Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 142/ШШ2019/00145

 

 

 

 

 

     

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ё Х /регистрийн дугаар /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ж Х ХХК /регистрийн дугаар /-д холбогдох,

Эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэг, алданги нийт 8 107 500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.х , хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.х шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Машин механизм түрээслэх гэрээний үүрэг 8 107 500 төгрөг /найман сая нэг зуун долоон мянга таван зуун/-ийг гаргуулах тухай. Миний бие нь 2018 оны 09 сарын 24-ний өдөр ж х ХХК-ийг төлөөлж ерөнхий нягтлан бодогч С.н той НYUNDAI брэндийн эксваторийг түрээслэх, түрээслүүлэх гэрээ хийж, миний эзэмшлийн экскваторийг түрээслэгч болох ж х ХХК нь 2018 оны 09 сарын 25-ны өдрөөс 2018 оны 10 сарын 24-ний өдрийг хүртэл нэг сарын хугацаатай 15 000 000 (Арван таван сая) төгрөг төлөхөөр Өмнөговь аймгийн Гашуун сухайт чиглэлийн авто замын хөвөөний эвдрэлийн ажлыг гүйцэтгэхээр харилцан тохиролцсон. Улмаар гэрээний 2.5-д зааснаар гэрээний төлбөрийн урдьчилгаа 7 500 000 төгрөгийг түрээслүүлэгч тал болох миний бие түрээслэгч талаас хүлээн авсан. Ингээд миний зүгээс гэрээгээр хүлээсэн ажлаа хугацаанд нь хийж гүйцэтгэн ажиллаад гэрээний хугацаа дууссанэас хойш 14 хоногийн дараа буюу гэрээний 2.6-д зааснаар 2018 оны 11 сарын 07-ны өдрөөс хойш үлдэгдэл төлбөрөө өгөхийг шаардсан боловч С н нь үлдэгдэл төлбөрөө өгнө гэж утсаар хэлдэг боловч өгөхгүй байсаар өдий хүрлээ. Би энэ хугацаанд өөр иргэн хуулийн этгээдтэй гэрээгээр ажилласан бол төдий чинээний орлого ашиг олох байсан, гэтэл гэрээний үүргээ зөрчиж төлбөр мөнгөө төлөхгүй байгаа тул хариуцагч ж х ХХК-иас гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэл 7 500 000 төгрөгийг гэрээний 5.1-д зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн хоног тутам 0.3 хувиар алданги тооцож, 2018 оны 11 сарын 07-ны өдрөөс 2018 оны 12 сарын 03-ны өдрийг хүртэл 27 хоногийн алданги 607 500 төгрөг, нийт 8 107 500 (найман сая нэг зуун долоон мянга таван зуун) төгрөгийг гаргуулж өгнө үү. гэв.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.б шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Тус компани Өмнөговь аймгийн Таван толгой-Гашуун сухайт чиглэлийн авто замын хөвөөний эвдрэл, 161+800 км дээр бетон замын засварын ажилд иргэн Б.х тай НYUNDAI брэндийн экскаватор түрээслэх, түрээслүүлэх №24 тоот гэрээг 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 1 сарын 15 000 000 төгрөгийн түрээсийн төлбөр төлөх нөхцөлтэйгээр байгуулсан. Түрээсийн төлбөрийн урьдчилгаа 7 500 000 төгрөгийг 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр түрээслүүлэгч Б.х ын дансанд шилжүүлсэн. Дээрх зам засварын ажлыг 2018 оны 09 дүгээр сарын 27-ноос 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр дуусч хүлээлгэн өгсөн боловч уг ажлын санхүүжилт 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр орсон болно. 2018 оны 12 дугаар сарын 27-нд Жавхлан Харгуй" ХХК-ийн захирал Б.б иргэн Б.х тай утсаар холбогдон түрээсийн үлдэгдэл төлбөрийг ярилцан тохиролцож 4 500 000 төгрөгийн төлбөр төлснөөр тооцоо дуусахаар болсон. Уг төлбөрийг 2018 оны 12 дугаар сарын 27-нд иргэн Б.х ын дансанд шилжүүлж, түрээсийн тооцоо дууссан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

Шүүх зохигчийн тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.х нь ж х ХХК-д холбогдуулан эд хөрөнгө хөлсөлсний төлбөр 8 107 500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэсэн, шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Б.х нь, хариуцагч ж х ХХК-д экскаватораа 2018 оны 9 дүгээр сарын 24-нөөс /25-наас/ 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл нэг сарын хугацаатай, сарын 15 000 000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцон, гэрээ байгуулсан болох нь талуудын тайлбар, хэргийн 24-26 дугаар хуудас дахь гэрээгээр нотлогдож байна.

Хариуцагч тал нь гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй бөгөөд, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: ...22 өдөр л ажилласан. Б.х нь сул зогсолтын мөнгө нэхэж байна. Уг нь би яриад ойлголцсон гэж бодсон юм. Ажил 18-нд дууссан, тэгээд Б.х тай ярьсан. Эхлээд 7 500 000 төгрөг өгсөн, дараа нь 3 500 000 төгрөг өгөх байснаа, наана цаадахаа бодоод 4 500 000 төгрөг шилжүүлсэн... гэж тайлбарласан.

Хариуцагчийн нэхэмжлэлээс татгалзсан татгалзлыг нэхэмжлэгч зөвшөөрөхгүй байх ба, гэрээний дагуу л мөнгөө нэхэж байна, экскаватор надад 2018 оны 10 дугаар сарын 27-нд ирсэн гэдэг.

Талууд гэрээний хугацааг 2018 оны 09 дүгээр сарын 25-наас 2018 оны 10 дугаар сарын 24 гэж тохирсон байх ба, экскаватор нь Б.х т 2018.10.27-нд ирсэн байна.

Хариуцагчийн төлөөлөгчийн тайлбарласнаар талууд сул зогсолтын талаар гэрээндээ тусгаагүй, 2018.10.18-нд хариуцагч ж х ХХК-ийн ажил дууссан гэдэг нь баримтаар нотлогдоогүй бөгөөд, гэрээнд ажлыг хугацаанаас өмнө дууссан тохиолдолд яах талаар /түрээсийн мөнгө хасагдах/ харилцан тохиролцоогүй. Тиймээс хариуцагчийн төлөөлөгчийн, гэрээнд заасан хугацаанаас өмнө ажлаа дууссан гэсэн нь гэрээний үүргээс татгалзах үндэслэл болохгүй юм.

Талууд эрх зүйн харилцаагаа түрээсийн гэрээ гэж нэрлэж байх боловч түрээсийн гэрээг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд зохигчийн хооронд түрээсийн гэрээний харилцаа бус эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан тул Б.х нь хариуцагч ж х ХХК-аас эд хөрөнгө хөлслүүлсний хөлсийг шаардах эрхтэй.

Зохигчид гэрээний үнийг сарын 15 000 000 төгрөгөөр тохирсон байх ба, Гэрээний 5.1, 5.2-т зааснаар хөлслөгч гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй үүргийн үнийн дүнгээс 0,3 хувийн алданги төлөхөөр тохиролцжээ.

Нэхэмжлэл гаргаснаас хойш 4 500 000 төгрөгийг хариуцагч байгууллага Б.х т шилжүүлсэн болох нь талуудын тайлбараар нотлогдож байх ба, нэхэмжлэлийн үнийн дүнг 3 607 500 төгрөг болсон гэж нэхэмжлэгч тодруулсан.

Иймд дээрх үндэслэлээр хариуцагч ж х ХХК-аас эд хөрөнгө хөлсөлсний төлбөр 3 000 000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 07-ноос 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийг хүртлэх 27 хоногийн алданги 607 500 төгрөгийг гаргуулан олгох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 144 670 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 144 670 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг тус тус баримтлан хариуцагч ж х ХХК-с нийт 3 607 500 төгрөг гаргуулан Б.х т олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 144 670 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч ж х ХХК-аас 144 670 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА