Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 10 өдөр

Дугаар    2021/ДШМ/08  

 

Ш.Ж-нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж, тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2021/ШЦТ/221 дүгээр шийтгэх тогтоолтой, Ш.Ж-нарт холбогдох эрүүгийн 1813000960089 дугаартай хэргийг шүүгдэгч Ш.Ж-болон хохирогч Т.Г-гийн гаргасан  давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Х.Наурызбек, тус аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Парида, шүүгдэгч Ш.Ж-, түүний өмгөөлөгч Д.Айбек, Х.Зулхаш, цагаатгагдсан этгээд С.Г-, хохирогч О.Х-, Ш.А-, хохирогч Т.Г-, М.Д- нарын өмгөөлөгч С.Нургайып, орчуулагч Б.Арманбек  нар оролцов.

 

1. Ш.Ж нь 2017 оны 01 дүгээр сараас 2019 оны 8 дугаар сарын хооронд гадаад улсаас бага хүүтэй, их хэмжээний зээл олгож, 500.000.000 төгрөг хүртэл зээл тараана гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Ш.А-, С.М-, К.Х-нарын нийт 43 хохирогчийн 186.583.400  төгрөгийн мөнгөн хөрөнгийг өөрийн болон бусдын дансаар дамжуулан бэлэн бусаар болон бэлнээр авч, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг 3.1 дэх заалтад хамаарах гэмт хэрэгт,

2. С.Г нь “гадаад улсаас бага хүүтэй, 100.000.000 төгрөг хүртэл зээл олгох эрх олгоно”, “гадаадын иргэн бага хүүтэй, их хэмжээний зээл олгож байгаа”, “зээлийн урьдчилгаа, баталгааны төлбөр, гаалийн татварт мөнгө төлөх шаардлагатай байгаа”, “гадаадаас мөнгөн хөрөнгө шилжиж ирсэн ба нууц дугаарын сүүлчийн 3 орны тоог мөнгө шилжүүлсэн тохиолдолд өгнө гэж байна” гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр ХААН банкны ХХХХХХХХХХ дугаартай дансаар дамжуулан иргэн Ш.А-ээс 980.000 төгрөгийг залилан мэхэлж авсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2021/ШЦТ/221 дүгээр шийтгэх тогтоолоор: “1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч С.Г-д Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 6.1 дэх заалтад зааснаар улсын яллагчаас шүүгдэгч Ш.Ж-ийн үйлдлээс хохирогч А.М-, М.Н-нарын холбогдох хэсэгт яллахаас татгалзсаныг дурдсугай.

3. Шүүгдэгч  Ш.Ж-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ш.Ж-ийг 7 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Ж-д оногдуулсан 7 жилийн хорих ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Ж-ийн цагдан хоригдсон 31 /гучин нэг/ хоногийг түүний эдлэх хорих ялаас хасаж тооцсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ш.Ж-ээс 980.000 төгрөг гаргуулан хохирогч Ш.А-д, 2.280.000 төгрөг гаргуулан хохирогч С.М-д, 980.000 төгрөг гаргуулан хохирогч К.Х-д, 980.000 төгрөг гаргуулан хохирогч Б.А-д, 980.000 төгрөг гаргуулан хохирогч Р.Е-т, 980.000 төгрөг гаргуулан хохирогч Б.Б-д, 2.950.000 төгрөг гаргуулан хохирогч Т.Г-д, 980.000 төгрөг гаргуулан хохирогч Ш.А-д, 980.000 төгрөг гаргуулан хохирогч К.Т-д, 6.904.000 төгрөг гаргуулан хохирогч Т.Б-д, 980.000 төгрөг гаргуулан хохирогч Ж.Ө-, 980.000 төгрөг гаргуулан хохирогч Н.Б-д, 9.921.700 төгрөг гаргуулан хохирогч С.Г-д, 3.000.000 төгрөг гаргуулан хохирогч Б.И-д, 1.300.000 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.М-д, 3.500.000 төгрөг гаргуулан хохирогч Т.Ж-т, 2.150.000 төгрөг гаргуулан хохирогч К.А-д, 4.000.000 төгрөг гаргуулан хохирогч Х.Г-д, 22.646.000 төгрөг гаргуулан хохирогч М.Д-д, 1.730.000 төгрөг гаргуулан хохирогч Б.С-д, 5.935.000 төгрөг гаргуулан Ш.Ө-т, 5.182.000 төгрөг хохирогч О.Х-эд, 2.250.000 төгрөг гаргуулан хохирогч Б.Х-т, 1.178.000 төгрөг гаргуулан хохирогч Б.Б-д, 3.303.000 төгрөг гаргуулан хохирогч Г.Э-д, 6.304.000 төгрөг гаргуулан хохирогч П.А-д, 9.700.000 төгрөг гаргуулан хохирогч Д.Г-т, 7.926.500 төгрөг гаргуулан хохирогч Т.Н-д, 7.276.000 төгрөг гаргуулан хохирогч Д.Р-д, 15.400.000 төгрөг гаргуулан хохирогч Г.Б-т, 4.226.000 төгрөг гаргуулан хохирогч С.М-т, 2.000.000 төгрөг гаргуулан хохирогч Д.Э-д, 5.176.000 төгрөг гаргуулан хохирогч С.Д-д, 6.545.000 төгрөг гаргуулан хохирогч Д.Б-д, 7.776.000 төгрөг гаргуулан хохирогч Н.А-т, 6.430.000 төгрөг гаргуулан хохирогч А.Х-т, 4.350.000 төгрөг гаргуулан хохирогч М.Н-д, 3.905.500 төгрөг гаргуулан хохирогч Х.А-нарт тус тус олгож, хохирогч Т.Г-гийн нэхэмжилсэн хохирол 4.500.000 төгрөгийг гаргуулахыг хүссэн хэсгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч М.Д-ы нэхэмжилсэн 930.000 төгрөг, хохирогч А.М-ы нэхэмжилсэн 3.500.000 төгрөгийг тус тус хэлэлцэхгүй орхисугай.” гэж шийдвэрлэжээ.

           

Шүүгдэгч Ш.Ж-ийн давж заалдах гомдолд: “1. Шүүгдэгч Ш.Ж-миний бие Баян-Өлгий аймгийн Хараагүй иргэдийн нийгэмлэгт ажиллаж байхдаа Хөгжлийн бэрхшээлтэй, хараагүй, тахир дутуу, ажил хөдөлмөртэй, цалин орлоготой болгох, тэдний амьдралын баталгааг хангах, үүднээс гишүүдийн санаачилгаар “А” Хадгаламжийн зээлийн хоршоо байгуулж, Удирдах гишүүдийг сонгон баталгаажуулж, олонхын саналаар Ш.Ж-намайг уг хоршооны даргаар сонгосон юм. Энэ талаар бүх баримт бичиг, хоршооны дүрэм холбогдох журмууд, хавтаст хэрэгт авагдсан. Ш.Ж-миний бие “А” ХЗХ-нд гадаадаас хөрөнгө, оруулалт оруулах, хоршооны гишүүдийг байнгын эх үүсвэртэй, хөрөнгө орлоготой болгох, үүднээс байгаа бүх бололцоог дайчилж, мэдээлэл эрж хаях явцад Франц улсын LSL банкны захирал М.М-гэдэг хүнтэй харьцаа тогтоож, хөрөнгө оруулалт хийхээр цахим сүлжээгээр холбогдож гэрээ хэлцэл хийж, урьдчилгаа төлбөр хийх санал тавьсан юм. Үүнийг хамт олон “А” ХЗХ-ны бүх гишүүдэд танилцуулахад гишүүд цөм дэмжиж өөрсдийн бололцооны хирээр урьдчилгаа төлбөр хийсэн. Гишүүдийн оруулсан урьдчилгааны төлбөрийг миний бие хүн тус бүрийн нэр дээр Франц улсын LSL банканд захирал М.М-д бүрэн шилжүүлсэн. Энэ талаарх бүх санхүүгийн бичиг баримтууд хавтаст хэрэгт бүрэн авагдсан байгаа. Эдгээр санхүүгийн албан ёсны төлбөрийн баримтаар шүүгдэгч Ш.Ж-миний бие мөнгө авч ашиглаагүй болох нь нотлогдсон байхад Ш.Ж-намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар залилах гэмт хэрэг үйлдсэн гэж гэм буруутайд тооцож , ял шийтгэснийг зөвшөөрөх боломжгүй байна.

2. Хавтаст хэрэг авагдсан санхүүгийн баримт, арилжааны банкны дансны хуулга, төлбөрийн даалгавар зэрэг хууль ёсны нотлох баримтуудаар хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын “А” ХЗХ-нд зээлийн урьдчилгаанд өгсөн гэж бүх мөнгө Франц улсын LSL гэж хаяг бүхий захирал М.М-н дансанд бүрэн шилжсэн нь нотлогдсоор байхад уг мөнгөнөөс Ш.Ж-би хувьдаа ямар нэгэн мөнгө ашиглаагүй болох нь тогтоогдсон боловч шүүгдэгч Ш.Ж-намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж хэргийг хүндрүүлэн зүйлчилж, гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцэхгүй байна. Товч хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

3. Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан залилах үндсэн шинж шинж хуурч мэхлэх, баримт бичиг, цахим хэрэгсэл ашиглах, зохиомол байдал бий болгох, бусдыг төөрөгдөлд оруулах, итгэлийг урвуулан ашиглаж бусдын өмч, өмчлөх эрхийг шилжүүлэн авсан нөхцөлд Эрүүгийн гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан. Гэтэл Ш.Ж-миний бие хохирогч нарыг дээрх үйлдлийн аль ч хэлбэрийг ашиглаж , тэдний өмч хөрөнгийг хувьдаа авч завшсан үйлдэл хийгээгүй. Харин шүүгдэгч Ш.Ж-би хохирогч, иргэний нэхэмжлэгч гээд тэр олон хүний өөрсдийн, санал, санаачилга, хүсэлтээр, Франц улсын LSL банк буюу гэрээний нэг тал болох М.М-д гүн итгэж, өөрийн болон гишүүдийн, манайд сайн дураараа элсэн орсон бусдын мөнгө төгрөгийг шилжүүлэн өгч, их хэмжээний мөнгийг гадаад оронд алдчихсан хохирогч иргэний нэг юм. Анхан шатны шүүхээс энэ талаарх нотлох баримтад буруу дүгнэлт хийсэн, нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой, хамааралтай талаас үнэлээгүй, хууль ёсны шийдвэр гаргаж чадаагүй гэж гомдол гаргаж байна.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх туухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт мөрдөгч, прокурор, хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй гэж заасан байдаг. Хэрэв Ш.Ж-намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1-д заасан залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэж үзвэл тухайн хохирогч нараас Ш.Ж-миний авч ашигласан мөнгөний тоо хэмжээг тогтоож, хаана юунд зарцуулсан, амьдралын эх үүсвэр болгосныг нотлох баримтаар нотолж тогтоовол зохино.

5. Хохирогч нарын хохирлын тооцоог гаргаж, шүүгдэгч Ш.Ж-надад төлбөр хариуцуулахдаа хохирогч тус бүрийн тооцоог буруу гаргасан, миний гараар шилжээгүй, хохирлуудыг надаар төлүүлэх, өөр бусдын Франц улсад шилжүүлсэн мөнгийг надаар төлүүлэх шийдвэр гаргасан, Франц улсын иргэн М.М-тай өөрснөө тохирч гэрээ хийсэн цахимаар гарын үсэг зурж баталгаажуулсан байхад надад төлбөр болгон бичсэн зэрэг миний хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргасныг эс зөвшөөрч гомдолд тусгаж байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Баян-Өлгий аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2020/ШЦТ/221 дугаартай шийтгэх тогтоолд хийсэн дүгнэлт нотлох баримтаар нотлогдохгүй, шүүх хуулийг буруу хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлж өгнө үү.” гэжээ.

 

Хохирогч Т.Г-гийн давж заалдах гомдолд: “Анхан шатны шүүх нь Ш.Ж-д холбогдох хэргийг шийдвэрлэхдээ хохирогч миний эрх ашгийг зөрчиж, надад учирсан бодит хохирлыг дутуу гаргуулан шийдвэрлэсэнд гомдолтой байна. Би Ш.Ж-ээс болж 7,450,000 төгрөгөөр хохирсон бөгөөд мөрдөн байцаалтын шатанд холбогдох нотлох баримтуудаа гаргаж өгсөн боловч шүүхээс нотлох баримтыг буруу үнэлж, миний хохирлоос 4,500,000 төгрөгийг хасаж зөвхөн 2,950,000 төгрөг гаргуулан шийдвэрлэсэн нь бодит байдалд нийцээгүй гэж үзэж байна. Ш.Ж-нь намайг ашиглан М.З-, Т.Г-нараас зээл авхуулж байсан ба тэдний зээлийг би ганцаараа төлж байгаа. Нэгэнт би тэднээс зээл авч Ш.Ж-д өгч залилуулсан учраас мөнгийг хохиролд тооцож хамтдаа гаргах ёстой байсан. Гэтэл М.З-, Т.Г-нар надаас авах зээлээ нэхэмжилсэн шүүхийн шийдвэрийг үндэслэж байгаа гэж 4,500,000 төгрөгийн Ш.Ж-д залилуулсан мөнгийг гаргуулаагүй нь үндэслэлгүй болсон. Би өөрөө давж заалдах шатны шүүх хуралдаанд биечлэн оролцож энэхүү гомдлоо бүрэн тайлбарлах болно. Иймд анхан шатны шүүхийн тогтоолд өөрчлөлт оруулан миний хохирлыг бүрэн гаргуулан шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ш.Ж-, хохирогч Г.Г-нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хянан шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр Ш.Ж-д холбогдох эрүүгийн 12 хавтаст хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

1. Баян-Өлгий аймгийн прокурорын газрын прокурорын 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 141 дүгээр яллах дүгнэлтээр яллагдагч Ш.Ж-ийн үйлдлийг “...залилангийн хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон” гэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “...бусдаас авсан мөнгөө хувийн хэрэгцээндээ зарцуулж, мөн тодорхой хэсгийг гадаад улсын этгээд рүү банкаар дамжуулан шилжүүлсэн, хувь хүний зан төлвийн хувьд бусдыг худал үгээр хуурч мэхлэх хэвшмэл шинжтэй зэргээс үзэхэд улсын яллагчаас шүүгдэгч Ш.Ж-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчилж ирүүлснийг хууль зүйн үндэслэлтэй...” гэж дүгнэхдээ Эрүүгийн хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж, хэргийг буруу зүйлчилсэн байна.

 

Шүүгдэгч Ш.Ж-нь 2017 оны 01 дүгээр сараас 2019 оны 8 дугаар сарын хооронд “гадаад улсаас бага хүүтэй, 100.000.000 төгрөг хүртэл зээл олгох эрх олгоно”, “гадаадын иргэн бага хүүтэй, их хэмжээний зээл олгож байгаа”, “зээлийн урьдчилгаа, баталгааны төлбөр, гаалийн татварт мөнгө төлөх шаардлагатай байгаа”, “гадаадаас мөнгөн хөрөнгө шилжиж ирсэн ба нууц дугаарын сүүлчийн 3 орны тоог мөнгө шилжүүлсэн тохиолдолд өгнө гэж байна” гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Ш.А-, С.М-, К.Х-нарын нийт 43 хохирогчийн 205.516.700  төгрөгийн мөнгөн хөрөнгийг өөрийн болон бусдын дансаар дамжуулан бэлэн бусаар болон бэлнээр авч, залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлсэн гэрч, хохирогчийн мэдүүлгүүд, банкны дансны хуулга болон бусад бичмэл нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ. Энэ талаар шүүгдэгчийн “гэмт хэрэг үйлдээгүй” гэх агуулгатай давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Шүүгдэгч Ш.Ж-нь “гадаадын хуулийн этгээдээс бага хүүтэй, их хэмжээний зээл олгох боломжгүй” бодит байдлыг нуух замаар “хоршооны гишүүнээр элсүүлэх, зээлийн урьдчилгаа, баталгааны төлбөр, гаалийн татварт мөнгө тушаах, гадаадаас мөнгөн хөрөнгө шилжиж ирчихсэн ба тухайн мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэх нууц дугаар авахын тулд төлбөр төлөх” зэргээр хохирогчдыг  төөрөгдөлд оруулж өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан их хэмжээний мөнгөн хөрөнгийг гадаад улсын этгээд рүү гүйлгээ хийж шилжүүлэх болон бусад хэлбэрээр өөрөө захиран зарцуулдаг байсан нь хэрэгт цугларсан гэрч, хохирогч нарын мэдүүлгээр, бусад бичмэл нотлох баримтуудаар тогтоогдсон боловч шүүгдэгчийн давж заалдах гомдолд заасан “амьдралын эх үүсвэр болгосныг нотлох баримтаар тогтоогоогүй” гэсэн агуулгатай гомдол үндэслэлтэй.

Учир нь, Ш.Ж-ийн хоёр жилээс илүү хугацаанд үргэлжилсэн олон удаагийн давтамжтай үйлдлүүдэд хэлбэрийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтын “байнга” гэдэг шинж байгаа боловч тэрээр хууль бусаар олсон дээрх орлогыг өөрийн болон гэр бүлийн гишүүн, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааны хэрэгцээг хангах үндсэн эх сурвалж болгосон, эсхүл өөрийн ба гэр бүлийн гишүүн, хамаарал бүхий этгээдийн эрхэлдэг үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ зэрэг ашиг олох зорилготой үйл ажиллагааны эх үүсвэр буюу хөрөнгө оруулалтын хэрэгсэл болгосон зэрэг нөхцөл байдал тогтоогдоогүй тул түүний Ш.А-, С.М-, К.Х-нарын нийт 43 хохирогчийн 205.516.700 төгрөгийн мөнгөн хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан үйлдлийг мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтаар зүйлчлэн хөнгөрүүлэн өөрчилж, гэм буруутайд тооцох нь эрүүгийн эрх зүйн хууль ёсны хийгээд гэм буруугийн зарчимд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

2. Хэрэгт хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж, бэхжүүлсэн бичмэл нотлох баримтууд, хохирогч нарын мэдүүлгүүд, бусад бичмэл нотлох баримтуудыг тал бүрээс нь, бүрэн, бодит байдлаар нь хянаж, хооронд нь харьцуулан шинжлэн дүгнэвэл шүүгдэгч Ш.Ж-нь хохирогч (1) Ш.А-ээс 980.000 төгрөг, (2) С.М-ээс 2.280.000 төгрөг, (3) К.Х-гаас 980.000 төгрөг, (4) Б.А-гаас 980.000 төгрөг, (5) Р.Е-ээс 980.000 төгрөг, (6) Б.Б-эс 980.000 төгрөг тус тус залилан мэхэлж авсан боловч хохирол төлөөгүй, харин (7) Д.Е-ээс 980.000 төгрөг, (8) А.Ж-аас 1.960.000 төгрөг, (9) Ө.Х-аас 980.000 төгрөг тус тус залилан мэхэлж авсан боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг бүрэн барагдуулсан нь тогтоогджээ.

Түүнчлэн хохирогч (10) Ш.А-ээс 980.000 төгрөг, (11) К.Т-гаас 980.000 төгрөг, (12) Ж.Ө-аас 980.000 төгрөг, (13) Н.Б-аас 980.000 төгрөг, (14) С.Г-гаас 9.921.700 төгрөг, (15) Т.Д /Д.М-/-ээс 1.300.000 төгрөг, (16) К.А-ээс 2.150.000 төгрөг, (17) Х.Г-аас 4.000.000 төгрөг, (18) Б.С-аас 1.730.000 төгрөг, (19) О.Х-ээс 5.182.000 төгрөг, (20) Б.Б-ас 1.178.000 төгрөг, (21) Г.Э-эс 3.303.000 төгрөг, (22) П.А-гаас 6.304.000 төгрөг, (23) Д.Г-ээс 9.700.000 төгрөг, (24) Т.Н-ээс 7.926.500 төгрөг, (25) Д.Р-гаас 7.276.000 төгрөг, (26) Г.Б-аас 15.400.000 төгрөг, (27) С.М-ээс 4.226.000 төгрөг, (28) С.Д-гаас 5.176.000 төгрөг, (29) Д.Б-гээс 6.545.000 төгрөг, (30) Н.А-ээс 7.776.000 төгрөг, (31) М.Н-гаас 4.350.000 төгрөг, (32) Х.А-ээс 3.905.500 төгрөг тус тус залилан мэхэлж авсан боловч хохирол төлбөр төлөөгүй, харин (33) Ш.Ш-аас 980.000 төгрөг, (34) Х.Е-аас 980.000 төгрөг залилан мэхэлж авсан боловч хохирлыг бүрэн барагдуулсан, (35) Т.Б-гаас 7.394.000 төгрөг залилан мэхэлж авсан боловч 490.000 төгрөгийн хохирол барагдуулсан, (36) Б.И-ас 3.604.000 төгрөг залилан мэхэлж авч 604.000 төгрөгийг буцаан төлсөн, (37) Т.Ж-ээс 4.500.000 төгрөг залилан мэхэлж авсан боловч 1.000.000 төгрөгийн хохирол барагдуулсан, (38) Ш.Ө-ээс 6.795.000 төгрөг залилан мэхэлж авсан ба 860.000 төгрөгийн хохирол төлсөн, (39) Б.Х-аас 2.300.000 төгрөг залилан мэхэлж авч 50.000 төгрөгийн хохирол төлсөн, (40) Д.Э-наас 4.814.000 төгрөг залилан мэхэлж авч 2.814.000 төгрөгийг хохирол төлсөн, (41) А.Х-аас 6.530.000 төгрөг залилан мэхэлж авч 100.000 төгрөгийн хохирол төлсөн нь тус тус тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Ш.Ж-нь хохирогч (42) Т.Г-гийн 7.450.000 төгрөгийг бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан нь хохирогч, гэрч, яллагдагчийн мэдүүлгүүд болон бусад бичмэл нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон бөгөөд анхан шатны шүүх Т.Г-д учирсан хохирлын нийт хэмжээг тогтоохдоо хэргийн 10 дугаар хавтасны 94 дүгээр талд авагдсан Т.Г-гийн М.З-, Т.Г-нараас зээлээр авсан 4.500.000 төгрөгийг Т.Г-, Ш.Ж-нараас гаргуулж, М.З-, Т.Г-нарт олгохоор шийдвэрлэсэн Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 130/ШШ2020/00288 дугаар шийдвэрийг үндэслэл болгон хохирлын хэмжээнээс 4.500.000 төгрөгийг хасаж тооцсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотлох баримтыг хэрэгт хамааралтай талаас нь үнэлэх журамд нийцээгүй байна. Энэ талаар гаргасан хохирогч Т.Г-гийн давж заалдах гомдол үндэслэлтэй бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчээс нийт 7.450.000 төгрөгийн хохирлыг гаргуулж, хохирогч Т.Г-д олгож шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулав.

 

Шүүгдэгч Ш.Ж-нь хохирогч (43) М.Д-ы 37.800.000 төгрөгийг залилан мэхэлж авч, зарим хохирол төлбөрийг нь барагдуулж, хохирлоос 15.516.000 төгрөг үлдсэн нь хохирогч, яллагдагч нарын мэдүүлгүүд, хэргийн 11 дүгээр хавтасны 61 дүгээр талд хавсаргасан тооцоо нийлсэн баримтаар тогтоогдож байхад анхан шатны шүүх тухайн нотлох баримтыг буруу үнэлж шүүгдэгчээс М.Д-д учруулсан хохиролд 22.646.000 төгрөг гаргуулсан нь үндэслэлгүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчээс 15.516.000 төгрөг гаргуулж хохирогч М.Д-д олгож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь хуульд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

3. Давж заалдах шатны шүүх хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт хууль ёсны, шударга ёсны болон гэм буруугийн зарчмыг удирдлага болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмаар мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Ш.Ж-д дөрвөн /4/ жил нэг /1/ сарын хугацаатай хорих ял шийтгэхээр шүүгдэгчийн холбогдсон хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт орууллаа.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний залилах гэмт хэргийг олон удаагийн давтамжаар, 43 хохирогчид холбогдуулан их хэмжээний хохирол учруулж үйлдсэн нөхцөл байдал, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол төлбөр төлсөн байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзаж үзсэн бөгөөд шүүгдэгч Ш.Ж-д оногдуулсан дөрвөн жил нэг сарын хорих ял түүний үйлдсэн гэмт хэрэг, залилах гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, санаатай гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн хэлбэрт тохирно гэж дүгнэв. Ш.Ж-д оногдуулсан хорих ялыг хуульд заасан үндэслэлээр эмэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх тул шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулсан болно.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Ш.Ж-ийн 43 хохирогчид учруулсан нийт хохирлын хэмжээг 200.626.700 төгрөг гэж буруу тогтоож, тооцооллын алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх хуралдааны магадлалд тэмдэглэх замаар залруулах нь зүйтэй байна. Хэрэгт хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Ш.Ж-нь Ш.А-, С.М-, К.Х-нарын нийт 43 хохирогчийн 205.516.700  төгрөгийн мөнгөн хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлэн залилан мэхэлж авсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад үүнээс 34.082.000 төгрөгийн хохирлыг барагдуулсан, одоо анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдсон буюу шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн бодит хохирлын хэмжээ 171.434.700 төгрөг байна.

 

            4. Прокуророос яллагдагч С.Г-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтаар, гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, С.Г-г цагаатгасан нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмаар цуглуулсан хохирогч Ш.А-ийн мэдүүлгэд үндэслэгдсэн, хууль ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцсэн байна.

 

Шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө “бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, эсхүл хагасыг нь хийнэ” гэсэн санаа зорилго, сэдэлтээр хохирогчийг хуурч, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж бүрэн хангагддаг.

 

Шүүгдэгч Ш.Ж-нь хохирогч Ш.А-ийн 980.000 төгрөгийг С.Г-гаар дамжуулан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өөрийн өмчлөлд шилжүүлэн залилан мэхэлж авч, захиран зарцуулсан нөхцөл байдал хэргээс тогтоогдсон талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн бөгөөд С.Г-гийн хувьд бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан, эсхүл Ш.Ж-ийн үйлдсэн залилах гэмт хэрэгт хамтран оролцсон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Иймд түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болжээ.

 

            5. Анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд /хэргийн 11 дүгээр хавтасны 147 дугаар тал/ улсын яллагчаас “...хохирогч А.М-, М.Н-нарт холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгох саналтай байна” гэж шүүгдэгч Ш.Ж-ийн үйлдлээс хохирогч А.М-, М.Н-нарт хамаарах үйлдэлд түүнийг гэм буруугүй гэж үзэн, хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасан нь агуулгын хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 6.1 дэх заалтад хамаарч байгаа боловч улсын яллагч шүүгдэгчид холбогдох тухайн үйлдэл холбогдолд яллахаас татгалзсан  саналаа шүүхэд хуульд зааснаар бичгээр гаргах хуулийн шаардлагыг биелүүлээгүй байна.     

Шүүгдэгчийг түүний холбогдсон зарим үйлдэл холбогдолд яллахаас татгалзсан саналаа улсын яллагч бичгээр гаргаагүй, анхан шатны шүүх хуулийн уг шаардлагыг хангуулаагүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил нь шийтгэх тогтоолыг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгох буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, 39.8 дугаар зүйлд зааснаар уг хуулийг ноцтой зөрчсөнд тооцогдохгүй боловч улсын яллагчийн яллахаас татгалзсан шүүгдэгч Ш.Ж-ийн зарим үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад зохих өөрчлөлтийг оруулах нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байх зарчимд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

6. Шүүгдэгч Ш.Ж-ийн давж заалдах гомдолд “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтаар залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж хэргийг хүндрүүлэн зүйлчилсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, амьдралын эх үүсвэр болгосныг нотлох баримтаар нотлоогүй” гэсэн үндэслэл нь дээр дурдсанчлан хууль зүйн үндэслэлтэй боловч хэргийн бүх ажиллагааг хянахад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шүүх үнэлж дүгнэх боломжтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй тул давж заалдах шатны шүүх хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, шүүгдэгч Ш.Ж-ийн “шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх тухай” давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, хохирогч Т.Г-гийн хохирол төлбөртэй холбоотой давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

 

Хуульд зааснаар шүүгдэгч Ш.Ж-ийн цагдан хоригдсон нийт 96 хоногийн хугацааг түүний ял эдлэх хугацаанд оруулж тооцно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2020/ШЦТ/221 дүгээр шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 6.1 дэх заалтаар шүүгдэгч Ш.Ж-ийн үйлдлээс хохирогч М.Н-, А.М- нарт хамаарах хэсэгт шүүгдэгчийг гэм буруугүй гэж үзэн улсын яллагчаас яллахаас татгалзсан тул мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг баримтлан шүүгдэгч Ш.Ж-ийн үйлдлээс хохирогч М.Н-, А.М- нарт хамаарах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

 

3 дахь заалтын “Шүүгдэгч Ш.Ж-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэснийг “Шүүгдэгч Ш.Ж-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтаар бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж,

 

4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтаар шүүгдэгч Ш.Ж-ийг дөрвөн /4/ жил нэг /1/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж,

 

5 дахь заалтын “7 жилийн хорих ялыг” гэснийг “дөрвөн /4/ жил нэг /1/ сарын хугацаагаар хорих ялыг” гэж,

 

7 дахь заалтын “2.950.000 төгрөг гаргуулан хохирогч Т.Г-д” гэснийг “7.450.000 төгрөг гаргуулан хохирогч Т.Г-д” гэж өөрчлөн тус заалтын “хохирогч Т.Г-гийн нэхэмжилсэн хохирол 4.500.000 төгрөгийг гаргуулахыг хүссэн хэсгийг хэрэгсэхгүй болгож” гэснийг хасаж, мөн заалтын “22.646.000 төгрөг гаргуулан хохирогч М.Д-д” гэснийг “15.516.000 төгрөг гаргуулан хохирогч М.Д-д” гэж тус тус өөрчилж, шүүгдэгч Ш.Ж-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, хохирогч Т.Г-гийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Ж-ийн цагдан хоригдсон нийт 96 хоногийн хугацааг түүний ял эдлэх хугацаанд оруулж тооцсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай. 

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн энэ шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон” гэсэн үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

                        

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      С.ӨМИРБЕК

 

                        ШҮҮГЧИД                                                       Д.КӨБЕШ

 

                                                                                    М.НЯМБАЯР