Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 156/ШШ2018/00033

 

 

 

 

 

           2018 оны 01 сарын 19 өдөр

     Дугаар 156/ШШ2018/00033

  Хэнтий аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                      156/2017/00616/И

 Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Цэрэндулам  би,

 Хариуцагч:  Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын “Наран” багт оршин суух, Гомбын Доржсүрэнд холбогдох, (РД: СЧ-71041970),

Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 6 дугаар багт оршин суух, Батмөнхийн Пүрэвхүүгийн нэхэмжлэлтэй,  (РД: ЙЭ-78020301),       

зээл, зээлийн хүүгийн 1 223 000 төгрөгийг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Пүрэвхүү, хариуцагч Г.Доржсүрэн, түүний өмгөөлөгч Г.Цогзолмаа, гэрч Ц.Бямбасүрэн, Г.Энхжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.Пүрэвхүү нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: 2016 оны 7 дугаар сарын 30-ны өдөр ХААН банкны эдийн засагч Л.Оюунномин, тэр үед ахлах теллер ажилтай байсан Ц.Бямбасүрэн нар утасдаад нэг зээл хаах мөнгө хэрэгтэй байна чамд мөнгө байвал өгөөч тэр айл маань нэг дэх өдөр буцаагаад өгнө гэхээр нь өөрийн 5951030243 тоот данснаасаа иргэн Гомбын Доржсүрэнгийн ХААН банкны 5951122793 тоот данс руу 907 000 төгрөгийг шилжүүлсэн юм. Гэвч иргэн Г.Доржсүрэн одоо болтол энэ мөнгийг өгөөгүй намайг хохироож байна. Би 907 000 төгрөгийн бүтэн жилийн хүү болох 316 000 төгрөгийг нэхэмжилж байна.

Иймд Г.Доржсүрэнгээс миний мөнгө болох 907 000 төгрөг, хүү 316 000 төгрөг, нийт 1 223 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. (хх-ийн 1 тал)

 

Нэхэмжлэгч Б.Пүрэвхүү нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Г.Доржсүрэнгийн дансанд мөнгө шилжүүлсэн учраас Доржсүрэнгээс мөнгөө нэхэмжилж байгаа юм. Учир нь 2016 оны 07 сарын 30-ны өдөр ХААН банкны эдийн засагч Оюунномин, тэр үед ахлах теллер ажилтай байсан Ц.Бямбасүрэн нар утасдаад зээл хаах мөнгө хэрэгтэй байна чи мөнгө байвал өгөөч тэр айл маань 1 дэх өдөр буцааж өгнө гэсэн. Би Г.Доржсүрэнгийн 5951030243 тоот данс руу 907 000 төгрөгийг шилжүүлсэн. Г.Доржсүрэн нэг дэх өдрөө уг мөнгөө буцааж өгөөгүй. Би Доржсүрэнгээс мөнгөө нэхэхээр хэл амаар доромжилж уг мөнгийг өдийг хүртэл төлөөгүй байна. Иймд 907 000 төгрөг дээр банкны хүүгээр тооцож бүтэн жилийн хүү 316 000 төгрөг, нийт 1 223 000 төгрөгийг нэхэмжилж байна. Банкнаас зээл авч хүүхдийнхээ сургалтын төлбөрт хийх гэж байсан мөнгөнөөсөө Г.Доржсүрэнд өгсөн. Нэгэнт би банкнаас зээлж уг мөнгийг Доржсүрэнд өгсөн тул банкны хүүгээр тооцож нэхэмжилсэн юм гэв.

 

Харицагч Г.Доржсүрэн нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би дүү Г.Дагвасүрэнг зээл авч өгөөч гээд гуйхаар нь Өмнөдэлгэр сумын ХААН банкнаас 2016 оны 03 дугаар сарын 25-нд малчны зээл 1 500 000 төгрөг авч өгсөн.

Банкны зээл төлөх хугацаа болоход банкны эдийн засагч зээлээ төлөхийг надад анхааруулсан. Би уг зээлийг авсан Дагвасүрэн рүү утсаар ярьж зээлээ төлөхийг шаардахад “За би маргааш нөгөөдрийн дотор төлнө” гэж хэлсэн.

Хэд хоногийн дараа би банкны  хүмүүсээс асуухад “Зээл чинь төлөгдсөн шүү” гэж хэлсэн. Дараа нь Дагвасүрэнтэй уулзахад “Танд ямар ч хамаагүй би яриад төлчихсөн” гэж хэлж байсан. Би зээл яаж төлөгдөж хаагдсанг мэдэхгүй. ХААН банкны эдийн засагч Л.Оюунномин, ахлах теллер ажилтай байсан Ц.Бямбасүрэн нар надтай зээл яаж төлөх талаар юу ч яриагүй. Зээлийг хэрхэн яаж төлсөн болохыг би мэдэхгүй.  Б.Пүрэвхүүгийн нэхэмжилсэн 1 223 000 төгрөгийг төлөхийг би зөвшөөрөхгүй. Надад Пүрэвхүүгээс зээлдэж авсан мөнгө төгрөг байхгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ. (хх-ийн 27 тал)

 

Хариуцагч Г.Доржсүрэн нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:  Би энэ хүнийг танихгүй. Би Пүрэвхүү гэдэг хүнтэй утсаар ярьж зээл төлөөд өгөөч гэж хэлээгүй. Харин би анхнаасаа өөрийн хамаатны дүү болох Дагвасүрэнд ХААН банкнаас малчны зээл өөрийн нэр дээр авч өгсөн. Над руу зээл төлөх болсон байна гэж банкнаас утсаар ярьсан. Би энэ талаар Дагвасүрэнд зээлээ төл гэж хэлсэн. 2-3 хоногийн дараа Дагвасүрэн нь би зээлээ төлчихсөн. Одоо таны зээл хаагдсан шүү гэж надад хэлсэн. Би Дагвасүрэнг зээлийг маань төлсөн юм байна гээд явж байтал Пүрэвхүү нь надаас мөнгө нэхэмжилсэн. Би уг зээлийг аваад өөрөө хэрэглээгүй. Дагвасүрэн нь хэрэглэсэн  учраас би энэ мөнгийг төлөх ямар ч үндэслэлгүй гэв.

 

Гэрч Ц.Бямбасүрэнгийн шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Би 2016 онд Өмнөдэлгэр сумын ХААН банканд ахлах теллерээр ажилладаг байсан.... Г.Доржсүрэн нь 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 1 500 000 төгрөгийг 4 сарын хугацаатай зээлдэж авсан. Зээлээ хугацаанд нь төлөхгүй болохоор нь түүнд сануулсан.... Г.Доржсүрэн намайг хүнээс мөнгө олоод зээл хаачих нэг дэх өдөр би тэр мөнгийг нь төлье гэж хэлсэн.... Би танидаг Б.Пүрэвхүүгээс 907 000 төгрөг, Д.Болортуяагаас 720 000 төгрөгийг тус тус гаргуулж, Г.Доржсүрэнгийн зээлийг төлүүлсэн юм... гэв.

 

Гэрч Г.Энхжаргалын шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Нөхөр бид хоёр Дагвасүрэн гэдэг хүнд зээл авч өгсөн юм. Дагвасүрэн нь банкны ажилтнуудтай яриад Б.Пүрэвхүүгээс мөнгө зээлж авсан байх. Нөхөр бид хоёрын хувьд Б.Пүрэвхүүгээс мөнгө аваагүй. Таньж мэдэхгүй учраас уг мөнгийг өгч чадахгүй гэсэн юм. Нөхөр бид хоёр 2016 оны 03 сарын 25-ны өдрийн 02 цагт ХААН банкны Өмнөдэлгэр сумын салбараас малчны зээл 1 500 000 төгрөгийг авсан. Уг зээлийг Дагвасүрэнд авч өгсөн гэв.

           

Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч  Б.Пүрэвхүү нь хариуцагч Г.Доржсүрэнгээс зээл, зээлийн хүүгийн 1 223 000 төгрөгийг гаргуулах -аар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Б.Пүрэвхүү нь хариуцагч Г.Доржсүрэнгийн ХААН банкны 5951122793  дугаартай данс руу өөрийнхөө 5951030243 дугаартай  данснаас 907 000 төгрөгийг шилжүүлж, түүний ХААН банкнаас авсан зээлийг төлсөн юм. Г. Доржсүрэнгээс зээл 907 000 төгрөг, хүү 316 000 төгрөг, нийт 1 223 000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хариуцагч Г.Доржсүрэн нь дүү Г.Дагвасүрэнд Өмнөдэлгэр сумын ХААН банкнаас 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 1 500 000 төгрөгийн (малчин) зээл авч өгсөн. Миний зээл яаж төлөгдөж хаагдсан болохыг мэдэхгүй тул Б.Пүрэвхүүгийн нэхэмжилсэн 1 223 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч Б.Пүрэвхүү нь 2016 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хариуцагч Г.Доржсүрэнгийн ХААН банкны 5951122793 дугаартай дансанд өөрийнхөө 5951030243 дугаартай данснаас 907 000 төгрөгийг шилжүүлж, түүний ХААН банкнаас авсан зээлийг төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

1. Гэрч Ц.Бямбасүрэн нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:.. Би 2016 онд Өмнөдэлгэр сумын ХААН банкинд ахлах теллерээр ажилладаг байсан.... Г.Доржсүрэн нь 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 1 500 000 төгрөгийг 4 сарын хугацаатай зээлдэж авсан. Зээлээ хугацаанд нь төлөхгүй болохоор нь түүнд сануулсан.... Г.Доржсүрэн намайг хүнээс мөнгө олоод зээл хаачих нэг дэх өдөр би тэр мөнгийг нь төлье гэж хэлсэн.... Би танил Б.Пүрэвхүүгээс 907 000 төгрөг, Д.Болортуяагаас 720 000 төгрөгийг тус тус гаргуулж, Г.Доржсүрэнгийн зээлийг төлүүлсэн юм...

2. ХААН банкны харилцагч Б.Пүрэвхүүгийн дансны дэлгэрэнгүй хуулгад:... 2016 оны 07 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгч Б.Пүрэвхүүгийн 5951030243 дугаартай данснаас хариуцагч Г.Доржсүрэнгийн 5951122793 дугаартай дансанд 907 000 төгрөгийг шилжүүлсэн байна. (хх-ийн 2 тал)

3. Барьцаат зээлийн гэрээний хуулбарт:... зээлдүүлэгч Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын ХААН банк, зээлдэгч Гомбын Доржсүрэн ....1 500 000 төгрөг, (гэрээний 2.1.3) малчны зээл зориулалтаар, (2.1.2) зээлдэгчийн ХААН банкны 5951122793 дугаартай дансанд зээлийг шилжүүлснээр олгосонд тооцно, (2.1.3) гэрээний 2.2.1, 2.2.2-т заасан нөхцлүүдийг 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор биелүүлсэн байх (2.2.3) гэжээ. (хх-ийн 17-18 тал)

  4. ХААН банкны харилцагч Б.Пүрэвхүүгийн депозит дансны дэлгэрэнгүй хуулгад:...8 дугаарт.... 2016 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хариуцагч Г. Доржсүрэнгийн 5951122793 дугаар дансанд 907 000  төгрөгийг шилжүүлсэн байна. (хх-ийн 20 тал)

5. Нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан:... Би 2016 оны 07 дугаар сарын 30-ны өдөр ХААН банкны ахлах теллер ажилтай Ц.Бямбасүрэн, эдийн засагч Л. Оюунномин нар утасдаад нэг зээл хаах мөнгө хэрэгтэй байна. Тэр айл нэг дэх өдөр зээлээ өгнө гэхээр нь өөрийнхөө 5951030243 дугаартай данснаас иргэн Гомбын Доржсүрэнгийн ХААН банкны 5951122793 дугаартай дансанд 907 000 төгрөгийг шилжүүлсэн гэсэн тайлбар. (хх-ийн 1 тал)... зэрэг болно.

 

Хариуцагч Г.Доржсүрэн нь ХААН банкаас зээлдэж авсан 1 500 000 төгрөгийн зээлээ яаж төлөгдөж хаагдсан болохыг мэдэхгүй, Ц.Бямбасүрэн надтай зээл төлөх талаар яриагүй гэж шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбар гаргасан боловч шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, хуулинд заасан үндэслэл журмын авагдсан доорх бичгийн нотлох баримтуудаар няцаагдаж байна. Үүнд:

1. Гэрч Ц.Бямбасүрэнгийн шүүх хуралдаанд өгсөн:... Би 2016 онд Өмнөдэлгэр сумын ХААН банканд ахлах теллерээр ажилладаг байсан .... Г.Доржсүрэн нь 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 1 500 000 төгрөгийг 4 сарын хугацаатай зээлдэж авсан. Зээлээ хугацаанд нь төлөхгүй болохоор нь түүнд сануулсан.... Г.Доржсүрэн нь намайг хүнээс мөнгө олоод зээлээ хаачих нэг дэх өдөр би тэр мөнгийг нь төлье гэж хэлсэн.... Би танил Б.Пүрэвхүүгээс 907 000 төгрөг, Д.Болортуяагаас 7 020 000 төгрөгийг тус тус гаргуулж, Г.Доржсүрэнгийн зээлийг төлүүлсэн юм...гэсэн мэдүүлэг.

2. ХААН банкны харилцагч Б.Пүрэвхүүгийн дансны дэлгэрэнгүй хуулбар. (хх-ийн 2 тал)

3. ХААН банкны харилцагч Г.Доржсүрэнгийн барьцаат зээлийн гэрээний хуулбар. (хх-ийн 17-18 тал)

4. ХААН банкны харилцагч Б.Пүрэвхүүгийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга.  (хх-ийн 20 тал)

5. Нэхэмжлэгч Б.Пүрэвхүүгийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар. (хх-ийн 1 тал)..... зэрэг болно.

 

Хариуцагч тал шүүх хуралдаанд гэрчээр Ц.Бямбасүрэн, Г.Энхжаргал, Л.Оюунномин, Г.Дагвасүрэн нарыг гэрчээр оролцуулах хүсэлт гаргасан байна. (хх-ийн 28-31)

Шүүх хүсэлтийг хангаж 4 гэрчийг шүүх хуралдаанд оролцуулах тухай захирамж гаргаж шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч гэрч Л.Оюунномин, Г.Дагвасүрэн нар нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.

Харин Ц.Бямбасүрэн, Г.Энхжаргал нар нь шүүхийн дуудсанаар ирсэн тул гэрчээр шүүх хуралдаанд оролцуулав.

 

            Гэрч Ц.Бямбасүрэнд Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлд заасан:... гэрч шүүхэд зориуд худал мэдүүлсэн... бол торгох, эрх хязгаарлах, хорих ял шийтгэж болохыг тайлбарлаж гарын үсэг зуруулсан тул түүнийг үнэн зөв мэдүүлэг өгсөн гэж шүүх дүгнэв.

Мөн хариуцагч Г.Доржсүрэн нь дүү Г.Дагвасүрэнд Өмнөдэлгэр сумын ХААН банкаас 1 500 000 төгрөгийн зээл авч өгсөн гэж шүүхэд тайлбарлажээ. (хх-ийн    27 тал)

Хариуцагч Г.Доржсүрэн нь Г.Дагвасүрэнд 1 500 000  төгрөгийг хүлээлгэн өгсөн гэж байгаа боловч энэ талаарх бичгийн нотлох баримтуудаа шүүхэд ирүүлээгүй тул нотлож чадаагүй гэж шүүх дүгнэв.

Хариуцагч нь Г.Дагвасүрэнд зээлдүүлсэн гэх 1 500 000 төгрөгийг гаргуулахаар түүний оршин суугаа газрын шүүхэд жич нэхэмжлэх эрхтэй болно.

Нэхэмжлэгч Б.Пүрэвхүү нь хариуцагч Г.Доржсүрэнд 907 000 төгрөгийг зээлдүүлэхдээ бичгээр гэрээ байгуулаагүй байна.

Иймд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар зээлийн хүү 316 000 төгрөгийг авах эрхээ алдсан гэж үзэв.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагчаас зээл 907 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Пүрэвхүүд олгож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд  заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т заасныг баримтлан хариуцагч Г.Доржсүрэнгээс 907 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Пүрэвхүүд олгож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Пүрэвхүүгийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 33 902 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Г.Доржсүрэнгээс 26 318 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Хариуцагч Г.Доржсүрэн нь Г.Дагвасүрэнд зээлдүүлсэн гэх төгрөгөө жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдаж.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг тайлбарлаад.

 

           

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Л.ЦЭРЭНДУЛАМ