амь хохирогч*******ийг Улаанбаатар хотын 03 дугаар шатлалын эмнэлэгт тээвэрлэх талаар хэлсэн.*******ийг эмнэлгийн тоног төхөөрөмжгүй машинаар тээвэрлэх боломжгүй, эмнэлгийн тоног төхөөрөмж бүхий тогтой, хүчилтөрөгчтэй тээврийн хэрэгслээр Улаанбаатар хот руу дараагийн шатны эмнэлэгт хүргэж өгөх хэрэгтэй талаар талийгаачийн ар гэрийнхэнд би хэлсэн. Талийгаачийн эгч нь Улаанбаатар хотоос онгоц олчихлоо гэж хэлсэн ба тухайн онгоц нь Дархан-Уул аймагт буух боломжгүй Сэлэнгэ аймагт буухаар болсон. Маргааш нь буюу 2022 оны 04 сарын 16-ны өглөө 06:00 цагийн үед манай эмнэлгийн машинаар Сэлэнгэ аймаг руу явж онгоц буух талбайд 08:00 цагийн үед очсон. Энэ хугацаанд амь хохирогчийн биеийн байдал тогтвортой байсан. Тэгээд онгоц оруулаад онгоц хөөрөөд явж байхад цэр соруулах аппарат залгах гэхэд тухайн онгоц нь тоггүй байсан. Талийгаачийн амьсгалын замыг чөлөөлөх гэж амаараа соруулгын гуурс оруулж талийгаачийн нөхөртэй ээлжлэн цэр салстыг гадагшлуулж байсан боловч үр дүн өгөхгүй байхаар нь шаардлагатай эм тариаг хийсэн боловч талийгаачийн зүрх зогссон. Онгоц буутал цээжинд шууд бус иллэг тасралтгүй хийж, адерналин 1 милиграмаар судсанд 3 минутын зайтай хийж, амьсгалыг зохиомол амьсгалын аппаратаар бүрэн удирдсан боловч үр дүн өгөлгүй нас барсан гэх мэдүүлэг /2-р хх-ийн 90-91, 93-94/,
Гэрчийн: ...Талийгаач нь 2022 оны 03 сарын 02-ны өдөр Монгол Улсад хүүхдийнхээ хамт ирсэн. Би тэдний Солонгос дахь гэрт талийгаачийн нөхөр Анхбаяртай хамт үлдсэн. Ингээд*******ийг 04 сарын 07-ны өдөр Дархан-Уул аймагт цөсний чулуу авах хагалгаанд орсон, хагалгааны дараа хүндрэл үүссэн гэдгийг сонссон...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 97/,
Гэрчгийн: ...2022 оны 04 сарын 11-ний өдөр над руу манай ээж залгаад “дүү нь цөсний хагалгаанд орсон, тэгсэн чинь нүүр нь пэмбийгээд, толгой нь занхайгаад хий хурсан байна, тэгсэн чинь өнөөдөр цагаан мөгөөрсөн хоолой нь цоорсон байна гээд цагаан мөгөөрсөн хоолойд нь гуурс тавьчихлаа” гэж их айсан байдалтай, уйлаад ярьсан. Тэгээд би тухайн үедээ ээжийг буруу ойлгосон байж магадгүй гэж бодоод эмчлэгч эмчийнх нь утсыг олоод гэдэг эмчтэй ярьсан. Би эмчтэй ярихдаа “Би*******ийн төрсөн эгч нь байна, би ч гэсэн эмч мэргэжилтэй хүн, надад яг юу болсныг хэлээч ээ” гэж хэлэхэд “танай дүү манай эмнэлэгт цөсний хагалгаанд орсон, хагалгааны дараа хүчтэй огьж бөөлжсөн гэж хэлсэн, огьж бөөлжсөнөөс болоод нүүр нь пэмбийж хий орсон, тэгээд бид нар өнөөдөр компьютер томограф хийхэд цагаан мөгөөрсөн хоолойд жижиг хэмжээтэй цооролт гарсан. Энэ цооролтоос хий хуримтлагдсан, бид нар гуурс тавьчихсан байгаа, хий буурсан, хүний маань биеийн байдал, амин үзүүлэлтүүд тогтвортой байгаа, гэхдээ 07 хоног өвчтөнөө хараад, дараагийн нэг дэх өдөр нөгөө үүссэн жижиг цоорол нь хэр хэмжээтэй болсон байгааг харна, бид нар эмчилгээгээ хийж байгаа” гэж ярьсан... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 100-101/,
Гэрчын: ...Би яг хэдний өдөр гэдгийг санахгүй байна, намайг Улаанбаатар хотод байж байх үед талийгаачийн ээж нь над руу залгаад “******* цөсний хагалгаанд орсон чинь нүүр нь хавдаад байна, одоо Дарханы нэгдсэн эмнэлэгт хэвтэж байгаа.*******ийн хүүхэд нь манай гэрт байгаа, чи намайг нааш цаашаа явах үед хүүхдийг нь хараад өгч байж болох уу” гэж хэлэхээр нь би тэр өдөртөө Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл тосгонд очсон. Тэгээд маргааш нь талийгаачийн хүүхдийг хадмынх нь гэрт орхиод ээжтэй нь хамт Дарханы нэгдсэн эмнэлэг дээр ирсэн. Намайг ирэх үед талийгаачийг хадам ээж нь сахиж байсан ба “зүү тавиулаад нүүрний хаван нь гайгүй болчихлоо” гэж хэлж байсан... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 103-104/,
Гэрчгийн:******* нь манай эрчимт эмчилгээний тасагт мэс заслын тасгаас шилжүүлж ирээд эмчилгээ хийлгэж байсан. 2022 оны 04 сарын 15-ны 23:00 цагийн үед эмч над руу “маргааш надтай хамт Улаанбаатар хот руу өвчтөн тээвэрлэж онгоцоор явах болсон шүү өглөө 05:00 цагт ирээрэй” гэж ярьсан. Ингээд өглөө нь 103 түргэний машинаар Сэлэнгэ аймаг руу яваад онгоцондоо суусан. Өвчтөнийг онгоцонд суулгаад амьсгалын аппаратаа залгаад, цэр соруулах аппарат залгах гэхэд тэр онгоцонд тог байхгүй байсан. Тэгээд замдаа өвчтөний бие муудаад нас барсан...*******т цөсний чулуу авхуулах хагалгаа хийх үед би мэдээгүйжүүлэх сувилагчаар орсон. Хагалгааны үеэр ******* эмч 6.5 номерын интубацийн гуурс тавьсан... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 106, 108/,
Гэрчгийн: ...Дарханы Нэгдсэн эмнэлгийн чих хамар хоолойн эмч над руу утсаар “манайд цөсний хагалгаанд орсон хүний хүзүү нүүрэнд хий хурсан байна. Цагаан мөгөөрсөн хоолойд дефект үүссэн байна” гэж танилцуулсан. Тэгэхээр нь тухайн цагаан мөгөөрсөн хоолойд үүссэн дефект нь чих хамар хоолойн энгийн эмчлэх түвшнээс доош байвал ерөнхий мэс заслын эмч хагалгаа хийж, чих хамар хоолойн эмч туслах чиг үүргээр хагалгаа хийх шаардлагатай гэж зөвлөсөн... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 110-112/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 05 сарын 25-ны өдрийн дугаартай: Талийгаач*******ийн цогцост мөгөөрсөн хоолойн цооролт, баруун гуяны урд дээд хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хоёр удаагийн үйлдлээр үүснэ. Дээрх гэмтлүүдээс мөгөөрсөн хоолойн цооролт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.9-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цус хуралт гэмтэл нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Талийгаачийн цогцост бусадтай тэмцэлдсэн ул мөр үгүй байна. Талийгаач нэгдүгээр бүлгийн цустай байна. Талийгаач нь нас барах үедээ согтолтгүй байжээ. Спиртийн зүйл цус, шээс, ходоодны шингэнд нитрид, демидрол ходоодны шингэнд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис цусанд хүчтэй хүчил, шүлт ходоодны шингэнд илрээгүй. 2022 оны 04 сарын 16-ны 16:36 цагийн цогцсын гадна үзлэгээр талийгаач нь нас бараад 3-5 цаг орчим болсон байжээ. Талийгаач нь цөсний хүүдийн архаг үрэвсэл, зүрхний булчингийн эмгэгшил, умайг хүзүүний архаг үрэвсэл өвчтэй байна. Талийгаач нь мөгөөрсөн хоолойн цооролт, цочмог идээт, өнгөрт үрэвслийн улмаас голт, цээж, хүзүү, нүүрний арьсан доорх хийжилт, голтын идээт, өнгөрт үрэвсэл, өөхлөгийн үхжилээр хүндэрч нас баржээ. Мэдээгүйжүүлэгч эмчийн буруутай үйл ажиллагаанаас болж мөгөөрсөн хоолой гэмтэж цоорсон байна гэх шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 124-139/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 03 сарын 28-ны өдрийн дугаартай:*******ийн биед цагаан мөгөөрсөн хоолойд цооролт, баруун гуяны урд дээд хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.******* нь мөгөөрсөн хоолойн цоорлын улмаас цочмог идээт өнгөрт үрэвсэл, цээж, хүзүү, нүүрний арьсан доорх хийжилт үүсэж улмаар голтын идээт өнгөрт үрэвсэл, өөхлөгийн үхжилээр хүндэрч нас баржээ. ...Цөсний чулуу авах дурангийн хагалгааны үед мэдээгүйжүүлгийн зорилгоор мөгөөрсөн хоолойд гуурс байрлуулах интубац ажилбар хийгдэнэ. Тухайн тохиолдолд уг ажилбарын үед цагаан мөгөөрсөн хоолой гэмтсэн байх боломжтой байна.*******ийн цогцост хийсэн шинжилгээ болон компьютер томографын шинжилгээнээс харахад хүзүүний 6, 7 дугаар нугалмын түвшинд урд хананд мөгөөрсөн хоолойд гэмтэл үүсэн байх боломжтой... гэх хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 169-213/,
Шинжээч Ц.Ганболдын: Мэдээгүйжүүлэх эмч ******* нь нойрсуулга хийх үедээ интубацийн гуурсаар амь хохирогчийн мөгөөрсөн хоолойг гэмтээсэн гэж үзэж байна. Энэ нь өөрөөр мөгөөрсөн хоолой гэмтэх боломжгүй, тэнд ямар нэгэн мэс хүрээгүй, мөн цаг хугацааны хувьд хагалгааны дараа арьсан доор өөхлөх, хийжилт үүссэн. Мөгөөрсөн хоолой гэмтсэнээс голт руу халдвар тархан өрөвсүүлсэн. Энэ нь дээрх гэмтлийн жам ёсны хүндрэл юм гэх мэдүүлэг /2-р хх-ийн 219-222/,
Шинжээч С.Эрдэнийн 2023 оны 08 сарын 23-нд өгсөн: ...Голтын идээт ширхэглүүрт үрэвсэл гэдэг нь цээжний гол 2 уушги, зүрхний дунд байдаг замд үүссэн гэмтэл. Энэ нь цагаан мөгөөрсөн хоолой, гуурсан хоолой, улаан хоолой, уушгины гялтан хальс, зарим үед эрүүний яс гэмтсэн, шүд хорхойтох үед үүсэж болно. Уг тохиолдолд цагаан мөгөөрсөн хоолойд үүссэн дефектээс шалтгаалаад голтын идээт үрэвсэл үүссэн байх боломжтой...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 224-227/
2024 оны 03 сарын 14-нд өгсөн: ...Талийгаачийн нас барсан шалтгаан нь бол амьсгалын дутагдал юм. Голтын идээт өнгөрт үрэвсэл нь нас барах үндсэн шалтгаан биш юм. Талийгаач нь амьсгалын зам нь цэрээр бөглөрснөөс болж амьсгалын дутагдлаар нас барсан гэж үзэж байна. Дээрх цэр гарсан үндсэн шалтгаан нь голтын идээт үрэвсэл байж болно. Мөн талийгаачид тавьсан трахистомийн гуурс цэрийг их хэмжээгээр ялгаруулдаг ба уг гуурсаар цэрийг тогтмол соруулж цэвэрлэж байх боломжтой. Өвчтөн тээвэрлэхдээ өвчтөний оношинд тохируулан шаардлагатай тоног төхөөрөмжийг бэлдэж авч явдаг. Дээрх тохиолдолд цэр соруулгын аппарат авч явах ёстой байсан. Хэрэв цэрийг нь тогтмол сороод яваад байсан бол өвчтөн Улаанбаатар хотод эсэн мэнд бууж, дараагийн шатлалын эмнэлэг рүү хүргэх боломжтой байсан гэж үзэж байна...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 206, 207/,
Шинжээч С.Бурмаагийн 2023 оны 09 сарын 05-нд өгсөн: ...Интубац тавих үед ажилбарын маш ховор тохиолдох хүндрэл гарсан байж болзошгүй. Гэхдээ энэ бол хүнийг шууд үхэлд хүргэх шалтгаан болоогүй ба мэдээгүйжүүлгийн үед үүссэн хүндрэлийг шуурхай оношлох, оношилсны дараа шуурхай дараагийн эмчилгээг хийж гүйцэтгэх ёстой байсан юм... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 229-232/,
2024 оны 03 сарын 14-нд өгсөн:...Өвчтөний яг нас барсан шалтгаан нь бол амьсгал дутагдал юм. Трахистомийн гуурс тавьсан хүнд цэр их хэмжээгээр үүсэж, энэ нь амьсгалын замыг бөглөх шалтгаан болдог. Иймд трахистомийн гуурс тавьсан хүн тогтмол цэрээ соруулж байх ёстой байдаг юм. Өвчтөн*******ийг Дархан-Уул аймгаас Улаанбаатар хот руу тээвэрлэхэд хүчилтөрөгч, цэр соруулгын аппарат хэрэгтэй. Хэрэв соруулгын аппарат нь автомат бол тогны эх үүсвэр хэрэгтэй... гэх мэдүүлэг /3-р хх-ийн 209, 210/,
Шүүгдэгч ******* эмнэлэгт Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний тасгийн их эмчээр ажиллах тухай хөдөлмөрийн гэрээ /3-р хх-ийн 47/,
Гэрчын: ...яг ямар төхөөрөмж залгах болон залгуурын талаар яриагүй, зүгээр л тогны залгуур байгаа юу л гэж асуусан. Онгоцны 1 дүгээр нисгэгчийн ард 28 вольт тог гаргах боломжтой тог гаргагч байгаа, би залгуур нь яг ямар байсныг одоо санахгүй байна. Манай компани зургийн нислэг хийхдээ тэр залгуурт төхөөрөмжөө залгаж тог гаргаад байдаг. Мөн хоёр нисгэгчийн голд машины тамхины асаагуур шиг залгуур байгаа. Онгоцноос 220 вольт бол гарахгүй... гэх мэдүүлэг /3-р хх-ийн 195, 196/
Гэрчгийн: ...Би 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр "Гео Сан" ХХК-ний JU-9993 аяллын дугаартай онгоцоор Сэлэнгэ аймгаас Улаанбаатар хот руу өвчтөн тээвэрлэх нислэг үйлдсэн. Тухайн нислэгт би агаарын хөлгийн даргаар, 2-р нисгэгчээрын хамт нислэг үйлдсэн. Миний жолоодож явсан JU-9993 аяллын онгоцонд тог цахилгаан гаргах үүсгүүр байхгүй. Харин урьдчилж ярьж тохирсон тохиолдолд өсгөгч, батарей суурилуулаад 24 вольтын тог цахилгаан гаргах боломжтой. Тухайн нислэгийн хувьд бол тог цахилгаан гаргах техникийн хувьд боломжгүй байсан. Тэр үед манай онгоц Сэлэнгэ аймгаас Улаанбаатар хот руу нисэхэд 65 минут зарцуулсан. Онгоц хөөрснөөс ямар хугацааны дараа өвчтөний биеийн байдал муудаж улмаар нас барсан талаар би сайн мэдэхгүй байна. Миний санаж байгаагаар ямар ч байсан онгоц Улаанбаатар хотод газардахаас 10 орчим минутын өмнө өвчтөн муудаж эхэлсэн байх. Хойно хүмүүс уйлалдах нь сонсогдож байсан. Тухайн нислэгийн өндөр далайн түвшнээс дээш 2100 метр, хурд нь 260-270 километр цаг хурдтай нисэж ирсэн. Далайн түвшнээс дээш 2100 метр өндөрт нисэхэд эрүүл хүний биед ямар нэгэн өөрчлөлт мэдрэгдэхгүй. Харин энэ хэмжээний өндөрт нисэхэд өвчтэй болон бие муу хүнд ямар нөлөө үзүүлэхийг би мэдэхгүй... гэх мэдүүлэг /3-р хх-ийн 199, 200/,
Гэрчийн: ...Би уг хагалгааны дараа тэр өдөртөө буюу 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр өвчтөний хэвтэж байсан өрөөнд явж орсон, тэгэхэд өвчтөн сэрчихсэн орон дээрээ хэвтэж байсан. Тэгээд намайг ороод биеийг нь асуухад надтай хэвийн ярьж байсан ба тухайн үед гарч байсан сувилагч нь надад “энэ хүний хүзүү орчмоор эвгүй байна гэнээ” гэж надад хэлэхээр би үзлэг хийхэд хүзүү, эгмийн дээд хэсгээр хий мэдэгдэж, дарахад шажигнаж дуугарч байсан болохоор би арьсан доогуур нь хий гүйсэн байна гэж мэдээд эмчид утсаар мэдэгдэхэд эмч “хий орсон бол арилах байхаа” гэж хэлсэн. Би өвчтөн*******ийг үзэхэд зөвхөн хүзүү, хоолой, эгмийн орчмоор л хий хурсан, биеийн бусад хэсгээр хий хураагүй, дарахад шажигнаж дуугарах, гарт мэдрэгдэх зүйл байхгүй байсан... гэх мэдүүлэг /3-р хх-ийн 219, 220/,
Гэрчгийн: ...Би тухайн өдөр жижүүрээс бууж байсан бөгөөд өглөө 07 цагт Буянт-Ухаа хуучин нисэх онгоцны буудал дээрээс нисэх онгоцноос буух өвчтөнийг тосож аваад, хүндээ үзлэг хийж үнэлээд хамгийн ойр эмнэлэг рүү тээвэрлэх тухай манай ахлах эмч хэлсэн. Би тухайн өвчтөний нэрийг хэн гэж байсныг одоо санахгүй байна. Ямар ч байсан би түргэний машинтай өглөө 7 цагт онгоцны буудал дээр буугаад нэлээн удаан хүлээж 10 цагийн үед онгоц газардсан. Уг онгоц газардангуут өвчтөнөө хүлээн авахад авч ирсэн эмч нь Дефибурлятор буюу зүрхэнд цахилгаан гүйдэл цохиулагч байна уу гэж хэлэхэд нь би машинд байгаа, салгах боломжгүй учир машинд ажиллуулахаас өөр арга байхгүй гэж хэлээд уг өвчтөнийг манай машин руу зөөж оруулсан. Ингээд авч ирсэн эмч нь удирдаж түргэн тусламжийн машин дотор цахилгаанаар цохиулах гэсэн боловч ажиллаагүй. Учир нь уг цахилгаан гүйдлээр цохиулагч нь өвчтөний зүрх нэгэнт зогссон бол ажилладаггүй бөгөөд зүрх сул хүчээр цохилж байх үед ажилладаг юм. Тухайн үед өвчтөнд хоёр удаа цахилгаанаар цохиулах гэсэн боловч ажиллаагүй. Ингээд уг өвчтөнд хийсэн лавшруулах тусламжийг зогсоож нас барсан цагийг бүртгэсэн...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 229-231/,
Шинжээч О.Болороогийн: ...Хүнийг үхэлд хүргэх шалтгаан нь эцсийн дүндээ амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас бардаг. Талийгаач нь голтын идээт өнгөрт үрэвсэл өөхлөгийн үжлээр хүндэрч нас барсан бөгөөд уг өвчний шалтгааны улмаас амьсгалын дутагдалд орж нас барсан байсан. Учир нь голтын идээт үрэвслийн улмаас идээт үжил нь олон эрхтний дутагдал, үүн дундаас онгоцоор нисэх үед агаарын даралтын зөрүүнээс болж амьсгалын дутагдалд илүү орно. Энэ үед онгоцоор тээвэрлэхдээ хүчил төрөгчийн төхөөрөмжийн аппарат, шаардлагатай бол соруулгын аппарат авч явах ёстой. Гэхдээ шинжилгээгээр мөгөөрсөн хоолойд амьсгалын замыг таглах хэмжээний цэр салстын агууламж тодорхойлогдоогүй. Гэхдээ шаардлагатай тоног төхөөрөмжтэйгөөр Улаанбаатар хот руу нислэг үйлдсэн ч гэсэн уг өвчтөн эсэн мэнд дараагийн шатны эмнэлэгт хүргэгдэнэ гэдгийг хэлэх боломжгүй юм. Энэ голтын идээт үрэвсэл гэдэг нь үхэлд хүргэх маш өндөр магадлалтай өвчин юм... гэх мэдүүлэг /3-р хх-ийн 212, 213/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 сарын 09-ний өдрийн дугаартай: Амь хохирогч******* нь мөгөөрсөн хоолойн цоорлын улмаас, цочмог идээт өнгөрт үрэвсэл, цээж, хүзүү, нүүрний арьсан доорх хийжилт үүсэж улмаар голтын идээт өнгөрт үрэвсэл, өөхлөгийн үхжилээр хүндэрсэн байх ба амьсгалын зам чөлөөлөх трахейстомийн гуурстай агаараар /онгоцоор/ тээвэрлэх үед амьсгалын замын саатлын шинж илэрч амьсгалын дутагдалд орсон ба үхлийн шалтгаанд нөлөөлсөн байна. Амь хохирогч*******ийн эд эсийн шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдоогүй. 222.04.07-ны өдөр цөсний хүүдийг дурангийн аргаар авах ажилбарын үед мэдээгүйжүүлгийн зорилгоор цагаан мөгөөрсөн хоолойн гуурстай ерөнхий мэдээгүйжүүлгийн явцад мөгөөрсөн хоолой гэмтсэн хүндрэл гарсан байна... шинжээчийн дүгнэлт /4-р хх-ийн 8-31/ болон шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч *******д 2022 оны 04 сарын 07-ны өдөр******* мэс заслын тасагт цөсний чулуу авхуулах хагалгаа хийлгэсэн*******т нойрсуулах гэж цагаан мөгөөрсөн хоолойн гуурс тавих эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэхдээ үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас цагаан мөгөөрсөн хоолойнд цоорол гэмтлийг үүсгэж, уг гэмтлийн хүндрэлийн улмаас*******ийн амь хохирсон нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэж байна. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн дүгнэлт, гэрч, хохирогч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дугаартай дүгнэлттэй холбогдуулаад дахин шинжээч эмч нарын гаргасан дүгнэлтүүдээр тодорхойлогдсон. Амь хохирогчид хагалгааны явцад цагаан мөгөөрсөн хоолойны эхлэл хэсэг урд хананы баруун хэсэгт дотогшоо 2х0.1 сантиметр хэмжээтэй гэмтэл үүсгэгдсэний улмаас зөөлөн тогтоцтой жижиг хэмжээний үүсгүүртэй, зүсэж үзэхэд цайвар өнгөтэй, булчирхайлаг мэт жижиг бүтэцтэй хавагнаж зузаарсан гэмтэл тогтоогдсон. Уг гэмтлийг эд эсийн шинжилгээний хариугаар үрэвслийн шинжтэй гаднын биетийн улмаас үрэвсэж хүндрэл үүссэн болох нь дараа дараагийн шинжээчдийн дүгнэлтээр нотлогдон тогтоогдсон. Уг гэмтэл нь ямар нэгэн байдлаар цагаан мөгөөрсөн хоолойнд орсон гаднын биетийн улмаас гэмтэл үүссэн. Үүнээс хамаараад амь хохирогчийн мөгөөрсөн хоолойнд цочмог идээт өнгөрт үрэвсэл, цээж, хүзүү, нүүрний арьсан доорх хийжилт үүсэж, улмаар голтын идээт өнгөрт үрэвсэл, өөхжилтийн хүндрэлээр хүндэрсэн гэсэн нөхцөл байдал тогтоогдож байна. Үүний улмаас амьсгалын замыг чөлөөлөх гуурс тавьсан байдлаараа тээвэрлэх явцад амьсгалын замын саатлын шинж илэрч энэ нь үхэлд нөлөөлсөн гэж үзсэн. Уг үхлийн үндсэн шалтгаан дээрх гэмтлийг авснаас үүдээд хүндэрсний улмаас нас барсан гэж дүгнэсэн. Амь хохирогч анх эмнэлэгт эмчлүүлэхдээ ямар нэгэн байдлаар өөрийн бие эрхтэнд архаг өвчин, согоггүй байсан нь шүүгдэгчийн мэдүүлэг, шинжээч эмч нарын дүгнэлт болон бусад нотлох баримтаар тогтоогддог. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүл мэндийн тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний акт, эмчилгээний стандартыг зөрчиж үйлдэгдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Яагаад гэвэл хохирогчийн хувьд энэ гэмтлийг урьд нь авсан гэх ямар нэгэн үндэслэл байхгүй. Хагалгааны явцад үүсгэгдсэн нөхцөл байдал нь энэ гэмт хэргийн хохирогч нас барах болсон үндсэн шалтгаан юм. Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлд эмч, мэргэжилтний үүргийг маш тодорхой тусгаж өгсөн. 28 дугаар зүйлийн 4.3-т эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, оношилгоо, шинжилгээ, урьдчилан сэргийлэх стандарт технологи, эмнэлгийн тусламжийн үйлчилгээг үзүүлэх үүрэг хүлээсэн. Энэ үүргээ ямар нэгэн байдлаар хэрэгжүүлээгүй гэж үзэж байна. Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь тусгай субъектэд хамаарах мэргэжлийн үйл ажиллагаа явуулахтай холбоотой үйлдэл байдаг. Аливаа үйлчлүүлэгч, эмчлүүлэгчийг алъя, гэмтээе гэсэн зорилго угаасаа байдаггүй. Үйлдэлдээ болгоомжгүйгээр хандан хор уршиг, хохирлыг учруулж, үүний улмаас хүний амь нас хохирсон тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчилнэ. Тийм болохоор мэдээгүйжүүлэхийн эмчээр ажиллаж байсан *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлыг шүүгдэгч *******, иргэний хариуцагч******* нараас хувь тэнцүүлэн гаргуулах үндэслэлтэй гэж үзэж байна... гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ: Улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй санал нэгдэж байна. Бид нар өмнө урьдчилсан хэлэлцүүлэг явуулах явцад шинжээчийн дүгнэлт дээр тодорхойгүй асуудлууд байна гээд шүүгчийн захирамжаар прокурорт буцаасан байдаг. Үүний дараагаар шинжээчийн дүгнэлт үйлдэгдэж ирсэн. Нотлох баримт шинжлэн судлахад миний үйлчлүүлэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд эмнэлгийн буруутай үйл ажиллагаатай холбоотой нотлох баримтыг хангалттай судалсан. Эмнэлгийн буруутай үйл ажиллагаа байсан. Гэхдээ хамгийн сүүлд гарсан дугаартай шинжээчийн дүгнэлтээр яг үхэлд хүргэх үндсэн шалтгаанд эмнэлэг буруугүй гэсэн. Хохирогчийн зүгээс эмнэлгийн үйл ажиллагаанд гомдолтой байсан. Гэвч хамгийн сүүлд гарсан шинжээчийн дүгнэлтээр бүх асуудал тодорхой болсон. Амь хохирогч******* нь ямар нэгэн өвчингүй байсан. Мөн цөсний дурангийн хагалгаа нь амь насны заалттай хагалгаа биш гэж шинжээч эмч нар тодорхой хариулт өгсөн байдаг. Үхлийн шалтгааныг шүүхийн хэлэлцүүлэгт тал талаас нь хэлэлцсэн. Мэргэжлийн үйл ажиллагааны алдаа дутагдалтай асуудлыг хэлэлцэж байгаа болохоор шинжээч эмч Ч.Эрдэмболорын дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар хангалттай тогтоогдсон гэж үзэж байна. Дараагийн тодорхой асуудал бол цагаан мөгөөрсөн хоолой цоорсон тохиолдолд маш богино хугацаанд нас барах магадлалтай гэсэн. Жишээлбэл мөгөөрсөн хоолой цоорч нүүр, хүзүү, цээжин хэсгийн арьсан доорх хий нь амьсгалын зам хий алдсанаас үүсэж уушгины амьсгалын солилцоонд нөлөөлж хүчилтөрөгчийн дутагдлаас болж богино хугацаанд нас барах аюултай гэж дүгнэсэн. Эмч нараас мэдүүлэг авахад дараагийн шатны эмнэлгийн туслалцаа авсан бол амь насыг аврах боломжтой гэж хэлээгүй, магадлалтай гэсэн. Мөгөөрсөн хоолой цоорсон тохиолдолд бохир ороод идээт үрэвсэл үүссэнээс шалтгаалаад энэ хүн үхэлд хүрсэн гэж өөрийнхөө хувьд ойлгосон. Яагаад гэвэл хэрэгт авагдсан баримтуудаар хохирогч бол эрүүл хүн байсан, тэгээд хоолойндоо гуурстай явж байгаад амь хохирсон. Эмнэлгийн байгууллага алдаа гаргасанд бид нар гомдолтой байгаа юм. Тэгэхдээ үйл ажиллагаанаас болж нас бараагүй гэдэг шинжээчийн дүгнэлтэд тусгасан. Өөрөөр хэлбэл бөглөрөх хэмжээний цэр гараагүй гэх асуудал тодорхой болсон. Тэгэхээр *******н үйлдэлд хууль зүйн дүгнэлт хийхэд Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.3-т заасны дагуу ажиллагаандаа Эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, онцгой эмчилгээ урьдчилан сэргийлэх ажлын стандарт технологи, эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх үйлчлэлийг мөрдөж ажиллах, эмнэлгийн мэргэжилтний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан баримтуудаас тогтоогдож байна. Хохиролд нийт 373,536,540 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баатарсайхан дүгнэлтдээ: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Эрүүгийн хуульд тухайн шүүгдэгчийн нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг үндсэн зарчимтай. Миний үйлчлүүлэгчид өнөөдөр шууд ял халдаах нийгэмд аюултай эс үйлдэхүйг болгоомжгүй үйлдсэн гэх нөхцөл байдал харагдахгүй байна. Учир нь хохирогчийн өгсөн мэдүүлэг, тэдгээрийг дэмжсэн нотолгооны баримтууд, шинжээчийн дүгнэлтүүдээр миний үйлчлүүлэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүн шинж хангагдаагүй гэж үзэж байна. Нөгөөтээгүүр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдах журамтай. Гэтэл хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гэдэг статусаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1-д заасныг зөрчиж байна. Прокуророос процессын маш том ноцтой зөрчил гаргачихсан. Тухайлбал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1-д амь насаараа хохирсон иргэнийг хохирогч гэнэ, хохирогчийг мөрдөгч, шүүхийн шийдвэрээр тогтоодог. Гэтэл энэ хэрэгт хохирогч байхгүй. Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гэж орж ирсэн. Хоёрдугаар асуудал нь иргэний хариуцагчийг тогтоосон мөртөө иргэний нэхэмжлэгчийг тогтоогоогүй орж ирсэн. Хэргийн оролцогчдын хуульд заасан эрх, үүргүүдийг хуваарилах, шүүх хуралдаанд оролцоход хүндрэлүүд үүсэж байна. Тухайлбал иргэний нэхэмжлэл гаргаж байна. Гэтэл иргэний нэхэмжлэгчийн статус байхгүй. Өнөөдөр үүнийг шүүх шийдвэрлэх ямар ч боломж байхгүй. Яагаад гэвэл хууль ёсны төлөөлөгчийн зүгээс иргэний нэхэмжлэгчээр тогтоолгох хүсэлтийг шат шатанд нь гаргаж байгаагүй. Үүнийг шүүх өөрөө санаачилгаараа тогтоож өгөөгүй. Гуравдугаар асуудал нь Эрүүгийн хуульд заасан нийгэмд аюултай эс үйлдэхүй, үйлдлийг тогтоох үүрэг нь прокурор, мөрдөгчид байдаг. Гэтэл өмнөх шүүгчийн захирамжийн биелэлтүүд хангагдаагүй. Шинжээчийн дүгнэлтээр яллах дүгнэлтийн хүрээнд миний үйлчлүүлэгч Мандухайг шууд гэм буруутай гэж үзээд ял халдаах хууль зүйн боломжгүй байна. Хэрвээ шүүхээр ороод нотлох боломжгүй, нотолгооны хууль зүйн хүчин чадалгүй, прокурор нотолж чадахгүй тохиолдолд шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ. Хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл гэж харж байна. Өнөөдөр иргэний эрүүл мэндийг хамгаалах, иргэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авах эрх нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд зааснаар баталгаажсан. Гэтэл амь хохирогчийн хувьд энэ эрхээ эдлэх боломжоор нь төр өөрөө хангаагүй. Яагаад вэ гэхээр энэ гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлийг прокурор судалж тогтоох үүрэгтэй. Гэтэл өнөөдөр ард иргэдийн эрүүл мэндийн төлөө ажиллаж байгаа нэг залуу эмч байна. Энэ хүн алдаа дутагдал гаргахыг би үгүйсгэхгүй. Үүнийг хаацайлж байгаа юм биш. Гэтэл бүхэл бүтэн эмнэлэг тэр тээвэрлэлтэд нь тавигдах шаардлагыг биелүүлээгүй. Онгоцоор л нисгэх нь чухал байсан болохоос онгоц доторх аюулгүй байдал, хүний эрүүл мэндийг хамгаалах нөхцөлийг хангах талаар хариуцсан эмч, эмнэлгийн ажилтнууд юу ч хийгээгүй. Тэр байтугай Дарханаас Сэлэнгэ орох замдаа нөгөө цэр соруулах аппаратгүй явсан байдаг. Идээт хүндрэл үүссэн бол эмчлэх бүхэл бүтэн эмнэлэг байхад эмчилгээ хийхгүй яасан юм. Хоёрдугаарт мөгөөрсөн хоолойн гэмтэл гарсан байна гэж үзье. Гэтэл эмнэлэг нь гуурс тавьсан байна. Гуурс тавиад амьсгалыг чөлөөтэй болгож өгсөн байна. 04 дүгээр сарын 16-ны өдөр 6 цагийн үед амь хохирогчийн амин үзүүлэлтүүд хэвийн байсан. Энэ талаар прокурор ч хэлсэн. Шинжээчийн дүгнэлтээр онгоцон дотор агаарт гарах хүндрэлүүдийг бас зааж өгсөн байна. Тэгэхээр өнөөдөр юунаас болж амь нас хохиров гэдэг чухал юм. Энийг л тогтоох ёстой. Хүчин зүйлүүд нь эмнэлэг эрүүл мэндийн стандарт шаардлага хангаагүй гээд прокурор хэлээд байна. Сүүлдээ энэ гэмт хэрэг дээр эмч хохирдог. Тийм учраас Мандухайд холбогдох гэмт хэргийн шалтгаант холбоо, гарах болсон шалтаан үндэслэлийг бүрэн дүүрэн тогтоож чадаагүй гэж үзэж байна. Өнөөдөр хоёр хөл дээрээ эмнэлгийн байгууллагад хандаад орж ирсэн иргэн гарахдаа амь насаа алдсаны улмаас энд нэг хөгшин сууж байна. Хүний амь насыг бол юугаар ч үнэлшгүй. Бидний зүгээс гуайд хүндэтгэлтэй хандаж байгаа шүү гэдгээ илэрхийлээд байгаа юм. Эндээс үхлийн шалтгаан эмнэлэг байсан эсэх, эмнэлгийн ажилтан байсан эсэх, Мандухай байсан эсэхийг тогтоох ёстой. Тэр тоног төхөөрөмжтэй онгоц гэж хэлчхээд адаглаад 220 вольтын тог байхгүй байсан. Энэ хэрэгт хэн нэгэн нь мэдээж буруутай. Хэн болохыг нь тогтоох ёстой. Өмгөөлөгчийн хувьд энэ тал дээр гуайтай 100 хувь санал нэг байгаа юм. Гэтэл өнөөдөр амьдралаа эхлүүлж байгаа залуу эмч рүү бүх юмаа чихээд байж болохгүй. Төр гуайн хохирлыг бүрэн барагдуулах ёстой. Тийм учраас шүүх энийг маш нарийн тогтоож, гуайд учирсан хохирлыг гаргуулах нь зүй ёсны асуудал юм. Харин миний үйлчлүүлэгчийн гэм буруугийн асуудал бүрэн нотлогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгох хууль зүйн бүрэн боломжтой. Хэрэвзээ тэр өмнөх шүүгчийн захирамжийн биелэлт хангалтгүй гэж үзсэн тохиолдолд хуульд заасан хугацаа өгөөд прокурорт нь буцаах ёстой. Тэр хохирогч, иргэний нэхэмжлэгчээ тогтоох хэрэгтэй. Хоёрдугаар хавтсанд байгаа хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргаж өгсөн нотлох баримтуудыг хууль зүйн хувьд үнэлэх боломжгүй. Үүнийг үнэлэх боломжтой болгох боломжийг олгох нь зүйтэй. Энэ нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийн оролцогчдыг зөв тогтоосны дараа бид мэтгэлцэх зарчим руу орох ёстой. Гэтэл өнөөдрийг хүртэл хохирогчийг тогтоогоогүй байгаа гэв.
Шүүдэгчийн өмгөөлөгч Э.Ганбат дүгнэлтдээ: Улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлт хэллээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хэрхэн яаж тогтоох вэ? Энэ гэмт хэргийн хувьд эхлээд хууль зүйн талаасаа эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэдгийг улсын яллагч нотлох ёстой. Энэ ойлголт нь Эрүүгийн мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 4.3-т байгаа эмнэлгийн мэргэжилтэн стандарт удирдамжийг мөрдөж ажиллах үүрэгтэй. Өөрөөр хэлбэл стандарт удирдамжийг мөрдөж ажиллаагүйгээс хор уршиг учирсан нь тогтоогдвол зохих ёсоор биелүүлээгүй гэж үзнэ. Гэтэл хэд хэдэн удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан. Мандухай эмч цагаан мөгөөрсөн хоолойд гуурс тавих унтуулгыг хийхдээ хэрэгт авагдсан стандартын аль заалтыг хэрхэн зөрчсөн талаар огт дүгнэлт байхгүй. Зүгээр л цагаан мөгөөрсөн хоолой гэмтжээ л гэдэг ойлголт яваад байх юм. Сүүлд гаргасан бүрэлдэхүүнтэй шинжээч нарын дүгнэлт дээр цагаан мөгөөрсөн хоолой гэмтсэн хүндрэл гарсан байна, энэ бол гарч болох хүндрэл боловч 04 дүгээр сарын 11-ний өдөр гуурс тавих ажилбар нь стандартын дагуу хийгдсэн байна гэсэн дүгнэлт гарчихсан. Өмнөх дүгнэлтүүд дээр ямар стандарт удирдамжийг зөрчсөн талаар ерөөсөө дүгнэлт гаргаагүй. Тийм учраас зохих ёсоор биелүүлээгүй гэдэг хууль зүйн ойлголтоор гэм буруутайд тооцох гол нотолгоо болсон шинжээчийн дүгнэлтээр стандартын ямар заалтыг хэрхэн зөрчсөн гэдгээ одоог хүртэл тогтоогоогүй явж байна. Анхны шинжээчийн дүгнэлтээр үхлийн шалтгааныг цагаан мөгөөрсөн хоолой гэмтсэн, үүнээс болоод хүндрэлүүд гарсан, эдгээр хүндрэлүүдээс нас баржээ гээд ерөнхийдөө тоймлоод дүгнэлт гаргасан. Гэтэл онгоцоор тээвэрлэсэнтэй холбоотой баримтыг шинжээчид хүргүүлээгүй. Шинжээч маань ерөнхий эмгэг өөрчлөлтүүдийг үндэслээд ийм өөрчлөлтөөр нас баржээ гээд дүгнэлт гаргачихсан. Гэтэл мөрдөгч онгоцонд үзлэг хийгээд, гэрчүүдээс мэдүүлэг аваад соруулах аппаратыг ажиллуулах тог байхгүй гэдэг нь тогтоогдоод энэ баримтууд дээр үндэслээд дараагийн шинжээч нар үхлийн шалтгааныг тогтоосон чинь амьсгалын дутагдалд ороод нас баржээ гэдэг. Үхлийн шалтгаан гэж учирсан гэмтлийг хэлэхгүй. Гэмтлээс үүсээд үхэлд хүргэсэн тэр хүндрэлийг хэлнэ. Нэг бол шууд үхэлд хүргэсэн ямар нэгэн гэмтлийн процессыг хэлдэг юм. Жишээлбэл хүн зодуулаад тархиндаа цус харвалаа гэхэд тархийг дарж байгаа тэр хүндрэл маань үхэлд хүргэж байгаа юм. Гэтэл тархийг нь дараагүй байвал өөр үхлийн шалтгаан байна гэсэн үг. Бага зэргийн цус харвачихсан хүн архи ихээр уусан чинь нас барчихвал үхлийн шалтгаан нь архины хордлого л гэж гарч ирнэ. Тэрнээс учирсан гэмтэл нь үхэлд хүргээгүй гэдэг байдлаар ялгаж, салгах ёстой. Энэ үүднээсээ шинжээчийн дүгнэлт зөрүүтэй гарсан учир нь өнөөдрийн шинжээчийн хэлснээр тэр онгоцоор тээвэрлэлттэй холбоотой ямар нэгэн нотлох баримт өгөөгүйтэй холбоотой. Хүнд мэргэжлийн алдаа, онооны зүйл байдаг. Энэ хүрээндээ задлан шинжилгээгээр илэрсэн 2х1 сантиметр үүсгүүр гэсэн. Тэрийг миний хувьд ургацаг гэж тайлбарласан. Үүсгүүр, ургацаг хоёр ялгаа байхгүй. Үүнийг цооролт байсан гэж үзэх шинжлэх ухааны үндэслэл байхгүй. Байсан бол шинжээч тэрийг тайрч аваад ёроолыг нь харна. Хойшоогоо нэвтэрсэн эсэхийг арын ханыг нь хүртэл шалгах ёстой юм. Ийм ажиллагааг энэ шинжээч хийгээгүй байна. Хийсэн бол энэ нь тэмдэглэлээр баталгаажна. Түүнээс биш хэдэн жилийн дараа мэдүүлэг авахад энэ нь цоорчихсон байна гэж хэлснийг ойлгохгүй. Гуравдугаар тэндээсээ эд эсийн шинжилгээ авсан эсэх асуудал яригдана. Шинжээч дүгнэлтдээ булчирхайлаг тогтоцтой зүйл гээд нүдэнд харагдахаар бичсэн. 7 хоногийн дотор тийм зүйл үүсэх боломжгүй. Зүсэж үзсэн зүйл байхгүй. Эндээсээ тусдаа дээж авах ёстой. Мөн суурийн хэсэг болон ард талд нь цоорол байсан эсэхийг үзэх ёстой. Гэтэл өнөөдөр би үзсэн, энэ зүгээр бичиглэлийн алдаа гэж тайлбарлаж байна. Дараагийн шинжээч нар энэ талаар огт дүгнэлт гаргаагүй. Мөн анхны шинжээчийн дүгнэлт дээр дурдсан цоорхойн талаар ямар ч шинжээч нотолж, дүгнэлт гаргаагүй. Тэгээд 2023 онд шүүхээс хэргийг буцаагаад аль хэсэгт цоорсныг тогтоо гэхээр шинжээчээс мэдүүлэг авсан. Шинжээч энд цоорсон гээд зураг дээр заасан байдаг. Гэтэл өнөөдөр шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч нь тухайн хонхорхой хэсэг рүү сэтгүүр орохгүй байсан гэж мэдүүлсэн. Энэ шинжээчийн дүгнэлт үнэхээр эргэлзээтэй байна. Би гурван шатны прокурорт энэ 2х1 см хэмжээтэй үүсгүүр нь юу байсан, эндээсээ эд эсийн шинжилгээ авсан эсэхийг тодруулах тухай хүсэлтийг гаргаж байсан. Энэ ажиллагааг хийж юу болохыг тогтоосон дүгнэлт байх ёстой. Хэрвээ ийм үүсгүүр урьд нь байж байгаад гуурс хийх үед түлхэгдээд цоорсон бол хий хуримтлагдах боломжтой эсэхийг шинжээчээс асуухад үгүйсгээгүй. Ийм учраас өнөөдрийн шүүх хуралдаан дээр энэ гэмт хэргийн шалтгаант холбоо тогтоогдсон гэж үзэж, гэм буруутайд тооцож хариуцлага хүлээлгэх боломж бүрдээгүй. Мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн. Бусад асуудлаар Баатарсайхан өмгөөлөгчтэй санал нэг байна гэв.
Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар амь хохирогч******* нь 2022 оны 04 сарын 06-нд эмнэлэгт хэвтэн цөсний хана 0,8 см зузаан, олон тооны чулуутай, нугаларалтай гэх онош тогтоогдож, яаралтайгаар цөсний хүүдий дурангаар авхуулах мэс засалд орох болсон. 2022 оны 04 сарын 07-нд 17 цаг 17 минутад мэс заслын эмч,, мэдээгүйжүүлэлтийн эмч ******* нар уг дурангийн мэс заслыг хийсэн.
Шүүгдэгч ******* нь 2022 оны 04 сарын 07-нд амь хохирогч*******ийн цөсний хүүдийг дурангаар авах мэс засалд мэдээгүйжүүлэгч эмчээр оролцож унтуулах, өвдөлт намдаах, булчин сулруулах, амьсгалыг зохиомлоор удирдах ажиллагааг гардан гүйцэтгэсэн ба ингэхдээ амь хохирогчийн цагаан мөгөөрсөн хоолой руу 6.5 см-ийн хэмжээтэй интубацийн гуурс хийсэн.
2022 оны 04 сарын 08-аас амь хохирогч*******ийн хүзүү, нүүр, толгой хавагдаж, эмфизм /хийжилт/ үүссэн тул цагаан мөгөөрсөн хоолойн цоорол гэж оношлон 2022 оны 04 сарын 11-нд трахейстоми тавих /цагаан мөгөөрсөн хоолойд гуурс тавих/ мэс засал хийн эрчимт эмчилгээний тасагт шилжүүлсэн боловч амь хохирогчийн биеийн байдал сайжраагүй тул Улаанбаатар хот руу дараагийн түвшний эмнэлэгт хүргүүлэхээр шийдвэрлэсэн.
2022 оны 04 сарын 16-нд “ ” ХХК-ийн JU-9993 аяллын онгоцоор Сэлэнгэ аймгаас Улаанбаатар хот руу тээвэрлэх явцад амь хохирогч******* нь нас барсан гэх үйл баримт эргэлзээгүй тогтоогдож байгаа ба энэ талаар талууд маргахгүй байна.
Харин шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь амь хохирогчийн үхлийн шалтгаан, гэмт хэргийн шалтгаант холбоог эргэлзээгүй тогтоож чадаагүй тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү гэж мэтгэлцэж байна.
Амь хохирогчийн үхлийн шалтгааныг тогтоохоор шинжээч томилсон ба Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 05 сарын 25-ны өдрийн дугаартай дүгнэлтэд: Талийгаач*******ийн цогцост мөгөөрсөн хоолойн цооролт, баруун гуяны урд дээд хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүдээс мөгөөрсөн хоолойн цооролт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.9-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаач нь мөгөөрсөн хоолойн цооролт, цочмог идээт, өнгөрт үрэвслийн улмаас голт, цээж, хүзүү, нүүрний арьсан доорх хийжилт, голтын идээт, өнгөрт үрэвсэл, өөхлөгийн үхжилээр хүндэрч нас баржээ. Мэдээгүйжүүлэгч эмчийн буруутай үйл ажиллагаанаас болж мөгөөрсөн хоолой гэмтэж цоорсон байна гэж,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 03 сарын 28-ны өдрийн дугаартай дүгнэлтэд:*******ийн биед цагаан мөгөөрсөн хоолойд цооролт, баруун гуяны урд дээд хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.******* нь мөгөөрсөн хоолойн цоорлын улмаас цочмог идээт өнгөрт үрэвсэл, цээж, хүзүү, нүүрний арьсан доорх хийжилт үүсэж улмаар голтын идээт өнгөрт үрэвсэл, өөхлөгийн үхжилээр хүндэрч нас баржээ. ...Цөсний чулуу авах дурангийн хагалгааны үед мэдээгүйжүүлгийн зорилгоор мөгөөрсөн хоолойд гуурс байрлуулах интубац ажилбар хийгдэнэ. Тухайн тохиолдолд уг ажилбарын үед цагаан мөгөөрсөн хоолой гэмтсэн байх боломжтой байна.*******ийн цогцост хийсэн шинжилгээ болон компьютер томографын шинжилгээнээс харахад хүзүүний 6, 7 дугаар нугалмын түвшинд урд хананд мөгөөрсөн хоолойд гэмтэл үүсэн байх боломжтой... гэж,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 сарын 09-ний өдрийн дугаартай дүгнэлтэд: Амь хохирогч******* нь мөгөөрсөн хоолойн цоорлын улмаас, цочмог идээт өнгөрт үрэвсэл, цээж, хүзүү, нүүрний арьсан доорх хийжилт үүсэж улмаар голтын идээт өнгөрт үрэвсэл, өөхлөгийн үхжилээр хүндэрсэн байх ба амьсгалын зам чөлөөлөх трахейстомийн гуурстай агаараар /онгоцоор/ тээвэрлэх үед амьсгалын замын саатлын шинж илэрч амьсгалын дутагдалд орсон ба үхлийн шалтгаанд нөлөөлсөн байна. 2022.04.07-ны өдөр цөсний хүүдийг дурангийн аргаар авах ажилбарын үед мэдээгүйжүүлгийн зорилгоор цагаан мөгөөрсөн хоолойн гуурстай ерөнхий мэдээгүйжүүлгийн явцад мөгөөрсөн хоолой гэмтсэн хүндрэл гарсан байна...
2022 оны 05 сарын 25-ны өдрийн дугаартай дүгнэлтийн 9 дугаартай хариулт “Талийгаач нь мөгөөрсөн хоолойн цооролт, цочмог идээт, өнгөрт үрэвслийн улмаас голт, цээж, хүзүү, нүүрний арьсан доорх хийжилт, голтын идээт, өнгөрт үрэвсэл, өөхлөгийн үхжилээр хүндэрч нас баржээ” гэснээс бусад хариулттай санал нэг байна гэж тус тус дүгнэсэн байна.
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 сарын 09-ний өдрийн дугаартай дүгнэлт нь 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан дүгнэлт бөгөөд 3 шинжээч нь амь хохирогчийн үхэлд хүргэсэн шалтгааныг амьсгалын дутагдал гэж тус тусдаа дүгнэсэн атлаа комиссын нэгдсэн дүгнэлтэд амь хохирогчийг голтын идээт өнгөрт үрэвсэл, өөхлөгийн үхжилээр хүндэрч нас барсан гэж дүгнэсэн нь уг дүгнэлт үндэслэлтэй эсэхэд эргэлзээ төрүүлж байгаа тул нотлох баримтаар үнэлээгүй болно.
Харин Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 сарын 09-ний өдрийн дугаартай 7 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлтээр анхны дүгнэлт буюу Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 05 сарын 25-ны өдрийн дугаартай дүгнэлтийн “Талийгаач*******ийн цогцост мөгөөрсөн хоолойн цооролт, баруун гуяны урд дээд хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүдээс мөгөөрсөн хоолойн цооролт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.9-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Мэдээгүйжүүлэгч эмчийн буруутай үйл ажиллагаанаас болж мөгөөрсөн хоолой гэмтэж цоорсон байна” гэсэн хэсэгтэй санал нийлж байгаа ба “Талийгаач нь мөгөөрсөн хоолойн цооролт, цочмог идээт, өнгөрт үрэвслийн улмаас голт, цээж, хүзүү, нүүрний арьсан доорх хийжилт, голтын идээт, өнгөрт үрэвсэл, өөхлөгийн үхжилээр хүндэрч нас баржээ” гэсэнтэй санал нийлэхгүй байна.
Амь хохирогч******* нь мөгөөрсөн хоолойн цоорлын улмаас, цочмог идээт өнгөрт үрэвсэл, цээж, хүзүү, нүүрний арьсан доорх хийжилт үүсэж улмаар голтын идээт өнгөрт үрэвсэл, өөхлөгийн үхжилээр хүндэрсэн байх ба амьсгалын зам чөлөөлөх трахейстомийн гуурстай агаараар /онгоцоор/ тээвэрлэх үед амьсгалын замын саатлын шинж илэрч амьсгалын дутагдалд орсон ба үхлийн шалтгаанд нөлөөлсөн байна гэж дүгнэсэн.
Эдгээр дүгнэлтийг нэгтгэн дүгнэвэл амь хохирогчийн мөгөөрсөн хоолой цоорч гэмтсэн. Уг гэмтлийн улмаас цочмог идээт өнгөрт үрэвсэл, цээж, хүзүү, нүүрний арьсан доорх хийжилт үүсэж улмаар голтын идээт өнгөрт үрэвсэл, өөхлөгийн үхжилээр хүндэрсэн байна. Уг хүндрэлүүдийн эх сурвалж нь мөгөөрсөн хоолой цооролт бөгөөд тухайн цаг хугацаанд амь хохирогчийн мөгөөрсөн хоолой руу ******* нь 6.5 см-ийн хэмжээтэй интубацийн гуурс хийснээс өөр бусад байдлаар гаднын биед орсон, оруулсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Иймд шүүгдэгч *******г 2022 оны 04 сарын 07-нд амь хохирогч*******ийн цөсний хүүдийг дурангаар авах мэс засалд мэдээгүйжүүлэгч эмчээр оролцож түүний мөгөөрсөн хоолой руу 6.5 см-ийн хэмжээтэй интубацийн гуурс хийхдээ мөгөөрсөн хоолойг цоолж гэмтээсэн гэж үзэх үндэслэлтэй.
Мөн эмнэлэг нь амь хохирогчийг Улаанбаатар хот руу шилжүүлэн тээвэрлэх үйл ажиллагааг хангалтгүй зохион байгуулсан өөрөөр хэлбэл цэр соруулах аппарат ажиллуулах боломжтой тээврийн хэрэгслээр өвчтөнийг тээвэрлээгүй нь үхлийн шалтгаанд нөлөөлсөн байгааг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүйгээс, эсхүл зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх гэмт хэрэгт тооцохоор, 3 дахь хэсэгт энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол хүндрүүлэх бүрэлдэхүүнд тооцохоор хуульчилсан.
Эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх гэмт хэрэг нь эмнэлгийн мэргэжилтэн Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.3-т заасан “үйл ажиллагаандаа эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын стандарт, технологи, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх удирдамжийг мөрдөж ажиллах”, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-д заасан “үзлэг, шинжилгээ, оношилгоо хийх, зөвлөгөө өгөх, эмчилгээ, мэс засал, ажилбар хийх” зэрэг хуулиар хүлээсэн үүргээ санаатай зөрчсөн үйлдэл эсхүл зохих ёсоор биелүүлээгүй эс үйлдэхүй бөгөөд үүний улмаас хохирогчийн эрүүл мэнд, амь насанд хохирол учирсан байх шалтгаант холбоог агуулна.
Шүүдэгч *******н үйлдэл нь амьсгалыг зохиомлоор удирдах зорилгоор интубацийн гуурс тавихдаа Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.3-т заасан “үйл ажиллагаандаа эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын стандарт, технологи, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх удирдамжийг мөрдөж ажиллах” үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу MNS 4621:2008 Монгол Улсын стандартын дагуу ажиллаагүйгээс цагаан мөгөөрсөн хоолойг гэмтээсэн, улмаар талийгаачийн мөгөөрсөн хоолойн цооролт нь цочмог идээт, өнгөрт үрэвсэл, цээж, хүзүү, нүүрний арьсан доорх хийжилт, голтын идээт, өнгөрт үрэвсэл, өөхлөгийн үхжил болон хүндэрч нас барснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь оршуулгын зардал болон талийгаачийг Улаанбаатар хот руу тээвэрлэж явсан онгоцны зардалд нийт 41,940,450 төгрөг, гэм хор учруулсны төлбөрт амь хохирогчийн охин А.Тогтууныг насанд хүрэх хүртэл сар бүр 2,612,500 төгрөг, хүний амь нас хохирсны гэм хорын нөхөн төлбөрт 323,136,000 төгрөг, өмгөөллийн хөлс 10,500,000 төгрөг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон зардал буюу тээврийн зардал 960,000 төгрөг, нийт 376,536,540 төгрөгийг нэхэмжилж, гэм буруутай этгээд болон иргэний хариуцагчаас хувь тэнцүүлэн гаргуулах саналтай байна гэв.
Гэм хор учруулсны төлбөр 2,612,500 төгрөгийг тооцохдоо амь хохирогч******* нь 2015-2016 онуудад нягтлан бодогчоор ажиллаж байгаад БНСУ руу явсан. Өнөөдрийн байдлаар хохирогчийн ажиллаж байсан “ ” ХХК нь шинээр ажилд орж байгаа нягтлан бодогч 3,010,000 төгрөгийн цалин санал болгож байгаа тул нас барагчийн цалин хөлсний дунджийг 3,010,000 төгрөгөөр тооцож, үүнээс тэжээгчээ алдсаны тэтгэмж 397,500 төгрөгийг хасаж сард 2,612,500 төгрөгөөр тооцсон.
Хүний амь нас хохирсны гэм хорын нөхөн төлбөр 323,136,000 төгрөгийг тооцохдоо амь хохирогч******* настай байсан, идэвхтэй ажил хөдөлмөр эрхлэх насны дээд хэмжээ 65 нас байна. Үүний зөрүү 34 нас буюу 408 сарыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792,000 төгрөгөөр тооцож 323,136,000 төгрөг нэхэмжилсэн гэж тайлбарлаж байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын ...амь нас...-д хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 498 дугаар зүйлийн 498.1-д “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж тус тус заасан ба шүүгдэгч ******* нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр эмнэлэгт ажиллаж албан үүргээ гүйцэтгэж байхдаа бусдад гэм хор учруулсан, эмнэлэг нь амь хохирогчийг Улаанбаатар хот руу шилжүүлэн тээвэрлэх үйл ажиллагааг хангалтгүй зохион байгуулсан нь үхлийн шалтгаанд нөлөөлсөн тул хохирогчид учирсан гэм хорыг иргэний хариуцагч эмнэлгээс гаргуулах нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-д “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэж, 508.3-т “Төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо нас барагчид өөрт нь болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджаар тогтооно. Түүнчлэн төлбөр авагч тус бүрд тогтоосон төлбөрийн хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасна” гэж тус тус заасан тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн оршуулгын зардал болон талийгаачийг Улаанбаатар хот руу тээвэрлэж явсан онгоцны зардал 41,940,450 төгрөг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон зардал буюу тээврийн зардал 960,000 төгрөгийг эмнэлгээс гаргуулах үндэслэлтэй.
Харин гэм хор учруулсны төлбөр 2,612,500 төгрөгийг тооцохдоо нас барагчийн цалин орлогын дунджаар бус “ ” ХХК нь шинээр ажилд орж байгаа нягтлан бодогчдоо санал болгодог цалингийн хэмжээгээр тооцсон нь үндэслэлгүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүх гэм хор учруулсны төлбөрийг тооцох боломжгүй байна.
Хүний амь нас хохирсны гэм хорын нөхөн төлбөр 323,136,000 төгрөгийн нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэл тодорхойгүй, Шүүх шинжилгээний тухай хуульд зааснаар сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэж заасан тул сэтгэцэд учирсан гэм хор гэж үзэхгүй.
Өмгөөллийн хөлс 10,500,000 төгрөг нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт хамаарахгүй байна.
Иймд иргэний хариуцагч эмнэлгээс 42,900,540 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хүний амь нас хохирсны гэм хорын нөхөн төлбөр 323,136,000 төгрөг, өмгөөллийн хөлс 10,500,000 төгрөг, нийт 333,636,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, гэм хор учруулсны төлбөрт сар бүр 2,612,500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэлээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэм хор учруулсны төлбөр гаргуулах нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.
3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар
Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.
Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ам бүл 4, нөхөр болон бага насны 2 хүүхдийн хамт амьдардаг, хүүхэд асрах чөлөөтэй байгаа зэрэг хувийн байдал нь түүний хувийн байдлыг тогтоосон нотлох баримтаар нотлогдож байна.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанд улсын яллагчаас: шүүгдэгч *******д анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, бага насны хүүхдүүдтэй зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эмчлэх эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 6,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч улсын яллагчаас гаргасан саналтай холбогдуулан тусгайлан санал гаргаагүй болно.
Шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь улсын яллагчийн саналыг дэмжиж байна гэв.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар мэргэжлийн үйл ажиллагаа явуулах буюу эмчлэх эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь шүүгдэгчийн гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгчийн хүүхэд асрах чөлөөтэй байгаа байдал, сарын орлого, ам бүлийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 20 сарын хугацаанд сар бүр 300,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдвал зохино.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хагалгааны үйл явцын бичлэг бүхий 1 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.
Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******г эмчлэх эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 20 /хорь/ сарын хугацаанд сар бүр 300,000 /гурван зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан эмчлэх эрхийг 01 жилийн хугацаагаар хасах ялын хугацааг ял оногдуулсан үеэс тоолсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар эмнэлгээс 42,900,540 /дөчин хоёр сая есөн зуун мянга таван зуун дөч/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Сэлэнгэ аймгийн Сайхан сумын тоотод оршин суух Сосорбарам овогт Паламын /РД:, утас: /-д олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гэм хор учруулсны төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, амь насанд гэм хор учруулсны төлбөр 323,136,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 10,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэм хор учруулсны төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
9. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сиди-г хэрэгт хавсаргасугай.
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
11. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
12. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР