Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 26

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 П.Жаргалтөгөлдөрийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч Б.Дамба, Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 153/ШШ2019/000124 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн 01-05 тоотод оршин суудаг, Адуучин овогт Пүрэвхүүгийн Жаргалтөгөлдөрийн нэхэмжлэлтэй, хариуцагч  Ховд аймгийн Жаргалант сумын Тулгын 30 айлын орон сууцны 02-04 тоотод оршин суух, Боржигон овогт Самбуугийн Төмөрбаатарт холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч П.Жаргалтөгөлдөр түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэндсүрэн түүний өмгөөлөгч Г.Батзаяа, нарийн бичгийн даргаар Ц.Энхтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 2,600,000 төгрөг гаргуулах тухай .

 

Нэхэмжлэлийн агуулга: “Миний дүү П.Баасанжаргал нь 2018 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Ховд аймгийн төв бараан захын доод талаар явж байгаад баруун талдаа дохио өгөөд баруун гар тийш эргэж явтал зүүн гар талын Тэс колонкийн уулзвараас зам хөндлөн 32-90 ХОА улсын дугаартай Эксель маркийн машин гарч ирсэн. Тэгээд тормос гишгэтэл тус машинтай мөргөлдсөн. Миний машинд учирсан хохирол нь урд гүпер, баруун талын кирло, их гэрэл, засварын хөлс, өдрийн орлого буюу хөлс болно. Гэрээ ёсоор 28 хоногийн хугацаанд төлөх нөхцөлтэй тул мөнгөний боломжгүй гэсээр намайг хохироосоор байна.

Иймд иргэн П.Жаргалтөгөлдөрийн нэхэмжлэлтэй, С.Төмөрбаатар холбогдох, С.Төмөрбаатараас 2.250.000 төгрөг гаргуулах тухай С.Төмөрбаатараас 2,250,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн хариу тайлбар: Миний бие 2018 оны 5 дугаар сарын 05-ны өдөр төв захын урд талын Тэс колонкоос төв зам руу орох үед төв замаас ирж буй машин хол байсан бөгөөд төв зам руу эргээд ортол mazda demio маркийн машин ямар ч дуут дохио болон хурд сааруулах арга хэмжээ авалгүй шууд орж ирээд мөргөсөн. Уг машиныг жолоодож байсан жолооч нь өөрийн эзэмшилийн бус эгчийнхээ машиныг барьж явсан. Уг машины гэр бүл зөвхөн урд гупр аваад өгчих гэж хэлсэн бөгөөд миний бие Ховд аймаг болон Улаанбаатар хотоос урд гупрыг хайгаад олоогүй тул 500,000 төгрөг өгье эсвэл гупрыг нь засуулаад өгье гэсэн боловч зөвшөөрөөгүй. Гэтэл үнэлгээний газраар хийлгэж эвдрэлийг нэмж үнэлүүлэн өндөр үнээр үнэлүүлсэн байна. Мazda demio маркийн машины өмнө нь ямар байсан нь тодорхойгүй, урд гупр нь анхнаасаа замаскатай, будагтай байсан.

Иймд mazda demio маркийн машины урд гупрыг янзалж өгөх эсвэл 450,000 төгрөг өгөх болно гэжээ.

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 153/ШШ2019/00124 дугаар шийдвэрээр:” 1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 228 дугаар зүйлийн 228.1-д заасныг баримтлан хариуцагч С.Төмөрбаатараас 1,333,300 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Жаргалтөгөлдөрт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас илүү нэхэмжилсэн 1,261,700 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн зардлыг мөн хэмжээгээр нэхэмжлэгч П.Жаргалтөгөлдөр, хариуцагч С.Төмөрбаатар нарт хариуцуулах нь зүйтэй тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Төмөрбаатараас 1,333,300 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 36,363 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.Жаргалтөгөлдөрт олгосугай гэж шийдвэрлэжээ. 

 

  Хариуцагчийн давж заалдсан гомдлын агуулга: Нэхэмжлэгч талаас Улаанбаатар хотоос ямар ч баримтгүй, сэлбэг авч тавьсан гэж хэлсэн боловч машиныг нь зассан гэрч Буян-Өлзий нь хуучин эд ангиудыг тор тавьж замаскадаж будаж хийсэн гэж хэлсэн тул гэрчийн мэдүүлэгт ноцтой зөрүү байна гэж үзэж байна. Тиймээс бид хуучин өөрийнх нь сэлбэгийг үзэж, Улаанбаатар хотоос авсан сэлбэгийн нэхэмжлэх, зарлагын баримтыг үндэслэн төлбөр төлөх хүсэлтэй байна. Мөн нэхэмжлэгч машин засуулсан хөлсөө бэлэн бусаар 400000 төгрөг өгсөн гэх боловч гэрч засварчин Буян-Өлзий нь бэлнээр авсан гэсэн нь гэрчийн мэдүүлэгт ноцтой зөрүү байна гэж үзэж байна. Хуульд зааснаар гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй гэж заасан байдаг бид учирсан хохирлыг үнэн зөв тогтоон өгвөл хохирлыг мөнгөн дүнгээр төлөх болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцаанд үндэслэлтэй, зөв дүгнэлт хийсэн боловч хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь гэм хорын хохирол 2250000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хариуцагч С.Төмөрбаатарт холбогдуулан гаргаж, машины баруун талын их гэрлийн үнэ  350000 төгрөг гаргуулахаар шаардлагаа нэмэгдүүлжээ. /хх-ийн 201 дүгээр тал/

Шүүх нэхэмжлэгчийн  шаардлагын зарим хэсгийг хангаж зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хариуцагч эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан байна.

Нэхэмжлэгч нь зам тээврийн осол гарсны улмаас миний өмчлөлийн Mazda demio маркийн 06-61 ХОҮ улсын дугаартай автомашины гупер, крыло, их гэрэл эвдэрсэн бөгөөд түүнийг засаж сайжруулсан будаг, журмын хашааны үнэ, засварын хөлс зэрэг учирсан хохирлыг нэхэмжилсэн.” гэж тайлбарлажээ.

Хариуцагчийн төлөөлөгч нь нэхэмжлэгчийн шаардлагыг эс зөвшөөрч  “2018 оны 05 дугаар сарын 05-ны өдөр гарсан зам тээврийн ослын улмаас Mazda demio маркийн 06-61 ХОҮ улсын дугаартай авто машины гупер, крыло, их гэрэл эвдэрсэн гэж байгаа боловч үнэлгээний газраар үнэлгээ хийлгэхдээ өндөр үнээр үнэлүүлсэн байна.” гэж тайлбарласан байна. 

Талууд гэм буруугийн талаар маргаагүй байна. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтаар С.Төмөрбаатар  нь 2018 оны 05 дугаар сарын 05-ны орой 19 цаг 30 минутад Ховд аймгийн Алаг толгой багийн нутаг дэвсгэр бараан захын доод уулзварын дээд талд 32-90 ХОҮ улсын дугаартай excel маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол улсын зам хөдөлгөөний дүрмийн 12.10.-д заасан “жолооч зүүн гар тийшээ буюу буцаж эргэхдээ уулзварт ороод адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан болох нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн  үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, зөрчлийн хэргийг шалган шийдвэрлэсэн  материал зэрэг баримтуудаар тогтоогдож байна./хх-ийн 14, 21-23, 26 дугаар тал/

Жолооч С.Төмөрбаатарын гаргасан дээрх захиргааны зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж түүнд Зөрчлийн тухай хуулийн 14.7дугаар зүйлийн 5-д заасан торгох шийтгэл оногдуулжээ. ./хх-ийн 26 дугаар тал/

Хариуцагч тал “...Тэс колонкоос төв зам руу орох үед төв замааас ирж байсан mаzda demio маркийн 06-61 ХОҮ улсын дугаартай авто машин ямар ч дуут дохио болон хурд сааруулах арга хэмжээ авалгүй шууд ирж мөргөсөн, уг машины их гэрэл эвдэрсэн гэдэг худлаа, эд хөрөнгө үнэлүүлсэн үнэлгээ, засварчны засварын хөлс өндөр байна.”гэж маргаж  байгаа боловч энэ үйл баримтыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй тул түүний татгалзлыг үндэслэлгүй гэж үзнэ.

Нэхэмжлэгч нь жолооч С.Төмөрбаатарын буруутай үйлдлийн улмаас гэм хорын хохирлоо хариуцагчаас шаардаж байгаа нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1.дэх хэсэгт нийцнэ. Анхан шатны шүүхийн энэ талаарх дүгнэлт зөв.

Зохигчид гупер, крыло, их гэрэлний үнэлгээний талаар маргаж, улмаар 3 удаа шинжээч томилуулж үнэлгээ гаргуулжээ. ./хх-ийн 18,51-58,127 дугаар тал/ Шинжилгээний байгууллага болох “Монголын хөрөнгийн үнэлгээний төвийн Ховд аймаг дахь үнэлгээчин” нь 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Mazda demio маркийн  автомашины урд гупер 400.000 төгрөг, баруун талын крыло 200.000 төгрөг, баруун урд их гэрэл 350.000 төгрөгөөр үнэлснийг хариуцагч тал эс зөвшөөрч дахин шинжээч томилуулжээ. ./хх-ийн 18,39,47-48, дугаар тал/  “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ний  2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 292 дугаар үнэлгээгээр урд гупер 300.000 төгрөг, баруун урд их гэрэл 350.000 төгрөг, баруун талын крыло 120.000  төгрөгөөр үнэлсэн байна.  ./хх-ийн 51-58 дугаар тал/ Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанд “машины эвдрэлийн талаар гаргасан шинжээчийн дүгнэлтүүд эрс зөрүүтэй гарсан учир дахин шинжээч томилж дүгнэлт гаргуулах тухай” хүсэлт гаргаж шүүх хүсэлтийг хүлээн авч дахин шинжээч томилжээ. /хх-ийн 108,113 дугаар тал/  “Итгэлт ЭСТИМЭЙТ” ХХК- ний мэргэжлийн үнэлгээчин 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн №09/01 дүгээр үнэлгээгээр урд гупер хагарч унасан, шанаа хонхойж сэвтсэн, их гэрэл  хагарсан зэрэг мэдээллийг нэхэмжлэгч талын өгсөн боловч бид хохирлын байдалтай нарийн танилцаж, учирсан хохирлыг арилгах зардлын хэмжээг тооцох боломжгүй байгаа тул уг автомашины сэлбэгийн зах зээлийн дундаж үнэ болон засварын тарифын дундаж үнээр тооцон их гэрэл хагарсан солих үнэ 400.000 төгрөг,  шанаа засах үнэ 68000 төгрөг, урд гупер солих үнэ 450.000 төгрөг, шууд зардал 918.000 төгрөг, урд гупер, шанаа будах зардлын үнэ  95000 төгрөг,200 гр будаг туслах материал лак 40000 төгрөг, эд анги солих зардал 15000 төгрөг, шууд бус зардал 150.000 төгрөг нийт  зардлын дүн 1.068.000 төгрөг гэж үнэлгээ тогтоожээ.  /хх-ийн 127 дугаар тал/ 

 Дээрх эд зүйлд үнэлгээ тогтоосон 3 удаагийн шинжээчийн дүгнэлтээр гупер, крыло, их гэрлийн үнийг 3 өөрөөр үнэ тогтоосон байх тул уг шинжээчийн дүгнэлтүүдийг харьцуулан судалж  дундаж үнээр үнэлгээг тооцсон  шүүхийн дүгнэлт зөв байна.

Харин крылог шинээр сольсон гэх үндэслэлээр 150.000 төгрөгөөр тооцсон  нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журамд нийцээгүй байна.Учир нь уг машины баруун урд крылог шинээр сольсон гэж гэрч Буян-Өлзий мэдүүлсэн боловч түүнийг худалдаж авсан гэх  баримт хэрэгт авагдаагүй байна.

Иргэний хуулийн 228 дугаар үйлийн 228.1. дэх хэсэгт “гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд нь сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно.” Гэж хуульчилжээ.  Дээрх хуульд зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчид учирсан гэм хорыг арилгах үүрэгтэй байна.

Давж заалдах шатны шүүх дээрх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг харьцуулан судалж хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг ханган хариуцагчаас урд гупер 382.300 төгрөг, баруун урд их гэрэл 350.000 төгрөг, засварын хөлс 400.000 төгрөг, будаг 50.000 төгрөг, журмын хашааны төлбөр 5000 төгрөг бүгд 1.188.300 төгрөг гаргуулах нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1.дэх хэсэгт нийцнэ гэж дүгнэлээ.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Хуульд зааснаар хариуцагчийн  давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид  урьдчилан төлсөн 34831 төгрөгийг шүүгчийн захирамжаар  зохих  данснаас гаргуулан С.Төмөрбаатарт олгох нь зүйтэй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон шүүх хуралдааны тэмдэглэл, шүүхийн шийдвэрт зарим үгийг зөрүүтэй бичсэн байна.

Тухайлбал гупер, гүпер, гүпр, гүпргүй крыло, кирло, Буян-Өлзий, Бүрэн-Өлзий  гэж бичсэн байгааг анхан шатны шүүхийн шүүгч, шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар цаашид анхаарвал зохино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 153/ШШ2019/00124 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “1.333.300 төгрөг” гэснийг “1.188.300 төгрөг” гэж, “1.261.700 төгрөгийг” гэснийг “1.411.700 төгрөгийг” гэж өөрчлөн,

2 дахь заалтын “1.333.300 төгрөгт” гэснийг “1.188.300 төгрөгт” гэж, ”36363 төгрөгийг” гэснийг “33069 төгрөгийг” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-д зааснаар хариуцагч С.Төмөрбаатар нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34831 төгрөгийг шүүгчийн захирамжаар түүнд буцаан олгосугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                М.НЯМБАЯР

          

                                            ШҮҮГЧИД                                  Б.ДАМБА

                      

                                                                                               Н.ТУЯА