Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 103

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа

Улсын яллагчаар хяналтын прокурор Д.Дэлгэрбаяр  нарыг  оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Боржигон овогт Отгонбаярын Шижирбатад холбогдох эрүүгийн 201710000176 дугаартай хэргийг 2017 оны 07 сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Эрүүгийн 201710000176 дугаартай хэргийн шүүгдэгч:

 

Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Сайншанд суманд 1990 оны 11 сарын 03-нд төрсөн, 27 настай, эрэгтэй, Төмөр замын галт тэрэгний найруулагч, холбогч мэргэжилтэй, ам бүл 2, ээжийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сум 7 дугаар баг Найрамдлын гудамж 25 тоотод оршин суух  урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Отгонбаярын Шижирбат /ЕС90110316/

Шүүгдэгч О.Шижирбат нь 2017 оны 05 сарын 08-ны өдөр Сайншанд сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Б.Наранбаатартай хувийн таарамжгүй харьцаанаас үүдэн маргалдаж улмаар түүнийг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  /яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын шүүгдэгчийн гэм буруугийн талаар хэлэлцүүлсэн дараах нотлох баримтууд болох:

Шүүгдэгч О.Шижирбатын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Тухайн өдөр Наранбаатар ахыг гэрлүүгээ орох гээд явж байхад таарсан юм. Би таньдаг болохоороо Наранбаатар ах дээр очсон чинь дуугарахгүй болохоор нь гомдсондоо гэрийн чиь бүх цонхийг хагална гэж хэлсэн. Үүнээс болж Наранбаатар ах намайг эхэлж цохьсон, би 2 удаа нүүр лүү нь цохьсон. Гэм буруугаа ойлгож байна....гэсэн мэдүүлэг

 

           Хохирогч Б.Наранбаатарын хэрэг бүртгэлтэд: “...2017.05.08-ны өдрийн 12 цагийн орчимд  ...би эхлээд гэртээ орох гэж байхад Шижирбат гэр лүү дагаж орох гээд байхаар нь яах гээд байгаа муу бацаан бэ гэсэн чинь гэрийн чинь бүх цонхыг хагалнаа гэхээр нь юу гээд байгаа юм гээд Шижирбатын нүүрлүү гараараа нэг удаа цохиод би гэрлүүгээ орсон. Тэгээд гарч яваад буцаад ирээд дахиад Шижирбаттай, муудалцаад Шижирбат миний нүүрлүү цохьсон” гэсэн мэдүүлэг,

 

           Гэрч Э.Батболдын хэрэг бүртгэлтэнд өгсөн: “...2017.05.08-ны өдөр ...байшингийн хойно хүн зодолдоод байх шиг болохоор нь очоод харсан чинь Наранбаатар, Шижирбат 2 зууралдсан Шижирбат Наранбаатарын нүүр лүү цохиж байсан” гэсэн мэдүүлэг,

 

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017.05.15-ны өдрийн 196 дугаарт шинжээчийн дүгнэлт /хх-ийн 22/

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017.06.19-ны өдрийн 240 дугаарт шинжээчийн дүгнэлт /хх-ийн 26/

 

Эд мөрийн баримтаар хураан авах тогтоол /хх-ийн 11/

Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоо /хх-ийн 18, 25/

           Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-42/ зэргийг шинжлэн судлав.

 

           Шүүгдэгч О.Шижирбат нь 2017 оны 05 сарын 08-ны өдөр Сайншанд сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ  иргэн Б.Наранбаатарын гэрт орох гэснээс маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар 2 удаа цохиж бие махбодид  нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Б.Наранбаатарын хэрэг бүртгэлтэд өгсөн: “....Шижирбатын нүүрлүү гараараа нэг удаа цохиод би гэрлүүгээ орсон. Тэгээд гарч яваад буцаад ирээд дахиад Шижирбаттай, муудалцаад Шижирбат миний нүүрлүү цохисон” гэсэн мэдүүлэг,  гэрч Э.Батболдын хэрэг бүртгэлтэнд өгсөн: “...2017.05.08-ны өдөр Наранбаатар, Шижирбат 2 зууралдсан Шижирбат Наранбаатарын нүүр лүү цохиж байсан” гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017.05.15-ны өдрийн 196 дугаарт шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

 

 Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн баримт байх тул энэ хэрэгт  хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий  үнэн зөв баримт гэж үзэв.

 

2017 оны 07 сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуульд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт оногдуулвал зохих эрүүгийн хариуцлага нь 2002 оны Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан “бусдын бие махбодид санаатай хөнгөн гэмтэл учруулсан” гэмт хэрэгт оногдуулах хариуцлагаас хөнгөрсөн хэдий боловч ялаас чөлөөлөх арга хэмжээ нь байхгүй болсон байна.

 

Ял шийтгэлийг хүндрүүлж байгаа болон хүний эрх зүйн байдлыг ямар нэг байдлаар дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй талаарх эрх зүйн нийтлэг зарчмын дагуу, шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийг О.Шижирбатын үйлдсэн гэмт хэрэг, түүний үйлдэлд буцаан хэрэглэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй гэж шүүх үзлээ.

 

Иймд шүүгдэгч О.Шижирбатыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн  99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн  гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч О.Шижирбат нь хэрэг бүртгэлтийн шатанд хохирогч Б.Наранбаатарт гэмт хэргийн улмаас учирсан хохирол 200 000 төгрөгийг төлсөн ба хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчтэй эвлэрсэн талаараа шүүхэд хүсэлт ирүүлсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

 Шүүгдэгч  О.Шижирбат нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон бичгийн нотлох баримт шинжлэн судлах үеэр тогтоогдсон тул аймгийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, 2002 оны  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй.

 

Шүүгдэгч О.Шижирбат нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хохирогч Б.Наранбаатарын рентген зураг 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогчид буцаан олгох нь зүйтэй гэж үзлээ.