Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 156/ШШ2018/00093

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 09 өдөр

    Дугаар 156/ШШ2018/00093

              Хэнтий аймаг

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

156/2017/00733/И

 

            Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

             Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй

            Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, Хийдийн 0-01 тоотод оршин суух, Харчуу овогт Гомбын Батсүх /РД:СЭ78042615/-д холбогдох

            “үл хөдлөх эд хөрөнгийн татвар 720 000 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхнаран, Э.Хишигцэнд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам нар оролцов.

            Хариуцагч Г.Батсүхэд 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр шүүх хуралдааны товыг албан ёсоор мэдэгдсэн байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т “Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ, мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т: “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ” гэсэн заалтуудыг үндэслэн хариуцагчийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэв.       

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Татварын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Гантөмөр нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн иргэн Г.Батсүх нь 2012 онд Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Ү-1817002008 дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг 300 000 төгрөгөөр үнэлүүлж худалдаа үйлчилгээ явуулах зориулалттайгаар гэрчилгээ авсан. 2012-2014 он хүртэл Үл хөдлөх хөрөнгийн албан татвар төлж байгаад 2015, 2016, 2017 онуудад огт төлөөгүйгээс одоогийн байдлаар 720 000 төгрөгийн татварын өр үүсээд байна. Улсын бүртгэлийн эд хөрөнгийн лавлагааг хувьцааны лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа зэргийг гаргуулан хавсаргасан болно. Татварын Ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д Татвар төлөгч дараах үүрэг хүлээнэ, 18.1.1-д Татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх гэсэн заалтуудыг зөрчиж байна. Иймд үл хөдлөх хөрөнгийн татварт төлөөгүй 720 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. /хх-ийн 1х/

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхнаран, Э.Хишигцэнд нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн иргэн Г.Батсүх нь 2012 онд Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Ү-1817002008 дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг 300 000 төгрөгөөр үнэлүүлж худалдаа үйлчилгээ явуулах зориулалттайгаар гэрчилгээ авсан. 2012-2014 он хүртэл Үл хөдлөх хөрөнгийн албан татвар төлж байгаад 2015, 2016, 2017 онуудад огт төлөөгүйгээс одоогийн байдлаар 720 000 төгрөгийн татварын өр үүсээд байна. Иймд үл хөдлөх хөрөнгийн татварт төлөөгүй 720 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад          

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Татварын хэлтэс нь хариуцагч Г.Батсүхэд холбогдуулж        “үл хөдлөх эд хөрөнгийн татвар 720 000 төгрөгийг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

          Хариуцагч Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн иргэн Г.Батсүх нь 2012 онд Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Ү-1817002008 дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг 30 000 000 /гучин сая/ төгрөгөөр үнэлүүлж худалдаа үйлчилгээ явуулах зориулалттайгаар гэрчилгээ авсан болох нь Татварын тооцооллын маягт /хх-ийн 4х/, үл хөдлөх, эд хөрөнгийн лавлагаа /хх-ийн 6х/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.    

          Хариуцагч Г.Батсүх нь Татварын Ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д Татвар төлөгч дараах үүрэг хүлээнэ, 18.1.1-д Татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.3-т:үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т: татвар төлөгч холбогдох баримт, бүртгэлд үндэслэн хуулийн дагуу төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлон татварын тайланд тусгаж, бэлэн болон бэлэн бус хэлбэрээр татвар төлнө гэсэн заалтыг зөрчсөн байна.

          Хариуцагч Г.Батсүх нь Хэрлэн сумын 1 дүгээр багт хүнсний дэлгүүр, биллъярдын үйлчилгээ явуулдаг үл хөдлөх эд хөрөнгийн албан татварт 2015 онд 240 000 төгрөг, 2016 онд 240 000 төгрөг, 2017 онд 240 000 төгрөг нийт 720 000 төгрөгийг төлөх ёстой байсан байна.

         

          Иймд нэхэмжлэгч Хэнтий аймгийн Татварын хэлтсийн “үл хөдлөх эд хөрөнгийн татвар 720 000 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

     

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,  116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:        

 

           1. Татварын Ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.3, 18 дугаар зүйлийн 18.1.1, 43 дугаар зүйлийн 43.1-т зааснаар хариуцагч Г.Батсүхээс үл хөдлөх хөрөнгийн албан татварт 720 000 /долоон зуун хорин мянга/ төгрөгийг гаргуулж, Хэнтий аймгийн Татварын хэлтэст олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Хэнтий аймгийн Татварын хэлтсийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдаж, хариуцагч Г.Батсүхээс улсын тэмдэгтийн хураамжинд 21 830 төгрөгийг гаргуулж, улсын орлого болгосугай.

3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор ёсчлогдсоноос хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба  шийдвэрийг гардан аваагүй нь 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг хэргийн оролцогчдод мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Ж.БОЛДБААТАР