| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэжаргалын Ариунаа |
| Хэргийн индекс | 156/2017/00698/И |
| Дугаар | 156/ШШ2018/00085 |
| Огноо | 2018-02-08 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 156/ШШ2018/00085
| 2018 оны 02 сарын 08 өдөр | Дугаар 156/ШШ2018/00085 | Хэнтий аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2017/00698/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Ариунаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэгт байрлах “Заг Капиатал” ХХК /РД:0002747/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, Хийдийн 34-04 тоотод оршин суух, Халбин овогт Норовсүрэнгийн Өсөхбаяр /РД:СЙ76083012/-д холбогдох,
"гэрээний үүргийг хангуулах” тухай шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Санжаацэрэн /итгэмжлэл хх 2/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ариунтуяа /итгэмжлэл хх 35/, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Ганхуяг /ЭЗТҮГ хх 56/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Уламбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Санжаацэрэн, шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Хариуцагч Н.Өсөхбаяраас үндсэн зээлийн үлдэгдэл 1 120 000 төгрөг, хүү 78 400 төгрөг, хугацаа хэтрүүлсэн хоногийн хүү 156 800 төгрөг, алданги 201 600 төгрөг, нотариатын зардал 6 700 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 39 800 төгрөг нийт 1 603 380 төгрөг нэхэмжилж байна.
Зээлдэгч Н.Өсөхбаяр манайд нийт 3 сая гаруй төгрөг төлсөн нь үнэн боловч гэрээнд заасан хугацаанд зээл, хүүгээ төлөхгүй сар бүрийн гэрээнийхээ хугацааг удаа дараа хэтрүүлж бидний ажилд хүндрэл учруулж байсан.
Иймд Иргэний хуулийн 281, 282, 235 дугаар зүйл болон барьцаат зээлийн гэрээний 1.1.6, 1.1.7-д заасны дагуу нэхэмжлэл гаргасан” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ариунтуяагийн өмгөөлөгч Д.Ганхуяг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Нэхэмжлэлийн шаардлагыг миний үйлчлүүлэгч бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. 2015 оны 12 сарын 02 өдөр нэхэмжлэгч нь хариуцагчтай барьцаат зээлийн гэрээ хийсэн байдаг ба уг гэрээний дагуу 2 500 000 төгрөгийг 8 сарын хугацаатай, сарын 7 хувийн хүүтэй зээлж авсан байдаг.
Шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд хариуцагч нь 3 575 000 төгрөг төлж 8 сарын хугацааны хүү тооцох юм бол 83 439 төгрөгийг илүү төлсөн байх тул гэрээний дагуу манайх зээл, хүү, алданги төлөх ёсгүй гэж үзэж нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна.
Нэхэмжлэгч нь Банк бус санхүүгийн байгууллага биш “Заг капитал” ХХК юм байна лээ, гэвч Банк бус санхүүгийн байгууллага гэж өөрсдийгөө нэрлэж байгаа нь буруу гэж үзэж байна” гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь “Заг капитал” ХХК нь хариуцагч Н.Өсөхбаяраас “гэрээний үүргийн биелэлт буюу зээлийн үлдэгдэл 1 120 000 төгрөг, хүү 78 400 төгрөг, хугацаа хэтрүүлсэн хоногийн хүү 156 800 төгрөг, алданги 201 600 төгрөг, бүгд 1 556 800 төгрөг, мөн нотариатын зардал 6 700 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 39 880 төгрөг, нийт 1 603 380 төгрөг” шаардаж байна.
Хариуцагч нь 2015 оны 12 сарын 02 өдөр 2 800 000 төгрөгийг 8 сарын хугацаатай сард 7 хувийн хүүтэй зээлсэн талаар маргаагүй боловч зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн тул нэхэмжлэгчийн өмнө зээл, хүү, алданги төлөх үүрэггүй гэж маргаж байна.
2015 оны 12 сарын 02 өдөр зохигчид ХУ-004 дугаартай, барьцаат зээлийн гэрээг бичгээр байгуулж, хариуцагчийн 2128ХЭҮ улсын дугаартай Ssangyoung Istana маркийн автомашиныг барьцаалан, сарын 07 хувийн хүүтэй 30 хоногийн хугацаатай 2 500 000 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагчид зээлүүлсэн нь /хх 8/ хэрэгт авагдсан барьцаат зээлийн гэрээ болон зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна.
Зээлдүүлэгч нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ явуулах эрхтэй /хх 11/ байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 286 дугаар зүйлд заасан Барьцаалан зээлдэх журмаар зээл олгох гэрээ байгуулагдсан байна гэж дүгнэв.
Зээлийн гэрээнд гэрээний хугацааг 30 хоног гэж бичсэн хэдий ч гэрээг 8 сарын хугацаатай байгуулсан талаар зохигчид маргаагүй тул гэрээний хугацааг 2017 оны 07 сарын 02 өдөр буюу 8 сарын дараа дууссан гэж үзсэн болно.
Нэхэмжлэгч нь зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд зээл, хүүгээ төлөхгүй сар бүрийн гэрээнийхээ хугацааг удаа дараа хэтрүүлж байсан гэж тайлбарлаж, зээлийн үлдэгдэл 1 120 000 төгрөг, хүү 78 400 төгрөг, хугацаа хэтрүүлсэн хоногийн хүү 156 800 төгрөг, алданги 201 600 төгрөг нэхэмжилдэг боловч үндэслэлээ тодорхойлж, шаардлагаа нотлож чадаагүй, энэ тухай шүүхэд нотлох баримт гаргаж өгөөгүй ба зохигчдын байгуулсан зээлийн гэрээний 1.1.4-т заасны дагуу зээлийг эргэн төлөх хуваарь, графикийг хавсралтаар батлаагүй байна.
Иймд зээлдэгч үүргээ биелүүлээгүй хугацааг 2017 оны 07 сарын 02 өдрөөс буюу гэрээний хугацаа дууссан өдрөөс тоолох нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч Н.Өсөхбаяр гэрээний хугацаа дууссан 2016 оны 07 сарын 02 өдрийн байдлаар 1 951 000 төгрөгийг, дээрх хугацаанаас хойш 1 790 000 төгрөгийг зээлдүүлэгчид тус тус төлж, нийт 3 841 000 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт төлж барагдуулсан нь нэхэмжлэгчээс нотлох баримтаар гаргаж өгсөн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 14-26/, бэлэн мөнгөний орлогын баримт /хх 27-28/ хариуцагчаас нотлох баримтаар гаргаж өгсөн зээл төлсөн тухай тооцоолол /хх 61/ зэрэг нотлох баримтаар тогтоогдсон ба зохигчид энэ талаар маргаагүй болно.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн үлдэгдэл /2 500 000–1 951 000/ 549 000 төгрөг, алданги /549 000*50%/ 274 500 төгрөг болон зээлийн хүүг хууль, гэрээнд заасны дагуу шаардах эрхтэй боловч хариуцагч нь 2016 оны 07 сарын 22 өдрөөс 2017 оны 08 сарын 25 өдөр хүртэл нийт 1 790 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн нь нотлогдсон тул шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө хариуцагч нь зээлийн гэрээний дээрх үүргээ биелүүлсэн байжээ гэж үзэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч шаардлагаа нотлоогүй ба хариуцагчийн татгалзал үндэслэлтэй байх ба нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 286 дугаар зүйлийн 286.2, 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан Н.Өсөхбаяраас “зээлийн үлдэгдэл 1 120 000 төгрөг, хүү 78 400 төгрөг, хугацаа хэтрүүлсэн хоногийн хүү 156 800 төгрөг, алданги 201 600 төгрөг, нотариатын зардал 6 700 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 39 800 төгрөг нийт 1 603 380 төгрөг гаргуулах” тухай “Заг капитал” ХХК-ний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч “Заг капитал” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39 880 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал энэ Иргэний хэрэг хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах, шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг зохигчдод мэдэгдэсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.АРИУНАА