| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лодойн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 156/2017/00615/И |
| Дугаар | 156/ШШ2018/00034 |
| Огноо | 2018-01-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 156/ШШ2018/00034
| 2018 оны 01 сарын 19 өдөр | Дугаар 156/ШШ2018/00034 | Хэнтий аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2017/00615/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Цэрэндулам би,
Хариуцагч: Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын “Наран” багт оршин суух, Гомбын Доржсүрэнд холбогдох, (РД: СЧ-71041970),
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 3 дугаар багт оршин суух, Дамчаагийн Болортуяагийн нэхэмжлэлтэй, (РД: ХК-80123004),
“зээл, зээлийн хүүгийн 971 000 төгрөгийг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Болортуяа, хариуцагч Г.Доржсүрэн, түүний өмгөөлөгч Г.Цогзолмаа, гэрч Ц.Бямбасүрэн, Г.Энхжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Д.Болортуяа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: 2016 оны 7 дугаар сарын 30-ны өдөр ХААН банкны эдийн засагч Л.Оюунномин, тэр үед ахлах теллер ажилтай байсан Ц.Бямбасүрэн нар утасдаад нэг зээл хаах мөнгө хэрэгтэй байна чамд мөнгө байвал өгөөч тэр айл маань нэг дэх өдөр буцаагаад өгнө гэхээр нь өөрийн 5026222893 тоот данснаасаа иргэн Гомбын Доржсүрэнгийн ХААН банкны 5951122793 тоот данс руу 720 000 төгрөгийг шилжүүлсэн юм. Гэвч иргэн Г.Доржсүрэн одоо болтол энэ мөнгийг өгөөгүй намайг хохироож байна. Би 720 000 төгрөгийн бүтэн жилийн хүү болох 251 000 төгрөгийг нэхэмжилж байна.
Иймд Г.Доржсүрэнгээс миний мөнгө болох 720 000 төгрөг, хүү 251 000 төгрөг, нийт 971 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. (хх-ийн 1 тал)
Нэхэмжлэгч Д.Болортуяа нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 07 сарын 30-ны өдөр ХААН банкны эдийн засагч Оюунномин, Ц.Бямбасүрэн нар утасдаад зээл хаах мөнгө хэрэгтэй байна. Чамд мөнгө байвал өгөөч тэр хүн 1 дэх өдөр буцааж өгнө гэсэн. Би Г.Доржсүрэнгийн 5951122793 тоот данс руу 720 000 төгрөгийг шилжүүлсэн. 1 дэх өдөр буцааж өгөөгүй бөгөөд Доржсүрэнгээс мөнгөө нэхэхээр хэл амаар доромжилж, уг мөнгийг өдий хүртэл төлөөгүй байна. Иймд 720 000 төгрөг дээр банкны хүүгээр тооцож бүтэн жилийн хүү 251 000 төгрөгийг нэмж нийт 971 000 төгрөгийг нэхэмжилж байна. Банкнаас зээл авч Г.Доржсүрэнд өгсөн тул хүү нэхэмжлэх нь үндэслэлтэй гэж үзэж байна гэв.
Харицагч Г.Доржсүрэн нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би дүү Г.Дагвасүрэнг зээл авч өгөөч гээд гуйхаар нь Өмнөдэлгэр сумын ХААН банкнаас 2016 оны 03 дугаар сарын 25-нд малчны зээл 1 500 000 төгрөг авч өгсөн.
Банкны зээл төлөх хугацаа болоход банкны эдийн засагч зээлээ төлөхийг надад анхааруулсан. Би уг зээлийг авсан Дагвасүрэн рүү утсаар ярьж зээлээ төлөхийг шаардахад “За би маргааш нөгөөдрийн дотор төлнө” гэж хэлсэн.
Хэд хоногийн дараа би банкны хүмүүсээс асуухад “Зээл чинь төлөгдсөн шүү” гэж хэлсэн. Дараа нь Дагвасүрэнтэй уулзахад “Танд ямар ч хамаагүй би яриад төлчихсөн” гэж хэлж байсан. Би зээл яаж төлөгдөж хаагдсанг мэдэхгүй. ХААН банкны эдийн засагч Л.Оюунномин, ахлах теллер ажилтай байсан Ц.Бямбасүрэн нар надтай зээл яаж төлөх талаар юу ч яриагүй. Зээлийг хэрхэн яаж төлсөн болохыг би мэдэхгүй. Д.Болортуяагийн нэхэмжилсэн 971 000 төгрөгийг төлөхийг би зөвшөөрөхгүй. Надад Д.Болортуяагаас зээлдэж авсан мөнгө төгрөг байхгүй учир нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэжээ. (хх-ийн 34 тал)
Хариуцагч Г.Доржсүрэн нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би энэ хүнийг танихгүй. Би Болортуяа гэдэг хүнтэй утсаар ярьж зээл төлөөд өгөөч гэж хэлээгүй. Би хамаатны дүү болох Дагвасүрэнд ХААН банкнаас малчны зээл өөрийн нэр дээр авч өгсөн. Над руу зээл төлөх болсон байна гэж банкнаас утсаар ярьсан. Би энэ талаар Дагвасүрэнд зээлээ төл гэж хэлэхэд 2-3 хоногийн дараа Дагвасүрэн нь би зээлээ төлчихсөн. Одоо таны зээл хаагдсан шүү гэж надад хэлсэн. Би Дагвасүрэнг зээлийг маань төлсөн юм байна гээд явж байтал Болортуяа нь надаас мөнгө нэхэмжилсэн. Би энэ зээлийг аваад өөрөө хэрэглээгүй Дагвасүрэн хэрэглэсэн. Тийм учраас би энэ мөнгийг төлөхгүй гэв.
Гэрч Ц.Бямбасүрэнгийн шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:... Би Болортуяатай утсаар Доржсүрэн гэдэг хүний зээлийнх нь хугацаа хэтрээд байгаа юм. Мөнгө байвал энэ хүний зээлийг хаагаад өгөөч 1 дэх өдөр мөнгийг чинь буцаагаад өгнө гэсэн. Г.Доржсүрэн зээлээ төлөхгүй өчнөөн удаад өөрөө хүнээс мөнгө аваад өгөөч 1 дэх өдөр өгнө гэж хэлсэн... Би танидаг Б.Пүрэвхүүгээс 907 000 төгрөг, Д.Болортуяагаас 720 000 төгрөгийг тус тус гаргуулж Г.Доржсүрэнгийн ХААН банкны зээлийг төлүүлсэн юм гэв.
Гэрч Г.Энхжаргалын шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:... Нөхөр бид Бид хоёр 2016 оны 03 сарын 25-ны өдрийн 02 цагт ХААН банкны салбараас малчны зээл 1 500 000 төгрөгийг авсан. Хүн гуйхаар нь авч өгсөн юм. Доржсүрэн бид хоёр уг мөнгөнөөс огт хэрэглээгүй. Бид хоёр зээлийн гэрээг байгуулж 1 500 000 төгрөгийг авсан минь үнэн. Бид зээл аваад Дагвасүрэн гэдэг хүнд өгсөн гэв.
Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Д.Болортуяа нь хариуцагч Г.Доржсүрэнгээс “зээл, зээлийн хүүгийн 971 000 төгрөгийг гаргуулах” -аар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Д.Болортуяа нь хариуцагч Г.Доржсүрэнгийн ХААН банкны 5951122793 дугаартай данс руу өөрийнхөө 5026222893 дугаартай данснаас 720 000 000 төгрөгийг шилжүүлж, түүний ХААН банкнаас авсан зээлийг төлсөн юм. Г. Доржсүрэнгээс зээл 720 000 төгрөг, хүү 251 000 төгрөг, нийт 971 000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хариуцагч Г.Доржсүрэн нь дүү Г.Дагвасүрэнд Өмнөдэлгэр сумын ХААН банкнаас 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 1 500 000 төгрөгийн (малчин) зээл авч өгсөн. Миний зээл яаж төлөгдөж хаагдсан болохыг мэдэхгүй тул Д.Болортуяагийн нэхэмжилсэн 971 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Нэхэмжлэгч Д.Болортуяа нь 2016 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хариуцагч Г.Доржсүрэнгийн ХААН банкны 5951122793 дугаартай дансанд өөрийнхөө 5026222893 дугаартай данснаас 720 000 төгрөгийг шилжүүлж, түүний ХААН банкаас авсан зээлийг төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
1. Гэрч Ц.Бямбасүрэн нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:.. Би 2016 онд Өмнөдэлгэр сумын ХААН банкинд ахлах теллерээр ажилладаг байсан.... Г.Доржсүрэн нь 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 1 500 000 төгрөгийг 4 сарын хугацаатай зээлдэж авсан. Зээлээ хугацаанд нь төлөхгүй болохоор нь түүнд сануулсан.... Г.Доржсүрэн намайг хүнээс мөнгө олоод зээл хаачих нэг дэх өдөр би тэр мөнгийг нь төлье гэж хэлсэн.... Би танил Д.Болортуяагаас 720 000 төгрөг, Д.Болортуяагаас 251 000 төгрөгийг тус тус гаргуулж, Г.Доржсүрэнгийн зээлийг хаалгасан юм.
2. ХААН банкны харилцагч Д.Болортуяагийн дансны дэлгэрэнгүй хуулгад:... 2016 оны 07 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгч Д.Болортуяагийн 5026222893 дугаартай данснаас хариуцагч Г.Доржсүрэнгийн 5951122793 дугаартай дансанд 720 000 төгрөгийг шилжүүлсэн байна. (хх-ийн 3 тал)
3. Барьцаат зээлийн гэрээний хуулбарт:... зээлдүүлэгч Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын ХААН банк, зээлдэгч Гомбын Доржсүрэн ....1 500 000 төгрөг, (гэрээний 2.1.3) малчны зээл зориулалтаар, (2.1.2) зээлдэгчийн ХААН банкны 5951122793 дугаартай дансанд зээлийг шилжүүлснээр олгосонд тооцно, (2.1.3) гэрээний 2.2.1, 2.2.2-т заасан нөхцлүүдийг 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор биелүүлсэн байх (2.2.3) гэжээ. (хх-ийн 21-22 тал)
4. ХААН банкны Д.Болортуяагийн депозит дансны дэлгэрэнгүй хуулгад:...8 дугаарт.... 2016 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хариуцагч Г. Доржсүрэнгийн 5951122793 дугаар дансанд 720 000 төгрөгийг шилжүүлсэн байна. (хх-ийн 24 тал)
5. Нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан:... Би 2016 оны 7 дугаар сарын 30-ны өдөр ХААН банкны эдийн засагч Л.Оюунномин, тэр үед ахлах теллер ажилтай байсан Ц.Бямбасүрэн нар утасдаад нэг зээл хаах мөнгө хэрэгтэй байна чамд мөнгө байвал өгөөч тэр айл маань нэг дэх өдөр эргүүлж буцаагаад өгнө гэхээр нь өөрийн 5026222893 тоот данснаасаа иргэн Гомбын Доржсүрэнгийн ХААН банкны 5951122793 тоот данс руу 720 000 төгрөгийг шилжүүлсэн юм. Гэвч иргэн Г.Доржсүрэн одоо болтол энэ мөнгийг өгөхгүй намайг хохироож байна. Би 720 000 төгрөгийн бүтэн жилийн хүү болох 251 000 төгрөгийг нэхэмжилж байна.
Иймд Г.Доржсүрэнгээс миний мөнгө болох 720 000 төгрөг, хүү 251 000 төгрөг, нийт 971 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн тайлбар. (хх-ийн 1 тал)... зэрэг болно.
Хариуцагч Г.Доржсүрэн нь ХААН банкаас зээлдэж авсан 1 500 000 төгрөгийн
зээлээ яаж төлөгдөж хаагдсан болохыг мэдэхгүй, Д.Болортуяа надтай зээл төлөх талаар яриагүй гэж шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбар гаргасан боловч шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, хуулинд заасан журмын авагдсан доорх бичгийн нотлох баримтуудаар няцаагдаж байна. Үүнд:
1. Гэрч Ц.Бямбасүрэнгийн шүүх хуралдаанд өгсөн:... Би 2016 онд Өмнөдэлгэр сумын ХААН банканд ахлах теллерээр ажилладаг байсан .... Г.Доржсүрэн нь 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 1 500 000 төгрөгийг 4 сарын хугацаатай зээлдэж авсан. Зээлээ хугацаанд нь төлөхгүй болохоор нь түүнд сануулсан.... Г.Доржсүрэн нь намайг хүнээс мөнгө олоод зээлээ хаачих нэг дэх өдөр би тэр мөнгийг нь төлье гэж хэлсэн.... Би танил Б.Пүрэвхүүгээс 907 000 төгрөг, Д.Болортуяагаас 7 020 000 төгрөгийг тус тус гаргуулж, Г.Доржсүрэнгийн зээлийг төлүүлсэн юм...гэсэн мэдүүлэг.
2. ХААН банкны харилцагч Д.Болотуяагийн дансны дэлгэрэнгүй хуулбар. (хх-ийн 3 тал)
3. Харилцагч Г.Доржсүрэнгийн барьцаат зээлийн гэрээний хуулбар. (хх-ийн 21-22 тал)
4. ХААН банкны харилцагч Д.Болортуяагийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга. (хх-ийн 24 тал)
5. Нэхэмжлэгч Д.Болортуяагийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар. (хх-ийн 1 тал)..... зэрэг болно.
Хариуцагч тал шүүх хуралдаанд гэрчээр Ц.Бямбасүрэн, Г.Энхжаргал, Л.Оюунномин, Г.Дагвасүрэн нарыг гэрчээр оролцуулах хүсэлт гаргасан байна. (хх-ийн 35-38)
Шүүх хүсэлтийг хангаж 4 гэрчийг шүүх хуралдаанд оролцуулах тухай захирамж гаргаж шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч гэрч Л.Оюунномин, Г.Дагвасүрэн нар нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.
Харин Ц.Бямбасүрэн, Г.Энхжаргал нар нь шүүхийн дуудсанаар ирсэн тул гэрчээр шүүх хуралдаанд оролцуулав.
Гэрч Ц.Бямбасүрэнд Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлд заасан:... гэрч шүүхэд зориуд худал мэдүүлсэн... бол торгох, эрх хязгаарлах, хорих ял шийтгэж болохыг тайлбарлаж гарын үсэг зуруулсан тул түүнийг үнэн зөв мэдүүлэг өгсөн гэж шүүх дүгнэв.
Мөн хариуцагч Г.Доржсүрэн нь дүү Г.Дагвасүрэнд Өмнөдэлгэр сумын ХААН банкнаас 1 500 000 төгрөгийн зээл авч өгсөн гэж шүүхэд тайлбарлажээ. (хх-ийн 34 тал)
Хариуцагч Г.Доржсүрэн нь Г.Дагвасүрэнд 1 500 000 төгрөгийг хүлээлгэн өгсөн гэж байгаа боловч энэ талаарх бичгийн нотлох баримтуудаа шүүхэд ирүүлээгүй тул нотлож чадаагүй гэж шүүх дүгнэв.
Хариуцагч нь Г.Дагвасүрэнд зээлдүүлсэн гэх 1 500 000 төгрөгийг гаргуулахаар түүний оршин суугаа газрын шүүхэд жич нэхэмжлэх эрхтэй болно.
Нэхэмжлэгч Д.Болортуяа нь хариуцагч Г.Доржсүрэнд 720 000 төгрөгийг зээлдүүлэхдээ бичгээр гэрээ байгуулаагүй байна.
Иймд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар зээлийн хүү 251 000 төгрөгийг авах эрхээ алдсан гэж үзэв.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагчаас зээл 720 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Болортуяад олгож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т заасныг баримтлан хариуцагч Г.Доржсүрэнгээс 720 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Болортуяад олгож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Болортуяагийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 27 854 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Г.Доржсүрэнгээс 21 830 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Хариуцагч Г.Доржсүрэн нь Г.Дагвасүрэнд зээлдүүлсэн гэх төгрөгөө жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдаж.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг тайлбарлаад.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЦЭРЭНДУЛАМ